Хүүхдийн шок : Оношилгоо, эмчилгээ

Мэс засал
Orgilbold bayartsogt

Шок гэдэг нь амин эд, эрхтний бодисын солилцооны хэрэгцээнд нийцсэн хангалттай хэмжээний хүчилтөрөгч хүргэх чадамж алдагддаг онцлогтой цочмог үйл явц юм.

Та бүхэнд шокийн тодорхойлолт, ангилал, эмнэлзүйг тусад нь нэг сэдэв болгон хүргэсэн билээ (унших: Шок : тодорхойлолт, ангилал, эмнэлзүй)

Оношилгоо

Шокийг асуумж, бодит үзлэгт суурьлан эмнэлзүйгээр оношилно ( Шок : тодорхойлолт, ангилал, эмнэлзүй сэдэвт хүснэгт 2, хүснэгт 3 -г унш).

хүснэгт №1

хүснэгт №1

Шокийн нэгдмэл тодорхойлолт байдаг ( Шок : тодорхойлолт, ангилал, эмнэлзүй сэдэвт хүснэгт 7-г унш). Септик шок сэжиглэсэн тохиолдолд эмнэлзүйд зохистой сорьц авч өсгөвөр бэлдэн халдварын этиологийг тодорхойлох, өсгөврийн хариу гарах хугацаанд өвчтний нас, өвчний явц, географийн байрлалд суурьлан эмпирик антибиотик эмчилгээг яаралтай эхлүүлэх нь зүйтэй. Мөн бодит үзлэг, дүрс оношилгоо, биеийн ариун шингэнүүдэд цагаан эс илэрч байгаа эсэх, петехи, пурпура зэрэг тууралт байгаа эсэх нь системийн үрэвслийн хариу урвалын хам шинж шалтгаан болж буй халдварын этиологийг тодорхойлоход сэжүүр болно. Септик шоктой хүүхдэд эрчимт эмчилгээний тасагт, эсвэл бусад өндөр хяналттай нөхцөлд эмчлэх нь зүйтэй. Эдгээр өвчтнүүдийг инвазив бус (пульс оксиметр, капнографи, инфра-улаан спектроскопи) болон инвазив (төвийн венийн даралт, артериалын цусны даралт) хослуулан байнга хянах шаардлагатай.

Лабораторын шинжилгээ

Лабораторын шинжилгээгээр гематологийн өөрчлөлт, электролитын алдагдал ихэнхдээ илэрдэг. Тромбоцитопени, протромбин болон зориуд идэвхжүүлсэн тромбопластины хугацаа уртассан, сийвэнгийн фибриногений төвшин буурсан, фибрины задралын бүтээгдэхүүн ихэссэн, цус багадалт гематологийн шинжилгээгээр илрэх боломжтой (дэлгэрүүлэн унших: Цус бүлэгнэлтийн шинжилгээний эмнэлзүйн хэрэглээ  ). Нейтрофилийн тоо ихэссэн, дутуу боловсорсон хэлбэр нь нэмэгдсэн (тасархай бөөмт, миелоцит, промиелоцит), нейтрофилийн вакуоляци, хорт мөхлөг, болон Dohle бие илрэх нь халдварыг илтгэдэг. Нейтропени, лейкопени нь маш хүнд сепсисийн тавилан муутайн шинж байх боломжтой. Глюкозын зохицуулга алдагдах нь стресс хариу урвалд тохиолддог бөгөөд гипергликеми эсвэл гипогликеми байдлаар илэрч болно. Бусад электролитын эмгэгшилд гипокальциеми, гипоальбуминеми, мөн бодисын солилцооны хүчилшил илэрдэг. Бөөр болон/эсвэл элэгний үйл ажиллагаа бас алдагдаж болзошгүй.

