Гепатит В ба жирэмслэлт – /Hepatitis B and pregnancy/

Хүүхэд судлал
Мягмарсүрэн Namuun bolor-erdene

Жирэмсэн үеийн гепатит В вирусын эмгэг нь эх, ургийн аль алинд нь онцгой менежмент шаарддаг өвчнүүдийн нэг билээ. Үүнд элэгний В вирусын эх – ургийн эрүүл мэндэд үзүүлэх нөлөө, элэгний В вирусын халдварын үед жирэмслэлтэнд үзүүлэх нөлөө, жирэмсэн үед элэгний В вирусыг эмчлэх, урагт халдварлахаас сэргийлэх гэх мэт асуудлууд багтдаг юм. Урагт халдварлахаас сэргийлэх үйл явц бол хамгийн чухал хэсэг бөгөөд дэлхий дахинд буй В вирусын архаг халдварын бараг тал хувь нь босоо замын буюу эхээс урагт шууд халдварлагдсан байдаг ажээ.

Элэгний В вирусын архаг халдвар үүсэх эрсдэл нь настай урвуу хамааралтай байдаг. Төрөх үед халдварлах магадлал 90% хүртэл өндөр байдаг бол хүүхэд насанд ойролцоогоор 20 – 30% хүртэл багасдаг байна. Эхийг хянах, вакцинжуулалтанд бүрэн хамруулах болсноор халдвар дамжилтыг ихээхэн бууруулаад байна. Эрсдэл бүхий жирэмсэн эхийг эрт хяналтанд авч, урьдчилан сэргийлэлтийг сайн хийснээр халдварлах эрсдэл буюу 90% – ийг 5 – 10% хүртэл бууруулах боломжтой.

Алгоритм

Алгоритм: Жирэмсэн үеийн HBV халдварын үеийн алгоритм

Жирэмсэн эхэд үзүүлэх элэгний В вирусын нөлөө

1. Жирэмслэлтэнд нөлөөлөх нь

Элэгний В вирусын цочмог халдвар  — Элэгний вирусын цочмог халдвар нь жирэмсний шарлалтын хамгийн түгээмэл тохиолдох шалтгаан юм. Бусад шалтгаанд жирэмсэн үеийн элэгний цочмог өөхлөлт, HELLP хам шинж /гемолиз, элэгний энзимүүдийн ихсэлт, ялтас эсийн тоо буурах/, жирэмсэн үеийн элэгний доторх холестаз гэх мэт элэгний цочмог өвчнүүд багтдаг.

Жирэмсэн үед элэгний В вирусын цочмог халдварт өртөх нь ихэнхдээ аюул багатай, амь насанд халгүй, тератогенийн нөлөө үзүүлдэггүй. Тийм учраас, жирэмсний үед халдвар авах нь жирэмслэлтийг зогсоох онцгой шалтгаан болохгүй. Гэвч, цочмог халварын улмаас ураг дутуу төрөх, жин багатай төрөх гэм мэт тохиолдол бүртгэгджээ. Цаашилбал, жирэмсний эрт үед халдвар авсан бол урагт халдварлах эрсдэл 10%  байдаг. Хэрвээ төрөх хугацаа ойртож байгаа үед цочмог халдварт өртвөл урагт халдварлах эрсдэл 60% хүртэл нэмэгддэг.

Жирэмсэн үеийн цочмог халдварын үед ихэнхдээ дэмжих эмчилгээ хийнэ. Элэгний биохимийн сорил, протромбины хугацаа зэргийг хянах хэрэгтэй. Элэгний цочмог дутагдал эсвэл сунжирсан явцтай хүнд гепатитаас бусад тохиолдолд вирусын эсрэг эмчилгээ хийх онц шаардлагагүй.

Хэрвээ вирусын эсрэг эмчилгээ шаардлагатай бол ламивидун 100 мг/өдөрт хэрэглэх нь жирэмсэнд аюулгүй ба богино хугацаанд хэрэглэнэ. Телбивудин, тенофовир (жирэмсний үед хэрэглэх Б шатны эм гэж Америкийн Хүнс Эмийн Зөвлөлөөр зөвшөөрөгдсөн) зэргээр орлуулж болно.

