Цөсний хүүдийн анатоми, физиологи

Хүүхэд судлал
Мягмарсүрэн Namuun bolor-erdene

Хоол боловсруулах тогтолцоонд цөсний үүрэг туйлын их байдаг. Цөсний анатоми, физиолгийг ойлгох нь мэс заслын эмч нарын чухал мэдлэг байх ёстой.

I. Анатоми

Цөсний хүүдий

Цөсний хүүдий 7 – 10 см урт, 30 – 50 мл эзлэхүүнтэй  лийр – хэлбэрийн хүүдий юм. Бөглөрсөн үедээ, 300 мл хүртэл цөс агуулах хэмжээгээр тэлдэг.  Цөс нь элэгний доод гадаргууд байх цөсний  хэвтшэнд байрлана.  Цөсний хэвтшээс, доод хөндийн вен хүртэл татсан шугамаар элэг баруун ба зүүн дэлбэнд хуваагддаг. Тиймээс барууны ном хэвлэлд баруун ба зүүн элэг гэж ярьж, бичиж заншжээ. Цөсний хүүдийг анатомийн бүтцээр нь 4 хэсэгт хуваана. Үүнд: хүүдийн ёроол, их бие, юүлүүр хэсэг /infundibulum/, хүзүү зэргээс бүтнэ. Цөсний хүүдийн ёроол нь элэгний доод ирмэгээс гадагш 1 – 2 см илүү гарсан, дугариг хэлбэртэй байна. Их биетэй нь харьцуулахад цөсний ёроолд булчингийн ихэнх нь агуулагддаг бол цөсний их бие нь  цөсийг агуулах үндсэн талбай болохын хувьд эластины ширхэг их хэмжээтэй агуулдаг. Цөсний их бие нь ёроолоос хүзүү хүртлээ конус үүсгэн нарийсч, цөсний цорготой холбогдох хэсэгт юүлүүр – хэлбэр үүсгэнэ. Цөсний хүзүү бага зэргийн нум үүсгэх бөгөөд энэ нь цөсний хүзүүнээс өргөн болгодог учир юүлүүр буюу Гартманны халаас гэж нэрлэнэ. Цөсний хүзүү элэгний хэвтшийн хамгийн гүнд байрладаг хэсэг бөгөөд элэг – 12 хуруу гэдэсний холбоосны чөлөөт хэсэгрүү нийлдэг.

Элгийг хучдаг хэвлийн гялтан хальсаар цөсний хүүдийн ёроол ч хучигдана. Цөсний хүүдий нь хэвлийн гялтангаар бүрэн хучигдсан байдаг учир элэгний доод гадаргууд чацархайгүй байхаас гадна ховор тохиолдолд элэгний паренхимээр хүрээлэгдсэн (элэгний доторх цөсний хүүдий – an intrahepatic gallbladder). байна.

Цөсний хүүдийн хана нь нэг эгнээ, нягт наалдсан, өндөр баганан хучуур эсээс тогтдог ба холестерол, өөхний дусал агуулсан байна. Цөсний хүүдийрүү шүүрч буй салст нь цөсний хүүдийн хүзүү, юүлүүр хэсгийн салстын эгнээнд орших гуурсанцарт – цулцанлаг /tubuloalveolar glands/ булчирхайгаас ялгардаг. Гэвч энэ булчирхай нь цөсний хүүдийн их бие, ёроолд байдаггүй. Цөсний хүүдийн эпитель эсүүд өөрийн ялтас дээр эгнээ үүсгэн байрласан байна. Булчингийн ширхэг нь цагираг, дагуу, ташуу байх боловч давхраа нь сайн ялгардаггүй. Булчингийн серозын доорх давхрага нь холбогч эд, мэдрэл, цусны судас, тунгалаг, адипоцитууд агуулна. Цөсний элгээр бүрхэгдсэн хэсгээс бусад хэсэг нь серозоор хучаастай байна. Цөсний хүүдий нь гистологийн хувьд хоол боловсруулах замын бусад эрхтнүүдээс булчингийн давхрагын мукоз, субмукоз бага байдгаараа ялгаатай байдаг.

