Шээс цочмог хаагдах /Acute Urine Retention/

Хүүхэд судлал
Мягмарсүрэн Namuun bolor-erdene

Шээсээ чөлөөтэй гадагшлуулж чадахгүй байх нөхцлийг шээс цочмог хаагдалт гэнэ. Энэ бол урологийн салбарт хамгийн түгээмэл тохиолддог яаралтай тусламж шаарддаг эмгэг юм. Эрэгтэйчүүдийн хувьд шээс хаагдах нь түрүү булчирхай томролтой холбоотой хоёрдогчоор ихээхэн тархалттай байдаг бол эмэгтэйчүүдэд ховор тохиолдоно.

Өвчний тархалт нас дагаж нэмэгдэх ба 60 – аас дээш настай эрэгтэйчүүдэд хамгийн түгээмэл. 70 – аас дээш настай эрэгтэйчүүдийн 10%, 80 – аас дээш настай эрчүүдийн 1/3 – т шээс цочмог хаагдах зовиур илэрдэг болох нь ажиглагджээ.

Харин эсрэгээрээ шээс цочмог хаагдах эмгэг эмэгтэйчүүдэд ховор. Жилд 100,000 эмэгтэйд 3 удаа л шээс хаагдах зовиур илэрдэг. Эмэгтэй, эрэгтэйн харьцаа 1:13 байдаг ажээ.

Шалтгаан, эмгэг жам

Хэд хэдэн эмгэг жамын механизм шээс хаагдах эмгэг үүсэхэд нөлөөлдөг. Шалтгаан хамаарахгүйгээр эмгэг жамын механизм адилхан байж болно.

Шээс цочмог хаагдах эмгэг жамын механизмд үндсэн гурван хүчин зүйл тэргүүлэх үүрэгтэй оролцоно. Үүнд: шээсний гадагш урсгал саатах, мэдрэлийн үйлийн хямрал, булчингийн агшилт хангалтгүй байх.

  1. Шээсний гадагш урсгал саатах – Шээсний урсгал механик эсвэл динамик хүчний улмаас саатаж болох юм. Механик саатал нь шээсний сүвийн нарийсалтаас болох бол динамик саатал нь шээсний сүвийн эргэн тойрны булчингийн тонус ихэссэнтэй холбоотой байна.
  2. Мэдрэлийн зохицуулгын хямрал– Шээсний сүвийн агшигч булчингийн мэдрэхүйн эсвэл хөдөлгөөний мэдрэлийн гэмтлийн улмаас хоёрдогчоор шээс цочмог хаагдаж болно. Шээс цочмог хаагдах нь шээсний сфинктерийн механизм (dyssynergia), бүрэн сулрахгүй байхтай холбоотой байж болох бөгөөд энэ нь давсаг суллах даралт, давсаг сулласаны дараах үлдэгдэл эзлэхүүн аль алиных нь нэмэгдэх шалтгаан болох боломжтой. Бусад өвчтнүүдэд, давсагны булчингийн агшилт хангалтгүй байх нь шээс хаагдахад тэргүүлэх хүчин зүйл болно. Мэдрэлийн үйл ажиллагааны хямралтай өвчтнүүдэд архаг шээс хаагдалтын суурь байхаас гадна үе үе цочмог хаагдах эсвэл нурууны гэмтлийн улмаас шээс цочмог хаагдах эмгэг үүсч болно.
  3. Булчингийн агшилт хангалтгүй байх– Давсаг хэт их тэлсний улмаас (жишээлбэл: давсагт катетер тавилгүй эпидураль эсвэл ерөнхий унтуулга хийх гэх мэт) агшигч булчингийн ажиллагаа үр дүнгүй болж шээс хаагдаж болно. Гэвч энэ нь шээсний зам хаагдаж байсан суурь өвчтэй хүмүүст тохиолдох хандлагатай байдаг.

Шээс цочмог хаагдах нь шээсний урсгал механикаар хаагдсаны улмаас хоёрдогчоор үүсэх нь цөөнгүй. Бусад шалтгаанд эм, мэдрэлийн өвчин, халдвар, гэмтэл багтаж болно.

Эмнэлзүйн илрэл — Шээс цочмог хаагдсаны улмаас шээж чадахгүй зовиурлах, хэвлийн доод хэсэг, умдагны дээгүүр чинэрч өвдөх буюу таагүй мэдрэмж төрөх, тайван биш байх, байж сууж ядах гэх мэт зовиур өвчтөнд илэрнэ.

Эдгээр зовиурууд шээс удаан хугацааны турш хаагдаж буй үед төдийлөн ноцтой илрэхгүй байж болно. Шээс архаг хаагдсан бол өвдөлт бараг л мэдрэгдэхгүй. Харин архаг шээс хаагдалттай хүнд өвчин сэдэрвэл шээсээ барьж болохгүй байх нөхцөл үүсдэг тал бий. Энэ үед өвчтөн шээсээ гадагшлуулж чадахгүй байна гэхээсээ илүү шээсээ барьж чадахгүй байна гэсэн зовиур хэлнэ.

