АППЕНДЭКТОМИ ХИЙХ ҮҮ ЭСВЭЛ ҮГҮЙ ЮУ ? АЛВАРАДО ОНОО (ALVARADO SCORE)

Мэс засал
Orgilbold bayartsogt

Аппендицит буюу мухар олгойн үрэвсэл нь яаралтай мэс засал хийх шаардлагтай хамгийн түгээмэл тохиолддог эмгэгүүдийн нэг юм. Жил бүр АНУ-д 10000 хүн амд 9,38 тохиолддог бөгөөд энэ нь нийт мэс заслын эмгэгийн 7% байна[1,2]. Манай улсын хувьд 2018 оны байдлаар 11490 хүнд мухар олгойн мэс засал хийсэн бөгөөд энэ онд хоол боловсруулах замын мэс засал хийлгэсэн нийт өвчтнүүдийн 33,2%-тай тэнцэж байна [8]. Мухар олгойн үрэвслийг дивертикулит, бөөрний чулуу, өндгөвч болон умайн гуурсны буглаа, өндгөвч мушгирах гэх мэт умай дайврын эмгэгүүдтэй ялган оношлох шаардлагтай байдаг. Тиймээс Альварадо оноо гэх мэт онооны системд суурилсан оношлогооны аргууд нь яаралтай тусламж үзүүлэх эмчид таамаглалыг баталгаажуулах, хугацаа алдалгүй оновчтой шийдвэр гаргахад тус болдог.

Алварадо онооны үүсэл

АНУ-н Пенсильвани мужийн Филадельфи хотын мэс заслын эмч Алфредо Алварадо хамгийн анх 1986 онд энэхүү мухар олгойн үрэвслийг оношлох онооны системийг боловсруулж яаралтай тусламжийн сэтгүүлд хэвлүүлсэн судалгааны ажлынхаа нэг хэсэг болгон гаргасан байдаг.[3].Өнөө үед комьпютер томографи зэрэг дүрслэл оношилгооны аргууд  нь  мухар олгойн үрэвслийг оношлоход хамгийн түгээмэл ашиглагдаж байна. Алварадо оноог ашиглан аль ч шатлалын эмнэлэгт мухар олгойн үрэвслийг оношлох боломжтой болохоос гадна рентген туяаны ачаалалд өртөхөөс сэргийлдэг. Эмч Алфредо Алварадо мухар олгойн үрэвслийн үед хамгийн түгээмэл тохиолддог 8 хүчин зүйлийг сонгон авч урьдчилан таамаглах чадварт нь дүйцүүлэн оноогоор үнэлсэн байна. Тэдгээр хүчин зүйлүүд тухайн хүнд илрэх шинж тэмдэг болон лабораторийн үзүүлэлтүүдээс бүрдэнэ(хүснэгт -1).

Хүснэгт -1

Эдгээр 8 үзүүлэлтийн 2-г оношилгооны ач холбогдол илүү гэж үзсэн тул  2 оноогоор , бусад 6-г нь 1 оноогоор үнэлсэн. Тиймээс Алварадо хамгийн дээд оноо 10, хамгийн бага оноо 0 байна. Тухайн хүнд илэрч байгаа үзүүлэлтүүдийн нийлбэр оноонд үндэслэн мухар олгойн үрэвсэл байх магадлалыг гаргана. (хүснэгт-2).

Оношилгооны итгэлцэл ба тодотгол

Алварадо оноог анх хэрэглэж эхэлсэнээс хойш түүний оношилгооны чадамжийг үнэлэх маш олон тооны судалгаа эмнэлзүйн олон бүлэг хүмүүст хийгдсэн. 2011 оны системчилсэн тойм судалгаанд 5 болон 7 оноог оношилгооны шийдвэр гаргахад хамгийн чухалд тооцсон[4].  Алварадо 5 оноог илүү чухалд үзэхэд өвчтөн 1-4 оноотой үед мухар олгойн үрэвсэл байх магадлал багатай гэж  үнэлэх бөгөөд хэсэг хугацааны дараа дахин үнэлж болох юм. Харин 5-10 оноотой үед илүү магадлал өндөр байгааг илтгэх бөгөөд эргэлзэж байгаа бол ажиглалтандаа байлгаж боломжтой бол комьпютер томограф гэх мэт дүрслэл оношилгооны аргаар оношийг илүү тодорхой болгох хэрэгтэй. Дээрх судалгааны үед 5 оноогоор хязгаарласан нь мухар олгойн үрэвслийн оношилгоонд 99% мэдрэг байгааг илрүүлсэн. Харин 7 оноогоор хязгаарласан үнэлгээ нь онош тавихад илүү итгэлтэй болгоно. Энэ судалгаанд 7-10 оноогоор үнэлэгдэх нь мухар олгойн үрэвсэл гэж оношлох өвөрмөц чанар 82% байгаа бөгөөд энэ нь яаралтай мэс засал хийх  боломжтойг харуулж байна.

