Цусан суулга буюу шигелла халдвар

Хүүхэд судлал
Мягмарсүрэн Namuun bolor-erdene

Зуны дэлгэр цагтай зэрэгцэн хүүхдийн дунд элбэгшдэг гэдэсний халдварт өвчний нэг нь цусан суулга буюу дизентри юм.

Цусан суулга өвчний эмнэлзүй, эмгэг жам, шалтгаан судлалын талаар илүү дэлгэрэнгүй мэдээллийг энд дарж уншина уу.

Эмнэлзүйн шинж: Шигелла зүйлийн эмгэг төрөгчид бүдүүн гэдсэнд анхдагчаар халдварлаж усархаг эсвэл шингэн суулгах шинжээр илрэхдээ биед ямар ч өөрчлөлтгүй эсвэл өндөр халуурах, хэвлийгээр базлаж өвдөх, ойр ойрхон суулгах, салсархаг эсвэл цустай юм уу цусгүй суулгахтай хавсран өргөн цар хүрээгээр илэрдэг. Шигелла цусан суулга серотип 1 эмгэгтөрөгчийн шалтгаантай бол өвчин илүү хүнд илэрч үжил, псевдомембрант колит (pseudomembranous colitis), хорт мегаколон (toxic megacolon), гэдэс цооролт, цус задрал, цус задрал – уремийн синдром (ГУС) – (hemolytic-uremic syndrome (HUS)) зэргээр хүндэрдэг.

Баасанд цус илрэхээс гадна бодит үзлэгээр дараах шинжүүд илэрнэ:

  • Хэвлийн өвдөлт
  • Халууралт
  • Таталт
  • Унтаарах
  • Шингэн алдалт
  • Шулуун гэдэс урвах (recal prolapse)

Өндөр хөгжилтэй орнуудад цусан суулга өвчний Shigella dysenteriae type 1 үүсгэгч ховор тохиолдох болжээ. Хүүхдийн нас бага байх тусам ерөнхий таталт илэрч болохыг тэмдэглэсэн байдаг ч үүний эмгэг жам, тохиолдлын давтамж тодорхойгүй ба хэт их халууралт, эрдэслэгийн хямралтай холбож тайлбарладаг. Шигеллийн төрлийн үүсгэгч төдийгүй гэдэсний бусад эмгэг төрөгчийн шалтгаант септикеми ховор таардаг. Гэхдээ нярай, хүнд тураалтай хүүхдэд септикеми тохиолдож болно. Ховор тохиолдолд үрэвсэлт артритаар хүндэрч болох ба шигеллээр өвдсөнөөс хойш хэдэн долоо хоногийн дараа, ялангуяа HLA-B27 генотиптэй хүмүүст илрэх нь бий.

Шалтгаан судал: Шигелла нь Энтеробактерийн бүлийн факультив аэроб, грам – сөрөг савханцар. Дөрвөн зүйлийг (40 гаруй серотиптэй) нээн илрүүлсэн. 2012 оны мэдээгээр АНУ – д шигелла ялган өсгөвөрлөхөд 81% Shigella sonnei, 17% Shigella flexneri, 1% Shigella boydii, 1% – аас багад бусад зүйл ургажээ (www. cdc.gov/narms/reports/index.html). Харин нөөц – хязгаарлагдмал бүс нутагт, ялангуяа Африк, Азид Shigella flexneri ноёлох ба Shigella dysenteriae дэгдэлт маягаар тохиолддог. Шигеллээс ялгарах шига хор (Shiga toxin) бүдүүн гэдэсний салстыг гэмтээж жижиг судас, бөөрийг гэмтээн гемолитик – уремик хамшинж буюу ГУС үүсгэдэг.

Тархварзүй: Шигелла эмгэг төрөгчдийн байгалийн эзэн бие нь хүн боловч зарим зүйлийн сармагчин мөн халдварт өртдөг. Халдвар дамжих үндсэн зам нь өтгөн мөрийн зам боловч гадаргуу, бохирлогдсон хоол хүнс, бэлгийн замаар дамжих нь ч бий. Ялаа халдвар дамжуулах гол хүчин зүйл болдогийг санууштай. Ердөө 10-хан ширхэг эмгэг төрөгч биед нэвтрэхэд л өвчин үүсэх боломжтой. Шигелла усанд 6 – аас дээш сар, хүнсэнд 30 гаруй хоног амьдрах чадвартай. 5 хүртэлх насны хүүхэд, тэдний асран хамгаалагчид, эрэгтэй хүнд бэлгийн харилцаанд ордог эрэгтэйчүүдийн дунд халдварлах эрсдэл өндөр.

Эрүүл ахуйн тогтолцоо сайн хангагдаагүй бүс нутагт аялах нь аялагчдыг халдварлуулах эх сурвалж болдог. Эмгэг төрөгчийн эсрэг эмчилгээ хийгээгүй байсан ч зөөвөрлөгч хүн 1 – 4 долоо хоногийн дараа эдгэрч удаан хугацаанд тээгч байх нь ч түгээмэл биш. Нууц хугацаа 1 – 7 хоног, ихэнхдээ 1 – 3 хоног байдаг.