Цөсний хүүдий нь элэгний баруун артераас салаалсан хүүдийн артераар /cystic artery/ тэжээгддэг. Хүүдийн артерийн салбарлалт нь янз бүр байх боловч ихэнхдээ элэг – хүүдийн гурвалжин /hepatocystic triangle/ гэдэг хэсэгт байрласан байна. Энэ гурвалжин нь  цөсний хүүдийн суваг, элэгний ерөнхий суваг, элэгний ирмэг буюу Калотын гурвалжин (triangle of Calot) хооронд үүснэ. Хүүдийн артер цөсний хүүдийн хүзүү хэсэгт очмогц өмнөд ба хойд гэж хоёр салаална. Хураах судас нь элэгрүү шууд ордог жижиг венүүд байна. Ховор тохиолдолд хүүдийн том вен үүдэн венрүү цутгаж венийн судсаа хураадаг.

Цөсний хүүдийн тунгалаг нь цөсний хүүдийн хүзүүнд байрлах тунгалагийн зангилааруу цутгадаг. Зарим тохиолдолд, цөсний хүүдийрүү орсон хүүдийн артерийн дагуу байх нь ажиглагддаг. Мэдрэл нь тэнэгч мэдрэл болон, хэвлийн сүлжээний симпатикаас гарна. Зангилааны өмнөх симпатикийн түвшин нь Th8 – Th9 байдаг. Элэг, цөсний хүүдий, цөсний цоргоноос гарсан мэдрэлийн импульс симпатикийн аффарент ширхэгээр дамждаг бөгөөд өвдөлтийг үүсгэдэг гэсэн үг юм. Тийм учраас цөсний өвдөлт ууц нуруугаар хөшиж байгаа юм шиг, далны дор өвдөж байгаа мэт байдаг байна. Тэнэгч мэдрэлийн ширхэгийн элэгний салаа нь цөсний хүүдий, цөсний цорго, элгэнд холинэргик нөлөө үзүүлдэг. Түүнчлэн тэнэгч мэдрэлийн ширхэгт пептид агуулсан мэдрэл байх ба Р  бодис, соматостатин, энкефалин, судас – идэвхит нарийн гэдэсний полипептид агуулдаг.

Цөсний цорго

Элэгний гаднах цөсний цоргыг баруун ба зүүн элэгний цорго, элэгний ерөнхий цорго, хүүдийн цорго, цөсний ерөнхий цорго буюу холедохус /choledochus/ тус тус бүрдүүлнэ. Цөсний ерөнхий суваг 12 хуруу гэдсэнд нээгдэхдээ булчинлаг бүтэц Оддийн хуниасаар /sphincter of Oddi/ нэвтэрнэ.

Зүүн элэгний цорго нь баруун элэгний цоргоноос илүү урт байх бөгөөд бөглөрөлт болвол тэлэх чадвар нь ч төдий чинээ сайн байдаг байна. Элэгний баруун ба зүүн цоргонууд элэгнээс гармагц хоорондоо нийлэн элэгний ерөнхий цоргыг үүсгэнэ. Элэгний ерөнхий цорго үүдэн венийн урд, элэгний артерийн баруун талд байрлах ба  цоргын урт нь 1 – 4 см, диаметр нь 4 мм орчим байна. Элэгний ерөнхий цорго цөсний хүүдийн цорготой хурц өнцөг үүсгэн нийлж цөсний ерөнхий цоргыг үүсгэнэ. Цөсний хүүдийн цоргоны урт янз бүр байна. Цөсний цорго богинохон эсвэл огт үгүй байхаас гадна элэгний цорготой наалдсан, эсвэл зэрэгцээ байрласан, эсвэл ард нь, элэгний цоргонд нийлэхдээ түүнийг бүтэн тойрсон, зарим тохиолдолд 12 хуруу гэдэс хүртэл үргэлжилсэн байх нь ч бий. Цөсний цоргоны байрлалын олон янз байдал, элэгний ерөнхий цорготой нийлсэн хэсэг нь мэс заслын чухал ач холбогдолтой юм.

1

Зураг А. Цөсний цорго болон элэгний ерөнхий цорго доор байрлалтай нийлэх.

2

Зураг В. Цөсний цорго элэгний ерөнхий цорготой наалдаж байрлах

3

Зураг C.Цөсний цорго, элэгний ерөний цорго дээр нийлэх.

4

Зураг D. Цөсний цорго баруун элэгний цоргоруу нийлэх.

