Харвардын Их Сургуулиас КОВИД-19 тухай иргэдэд зориулан гаргасан мэдээллийг орчуулан хүргэж байна

Хүүхэд судлал
Мягмарсүрэн Namuun bolor-erdene

Хэрэв та коронавирусын халдвар авсан бол яах вэ?

Дэлхий дахинаа шинэ төрлийн коронавирус тархаад буй энэ үед бид халдвар авах улмаар өвчлөх магадлал нэмэгдсээр байна. Та COVID-19 вирусийн халдвартай хүнтэй харилцсан эсвэл танд өвчний шинж тэмдэг илэрч эхэлбэл нэн даруй өөрийгөө тусгаарлах шаардлагатай.

COVID-19 халдварын шинж тэмдгүүд юу вэ?

Халдвар авсан зарим хүмүүст ямар нэгэн шинж тэмдэг илэрдэггүй байна. Шинж тэмдгүүд илэрч буй тохиолдолд халуурах, бие өвдөх, хуурай ханиалгах, ядрах, чичрүүдэс хүрэх, толгой өвдөх, хоолой өвдөх, хоолны дуршил буурах болон үнэрлэх чадвар буурах гэх мэт шинж тэмдгүүд зонхилж байна. Зарим хүмүүст хэт өндөр халуурах, хүчтэй ханиалгах, амьсгаадах гэх мэт уушгины хатгалгааны шинж тэмдгүүд илэрч байна. Мөн түүнчлэн COVID-19н халдвар авсан хүмүүст амьсгалын замын шинж тэмдгүүдээс гадна мэдрэл, хоол боловсруулах системийн талаас зовууриуд илэрч байна. Жишээ нь COVID-19 нь зарим хүмүүсийн тархины үйл ажиллагаанд нөлөөлж улмаар мэдрэлийн талын онцгой шинж тэмдгүүд болох үнэрлэх, амтлах мэдрэмж алдах, булчин өвдөх, гар хөл бадайрах, мэдээгүй болох, толгой эргэх, ухаан санаа самуурах, солиорох, уналт таталт өгөх, харвалт өгөх гэх мэт шинжүүд үүсэх шалтгаан болж магадгүй. Үүнээс гадна хоолны дуршил багасах, дотор муухайрах, бөөлжих, гүйлгэх, гэдсээр өвдөх гэх мэт зовууриуд хавсарч байна. Эдгээр шинж тэмдгүүд нь халууралт, бүх бие янгинах, ханиалгалтаас өмнө илэрч болно. COVID-19 үүсгэгч вирус нь мөн өтгөнд илэрсэн тул ариун цэврийн өрөө орсны дараа тогтмол гараа угаах, ариун цэврийн өрөөний хэрэгслийг тогтмол ариутгах шаардлагатай.

Хэрэв би хүүхдээ COVID-19 халдвар авсан гэж таамаглаж байвал юу хийх хэрэгтэй вэ?

Хамгийн түрүүнд бүс нутгийн эрүүл мэндийн газарт утсаар хандана уу. Тэд шаардлагатай гэж үзвэл таныг дараагийн тусламж үйлчилгээний цэг рүү чиглүүлнэ. Өвчний маш ноцтой шинж тэмдэг илрээгүй тохиолдолд яаралтай тусламжийн тасгаар үйлчлүүлэх тийм ч ухаалаг шийдвэр биш.

Би COVID-19 эсвэл томуугийн халдвар авснаа хэрхэн ялгах вэ?

COVID-19 нь ихэвчлэн хүндэрсэн ханиад эсвэл томуугийн шинж тэмдгүүдтэй ижил шинжээр илэрч байна. Томуугийн халдвартай адил шинж тэмдгүүд нь хүндэрч, амь насанд аюултай нөхцөлд ч хүргэх боломжтой. Хэрэв та COVID-19-н халдвар авсан байх магадлалтай хэн нэгэнтэй харилцсан бол эсвэл таны амьдарч буй бүс нутагт COVID-19-н халдварын тархалт бүртгэгдсэн үед танд амьсгалын замын өвчлөлийн шинж тэмдгүүд илэрч байвал эмч коронавирусыг сэжиглэх болно.

COVID-19 халдварыг хэрхэн шинжлэх вэ?

Гол төлөв хамар, хоолойн арчдас авч шинжилж байгаа бөгөөд зарим тохиолдолд шүлсний дээжээс шинжилгээ авна. Улмаар дээжнээс полимеразин гинжин урвал буюу PCR-н тусламжтай вирусын удмын материалыг шалгадаг байна.

Эсрэг биеийн сорил нь хэн нэгэн COVID-19-н халдвар авсан үгүйг тодорхойлох боломжтой ч халдвар авсан хүнд тэр даруй эсрэгбие үүсдэггүй. Цусан дахь эсрэг биеийн сорил эерэг илэртэл гурван долоо хоног хүртэлх хугацаа ч шаардагдаж болно. Иймд энэхүү сорил шинээр өвчилсөн хүнд  оношилгооны ач холбогдолгүй болно.

FDA буюу америкийн хүнс эмийн холбоо нь яаралтай үед ашиглахаар COVID-19-н түргэвчилсэн антиген буюу эсрэгтөрөгчийн сорилыг зөвшөөрсөн. Энэхүү сорил нь зах зээл дээр байгаа бусад шинжилгээний сорилуудаас юугаараа ялгаатай вэ?

