Элэгний энцефалопатийн эмнэлзүйн шинжүүд

Хүүхэд судлал
Мягмарсүрэн Namuun bolor-erdene

Элэгний энцефалопатийн үед олон тооны өвөрмөц бус мэдрэл – сэтгэцийн шинжүүд илэрдэг. 

Элэгний энцефалопатийн шинжүүдийг Вэст Хавен ангилалын системээр /West Haven classification system/ зэрэглэдэг.

  • Зэрэг 0 – Элэгний минималь буюу бага энцефалопати (элэгний далд энцефалопати гэж нэрлэдэг бөгөөд урьд нь элэгний энцефалопатийн шинжүүд бага зэрэг илэрч байсан өгүүлэмжтэй) үед бие хүний болон зан төлвийн өөрчлөлт тодорхой илрэхгүй, ой тогтоолт, анхаарал төвлөрөлт, ухамсарт үйл, координаци бага зэрэг өөрчлөгдчсөн гарын үзүүр салганалт /asterixis/ илрэхгүй байна.
  • Зэрэг 1 – Ухамсарт байдал бага зэрэг алдагдсан, анхаарал төвлөрөлтийн хугацаа богиноссон, нэмэх хасах гэх мэт тооны энгийн үйлдэл хийж чадахгүй, хэт их унтсан, нойргүйдсэн, эсвэл унтах цагийн хэмнэл өөрчлөгдсөн, хөөрлийн байдалтай, гутарсан эсвэл цочирлын байдалтай, ухаан бага зэрэг балартсан гэвч оюун шаардсан ажилыг гүйцэтгэх чадвартай.
  • Зэрэг 2 – Эмгэг нойртой эсвэл гөлийсөн, орон зайн баримжаагүй, зан төлөв өөрчлөгдсөн, хэл яриа өөрчлөгдсөн, гарын үзүүр чичирсэн, оюуны ажил гүйцэтгэх чадваргүй болсон байна.
  • Зэрэг 3 – Унтаарсан гэвч цочруулд сэрнэ. Оюун шаардсан ажил гүйцэтгэж чадахгүй, орон зай, цаг хугацааны баримжаа алдсан, ухамсарт ухаан илэрхий алдагдсан, ойгүйдэл илэрсэн, хэл яриа ойлгомжгүй болсон байна.
  • Зэрэг 4 – Комд орсон, амьдралын амин эрхтнүүдийн үйл ажиллагаа хямарсан, цочруулд ямар ч хариу урвал үзүүлэхгүй

Зэрэг 0 үед өвчтөнд ой тогтоолт, хэл яриа, бүтэц зохион байгуулалт, хөдөлгөөний чавдар хэвийн байна. Гэвч, анхаарал удаан хугацаанд төвлөрүүлэх чадвар буурсан байна. Машин жолоодох чадвар буурсан байна. Энэ ангилалд багтах өвчтнүүдийн оюун ухааны сорилд эрүүл гарах боловч психометрийн сорилд өөрчлөлттэй гардаг.

Зэрэг 1 үед өвчтнүүд оюуны сорилоор богино хугацааны ой тогтоолт, анхаарал төвлөрүүлэлт  буурсан байдаг. Гэвч энэ зэрэглэлд хамаарах өвчтнүүдийг оношилоход төвөгтэй байдаг. Эдгээр шинжүүд дээр орон зайн баримжаа алдагдах, гар салганах илэрвэл элэгний энцефалопатийн 2 зэрэгт хамруулна.

Элэгний энцефалопатийн 0, 1 зэргийг “covert” буюу “далд”, 2 – 4 зэргийг “overt” буюу “илэрхий” гэж нэрлэдэг.

Бодит үзлэгээр гарын үзүүр  салганах /asterixis/ шинж илрэх нь уреми, уушигны дутагдал, барбитуратын хордлогын үед илэрдэг гэдгийг мартаж болохгүй.

Элэгний энцефалопатитай өвчтний амнаас эвгүй үнэр үнэртдэг “fetor hepaticus”, чихэрлэг үнэр үнэртэх нь меркаптанаар хордсон үед илэрдэг.