5

Зураг E. Цөсний цорго урт бөгөөд 12 хуруу гэдэсний ард элэгний ерөнхий цорготой нийлэх.

6

Зураг F. Цөсний цорго байхгүй байх.

7

Зураг G. Цөсний цорго элэгний ерөнхий цоргоны араар хөндлөн гарч урд талаас нь нийлэх.

8

Зураг Н. Цөсний цорго элэгний ерөнхий цоргоны урдуур тойрч, араас нь нийлэх.

Цөсний цорго болон цөсний хүүдийн холбоост олон тооний мукозын давхрага байдаг ба үүнийг Гейстерийн мушгиа хавхлага /spiral valves of Heister/ гэж нэрлэдэг. Энэ хавхлага нь хавхлагын үйл ажиллагаагүй боловч цөсний цоргоны суваг үүсгэхэд оролцдог байж магадгүй юм.

Цөсний ерөнхий цоргоны урт 7 – 11 см, диаметр нь 5 – 10 мм байна. Дээд 1/3 нь (12 хуруу гэдэсний дээд хэсэг) нь элэг – 12 хуруу гэдэсний холбоосын чөлөөт ирмэгээр элэгний артерийн баруун тал, үүдэн венийн урд талаар доош уруудна. Дунд 1/3 нь (12 хуруу гэдэсний арын хэсэг) 12 хуруу гэдэсний эхний нугалааны ард нумарч элэгний артер ба үүдэн венээс хажуу тийш тусгаарлагдана. Доод 1/3 нь (нойр булчирхайн хэсэг) нойр булчирхайн толгойн ард дугуйрч ховил үүсгэх эсвэл энэ хэсгээх шууд хөндлөн гарч 12 хуруу гэдэсний хоёрдугаар нугалаанд орно. Энд нойр булчирхайн цорготой нийлэх нь олонтаа.

Цөсний ерөнхий цорго ходоодны нугалуураас ойролцоогоор 10 см алслагдсан  салстын мембраны хөхлөг Ватерт (ampulla of Vater) нээгдэхээсээ өмнө 12 хуруу гэдэсний ханыг дагаж 1 – 2 см уруудна.

Цөсний ерөнхий цорго, нойр булчирхайн цорготой нийлэхдээ дараах гурван хувилбарын аль нэг хэлбэрээр нийлнэ. Ойролцоогоор 70% – д эдгээр цоргонууд 12 хуруу гэдэсруу орохоос өмнө нийлж нэг цорго болж 12 хуруу гэдэсний ханаар хөндлөн нэвтэрнэ. Ойролцоогоор 20% – д эдгээр цоргонууд 12 хуруу гэдэсний хананы хооронд  нийлж ерөнхий  цорго богинохон  үүсгэх эсвэл ерөнхий цорго үүсгэхгүй ч 12 хуруу гэдэсрүү  нэг л цоргоор нээгдэнэ. Ойролцоогоор 10% – д цөсний ерөнхий цорго, нойр булчирхайн үндсэн цорго хоёр тусдаа 12 хуруу гэдсэнд нээгддэг.  Оддийн хуниас буюу цагираг булчинтай зузаан бүрхүүл нь Ватерийн хөхлөгийг хүрээлж байрлана. Оддийн хуниас нь цөсний урсгал, нойр булчирхайн шүүрэл 12 хуруу гэдэсрүү шүүрэхийг зохицуулна. Энэ зохицуулга нь ходоодны дотоод шүүрлийн даавруудаар хангагддаг юм.

ampulla

Зураг 2. Ватерийн хөхлөг /ampulla of Vater/ Бидний сурах бичигт Фатерийн хөхлөг гэж бичсэн байна.

Оддийн хуниас

Зураг 3. Оддийн хуниас

Элэгний гаднах цөсний цорго нь салстын баганан эсээс тогтох ба цөсний ерөнхий цорго нь олон тооны салстын булчирхай агуулсан салстын баганан эсээс тогтоно. Салстын хүрээлж  бага хэмжээний гөлгөр булчин агуулсан ширхэглэг – агаарт эд /fibroareolar tissue/ байрласан байна. Хүний цөсний ерөнхий цоргонд нягт булчинлаг давхраа байдаггүй юм. Цөсний цоргоны цусан хангамжийг ходоод – 12 хуруу гэдэс ба баруун элэгний артеруудын салаа хангана. Эдгээр судаснууд нь цөсний ерөнхий цоргоны гадна болон дотор ханыг дагаж гардаг учир цагийн байрлалаар 3 ба 9 цаг гэж тодорхойлох нь бий. Эдгээр артерууд цоргоны хананд чөлөөтэй анастомоз үүсгэнэ. Оддийн хуниасын ойролцоо мэдрэлийн зангилаа, түүний ширхэгийн нягт ихсэх боловч мэдрэлжүүлэлт нь нойр булчирхайн  хүүдийтэй адилхан байна.