FDA буюу америкийн хүнс эмийн холбоо нь саяхан яаралтай үед ашиглаж болох шинэ төрлийн оношилгооны сорилд зөвшөөрөл олгосон. Энэхүү хямд сорилын хариу нь 15 минутын дотор гардаг байна. Энэ нь BinaxNOW COVID-19 Ag Card нэртэй бөгөөд COVID-19-г үүсгэгч SARS-CoV-2 вирусын гадаргууд байрлах эсрэгтөрөгчийн уургийг таньдаг байна. COVID-19-н бусад сорилуудтай харьцуулахад BinaxNOW шинжилгээг хийх болон дүгнэхэд ямар нэгэн лаборатори болон тусгай багаж хэрэгслүүд шаардагддаггүй, хурдан бөгөөд зөөвөрлөх боломжтой сорил юм. Тиймээс COVID-19-н халдвар авсан байх магадлалтай хүмүүст хийгдэхээр зөвшөөрөгдсөн бөгөөд тухайн хүмүүст шинж тэмдэг илэрснээс хойш 7 хоногийн дотор хийгдэх шаардлагатай. Энэхүү тест нь жортой олгогдох бөгөөд албан ёсны газрууд болох эмчийн өрөө, яаралтай тусламжийн тасагт сорил хийгдэнэ. Сорилыг гүйцэтгэхийн тулд хамрын арчдасаар авсан сорьцыг BinaxNOW тестийн картанд суурилуулна. Энэхүү тест нь жирэмсний тесттэй ижил зарчмаар ажилладаг бөгөөд утастайгаа холбож хариугаа харах болон бусадтай хуваалцах боломжтой. Сорилын өвөрмөц эерэг чанар өндөртэй буюу таны сорилын хариу эерэг гарсан бол ялангуяа шинж тэмдэг эхэлснээс хойш 7 хоногийн дотор шинжилгээ өгч буй бол таны халдвар авсан байх магадлал маш өндөр юм. Бусад эсрэгтөрөгчийн сорилын адил BinaxNOW нь халдвартай хүмүүсийн шинжилгээнд хуурамч сөрөг хариу гаргах боломжтой. Гэсэн хэдий ч энэхүү шинжилгээ нь цар тахлын үед чухал үүрэг гүйцэтгэж байгаа. Учир нь тест хурдан, хялбар, хямд өртөгтэй тул хурдан хугацаанд илүү олон хүнийг шинжлэх боломжийг олгож байна.

PCR болон COVID-19-н эсрэгтөрөгчийн сорилын ялгаа юу вэ?

Энэ 2 шинжилгээ нь хоёулаа оношилгооны сорилууд буюу танд коронавирусын идэвхтэй халдвар байгаа эсэхийг тодорхойлдог шинжилгээнүүд юм. PCR нь полимеразын гинжин урвалыг ашиглаж вирусын генетик буюу удмын материалыг тодорхойлдог. Энэхүү шинжилгээний сорьцыг хамар эсвэл хоолойн арчдас, заримдаа шүлсний дээжээс авдаг байна. Сорьцыг лабораторид аваачиж сорьцоос коронавирусын РНХ-г (вирус байгаа тохиолдолд) ялган авч улмаар ДНХ-руу хөрвүүлдэг. Хэмжигдэхүйц үр дүн гаргахын тулд ДНХ-г цааш олшруулна. Ямар нэгэн шинжилгээний үнэн зөв байдал нь сорьцыг зохих ёсоор авсан эсэх, өвчлөлийн яг ямар шатанд шинжилгээг авсан, лаборатори хүргэгдэх үед шаардлагатай нөхцөлд хадгалагдсан эсэх гэх мэт олон хүчин зүйлээс хамаарна. PCR шинжилгээ нь нарийвчлал өндөртэй, үнэн зөв хариу гарах магадлал ихтэй ч шинжилгээний хариу гарахад хэдэн өдрөөс долоо хоног хүртэлх хугацаа шаардагдана.

Антиген буюу эсрэгтөрөгчийн шинжилгээ нь коронавирусын гадаргууд байрлах өвөрмөц уургуудыг таньдаг. Эдгээрийг түргэвчилсэн оношилгооны сорилууд ч гэх нь бий. Учир нь шинжилгээний хариу нь нэг цагаас бага хугацаанд гардаг байна. Антиген шинжилгээний эерэг хариуны өвөрмөц чанар өндөр буюу хэрэв таны шинжилгээний хариу эерэг гарвал таны халдвар авсан байх магадлал өндөр гэсэн үг юм. Нөгөө талаас энэхүү шинжилгээний хариу хуурамч сөрөг гарах магадлал мөн өндөр байдаг буюу сөрөг хариу нь идэвхтэй халдварыг бүрэн үгүйсгэж чадахгүй болно. Хэрэв таны антиген шинжилгээний хариу сөрөг гарсан тохиолдолд шинжилгээний үр дүнг бүрэн батлахын тулд PCR шинжилгээнд илгээх шаардлагатай.