Элэгний В вирусын архаг халдвар — Элэгний суурь өвчингүй, В вирусын архаг халдвартай эхчүүдийн жирэмслэлт ерөнхийдөө хэвийн явагддаг. Гэвч, зарим эхчүүдэд элэгний үрэвсэл хурцаар илэрдэг учир HBsAg(+) эхчүүдийг нарийн хянаж байх шаардлагатай. Элэгний биохимийн сорилуудыг жирэмсэн үед 3 сар тутам, төрснөөс хойш 6 сар тутамд шинжлэх хэрэгтэй. АлАТ ихэссэн бол элэгний В вирусын ДНХ – г шинжлэх хэрэгтэй.

Элэгний В вирусын архаг халдар ба жирэмсэн үед тохиолдох бусад эмгэгүүдийн хооронд ямар нэгэн холбоо байхгүй. Харин чихрийн шижинтэй холбоотой гэсэн мэдээлэл байдаг боловч эмнэлзүйд бүрэн тодорхойлоогүй.

Жирэмслэлт бол дархлаа тэвчлийн байдалтай физиологийн өөрчлөлт бөгөөд бөөрний дээд булчирхайн кортикостеройдууд өндөр түвшинд ялгарч дархлааны хариу урвал өдөөх цитокинуудыг зохицуулж байдаг. Энэ нь элэгний В вирусын виреми болох потенциалыг нэмэгдүүлдэг ч судалгаагаар элэгний В вирусын ДНХ тогтвортой хэмжээндээ үлддэг гэж баталсан. Элэгний В вирусын архаг үрэвсэлтэй эхчүүдэд жирэмсний төгсгөл, төрсний дараах үед АлАТ – н хэмжээ ихсэн хандлага ажиглагддаг.

Жирэмсэн болон төрсний дараах үеийн дархлааны өөрчлөлт нь элэгний үрэвслийн сэдрэл (элэгний декомпенсаци) – д хүргэдэг боловч сэдрэл (ялангуяа эмнэлзүйн хүнд явцтай) тохиолдох нь ховор. Төрсний дараах үед, сэдрэх нь дархлаа тогтолцоо дахин сэргэж байгаатай холбоотой үүсдэг байж болох юм. Жирэмсэн үед элэгний В вирусын архаг халдвар сэдрэх урьдал хүчин зүйлийг бүрэн тогтоогоогүй л байна.

Жирэмсэн эмэгтэйн элгэний өвчинд үзүүлэх нөлөө  — Жирэмсэн үед гарах дархлааны, бодисын солилцооны, гемодинамикийн гэх мэт физиологийн өөрчлөлтүүд нь далд явцтай элэгний өвчнийг сэдрээх боломжтой. Жирэмсэн үед элэгний өвчний хүндийн зэргийг үнэлэхэд төвөгтэй байдаг. Учир нь жирэмсэн үед гарч буй дээр дурдсан физиологийн өөрчлөлтүүд нь элэгний архаг өвчний эмнэлзүйн илрэлтэй андуурагддаг. Ялангуяа, ийлдсийн альбумин, гематокрит буурдаг бол шүлтлэг фосфатаза, альфа – фетопротейны хэмжээ нэмэгддэг. Үүнтэй адилаар, бодит үзлэгээр гарын алга улайх, доод мөчдөөр хавагнах, өнгөц судасны аалзан тодрол болох гэм мэт элэгний архаг өвчний үед гардаг шинжүүд илэрдэг.

Циррозын даамжирсан үед жирэмслэлт болдоггүй бөгөөд ийм өвчтэй хүнд биеийн юмны мөчлөг хямарсан байдаг учир үр тогтохбайдал онцгой буурсан байдаг. Харин циррозын эрт үед жирэмсэн болох магадлал өндөр хэвээр байдаг юм. Тийм учраас иймэрхүү өвчтөн жирэмсэн болвол ургийн өсөлт умайд баригдах, умайн доторх халдвар, дутуу төрөх, ураг умайд амьгүй болох гэх мэт эх – ургийн перинаталь хүндэрлүүд үүсдэг учир эрт илрүүлж, сайн хянах нь чухал байдаг.

