Амьгүй төрөлт буюу “Stillbirth”

Хүүхэд судлал
Мягмарсүрэн Namuun bolor-erdene

Эхээс төрсөн урагт амьд шинжийг илтгэх ямар ч шинж тэмдэггүй бол “амьгүй төрөлт” гэх бөгөөд “fetal death, fetal demise, stillbirth, stillborn” гэсэн нэршлүүдийг хэрэглэдэг. Эцэг эхчүүдэд тааламжгүй байдал үүсгэхгүйн тулд “stillbirth” гэсэн нэршилийг түлхүү хэрэглэдэг.

Амьгүй төрөлтийн тодорхойлолт  — Ургийн эндэгдэл бүрийг “амьгүй төрөлт” гэж үзэхгүй. Үр хөврөл судлаачид үр хөврөлийн үеийн /үр тогтсоноос хойш 8 долоо хоногийн дараах үе/ дараагаар ургийн үе эхэлдэг гэж үздэг.

  • ДЭМБ – ийн тодорхойлолт: ДЭМБ – аас амьгүй төрөлтийг “жирэмсний төгсгөл үед ураг эндэх” гэж тодорхойлсон нь тухайн улс орны нярайд үзүүлэх тусламжийн чадавхитай холбоотой гаргасан тодорхойлолт юм. Тийм учраас, зарим оронд амьгүй төрөлтийг жирэмсний 16 долоо хоногтой гэж тооцдог бол зарим оронд жирэмсний 28 долоо хоногийг босго болгосон байдаг. Жирэмсний тээлтийн хугацаа “босго” хугацаанд хүрээгүй бол “дутуу төрөлт” гэж үзнэ.
  • Америкийн Нэгдсэн Улсын Эрүүл Мэндийн Статистикийн Үндэсний Төвийн тодорхойлолт: Ерөнхий агуулга нь ДЭМБ – ийн тодорхойлолттой адилхан бөгөөд ураг төрөх үед амьсгалахгүй байх, зүрхний цохилт тодорхойлогдохгүй байх, хүйн лугшилтгүй, булчингийн агшилт илрэхгүй байх зэргийг нэмж оруулсан байдаг. Америк улсад жирэмсний тээлтийн “босго” хоногийг 20 долоо хоног гэж тодорхойлсон байдаг.

Хэрвээ, жирэмсний тээлтийн хугацаа тодорхойгүй бол ургийн жингээр амьгүй төрөлтийг зулбалтаас яалгаж болох юм. Ургийн босго жин улс орны үзүүлж чадах тусламжаас хамаарч  ≥350 – аас  ≥500 гр хүртэл хэлбэлзэлтэй тодорхойлогдсон байдаг. 500 гр – тай ургийг жирэмсний тээлтийн хугацаа 22 долоо хоног хүрсэн урагтай тэцүү гэж үздэг.

Амьгүй төрөлт нь төрөх үеийн жирэмсний хугацаанаас хамаарч дэд ангилалд хуваагдаж болно. Хэрэв амьгүй төрөлт жирэмсний тээлтийн хугацаа 20 – 27 долоо хоногтойд тохиолдсон бол эрт, 28 долоо хоногоос хойш бол хожуу үеийн амьгүй төрөлт гэж нэрлэнэ. Ургийн эрт үеийн энддэгдлээс урьдчилсан сэргийлэхэд төвөгтэй байдаг ч хожуу үеийн эндэгдлээс зохих менежментийг хэрэгжүүлэн урьдчилан сэргийлэх боломжтой.

Амьгүй төрөлтийн тохиолдол, тархалт 

Жирэмсний тээлтийн ≥28 долоо хоногтой эсвэл 1000 гр жинтэй амьгүй төрөлтийн тохиолдол дэлхий дахинд жилд 2,6 сая гардаг байна. Гэвч амьгүй төрөлт хамгийн их тохиолддог ядуу буурай орнуудын бүртгэл мэдээллийн систем тааруу байдгаас дээрх тоо туйлын үнэн илэрхийлэл биш юм. Дэлхий дахинд тохиолдож буй амьгүй төрөлтийн тоо 1995 оноос хойш буурсан гэж үздэг бөгөөд тухайн үед жилд 3 сая гаруй амьгүй төрөлт бүртгэгддэг байжээ.

