Өндгөвчний задрал буюу апоплекси

Хүүхэд судлал
Мягмарсүрэн Namuun bolor-erdene

Хэвлийн дотоод цус алдалтын нийт шалтгааны 0,5 – 2,5% -ийг өндгөвчний апоплекси буюу өндгөвчний задрал эзэлдэг.  Өндгөвчний апоплекси гэдэг нь ихэнх тохиолдолд өндгөвчний уйланхайн суурин  дээр өндгөвч гэнэт хагарч, өндгөвч болон бага аарцгийн гялтан хальсанд цус алдалтаар илэрдэг яаралтай тусламж шаарддаг эмэгтэйчүүдийн өвчин юм.

Бэлгийн бойжилт бүрэн гүйцсэн эмэгтэйчүүдийн өндгөвчинд фолликулууд боловсорч биений юмны мөчлөгийн эхэн үеэс доминант фолликул боловсрон биений юмний мөчлөгийн дунд үед хамгийн дээд хэмжээ буюу 20 мм диаметртэй болдог. Улмаар, фолликул хагарч бие гүйцсэн өндгөн эсийг ялгаруулдаг. Үүнийг овуляци гэж нэрлэдэг. Фолликул гарч ирсэн өндгөвчний хэсэгт түр зуурын уйланхай үүсдэг бөгөөд үүнийг лютенжүүлэгч бие гэж нэрлэх ба энэ нь шар биеийн даавар ялгаруулж биений юмны мөчлөгийг үргэлжлүүлж, умайн эндометрийг эвсэл үр хүлээн авахад бэлэн болох өөрчлөлтөнд оролцдог. Энэ процесс бол өндгөвчний хэвийн үйл ажиллагааны товчхон зураглал билээ.

Өндгөвчний эдэд бүтцийн эвдрэл буюу дистрофи, хатингаршил буюу склероз болох, умайн архаг болон цочмог үрэвсэлт өвчинтэй байх, өндгөвчний олон уйланхайтах хам шинжтэй байх, овуляцийг идэвхжүүлэх дааврын эм ууж байгаа тохиолдолд ч өндгөвчний хэвийн үйл ажиллагаа, лютенжүүлэгч биеийн үүсэлт алдагддаг ажээ. Үүний үр дүнд, өндгөвчний цусны судсууд агшиж, зарим хэсэгтээ  тэлэгдэн өндгөвчний доторх цус алдалтыг нөхцөлдүүлдэг. Улмаар, цусны судасны  эмзэг байдал нь  лютенжүүлэгч биеийн corpus luteum хэсэгт цус алдалт үүсэхийг нөхцөлдүүлж тэр хэсэгт цусан хураа буюу гематом үүсгэнэ. Энэ эмгэг өөрчлөлтүүд нь өвдөлт, ядарч сульдах, толгой эргэх, дотор муухайрах, бөөлжис цутгах буюу бөөлжих, арьс цонхийх зэрэг шинж тэмдгээр илэрдэг юм. Яаралтай арга хэмжээ авахгүй бол, дотуур цус алдалт үргэлжилсээр эмэгтэйн амь нас, эрүүл мэндэд аюул учирч болзошгүй байдалд хүрдэг. Өндөгвчний хагарлын бусад шалтгаанд хэвлийн гэмтэл, биеийн ачаалал хэтрүүлсэн дасгал хөлдөлгөөн хийх /хэт хүнд зүйл өргөх/, бэлгийн харилцааг хэт эрчимтэй хийх, морь унаж давхих гэх мэт хэвлийн хөндийн дотоод даралт нэмэгдүүлдэг  байдлуудыг хамруулж болох ч гэсэн ихэнх тохиолдолд архаг хууч өвчнүүдээс үүдэн өндгөвч хагардаг.

Эмнэлзүй

Өвчний үндсэн механизмаас шалтгаалж эмнэлзүйн шинж тэмдгүүд үүснэ.

  1. Өвдөлт: Мөчлөгийн дунд үе эсвэл биений юм ирсний дараахан үүсдэг. Өвдөлт ихэвчлэн хэвлийн доод хэсгээр байрлах ба зарим үед шулуун гэдэс, бүсэлхий, хүйсний харалдаа өвдөж болно.
  2. Хэвлийн хөндийрүү цус алдалт үүснэ.  Энэ нь доор шинжүүдээр илэрч болох юм.
  • Цусны даралт буурах
  • Зүрхний цохилт түргэсэх
  • Ядарч сульдах, толгой эргэх
  • Ухаан балартах
  • Халуурах /38°C ба түүнээс их/
  • Бөөлжих
  • Ам хатах

 Эмнэлзүйн дээрх шинжүүдийг нэгтгэн өндгөвчний апоплексийг доорх маягаар ангилдаг.

  1. Өвдөлттэй хэлбэр  – анхдагч шинж нь өвдөлтөөр илэрнэ. Цус алдалтын шинжүүд илрэхгүй байх.
  2. Цус багадалтын хэлбэр  – анхдагч шинж нь цус алдалт байх бөгөөд өвдөлт илрэхгүй байх.
  3. Холимог  хэлбэр  – дээрх хоёр хэлбэр хавсарч илрэх

Гэвч, сүүлийн үеийн судалгаагаар энэ ангилалыг төдийлөн оновчтой гэж үзэхгүй байгаа юм. Учир нь өндгөвчний хагарал нь цус алдалтгүй байх нь үгүй юм. Тиймээс, эмгэг судлалын шинэ ангилалыг санал болгож байгаа юм. Үүнд эмнэлзүйн илрэлээсээ хамаарч хөнгөн, дунд, хүнд, маш хүнд гэж ангилах бөгөөд энэ ангилалын тулгуур ойлголт  нь цус алдалтын хэмжээ байх юм.

