Амьсгалын дээд замын бачуурал буюу Ларинготрахейтитийн Менежмент

Хүүхэд судлал
Мягмарсүрэн Namuun bolor-erdene

Амьсгалын дээд замын бачуурал буюу ларинготрахейтит (laryngotracheitis) нь амьсгал авалтанд бачуурч, хуцуулан ханиаж, хоолой сөөх шинжээр илэрдэг, голчлон 6 сараас 3 настай хүүхдүүдэд тохиолддог параинфлуенза вирусын шалтгаантай амьсгалын замын өвчин юм.

Амьсгалын хөнгөн зэргийн бачууралтай хүүхдүүдийг гэрээр амжилттай эмчлэх боломжтой. Эмч нар гэртээ эмчлэх боломжтой эмнэлзүйн хөнгөн зэргийн илрэл болон яаралтай тусламжийн тасагт эсвэл хэвтэн эмчлүүлэх шаардлагатай эмнэлзүйн хүнд зэргүүдийг зөв үнэлэх чадвартай байх учиртай.

Бачуурлын шалтгаан болж байгаа вирусын эсрэг нарийвчилсан эмчилгээ байхгүй. Эмийн эмчилгээ нь амьсгалын замын хаванг бууруулахад чиглэдэг бол дэмжих эмчилгээ нь амьсгалын дутагдалд оруулахгүй, шингэний хэмжээг тогтвортой барихад чиглэнэ. Кортикостеройд, адреналины цацлага нь эмчилгээний тулгын чулуу болно.

Энэ сэдвийн хүрээнд бачуурлын менежментийн талаар өгүүлэх юм.

Хүндийн зэргийг үнэлэх нь

Хүндийн зэргийг үнэлэх энэ алхам нь бачууралтай хүүхдийн гарааны менежмент юм. Яаралтай тусламжийн өнөөгийн тогтолцоогоор эмч өвчтэй хүүхэдтэй эхлээд утсаар харилцах бөгөөд энэ үеэс л хүүхдийн биеийн байдлыг үнэлж ноцтой шижүүдийг урьдчилан таамаглаж, гэрээр эмчлэх эсвэл эмнэлэгийн нөхцөлд эмчлэх аль нь болохыг ялгах чадвартай байх хэрэгтэй. Хэрвээ хүүхэд хүлээн авах тасагт ирсэн бол эмнэлзүйн онооны системээр үнэлгээ хийнэ.

Утсаар харилцах үе — Хүүхдийн эцэг эх утсаар дуудлага өгч эхэлсэн үеэс эхлээд хүүхдэд яаралтай эмчилгээ шаардах эсвэл гэрээр эмчлэх боломжтой эсэхийг үнэлнэ. Доорх шижүүд илэрсэн бол нарийвчилсан үнэлгээ хийх шаардлагатай:

  1. Тайван үед хяхтнаж амьсгалах
  2. Шинж тэмдгүүд богино хугацаанд даамжрах (өвчин эхлээд 12 цагийн дотор амьсгал боогдох)
  3. Шингэн ууж чадахгүй байх
  4. Амьсгалын замын суурь эмгэгтэй байх (жишээлбэл: дууны хөвчийн доорхи стеноз, гемангиома, өмнө нь интубаци тавиулж байсан гэх мэт)
  5. Бачуурч байсан өгүүлэмжтэй байх
  6. Амьсгалын дутагдал үүсгэж болохуйц эмнэлзүйн нөхцлүүд (жишээбэл: мэдрэл – булчингийн эмгэг, бронх – уушигийн дисплази)
  7. Шинж тэмдэг удаан хугацаагаар үргэлжлэх (3 – 7 хоног үргэлжилсэн)

Дээрх шинжүүдээс аль нь ч байхгүй, мөн эмнэлзүйн шинжийг хөнгөн гэж үзвэл хүүхдийг гэрээр эмчилнэ.

Бачуурлын хүндийн зэргийг оноогоор үнэлэх — Бачуурлын хүндийн зэргийг оноогоор үнэлэх хэд хэдэн систем байдаг ч Вестлэйн бачуурлын онооны систем /Westley croup scoring/ өргөн хэрэглэгддэг. Хүндийн зэргийг тайван үед бачуурал илэрч байгаа эсэх, цээжний хананы татагдалтын зэрэг /цээж хонхолзох/, амьсгалаар орж байгаа агаар, арьс хувхай цайсан эсвэл хөхөрсөн шинж байгаа эсэх болон сэтгэцийн байдлаар тус тус үнэлнэ.