Амьсгалын цочмог дистресс хам шинжтэй өвчтнүүдэд оксигенаци (артерийн хүчилтөрөгчийн парциал даралт буурах[Pao2]) төдийгүй уушгины гэмтлийн хожуу шатанд вентиляцийн (Карбон диоксидын артерийн парциал даралт нэмэгддэг [Paco2]) бууралттай байдаг. Дасан зохицоогүй шокийн онцлох шинж нь хүчилтөрөгч эдэд хүргэгдэлт (Do2)  ба хүчилтөрөгчийн хэрэгцээ (Vo2) хоорондох тэнцвэр алдагдах юм. Хэвийн үед Do2 нь хүчилтөрөгчийн хэрэгцээнээс 3 дахин их байх байдаг. Хүчилтөрөгчийн экстракци харьцаа ойролцоогоор 25% байдаг, тиймээс хэвийн үед холимог венийн хүчилтөрөгчийн сатураци (SVo2) 75-80% үүсгэдэг. Кооксиметрээр хэмжихэд SVo2 үзүүлэлт унах нь хэрэгцээг хүргэгдэж буй хүчилтөрөгчид харьцуулсан харьцааны бууралтын баталгаа бөгөөд хүчилтөрөгчийн экстракцийн харьцаа нэмэгдснээр илэрхийлэгддэг. Эрхтний бичил эргэлтийн хүчилтөрөгчийн экстракци нэмэгдэх нь эсийн төвшинд хүчилтөрөгчийн хэмжээг хангалттай хадгалах оролдлого юм. Энэхүү байдал нь эдийн хүчилтөрөгчийн экстракци дасан зохицлоор нэмэгдэж, анаэроб метаболизмаар үүсгэгдсэн сүүний хүчлийн үүсэлт ихэсснээр (өндөр анион, бодисын солилцооны хүчилшил) эмнэлзүйн шинжүүд гардаг. SVo2-ийг хэмжих алтан стандарт уушгины артерийн катетраас хэмжих боловч энэхүү аргыг эмнэлзүйд хэрэгжихүйц биш юм. Баруун ховдол, баруун тосгуур, дээд хөндийн вен, эсвэл доод хөндийн вен гэх мэт байршлуудад эмчилгээний интервенцийн үр ашиг, хүчилтөрөгчийн хүргэгдэлт хангалттай байвал холимог венийн цусанд хийсэн хэмжилтэнд ихэнхдээ хэрэглэсэн байдаг. Цусны лактатын төвшин нэмэгдсэн байх нь шокийн олон хэлбэрүүдийн үед эдэд хүчилтөрөгчийн  хүргэлт ядмаг байгааг илэрхийлдэг.

ЭМЧИЛГЭЭ

Эн тэргүүний менежмент

Шокийн бүх хэлбэрүүдийн менежментэнд эрт таних, яаралтай арга хэмжээ авах нь маш чухал. Шокын улмаас үүсэх суурь нас баралт насанд хүрэгчдээс хүүхдэд бага байдаг ч цаашид эрт арга хэмжээ авах тусам нас баралтыг бууруулах болно. Хүүхдийн шокын эн тэргүүний эмчилгээ, оношилгоо, Америкын Зүрхний Нийгэмлэгийн хүүхдийн амьдруулах гүнзгийрүүлсэн тусламж ба нярайн амьдруулах гүнзгийрүүлсэн тусламжийн зөвлөмжинд зааснаар амьсгалын замыг тогтворжуулах, амьсгалуулах, цусны эргэлтийг дэмжих арга хэмжээ авах нь зүйтэй.

Алгоритм №1

Алгоритм №1

Шокийн хүндийн зэргээс хамаарч интубаци тавих, механиз вентиляци зэрэг амьсгалын замын интервенци өвчтний биеийн хэт бодисын солилцооны хэрэгцээг бууруулж, амьсгалын ажлыг хөнгөвчлөхөд шаардлагатай байх боломжтой. Хүүхдэд тохиолдож буй шокын хамгийн нийтлэг шалтгаануудаас сепсис, гиповолеми давамгай үүсгэдэг, тиймээс хамгийн нийтлэг эмчилгээний дэглэмийн зөвлөмжүүд эдгээр нөхцөлд суурилсан байдаг. Хамгийн оновчтой эмчилгээг, яаралтай, венийн судсанд эсвэл ясанд хатгалт хийж эхлүүлсэн байх ёстой ч эмгэг үйл зүйн талаас зүрхний гаралтай шокын үед ач холбогдол бүхий асуудал болно. Тиймээс изотоник шингэнийг 10 мл/кг –аар венийн судсаар хурдан сэлбэж шокын байдлыг эргүүлэхээр оролдож эхэлсэн байх нь зүйтэй. Энэхүү цохилтын тунг хурдан 60-80 мл/кг хүртэл өсгөж давтах боломжтой бөгөөд эмчилгээний эхний нэг цагийн дотор энэхүү хэмжээ шаардлагатай байхуйц хүнд зэрэгтэй өвчтөн ховор бус тохиолддог. Нийтдээ 60-80 мл/кг буюу түүнээс их сэлбэх нь уушгины хавангийн тохиолдлыг ихэсгэхгүйгээр биеийн байдал сайжирч амьд үлдэхтэй холбоотой байдаг. Гэхдээ зүрхний хэм (насанд суурилсан зүрхний хэмийг тооцох), шээсний гарц (1 мл/кг), капиллярын эргэн дүүрэлт (<2 сек), сэтгэцийн байдлыг хэвийн болгохын тулд өвчтөнд сэлбэх шингэнийг 20 мл/кг-аас нэмэгдүүлж тооцно. Сэлбэх шингэн зарим тохиолдолд 200 мл/кг эсвэл түүнээс их шаардлагатай болох нь бий. Гипотензи нь ихэнхдээ хожуу илэрдэг, тавилан муугийн илрэл болдог тул илүү анхаарсан байх ёстой, мөн зөвхөн цусны даралтыг хэвийн болохоор шингэн сэлбэлтийн үр дүнг үнэлэх нь найдвартай биш юм. Шингэний төрлийг (коллойд, кристаллойд гэх мэт) сонгох тал дээр маргаантай байгаа ч септик шокийн үед өвчтөн амьд үлдэхэд шингэний төрлөөс үл хамааран шингэн сэлбэх (ихэнхдээ кристаллойд) нь орлуулагдашгүй чухал гэдэг нь батлагдсан.