Та COVID-н антиген шинжилгээг түргэвчилсэн туузан оношлуур гэж ойлгож болно. Эерэг хариуны үнэн зөв байх магадлал өндөр тул оношийг баталж эмчилгээг хурдан эхлэх нөгөө талаас сөрөг хариу гарсан тохиолдолд үр дүнг батлахын тулд дараагийн шатны шинжилгээг хийх шаардлага гарна.

Хамар хоолойн арчдас болон шүлснээс сорьц авахын ялгаа юу вэ?

COVID-19-н сорьцыг урт бамбарын тусламжтай хамар зарим тохиолдолд хоолойноос арчдас авах болон шүлснээс дээж авах замаар цуглуулдаг. Шүлснээс дээж авах нь илүү хялбар, мөн шинжилгээ өгч буй хүнд илүү тухтай. Тухайн хүн өөрөө сорьцны саванд нулимах улмаар эрүүл мэндийн ажилчдын тусламж шаардлагагүй байдаг. Шүлс болон арчдасын сорьц нь хоёул PCR шинжилгээнд хэрэглэх боломжтой. Хамар залгиурын арчдасыг мөн антиген шинжилгээнд хэрэглэдэг.

COVID-19-н халдвар авсан хүнд хоёр өөр төрлийн эрсэгбие үүсдэг гэж сонссон. Эдгээр эсрэгбиеүд юугаараа ялгаатай вэ? Мөн энэ нь яагаад чухал вэ?

Хүн вирусын эсвэл бактерийн халдвар авах үед эрүүл дархлааны систем тухайн вирус эсвэл бактерийн бүрэлдэхүүн хэсгүүдийн эсрэг эсрэгбиеүд үүсгэдэг.

COVID-19 буюу коронавирус нь гадуураа хамгаалах бүрхүүл бүхий РНХ агуулдаг. Энэхүү гадна бүрхүүлд хүний зарим эсэд холбогдох чадвар бүхий уургууд байрладаг. Эсэд нэвтэрсний дараа вирусын РНХ олширч эхэлдэг бөгөөд уургийн нийлэгжилтийг идэвхжүүлдэг. Ингэснээр вирус илүү олон эсийг халдварлуулах цаашлаад биеэр тархах ялангуяа уушгинд очих нөхцлийг хангаж өгдөг байна. Дархлааны систем нь вирусын олон төрлийн бүрэлдэхүүн хэсгүүдэд хариу үйлдэх үзүүлэх чадамжтай ч зарим тодорхой уургууд хамгийн их анхаарлыг татаж байна. Дархлааны эсүүд уургуудыг нь гадны биет гэж танин эсрэгбиеүд үүсгэж эхэлдэг.

Эсрэгбиеийн хоёр үндсэн төрөл байдаг:

Холбоот эсрэг бие. Эдгээр эсрэг биетүүд нь s уураг (spike protein) буюу нуклеокапсидын гэх бусад уургуудтай холбогддог. Халдвар авснаас хойш ойролцоогоор нэг долоо хоногийн дараа цусанд холбоот эсрэг биетүүд тодорхойлогддог. Эсрэгбиетүүд илэрвэл COVID-19 коронавирусын халдвартай байх өндөр магадлалтай ба цаг хугацааны явцад эсрэгбиеийн түвшин буурч, заримдаа тодорхойлогдохгүй түвшинд хүрдэг.

Холбоот эсрэгбиетүүд халдварын эсрэг тэмцдэг боловч дахин халдварлахаас хамгаалдаггүй байж болзошгүй. Энэ нь мөн эсрэгбие саармагжуулж байгаа эсэхээс хамаарна.

Саармагжуулагч эсрэгбие. Бие махбод энэхүү эсрэгбиетүүдийг өвөрмөцөөр s уургийн эсрэг үйлдвэрлэдэг. Эрдэмтэд лабораторийн туршилтаар саармагжуулагч эсрэгбие нь вирус амьд эсэд нэвтрэхийг саатуулж байгааг ажиглажээ. FDA саармагжуулагч эсрэгбиеийн сорил ашиглахыг хараахан зөвшөөрөөгүй байна.

Коронавирусын халдвар авсан хүн ахин халдварлах уу?

COVID-19 халдварласан ихэнх хүмүүс эсрэгбие үүсгэдэг ба эдгээр уургууд нь вирус эсэд халдварлахыг саатуулдаг. Гэхдээ эсрэгбие нь бие махбодын дархлааны хариу урвалын зөвхөн нэг хэсэг нь юм. Жишээлбэл Т эс аль хэдийн халдвар авсан эсийг устгадаг, санамжийн В эс өмнө нь халдварлаж байсан вирусын эсрэг хурдан хүчтэй эсрэгбиеийн хариу урвал үзүүлдэг.

Эсрэгбиеийн түвшин халдварын аюул багасахад шууд буурдаг. Хэд хэдэн судалгаагаар COVID-19 эсрэгбие буурч байгаа боловч халдварын дараа 2-3 сар цусанд тогтворжиж үлддэг гэжээ. Саяхны судалгаанд COVID-өвөрмөц В болон Т эс цусанд эдгэрснээс хойш хэдэн сарын дараа тодорхойлогдож байна гэжээ. Эдгээр нь COVID-19 вирусын халдвар дахин авсан тохиолдолд дархлаа тогтолцоо хурдан, хүчтэй хариу урвал үзүүлэхэд бэлэн байна гэдгийг харуулж байна.