Оношилгоо: Баасанд эмгэг төрөгч илрүүлэх нь гол арга ба баасан даруй дээж авах нь мэдрэг чанарыг нэмэгдүүлдэг. Метилен хөхөөр будахад лактоферрин (баасны лейкоцит) илрэх нь колитийг оношлох мэдрэг шинж боловч шигеллад өвөрмөц биш. Бактереми ховор ч хүнд өвдсөн, дархлаа дарангуйлагдсан, хүнд тураалтай өвчтөнд цусны ариун чанар үзнэ. Бусад төрлийн PCR тестүүд байдаг ч тэр бүр хийгддэггүй. Гэдэс чихэлдэлт гэх мэт мэс заслын өвчнөөс ялган оношилно.

Эмчилгээ: Хүнд шингэн алдалт ховор ч шингэн алдалтыг засч, эрдэслэгийг нөхнө. Уулгаж шингэн нөхөх нь чухал. Эмгэг төрөгчийн эсрэг эмчилгээ нь суулгалтын хугацааг богиносгох, эмгэг төрөгчийг устгахад ямар нэг байдлаар үр дүнтэй.

Ихэнх хүүхдийг гэрээр эмчилж болно.

Эмнэлэгт хэвтүүлэх:

  • Нярай (<2 сар)
  • Өвчин хүнд явцтай, унтаарсан, гэдэс дүүрсэн, цочромхой эсвэл татсан
  • Эмнэлэгт хэвтэх шаардлагатай бусад нөхцөлүүдтэй

АНУ – д хийсэн 2012 оны судалгаагаар Шигеллийн зүйлийн 25% орчим нь ампициллинд, 43% триметоприм/сульфаметоксазолд (ко-тримаксозол), 4% азитромицинд, 2% ципрофлоксацинд, 1.1% цефтриаксонд тус тус тэсвэртэй байжээ (www.cdc.gov/ narms/reports/index.html).

  • Шигеллийн төрөлд азитромицины мэдрэг чанарыг тэр бүр тодорхойлдоггүй ч АНУ – ын хувьд азитромицинд тэсвэртэй шигелла орчиж байдаг нь судалгаанаас харагдана.
  • Ципрофлоксацин (15 мг/кг өдөрт 2 удаа 3 хоног), цефтриаксонд (булчин эсвэл судсанд 50-80 мг/кг/хоног 3 хоног хүнд өвчтэй хүүхдэд эсвэл хоёрдугаар сонголтоор) тэсвэртэй байдал дэлхий дахинд нэмэгдсээр байна.
  • Цефтриаксоныг 2 – 5 хоног, ципрофлоксацин 3 хоног, азитромициныг 3 хоног хэрэглэхийг зөвлөж байна.
  • Насанд хүрэгчдэд уудаг цефалоспорин (жишээ нь: цефиксим) үр дүнтэй нь нологдсон.
  • Суулгалтын эсрэг эмчилгээ эсрэг заалттай. Эдгээр нь өвчний явцыг удаашруулж, хүндрэл үүсэхэд нөлөөлдөг.
  • Витамин А (200 000 IU), цайр (10 эсвэл 20 мг 14 хоног уух) хэрэглэх нь өвчин хурдан илааширхад тустай.

Эмнэлэгт хэвтсэн өвчтөнийг тусгаарлах: Халдвар – хамгааллын ерөнхий арга хэмжээнээс гадна өвчтөнийг тусгаарлах нь үр дүнтэй. Гар угаах нь халдварыг бууруулах хамгийн чухал, цорын ганц хүчин зүйл мөн. Бохирлогдсон живх халдварын эх уурхай болохыг анхаарах хэрэгтэй. Эрүүл ахуйн дэглэмийг сайжруулах, цэвэр усны хангамж найдвартай болох, хоол хүнс боловсруулах, хадгалах зохистой дэглэм, ялаа устгалын арга хэмжээг хэрэгжүүлж халдварын эх уурхайг таслан зогсооно. Усан сангийн үйл ажиллагаа эрхэлдэг байгууллагууд үйлчлүүлэгчдийг шинжилгээнд сайн хамруулсны дараа хичээллэхийг зөвшөөрөх хэрэгтэй. Хөхөөр хооллох нь нялхсыг эмгэг төрөгчөөр хамгаалдаг.

Урьдчилан сэргийлэх үзлэг эсвэл тандалтаар баасанд эмгэг төрөгч илэрсэн бол эмчилгээ хийлгэж баасанд багадаа 2 удаа эмгэг төрөгч илрээгүй нөхцөлд ердийн амьдралдаа эргэж орж болно.


Эх сурвалж:

  1. WHO, Hospital care for children, 2013
  2. American Academy of Pediatrics, Red Book, 2015, Report of the Committee on Infectious Diseases