Кени болон Танканиа нараар удирдуулсан нэгэн судалгаагаар перфузи муу бүхий хүнд зэргийн эмгэгтэй, халууралттай хүүхдэд венийн судсаар сэлбэсэн шингэнийг цохилтын бус тунг хэрэглэснээс цохилтын тунг хэрэглэсэн хүүхдүүдэд нас баралт өндөр байсан нь хачирхалтай үр дүн байсан. Энэхүү судалгааны хүүхдүүдэд хумхаа, хүнд цус багадалт, гипокси, мөн ихэнх нь бактерийн халдвараар үүсгэгдсэн кома их байсан. Харин өндөр халууралт бүхий хумхааны шокийн хам шинж, эсвэл гастроэнтеритээс хоёрдогч гиповолеми бүхий хүүхэд байгаагүй. Дэлхийн Эрүүл Мэндийн шокийн тодорхойлолтоор шингэний цохилтын тун шаардлага (хүйтэн гар, капиллярын эргэн дүүрэлт >3 сек, хурдан, сул пульстэй) бүх өвчтнүүдэд байдаггүй; зөвхөн 6%-д нь л гипотензи илэрдэг. Энэхүү судалгаа ялангуяа хүүхдий. хумхаа, цус багадалт өндөр тархалттай, нөөц бололцоо багатай газар дах шингэн сэлбэлтийн асуудлыг гаргасан. Вазопрессор эмчилгээ (норадреналин, адреналин)-г 60-80 мл/кг шингэн сэлбэхэд тэсвэртэй шокын үед нэмж сэлбэх нь зүйтэй. Эдгээр судас идэвхтэй агентуудыг захын венийн судсанд хийхийг хамгийн сүүлийн зөвлөмжинд тусгасан.