Америкийн Нэгдсэн Улсад амьгүй төрөлтийн тоо нярайн эндэгдлээс өндөр, бага насны хүүхдийн эндэгдлээс ялимгүй доогуур тохиолддог. Төрөхөөс өмнөх үе /аntepartum/ – ийн ургийн эндэл төрөлтийн үе /intrapartum/ – ийн ургийн эндэгдлээс хамаагүй өндөр бүртгэлтэй байдаг. Ургийн тайлбарлаж боломгүй эндэгдэл /unexplained fetal death/ бага насны хүүхдийн тайлбарлаж боломгүй эндэгдлээс илүүтэй тохиолдож байна.

2005 оны байдлаар, АНУ – д 1000 төрөлтөнд амьгүй төрөлт 6,2 тохиолдож байв (6.2/1000). 1990 оноос хойш ургийн эрт үеийн эндэгдэл (жирэмсний тээлтийн хугацаа 20 – 27 долоо хоног) 1000 төрөлт тутамд 3,2 тохиолдож буй нь тогтвортой хэвээр байгаа бол ургийн хожуу үеийн эндэгдэл (жирэмсний тээлтийн хугацаа 28 долоо хоногоос дээш) 29% – аар буураад байна.

Picture3

График 1. 1990 оноос хойш жирэмсний тээлтийн хугацаа 28 долоо хоногоос хойшхи хугацаанд тохиолдох амьгүй төрөлтийн үзүүлэлт буурсаар байна.

Шалтгаан

Тухайн улс орны хөгжлийн байдлаас хамаарч амьгүй төрөлтийн шалтгаан янз бүр байна. Жишээлбэл, хөгжиж буй орнуудад төрлөг удаашрах, преэкламси, халдвар нь амьгүй төрөлтийн түгээмэл шалтгаан байдаг бол хөгжингүй орнуудад төрөлхийн эсвэл кариотипийн гажиг, ихэсийн эмгэгүүд ургийн өсөлт баригдахтай хавсрах, эхийн суурь эмгэгүүд илүүтэй амьгүй төрөлтийн шалтгаан болдог байна. Доор дурдах тоо баримт бол хөгжингүй орны жишиг байдлыг харуулсан үзүүлэлт юм.

АНУ – д 2006 оноос 2008 оны хооронд хийсэн амьгүй төрөлтийн хүн амд суурилсан тандалт судалгаагаар 512 амьгүй төрөлт бүртгэгджээ. Үүний 60,9% – д амьгүй төрөлтийн шалтгаан эсвэл боломжит шалтгааныг тогтоож чадсан байна. Хамгийн түгээмэл тохиолдсон шалтгаан:

  • Жирэмсний хүндрэл (жнь: ихэс ховхрох, ихэр ураг, дутуу төрөлт) (29.3%, 95% CI 25.4-33.5)
  • Ихсийн эмгэг (23.6%; 95% CI 20.1-27.6)
  • Ургийн генетик/бүтцийн гажиг (13.7%; 95% CI 10.9-17.0)
  • Эхийн эсвэл ургийн халдвар (12.9%; 95% CI 10.2-16.2)
  • Хүйн гажиг (10.4%; 95% CI 7.9-13.4)
  • Даралт ихсэх эмгэг (9.2%; 95% CI 6.9-12.1)
  • Эхийн бусад суурь өвчлөл (7.8%; 95% CI 5.7-10.6)

