Хүүхдийн цочмог суулгалт (Үндсэн ойлголт)

Мэс засал
Orgilbold bayartsogt

 

Суулгалт гэдэгт шингэн буюу усархаг баах, буюу хүүхдийн өтгөнөө гаргах давтамж их болохыг хэлдэг бөгөөд бараг бүх хүүхдийн амьдралын аль нэг үед тохиолдсон байдаг. Суулгалт нь нийтлэг тохиолддог ч ноцтой байх ховор ч тусламж хүсэх үед ойлгох нь чухал юм. Суулгалтын улмаас хүүхдийн электролитын тэнцвэр алдагдаж, усны тэнцвэр өөрчлөгдөхүйц шингэн алдалтанд хүрэх боломжтой. Энэ үед эмчилгээ хийгээгүй тохиолдолд ноцтой байдал бий болдог.

Суулгалтын тодорхойлолт

Өтгөний хэвийн давтамж болон тогтоц хүүхдийн нас болон хоол, тэжээлээс хамаарч янз бүр байдаг учраас суулгалтын тодорхойлолт янз бүр байна.

Давтамж

Нэг нас хүртэлх насны хүүхдүүд эхний саруудад (young infant) өдөрт 3-10 хүртэл удаа өтгөнөө гаргах нь хэвийн хэдий ч энэ нь хүүхдийн хооллолтоос (хөхний сүү ба томъёо, хөхөөр хооллож буй хүүхэд илүү олон удаа өтгөнөө гаргадаг) хамаарч янз бүр юм. Харин нэг нас хүртэлх хүүхдүүд сүүлийн саруудад (older infant), явж сурч буй нас (toddler), болон түүнээс дээш насны (children) хүүхдүүд хэвийн үедээ өдөрт 1-2 удаа өтгөнөө гаргадаг. Тэгвэл суулгалт гэдэг нь нэг хүртэлх насны хүүхдийн хувьд өдөрт хэдэн удаа баадаг, түүнээсээ 2 дахин олон давтамжтай баахыг, харин нэгээс дээш насны хүүхдүүдийн хувьд өдөрт 3 буюу түүнээс олон удаа эсвэл усархаг шингэн баахыг хэлнэ.

Тогтоц ба өнгө

Хүүхдийн өтгөний тогтоц болон өнгө нь наснаас хамаарч өөр байх тул хэвийн эсэхийг тогтоохдоо насыг онцгой анхаарах нь чухал. Нэг хүртэлх насны хүүхдүүд эхний саруудад ялангуяа хөхөөрөө хооллодог хүүхдүүд үргэлж зөөлөн тогтоцтой баас гаргадаг. Тэдний баас нь шар, ногоон, бор өнгөтэй байх болон/эсвэл жижиг ээдмэнцэртсэн харагдаж болно.

Бүх хүүхдийн баас нь тэдний хэрэглэж буй хүнснээс хамаарч янз бүр байж болно. Гэвч баас нь шингэн, усархаг, эсвэл салст агуулсан байх нь анхаарал татах өөрчлөлт тул хянах хэрэгтэй. Харин цустай эсвэл хар баас гарвал энэ нь хэзээ ч хэвийн үед гардаггүй тул эмнэлэгт үзүүлэх шаардлагатай.

Үргэлжлэх хугацаа

Суулгалтын удаан хугацааны өгүүлэмжтэй (нэг долоо хоног буюу түүнээс удаан) байвал цочмог суулгалтаас (нэг долоо хоногоос бага хугацаанд) ялгаатай шинжилгээ, эмчилгээ хийдэг.

Суулгалтын шалтгаан

Суулгалтын хамгийн нийтлэг шалтгаан нь вирусын халдвар байдаг. Бусад шалтгаанд бактерийн халдвар, антибиотикийн гаж нөлөө, болон ходоод-гэдэстэй хамааралтгүй халдвар багтдаг. Мөн суулгалтын хэд хэдэн ховор шалтгаан байдаг.

