Зовхины нийтлэг тохиолдох эмгэгүүд

Нүд судлал
Battuya

Hordeolum (stye, өвдөг) нь хэсэг газрын зовхины буглаа бөгөөд хүрэхэд өвчтэй, улайсан байна. Зовхины гадна болон дотор талд байрлаж болно. Гадна талд байрлах өвдөг нь сормуусны уутанцар эсвэл зовхины ирмэгийн булчирхайн үрэвслээс (Молл эсвэл Зейсийн булчирхай), дотор талд байрлах өвдөг нь мейбомын булчирхайн үрэвслийн улмаас үүснэ. Ихэнх тохиолдолд Стафилококк ауреусийн шалтгаантай байдаг. Зовхины буглаа дахин үүсэх нь арьсны суурь өөрчлөлттэй (rosacea, seborrheic dermatitis) холбоотой. Бактериар бохирлогдсон нүдний будаг мөн үүсгэх боломжтой.

Hordeolum

Өвдөгийг эмнэлзүйн шинж тэмдгээр оношлох бөгөөд ихэнх нь хэдэн өдрийн дараа өөрөө эдгэрдэг. Өдөрт 5 удаа нэг удаа 5-10 минут халуун бүлээн жин тавихыг зөвлөдөг. Өвдсөн хугацаанд нүдний будаг хэрэглэхгүй байх хэрэгтэй. Хэрвээ 1-2 долоо хоногийн дараа хэрвээ хэмжээ нь жижигрэхгүй бол нүдний эмчид үзүүлж шаардлагатай бол зүслэг хийлгэнэ.

Preseptal cellulitis нь зовхины буглааны ховор тохиолдох хүндрэл. Ихэвчлэн нэг нүдэнд зовхи хавдах, улайх, өвдөх зовиур илэрнэ. S. aureus болон streptococcus-ийн эсрэг антибиотик эмчилгээ хийнэ. Целлюлитээс ялган оношлох шаардлагатай.

Preseptal cellulitis

Chalazion нь (товчирсон өвдөг) өвчингүй, хэсэг газарт зовхины хаван илэрнэ. Зовхины дотор талд хатуу хөндүүргүй зүйл тэмтрэгдэнэ. Халазион нь Зейс эсвэл Мейбомын булчирхайн бөглөрөл бөгөөд өвдөг заримдаа үрэвсэл намдсан үед халазионруу шилждэг.

Chalazion

Халазионыг эмнэлзүйгээр оношлох бөгөөд өвдөгтэй төстэй боловч өвчингүй, улайлт бага байна. Жижиг халазион нь хэдэн өдрөөс хэдэн долоо хоногийн дараа өөрөө эдгэрнэ. Том халазионд өдөрт 4 удаа 15 минутаар халуун бүлээн жин тавина. Хэрвээ өөрчлөлт байхгүй бол нүдний эмчид үзүүлж зүслэг хийлгэж эсвэл глюкокортикойд хэсэг газарт тариулдаг. Эдгэрэхгүй эсвэл олон дахивал биопси хийж суурь эс, тосорхог эс (sebaceous cell) эсвэл мейбомын булчирхайн хавдар зэргийг ялган оношилно.

Xanthelasma нь холестролоор баялаг, зөөлөн, шар өөрчлөлт нь зовхины хамар талд байрлана. Ихэвчлэн хоёр нүдэнд тохиолдоно. Ихэвчлэн дунд насны хүмүүст тохиолдоно. Ксантелазм нь гиперхолестролемитай холбоотой бөгөөд цусанд липидийн үзүүлэлтүүдийг шинжлэх хэрэгтэй. Ксантелазмтай хүмүүсийн ойролцоогоор 50%-д дислипидеми илэрдэг. Мөн анхдагч цөсний холангитийн сонгодог шинж бөгөөд ихэвчлэн илэрхий гиперхолестролеми илэрдэг. Залуу хүүхдүүдэд илэрвэл удамшлын дислипидеми байгаа эсэхийг оношлох шаардлагатай.

Xanthelasma

Хэвийн липидийн үзүүлэлттэй гарсан үйлчлүүлэгчдийн ксантелазм болон атеросклерозын хамаарал тодорхойгүй боловч зарим судалгаануудад ксантелазмтай үйлчлүүлэгчдэд гиперхолестролемигаас илүү липопротейн хэвийн бус байх нь зүрхний титэм судасны өвчний эрсдлийг нэмэгдүүлдэг гэжээ.

