Элэгний хавдар гэж юу вэ?

Мэс засал
Orgilbold bayartsogt

 

Аливаа эрхтэн (элэг, бөөр гэх мэт) эдүүдээс, эд нь эсүүдээс тогтдог. Тэгвэл элэгний хавдар гэдэг нь элэгний эсийн эмгэг, хортой ургалт юм.

Элэгний гаралтай хавдрын хамгийн нийтлэг хэлбэрийг “элэгний эсийн хорт хавдар” гэж нэрлэдэг. Элгэн дэх хавдрын хамгийн нийтлэг шалтгаан нь биеийн аль нэг хэсэгт үүссэн буюу бусад эрхтэнд үүссэн хавдрын эс цусаар тархан элгэнд ирж байршин ургаснаар элэг дэх хавдрыг бий болгох юм. Үүнийг өөрөөр хавдрын үсэрхийлэл гэдэг билээ. Дэлхий дахинд хавдрын шалтгаанд нас баралтын 3-рт, Нэгдсэн улсад 8-рт элэгний эсийн хорт хавдар ордог. Нэгдсэн улсад шинээр оношлогдож буй нийт хавдрын дундаас элэгний эсийн хорт хавдар хамгийн хурдан өсөлттэй байна.

HCC

Элэгний эсийн хорт хавдар эрэгтэйчүүдэд хамгийн нийтлэг, 60-с дээш насны хүмүүст тохиолддог.

Элэгний хавдар үүсэхэд нөлөөлдөг нийтлэг эрсдэлт хүчин зүйлс

Элэгний хатуурал (цирроз) элэгний эсийн хорт хавдар үүсэх эрсдлийг нэмэгдүүлдэг нь тодорхой болсон. Элэгний В, С вирусын халдвар; удаан хугацаанд, их хэмжээгээр архи хэрэглэх; архины бус шалтгаант элэг өөхлөх өвчин элэгний эсийн хорт хавдар тусах хамгийн өндөр эрсдэл болдог, мөн чихрийн шижин; таргалалт; зарим удамшлын өвчин ихэнхдээ хамааралтай байдаг. Элэгний В вирусын халдвар бүхий циррозтой өвчтнүүд элэгний эсийн хорт хавдар тусах эрсдэл өндөр учраас эдгээр өвчтнүүдийг 6 сард нэг удаа элэгний эхо илрүүлэг шинжилгээ тогтмол хийлгэж байхыг зөвлөж байна.

Шинж тэмдэг, эмнэлзүй, ба оношилгоо

Элэгний эсийн хорт хавдрын үед ямар нэг өвөрмөц шинж тэмдэг эсвэл эмнэлзүй үүсэхгүй байж болно. Хэвлийн баруун дээд хэсэгт өвдөх, хэвийг цардайх, маш бага идэх, гэдэс дүүрэх, байнга ядрах, турах, эсвэл шарлах (нүдний салст, арьс шар өнгөтэй болох) шинж илэрч болох ч бусад олон өвчний үед бас илэрдэг шинжүүд юм. Элэгний архаг өвчтэй, эсвэл циррозтой өвчтөнд дээрх зовиурууд илэрвэл онцгой анхаарах хэрэгтэй. Элэгний эсийн хорт хавдар компютерт томографи, эсвэл MRI -д оношлогддог. Цусны шинжилгээг элэгний үйл ажиллагааны алдагдлын зэргийг үнэлэхэд хэрэглэнэ.

Эмчилгээ

Элэгний эсийн хорт хавдрын эмчилгээ өвчтний биеийн байдал, элэгний үйл ажиллагаа, хавдар үсэрхийлсэн бол үсэрхийллийн хэмжээ (үе шат)-с хамаарна. Хавдар эрт шатанд байвал мэс заслаар элэгний хавдартай хэсгийг авах, элэг шилжүүлэн суулгах зэрэг мэс заслын эмчилгээг хийх боломжтой. Харин хавдар илүү өргөн хүрээг хамарсан бол судас бөглөх эмчилгээ ( өөрөөр судас боох эмчилгээ гэдэг унших: Судас бөглөх эмчилгээ гэж юу вэ?), эсвэл хими эмчилгээ зэрэг мэс заслын бус аргыг сонгохыг санал болгодог. Мэс заслын эмчилгээ хийлгэсэн өвчтнүүдийн ихэнх нь 5 жилээс удаан амьдардаг. Элэгний олон хэсэгт, эсвэл элэгнээс бусад эрхтэнд тархсан бол хөнгөвчлөх эмчилгээ хийлгэх ба мэс заслын бус эмчилгээ хийлгэснээр 2 жил хүртэл хугацаанд амьдардаг.


Эх сурвалж:


ALI A. Mokdad, MD, MS; Amit G. Singal, MD, MS; Adam C. Yopp, MD “Liver cancer”  Jama. 2015;314(24):2701. Doi:10.1001/jama.2015.15425