TORCH бүрдлийн “R” буюу “Улаанууд” өвчний оношилгоо, эмчилгээний менежмент

Хүүхэд судлал
Мягмарсүрэн Namuun bolor-erdene

TORCH бүрдлийн R буюу Улаануудын халдварын оношилгоо, эмчилгээний менежментийн талаар энд дурдана. Токсоплазмын талаарх мэдээллийг энд дарж уншина уу. Бусад халдваруудын талаарх мэдээллийг энд дарж уншина уу.

Улаанууд, ихэвчлэн Герман улаан бурхан нэрээр нийтэд түгсэн дан утаслаг РНХ агуулсан, бүрхүүлтэй рубелла хэмээгч тогавирусаар үүсгэгддэг халдварт өвчин юм.  Зарим тохиолдолд хөнгөн хэлбэрээр өвчлүүлэх эсвэл огт мэдэгдэхгүй халдварлагдсан байх нь ч бий. Өвчин нэгээс гурван өдрийн дотор үргэлжлэх нь ч бий. Хүүхдүүдэд насанд хүрэгчдээс илүү хөнгөн тохиолдоно. Жирэмсэн үед рубелла вирусын халдварт өртөх нь ноцтой, ялангуяа жирэмсний тээлтийн эхний 20 дахь долоо хоногт халдарт өртвөл хүүхэд эмчлэх боломжгүй төрөлхийн улаанууд хам шинжтэй /congenital rubella syndrome (CRS)/ төрдөг. Нийт тохиолдлын 20% – д зубалт тохиолдоно. Рубелла вирус хүчтэй тератоген /ургийн гажиг үүсгэх/ нөлөөтэй ба ихсийг нэвтэрч урагт халдварлан хөгжиж буй эсүүдийн хөгжлийг зогсоох эсвэл устгах нөлөө үзүүлнэ.

Рубелла вирусын олдмол халдвар агаар – дуслын замаар дамжих ба амьсгалын дээд зам, хамар залгиур, тунгалгийн зангилаанд репликацид орно. Түүнчлэн, вирус шээс, өтгөн, арьсны гадаргууд ч олддог. Халдвар тээгч гэсэн ойлголт байдаггүй бөгөөд хүнд үрглэж идэвхитэй хэлбэрт оршино. Өвчний нууц үе 2 – 3 долоо хоног. Ихэнх хүмүүс вирусээс бүрэн чөлөөлөгддөг ч төрөлхийн улаанууд хам шинжтэй төрсөн нярайд төрснөөс хойш хэдэн сар оршиж болно. Эдгээр халдар тээгч нярай нь нэг өрөөнд хэвтэж байгаа бусад нярай болон жирэмсэн эхчүүдэд халдвар дамжуулах гол эх сурвалж болохыг мартаж болохгүй.

Оношилгоо

Рубелла вирусын шинэ халдварт өртсөн хүний цусанд рубелла вирус өвөрмөц IgM эсрэг бие илрэх боловч энэхүү шинжилгээний хариу жил гаруй хугацаанд тогтвортой хадгалагдсаар байх боломжтой учир анхааралтай байх нь чухал. Оношилгоог батлах хамгийн чухал үзүүлэлт нь өвөрмөц тууралт бөгөөд үүнийг эсрэг биетэй нь харьцуулан дүгнэх хэрэгтэй.

Улаанууд

Хүснэгт. Шинжилгээний хариуг уншихуй.

Эмчилгээ

Рубелла вирусын халдвараас хоргүйжүүлсэн амьд вирусын вакцин ашиглан идэвхитэй дархлаажуулалтын хөтөлбөрөөр урьдчилан сэргийлдэг. Урьдчилан сэргийлэлтэнд хэрэглэдэг RA 27/3 болон Cendehill strains гэсэн хоргүйжүүлсэн амьд вакцинууд үр дүнтэй. Одоогоор энэхүү вакцинийг хүүхдүүдийг 9 ба 2 настайд УГУ /улаан бурхан, гахайн хавдар, улаанууд/ буюу гуравт вакцин нэртэй идэвхитэй дархлаажуулж байна. ДЭМБ – аас эхний тунг 12 – 18 сартайд, хоёр дахь тунг 36 сартайд тарихыг зөвлөж байна. Жирэмсэн эхчүүдийг хяналтын эхэн үед рубелла вирусын эсрэг дархлаа үүссэн эсэхийг тогтооно. Вакцинд амьд вирус агуулагддаг тул жирэмсэн эмэгтэйг нярайлсны дараа вакцинжуулна.

Рубелла вирусыг эмчлэх өвөрмөц эмчилгээ байхгүй. Эмчилгээний менежмент нь шинж тэмдгийг дарахад оршино. Шинэ төрсөн нярайд хүндэрлүүдэд чиглэсэн менежмент хийнэ. Зүрхний төрөлхийн гажиг, катаракт зэргийг мэс засал эмчилгээгээр эмчилнэ. Бага насны хүүхэд болон томчуудад рубелла вирусын халдвар ихэвчлэн хөнгөн, зөвхөн өөрт халдварлах /self-limiting/ ба зарим тохиолдолд шинж тэмдэггүй байх нь ч бий. Төрөлхийн улаанууд хам шинжтэй төрсөн хүүхдийн тавилан маш муу.


Эх сурвалж:

  • Davidson’s Principles & Practice of MEDICINE -21st edition
  • Novak’s Textbook of Obstetrics – 10th edition
  • TORCH Infections in Pregnancy – Veena Gupta – Jaypee Publication – 2nd edition.
  • William’s Textbook of Obstetrics – 23rd edition
  • Article on Torch infections in Pregnancy – THE BRITISH MEDICAL JOURNAL (BMJ)
  • Article on TORCH INFECTIONS in Pregnancy – AMERICAN COLLEGE OF OBSTETRICS & GYNAECOLOGY (ACOG)