Анатомийн сонгодог бус байдал /Anomalies/

Сонгодог бус байрлалтай байх боловч физиолгийн үүргээ хэвийн гүйцэтгэдэг. Тийм учраас “Гажиг байдал” гэж орчуулаагүй болно.

Элэгний гаднах цөсний салаа, артерийн хангамжийн сонгодог байрлал нь нийт өвчтөнүүдийн 1/3 – т лбайдаг. Цөсний хүүдий нь хэвийн бус байрлалтай, элгэн дотор /intrahepatic/, үлдэгдэл эрхтэн, хэлбэр дүрсээ алдсан, эсвэл салаалсан гэх мэт олон янзын гажиг үүсгэсэн байна. Цөсний хүүдий төрөлхийн үгүй байх нь туйлын ховор ба 0,03% гэж тэмдэглэгдсэн байдаг. Цөсний өвчний оношийг тавихын өмнө, цөсний гажиг байрлал, элэгний доторх цөс байгаа эсэхийг тогтоох нь чухал. Цөсний хүүдий таславчаар хоёр хуваагдаж  салаалсан, хоёр цөсний цорготой байх тохиолдол 1 : 4000 байдаг.

Энэ гажиг үндсэн хоёр хэлбэртэй. Түгээмэл тохиолдох хэлбэр нь цөсний хүүдий бүрээс өөрийнх нь цөсний цорго гарч элэгний гаднах цөсний цоргоны ижил цэгт эсвэл өөр өөр цэгт нэвтэрч, цөсний ерөнхий сувагт нийлэхийн өмнө цөсний сувгууд хоорондоо нийлдэг.  Цөсний хүүдий  салаалах гажигийн үед тэдгээр хүүдийг  нэг эсвэл хоёуланг нь хамарсан эмгэг процесс өрнөсөн  тохиолдолд л эмнэлзүйн чухал ач холбогдолтой. Элэгний дотор бүрэн буюу хагас хэлбэрээр байрласан цөсний хүүдийд цөсний чулуу /cholelithiasis/ үүсэх тохиолдолын хувь их байдаг.

Жижиг цорго буюу Лушкагийн цорго (of Luschka) элэгнээс шууд цөсний хүүдийрүү нэвтэрч болно. Хэрвээ ийм цорготой хүнд холецистэктоми буюу цөсний хүүдий авах мэс ажилбар хийвэл хэвлийн хөндийд цөс сул асгарч цөсний хуримтлал (biloma)  болох аюултай.

Лушкины цорго

Зураг 4. Лушкагийн цорго

Элэгний болон цөсний хүүдийн артерийн гажиг нийт өвчтөнүүдийн 50% – д тохиолдож байжээ. Ойролцоогоор, 5% – д баруун элэгний хоёр артертай хэвийн бус судасжилт бүтгэгджээ. Эдгээр артерийн нэг нь элэгний ерөнхий артераас, нөгөө нь чацархайн дээд артераас салаалсан байдаг байна. Өвчтэй хүмүүсийн  20% – д баруун элэгний артер чацархайн дээд артераас салбарласан байжээ. Баруун элэгний артер нь элэгний ерөнхий цоргоны урдуур байрладаг. Энэ артерийн байрлал нь мэс ажилбарын үед бодолцох ёстой чухал анатомийн бүтэц юм. Ялангуяа  цөсний хүүдийн цоргоны дагуу эсвэл цөсний хүүдийн чацархайд байрласан үед мэс ажилбарыг хянамгай хийх шаардлагатай. Хүүдийн артер 90% -д баруун элэгний артераас салаалалдаг боловч зүүн элэг, элэгний ерөнхий артер, ходоод – 12 хуруу гэдэсний артер, чацархайн дээд артераас салаалсан байж болно.