1993 – 2005 оны хооронд Канад улсад хийсэн хүн амд – суурилсан судалгаагаар циррозтой 399 жирэмсэн өвчтөнг мөн тооны эрүүл жирэмсэн эхийг хяналтын бүлгээр сонгож  харьцуулан судалжээ. Даралт ихсэх, ихэс ховхрох, төрөхөөс өмнөх цус алдалт гэх мэт эхийн хүндэрлүүд циррозтой өвчтний бүлэгт өндөр тохиолдож байв. Дээр нь, циррозтой өвчтнүүдийн 15% – д элэгний декомпенсаци үүссэн байна. Нас баралт ч гэсэн цирроз өвчний үед эрүүл хяналтын бүлгээс өндөр (1.8% : 0%) байв. Циррозтой эхээс төрсөн нярайд дутуу төрөх, өсөлтийн хоцрогдол үүсэх байдал өндөр байсан төдийгүй нас баралт ч гэсэн эрүүл эхийн нярайгаас их хувьтай (5.2%: 2.1%) тохиолдож байжээ. Бусад хүндрэл гэвэл варикозын цус алдах эрсдэл нэмэгддэг ба ялангуяа жирэмсний тээлтийн 3 дахь хагас болон төрөлтийн явцад хэвлийн дотоод даралт ихэсч сийвэнгийн эзлэхүүн нэмэгдсэнтэй холбоотой цус алдаж болно.

Циррозтой жирэмсэн эмэгтэйчүүдэд авах менежмент нь бусад циррозтой өвчтнүүдтай адилхан байна. Дурангаар варикозыг шинжлэх нь жирэмсэн үед ч зөвлөдөг арга юм. Хэрвээ цус алдалт байвал мөн л цус алдалтыг тогтоох дурангийн болон бусад аргуудыг хэрэглэж болно. Эдгээр нь жирэмсэн үед эсрэг заалт болохгүй. Гэвч, варикозын цус алдалт удаан үргэлжлэх буюу цус алдалтын дараах эмчилгээнд бета – блокатор ашигласан бол цаашдын менежментийг анхааралтай хийх хэрэгтэй. Учир нь умайд ургийн хөгжил баригдах, ургийн/нярайн брадикарди, нярайн гипогликеми, эсвэл нярайн амьсгал хямралд хүргэх эрсдэл нэмэгддэг. Октреотидыг варикозын цус алдалтын үед хэрэглэж болохгүй. Яагаад гэвэл, умайн ишеми үүсгэх эрсдэлтэй.

Жирэмсэн үеийн вирусын эсрэг эмчилгээ — Жирэмсэн үед вирусын эсрэг эмчилгээ хийхээр бол хэд хэдн хүчин зүйлийг бодолцож үзэх хэрэгтэй. Үүнд:

  1. Заалт
  2. Эмчилгээ үргэлжлэх хугацаа
  3. Урагт нөлөөлөх гаж нөлөө
  4. Үр дүн
  5. Эмийн тэвчил үүсэх асуудал

Эмчилгээ хийхээс шийдсэн бол ураг ба эхийн эрүүл мэндийг тусад нь сайтар шинжлэх нь чухал.

Жирэмсэн үед вирусын эсрэг эмчилгээ хийх ерөнхий 2 заалт:

  • Эхийн архаг өвчнийг эмчлэх
  • Урагт халдварлах эрсдлийг бууруулах

Вирусын эсрэг эмчилгээ хийхийг HBV DNA хэмжээ, HBeAg – н байдал, элэгний өвчний үе шат буюу идэвхжил зэрэгт тулгуурлаж шийднэ.

Гэвч хүүхэд төрүүлэх төлөвлөгөөтэй эмэгтэйчүүдэд вирусын эсрэг эмчилгээ хийхэд бодолцож үзэх хэпэн чухал зүйл бий:

  • Элэгний хөнгөн зэргийн өвчинтэй, хараахан гэрлээгүй байгаа эмэгтэйчүүдэд эмчилгээг түр хойшлуулж болно.
  • Хэрвээ эмчилгээ хийх заалт бүрдсэн эмэгтэйд пег – интерферон сонгосон бол эмчилгээний турш жирэмсэнээс хамгаалах арга хэрэглэх хэрэгтэй. Учир нь эмчилгээний үргэлжлэх хугацаа (48 долоо хоног). Хэрвээ нуклеозидийн аналог хэрэглэхээр төлөвлөсөн бол тенофовир сайн сонголт байх бөгөөд, жирэмсэн үед хэрэглэхэд аюулгүй, эмийн тэвчил үүсэх эрсдэл бага байдаг.
  • Вирусын эсрэг эмчилгээ хийж байх үед жирэмсэн болсон бол эмчлэгч эмчдээ яаралтай мэдэгдэх хэрэгтэй буюу эмч жирэмсэн болсон эсэхийг сайн хянаж байх хэрэгтэй. Хэрэв жирэмсэн болвол, эмчилгээг цаашид хэрхэн төлөвлөх талаар нухацтай ярилцах шаардлага гарна. Эмчилгээг үргэлжлүүлвэл урагт гаж нөлөө гарах уу? Эмчилгээг зогсоовол эхийн элэгний өвчин сэдрэх үү? Гэсэн асуудал гарна. Циррозгүй өвчтөнд эмчилгээг зогсоох талаар бодож үзэж болно. Энтекавир, адефовир хэрэглэж байсан бол тератоген нөлөө багатай телбивудин, тенофовироор  эсвэл ламивидунаар сольж болно. Эдгээр эмэгтэйг нарийн хянах шаардлагатай бөгөөд хэрвээ ламивудин эсвэл телбивудин хэрэглэж байсан бол эмийн тэвчил үүсэхээс сэргийлж төрсний дараа энтекавир, тенофовироор сольж хэрэглэх нь зохилтой.

Вирусын эсрэг эмчилгээний сонголт – Элэгний В вирусын архаг халдварын үед нуклеозидын аналог эсвэл пег – интерфероныг эмчилгээний зорилгоор ашиглана. Эдгээр эмийн алиныг нь ч жирэмсэн үед хэрэглэхийг Америкийн Хүнс, Эмийн Зөвлөлөөс батламжлаагүй. Эдгээр эмүүд жирэмсэн үед хэрэглэх эмийн С бүлэгт багтсан. Харин тенофовир, телбивудин нь жирэмсэн үед хэрэглэх эмийн зүйлийн В ангилалд багтсан. В ангилалд багтсан эмүүд нь амьтанд хийсэн туршилтанд тулгуурлан бүртгэгдсэн эмүүд билээ. Жирэмсэн үед хийгдэх вирусын эсрэг эмчилгээний талаар хийсэн дорвитой судалгаа одоо ч гэсэн алга байна.

Нуклеозидын аналог – Нуклеозидын аналог бэлдмэлүүдээс тенофовир, энекавир нь вирус дарангуйлах үйлдэл сайтай, тэвчил үүсгэх эрсдэл бага учир эхний сонголтын эмүүд болно. Эсрэгээрээ, ламивудин, телбивудин нь эмийн тэвчил үүсгэх өндөр эрсдэлтэй, адефовирын вирусын эсрэг үйлдлийн хүч сул байдаг. Одоогийн байдлаар, ламивудин, тенофовир бэлдмэлийг жирэмсэн үед хэрэглэхийг зөвлөж байна. Телбивудинийг ч хэрэглэж болно. Тенофовир нь эмийн тэвчил үүсгэх эрсдэл багатай учир удаан хугацаагаар эмчилгээ хийх эмэгтэйчүүдэд тохиромжтой.

Төрснөөс хойш хэдий хугацаанд вирусын эсрэг эмчилгээг үргэлжлүүлэхийг нарийвчлан шийдээгүй л байна. Ихэнх мэргэжилтнүүдийн зөвлөж байгаагаар, төрснөөс хойш 4 – 12 долоо хоногийн дараа буюу эхээс – урагт халдварлах эрсдэл багассан үед эмийн эмчилгээг зогсоож болно гэж үзэж байна.  Эмчилгээг зогсоосны дараа ч нарийн хяналтыг үргэлжлүүлсээр байх хэрэгтэй.

Пег – интерферон – /Pegylated interferon/  — Дээр дурдсанчлан, интерфероныг жирэмслэхээс өмнө хэрэглэх хэрэгтэй. Долоо хоногт арьсан дор 1 удаа тарих боловч эмчилгээ үргэлжлэх хугацаа 48 долоо хоног байдаг.