Нэмэлтээр эрт анхаарах зүйлс

Ялангуяа септик шокийн үед бактерийн эсрэг өргөн хүрээний агентийг цаг алдалгүй хэрэглэх нь нас баралтыг бууруулдаг. Бактерийн эсрэг агентын сонголт эмнэлзүй болон өртөмхий эрсдэлт хүчин зүйлсээс хамаарна. Мөн бактерийн тэсвэржилтийг авч үзсэнээр бактерийн эсрэг оновчтой эмчилгээг сонгоно. Шинэ нярайд ампициллин дээр нэмж цефотаксим болон/эсвэл гентамицин (ампициллин+цефотаксим/гентамицин)-ээр эмчлэх нь зүйтэй. Хэрвээ херпес вирус эмнэлзүйгээр сэжиглэгдэж байвал ацикловир хэрэглэнэ. Нэг хүртэлх насны хүүхэд болон түүнээс дээш насны хүүхдийн Neisseria meningitides-ийн олдмол халдварыг 3-р эгнээний цефалоспорин (цефтриаксон эсвэл цефотаксим)-аар эмпирик эмчилгээг эхлэх нь зүйтэй. Гемофилус инфлюнза-н халдварыг 3-р эгнээний цефалоспорин (цефтриоксон эсвэл цефотаксим) –оор эмпирик эмчилгээ хийх боломжтой. Тэсвэртэй Стрептококк пневмония-г сэжиглэж байгаа бол нэмэлтээр ванкомицин хэрэглэх шаардлагатай. Эмнэгийн гадуурх эсвэл олдмол метициллинд тэсвэртэй Стафилококк  аурус сэжиглэж байгаа бол байршлын тэсвэржилтийн хэлбэрээр хамаарч ванкомицин хэрэглэхийг зөвшөөрдөг. Хэвлий доторх процессыг сэжиглэж байгаа бол анаэроб халдварт чиглэн метронидазол, клиндамицин, эсвэл пиперациллин-тазобактам зэрэг эмийг хэрэглэх нь зүйтэй. Эмнэлгийн сепсис бол цефалоспорины багадаа 3 эсвэл 4-р эгнээний эмээр, эсвэл грам сөрөг хүрээг нэмэгдүүлсэн (ж нь: пепирациллин-тазобактам) эм бүхий пенициллинээр эмчлэх нь ерөнхийдөө зүйтэй. Эмнэлзүйн нөхцөл байдлаас хамаарч аминогликозид нэмж хэрэглэх боломжтой. Байнгын төхөөрөмж хэрэглэдэг, Грам-эерэг кокк цуснаас ургасан, метициллинд тэсвэртэй S.aurus халдвар сэжиглэсэн, менингиттэй өвчтөнд S.pneumoniae –н эмпирик эмчилгээ хийх бол нэмэлтээр Ванкомицины дэглэм хэрэглэх нь зүйтэй. Мөөгөнцрийн халдварын эмпирик эмчилгээг дархлаа дарангуйлагдсан өвчтөнд бодолцоно.

Дистрибутив шок нь сепсисийн улмаас хоёрдогчоор үүсдэгүй, харин судасны тонусын эмгэгшлээр анхдагчаар бий бол байгаа юм. эдгээр өвчтөнд эзэлхүүнийг нэмэгдүүлэх шингэн сэлбэлт ач тус магадгүй бага ч системийн судасны эсэргүүцлийг нэмэгдүүлэхэд судас агшаагч агентийг аль болох эрт эхлэх нь тусламжийн чухал нь юм. Нугасны гэмтэлтэй болон нугасны шоктой өвчтнүүдэд системийн судасны эсэргүүцлийг нэмэгдүүлэхийн тулд фенилэприн эсвэл вазопрессин аль аль нь ач тустай байх боломжтой, мөн адреналиныг анафилакс бүхий өвчтөнд эмчилгээний сонголт болно. Адреналин нь захын α-адренэрги төдийгүй инотропи нөлөө нь анафилаксийн үе дэх үрэвслийн хариу урвалтай холбоотой зүрх дарангуйлагдсан байдлыг сайжруулах боломжтой.

Зүрхний гаралтай шоктой өвчтөнд зүрхний булчингийн систолын болон/эсвэл диастолын дарангуйлагдал, мөн дасан зохицлоор системийн судасны эсэргүүцэл нэмэгддэг тул хоёрдогчоор зүрхний минутын шахалтын эзэлхүүн буурсан байдаг. Тиймээс эдгээр өвчтнүүдэд шингэн сэлбэх эмчилгээний үр дүн, шингэн сэлбэлтийн үе дэх хурдан дасан зохицол муу байх магадлалтай. Тиймээс шингэн сэлбэх эмчилгээг шингэний маш бага цохилтын тун (5-10 мл/кг)-р зүрхний гаралтай шокын зүрхний өмнөх ачааллыг хадгалах, бууралтыг нөхөхөд хэрэглэх нь зүйтэй. Шингэн сэлбэсэн ч эмнэлзүйн байдал дордсоор байгаа шоктой өвчтнүүдэд зүрхний гаралтай этиологийг бодолцох нь зүйтэй, мөн цаашид венийн судсаар сэлбэж буй шингэний хэмжээнд нухацтай хандах нь зүйтэй. Зүрхний минутын шахалтыг сайжруулахын тулд адреналин эсвэл допамин хэрэглэж зүрхний булчинг дэмжих эмчилгээг эрт эхлэх нь чухал, мөн милринон зэрэг инодилаторыг хэрэглэхийг эрт бодолцох нь зүйтэй.