а1

Зураг А. Баруун элэгний артераас салаалсан хүүдийн артер. Ойролцоогоор 80–90% тохиолдоно.

а2

Зураг В. Элэгний артераас салаалсан цөсний артер салаалахгүй /нэмэгдэл эсвэл орлогдох/ чацархайн дээд артераас салаалах, ойролцоогоор 10%.

а3

Зураг С. Хүүдийн 2 артертай байх. Нэг нь баруун элэгний артер, нөгөө нь элэгний ерөнхий арттераас салаалсан байдаг, ховор тохиолдоно.

а4

Зураг D. Хүүдийн 2 артертай байх. Нэг нь баруун элэгний, нөгөө нь зүүн элэгний артераас салаалсан. Ховор тохиолдоно.

а6

Зураг F. Хүүдийн 2 артер хоёулаа баруун элэгний артераас салаалах. Ховор тохиолдоно.

а5

Зураг E. Хүүдийн артер баруун элэгний артераас салаалж, элэгний ерөнхий цоргын урдуур өнгөрөх. Ховор тохиолдоно.

II. Физиологи

Цөс үүсэлт ба түүний найрлага

Цөс элгэнд байнга нийлэгжих ба цөсний сувгаар ялгарна. Ердийн хооллолттой эрүүл хүний  элэг өдөрт 500 – 1000 мл цөс ялгаруулна. Цөс шүүрэх нь мэдрэл – шингэн, химийн зохицуулгын өдөөлтийн хариу урвалаар илэрнэ. Тэнэгч мэдрэл цөсний шүүрлийг ихэсгэж байхад симпатик мэдрэл идэвхжихэд цөсний шүүрэл багасна. 12 хуруу гэдсэнд агуулагдах  ходоодны хүчил, хагас боловсрогдсон уураг болон өөх тос нь секретин дааврын ялгарлыг өдөөж, секретин нь эргээд цөс үүсэлт, цөсний урсгалыг нэмэгдүүлнэ. Цөсний урсгал  элэгнээс гарахдаа элэгний цоргоор дамжин элэгний ерөнхий цоргоруу шүүрнэ. Улмаар цөсний ерөнхий цоргоор дамжин эцэст нь 12 хуруу гэдэсрүү чөлөөлөгдөнө. Оддын хуниасын нөлөөгөөр цөс эргээд цөсний хүүдийрүү ордог.

Цөсний үндсэн найрлагад цөсний хүчил (80%), лецитин болон бусад фосфолипид (16%), холестролын холимог (4.0%) байдаг. Чулуу үүсэх үед холестролын хэмжээ 8–10% хүртэл нэмэгддэг.

Цөсний найрлага

Диаграмм 1. Цөсний найрлага. Эх сурвалж – Medscape.com

Цөсний найрлаганд ус, электролит, цөсний давс, уураг, липид, цөсний пигмент, хоол боловсруулах даавар, салст, зарим тохиолдолд эмийн бодис ч  агуулагдана. Цөсөнд агуулагдах натри, кали, кальци, хлор нь цусны сийвэн эсвэл эсийн гаднах шингэнтэй адилхан концентрацитай байдаг. Элгэнд үүсэх цөсний pH саармаг эсвэл бага зэрэг шүлтлэг байдаг боловч хоолтой холбоотой өөрчлөгдөнө. Уураг ихтэй хоол бол илүү хүчиллэг болдог. Цөсний анхдагч давснууд, холат, хенодиоксихолатууд элгэнд холестролоос үүснэ. Эдгээр давснууд таурин, глицинтэй  /глицин : таурины харьцаа 3:1/ холбогдож цөсөнд анион хэлбэрээр (цөсний хүчил) үүсч, натрийн ионоор саармагжсан байдалтай байна. Нарийн гэдсэнд агуулагдах хоолыг боловсруулж, шимэхийн тулд элэгний гепатоцит эс эдгээр давсыг цөсрүү ялгаруулна. Холбоот цөсний хүчлийн 80% нь цутгалан гэдэсний төгсгөлд эргэн шимэгддэг. Үлдсэн хувь нь гэдэсний бактерийн нөлөөгөөр дегидроксилжиж, цөсний хоёрдогч давснууд болох деоксихолат, литохолатыг  үүсгэнэ. Эдгээр давсууд бүдүүн гэдсэнд эргэн шимэгдэж элэгрүү зөөгдөн холбоот давс болж цөсрүү ялгарна. Эцэст нь, цөсний хүчилийн 95% нь эргэн шимэгдэж, үүдэн венийн системээр эргээд элэгрүү зөөгддөг учир элэгний доторх  эргэлт /enterohepatic circulation/ гэж нэрлэдэг. Үлдсэн 5% нь баасаар ялгардаг юм. Эндээс харахад цөсний хүчил нь бага хэмжээтэй ч биологийн өндөр идэвхи үзүүлдэг болох нь харагдаж байна.