Тератоген нөлөө  —  Элэгний В вирусын эсрэг эмийн тератоген нөлөөг судалсан баримт хязгаарлагдмал байна.  1989 онд ХДХВ – ын эсрэг эмүүд урагт хэрхэн нөлөөлдөгийг судлах зорилгоор байгуулагдсан  Antiretroviral Pregnancy Registry (www.apregistry.com ) – н багийнхан 2003 оноос элэгний В вирусын эсрэг эмүүдийн тератоген нөлөөг судалж эхлээд байна. Тэдний ретроспектив судалгаагаар элэгний В вирусын эсрэг эмийн зүйлийг хэрэглэсэн үед ургийн гаж хөгжил үүсэх эрсдэл нь ерөнхий хүн амд ургийн гажиг илрэхтэй адил хэмжээтэй байжээ. 2012 оны 1 – р сард, жирэмсний тээлтийн хоёр ба гуравдугаар сардаа ламивудин хэрэглэсэн 6635 төрөлтийн 2,8% – д төрөлхийн гажиг илэрсэн бөгөөд энэ нь ерөнхий хүн амд төрөх гажигтай ойролцоо л үзүүлэлт билээ. Жирэмсний эхний 3 сардаа ламивудин хэрэглэсэн 4088 төрөлтөнд гажиг 3,1%, тенофовир хэрэглэсэн 1370 төрөлтийн гажиг 2,3% байжээ. Харин тенофовирыг жирэмсний  2 ба 3 сард хэрэглэсэн 782 төрөлтийн 2,3% – д гажиг төрөлт бүртгэгдсэн байна. Энтекавирыг жирэмсний эхний 3 сард хэрэглэсэн төрөлт ердөө 42, хоёр ба гурав дахь триместртээ хэрэглэсэн тохиолдол 2 – хон  бүртгэгдсэн байна. Энтекавирыг эхний триместерд хэрэглэсэн төрөлтийн 1 нь л гажигтай төрөлт байжээ. Адефовирыг жирэмсний эхний триместрт хэрэглэсэн 48 тохиолдол бүртгэгдсэнээс төрөх үед ургийн гажиг бүртгэгдээгүй байна.

Дээрх тохиолдлуудад бүртгэгдсэн төрөлхийн гажигууд нь зөвхөн амьд төрөлтөнд хязгаарлагдсан бөгөөд зулбалт, үр хөндүүлсэн тохиолдлуудад гажиг илрүүлэх шинжилгээ хийгээгүй болно. Эмнэлзүйн судалгааны ихэнх нь ламивудин, тенофовир дээр хийсэн байгаа нь эдгээр эмийг ХДХВ – г эмчлэхэд хэрэглэдэгтэй холбоотой юм.

Нуклеозидын аналогуудын цөөнгүй гаж нөлөөг тодорхойлсон байдаг. Үүнд: митохондрийн гэмтэл, лактозын ацидоз, элэгний цочмог өөхлөлт, ясны гажиг өөрчлөлт гэх мэт багтдаг.

2. Нярайд үзүүлэх элэгний В вирусын нөлөө

Элэгний В вирус нярайд нөлөөлөх нь  — Элэгний В вирусын нярайд үзүүлэх нөлөөг бүрэн судлаагүй л байна. 824 HbsAg(+) эмэгтэйг, HbsAg(-) 6281 хяналтын бүлэгтэй харьцуулан судлахад төрөлтийн хугацаа, төрөх үеийн жин, хөгжлийн дутагдал, нярайн шарлалт, төрөлхийн гаж хөгжил, перинаталь эндэгдэл зэрэг ямар ч өөрчлөлт гараагүй юм. Харин эсрэгээрээ,  чихрийн шижинтэй хавсарсан тохиолдолд ургийн хөгжил дутуу байх, бага жинтэй төрөх, төрөх үеийн цус алдалт тохиолдох эрсдэл өндөр бүртгэгдэж байжээ. Гэвч, судалгааны эдгээр баримтууд маргаантай, эцсийн үр дүн нь тодорхойгүй л байгаа юм.