Бодит үзлэгээр, амьсгаадсан, биеийн халуун буурсан гэх мэт шинжүүд илэрч болно.

hepatic encephalopathy1

Зураг 1. Элэгний энцефалопатийн шинжүүд

Экстрапирамидийн шинжүүд: тремор, брадикинез, хөшингө, алхалт богиносох буюу паркинсонизм төст алхаа гэх мэт шинжүүд портосистемийн шунттай хүмүүст тодорхойлогддог. Эдгээр шинжүүд нь цусан дахь шүлтийн хэмжээтэй хамааралтай буюу хамааралгүй байна. Харин манганез тархины суурин  зангилаанд хуримтлагдсанаар эдгээр шинжүүд үүсдэг гэж үздэг. Хэдий тийм боловч, “Элэгний энцефалопатийн Паркинсонийн фенотип” – тай өвчтнүүд рифаксиминаар эмчлэхэд үр дүнтэй байжээ.

Портосистемийн шунтын үед үүсэх мэдрэлийн талаас гарах өөр нэг өөрчлөлт нь элэгний миелопати /hepatic myelopathy/ юм. Энэ шинж нь өвчний хүнд хөнгөнөөс хамаарахгүй,  циррозтой өвчтнүүдэд ховор илэрдэг бөгөөд гүрээний судсаар дамжуулан элгэний доторх портосистемийн шунт тавих /transjugular intrahepatic portosystemic shunt (TIPS)/ мэс ажилбар хийлгэсэн өвчтнүүдэд ч илэрч болдог. Өвчтнүүдэд, доод мөчид сулрах, алхахад бэрхшээлтэй байх, парапарез илрэх, гиперрефлекс үүсэх гэх мэт өөрчлөлт гарна. Зарим өвчтнүүдэд эдгээр шинжүүд хурдан явцтай давшингуй тохиолдоно. Элэгний энцефалопатитай өвчтнүүдэд мэдрэлийн дутагдлыг засах эмийн эмчилгээ үр дүнгүй байдаг. Мэдрэлийн талаас гарах эдгээр өөрчлөлтүүд элэг шилжүүлэн суулгах буюу элгэнд үүссэн портосистемийн шунтыг засвал багасах боловч мэдрэлийн талаас  заавал ч үгүй үлдэц үүсгэдэг.

Лаборатор ба багажийн шинжилгээ

Цусны шүвтэр ихсэх нь элэгний энцефалопатийн сонгомол шинж юм. Оюун ухааны талаас өөрчлөлт өгч буй өвчтөнд лабораторын энэ шинжилгээ эерэг гарвал оношийг бүрэн тавих боломжтой. Гэвч, элэгний энцефалопатийг засах эмчилгээ хийлгэж буй өвчтнүүдэд давтан хийх шинжилгээ нь өвчтний эмнэлзүйн засрал, доройтлыг илэрхийлэх эмнэлзүйн ач холбогдол багатай. Циррозтой хэдий ч элэгний энцефалопати илрээгүй өвчтний цусанд шүвтэр үзэх нь мөн л ач холбогдол багатай. Харин артериолд шүвтрийн түвшинг үзэхэд ач холбогдолтой.

Элэгний энцефалопатийн үед илэрдэг ЭЭГ – ийн сонгомол өөрчлөлт нь өндөр – далайцтай, бага – давтамжтай, трипазик долгион гарах юм. Гэвч, энэ өөрчлөлт нь элэгний энцефалопатийн өвөрмөц өөрчлөлт биш. Хэрвээ таталт өгвөл, ЭЭГ хийх нь элэгний энцефалопатитай эсвэл оюун ухаан нь өөрчлөгдсөн хүмүүст ялган оношилгоонд туслах ач холбогдолтой байж болно.

Хараа өдөөх сорил /Visual evoked responses/ элэгний энцефалопатийн үед хэрэглэж болдог шинжилгээний арга хэдий ч эмнэлзүйд түгээмэл хэрэглэдэггүй.

 КТ – ийн шинжилгээ эсвэл СРТ – ийн шинжилгээ нь элэгний энцефалопати оношийх тавихад эргэлзээтэй үед гавлын доторх бусад шалтгаант өөрчлөлтийг илрүүлэхэд ач холбогдолтой. СРТ – ийн T1 – шатанд суурин зангилаанд нягтрал ихэссэн шинж илрэх нь элэгний энцефалопатийн чухал шинж өгдөг давуу талтай.  Энэ өөрчлөлт нь суурин зангилаанд манганаз хуримтлагддагтай хамааралтай илэрдэг байж болзошгүй юм.