Амьгүй төрөлтий шалтгаан жирэмсний тээлтийн хугацаанаас ихээхэн хамаардаг нь ажиглагдсан юм. Жирэмсний тээлтийн хугацаа 24 – 27 долоо хоногтойд амьгүй төрөлтийн түгээмэл шалтгаан нь халдвар (19%), ихэс ховхролт (14%), ургийн гажиг (14%). Харин жирэмсний тээлтийн хугацаа 28 долоо хоногоос дээш бол амьгүй төрөлтийн хамгийн түгээмэл шалтгаан нь тайлбарлаж боломгүй ургийн эндэгдэл байсан ба энэ нь ургийн өсөлт баригдах, ихэс ховхрох эмгэгтэй хавсарсан байжээ.

1

Хүснэгт 1. Эмгэг байдал ба амьгүй төрөлтийн хамаарал

1a

Тайлбарлаж боломгүй амьгүй төрөлт — Амьгүй төрөлтийн шалтгааныг ураг, ихэс, эх, жирэмслэлтийн нөхцлөөс хайгаад олоогүй тохиолдлыг “тайлбарлаж боломгүй амьгүй төрөлт” гэнэ. Энэ нь ургийн нийт эндэгдлийн 25 – 60% – ийг эзэлнэ.

Ургийн өсөлт баригдах/ихсийн үйл ажиллагааны хямрал  — Амьгүй төрөлтийн хоёр дахь том шалтгаан болно. Ихсийн хямрал нь ургийн өсөлт баригдах, ургийн эндэгдлийн аль алиных нь урьдал шалтгаан болно. Өсөлт баригдсанаас амьгүй төрөлт хэвийн өсөлттэй ургаас 5 – 7 дахин их тохиолддог ажээ.

Ихсийн үйл ажиллагааны хямралаас улбаалсан эмгэг нь дахих боломжтой байдаг ч ихсийн эмгэгээс шалтгаалах хүндрэлийн эмнэлзүй янз бүрээр илрэрдэг. Өсөлт баригдах, дутуу төрөх, амьгүй төрөх нь бүгд ихсийн үйл ажиллагааны эмгэг өөрчлөлттэй холбоотой.

Ихэс ховхрох  — эмгэг нь нийт жирэмслэлтэнд ойролцоогоор 1% тохиолддог ч бүх амьгүй төрлтийн 10 – 20% – ийг эзэлнэ. Ихсийн талбайн 50% ховхрох эсвэл ихэс төвөөсөө ховхроход ургийн эндэгдэл илүү өндөр тохиолддог байна.

Халдвар  — нь ядуу буйрай орны нийт амьгүй төрөлтийн хагасыг эзлэдэг ба хөгжингүй оронд амьгүй төрөлтийн 10 – 25% нь халдварын шалтгаантай байна. Халдварын шалтгаанаар гүйцэд тээлттэй ураг илүү эндэх хандлагатай байдаг.

Халдвар нь эх – ихэс – ургийн хүнд эмгэгийн шалтгаан болдог бөгөөд урагт ихсээр (халдвар цусаар тархах) эсвэл бэлгийн замаар (бэлгийн доод замын халдварын колон өгсөх замаар халдварлах) гэсэн хоёр хэлбэрээр халдвар дамжина.

Жирэмсэн үед тохиолдох системийн халдвар нь ихсэд халдварлах аюултай байдаг боловч эхийн халдварын улмаас ураг эндэх нь ховор юм. Цитомегаловирусын халдвар харьцангуй түгээмэл байдаг тул амьгүй төрөлтийн аутопсийн шинжилгээгээр шалтгаан тогтоогдохгүй бол энэ вирусын талаар бодож үзэх хэрэгтэй.

Хромосомын ба генетикийн гажиг — Ихэнх анэуплойд бүрдэл умайд энддэг боловч зарим трисомууд тухайлбал 21, 18, 13, Х хромосомын моносом нь амьгүй төрөлтийн эрсдлийг нэмэгдүүлээд зогсохгүй ийм хромосотой амьд төрөлт ч цөөнгүй тохиолдоно. Кариотипийн хувьд гажигтай ургийн үхэл жирэмсний аль ч үед тохиолдож болох боловч эхний триместерт илүүтэй ажиглагддаг. Нийт амьд төрөлтийн 0,7% – д, амьгүй төрөлтийн 12% – д хрососомын гажиг тохиолддог байна.