Перинаталь халдвар дамжилт  —  HbeAg(+), урьдчилан сэргийлэх  ямар нэг арга хэмжээ аваагүй ээжүүдээс урагт халдварлах эрсдэл 90%. Эхээс – урагт халдварлах боломж умай дотор, төрөх үед, төрсний дараа ч тохиолдож болно. Төрөх замаар хүүхэд төрөх үед эхээс ялгарах шүүрлүүд ургийн салстай харилцан үйлчилсэнээр халдвар дамжиж байна гэж таамагладаг. Энэ таамаглалыг батлах зорилготой Хятадад хийсэн судалгаагаар ердөө шинэ төрсөн хүүхдүүдийн  3,7%  нь л умай дотроо халдварлагддаг байна. Нярайг халдвараас хамгаалах вакцин нь 95% үр дүнтэй.

Дэлхий дахинд элэгний В вирусээс урьдчилан сэргийлэх вакциныг шинэ төрсөн бүх нярайд хэрэглэх болсон нь халдварлалтыг эрс бууруулсан юм. Архаг халдвартай эхээс төрсөн нярайд элэгний В вирусын эсрэг иммуноглобулиныг элэгний В вирусын эсрэг вакцинтай хамтруулан эхний 12 цагийн дотор хэрэглэж, дараачийн товлолын вакцинуудад хугацаанд нь бүрэн хамрагдвал халдварлах эрсдэл 5 – 10% болж багасдаг байна.

Перинаталь халдвар дамжилтын эрсдэлт хүчин зүйл —  Урьдчилан сэргийлэх арга хэмжээг авсан ч халдвар дамжих хамгийн чухал эрсдэлт хүчин зүйл бол төрөгч эхийн элэгний В вирусын репликаци идэвхитэй эсвэл эхийн В вирусын ачаалал хэт өндөр байх явдал. Харин ихэсээр дамжих, жирэмсний үед хийгдэх ажилбарууд ховор тохиолдох эрсдэл болдог бол хөхөөр хооллолт нь эрсдэлт хүчин зүйл биш ажээ. Халдварлалтаас сэргийлж кесар хагалгаа хийж хүүхдийг төрүүлэх нь эрсдлээс зайлсхийх арга гэж бүрэн батлаагүй л байна.

HBV репликацийн байдал  — Элэгний В вирусын репликаци идэвхитэй үед халдвар дамжих эрсдэл нэмэгддэг. Урьдчилан сэргийлэх арга хэмжээ аваагүй HbeAg(+) эхээс төрсөн нярайн 85 – 90%, HbeAg(-) эхээс төрсөн нярайн 32% -д халдвар дамжих эрсдэлтэй. HbeAg(+) эхээс төрсөн нярайд вирусын эсрэг вакцин, иммуноглобулин хийлгэсэн ч,  элэгний В вирусын халдвар авах эрсдэл 9% байсаар байдаг.

HBV DNA хэмжээ  — Эхийн ийлдсийн HBV DNA хэмжээ нярайд халдвар дамжих эрсдэлтэй хамааралтай байдаг. Хэрвээ жирэмсэн эхэд виреми өндөр хувьтай байвал  (≥8 log 10 copies/mL ба боломжтой  >6 log 10 copies/mL) урьдчилан сэргийлэх арга хэмжээ авсан ч гэсэн эхээс урагт дамжих эрсдэл  9 – 39% байна.

  1. Тайваньд хийсэн судалгаагаар 773 HbsAg(+) ээжүүдийн ийлдсийн HBV DNA түвшин 5 pg/mL (ойролцоогоор 150,000 int. unit/mL) – ээс >1400 pg/mL (ойролцоогоор 45,000,000 int. unit/mL) болтол нэмэгдэхэд халдвартай төрөх хүүхэд 1 – 147 хүртэл нэмэгдэж байв.
  2. Хятад улсад хийгдсэн нэгэн судалгаагаар элэгний В вирусын архаг халдвартай ээжээс төрсөн 112 шинэ нярайд, ээжүүдийн ийлдсийн HBV DNA түвшин <5 log 10 copies/mL (<20,000 int. unit/mL) – ээс 9log 10copies/mL (ойролцоогоор 9 log 10  unit/mL) болтол нэмэгдэхэд халдвартай төрөх нярай 0% – 50% хүртэл нэмэгдэж байжээ.
  3. Австралид хийсэн судалгаагаар HBV DNA(+) 138 эхчүүдээс төрсөн нярайд мөн л дээрх судалгаануудтай төстэй үр дүн гарсан байна. HBV – ийн халдвар 4 хүүхдэд илэрсэн ба В вирусын эсрэг вакцин, иммуноглобулин хийсэн ч халвар дамжиж чадсан байна. Эдгээр 4 хүүхдийн ээж бүгдээрээ HBV DNA хэмжээ (>10(8) copies/mL) байжээ.