Элэг ба цөсний найрлага

Хүснэгт 1. Цөсний хүүдий ба элэгний цөсний найрлага.

Холестрол, фосфолипид нь элгэнд нийлэгждэг цөсний үндсэн липидүүд юм. Эдгээр липидүүд элгэнд нийлэгжих нь цөсний хүчлийн зохицуулгаар явагдана. Цөсний өнгө нь гемоглобины задралаас үүссэн билирубин диглукуронойд пигментээс шалтгаалж шар ногоон байна. Уг пигмент нь цөсөнд цусны сийвэнгийн концентрациас 100 дахин их хэмжээтэй агуулагдана.

Цөсний хүүдийн үйл ажиллагаа

Цөсний хүүдий, цөсний цорго, Оддийн хуниас нь хамтдаа цөсний урсгал, хадгалалтыг зохицуулдаг. Цөсний хүүдийн үндсэн үүрэг нь элэгнээс үүссэн цөсийг өтгөрүүлж, хадгалах, улмаар хоол боловсруулах үед 12 хуруу гэдэсрүү шүүрүүлэх явдал юм.

Шимэгдэл ба шүүрэл

Өлөн үед, элэгнээс ялгарсан цөсний ойролцоогоор 80% нь цөсний хүүдийд хадгалагдна. Цөсний хүүдийн шимэх чадвар нь энэ хэмжээний нөөцлөлт хийх боломж олгож байгаа юм. Нэгж талбайд оногдох шимэх чадвараараа цөснөөс илүү гарах эрхтэн хүний биед байхгүй. Цөсний салст нь натри, хлор, усыг концентрацийн градиентийн эсрэг маш хурдан шимдэг бөгөөд цөсийг 10 дахин өтгөрүүлж цөсний концентрацийг илэрхий өөрчилнө. Богино хугацаанд шимэх энэ механизм нь хэвийн үед цөсний системийн даралт нэмэгдэхээс урьдчилан сэргийлдэг байна. Цөсний хүүдийн үйл ажиллагаа нь үечлэн амрах зохицуулгатай байхаас гадна өлөн үед цөсний хүүдийн хоосон байх нь цөсний сувгийн сүлжээний  даралт харьцангуй бага байх нөхцөл бүрдүүлнэ.

Цөсний хүүдийн эпитель эсүүд нь хамгийн багадаа хоёр төрлийн чухал бүтээгдэхүүнийн цөсний хөндийрүү шүүрүүлнэ. Эдгээр нь гликопротейн ба ус-төрөгчийн ион юм. Цөсний хүүдийн хүзүү, юүлүүр хэсгийн салстын булчирхай нь салслаг гликопротейн ялгаруулдаг нь салстыг цөсний задлах урвалаас хамгаалаад цогсохгүй цөсний сувгаар цөс урсахад хөнгөвчлөх нөлөө үзүүлдэг. Цөсний хүүдийн эпитель эсүүдээр ус-төрөгчийн ион тээврэлэгдэх нь цөсний хүүдийд агуулагдах цөсний рН – ийг бууруулах буюу хүчиллэг болгоно. Хүчиллэг орчин нь  кальцийн  уусамтгай чанарыг нэмэгдүүлдэг учир кальцийн давсын тунадасжилт үүсэхээс сэргийлдэг. Тунадасжилт үүсгэхгүй байна гэдэг нь цаашид цөсний чулуу үүсэхээс сэргийлдэгтэй агаар нэгэн буй.