Төрөлхийн гажиг ба амьгүй төрөлт хромосомын гажиг илэрч буй тохиолдолд хүчтэй хамааралтай байдаг. 750 амьгүй төрөлтөнд хийсэн судалгаагаар хромосомын эмгэгийн улмаас үүссэн морфологийн гажигтай амьгүй төрөлт 38% байсан бол морфологийн гажиггүй амьгүй төрөлт ердөө 4,6% байжээ.

Анэуплойд хромосомын гажигаас өөр генетикийн гажиг амьгүй төрөлтөнд нөлөөлдөг гэсэн мэдээлэл ховор байна. Кариотипийн шинжилгээгээр эрүүл гэж тодорхойлсон үед ч нэг генийн гажиг, микроделеци гэх мэт өөрчлөлтүүд байх нь амьгүй төрөлтөнд нөлөөлдөг байхыг үгүйсгэхгүй.

Ихсийн эхийн тал ба ургийн талын эсийн хуваагдлын үл зохицол /Confined placental mosaicism/ нь хорионы цэлмэн бүрхүүлийн шинжилгээгээр 1 – 2% илэрдэг бөгөөд ийм тохиолдолд жирэмслэлтийн 15 – 20% нь зулбалт, ургийн өсөлт баригдах, эсвэл амьгүй төрөлтөөр төгсдөг байна. Хэддүгээр хромосомыг хамарсан гажигаас хамаарч (2,3,9,14,15,16,18) төрөлтийн төгсгөл янз бүр байж болно.

Төрөлхийн гаж хөгжил  — Нийт амьгүй төрөлтийн 15 – 20% – д морфологийн гаж хөгжил илэрхий тодорхойлогддог. Энэ нь улс орон бүр харилцан адилгүй байдаг бөгөөд пренаталь оношилгооны хөгжилийн түвшинтэй шууд холбоотой.

Ураг – эхийн цус алдалт /Fetomaternal hemorrhage/  — нь нийт амьгүй төрөлтийн 5% – г эзэлнэ. Өвөрмөц шалтгаангүй ч зарим тохиолдолд ихэс ховхрох, ихэс түрүүлэх, хориоангиома, хориокарцинома, эхийн гэмтэл, амниоцинтез зэрэгтэй холбоотой байдаг.

Хүйн судастай холбоотой хүндэрлүүд  — Хүйн судастай холбоотой эмгэгүүд (жнь: ургийн хүзүүг ороох, зангирах, хүйн судасны бүтэц гажигтай байх) нь жирэмсний гуравдуугаар триместерт амьгүй төрөлтийн шалтгаан болдог нь ховор биш. Хүй хүзүүгээ ороох, хүй зангирах зэрэг нь харьцангуй түгээмэл байдаг ч хүйн судасны гажигийн улмаас амьгүй төрөх нь маш ховор. Хүйн судас ургийн биеийн аль нэгийг ороосон /umbilical cord in situ/ байх (жнь: хүзүүгээ ороох) зэргийг хэт авиан шинжилгээгээр тодорхойлох бүрэн боломжтойн дээр төрөх үед яаралтай арга хэмжээ авч ургийн амь насыг аврах боломжтой байдаг.

Ураг усжих /Hydrops fetalis/  — нь дархлааны болон дархлааны бус шалтгаантай байдаг бөгөөд амьгүй төрөлтөнд ихээхэн нөлөөлдөг ургийн ноцтой эмгэг юм. Ургийн хоёр ба түүнээс дээш эрхтэнд их хэмжээгий шингэн хуримтлагдахыг ураг усжих гэж ойлгоно. Тухайлбал, асцит, плеврийн хөндийд шингэн хурах, үнхэлцэгт шингэн хурах зэргийг багтааж болох юм.