Элэгний энцефалопатийн үүсэлтийг түргэсгэх түгээмэл өвчинүүд /Common Precipitants of Hepatic Encephalopathy/

Элэгний энцефалопати оношилогдсон зарим өвчтнүүдэд оюуны байдал хэвийн байдаг, зарим хүмүүст эмчилгээ хийгээд байгаа хэдий ч ой санамжийн доройтол архаг байдлаар алдагдсаар байдаг. Аль ч хэлбэрт байсан эдгээр өвчтнүүд элэгний энцефалопатийн хүндэрсэн хэлбэр гэж үзэх хэрэгтэй. Элэгний энцефалопатийг үүсгэхэд нөлөөлдөг түгээмэл тохиолдох хүчин зүйлүүд:

Бөөрний дутагдал: Бөөрний дутагдлын улмаас шээг, шүвтэр бусад азотот нэгдлүүдийн  ялгаралт буурдаг

Ходоод – гэдэсний замын цус алдлат: Ходоод – гэдэсний замын дээд хэсгээс цус алдах нь  шүвтэр, азотот нэгдлүүдийн шимэгдэлтийг ихэсгэдэг. Цус алдалт нь бөөрний гипоперфузын урьдал хүчин зүйл болж бөөрний үйл ажиллагааг хямраах боломжтой. Цус юүлэх нь бага зэргийн гемолизийн шалтгаан болж, цусанд шүвтрийн хэмжээг ихэсгэж болно.

Халдвар: Халдвар нь бөөрний үйл ажиллагаанд нөлөөлж, эдийн катаболизмыг идэвхжүүлэх ба энэ 2 замаар цусны шүвтрийг ихэсгэнэ.

Түгжрэл: Түгжрэлийн улмаас шүвтрийн нийлэгжил ба шимэгдэлт нэмэгдэнэ.

Эмийн хэрэглээ: Опиадууд, бензодиазепин, антидепрессантууд, антипсихотик эмүүд гэх мэт төв мэдрэлийн системд нөлөөлдөг эмүүд элэгний энцефалопатийг хүндрүүлдэг.

Шээс хөөх эм: Ийлдсийн калийн ионыг бууруулж, NH4+ – аас  NH3  хувирган шүлтшил үүсгэнэ. Элэгний энцефалопатитай ч сайн эмчлэгдэж хяналтанд байсан өвчтөн шээс хөөх эмийн улмаас гиповолемид орж оюуны үйл ажиллагаа нь хямарч түргэн тусламж шаардах байдалд орж  болно.

Хоол хүнсээр уураг хэт их авах: Энэ нь элэгний энцефалопатийн ховор тохиолдох шалтгаан болно.

Элэгний энцефалопатийн ялган оношилгоо – /Differential Diagnosis for Hepatic Encephalopathy/

Циррозтой хүмүүст үүсэх архаг болон цочмог оюун ухааны өөрчлөлтүүдээс элэгний энцефалопатийг ялгах нь нэлээд төвөгтэй. Шийдвэр гаргахын тулд мэдрэлийн үйл ажиллагааны өөрчлөлтийн хүндийн зэрэг, хэсэг газрын мэдрэлийн өөрчлөлт (элэгний энцефалопатийн үед ховор ажиглагддаг), эмчилгээний үр дүн зэргийг харгалзан үзэх хэрэгтэй. Элэгний энцефалопати хүнд явцтай байсан ч лактулоза эмийн эмчилгээг эхлэнгүүт оюуны чадамжууд засралд орж эхэлдэг.

Энцефалопатийг доорх эмгэгүүдээс ялган оношилно:

  1. Гавлын дотоод гэмтэл: Субдурал гематома, гавлын дотоод цус алдалт, цус харвалт, хадар, буглаа
  2. Халдвар: Менингит, энцефалит, гавлын доторх буглаа
  3. Бодисын солилцооны энцефалопати: Гипогликеми, электролитуудын тэнцвэр алдагдах, анокси, гиперкарби,
  4. Гипераммонеми /шүвтэр/ – ийг уретеросигмойдостоми, шээгийн солилцооны удамшилын эмгэг гэх мэт бусад өвчнүүдээс ялган оношилох
  5. Архинаас шалтгаалсан хорт энцефалопати, Верникийн энцефалопати
  6. Эмийн шалтгаант хорт энцефалопати: гипнотик, антидепрессантууд, антипсихотикууд, салицилатууд
  7. Тархины органик гэмтлүүд
  8. Уналтын дараах энцефалопати

        Эх сурвалж:  http://emedicine.medscape.com/article/186101-overview

1 Comment

  • erdenechimeg

    123

    20/04/2016 15:38