Инотропи эмээр дэмжиж зүрхний минутын шахалт хангалттай болгохыг үл харгалзан системийн судасны эсэргүүцэл өндөр, захын перфузи муу, хүчилшилт хадгалагдаж байж болно. Энэ үед милриноноор эмчилгээ хийхэд зүрхний хэмийг ач холбогдол бүхий нэмэгдүүлэлгүйгээр системийн судасны эсэргүүцлийг бууруулж, систолын үйл ажиллагааг сайжруулах боломжтой. Цаашлаад диастолын сулралыг нэмэгдүүлэх нэмэлт ач тустай байдаг. Добутамин эсвэл нитропруссид зэрэг бусад судас тэлэгч эмүүдийг энэхүү нөхцөлд мөн бодолцож болно. Эдгээр эмүүдийн тун шээсний гарцийг сайжруулах, захын перфузийг нэмэгдүүлэх, ацидозыг эргүүлэх, сэтгэцийн байдлыг хэвийн болгоход чиглэсэн байх ёстой. Бусад шокын хэлбэрүүдэд ч ач тустай тухайлбал норадреналин, вазопрессин системийн судасны эсэргүүцлийг нэмэгдүүлж цусны даралтыг сайжруулдаг ч зүрхний гаралтай шоктой өвчтөнд хэрэглэхээс зайлсхийх нь зүйтэй. Мөн зүрхний булчингийн ажлыг дэмжих ч зүрхний дараах ачааллыг нэмэгдүүлдэг тул цаашид зүрх зогсолтыг хүчтэй хурдасгаж, ээнэгшил алдагдах шалтгаан болж болно. Өвчтний зүрх судасны байдлыг ойрхон байнга үнэлж, судас идэвхт болон инотропиыг хослуулж өвчтний эмгэг үйл зүйд тохиуулан хэрэглэх ёстой.

Обструктив шоктой өвчтөнд шингэн сэлбэх нь зүрхний минутын шахалтын эзлэхүүнийг хадгалахад түр ач тустай байх боломжтой анхдагч хямралыг яаралтай хянасан байх ёстой. Үнхэлцэгний шингэнтэй өвчтөнд перкардиоцентез, пневмоторакстай өвчтөнд цээжний гуурс байрлуулах эсвэл плевроцентез, уушгины эмболи бол тромбоэктоми/тромболиз, артерийн битүүрээгүй цорготой бол простогландин дуслаар хийж эхлэх зэрэг тухайн өвчтний амийг аврах эмчилгээг яаралтай хийнэ. Судсан доторх эзлэхүүний бууралтын хэмжээ бага ч зүрхний обструктив эмгэгийг засаагүй бол зүрх зогсох зэрэг хурдан явцтайгаар өвчтний бие дордох тул олон өвчтөнд “Сүүлийн дусал (last-drop)” эмнэлзүй ихэнхдээ байдаг.

Ямар ч шалтгаантай шок үед бодисын солилцооны байдлыг тогтвортой хадгалах нь зүйтэй. Электролитын төвшин ойрхон хянаж, шаардлагатай бол засах хэрэгтэй. Гипогликеми нийтлэг тул яаралтай эмчлэх ёстой. Нэг хүртэлх нас болон нярайд шоктой холбоотой хүнд зэргээр глюкозын зохицуулга алдагдах нь бий. Глюкозын түвшинг ялангуяа өвчний эрт үед шалгаж, эмчилбэл зохино. Гипокалцеми зүрхний булчингийн үйл ажиллагааны алдагдлыг гүнзгийрүүлэх тул ионжсон калцийн хэмжээг хэвийн болгож зорилготой эмчилгээ хийх нь зүйтэй. Супранормал калцийн түвшин зүрхний булчинд ач тустай нь нотлогдоогүй, мөн гиперкалцеми зүрхний булчинд хортой байдлыг нэмэгдүүлдэг үйлдэлтэй байх боломжтой.

Бөөрний дээрх булчирхайн үйл ажиллагаа шокийн үед бодолцох бас нэгэн чухал зүйл бөгөөд гидрокортизон нөхснөөр ач тустай байх боломжтой. Яаралтай эмгэгтэй өвчтнүүдийн 50% хүртэл нь туйлын эсвэл харьцангуй бөөрний дээрх булчирхайн дутагдалтай байх нь бий. Төрөлхийн бөөрний дээд булчирхайн гипоплазитай, гипоталамус-гипофизийн тэнхлэгийн эмгэгшилтэй, саяхан кортикостеройд эмчилгээ хийлгэсэн өвчтнүүд бөөрний дээрх булчирхайн дутагдалд орох эрсдэлтэй. Эдгээр өвчтнүүд бөөрний дээд булчирхайн өндөр эрсдэлтэй тул гидрокортизон стресс тунгаар өгөх нь зүйтэй. Мөн шингэн сэлбэлт, катехоламин эмчилгээнд үр дүнгүй шоктой өвчтөнд стеройдыг бодолцох боломжтой. Стеройд хэрэглэхэд кортизолын суурь түвшин эмчилгээнд чухал ч маргаантай байна.