Хонг Конгийн судлаачид саяхан анхны дахин халдвар авсан тохиолдлыг илрүүлэв. Энэ хүн нь гуравдугаар сард анхны халдвар авсан ба хөнгөн зэргийн эмнэлзүйн шинж илэрсэн, эдгэрээд 2 удаагийн давтан шинжилгээнд сөрөг гарсан ба үүнээс дөрвөн сар хагасын дараа Европоос Хонг Конгруу эргэн ирэх үед Хонг Конгийн онгоцны буудал дээр шүлснээс авсан илрүүлэг сорилд эерэг гарсан, шинж тэмдэг илрээгүй аж. Эрдэмтэд генийн материалын дарааллыг тогтоож, хоёр өөр халдвар гэж үзэх хангалттай ялгаа илэрсэн гэж үзжээ. Дархлаа тогтолцоо дахин халдвараас хамгаалж чадаагүй хэдий ч хоёр дахь халдварын үед өвчлүүлээгүй байж болох.

Дахин халдвар авсан, шинж тэмдэг илрээгүй ч вирусыг бусдад тараах боломжтой ба энэ нь хүн бүр, халдвар аваад эдгэрсэн ч гэсэн амны хаалт зүүж, зай барих хэрэгтэй гэдгийг харуулж байна.

COVID-19 ийн ийлдсийн (эсрэгбие) сорил гэж юу вэ? Үүнийг юунд хэрэглэж болох вэ?

Ийлдсийн шинжилгээгээр таны дархлаа тогтолцоо COVID-19 вирусын эсрэг үйлдвэрлэж буй эсрэгбиеийг цусанд илрүүлнэ. Таны бие энэ вирусын халдвар авснаас хойш 5 – 10 хоногийн дараа эсрэгбие үйлдвэрлэнэ. Иймд ийлдсийн сорил нь COVID-19 идэвхтэй халдварыг оношлох хангалттай мэдрэг биш ба эмнэлзүйн шинж илэрсэн байсан ч ялгаагүй юм.

Гэхдээ ийлдсийн шинжилгээ нь коронавирусын халдвар эдгэрснийг батлахад тустай. Мөн эдгэрээд дархлаа тогтсон эсэх, дархлаа тогтоц хэр удаан үргэлжлэх вэ гэдгийг илрүүлэхэд ашиглах боломжтой.

Эрдэмтэд коронавирусын аль хэсэгт дархлаа тогтолцоо хариу урвал үзүүлж байгаа, үүнд үндэслэн аль хэсгийг нь вакцин хийхдээ ашиглах талаар судалж байна.

Шинэ коронавирусын халдвар авснаас хойш хэзээ би халдвар тарааж эхлэх вэ?

Халдварт өртсөнөөс шинж тэмдэг илрэх хүртэлх хугацааг 3 – 14 хоног гэж үздэг ба ихэнхдээ 4 – 5 хоногийн дараа эмнэлзүйн шинж илэрдэг.

Шинээр гарч буй судалгаануудад өвчний шинж тэмдэг илэрч эхлэхээс өмнө 48 цагийн хугацаанд вирусыг бусдад тараах магадлал өндөртэй гэж үзэж байна.

Иймд халдвартай хэдий ч шинж тэмдэг илрээгүй хүмүүс өөрсдөө мэдэлгүйгээр бусдад халдвар тараах эрсдэлийг амны хаалт зүүж, зай барьснаар бууруулах юм.

Шинж тэмдэггүй хүмүүс шинж тэмдэг илэрсэн хүмүүстэй ижил хэмжээний коронавирус агуулдаг уу? Шинж тэмдэггүй хүмүүс бусдад вирус тараах уу?

Шинж тэмдэггүй хүмүүсийг дотор нь хоёр бүлэг болгоно: хожим шинж тэмдэг илэрдэг (pre-symptomatic), огт шинж тэмдэг илэрдэггүй (asymptomatic). Энэхүү цар тахлын үеэр шинж тэмдэггүй хүмүүс коронавирусын халдварыг бусдад тарааж байгаа нь батлагдсан.

Саяхан хийгдсэн COVID-19 халдвар авсан, хамар залгиур уушгины шинж илэрсэн болон огт шинж тэмдэггүй насанд хүрэгчид дунд коронавирусын хэмжээг харьцуулан судлахад хоёр бүлэг хүмүүст хэмжээ нь ижил байсан.

Халдвар авснаасаа хойш хэдий хугацаанд би халдвар тараах вэ? Өвчний аль үед би хамгийн их халдвар тараах вэ?

Хүмүүс өвчний эхэн үед, шинж тэмдэг ялангуяа ханиаж, найтаалгах үед хамгийн их халдвартай гэж боддог. Гэхдээ шинж тэмдэг илрээгүй үедээ ч гэсэн бусад хүмүүстэй хэт ойр зогсвол мөн коронавирус тараана.

Ихэнх коронавирусын халдвартай, шинж тэмдэг илэрч буй хүмүүс шинж тэмдэг арилснаас хойш 10 хоногийн дараагаас халдвар тараахаа больдог.

Шинжилгээнд эерэг гарсан боловч шинжилгээнээс хойш 10 хоног ямар нэг шинж илрээгүй бол халдвар тараахгүй боловч бусад баримтууд бий. Зарим шинжээчид 14 хоногийн тусгаарлалтыг одоо ч зөвлөсөөр байна.