Вирус, бактери, шимэгчийн халдвар бүгд хүнээс хүнд халдварладаг боловч халдварын тархалтаас урьдчилан сэргийлэх бүрэн боломжтой.  Хүүхдийн удаан хугацааны суулгалтыг хүнээс хүнд дамжсан халдварын шалтгаантай гэж үздэг. Гэхдээ үүсгэгчээс хамаарч халдвар тээгч зовиургүй эсвэл маш бага зовиуртай ч эмнэлзүй арилснаас хойш хэдэн долоо хоног, хэдэн сар, хэдэн жил халдвар тараах боломжтой. Суулгалтыг үүсгэж буй үүсгэгчийн халдвар гараас ам руу дамждаг тул гараа угаах, гараараа хөлөө барихгүй байх, өтгөнөө зайлуулах нь гэр бүл дотор болон бусад хавьтагчдад халдварлах/халдвар авахаас урьдчилан сэргийлэх хамгийн чухал юм.

Вирусын халдвар – Вирусын халдвар өвлийн улиралд хүүхдийн суулгалтын хамгийн нийлэг шалтгаан болдог. Вирусын халдварын үеийн зовиурт усархаг суулгалт, бөөлжилт, халууралт (100.4ºF буюу 38.0ºC –аас өндөр), толгой өвдөх, гэдэс базлах, хоолны зуршил үгүй болох, булчингаар өвдөх багтана.

Вирусын халдвар авсны дараах 12 цагаас 4 өдрийн дараа зовиур илэрч эхэлдэг ба 3-7 өдрийн дараа эдгэрдэг. Тиймээс вирусын халдварын улмаас суулгаж буй хүүхэд дэмжих эмчилгээ (амаар шингэн нөхөх, хоолны дэглэм, амралт) сайн авдаг. Эмнэлзүй нь бөөлжилт давамгайлан илэрч байвал Norovirus –р үүсгэгдсэн гастро-энтерит байдаг бөгөөд бөөлжилтийн эсрэг эмчилгээг амаар шингэн нөхөх эмчилгээтэй хамт хүүхдэд бичиж өгөх нь зүйтэй.

Бактерийн халдвар – Зарим тохиолдолд бактерийн халдварыг вирусын халдвараас ялган оношлоход бэрх байдаг билээ. Тэгвэл аюулгүй бус бохир усыг ахуйн болон хүнсэндээ хэрэглэдэг бүсэд бактерийн халдвар илүү нийтлэг тохиолддог. Бактерийн халдварын үед хүүхэд суулгаж, байнга өндөр халуурах (40ºC буюу 104ºF –с дээш) бөгөөд баас нь цустай эсвэл салст агуулсан байх нь илүү нийтлэг. Бактерийн халдварын шалтгаант суулгалттай ихэнх хүүхдэд антибиотик эмчилгээ хийх шаардлагагүй бөгөөд хэсэг хугацааны дараа болон дэмжих арга хэмжээнд сайжирдаг, гэхдээ хүүхдийн биеийн байдлаас хамаарч шаардлагатай тохиолдолд антибиотик болон бусад эмчилгээг хийдэг.

Шимэгчийн халдвар – Аюулгүй бус бохир усыг ахуйн болон хүнсэндээ хэрэглэдэг бүсэд шимэгчийн халдвар илүү нийтлэг тохиолддог. Хөгжсөн орнуудад ховор боловч хөгжиж буй орнуудад амьдардаг эсвэл хөгжиж буй орнууд руу аялсан буюу бохирдсон ус ойрын хугацаанд хэрэглэсэн хүүхдэд тохиолдох боломжтой. Хүүхэд шимэгчийн халдвар авснаас хойш хэдэн долоо хоногоос хэдэн сарын дараа суулгалт илэрч болно.

Антибиотикын хэрэглээтэй холбоотой суулгалт – Антибиотикын замбараагүй хэрэглээ нь хүүхэд болон насанд хүрэгчдэд аль алинд нь суулгалтын шалтгаан болж байна. Антибиотикын хэрэглээтэй холбоотой суулгалт үргэлж хөнгөн тохиолддог бөгөөд шингэн алдалт эсвэл туралт үүсгэдэггүй. Ихэнх тохиолдолд антибиотик эмчилгээг таслах, зогсоох шаардлагагүй бөгөөд антибиотик хэрэглэхээ больсноос 1-2 өдрийн дараа өөрөө аяндаа хэвийн болдог, мөн хүүхдэд хоолыг өөрчлөх хэрэггүй. Хэрвээ хүүхэд хүнд зэргээр суулгах, баасанд цус байх, антибиотик хэрэглээг зогсоосны дараа эргэн хэвийн болохгүй байгаа бол эмчид хандах хэрэгтэй.