Үнэлгээ — Шээс цочмог хаагдах эмгэгийг үнэлэхдээ шалтгааныг тогтоохын тулд өвчний түүх, бодит үзлэгт онцгой анхаарал хандуулж эхлэх хэрэгтэй. Шээсний шинжилгээг бүх өвчтөнд хийх шаардлагатай ба бусад холбогдох шинжилгээнүүдийг тухайн өвчтөнд тохируулж хийнэ.

  • Өвчний түүх– Өвчний түүхэнд өмнө нь шээс хаагдаж байсан болон шээсний доод замын хуучин эмгэгүүдийн талаар тодруулж асууна. Үүнд: түрүү булчирхайн өвчлөл, аарцаг болон түрүү булчирхайн мэс засал, туяа эмчилгээ, аарцгийн гэмтэл зэргийг багтааж болно. Түүнчлэн, гематури, дизури, халууралт, бүсэлхийн доогуур өвдөх, мэдрэлийн талаас зовиур хэлэх эсвэл тууралт гарсан гэх мэт өгүүлэмжтэй байж болно. Эцэст нь хэрэглэсэн эмийн талаарх мэдээллийг бүрэн цуглуулна.
  • Бодит үзлэг – Тодорхой мэдэгдэх шалтгаангүй өвчтнүүдэд хэвлийн болон шулуун гэдсээр бодит үзлэг хийх ба умдагны дээгүүр хүчтэй дарах нь зовиурыг нэмэгдүүлэх талтайг анхаарах нь зүйтэй.
  1. Шулуун гэдэсний үзлэг – Шулуун гэдэсний үзлэгийг эрэгтэй, эмэгтэй гэлтгүйгээр гүйцэтгэх хэрэгтэй ба хавдарлаг зүйл, хатуурсан баас, хярзан цочромтой болох, шулуун гэдэсний хунигч булчингийн тонусын байдал зэрэгт үнэлгээ өгнө.
  2. Аарцгийн хөндийн үзлэг – Энэ үзлэгийг эмэгтэйчүүдэд илүү нарийн хийх шаардлагатай.
  3. Мэдрэлийн үнэлгээ – Уг үзлэгийн хүрээнд булчингийн хүч, мэдрэмтгий байдал, рефлекс, булчингийн тонус зэргийг шалгана.

Оношилгоо — Оношийг батлахын тулд давсагны хэт авиан шинжилгээ хийнэ. Гэхдээ, өвчний түүх болон бодит үзлэгээр онош тодорхой бол хэт авиан шинжилгээ хийлгүйгээр давсганд шууд катетер тавих нь оношилгоо ба эмчилгээний ач холбогдолтой юм.

Хэт авиан шинжилгээгээр давсагт ≥300 мл шээстэй, өвчтөн давсгаа суллаж чадахгүй байгаа бол шээс хаагдсан байна гэж үзнэ. Гэвч, хүний биеийн өвөрмөц онцлог, эдийн хаван, өмнөх мэс засал, сорвижилын улмаас хэт авиан шинжилгээгээр нарийвчилсан дүгнэлт гарахгүй байх тал бий. Өвчтөн шээж чадахгүй, бие нь тавгүй байгаа бол хэт авиагаар илрүүлсэн шээсний эзлэхүүнд ач холбогдол өгөлгүй шууд давсганд катетер тавина. Эхний 10 – 15 минутанд гарсан шээсийг хэмжиж тэмдэглэнэ. Хэрвээ 400 мл – ээс их хэмжээтэй гарвал катетераа тавьсан чигээр нь орхино. 200 – 400 мл гарвал, катетер авах эсэхийг эмч шийдэх ба 200 мл – ээс бага бол катетерийг яаралтай авч эвгүй мэдрэмж төрүүлж буй хэвлийн болон аарцгийн хөндий бусад өвчнүүдийг үнэлнэ.

Яаралтай авах арга хэмжээ — Шээс цочмог хаагдсан үед хийх гарааны эмчилгээ нь давсагт катетер тавьж давсагны даралтыг аажим бууруулах явдал юм.

Давсагны даралтыг бууруулах сонголтууд — Давсагны даралтыг бууруулахын тулд давсагны эсвэл умдагны дээгүүрх катетер ашиглана. Давсагны даралтыг бууруулах нарийвчлан боловсруулсан удирдамж байдаггүй юм. Ихэнх өвчтнүүдэд эхлээд давсагны катетер тавих нь олонтаа.

Давсганд катетер тавих — Шээс хаагдсан шалтгааныг арилгаж анагаах боломжтой гэж үнэлсэн бүх өвчтнүүдийн давсганд катетер тавина. Давсганд катетер тавих талаар энд дарж уншина уу.

catheter-male

Зураг 1. Давсганд катетер тавьсан байдал

Урологийн хагалгаанд (жнь: Простатэктоми эсвэл шээсний сүвийг дахин байршуулсан) саяхан орсон өвчтнүүдийн давсагт катетер тавих нь эсрэг заалттай. Эдгээр өвчтнүүдэд умдагны дээгүүр катетер тавих нь зөв юм.