Ялтас эсийн аллоиммуний хариу урвал — Хүнд явцтай ялтас эсийн аллоиммуны хариу урвал нь гавлын дотоод цус харвалтанд хүргэж улмаар ураг эндэхэд нөлөөлнө.

Ихсийн эмгэгүүд  — Амьгүй төрөлтийн шалтгаан болох ихсийн эмгэгүүдэд ихэс ховхрох, ихэс түрүүлэх, ихсийн халдвар, ихсийн эхийн тал ба ургийн талын эсийн хуваагдлын үл зохицол, неоплазм, бүтцийн болон судасны эмгэг хэлбэржилт, васкулопати, шигдээс зэрэг багтана. Ихэс жижиг байх нь ургийн өсөлт баригдах, том байх нь том ураг төрөх шалтгаан болно. Ихэс хэт том байх нь ураг эндэх нэг шалтгаан бөгөөд ураг усжих, эхийн чихрийн шижингийн суурь эмгэг, тэмбүү зэргээс шалтгаалж ихэс хэт том болдог.

Умайн байдал  — Амьгүй төрөлтөнд хүргэдэг умайн хамгийн түгээмэл тохиолдох өөрчлөлт бол умай урагдах явдал юм. Умай – ихсийн цусны эргэлтэнд нөлөөлж буй умайн ямар ч эмгэг амьгүй төрөлтөнд хүргэх чадамжтай. Гэвч, зулбалт, дутуу төрөлт нь умайн бүтцийн өөрчлөлттэй илүү холбоотой байдаг.

Эрсдэлт хүчин зүйл

Ураг амьгүй төрөхөд хүргэдэг зарим эрсдэлт хүчин зүйлийн тархалт нэмэгдсээр байна. Жишээлбэл, орлого өндөртэй орнуудад эхийн нас >35, таргалалт, олон ураг төрүүлэх нь амьгүй төрөлтийн тэргүүлэх шалтгаан болж байна. Эдгээр эрсдэлт хүчин зүйлүүдийн ихэнхийг өөрчлөх боломжтой. Дэлхий дахинд, ургийн эндэгдэлд нөлөөлөх хамгийн том өөрчлөх боломжтой шалтгаан бол тамхидалт юм.

Хүчирхийлэл  — Бэлгийн болон бие, сэтгэл санааны хүчирхийлэл нь жирэмслэлтэнд ямагт сөрөг нөлөө үзүүлээд зогсохгүй жирэмсний төгсгөлд нөлөөлж ураг эндэхэд хүргэдэг.

Эхийн нас өндөр байх  — Амьгүй төрөлтөнд нөлөөлөх бие даасан хүчин зүйл мөн. Нас ахисан эмэгтэйчүүдэд ихэр жирэмслэлт, гипертензи, диабет, өмнө нь үр хөндүүлж байсан түүх, ихэс ховхролт зэрэг эмгэгүүд үүсэх буюу байдаг учир амьгүй төрөлттэй өндөр холбоотой.

Ахимаг насанд >35 хүүхэд төрүүлэхэд ургийн гажиг үүсэх эрсдэл өндөр байдаг нь нотлогдсон зүйл боловч орчин үеийн перинаталь оношилгооны чадамж сайжирч буйтай холбоотой энэ байдал буурч байгаа юм. Гэвч дээр дурдсан “тайлбарлаж боломгүй ургийн эндэгдэл” ахимаг насанд илэрхий ажигдагддаг нь асуудал хэвээрээ байгааг харуулж байна.

d

График 2. Эхийн нас ахимаг байх нь амьгүй төрөлттэй шууд хамааралтай байна.