Суулгалтын оношилгоо

Суулгалттай хүүхэд эмнэлэгт үзүүлэхээр ирсэн хүүхдийг оношлохдоо асуумж, бодит үзлэг, болон шинжилгээг харгалзах шаардлагатай. Зарим тохиолдолд гэдэстэй хамааралгүй (тухайлбал чихний халдвар) халдварын шалтгаантай байдаг тул үзлэгийг бүрэн хийх хэрэгтэй.

Untitled-2

Зураг №1: Суулгалтын зарим шинжүүд

Суулгалтын шалтгаан, шингэн алдалтын хүндийн зэргийг тодорхойлоход хэдхээн шинжилгээ хийх боломжтой ч ихэнх хүүхдэд шинжилгээ хийх шаардлагагүй байдаг.

Суулгалтын үед гэрт авах арга хэмжээ

Суулгалттай хүүхдэд гэрийн нөхцөлд авах тусламжийн зарим энгийн зөвлөмжийг доор тусгав.

Хоол хүнсний зөвлөгөө – Суулгалттаай хүүхдэд оновчтой хоол өгөх талаар аман яриа болон андуурал их байдаг. Харин олон судалгаагаар үр дүнтэй нь харагдсан зөвлөмжийг 1990 оноос хойш мөрдөж ирсэн.

Эмч ямар нэг эмчилгээг бичээгүй, уулгалттай шингэн алдалтгүй хүүхдэд хооллолтыг жигд үргэлжлүүлэх, хөхөөрөө хооллодог хүүхдэд хөхийг үргэлжлүүлэн хөхүүлэх нь зүйтэй. Шингэн алдалттай хүүхдэд шингэн нөхөх шаардлагатай бөгөөд тохирох шингэнийг амаар уулгана (ихэнхдээ физиологийн уусмал). Шингэн нөхөж эхлэхийн зэрэгцэээ ердийн хооллолтыг үргэлжлүүлнэ.

Тогтмол хооллох боломжтой хүүхдэд санал болгож буй тусгай зөвлөгөөнд:

  • Суулгалттай ихэнх хүүхэд сүү сүүн бүтээгдэхүүнд мэдрэг бус байдаг. Тиймээс сүү, сүүн бүтээгдэхүүнд мэдрэг гэсэн өгүүлэмжгүй тохиолдолд сүү, сүүн бүтээгдэхүүн хэрэглэхээс зайлсхийх шаардлагагүй
  • Хоолыг нүүрсус (цагаан будаа, улаан буудай, төмс, талх), өөхгүй мах, тараг, жимс, болон хүнсний ногоо агуулсан, баялаг өгнө. Өөх тос их агуулсан хоол муу боловсордог тул өгөхөөс зайлсхийх нь зүйтэй
  • Тэжээлийн бодисын хангалтгүй байдлыг (калор/уураг) үүсгэдэг BRAT хооллолт (bananas, rice, applesauce, toast) эсвэл цэвэр шингэнийг хүүхдийн хооллолтонд хязгаарлах шаардлагагүй. Хэрвээ хэдэн өдрийн турш зөвхөн цэвэр шингэн өгвөл суулгалт илүү удаан үргэлжлэх болно (“өлсгөлөнгийн суулгалт” гэж нэрлэдэг).
  • Сахар өндөр хэмжээгээр агуулдаг алим, лийр, интоорын жүүс, болон бусад жимсийг хэрэглэхээс зайслхийх хэрэгтэй. Мөн спортын ундаа маш их сахар болон электролитыг суулгалттай өвчтөнд тохиромжгүй хэмжээгээр агуулдаг учраас мөн хэрэглэхээс зайлсхий нь зүйтэй. Хэрвээ цэвэр шингэн уулгах бол шингэн нөхөх зорилгоор тусгайлан бэлдэж худаалдаг шингэнийг амаар уулгахыг зөвлөдөг.

Шингэн алдалтыг хяна

Хөнгөн зэргийн шингэн алдалт суулгалттай хүүхдэд үүсдэг. Хөнгөн зэргийн шингэн алдалтын шинж тэмдэг болон зовиурт: бага зэрэг ам хуурайших, цангах, шээсний гарц буурах багтана. Дунд болон хүнд зэргийн шингэн алдалтын нийтлэг онцлог шинжид шээсний гарц илэрхий багасах, уйлахад нь нулимс нь гарахгүй байх, нүд нь хонхойх багтдаг (хүснэгт 1).