Хэрэв би COVID-19 өөр өвчилбөл хэр удаан хугацааны дараа сайжрах вэ?

Энэ нь өвчлөлийн хүндийн зэргээс хамаарна. Хөнгөн хэлбэрээр өвчилсөн ихэнх хүмүүс нэгээс хоёр долоо хоногийн дотор эдгэрч байгаа. Өвчний хяналт сэргийлэлтийн төвийн / CDC сүүлийн судалгаануудад хөнгөн хэлбэрээр өвчилсөн, эмнэлэгт хэвтэх шаардлагагүй насанд хүрэгчид эдгэрэхэд үүнээс удаан хугацаа шаардагдаж байна гэж үзжээ. Эдгээр хүмүүсийн гуравны нэг нь COVID-19 сорил эерэг гарснаас хойш хоёроос гурван долоо хоногийн дотор эрүүл мэнд нь хэвийн болоогүй байв. Хүнд тохиолдолд эдгэрэхэд зургаан долоо хоног ба түүнээс удаан хугацаа шаардагдаж байна.

Хэн удаан – тээгч вэ?

COVID-19 бүрэн эдгэрээгүй эсвэл анх шинж тэмдэг илэрснээс хойш хэдэн сар өнгөрсөн хүмүүсийг удаан тээгч гэнэ. Удаан тээгчдийн заримд нь эмнэлзүйн шинж хэдэн долоо хоног эсвэл хэдэн сарын турш илэрдэг бол нөгөө заримд нь хэдэн долоо хоног биеийн байдал нь сайжирч байгаад дараа нь шинэ эсвэл өмнөх шинж тэмдгүүд илэрдэг.

Сүүлийн үеийн судалгаагаар COVID – 19 өөр өвчилсөн хүмүүс өвчний эхний долоо хоногт тав ба түүнээс олон шинж илэрсэн бол удаан тээгч болох магадлал өндөртэй гэжээ. Эдгээр шинжүүдэд: ядарч сульдах, толгой өвдөх, амьсгалахад бэрхшээлтэй болох, дуу сөөх, булчин буюу биеэр өвдөх мөн нас өндөр байх тусам, биеийн жингийн индекс өндөр байх зэрэг.

Би эдгэрснээсээ хойш хэдий хугацааны дараа нийтийн дунд орох нь аюулгүй вэ?

Хамгийн сүүлийн үеийн өвчний хяналт сэргийлэлтийн төвийн мэдээгээр дараах шалгууруудыг хангасан тохиолдолд COVID – 19 өөр өвчилсөн хүн тусгаарлалтаа зогсоож болно:

1.     Өвчний шинж эхэлснээс хойш 10 аас олон хоног өнгөрч байгаа

2.     Халуун бууруулах эм хэрэглэхгүйгээр халуурахгүй 24 цагаас удаан хугацаа өнгөрч байгаа

3.     Бусад шинж тэмдгүүдийн илрэл багассан

Өвчний хяналт сэргийлэлтийн төв олон нийтийн дунд орохоосоо өмнө COVID-19 сорил сөрөг болсон байхыг зөвлөхөө больсон.

Өөрийгөө тусгаарлах болон өөрийгөө карантилахын ялгаа хэнд хамаарах вэ?

Өөрийгөө тусгаарлана гэдэг нь КОВИД-19-ийн халдвар авсан болон ямар нэгэн шинж тэмдэг илэрч буй хэн нэгэн сайн дураараа өөрийгөө бусдаас тусгаарлахыг хэлнэ.

Өөрийгөө тусгаарлах нь халдвар авсан хэн нэгнээс бусад халдваргүй хүмүүст халдварлахаас сэргийлэх гол зорилготой юм.

Хэрэв боломжтой бол эмчийн зааварчилгаа дээр үндэслэн өөрийгөө тусгаарлах шийдвэрээ гаргаарай. Хэрэв та Ковид-19-ийн халдвар авсан бол өөрийгөө тусгаарлах хэрэгтэй.

Та дараах тохиолдолд өөрийгөө нэн яаралтай тусгаарлах шаардлагатай. Үүнд:

–         Ковид-19-ийн шинжилгээний хариу эерэг гарсан эсвэл шинжилгээний хариугаа хүлээж байгаа бол

–         Шинжилгээ өгөөгүй хэдий ч Ковид-19-ийн  шинж тэмдэг тогтмол илэрч байгаа бол

Мөн шинэ төрлийн коронавирусын халдварын мэдээлэл тархаагүй, Ковид-19-ий шинжилгээнд хамрагдаагүй байгаа бол шинж тэмдэг тогтмол илэрч байгаа бол өөрийгөө тусгаарлах шаардлагатай. Шинж тэмдгүүдийн онош бүрэн тодорхой болсон эсвэл шинжилгээний хариу сөрөг гарах хүртэл зэрэг нөхцөл байдал өөрийгөө тусгаарлах шалтгаан болно.

Гэр бүлийн аль нэг гишүүн халдвар авсан тохиолдолд халдвар авсан, үл авсан эсэхээс үл хамааран өөрийгөө 14 хоногийн турш карантинлах нь Засгийн газраас одоогоор өгч байгаа зөвлөмж юм.