Таргалалт  — Тарган жирэмсэн эмэгтэйн (биеийн жингийн индекс 30 kg/m ) ураг эндэх эрсдэлтэй, ялангуяа хожуу үеийн ургийн эндэгдэл илүү тохиолдоно. Шалтгаан нь тодорхойгүй боловч, зан үйл, нийгэм – эдийн засаг, жирэмслэлтийн хүчин зүйлтэй холбож үздэг. Тухайлбал, тарган эмэгтэйчүүд тамхи татдаг байх магадлал өндөртэй байхаас гадна чихрийн шижин, преэклампсид өртөх магадлал өндөртэй. Гэвч, дурдсан хүчин зүйлүүдийг хэвийн түвшинд барьж төрөлтийн эхнээс сайтар хянаж байлаа ч таргалалт нь амьгүй төрөлтийн онцгой хүчин зүйл болсон хэвээр л байна.

Ихэр жирэмслэлт  — Ихэр жирэмслэлтийн үед амьгүй төрөлт нэг ургаас илүүтэй тохиолддог (1000 төрөлт тутамд 19.6 ба 4.7). Энэ нь ихэр жирэмсэн үед түгээмэл тохиолдох хүндэрлүүдтэй холбоотой (ихрээс – ихэрт цус юүлэгдэх хам шинж /twin-twin transfusion syndrome/, ихрийн артерийн сөргөө нэвчилт болох /twin reverse arterial perfusion [TRAP]/) – оос гадна өсөлт баригдах, гажиг үүсэх гэх мэт хүндэрлүүд тохиолдоно.

Хуруу шилний ихрийг хязгаарлах, ихэр жирэмслэлтийг бууруулах /хөгжингүй орнуудад нэлээд хөгжсөн байдаг/ нь амьгүй төрөлтийг багасгахад ач холбогдолтой.

Тамхидалт  — Тохиолдол – хяналт, кохорт судалгаагаар тамхидалт нь амьгүй төрөлтөнд нөлөөлөх харьцангуй эрсдэл 1.2 – 1.4 байдаг нь эдгээр хүчин зүйлүүд хоорондоо өндөр хамааралтайг харуулж байна.

Эхийн суурь эмгэг  — Гипертензи, чихрийн шижин нь хамгийн түгээмэл тохиолдох жирэмсний хүндрэл үүсгэдэг эмгэгүүд. Өнгөрсөнд, эдгээр эмгэгүүд амьгүй төрөлтөнд онцгой нөлөөлдөг хүчин зүйл байсан боловч өвчний хяналт сайжирсантай холбоотой учрах аюул буурсаар байна.

Өмнөх жирэмслэлтийн түүх  — Ургийн өсөлт баригдах, дутуу төрөх, амьгүй төрөх зэрэг бүгдээрээ дахин үүсэх эрсдэлтэй буюу зуршил болох боломжтой.

Амьгүй төрөлт дахин тохиолдох эрсдэл эрүүл жирэмслэлтийг бодвол 2 – 10 дахин өндөр байдаг.

Picture1

Хүснэгт 2. Амьгүй төрөлтийн тохиолдолд аутопсийн шинжилгээ хийх нь

Урьдчилан сэргийлэх төлөвлөгөө  — Амьгүй төрөлтийг системтэй бууруулах хамгийн сайн нотлогдсон 10 аргыг хэрэгжүүлснээр дэлхий дахинд амьгүй төрөлтийн тохиолдлыг ихээхэн бууруулах юм. Үүнд:

  1. Фолийн хүчлийг жирэмсэн болохоор төлөвлөсөн болон жирэмсэн үед тогтмол уух
  2. Цусан суулга өвчнөөс сэргийлэх
  3. Тэмбүү өвчнийг илрүүлж, эмчлэх
  4. Гипертензийн эмгэгийг эрт илрүүлж зөв менежмент хийх
  5. Чихрийн шижинг эрт илрүүлж зөв менежмент хийх
  6. Ургийн өсөлт баригдах эмгэгийг илрүүлж тохирсон менежмент хэрэгжүүлэх
  7. Илүү тээлттэй төрөлтийг (≥41долоо хоног) илрүүлж, сэдээлт өгч төрүүлэх
  8. Төрлөгийг чадварлаг удирдах баг бүрдүүлж ажиллах
  9. Жирэмсний яаралтай суурь тусламжийг үзүүлэх чадварыг хамт олон эзэмшсэн байх
  10. Жирэмсний лавшруулсан яаралтай тусламж үзүүлэх чадварыг хамт олон эзэмшсэн байх