Хүснэгт №1

Хүснэгт №1

Амаар шингэн нөхөх эмчилгээ – Амаар шингэн нөхөх эмчилэгээ нь венийн судсаар шингэн сэлбэснээс аюулгүй, үнэ багатай, хялбар тул боловсруулж зөвлөсөн байдаг. Бөөлжилттэй болон суулгалттай хүүхэд глюкоз (сахар), эрдэс (натри, кали, хлорид) –ээ алдддаг тул амаар шингэн нөхөх уусмал нь эдгээрийг агуулдаг.  Шингэн нөхөх уусмал янз бүр байх боломжтой. Эцэг эхчүүд шингэн нөхөх уусмалыг сонгохын өмнө эмчид үзүүлсэн байх нь зүйтэй.

Шингэн нөхөх эмчилгээ нь суулгалтыг эмчилдэггүй, харин шингэн алдалтын эмчилгээтэй хавсарснаар эмчилгээний үр дүнг сайжруулдаг. Желатин, цай, будааны шүүс, цэвэр жүүс, болон бусад ундааг суулгалттай хүүхдийн шингэн нөхөх эмчилгээний зорилгоор хэрэглэхийг зөвлөдөггүй.  Тиймээс эцэг эхчүүд шингэн нөхөх уусмалыг өөрсдөө бэлтгэх гэж оролдох хэрэггүй бөгөөд учир нь түүнийг бэлтгэх тохирсон томъёог ашиглаж үйлдвэрлэдэг.

Бөөлжиж, суулгаж байгаа эсвэл хоолонд дургүй байгаа хөнгөн зэргийн шингэн алдалттай хүүхдэд гэрт шингэн нөхөх уусмалыг хэрэглэх боломжтой. Хэрвээ шаардлагатай бол 3-4 цагаас илүү хугацаанд халбагаар, лонхоор, эсвэл аягаар бага хэмжээтэй, ойрхон давтамжтайгаар шингэн нөхөх уусмалыг өгнө. Хүүхдэд амаар шингэн нөхөхдаа тусгай аргыг хэрэглэх боломжтой. Нэгэн аргыг доор тусгав:

  • Эцэг эхчүүд энгийн аяга халбаганаас илүүтэй стандартжуулсан хэмжээтэй аяга, халбага, эсвэл тариурыг ашиглаж эхлээд нийт өгөх шингэнийг хэмжсэний үндсэн дээр өгөх нь зүйтэй
  • 4 цагийн турш өгөх шингэний нийт хэмжээг хүүхдийн жингийн киллограм тутамд 50 миллилитер (паунд тутамд 5 цайны халбага) гэж тооцон гаргана. Өөрөөр хэлбэл 9 кг жинтэй хүүхдэд 450 мл шингэнг 4 цагийн турш өгнө гэсэн үг юм. Үүнд: 4 кг – 200 мл, 6 кг – 300 мл, 8 кг – 400 мл, 10 кг – 500 мл, 12 – 600 мл, 14 – 700 мл, 16 – 800 мл, 18 кг-д 900 мл (хүүхдийн биеийн жин – 4 цагийн турш өгөх шингэний хэмжээ) шингэнг 4 цагийн турш уулгана
  • Шингэнийг цайны халбагаар (нэг цайны халбаганд ойролцоогоор 5 мл шингэн орно) 1-2 минут тутамд буюу ууж чадаж байгаа үед нь өг
  • Нийт шингэнийг өгсний дараа ердийн хооллолтыг үргэлжлүүл

Шингэн нөхөх эмчилгээг уулгасны дараа бөөлжих эсвэл шингэн уух дургүй байгаа хүүхдийн шингэн алдалт хүндрэхвий гэж ойр ойрхон хянаж байх нь зүйтэй. Шингэн алдалтгүй хүүхдийг шингэн алдалтаас сэргийлж бөөлжилт бүрийн дараа шингэн нөхөх уусмалыг уулгана.