Цөсний хүүдийн хөдөлгөөний үйл ажиллагаа

Цөсний хүүдий дүүрэх нь Оддийн хуниасны агшилтаар хөнгөвчлөгддөг. Оддийн хуниас нь цөсний хүүдий болон цөсний цорго хоорондын градиентийн даралтыг үүсгэдэг. Өлөн үед, цөсний хүүдий идэвхгүй байдлаар дүүрдэггүй юм. Хоол боловсруулах II шат буюу гэдсэнд хоол боловсрохтой холбоотой гэдэсний чацархайн мэдрэлийн үйл ажиллагаагаар цөсний хүүдий тодорхой давтамжтайгаар 12 хуруу гэдэсрүү цөсийг бага, бага хэмжээтэй ялгаруулна. Энэ үйлийг мотилин  дааврын оролцоотой гүйцэтгэнэ.

Хоол идэсний дараа, харилцан хамааралтай ажиллах хоол боловсруулахад оролцох  даавруудын нөлөөгөөр Оддийн хуниас суларч, цөсний хүүдий агшиснаар цөсний хүүдий цөсөө ялгаруулна. Цөсний хүүдий хоосрохыг идэвхжүүлдэг үндсэн даавруудын нэг нь холецистокинин ( ХЦК – CCK) билээ. ХЦК хоолны хариуд ялгарах 12 хуруу гэдэсний салстын хариу урвал болж идэвхжинэ. Хоол идэхтэй холбоотой идэвхжсэн цөсний хүүдий 30 – 40 минутын дотор нийт агуулагдахууныхаа 50 – 70% – ийг 12 хуруу гэдэсруу ялгаруулна. Дараагийн 60 – 90 минутын хооронд цөсний хүүдий дахин дүүрнэ. Энэ нь ХЦК – ий хэмжээ буурахтай хамааралтай байна. Даавар болон мэдрэлийн зохицуулгатай өөр нэг зам нь цөсний хүүдий болон Оддийн хуниасыг багтаасан үйл ажиллагаа юм. Цөсний хүүдийн хөдөлгөөний үйл ажиллагаа гажих нь холестролын бөөгнөрөл ба цөсний чулуу үүсэхэд чухал нөлөөтэй.

Мэдрэл – шингэний зохицуулга

Тэнэгч мэдрэл цөсний хүүдийн агшилтыг өдөөдөг бол симпатик мэдрэл хөдөлгөөний идэвхийг бууруулах дэмждэг. Парасимпатомиметик эмийн зүйлүүд цөсний хүүдийг агшаадаг байхад атропин цөсний хүүдийг сулруулна. Мэдрэлээр сэдээгдсэн рефлекс нь Оддийн хуниас, цөсний хүүдий, ходоод, 12 хуруу гэдсийг хооронд нь холбож цөс 12 хуруу гэдэсрүү урсахыг зохицуулна. Ходоодны доод хэсгийн тэлэгдэл нь цөсний хүүдийг агшааж, Оддийн хуниасыг сулруулах нөлөө үзүүлнэ.

Дааврын хүлээн авуурууд гөлгөр булчин, цусны судас, мэдрэлийн ширхэг, цөсний хүүдийн эпитель дээр байрлана. ХЦК нь нарийн гэдэсний салслаг эпителийн I эсүүдээс ялгардаг бөгөөд 12 хуруу гэдсэнд хамгийн өндөр концентрацтай байдаг. 12 хуруу гэдсэнд шилжиж ирэн боловсорч буй химусын хүчил, амин хүчил, өөх – тосны нөлөөгөөр ХЦК чөлөөлөгдөнө. Цусний сийвэн дэх хагас задарлын хугацаа нь 2 – 3 минут ба элэг, бөөрний аль алинаар нь дамжин бодисын солилцоонд орно. ХЦК нь цөсний хүүдийн гөлгөр булчингийн рецепторуудтай шууд харилцан үйлчилж цөсний хүүдийг агшаана. Мөн цөсний цоргоны төгсгөл, Оддийн хуниас, 12 хуруу гэдсийг сулруулдаг. Цөсний хүүдий, цөсний цоргоны сүлжээнд үзүүлэх ХЦК идэвхжүүлэлт нь мөн холинэргик тэнэгч мэдрэлийн нейроны оролцоотой явагддаг. Ваготоми хийлгэсэн өвчтөнүүдэд, ХЦК – ий сэдээлт дарангуйлагдаж, цөсний хүүдийн хэмжээ, эзлэхүүн нь нэмэгддэг байна.

