Эрүүний үений эмгэг (Чамархай эрүүний үений эмгэг –Temporomandibular disorder – TMD)

Дотрын өвчин судлал
Namuuntuul Ринченханд Ayush

Сүүлийн үед эрүүний үений орчим өвдөөд байна гэсэн зовиуртайгаар шүдний эмчид хандах давтамж нь нэмэгдэж байна. Эрүүний үений эмгэгийн хамгийн гол шалтгаан нь булчингийн хальсны өвдөлт болон үйл ажиллагааны алдагдлаар илэрч буй булчингийн өвчин юм. Эдгээр булчингийн өвчнүүд нь ерөнхийдөө мэс заслын бус эмчилгээний аргаар эдгэрдэг байна. /Эмчилгээний талаар дараагийн хэсэгт өгүүлнэ./
Эрүүний үений орчим өвдөх эсвэл үйл ажиллагаа алдагдаж байгаагын бусад шалтгаан нь анхдагчаар эрүүний үетэй (Temporomandibular joint – TMJ ) холбоотой юм. Энэ нь эрүүний үений өөрийн дотоод шалтгаант өвчин, остеоартрит, ревматид артрит, архаг сэдрэлтэт үений мултрал, анкилоз, неоплаз болон халдварт өвчин зэрэг шалтгаанаар үүсгэддэг. Хэдийгээр дээр дурдсан эмгэгүүдээс ихэнхи нь мэс заслын бус аргаар эмчлэгддэг ч гэсэн заримд нь мэс заслын эмчилгээ шаардлагатай байдаг байна. Эмчилгээг амжилттай болгохын тулд шүдний эмч, эрүү нүүрний мэс засалч болон бусад эрүүл мэндийн тусламж үйлчилгээ үзүүлэгч нартай хамтран ажиллах шаардлагатай.

Өвчтөн үзэж шинжлэх
Эрүүний үе нь өвддөг болон үйл ажиллагааны алдагдалтай өвчтөнийг шинжилгээний аргуудаар үзэж шинжлэх хэрэгтэй. Өвчтөн үзэж шинжлэхдээ өвчтөний түүх, зажлах үйлийн бодит үзлэг, эрүүний үений радиографи зэргийг хамруулна.