Эмийн эмчилгээ

Эмийн эмчилгээнд тухайлбал антибиотик болон суулгалтын эсрэг эмийн бэлдмэлүүд суулгалттай хүүхэд эсвэл нярайд аюултай байх боломжтой тул ерөнхийдөө хэрэглэх шаардлагагүй. Ховор тохиолдолд, өвөрмөц үүсгэгчээр үүсгэгдсэн бактерийн халдварыг хүчтэй сэжиглэсэн бол эсвэл нотлогдсон бол ялангуяа саяхан аяллаар явсны дараа эмнэлзүй илэрсэн бол антибиотик хэрэглэж болох юм. Антибиотикын зохисгүй хэрэглээ суулгалтыг байдлыг сайжруулахгүй. Харин антибиотикын гаж нөлөө хүүхдэд илэрч, мөн антибиотик тэсвэртэй нянг үүсгэнэ.

Суулгалтын эсрэг бэлдмэлүүд (имодиум гэх мэт) -ийн ач тус нь эрсдлээсээ бага тул хүүхэд болон нярайд хэрэглэхийг зөвлөдөггүй. Суулгалтын эсрэг бэлдмэлүүдийг хэрэглэж буй үеийн нэг эрсдэл нь хүндэрч буйг илтгэх зовиурыг далдалснаар эмчилгээ, оношилгоо хожимдох аюултай.

Пробиотик – Ашигтай бактериудыг пробиотик гэж нэрлэдэг бөгөөд эдгээр нь суулгалтын үргэлжлэх хугацааг бууруулахад тусалдаг (ойролцоогоор 12-30 цаг) байна. Энэхүү эмүүдийн заримыг нь жоргүй олгодог. Эдгээрийн ач тус нь бага боловч өндөр үнэтэй тул шалтгаангүйгээр хэрэглэнэ гэсэн үг биш юм.

Урьдчилан сэргийлэлтийн хүрээ – Суулгалттай хүүхдүүдийн эцэг эхчүүд өөрсдийгөө, гэр бүлийнхнээ, найү нөхдөө халдвар авахаас зайлсхийж анхааруулах нь зүйтэй. Суулгалттай хүүхдийг эдгэртэл нь сургууль болон цэцэрлэгт нь явуулахгүй байх, гарыг тогтмол угаалгах, гар угаагч хэрэглэх зэрэг цөөн аргаар халдварт өртөх хүүхдийн тоог хязгаарлах болно.

Ахуйн ариун цэвэр – Халдварын тархалтанд өртөхгүй байх буюу зогсоох маш үр дүнтэй бөгөөд чухал арга бол гараа тогтмол угаах юм. Гарыг ус болон энгийн эсвэл бактерийн эсрэг үйлдэлтэй савантай гар угаагчаар тус бүр 15-30 секунд үрж угаах нь тохромжтой. Онцгой анхаарах хэсгүүдэд хумсны завсар, хуруу хоорондын салаа, болон бугуйг сайтар угаах хэрэгтэй. Дараа нь гараа цэвэр усаар сайтар зайлж, нэг удаагийн алчуураар хуурайшуулбал илүү үр дүнтэй.

Хэрвээ угаах боломжгүй бол спиртэнд суурьласан гар цэвэрлэгч хоёрдогч сайн сонголт байх болно. Гэвч спиртэнд суурьласан гар цэвэрлэгч нь суулгалтын бүх үүсгэгчээс сэргийлж чадахгүй ( ж нь,Norovirus, Clostridium difficile).

Гарыг живх сольсны дараа эсвэл ямар нэг бохир зүйлд хүрсний дараа цэвэрлэсэн байх хэрэгтэй. Мөн хоол идэхийн өмнө болон дараа, ариун цэврийн өрөөнд орсны дараа, хогоо цэвэрлэсний дараа, угаалга хийсний дараа, амьтанд хүрсний дараа, болон ханилгасны эсвэл найтаасны дараа гараа угаах нь зүйтэй.

Дараах шинжүүд илэрч буй суулгалттай хүүхдийг эмнэлэгт яаралтай үзүүлж, эмчид хандах шаардлагатай:

  • Цустай суулгах
  • Хэрвээ цөөн хэдэн цагаас илүү хугацаагаар нярай идэж, ууж чадахгүй байгаа бол
  • Дунд болон хүнд зэргийн шингэн алдалттай
  • Сэтгэцийн өөрчлөлт үүнд: унатаарах буюу хариу үйлдэл буурах

 


Эх сурвалж:


Uptodate: “Acute diarrhea in children (Beyond the Basics)” 2015 он

  • Энэхүү сэдэв 2015 оны 7 сарын 14-нд шинэчлэгдсэн.