Untitled-2

Амь насанд заналхийлсэн амьсгалын дутагдал(Вестлэйн бачуурлын оноо ≥12) − Амьсгалын дээд замын гүнзгий бөглөрч, амь насанд аюултай амьсгалын дутагдал болж дараах шинжүүд илэрнэ.                Үүнд:

  1. Хүнд зэргийн бачуурал(Вестлэйн бачуурлын оноо ≥8) – тайван үед бачуурлын шинж хүчтэй илэрсэн байх боловч амьсгалын дээд замын бөглөрөл нэмэгдэж, агаар оролт буурвал бачуурлын чимээ суларсан байж болохыг анхаарах хэрэгтэй. Цээж хонхолзох шинж хүчтэй илэрнэ. Хүүхдийн царай цонхийсон, айж түгшүүрлэсэн, эсвэл сульдсан байдалтай байна. Хүнд бачууралтай хүүхдийн оношилгоо, эмчилгээг яаралтай хийх нь тэргүүн зэргийн ач холбогдолтой юм.
  2. Дунд зэргийн бачуурал(Вестлэйн бачуурлын оноо 3 – 7) – тайван үед бачууралтай, цээж бага зэрэг хонхолзсон, амьсгал дутагдлын бусад шинжүүд илэрсэн байж болох ч хүүхэд түгшүүрлээгүй байна.
  3. Хөнгөн зэргийн бачуурал(Вестлэйн бачуурлын оноо ≤2) – тайван үед бачууралгүй (гэвч хүүхэд уйлах, цочролд орох үед бачуурч болно). хуцуулж ханиасан, сөөнгөтөж уйлсан, цээжний хана/хавирга дотогш бага зэрэг татагдсан буюу өөрчлөлтгүй байна. Үүнд:

– Ядарч сульдсан ба идэвхгүй болох

– Цээж хонхолзох шинж илэрхий (амьсгалын дээд замын бөглөрөл нэмэгдэж, агаар оролт буурвал бачуурлын чимээ суларсан байж болохыг анхаарах)

– Амьсгал цөөрсөн буюу амьсгалын чимээ сонсогдохгүй

– Ухамсарт ухаан балартсан, айж сандарсан

– Халууралттай холбоогүй тахикарди

– Хөхөрсөн эсвэл цайсан

Бачуурлын хүнд зэрэгтэй хүүхдүүдийг эмнэлэгт тээвэрлэн яаралтай тусламжийн өрөөнд тусламж үйлчилгээ үзүүлнэ.

Хөнгөн зэргийн бачууралтай хүүхдийн менежмент

Хөнгөн зэргийн бачууралтай хүүхдэд шинж тэмдгийн буюу орчныг чийгшүүлэх, халуун бууруулах, шингэн сайн уулгах эмчилгээг хийх хэрэгтэй. Иймэрхүү хүүхдүүдэд утсаар зөвлөгөө, эмчилгээ хийх боломжтой байдаг.

Хэрвээ богино хугацаанд цочмог бачуурал өгсөн бол халамжилж буй хүн хүүхдийг ванны бүлээн усанд суулган бүлээн усаар шүрших нь шинж тэмдэг сайжрахад тустай.

Шөнийн сэрүүн агаар шинж тэмдгийг бууруулах тустай байдаг боловч нотолгоогоор судлагдсан зүйл үгүй байна. Хэрвээ гэрийн чийгшүүлэгч хэрэглэх гэж буй бол аюулгүй байдлыг сайн хангаарай.

Хэрвээ доорх шинжүүд илэрвэл эмнэлэгийн тусламж авах шаардлагатай. Үүнд:

  1. Тайван үед бачуурах
  2. Амьсгалахад төвөгтэй
  3. Цайрсан эсвэл хөхөрсөн
  4. Завсарлагагүй ханиах
  5. Шүлс гоожих эсвэл залгихад төвөгтэй болох
  6. Ядарч сульдах
  7. Эмнэлзүй хүндрэх
  8. Халуурах (>38.5C)
  9. Эмнэлзүй удаан үргэлжилсэн (7 хоногоос удаан үргэлжилсэн)
  10. Өвчүүний дээд хэсэг хүчтэй татагдах

Хүүхдийн арьсны өнгө цайрсан буюу хөхөрсөн, амьсгалж чадахгүй байх, үхлүүт бол зайлшгүй яаралтай тусламжийн эмч эмнэлэгт тээвэрлэх ба бусад тохиолдолд асран хамгаалагч эмнэлэгт хүргэн ирж болно. Гэрт нь арга хэмжээ авсан хүүхэд 24 цагийн дотор дахин холбоо барьж эмчийн зөвлөгөө авах шаардлагатай.