Асуумж авах
Өвчтөний түүх нь үйлчлүүлэгчийг үзэж шинжлэхийн хамгийн чухал хэсэг юм. Учир нь энэ үед оношлогоо хийх болон сэжүүр гаргаж авах боломжтой. Эхлээд түхайн үйлчлүүлэгч эмчид хандах болсон үндсэн зовиурыг асууна. Одоогийн зовиур нь өвчтөнд илэрч байгаа шинж тэмдгийг бүрэн тайлбарласан дэлгэрэнгүй байх хэрэгтэй. Асуумж авах үедээ дараах зүйлсийг зайлшгүй тодруулсан байх шаардлагатай. Үүнд: байрлал, өвдөлтийн эрчим, давтамж, хугацаа, ямар шинж тэмдэг илэрдэг, дахин сэдрээж байгаа хүчин зүйл зэргийг нотолгоонд үндэслэн мэднэ.
Тухайн өвчтөний зовиур нь өвдөлт байгаа тохиолдолд яг хаана нь өвдөж байгаа зөв цэгийг олох нь чухал байдаг. Өвдөлтийн цэгийг олох үед өвчтөн нэг газрыг тусгайлан заах нь чухал. Жишээлбэл: Хуруугаараа эрүүний үений гэрийг заах нь нүүрнийхээ зүүн талыг тэр чигээр нь тойруулан заахаас илүү найдвартай байдаг. Зовиураа зөв тайлбарлах нь зарим тохиолдолд шинж тэмдэгийн сэжүүр нь болж өгч байдаг. Тухайлбал: булчингийн өвдөлт байгаа тохиолдолд ихэвчлэн битүү, сул өвдөлттэй байдаг бол харин үений өвдөлттэй байгаа тохиолдолд хүчтэй, хурц өвддөг байна. Өвдөлтийн зэргийн зөв тогтоохдоо 1-ээс 10-ын хооронд өвдөлтийн эрчимд үнэлгээ өгч тодорхойлох нь зүйтэй. Мөн хоногийн яг аль үед, хэзээ өвдөж байгааг тодорхойлох нь шалтгааныг тогтооход хэрэгтэй. Хэрэв өглөөгүүр өвдөж байгаа тохиолдолд шөнө шүдээ хавирч унтаснаас үүдэлтэйгээр булчингийн хальсны өвдөлт болон ревматид артрит зэрэг үений тогтолцооны эмгэг байх магадлалтай. Хэрэв өвдөлт өдрийн төгсгөлд буюу орой илэрч байгаа тохиолдолд остеоартрит байх магадлалтай юм. Үүнээс гадна мөн ямар хүчин зүйлийн улмаас сэдэрч байгаа вэ гэдэг нь чухал. Тухайлбал: Хэрэв өвчтөн их стресстэй байгаа үед хумсаа мэрдэг буруу зуршилтай байх боломжтой ба үүнээс шалтгаантай байж болно. Энэ тохиолдолд өвтөнийг стрессээс гаргах нь хамгийн үр дүнтэй эмчилгээний арга юм. Сэдээж байгаа хүчин зүйлийг асуухын зэрэгцээ мөн өмнө нь эмчилгээ хийлгэж байсан эсэх, тэр нь хир зэрэг үр дүнтэй байсан, ямар эмчилгээ хийлгэж байсныг мөн асуух шаардлагатай. Сүүлийн үед эрүүний үений эмгэгийн эмчилгээ хийх явцад анхаарч үзэх чухал хэд хэдэн зүйлүүд байгаа юм. Энэ нь толгой өвдөх, ам ангайлт хязгаарлагдах, буруу зуулт зэрэг юм.
Бодит үзлэг
Бодит үзлэгийн явцад өвчтөний зажлах үйлийг бүрэн шинжлэх хэрэгтэй. Толгой болон хүзүүний хэсэгт нүүрний тэгш хэм алдагдсан эсэх, мөн булчингийн гипертрофи болсон эсэхийг шалгаж үзнэ. Өвчтөнийг шүдээ зууж унтдаг эсвэл өөр ямар нэгэн буруу зуршил байгаа эсэхийг тодруулсан байна. Зажлуурын булчинг ээлж дараалалтай шинжлэх хэрэгтэй. Булчин хазалтанд болон заасан цэгүүдэд тэмтрэхэд ямар нэг эмзэглэл байгаа эсэхийг шинжилнэ. /Үзүүлэн 1-1/

1-1Үзүүлэн 31-1. Зажлуурын булчинг шинжлэх. А, Зажлуурын булчинг тэмтрэх. В, Чамархайн булчинг тэмтрэх. С, Эрүүний салаа ба титэм сэртэнтэй холбогдсон чамархайн шөрмөсийг тэмтрэх

Эрүүний үеийг эмзэглэлтэй байгаа болон чимээтэй байгаа эсэхийг шинжилнэ. /Үзүүлэн 1-2/. Хэрэв эмзэглэлтэй байгаа тохиолдолд байрлалыг мөн хажуу талд, эсвэл хойд талд гэх мэтчилэнгээр тэмдэглэнэ. Хэрэв нэг цэгт биш, тодорхой хэсэг газарт бүхэлдээ тойрог маягаар өвдөж байгаа бол мөн адил тэмдэглэнэ. Эрүүний үе ихэвчилэн click (онцгой өвөрмөц дуу) эсвэл crepitus (жишээлбэл: юм хусч байгаа эсвэл хяхтнасан дуу) чимээ гардаг.

1-2Үзүүлэн: 1-2 Эрүүний үений эмзэглэлтэй байдал болон дууг ам ангайсан үед /В/ болон амаа жимийсэн /А/ үед үзэж буй байдал.