Цаашдын эмчилгээнд анхаарах зүйлс

Шокийн эхний нэг цагт эргүүлэн эмчилсний, оролдсны дараах гол анхаарах чиглэсэн эмчилгээг эрчимт эмчилгээний нөхцөлд үргэлжлүүлнэ. Эмнэлзүйн сүүлийн үр дүн бол эрхтний перфузи, оксигенацийг илэрхий сайжруулах юм. SVo2 (эсвэл ScvO2), сийвэн дэх лактатын хэмжээ, зүрхний индекс, гемоглобин зэрэг лабораторын үзүүлэлтүүд эдийн хүчилтөрөгчийн хангамжид тохирдог. Шокын эрт үед оновчтой гемоглобиныг 10 г/дл –т,  SVo2 ( ScvO2) >70%, зүрхний индекс 3.3-6.0 л/мин/м2 –д хадгалах нь зохистой. Артерийн цусны хийн шинжилгээгээр лактатын төвшин, суурийн дутагдлыг хэмжих нь хүчилтөрөгчийн хангамжийг нарийн тодорхойлоход чухал үзүүлэлт юм. эдгээр уламжлалт маркерууд бүгд хүчилтөрөгчийн зарцуулалт ба хангамжийг илтгэдэг, мөн тархины эсвэл хэвлийн нарийн инфра-улаан спектроскопи зэрэг нь хэсэг газрын эдийн хүчилтөрөгчийн хэмжээг тогтооход хэрэглэх нь нэмэгдэж байна.

Эмнэлзүйн шаардлагатай үед амьсгалыг дэмжих нь зүйтэй. Шокын улмаас ARDS (амьсгалын цочмог дистресс хам шинж) үүссэн үед механик вентиляци, насанд хүрэгчдэд амьсгал авалтын нэг удаагийн эзлэхүүн 6 мл/кг-д хадгалах, платуа даралт 30 мл H20 –аас бага байлгах уушги хамгаалах төлөвлөгөө нь нас баралтын хэмжээг сайжруулдаг нь харагдсан байдаг. Мөн эхний шокын байдад эргэсний дараа шингэнийг бодлоготой сэлбэх, бөөр орлуулах эмчилгээ, шингэн зайлуулахыг ануритай, эсвэл олигоуритай, шингэний хэт ачаалалтай хүүхдэд хэрэглэсэн байх боломжтой. Бусад эмчилгээ тухайлбал хөлдөөсөн шинэ сийвэнг эсвэл криоцепитат бүлэгнэлтийн эмгэгшлийг засахад, шаардлагатай бол ялангуяа цус идэвхтэй алдаж байгаа бол ялтас сэлбэж болно. Хамгийн боломжит эмчилгээг хийхэд үр дүнгүй тэсвэртэй шокийн үед биеэсгадуур мембран оксигенаци эсвэл ховдлыг дэмжих төхөөрөмжөөр механикаар дэмжих заалт гаргаж болно. Биеэс гадуурх мембран оксигенаци нь шалтгаанаас үл хамааран тэсвэртэй шокын тохиолдолд амь аврах боломж юм. Мөн ижил ховдол дэмжих төхөөрөмж кардиомиопати эсвэл саяхан зүрхний мэс засал хийлгэсэн өвчтөн тэсвэртэй зүрхний шоктой нөхцөлд заалт болно.  Гэвч ялангуяа сепсисийн шалтгаант тэсвэртэй шокын үед системийн бүлэгнэлтийн эмгэгшил ач холбогдол бүхий өгдөг тул эдгээр өвчтөнд дээрх механик дэмжлэг хэрэглэхэд төвөгтэй байж болзошгүй. Механик дэмжих эмчилгээ ноцтой эрсдэлтэй боловч тухайн хүнийг амьдрах боломжийг сайжруулах боломжтой.


Эх сурвалж:


  • David A. Turner and Ira M. Cheifetz “Shock” Nels. Textb. Ped. 20th ed