Оношлогоо

Үндсэн хүндрэл нь биений юмны мөчлөгийн дунд үе юм уу хоёрдугаар хагаст илэрнэ. Ихэнх тохиолдолд хэвлийгээр гэнэт өвдсөн зовиуртай ирэх бөгөөд хамгийн түрүүнд умайн гадуурх жирэмсэн, мухар олгойн цочмог үрэвслээс ялган оношлох хэргэтэйг мартаж болохгүй.

  1. Үзлэгээр, эмгэгтэй талын өндгөвч илэрхий өвдөлттэй, гялтан цочирлын шинж эерэг байна.
  2. Цусны дэлгэрэнгүй шинжилгээнд цус багадалтын шинжүүд илэрсэн байна.
  3. Хэт авиан шинжилгээгээр, эмгэг өндгөвчийг илрүүлэх ба цус алдалт бүхий том хэмжээтэй уйланхайг ч илрүүлэх боломжтой. Мөн хэвлийн хөндийд чөлөөт цус байгаа эсэхийг тодруулж харах нь чухал. Учир нь, өндгөвчний апоплекси яаралтай мэс засал шаарддаг өвчин бөгөөд оношлогоог маш хурдан найдвартай хийх  хэрэгтэй.

Мэс заслын үед ч их бага хэмжээгээр цус алдалт болдог  учир цус алдалтын хэмжээг найдвартай тогтоосноор амь насанд аюултай хүндрэл үүсэхээс урьдчилан сэргийлэх боломжтой юм.

Эмчилгээ

Хөнгөн зэргийн апоплексийн үед буюу хэвлийд маш бага цус алдалттай, өвдөлтийн шинжүүд давамгай илэрсэн бол  консерватив эмчилгээг хийж болно. Гэвч, консерватив эмчилгээ хийлгэсэн нийт тохиолдлын 85,7% -д аарцгийн хөндийн наалдац, 42,8% – д үргүйдэл илэрч байсан судалгаа бий. Түүнчлэн, хоёр эмэгтэйн нэгд нь дахилт өгдөг байна. Тиймээс консерватив эмчилгээг ахиж хүүхэд гаргахгүй гэж нэгэнт шийдсэн, эмнэлзүйн хөнгөн хэлбэрт байгаа эмэгтэйчүүдэд хийх нь илүү зохимжтой буюу шууд мэс засал хийлгэх нь үр дүнтэй. Мэс засал эмчилгээ оношийг бүрэн тогтоогоод зогсохгүй, эмчилгээ 100% найдвартай байдаг юм. Мэс засал хийж болохгүй ганц заалт байдаг нь цус алдалт маш ихтэй шокийн байдалд орсон, ухаангүй байх тохиолдол юм. Мэс заслыг маш болгоомжтой хийх бөгөөд өндгөвчний эрүүл хэсгийг үлдээхийг зорих нь чухал. Гематомын хэмжээ их, өндгөвчийг бүхэлд нь хамарсан бол өндгөвчийн авахаас өөр зам үгүй. Хэвлийн хөндийг сайн угаах нь наалдац үүсэх, үргүйдэл үүсэхээс сэргийлдэг.

Мэс заслын дараах нөхөн сэргээх эмчилгээ

Мэс заслын дараах нөхөн сэргээх эмчилгээний үндсэн зорилго нь наалдац үүсгэхгүй байх, үргүйдэл үүсэхээс сэргийлэх явдал юм. Үүнд: наалдац үүсэхээс сэргийлэх арга хэмжээ авах, дааврын өөрчлөлтийг тогтворжуулах хэрэгтэй. Наалдац үүсэхээс сэргийлсэн доорх эмчилгээг хийж байна.

  1. Нам давтамжит соронзон талбайгаар үйлчлүүлэх
  2. Бага –давтамжит хэт авиа
  3. Ультратонотерапи (ultratonotherapy)
  4. Умайн гуурсан хоолойн бага – түвшний лазер эмчилгээ
  5. Цинк – гиалуронидазатай электрофорез эмчилгээ
  6. Цохилтот хэт авиагаар нөлөөлөх

Үрэвслийн эсрэг эмчилгээг нэг сар орчим үргэлжлүүлэх ба тухайн өвчтөний нас, нөхөн үржихүйн байдлаас хамаарч эмчилгээг шийдэх нь зөв. Харин дааврын эмчилгээг мэс заслын эмчилгээнээс хойш 6 сараас багагүй хугацаагаар үргэлжлүүлэхийг зөвлөдөг. Нөхөн сэргээх эмчилгээг хийсний дараа эмэгтэй жирэмслэхээр төлөвлөж байгаа бол аарцгийн хөндийн эрхтнүүд, фаллопийн гуурсыг оношлогооны зорилгоор лапароскодигоор шинжлэх хэрэгтэй. Хэрвээ энэ шинжилгээгээр эмгэг өөрчлөлт илрээгүй бол эмэгтэйг жирэмсэлж болохыг зөвлөнө.

1 Comment

  • Түмээ

    ene medeelelliin daguu ym asuuh gsn ymaa nyhun sergeeh emchilgee haana hiilgevel zger ve uzuulen emchluuleh gazar zuvlooch

    01/12/2015 21:05