Орчин үеийн эмнэлзүйн практикт комьпютер томографийг Алварадо онооны системтэй хоршуулан оношлогооны чадварыг илүү сайн болгох оролдлого хийгдэж байна[5]. Алварадо 4-6 оноотой эргэлзээтэй буюу оношлогооны мэдрэг чанар 35,6% байсан хүмүүст комьпютер томографийн шинжилгээ хийхэд оношлогооны мэдрэг чанар 90,4% байгаа нь Алварадо оноогоор үнэлэх нь КТ-с илүү ашиг тустай байгааг харуулж байна. Энэ судалгаанд Алварадо 0-3 оноотой үед дүрс оношилгоо хийх шаардлаггүй бөгөөд 7-10 оноотой үед мэс засал хийхийг зөвлөдөг. 2018 онд хийгдсэн өөр нэг судалгаанд хэвлийн өвдөлттэй үйлчлүүлэгчийг шаардлаггүй цацрагийн ачаалал болон эмнэлэгт удаан хүлээх байдлыг багасгах  зорилгоор энэ онооны системийг хэрэглэсэн[6]. Энэ судалгаанд 500 орчим үйлчлүүлэгчийг хамруулсан бөгөөд 0-1 оноотой үед мухар олгойн үрэвслийн тохиолдол 0% байхад 9-10 оноотой эрэгтэй, 10 оноотой эмэгтэйд 100% мухар олгойн үрэвсэл оношлогдож байсан.                                      

Комьпютерт томографийн цацрагийн аюулаас хүүхэд болон жирэмсэн эмэгтэйг хамгаалах үүднээс мухар олгойн үрэвслийн оношилгоонд хэт авиан шинжилгээг түлхүү хэрэглэж байна. Зарим судалгаанд Алварадо оноо болон хэт авиан шинжилгээг хамтад нь болон дангаар нь оношилгоонд ашиглахад аль нь илүү үр дүнтэй байгааг харьцуулан судалсан. Ийм нэг судалгаанд хэвлийн өвдөлттэй хүүхдүүдэд хэт авиагаар оношилход төвөгтэй мухар олгойн үрэвслийн оношилгооны таамаглалыг нэмэгдүүлэх зорилгоор Алварадо онооны системийг ашигласан[7]. Хэвлийн өвдөлт бүхий 522 хүүхэд хамруулсан судалгаанд хэт авиан шинжилгээгээр оношилход төвөгтэй ,Алварадо оноо 5-с бага үед мухар олгойн үрэвсэл биш байх сөрөг магадлалын утга нь 99,6% байсан. Харин Альварадо оноо 5-8 байхад сөрөг магадлалын утга нь 89,7% болж буурсан байна.  

Дүгнэлт

Алварадо оноо нь тооцож, үнэлгээ өгөхөд хамгийн энгийн ойлгомжтой. Алварадо онооны нийлбэр бага байх тусам мухар олгойн үрэвсэл байх магадлал буурах бөгөөд шаардлаггүй багажын шинжилгээ хийхээс зайлсхийж чадах юм.Эсрэгээрээ Алварадо оноо өндөр байх нь мухар олгойн үрэвслийг илтгэх бөгөөд хэрэв ямар нэгэн эргэлзээ байхгүй тохиолдолд дүрс оношлогоо хийлгүйгээр шууд яаралтай мэс засал хийх боломжтой юм. Хэрэв Алварадо оноо эргэлзээтэй үед боломжтой бол комьпютер томографи болон хэт авиан шинжилгээгээр оношийг баталгаажуулах шаардлагтай. Туршлагатай мэс засалчид энэхүү онооны системийг мухар олгойн үрэвслийг илрүүлэхэд үр дүн сайтай гэж үздэг бөгөөд энэ нь залуу мэс засалчдад илүү их тустай байдаг.

1.     Addiss DG, Shaffer N, Fowler BS, Tauxe RV. The epidemiology of appendicitis and appendectomy in the United States. Am J Epidemiol. 1990;132(5):910-25.

2.     Buckius MT, Mcgrath B, Monk J, Grim R, Bell T, Ahuja V. Changing epidemiology of acute appendicitis in the United States: study period 1993-2008. J Surg Res. 2012;175(2):185-90.

3.     Alvarado A. A practical score for the early diagnosis of acute appendicitis. Ann Emerg Med. 1986;15(5):557-64.

4.     Ohle R, O’reilly F, O’brien KK, Fahey T, Dimitrov BD. The Alvarado score for predicting acute appendicitis: a systematic review. BMC Med. 2011;9:139.

5.     Mckay R, Shepherd J. The use of the clinical scoring system by Alvarado in the decision to perform computed tomography for acute appendicitis in the ED. Am J Emerg Med. 2007;25(5):489-93.

6.     Coleman JJ, Carr BW, Rogers T, et al. The Alvarado score should be used to reduce emergency department length of stay and radiation exposure in select patients with abdominal pain. J Trauma Acute Care Surg. 2018;84(6):946-950.

7.     Blitman NM, Anwar M, Brady KB, Taragin BH, Freeman K. Value of Focused Appendicitis Ultrasound and Alvarado Score in Predicting Appendicitis in Children: Can We Reduce the Use of CT?. AJR Am J Roentgenol. 2015;204(6):W707-12.

8. Д.Ганцэцэг “Эрүүл мэндийн үзүүлэлт” 2018 Эрүүл мэндийн хөгжлийн төв , ДЭМБ