Өөрийгөө тусгаарлах болон өөрийгөө карантинлах нь яг ямар утгатай вэ? Юуг хийх хэрэгтэй юуг хийх хэрэггүй вэ?

Хэрэв та Ковид19-ийн халдвар авсан эсвэл халдвар авсан гэж өөрийгөө бодож байгаа бол хамгийн чухал нь бүрэн эдгэрэх хүртлээ бусдад тараахгүй байх явдал юм. Өөрийгөө гэртээ тусгаарлах болон өөрийгөө гэртээ карантинлах нь ганцаардах мэт санагдаж магадгүй. Гэвч та хайртай хүмүүсийнхээ өмнө хариуцлагатайгаар тэдний сэтгэл санааг үймүүлэхгүй байх үүднээс урт хугацааны турш тусдаа байх сэтгэл зүйн бэлтгэлтэй байх ёстой. Бусадтай онлайнаар болон утсаар холбогдох нь таны нийгмийн холбоог хангах болон тусламж авах, өөрийн биеийн байдлын талаар мэдээлэл өгөхөд дөхөм болно.

Халдварын тархах эрсдлийг бууруулахад дараах зөвлөмжийг мөрдөх нь зүйтэй.

Эмнэлгийн тусламж авахаас бусад тохиолдолд гэрээсээ гарахгүй байх.

Ажил, сургууль болон олон нийт цугларсан газруудад очихгүй байх

Нийтийн тээвэр болон такси ашиглахаас зайлсхийх

Эмч дээр очихоосоо өмнө урьдчилан мэдэгдэх

Энэ нь эмнэлгийн ажилчид халдварыг тархахаас урьдчилан сэргийлэх арга хэмжээ боломжоор хангахад туслалцаа үзүүлнэ.

Гэр доторх бусад хүмүүс болон тэжээвэр амьтнаас өөрийгөө тусгаарлах

Аль болох гэрийнхнээсээ тусдаа орчинд орчинд байж боломжтой бол тусдаа ариун цэврийн өрөө ашиглах

Ковид19-ийн халдвар авсан тохиолдолд гэрийн тэжээвэр амьтадтайгаа хүрэлцэхгүй байх, хүрэлцсэн тохиолдолд өмнө болон дараа нь гараа тогтмол угаах

Хэрэв та өвчтэй байгаа бол маскаа тогтмол зүүгээрэй.

Эргэн тойронд чинь хэн нэгэн байгаа болон эмнэлгийн орчинд орох гэж байгаа бол маскаа зүүгээрэй.

Ханиалгах болон найтаахдаа ам хамраа дараарай.

Ханиалгах болон найтаахдаа ам хамраа алчуураар дараад ашигласан алчуураа хогийн саванд хаяарай.

Найтаалгасны дараа маш яаралтай гараа савандаж угаагаарай. Угаахдаа дор хаяж 20 секунд угаагаарай.Хэрэв танд ус, саван байхгүй бол 60%-иас дээш спиртийн агууламж бүхий гар ариутгагчаар гараа ариутгаарай.

Гараа тогтмол угаагаарай.

Хамраа оролдох, найтаах болон ханиасны дараа мөн ариун цэврийн өрөө орсны дараа, хоолоо идэх болон хоолоо хийхийн өмнө гараа доод тал нь 20 секундийн турш ус, савангаар угаагаарай.

Хэрэв танд ус, саван байхгүй бол 60%-иас дээш спиртийн агууламж бүхий гар ариутгагчаар гараа хуурай болтол гарын бүх хэсгийг хамруулан гараа ариутгаарай.

Бохир гараар нүд, хамар болон амандаа хүрэхээс зайлсхийх.

Гэр доторх хувийн эд зүйлсээ бусадтай хуваалцахгүй байх

Аяга таваг, сав суулга алчуур мөн ор дэрний даавуугаа бусадтай болон тэжээвэр амьтадтай гэр дотроо хуваалцахгүй байх.

Дээрх эд зүйлсийг ашигласны дараа тэр даруйд нь савантай усаар угаах

Хүн хамгийн их хүрдэг гадаргуунуудыг цэвэр байлгах

Ширээний тавцан, хаалганы бариул, ариун цэврийн өрөөний тавилгууд, суултуур, утас, компьютерын гар, таблетууд болон унтлагын өрөөний шүүгээ зэрэг нь хүн хүрэх магадлал өндөртэй гадаргуунд хамаарагдана.

Хүн болгоны хүрдэг талбай бүхий гадаргууг цэвэрлэж халдваргүйжүүлээрэй.

Шинж тэмдгээ ажиглах

Өдөрт 2 удаа өөрийн халуунаа үзэж халуурах, ханиалгах болон амьсгал боогдох шинж тэмдэг илэрч байгаа эсэхийг ажиглах

Хэрэв танд ямар нэгэн шинж тэмдэг илрээгүй хэдий ч халуурах шинж тэмдэг багахан төдий илэрч байвал өөрийгөө бусдаас тусгаарлаарай. Харьяаллын дагуу эмчтэй холбогдож эмнэлгийн тусламж хэрэгтэй эсэхийг лавлаарай.