Ихсээр дамжих  — Дээр дурдсанчлан, ихсээр элэгний В вирус дамжих нь халдварын өчүүхэн шалтгаан болдог. Дутуу төрөхийг завдах гэх мэт цус алдах үед тохиолдох боломжтой. HBV нь цэлмэн бүрхүүлийн капилярийн эндотель болон ихсийн трофобластд байдгийг илрүүлсэн. Энэ нь вирус ихсийн хоригийг нэвтэрч урагт халдвар дамжиж болох таамаглалд хүчтэй нөлөөлдөг юм. Ихсээр дамжин халдварлах шалтгаан тодорхойгүй л байна. Эхийн виреми өндөр байх, дутуу төрөх зэрэг нь эрсдэлт хүчин зүйл болно гэж үздэг ч эдгээр эрсдлүүдийн холбоо хамаарал хэр хүчтэй нь тодорхой биш.

Амниоцентез болон бусад ажилбарууд  —  Амниоцинез хийхтэй холбоотой халдвар дамжиж болох юм гэсэн таамаглал байдаг ч эрсдэл туйлын бага юм. Ялангуяа, уг ажилбарыг HbeAg(-) эмэгтэйд байнгын хяналтан дор, 22 GG зүүгээр хийсэн бол эрсдэл бүр ч бага болно. Судалгаагаар, HBV халдвартай эхчүүдэд амниоцинтез хийхэд халдвар дамжих эрсдэл HBV халдвартай ч амниоцинтез хийгээгүй эмэгтэйчүүдтэй адилхан буюу 9% : 11% байжээ. Бусад инвазив ажилбарууд болох хорионы цэлмэнгээс шинжилгээ авах, кордоцинез, урагт ажилбар хийх үед халдвар дамждаг эсэх нь тодорхойгүй.

Хөхөөр хооллох  — Хөхөөр хооллох нь халдвар дамжих эрсдлийг нэмэгдүүлдэггүй. HbsAg(+) эмэгтэй  ангир уурагт HBV DNA тодорхойлогддог ч, судалгаагаар “тээгч” эмэгтэйн хөхөөр хооллолт болон хүүхдэд элэгний В вирус халдварлах хоёрын хоорондын хамаарал нотлогдоогүй юм. HBV архаг халдвартай эхээс төрсөн 369 нярайг хамруулсан өөр нэгэн судалгаагаар, бүгдэд нь HBV – н эсрэг урьдчилан сэргийлэх аргыг цогцоор нь авсан үед хөхөөр хооллож буй 101 хүүхдэд HbsAg (-) байсан бол сүү орлуулагч хэрэглэж буй 9 хүүхдэд HbsAg(+) байжээ.

Үүнээс харахад, төрөх үед элэгний В вирусын иммуноглобулин (HBIG), В вирусын эсрэг вакцины эхний тунг тариулсан бол вакцины бүрэн курсийг дуустал хөхөөр хооллож болохоор байна. Харин элэгний В вирусын архаг халдвартай ээжүүд хөхний толгойгоо хагарахаас урьдчилан сэргийлэх хэрэгтэй.

Кесар хагалгаагаар төрөх  — Кесар хагалгаа эхээс – урагт дамжих халдвараас сэргийлдэг нь судалгаагаар батлагдаагүй. Тиймээс, урьдчилан сэргийлэх зорилгоох “тээгч” эхэд кесар хагалгаа хийхийг санал болгохгүй.