Эмнэлгээс гадуурх эмчилгээ — Эмнэлэгээс гадуур эмчлэх хүүхдэд дексаметазон (0.6 мг/кг) тооцон нэг удаа уулгахыг зөвлөж байна.

Croup_management_approach

Алгоритм: Бачуурлын менежмент

Хяналттай судалгаагаар хөнгөн зэргийн бачууралтай хүүхдийг дексаметазоныг нэг удаагийн тунгаар (0.15 – 0.6  мг/кг, дээд тун 10 мг) хэрэглэхэд эмнэлзүйн засрал богино хугацаанд шаардагдах, хүүхэд нойрондоо сайжрах, айж сандрах байдал засрах зэрэг сайн талтай нь батлагдсан юм.

Дунд зэргийнээс Хүнд зэргийн бачуурлын менежмент

Хүнд зэргийн бачууралтай хүүхдэд анхааралтай үзлэг хийх шаардлагатай байх ба өчүүхэн төдий цочруул нь амьсгалын замын бачуурлыг хүндрүүлнэ. Хүүхдийн эцэг, эх эсвэл асран хамгаалагч хүүхдийг тав тухтай, тэвэрсэн байдалтай байна. Адреналиныг цацлагаар аль болох хурдан өгөх ёстой. Энэ хооронд, тусламж үзүүлэгч эмч хүүхдйиг амбугаар амьсгалуулах, хэрвээ шинж тэмдэг хүндэрсэн бол амьсгалын замыг чөлөөлөх лавшруулсан тусламж үзүүлэх техникт бэлдсэн байна.

Гарааны эмчилгээ — Дексаметазон болон адреналиныг цацлагаар хэрэглэх нь гарааны эмчилгээ юм. Мөн агаарыг чийгшүүлэх, хүчилтөрөгчөөр амьсгалуулах, халуун бууруулах, шингэн уулгах гэх мэт шинж тэмдгийн эмчилгээг хийнэ.

Дексаметазоныг бачууралттай бүх хүүхдэд (0.6 мг/кг, дээд тун 10 мг) зөвлөнө. Дексаметазоныг аль болох амаар уулгахыг зорих ба амаар уулгах боломжгүй бол судсаар эсвэл булчинд тарьж болно. Дексаметазоныг амаар хэрэглэх хэлбэр нь (1 мг/мл)  эвгүй амттай байдаг. Судсаар хэрэглэх нь илүү өндөр концентрацитай(4 мг/мл) байдаг тул ундаа, сироптой найруулан амаар өгч болно. Түүнчлэн, будесонидыг (2 мг/2 мл уусмал эсвэл цацлага) орлуулан хэрэглэж болох ба ялангуяа бөөлжиж байгаа хүүхдэд тохиромжтой. Кортикостеройдыг давтан хэрэглэхгүй ба хэрэглэсэн тохиолдолд ноцтойг гаж нөлөө илэрнэ.

Кортикостеройдын ашиг тусыг 24 удаагийн мета – анализ судалгаагаар батлагдсан юм. Учир нь кортикостеройд хэрэглэсэнээс хойш 6 цагийн дараа биеийн байдал хэвэндээ орж, эмнэлэгт дахин ирэлт буурч, эмнэлэгийн ор хоног багасаж, адреналины хэрэглээ буурсан нь нотлогджээ.

Дексаметазоныг хэрэглэхийн зэрэгцээ адреналиныг цацлагаар хэрэглэнэ. Үүнд:

  1. Симпатомиметик эмтэй хавсарсан адреналин – г 25% – ийн уусмалыг физиолгийн уусмалаар шингэлж 3 мл болгоод 0.05 мл/кг – аар тооцон (дээд тун 0.5 мл) 15 минутын турш амьсгалуулна.
  2. L – адреналиныг 1:1000 бүхий уусмал болгоод 5 мл/кг – аар тооцон(дээд тун 5 мл) 15 минутын турш цацлагаар хэрэглэнэ.

Адреналиныг цацлагаар хэрэглэхийн ач тусыг 8 удаагийн судалгаагаар баталсан ба хэрэглэсэнээс хойш 30 минутын дотор биеийн байдал сайжирч, эмнэлэгийн ор хоног багасч байсан ба дээрх 2 төрлийн адреналины хооронд үйлчлэлийн ялгаа харагдаагүй байна.