Таны биеийн байдал муудаж байгаа нь мэдэгдэж та шуурхай арга хэмжээ авах талаар эрэлхийл. Жишээ нь: Амьсгаа давхцаж байгаа бол.. Эмнэлэгт очихоосоо өмнө эмч рүү заавал залгаж зөвлөгөө авч өөрийн нөхцөл байдлаа мэдэгдээрэй.

Та хэзээ ч хэн нэгэнтэй харилцаанд орох болзошгүй тул эмнэлгийн байгууллага руу очихоосоо өмнө заавал маск зүүгээрэй.  

Хэрэв танд яаралтай тусламж хэрэгтэй бол 119 болон 103 дугаарт холбогдоорой. Түргэн тусламжийн үйлчилгээ ирэхээс өмнө маскаа зүүгээрэй.

Урт хугацаагаар гэртээ байх нөхцөлд эмнэлзүйн ямар зүйлсийг бэлдсэн байх шаардлагатай вэ?

Хамгийн багадаа 30 хоногийн нөөцийг бэлтгэх шаардлагатай. Хэрэв таны даатгал 90 хоногийн хугацаатайгаар баталгаажих боломжтой бол бүр ч илүү сайн.

Эмнэлзүй болон эрүүл мэндийн хангамж

–         Эмийн жор

–         Жороор олгогддог эмнэлгийн хангамж Жишээ нь: Глюкоз болон цусны даралт хэмжих багаж

–         Халуун бууруулах болон өвчин намдаах эм, жишээ нь: Ацетаминофен

–         Ханиалга болон ханиадны эмүүд

–          Антидиархиэл эмчилгээ

–         Термометр

–          Электролиттой шингэн

–         Саван болон алкохолын агууламжтай гар ариутгагч

–         Салфетка, ариун цэврийн цаас, нэг удаагийн живх, тампон, ариутгасан амны алчуур

–         Хогны уут

Гэртээ нэмэлт хүнс хадгалах шаардлагатай юу? Ямар төрлийн хүнс байх вэ?

14 хоногоос 30 хоног хүртэлх удаан хадгалж болох хүнсийг гэртээ хадгалаарай. Дараах тохиолдлуудад өөр бусад эд зүйлсүүдийг яаралтай тусламжийн багцанд байж болно. Жишээ нь: Тог тасрах болон цасан шуурга гэх мэт…

–         Лаазалсан мах, жимс, ногоо болон шөл

–         Хөлдөөсөн жимс, ногоо болон мах

–         Уураг эсвэл жимсний шахмал

–         Хатаасан буудай, овъёос болон жимс

–         Газрын самарны цөцгий болон самар

–         Гоймон, талх, будаа болон бусад будаа

–         Лаазалсан вандуй

–         Тахианы шөл, лаазалсан улаан лооль, лаазтай амтлагч

–         Тос

–         Гурил, элсэн чихэр

–         Жигнэмэг

–         Кофе, цай, савласан сүү, лаазалсан жүүс

–         Савласан ус

–         Лаазалсан эсвэл лонхтой хүүхдийн хоол, сүүн тэжээл

–         Тэжээвэр амьтдын хоол

–         Угаалгын нунтаг, аяга таваг угаагч, гэр цэвэрлэгч гэх мэт гэр ахуйн хэрэгсэл.

Өөрийгөө карентилах явцыг хэзээ цуцалж болох вэ?

Халдвар авсан байж болзошгүй хүмүүс 14 хоногийн хугацаанд өөрийгөө карентилахыг шинжээчид зөвлөж байгаа ба цуцлах эсэхийг эмч, орон нутгийн эрүүл мэндийн байгууллага тохиолдолд үндэслэн шийдвэрлэнэ. Тухайн шийдвэр бусдад халдвар тараах эрсдэлд үндэслэнэ.

Ковид19-ийн халдвартай хүнийг асрахдаа өөрийгөө хэрхэн хамгаалах вэ?

Та энэ урьдчилан сэргийлэх аргаар ханиадтай бусад хүнийг ч асрахдаа авч болно.

–         Өөр өрөөнд байж аль болох боломжтойгоор хол зайг барина. Тусдаа унтлагын өрөө болон ариун цэврийн өрөө ашиглана.

–         Дундын ашиглаж байгаа өрөөний агаар солилцоо хангалттай сайн байгаа эсэхийг шалгана. Эйр кондишнийг асаана эсвэл цонхоо онгойлгоно.

–         Гараа савантай усаар 20 секундийн турш сайтар угаана эсвэл спиртийн 60-95%-ийн агууламжтай гар ариутгагч түрхэн гараа хуурай болтол бүх гадаргууг хамруулан түрхэнэ.

–         Бохир гараар нүд, хамар, амандаа хүрэхгүй байх

Нэмэлт урьдчилан сэргийлэх арга хэмжээнүүд:

–         Нэг өрөөнд байгаа та болон бусад хүмүүс маскаа зүүх хэрэгтэй.

–         Хэн нэгэнтэй харилцах, хүрэлцэхдээ нэг удаагийн маск, бээлийгээ тогтмол өмсөнө.

–         Нэг удаагийн маск, бээлийг ашиглаж дууссаныхаа дараа хаяна. Дахин ашиглаж болохгүй.

