Хэвлийн цочмог өвдөлт

Хүүхэд судлал
Мягмарсүрэн Namuun bolor-erdene

Хэвлийн цочмог өвдөлт нь өргөн хүрээний ялган оношилгоо шаарддаг эмнэлзүйд түгээмэл тохиолддог хам шинж юм. Уг өвдөлт нь хор уршиггүй хөнгөнөөс амь насанд халтай хүндэрлээр ч илэрч болно. Ноцтой өвчнийг богино хугацаанд оношилоход үр дүнтэй, зөв үнэлгээ хийх шаардлагатай. Үүний тулд нарийвчилсан, чиглэсэн үзлэгийг сайн хийж бусад аюултай нөхцлүүдийг өөр хооронд нь ялгах хэрэгтэй.

Хэвлийн цочмог өвдөлтийн шалтгаануудыг доор жагсааж бичлээ.  Хаалтанд байгаа дугаарууд хэвлийн бүсийн аль хэсэгт илүү тохиолдодгийг заасан болно.

хэвлийн бүс

Зураг 1. Хэвлийн байрлалын бүсчлэл. Ингэж хувааснаар дотор эрхтний эмгэгүүдийг ялган оношилоход дөхөмтэй.

  1. Холецистит/Холангит (1)
  2. Цөсний колик (1, 2)
  3. Гепатит (1, 2)
  4. Пневмония (1, 3. Зүүн талд байх нь 44% тохиолдоно)
  5. Ходоод – дээд гэдэсний шарх/Гастрит (2)
  6. Титэм судасны хурц хам шинж (2)
  7. Панкреатит (2, 5)
  8. Хэвлийн гол судасны аневризмийн задрал (2, 5)
  9. Дэлүү задрах (3 эсвэл тархмал өвдөж болно)
  10. Бөөрний чулуу (4, 7 эсвэл 6, 9)
  11. Пиелонефрит (4, 6)
  12. Цочмог аппендицит (5 эсвэл тархмал)
  13. Удсан аппендицит (7)
  14. Цутгалан гэдэсний төгсгөлийн үрэвсэл, Кроны өвчин (7)
  15. Чацархайн аденит (7, эсвэл тархмал)
  16. Дивертикулит (7, 9)
  17. Колит (7, 8, 9)
  18. Умайн гадуурх жирэмслэлт (7, 8, 9)
  19. Аарцгийн үрэвсэлт өвчин/Эндометрит (7, 8, 9)
  20. Өндгөвч хөл дээрээ эргэх (ovarian torsion)/Киста хагарах (7, 8, 9)
  21. Шээсний доод замын халдвар/Цистит (8)
  22. Түгжрэл (тархмал)
  23. Ходоод – гэдэсний цоорол (тархмал)
  24. Чацархайн ишеми (тархмал)
  25. Гастро – энтерит (хэвлийн дунд, аюулхай хэсгээр тархмал)
  26. Чихрийн шижингийн кетоацидоз/гиперкальциеми/бөөрний дээд булчирхайн криз (тархмал)
  27. Хэвлийн үйл ажиллагааны өвдөлт (аль ч хэсэгт өвдөж болно эсвэл тархмал)

Өвдөлтийн шинж чанарыг тогтоох түлхүүр асуултууд

  1. Өвдөлтийн хэв шинж ямар байна вэ?

Висцераль өвдөлт нь хөндийт эрхтнүүдийн тэлэгдэл эсвэл хэт агшилтаас шалтгаалж  үүснэ. Энэ нь ургал /autonomic/ мэдрэлийн ширхэгээр дамждаг учир тухайн өвдөлт үүссэн эрхтний үр хөврөлийн үндсэн үүсэл явагдсан хэсэгт өвдөлт мэдрэгдэх буюу харалдаалж өвдөнө.

хэвлийн өвдөлт

Зураг 2. Үр хөврөлийн үеийн байрлалдаа харалдаалан өвдөх.

Өвдөлт ихэвчлэн дүлий, байрлал тодорхойгүй, хэвлийн ханын чангаралтай холбоогүй байдаг. Богино хугацаанд үргэлжлэх хүчтэй хатгуулах өвдөлт /colicky/  нь гөлгөр булчингийн агшилтаар нөхцөлддөг бөгөөд үе үе завсарлагатай, үечилж өвддөг бөгөөд өвдөлт  богинохон буюу  хэдхэн секундээс минут хүртэл үргэлжилж дараа нь намжих байдлаар илэрдэг онцлогтой. Харин өвдөлт удаан үргэлжлэх /сolic/ гэж тодорхойлогдох өвдөлт нь аажимаар эхэлж тодорхой хугацааны дараа өвдөлтийн дээд  цэгтээ хүрээд улмаар энэ эрчимээ хэдэн цагийн турш хадгалдаг онцлогтой.

Соматик өвдөлт нь париеталь гялтан хальсны үрэвсэл, цочирлоос үүсдэг ба соматик мэдрэлийн ширхэгээр импульс нь дамждаг. Өвдөлт хурц, байрлал тодорхой, тогтвортой, ихэнх тохиолдолд хэсгийн хариу хамгаалах урвал илэрч хэвлийн булчин цочирсон байна. Гялтан хальсны үрэвсэл нь цаашид газар авч ерөнхий перитонит үүсгэдэг.

Дамжуулах өвдөлт нь өвдөлт үүсгэж буй хэсгээс өвдөлтийн импульсийг аффарент ширхэгээр зэргэлдээх нугасны үелэлийн түвшинд дамжуулдаг.

өвдөлтийн дамжилт

Зураг 3. Өвдөлт мэдрэлийн ширхэгээр харалдаалан дамжих

Referred_pain_patterns

Зураг 4. Хэвлийн эрхтнүүдийн харалдаалах өвдөлт.

  1.  Үрэвслийн эсрэг системийн хариу урвалын шинж байна уу?

Хэвлийн цочмог өвдөлтийн ихэнх шалтгаан нь хэвлийн хөндийн үрэвсэлтэй хамааралтай байдаг. Халууралт, С – урвалж уураг өндөр байх, цагаан эс өндөр байх нь цочмог  үрэвслийн хариу урвалын шинжүүд юм.

  • Халууралт: >38 градус
  • С – урвалж уураг: > 10 мг/л
  • Цусны цагаан эс: >11*109/л эсвэл <4*109

Үрэвслийн эдгээр шинжүүд илрэх нь эмнэлзүйд тод илрээгүй хэвлийн өвдөлтийн шинжүүдэд тулсах үзүүлэлтүүд болж хэвлийн гялтанд ямар нэгэн байдлаар үрэвсэл өрнөж байгааг илтгэнэ.  Үрэвслийн эсрэг системийн хариу урвалыг илрүүлснээр өвдөлтийн хүнд хөнгөний зэргийг тогтоох сайн талтай.

Эх сурвалж: Macleod’s Clinical Diagnosis

1 Comment

  • хэрэглэгч

    tanaih uneheer saihan medeelel oruuldag shuu bayarlalaa

    26/05/2016 19:57