Жирэмсний хяналт — Эмэгтэйн ерөнхий эрүүл мэндийг сайжруулах, тухайлбал фолийн хүчлээр хангах, хооллолт биеийн жингийн зөвлөгөө өгөх, тамхидалтаас зайлсхийлгэх, зохисгүй эмийн хэрэглээг зогсоох, архи хэрэглүүлэхгүй байх зэрэг нь амьгүй төрөлтөөс сэргийлэхэд чухал ач холбогдолтой.

Хүн амд суурилсан судалгаагаар, ургийн эндэгдэлийн 50% нь жирэмсний тээлтийн наснаасаа бага жинтэй эсвэл ихсийн ховхролтой холбоотой байжээ. Энэ нь уг хоёр эмгэгийн эрсдлийг үнэлж, зохистой менежмент хийх нь амьгүй төрөлтийг бууруулах чухал нөлөөтэйг харуулж байна. Ургийн өсөлт, ихсийн хөгжлийг түгээмэл хэрэглэгдэх хэт авиан шинжилгээгээр бүрэн хянах боломжтой.

Пренаталь оношилгоо — г сайжруулан хөгжүүлэх нь амьгүй төрөлтийг ихээхэн бууруулна. Жирэмсний үед тохиолддог гаж хөгжил, хромосомын шалтгаан морфологийн өөрчлөлтүүдийг бүрэн хянах боломжтой.

Төрөхийн өмнөх үед ургийг хянах, жирэмсний тээлтийн хугацаандаа төрөхийг хянах — Онолын хувьд энэ нь боломжой зүйл гэж үздэг. Үүний тулд өнгөт Допплер велосиметр /Doppler velocimetry/ – г ашиглах хэрэгтэй. Орчин үед аливаа эмгэгийг оношилох шаардлагатай тоног төхөөрөмжүүд байнга нээлтээ хийсээр байгаа бөгөөд гагцхүү эмч хэрхэн ухаалаг, зөв ашиглах нь л чухал болоод байна.

Америкийн Жирэмслэлт, Эмэгтэйчүүд судлалын Коллежоос жирэмсний тээлтийн 32 – 34 долоо хоногтойд ужиг дуртгалтай эхчүүдэд төрөхийн өмнөх үеийн хяналтыг хийхийг зөвлөж байна. төрөхийн өмнөх хяналтыг өмнөх амьгүй төрөлт тохиолдсон жирэмсний тээлтийн хугацаанаас 7 – 14 хоногийн өмнө хийх хэрэгтэй.