Гэрт нь буцаах — Гараа эмчилгээнд үр дүнтэй өвчтнүүдийг дараагийн 3 – 4 цагийн турш ажиглана. Адреналиныг цацлагаар хэрэглэсэнээс 30 минутын дараа биеийн байдал сайжрах боловч адреналины үйлчилгээний хугацаа дуусахад буюу 2 цагийн дараа шинж тэмдэг дахиж болно. хэрвээ ажиглалтын хугацаанд зовиур дахин илэрсэн бол нийлмэл найрлагатай адреналины цацлагыг дахин хэрэглээд эмнэлэгт хэвтүүлнэ.

Хэрвээ ажиглалтын хугацаанд доорх шалгуурууд хангагдсан бол гэрт нь буцаана.

  1. Тайван үед бачууралгүй
  2. Захын судасны хүчилтөрөгчийн ханалт > 92%
  3. Агаарын солилцоо сайн байх
  4. Арьсны өнгө ердийн
  5. Ухамсарт ухаан ердийн түвшинд байх
  6. Шингэн зүйл чөлөөтэй уух
  7. Асран хамгаалагч ямар асаргаа хийх, хэзээ эргэж ирэхээ мэдсэн байх

Эмнэлгээс явуулахын өмнө эцэг эх, асран хамгаалагчид 24 цагийн дотор эргэн ирж хүүхдээ үзүүлэхийг сануулаарай.

Эмнэлэгт хэвтүүлэх заалт — Гараа эмчилгээ хийгээд үр дүнүй, адреналиныг цацлагаар дахин хэрэглээд сайжрахгүй бол эмнэлэгт хэвтүүлнэ. Адреналины цацлагыг 15 – 20 минтутын зайтай давтаж болно. 2 – 3 цагийн хооронд 3 удаа адреналинтай цацлагыг давтаад үр дүнгүй бол зүрх, амьсгалын монитор хийнэ.

Эмнэлэгт хэвтүүлэх заалт:

  1. Амьсгалж чадахгүй байгаа хүнд бачуурал, ухамсарт ухаан өөрчлөгдөлт, амьсгал дутал илэрсэн бол
  2. Гараа эмчилгээ хийгээд үр дүн муу бол
  3. Хордлогын шинж илэрсэн буюу бактерийн хоёрдогч халдварт өртсөн
  4. Хүчилтөрөгч өгөх шаардлагатай
  5. Усгүйжилт илэрсэн

Эмнэлэгт хүргүүлэх нэмэлт тохиолдлууд:

  1. Бага настай, ялангуяа 6 сараас бага настай
  2. 24 цагийн хооронд дахилт өгч эмнэлэгт хандсан
  3. Хүүхдийн ар гэрийнхний боловсролын байдал /таны зөвлөгөөг ойлгож байгаа эсэх/
  4. Ар гэрийн боломж (жишээ нь: эмнэлэгээс хол, зам тээвэр сайнгүй, цаг агаарын байдал муу)

Хэрвээ доорх шинжүүд илэрсэн бол Хүүхдийн Эрчимт Эмчилгээний Тасагт хэвтүүлнэ:

  1. Эндотархейн интубаци тавих шаардлагатай амьсгалын дутагдал
  2. Адреналиныг давтан хэрэглэх шаардлага бүхий тогтвортой хүнд эмнэлзүйтэй
  3. Амьсгалын дутагдал даамжирах болзошгүй эмгэг нөхцлүүд (жишээ нь: мэдрэл – булчингийн өвчин, бронх – уушигны дисплази)

Бачууралтай хүүхдүүдийн ойролцоогоор 8 – 15% нь эмнэлэгт хэвтэж, ердөө 1% нь л Хүүхдийн Эрчимт Эмчилгээний Тасагт хэвтэх шаардлагатай байдаг.


Эх сурвалж: Uptodate: “Croup management” This topic last updated: Apr 17, 2015.

2 Comments

  • S.Oyuntsetseg

    Huuhdiin emch buhen medvel zohih hicheel bna.Bayarlalaa.Postoznii tipytei huuhdiig iluu anhaarah heregtei yum uu.

    27/09/2016 16:34

  • S.Oyuntsetseg

    Huuhdiin emch buhen medvel zohih hicheel bna.Bayarlalaa.Postoznii tipytei huuhdiig iluu anhaarah heregtei yum uu.

    27/09/2016 16:34