Ихэнхи үений дуу нь ямар нэгэн шинжилгээний багажын оролцоогоогүйгээр эрүүний үеийг тэмтрэх үед хялбархан сонсогдож, тэмтрэгддэг байна.
Эрүүний хөдөлгөөний хэмжээг мөн тодорхойлно. Хэвийн үед насанд хүрэгчдийн эрүүний хөдөлгөөний хэмжээ босоо чиглэлд 45 мм, хажуугийн болон урагшилсан хөдөлгөөнд 10 мм байдаг. /Үзүүлэн 1-3/. Хэвийн хөдөлгөөн шулуун бөгөөд симмитрик буюу тэгш байдаг. Зарим тохиолдолд эрүүний үе болон булчин эмзэглэлтэйн улмаас ам ангайлт хязгаарлагддаг байна. Эмч өвчтөний ам ангайлтыг үзэхдээ зөвхөн сайн дурын эмзэглэл үүсч байгаа хэмжээг тогтоохоос гадна мөн зөөлхөн хүчилсэн байдалтай ам ангайх дээд хэмжээг мөн тогтоох хэрэгтэй. Зарим тохиолдолд өвчтөн амаа ангайхдаа механиз саад учруулдаг бөгөөд бага зэрэг хүчилж зөөлхөн амыг нь ангайлгаж ам ангай дээд хэмжээг тогтоосноор хэвийн ам ангайлтын түвшинг тодорхойлох тохиолдол байдаг. Энэ нь үений гэрний эмгэгээс илүү булчингийн эмгэг байгааг харуулдаг.

1-3Үзүүлэн 1-3 Эрүүний хөдөлгөөний хүрээг хэмжиж буй байдал. А, Босоо байдалд сайн дурын хөдөлгөөнөөр ам ангайлтын дээд хэмжээ. В, Хажуугын хөдөлгөөнийг үнэлэх (ойролцоогоор 10 мм). Урагшилсан хөдөлгөөнийг хажуугийн хөдөлгөөнтэй ижил байдлаар хэмжнэ.

Мөн шүдийг шинжлэх нь чухал. Шүдний шалтгаантай өвдөлтгүй байх шаардлагатай. Шөнө шүдээ зууж унтдаг байх магадлалтай тул шүдний ирмэг элэгдэлтэй байгаа эсэх, ямар нэгэн хөндүүр, шүд нь хөдөлгөөнтэй байгаа эсэхийг шинжлэх хэрэгтэй. Хэдийгээр хэвийн бус зуултын төрөл нь ач холбогдолтой эсэх нь маргаантай байгаа ч зуултын харьцааг үнэлж шинжлэх, баримтжуулсан байх хэрэгтэй. Авхуулсан шүдийг тэмдэглэнэ. Эмч өвчтөний төвийн харьцаа болон төвийн хоршихуйг үнэлэн ямар нэгэн ач холбогдол бүхий ялгаа зөрүү байгаа эсэхийг тогтооно. Үзлэгээр илэрсэн өөрчлөлтүүдийг өвчтөний үзлэгийн картан дээр эрүүний үений эмгэгийн буюу TMD гэсэн хэсэгт нэгтгэн тэмдэглэнэ. Зарим тохиолдолд бүх өвчтөний түүхийг болон бодит үзлэгээр илэрсэн өөрчлөлтүүдийг бүгдийг тэмдэглэхийн тулд илүү нарийвчилсан карт хэрэгтэй болдог.
Рентген шинжилгээ
Эрүүний үений рентген нь үений, ясны болон зөөлөн эдийн патологийн байдлыг үнэлэн оношлогоо хийхэд тустай байдаг. Эрүүний үений эмгэгтэй өвчтөний рентген шинжилгээг стандарт рентген авахын оронд өвчтөний хэлж буй шинж тэмдэг, зовиурт үндэслэн авбал илүү тохиромжтой. Ихэнхи тохиолдолд эрүүний үений эмгэгийн үед дэлгэмэл рентген зураг авах нь шаардлагатай бүх мэдээллийг харах боломжоор хангадаг. Бусад рентген зургын шинжилгээний аргыг нь тодорхой нөхцөлд шаардлагатай тохиолдолд ашигладаг байна.
Дэлгэмэл рентген. Эрүүний үений эмгэгийн үед хийгддэг хамгийн тохиромжтой аргуудын нэг бол дэлгэмэл рентген зураг юм. Энэхүү рентген зургын үед хоёр эрүүний үеийг нэг зурган дээр харуулдагаараа давуу талтай юм. Дэлгэмэл рентген зураг нь эрүүний үений томографи зургыг харуулах ба ингэхдээ эрүүний үений гадаргуу, титэм сэртэн болон гленойд хонхорын анатоми бүтцийг маш тод гаргаж өгдөг байна./Үзүүлэн 1-4/. Олон рентген аппаратууд эрүүний үений орчим голлон эрүүний зураг авахаар тохируулагдсан байдаг. Эдгээр рентген зургууд нь ам ангайсан болон ам жимийсэн байрлалд авч болно.
Томограм. Томограмын арга нь эрүүний үеийг илүү нарийвчлан харах боломжоор хангадаг. Энэ арга нь эрүүний үе болон эрүүний хонхорыг өөр өөр түвшинд зүслэгээр харуулах ба ингэснээр медиаль баганаас латерал багана хүртэлх зүслэгийг тус бүрээр нь харах боломжтой юм. Ингэж харахдаа үений анатоми бүтцийг тод гаргахын тулд давхцсан хэсгийг хасч гаргадаг байна.