Судас-идэвхит нарийн гэдэсний полипептид /Vasoactive intestinal polypeptide/  цөсний хүүдийн агшилтыг дарангуйлж, цөсний хүүдийг сулруулна.

Соматостатины аналогуудаар эмчлэгдэж буй өвчтнүүдэд цөсний хүүдийн агшилт болон хоосролт хоригдож цөсний чулуу үүсэх өндөр эрсдэл байдаг.

Р бодис, энкефалин гэх мэт бусад дааврууд цөсний хүүдийн хөдөлгөөнд нөлөөлдөг гэж үздэг ч физиологий үүргийг бүрэн төгс илрүүлээгүй.

Жич: Ходоодны гол даавруудын талаар өмнө оруулсан мэдээллээс дэлгэрэнгүй уншина уу !!!

Оддийн хуниас /The sphincter of Oddi/

Оддийн хуниас цөсний урсгалыг /мөн нойр булчирхайн шүүрэл/ 12 хуруу гэдэсрүү шүүрэхийг зохицуулж, 12 хуруу гэдэсний агуулагдахуун цөсний цоргоруу сөргөхөөс сэргийлэхийн зэрэгцээ цөсийг цөсний хүүдийрүү хөөх нөлөө үзүүлнэ. Оддийн хуниас нь 12 хуруу гэдэсний булчингийн бүтцээс тусдаа цогцолбор бүтэц бөгөөд 12 хуруу гэдэс болон цөсний цорго хооронд өндөр – даралтын бүс үүсгэнэ.

Оддийн хуниас нь ойролцоогоор 4 – 6 мм урттай, суурь үлдэгдэл даралт нь 13 мм.муб байдаг нь 12 хуруу гэдэсний даралтаас  ямагт өндөр даралттай байна гэсэн үг. Манометрээр шинжилхэд 1 минутанд 4 удаа үечлэн агшиж 12 – 140 мм.муб даралтын далайц үүсгэдэг нь судлагджээ. Оддийн хуниасны зөнгөөрөө үүсэх агшилт нь гөлгөр булчинд нөлөөлөх мэдрэл – шингэний зохицуулгаар гадаад болон дотоод замаар идэвхижих  Каяалын завсрын эсүүд /interstitial cells of Cajal/ – ээр зохицуулагддаг. Энэ эсийг Испанийн эмгэг судлаач Сантиаго Рамон Каяал /Santiago Ramón y Cajal/ нээсэн учир түүний нэрээр нэрлэжээ. Каяалын эс нь улаан хоолойноос анус хүртлэх хоол боловсруулах замын салстад байрласан гөлгөр булчинг агшаах удаан долгионт потенциал үүсгэдэг пэйсмэкер эс юм.

Каяал эс

Зураг 6. Хоол боловсруулах замын булчинлаг давхрагад байх аажим потенциалт пэйсмэкер Каяал эсийн байршлийн загвар.

Каяалын эс нь хоол боловсруулах замд өөр өөр пэйсмэкер нөлөө үзүүлнэ.

  1. Ходоодыг 3 минут тутам
  2. 12 хуруу гэдсийг 11 – 12 минут тутам
  3. Цутгалан гэдсийг 9 – 10 минут тутам
  4. Бүдүүн гэдсийг 3 – 4 минут тутам тус тус зөнгөөр нь агшаадаг байна.

ХЦК – ий нөлөөгөөр Оддийн хуниас суларч, үечилсэн агшилтын далайцын суурь даралт нь буурч 12 хуруу гэдэсрүү цөс ялгарахыг нөхцөлдүүлнэ.

ХЦК1

Зураг А. Өлөн үед Оддийн хуниас агшиж, цөсний хүүдий дүүрнэ.

ХЦК2

Зураг В. Хоол идсэний дараа, Оддийн хуниас суларч, цөний хүүдий хоосроно.

Эх сурвалж:  Schwart’s Principle of Surgery

2 Comments

  • tsos

    hus

    05/02/2015 20:09

  • altansuvd

    сайхан мэдээлэл бна. Миний ходоод үүрээр 4-5 цагийн хооронд өвддөг, бараг 10-аад жил болж байна. ходоодоо эмчлээд ямар ч нэмэр болохгүй бгаа .энэ нь анатомийн байрлалаас болоод байгаа юм болов уу хариу өгнө үү

    04/06/2016 08:00