Перинаталь халдвараас урьдчилан сэргийлэх нь  — Жирэмсний хяналтанд ирж буй бүх эмэгтэйчүүдийг серологийн шинжилгээнд хамруулж HBsAg антигенийг шинжлэх хэрэгтэй. Түүнчлэн, жирэмсний төгсгөлд ч гэсэн дахин шинжлэх нь чухал. Вирус “тээгч” эмэгтэйгээс төрсөн нярайг элэгний В вирусын иммуноглобулин, болон В вирусын эсрэг вакцинжуулалтанд бүрэн хамруулах нь амин чухал алхам билээ. HBV DNA хэмжээ хэт өндөр эхчүүдэд вирусын эсрэг эмчилгээ хийх нь дараагийн төрөлтөнд эхээс – урагт халдвар дамжих эрсдлийг бууруулна.

Стандарт идэвхгүй дархлаа тогтоохоос гадна вирусын эсрэг эмчилгээний хослуулан хэрэглэх талаар эмнэлзүйн олон судалгаа хийгдэж байна. Зарим судалгаагаар, жирэмсний төгсгөлд ламивудиныг урьдчилан сэргийлэх байдлаар хэрэглэж үзсэн байна. 10 удаагийн мета – анализаар жирэмсний төгсгөлд ламивудиныг ээжид өгч, шинэ төрсөн нярайд HBIG болон элэгний В вирусын эсрэг вакцин хийх нь эхээс урагт халдвар дамжих эрсдлийг бууруулж байгааг тогтоожээ. Телбивудин дээр хийсэн судалгаагаар мөн адил үр дүнд хүрч байгаа ч судалгааны ажил нь ламивудинтэй харьцуулахад арай бага байна.

Урьдчилан сэргийлэх эмийг сонгох нь  — Уухаар хэрэглэх боломжтой эмүүд нь жирэмсэнд хэрэглэх эмийн В ангилалд багтах телбивудин, тенофовир болон С ангилалд багтах бусад эмүүд байна. Гэвч, дээр дурдсанчлан теноповир эсвэл ламивудиныг жирэмсний эхний 3 сард хэрэглэхэд ерөнхий хүн амтай харьцуулахад ургийн гаж хөгжил тодорхойлогдохгүй байсан талаар өгүүлсэн билээ. Ламивидунаас илүүтэй тенофовирыг хэрэглэх нь тэвчил үүсэхээс сэргийлэх сайн талтай. Учир нь төрөх насны эмэгтэйчүүдэд цаашид элэгний өвчнөөс сэргийлэх вирусын эсрэг эмчилгээ шаардагдах магадлал өндөр. HBV DNA хэмжээ өндөр буюу  (8 log 10 int. unit/mL – ээс их хэмжээтэй) үед эмийн эмчилгээ хийхийг uptodate – н багаас зөвлөж байгаа боловч зарим эмч нар (ойролцоогоор 6 log 10 int. unit/mL) үед хэрэглэх нь зөв гэж үздэг юм. Эмчилгээг төрөх хугацаанаас 6 – 8 долоо хоногийн өмнө хийж эхлэх нь төрөх үед HBV DNA хэмжээ буурах хугацаа олгодог юм.

Эх сурвалж:

http://www.uptodate.com/contents/hepatitis-b-and-pregnancy

3 Comments

  • Bayarlalaa

    Mash ih bayarlalaa. Vneheer heregtei medeelel bn. Manai Mongol ulsad B bolon C virusin haldwar mash ih bgaa. Bi ch mun adil turuhdu HBV-n haldwarig eejeese awsan. Harin odo uuruu aigad suuj bn huuhed turuulwel huuhed maani ch gn HBV-tei turchihwul gj… Ymr ch bn uridchilan sergiilj boloh ym bn :))

    30/01/2015 22:22

    • Сэтгэгдэлээ үлдээсэнд баярлалаа. Эрүүл энхийг хүсье.

      01/02/2015 17:22

  • оюун

    Монгол энэ өвчний халдвар ямар их байдаг юм бэ? Би халдварласан нэг хохирогч нь байна. Миний хайнга үйлдлээс болсон гэж одоо өөртөө гомдоод л сууж байна. Ийм аймаар өвчин гэж ерөөсөө санасангүй. Одоо сайн эмчлүүлэх сонголт л үлдлээ. Амьдралынхаа турш аль болхоор хичээнээ.

    14/03/2016 20:56