1-4

Үзүүлэн 1-4 Дэлгэмэл рентген. А. Эрүүний баруун талын үений хэвийн анатоми бүтэц. В, Эрүүний зүүн талын үений сөнөрөлийг тодотгон харуулсан байдал

Эрүүний үений артрограф. Энэхүү арга нь үений дотоод дискийг шууд бус аргаар харах үед ашигладаг. Антрографийг хийхдээ үений дээд болон доод зайнд тодосгогч бодис шахсаны дараагаар эрүүний үеийг рентген аппаратанд хардаг байна. Ингэж харахдаа үений зайнд орсон тодосгогч бодисоор эрүүний үений дискний морфологи болон байрлалыг үнэлдэг. /Үзүүлэн 1-5/. Энэхүү арга нь мөн үений диск болон холбоонд перфораци /цооролт/, адгези /наалдалт/ үүссэн эсэхийг тогтоож болно. Энэ нь илүү нарийвчилсан, мэргэжлийн түвшинд хийгддэг учир маш ховор хийгддэг байна.
Cone Beam kомпьютер томограф. Энэ нь илүү тохиромжтой, нарийвчлан харуулах боломжтой, илүү бага өртөгтэй тул сүүлийн үед шүдний эмч, эрүү нүүрний мэс засалч нарын дунд алдартай оношлогооны төхөөрөмж болж байгаа юм. CBCT нь эрүүний анатоми бүтэц, эрүүний үений бүтцийг гурван хэмжээст бүтцээр харуулдаг оффисд суурилсан сканнер юм. Ясны бүтцийг шинжлэх үед илүү нарийвчлалтай үзүүлдэг хэдий ч энэ нь бага зэрэг цацраг туяа зарцуулдаг. Энэхүү шинжилгээний арга нь хэдий ясны бүтцийг сайн харуулдаг ч гэсэн зөөлөн эдийн бүтцийг оношлогооны түвшинд сайн харуулж чаддаггүй.
1-5

Үзүүлэн 1-5 Эрүүний үений дээд болон доод зайнд тодосгоч бодис харагдаж буй Артрограм. Үений дискний байрлал болон анатоми бүтэц харагдаж байна. Энэхүү артрограм нь өмнөд дискний шилжилт байгааг харуулж байна. А, Ам жимийсэн В, Ам ангайсан.

Эх сурвалж:

Contemporary Oral and Maxillofacial surgery 6th ed.  2014 year

1 Comment

  • sh.oyunchimeg

    tsag ye e olson medeelel b.a bayarlala ih zvil medej avla harin yeni zuragin yalgag sn olj harj chadsangui

    28/01/2015 10:25