–         Эхлээд бээлийгээ тайлан хаяна. Дараа нь маш яаралтай гараа угаана эсвэл ариутгаад маскаа тайлж хаян мөн адил тэр дор нь гараа угаах эсвэл ариутгана.

–         Аяга, таваг, шилэн аяга сав суулга, арчуур ор дэрний хэрэглэл зэрэг гэрийн эд зүйлсээ өвчтэй хэн нэгэнтэй хольж хэрэглэхгүй байх. Тухайн хүн ашигласан тохиолдолд даруй угаана. 

–         Хүн хамгийн их хүрдэг гадаргуунуудыг цэвэр байлгах

–         Ширээний тавцан, хаалганы бариул, ариун цэврийн өрөөний тавилгууд, суултуур, утас, компьютерын гар, таблетууд болон унтлагын өрөөний шүүгээ зэрэг нь хүн хүрэх магадлал өндөртэй гадаргуунд багтана.

–         Хувцсаа тогтмол угаана.

–         Цус, биеийн шингэн болсон хувцсыг тэр даруй угаана.

–         Бохирдсон эд зүйлсийг барихдаа нэг удаагийн бээлий өмсөөрэй. Бээлийгээ тайлсны дараа даруйхан гараа угаана.

Эцэг эх маань хөгширсөн тул COVID-19-ийн эрсдэл өндөртэй бөгөөд тэд ойролцоо амьдардаггүй. Хэрэв тэд өвдвөл би тэдэнд хэрхэн туслах вэ?

Холоос халамжлах нь стресст ордог. Эцэг эхтэйгээ өвчилбөл юу хэрэгтэй болох талаар ярилцаж эхэл. Эмч нар, гэр бүлийн гишүүд, хөршүүд, найз нөхөд зэрэг тэдний (болон таны) лавлагаа авахын тулд яаралтай тусламжийн холбоо барих цорын ганц жагсаалтыг гарга. Орон нутгийнхаа нийгмийн эрүүл мэндийн газрын холбоо барих хаягийг оруул.

Та тэдэнд урьдчилан төлөвлөхөд нь тусалж болно. Жишээлбэл, эцэг эхээсээ хөршүүд эсвэл найз нөхөддөө байшингийн түлхүүрийг өгөхийг хүс. Тэднээр эмчийн зааврын дагуу болон жоргүй олгодог эм, эрүүл мэнд, яаралтай тусламжийн хэрэгсэл, түргэн хоол, гэр ахуйн хэрэгслийг нөөцлөхөд туслуулаарай. Хэрэв та холбоотой байхыг хүсвэл утсаар тогтмол шалгаарай.

Ковид-19 нь тэжээвэр амьтанд халдварладаг уу?

COVID-19-ийг үүсгэдэг вирус хүнээс гэрийн тэжээвэр амьтанд тархдаг бололтой гэж FDA мэдээлэв. Судалгааны үр дүнд муур, өмхий хүрэн нь нохойноос илүү халдвар авах магадлалтайг тогтоожээ.

Хэрэв танд гэрийн тэжээвэр амьтан байгаа бол халдвар авах эрсдлийг бууруулахын тулд дараах зүйлсийг хий.

• Таны гэрийн тэжээвэр амьтад танай гэрт амьдардаггүй хүн, амьтантай харьцахаас зайлсхий.

• Муурыг бусад амьтад эсвэл хүмүүстэй харьцахаас сэргийлэхийн тулд тэднийг гэртээ байлга.

• Бусад хүмүүс, амьтдаас хамгийн багадаа зургаан метрийн зайд нохойгоо уяж яв.

• Нохойн цэцэрлэгт хүрээлэн, олон тооны хүмүүс, ноход цуглардаг олон нийтийн газраас зайлсхий.

Хэрэв та COVID-19 өвчнөөр өвдвөл бусад хүмүүстэй адил гэрийн тэжээвэр амьтадтайгаа харьцах харьцаагаа хязгаарлаарай. Энэ нь та өөрийгөө сайжиртал гэрийн тэжээвэр амьтантайгаа хооллох, үнсэх, долоох, хоол хүнс, ор хөнжлийн даавуу хамт хэрэглэхээс татгалзах хэрэгтэй гэсэн үг юм. Боломжтой бол өвчтэй байхдаа гэрийнхээ өөр нэг гишүүнд гэрийн тэжээвэр амьтнаа асруул. Хэрэв та өвчтэй байхдаа гэрийн тэжээвэр амьтнаа арчлах ёстой бол гэрийн тэжээвэр амьтадтайгаа харьцахаас өмнө, дараа нь гараа угааж, маскаа зүүгээрэй.

Одоогийн байдлаар гэрийн тэжээвэр амьтад COVID-19 вирусыг хүнд тараах магадлал багатай гэж үзэж байна. Гэсэн хэдий ч гэрийн тэжээвэр амьтад өвчин үүсгэдэг бусад халдвар, түүний дотор E. coli, Salmonella-г тарааж болзошгүй тул тэжээвэр амьтадтайгаа харьцсаны дараа гараа савантай усаар сайтар угаана.


Эх сурвалж:

https://www.health.harvard.edu/diseases-and-conditions/if-youve-been-exposed-to-the-coronavirus?fbclid=IwAR11bpqg9rFfyy–uy6lf6CP8JNrF-xXr9ITD2Dx_rnmlMctjNXmtNXKRMM