Байнгийн катетер /Indwelling catheter/ — Шээс цочмог хаагдсан ихэнх өвчтнүүдэд хамгийн түрүүнд 14 – 18 G франц хэмжээтэй катетер тавина. Зарим өвчтнүүдэд катетер тавихад ямар нэгэн бөглөрлийн улмаас катетер чөлөөтэй нэвтэрч орохгүй байх нь бий. Хэрвээ өвчтөн өмнө нь шээсний сүвээр дамжуулж хийгдэх ямар нэгэн ажилбар (жнь: шээсний сүвээр дамжуулан түрүү булчирхайг тайрах) хийлгэж байсаг бол шээсний сүвийн болон түрүү булчирхайн хэсэгт сорвижилт үүссэн байж болно. Хэрвээ ийм төрлийн бөглөрөлт байж болзошгүй гэж бодсон бол давсагны катетерийн хэмжээг 10 эсвэл 12 G франц хэмжээ бүхий байнгын катетераар сольж тавина. Хэрвээ өмнө нь ажилбар хийлгэж байгаагүй бол бөглөрлийн түгээмэл шалтгаан нь томорсон түрүү булчирхай байж болох юм. Хэрвээ тийм бол, зөөлөн биш үзүүртэй, илүү том катетер (20 эсвэл 22 G) ашиглан урологийн эмчийн зөвлөгөөгөөр давсагт катетерийг байрлуулж болно.

Умдагны дээгүүр давсагт катетер тавих — Удаан хугацаанд байршуулахад тохиромжтойгоос гадна шээсний сүвээр катетер байрлуулах арга үр дүнгүй бол умдагны дээгүүр давсагт катер жнь: саяхан урологийн хагалгаанд орсон, шээсний сүвийн нарийсалттай, давсагны цочмог үрэвсэлтэй, түрүү булчирхайн ноцтой томролтой, анатомийн гажигтай) тавина. Урологийн нарийн мэргэжилийн эмч энэхүү ажилбарыг гүйцэтгэх ёстой. Хэрвээ нарийн мэргэжилийн эмч байхгүй өвчтөн маш их тэвдсэн бол тарилгын зүүгээр умдагны дээгүүр хатгалт хийж болно. Гэвч ингэж хатгах нь дараа нь умдагны дээгүүр катетер тавих ажилбарыг төвөгтэй болгож болзошгүй юм. Тийм учраас зайлшгүй нөхцөл үүсээгүй л бол давсагт зүү хатгахаас зайлсхийх нь зөв.  Умдагны дээгүүр давсагт катетер тавих талаар энд дарж дэлгэрэнгүй уншина уу.

CS148_0113-Female-side-view-Supa

Зураг 2. Умдагны дээгүүр катетер тавьсан байдал

Давсаг суллах хурд — Шээс хаагдсан хүмүүсийн давсагийг бүрэн суллах ёстой. Гэвч, нэг дор давсагийг богино хугацаанд суллах нь үүсч болзошгүй хүндэрлүүдийг (түр зуурын гематури, гипотензи, бөглөрлийн дараах диурез) нэмэгдүүлэх талтай. Давсагт катетер тавьсан ямар ч нөхцөлд шээсний замын халдвар, дээр дурдсан хүндрэл гарах эрсдэлтэй байдаг нь судалгаагаар нотлогдсон.

Давсаг сулласаны дараах хүндрэл

  1. Түр зуурын гематури– Нийт өвчтний 2 – 16% – д гематури тохиолдоно. Эмнэлзүйн судалгаагаар нийт өвчтний 11% – д гематури үүсч бүрэн эмчлэгдсэн байна.
  2. Түр зуурын гипотензи– Давсаг сулласаны дараа өвчтнүүдэд түр зуур даралт нь унаж болно. Гэвч, ямар нэгэн эмийн эмчилгээгүйгээр цусны даралт хэвийн байдалд орно. Хожимоо ч гэсэн даралт багасах үлдэц өөрчлөлт өгдөггүй.
  3. Бөглөрлийн дараах диурез– Шээсний замын бөглөрлийг арилгасаны дараа бөглөрлийн дараах диурез буюу их шээх хам шинж давсаг сулласаны дараа үүсч болно. Энэ нь цочмог биш архаг өөрчлөлт бөгөөд бөглөрөлтийн үед шингэн их хуримтлагдаж байсантай холбоотой. Шээс хаагдсан ямар ч өвчтнүүдэд бөглөрөлтийн дараах диурез үүсэх боломжтой. Тийм учраас их шээж байгаа үед улам их уух нь зүйтэй. Хэрвээ хүнд явцтай, шингэн алдалтаа ууж нөхөж чадахгүй байгаа өвчтөнд шээсний гаралтыг хэмжиж шээсний хэмжээний хагастай тэнцэх эзлэхүүн бүхий изотоник уусмалыг судсаар хийж болно.

Катетер тавих хугацаа — Түр зуурын, богино хугацааны, удаан хугацааны гэсэн үндсэн 3 төрлийн хугацаагаар катетер тавьж болно.


Эх сурвалж: Uptodate.com “Acute Urine Retention” | This topic last updated: Sep 21, 2015.