Эмчийн баримтлах менежмент

  1. Эмчийн хяналтанд анх удаа үзүүлэхээр ирэх үед:
  • Өвчний болон жирэмсний түүхийг нарийвчлан цуглуулах
  • Өмнөх амьгүй төрөлтийн талаар мэдээлэл авч ярилцах, үнэлгээ хийх
  • Амьгүй төрөлт дахин тохиолдож болох эрсдлийг тооцох
  • Тамхи татдаг бол түүнийг зогсоох
  • Тарган эмэгтэй бол жингээ бууруулахыг зөвлөх (зөвхөн санал болгох, шаардахгүй)
  • Хэрвээ гэр бүлд генетикийн асуудал байдаг бол генетикийн шинжилгээ өгүүлэх /эмгэггүй байсан ч урьдчилан сэргийлэх үүднээс энэ шинжилгээг хийх нь зөв/
  • Чихрийн шижинг илрүүлэх, хянах
  • Тромбофилиа байгаа эсэхийг шинжил: антифосфолипид антибоди илрүүлэх (зөвхөн онцгой шаардлагатай үед)
  • Дэмжих, тайвшруулах, зөвлөх
  1. Эхний триместер
  • Хэт авиан шинжилгээ хийх
  • Эхний триместерийн хяналт: жирэмслэлт – хамааралт ийлдсийн уураг – А /pregnancy-associated plasma protein A/, хүний хорионы гонадотропин, nuchaltranslucencya
  • Дэмжих, тайвшруулах, зөвлөх
  1. 2 дахь триместер
  • Жирэмсний тээлтийн 18 – 20 долоо хоногтойд ургийн анатомийн хөгжлийг хэт авиан шинжилгээгээр хянах
  • Эхийн ийлдсийн шинжилгээ хийх (дөрвөлсөн шинжилгээ) эсвэл зөвхөн альфа – фетопротейн үзэх
  • Дэмжих, тайвшруулах, зөвлөх
  1. 3 дахь триместер
  • Жирэмсний тээлтийн 28 долоо хоногийн дараа ургийн өсөлтийн байдалд үнэлгээ өгөхөөр хэт авиан шинжилгээний хяналт хийх
  • Kick counts starting at 28 weeks
  • Жирэмсний тээлтийн 32 долоо хоногтой үеэс эсвэл өмнөх амьгүй төрөлт тохиолдсон хугаацаанаас 7 – 14 хоногийн өмнөөс төрөхийн өмнөх ургийн тандалт /Antepartum fetal surveillance/ хийж эхлэх
  • Дэмжих, тайвшруулах, зөвлөх
  1. Төрөлт
  • Жирэмсний тээлтийн хугацаа 39 долоо хоног хүрмэгц сэдээлтээр төрлөгийг удирдах
  • Амниоцинтезийн шинжилгээгээр ургийн уушигны хөгжил гүйцсэн гэж үзвэл жирэмсний тээлтийн 39 долоо хоногоос өмнө төрөлтийг шийдэж болно.

Ургийн хөдөлгөөнийг хянах  — Ургийн хөдөлгөөн буурах нь жирэмсний төгсгөл сөргөөр явагдах, амьгүй төрөлт үүсэх эрсдэл бийг харуулж байдаг. Ургийг энэ үед нь хянаж чадвал амьгүй төрөлт үүсэхээс сэргийлж болно.

Жирэмсний тээлтийн хугацаанд төрүүлэх  — Амьгүй төрөлт жирэмсний төгсгөлд /ялангуяа жирэмсний тээлтийн 38 долоо хоногийн дараагаас/ илүүтэй тохиолддогыг судалгаанууд харуулсаар байна. Амьгүй төрөлт 37 долоо хоногтой үед 1:2000, 42 долоо хоногтой үед 1:500, 43 долоо хоногтойд 1:200 тохиолддог байна. Онолын хувьд эхийг жирэмсний тээлтийн хугацаанд төрүүлэх менежмент хийх нь зарим амьгүй төрөлтөөс сэргийлэх боломж олгоно гэж үздэг.

Төрөх хугацаанд төрүүлэхийн тулд эмийн сэдээлт шаардлагатай. Чухамдаа, энэ талаар хангалттай эх сурвалж үгүй байна. Гэвч, илүү тээлт үүссэн, чихрийн шижинтэй, нэг амнион бүрхүүлтэй ихэр гэх мэт тохиолдлуудад төрөлтийг сэдээх нь ач холбогдолтой байж магадгүй юм.


Эх сурвалж:

  1.  Uptodate.com “Incidence, etiology, and prevention of stillbirth”  | This topic last updated: Feb 11, 2013.
  2. Williams Obstetrics 24th edition

 

 

1 Comment

  • Khatgal hospital

    bayarlalaa

    17/11/2015 14:05