Ксантелазм нь эмчилгээ шаарддаггүй. Зарим үйлчлүүлэгчдэд липид бууруулах эм хэрэглэснээр ксантелазмын хэмжээ жижгэрсэн боловч үйлчилгээ нь тогтвортой байгаагүй. Мэс заслын аргаар авах, карбон диоксид лазер эмчилгээ эсвэл трихлороацетийн хүчлийн хэсэг газрын эмчилгээг гоо сайхны зорилгоор хийж болох ч дахих нь элбэг байдаг.

Molluscum contagiosum нь поксвирусын улмаас арьсанд хэсэг газрын үрэвсэл үүсгэдэг. Ихэвчлэн хүүхдүүдэд тохиолддог боловч насанд хүрэгчдэд ч мөн үүсч болно. Нэг эсвэл олон тооны цагаан өнгөтэй төвдөө хүйстэй гүвдрүүнүүд харагдана. Зовхины ирмэг дээр байрлавал архаг коньюктивит үүсгэнэ. Дархлаа дарангуйлагдсан өвчтөнүүдэд илүү том талбайд байнгын тохиолдоно. Эмнэлзүйгээр өвчнийг оношлох бөгөөд ховор тохиолдолд биопсигоор оношийг баталгаажуулна.  Ихэвчлэн 2 сарын дараа бүдгэрч 6-12 сарын дараа бүрэн арилна. Крио эмчилгээ эсвэл мэс заслын аргаар авч болно.

Molluscum contagiosum

Seborrheic keratosis элбэг тохиолдох эпидермийн хавдар бөгөөд бүрэн боловсроогүй кератиноцит эсүүдийн хоргүй үржлийн улмаас үүснэ. 50-с дээш насанд элбэг тохиолдоно. Зах ирмэг нь тодорхой, зууван эсвэл дугуй хэлбэртэй, шовх биш гадаргуутай, цайвар бороос гүн бор өнгөтэй, барзгар гадаргуутай. Ихэвчлэн өвдөлтгүй байдаг. Эмнэлзүйгээр шууд оношлох бөгөөд биопси шаардлагагүй. Хэрвээ хэвийн биш шинж тэмдгүүд (том хэмжээтэй, богино хугацаанд өөрчлөгдөх эсвэл томорч байвал, шархлаа үүссэн бол) илэрвэл биопси хийх хэрэгтэй.

Seborrheic keratosis

Энэ эмгэг нь хоргүй бөгөөд удаан хугацаанд томордог учраас эмчилгээ шаардлагагүй. Гоо сайхны зорилгоор крио эмчилгээ эсвэл мэс заслын аргаар авч болно.

Actinic keratosis нь эпидермийн кератиноцитийн хэвийн бус үржлийн улмаас илэрдэг арьсны өөрчлөлт юм. Гэвч цаашид хавтгай хучуур эсийн хавдар болж шилжих боломжтой. Хавдарлуу шилжих магадлал бага. Энэ эмгэг нь ихэвчлэн улайсан суурин дээр хавтгай, хуурай, хайрстай харагдана. Эмнэлзүйгээр оношлох боловч хавтгай хучуур эсийн хавдраас ялган оношлох шаардлагатай. Мэс засал, крио эмчилгээ, хэсэг газрын эмийн эмчилээ болон фотодинамик эмчилгээнүүдээс сонгон хэрэглэх боломжтой.

Actinic keratosis

Squamous papilloma нь зовхины хамгийн элбэг тохиолдох хоргүй хавдар юм. Хүний хөхөнцөр вирусээс үүсдэг. Энэ хавдар нь төвдөө судаслаг хэсэг агуулсан арьсны мөчир төст бүтэцтэй харагдана. Эмнэлзүйгээр оношлох бөгөөд хэвийн бус шинж тэмдгүүд илэрвэл биопси хийнэ. Гоо сайхны зорилгоор мэс засал эсвэл крио эмчилгээ хийх боломжтой.

Squamous papilloma

Benign nevi (хоргүй мэнгэ) нь заримдаа зовхин дээр байрладаг. Ихэвчлэн залуу насанд үүснэ. Ихэвчлэн жижиг (≤6 мм диаметр), симметрик, жигд гадаргуутай, зах ирмэг тод байдаг. Хорт хавдарт шилжих магадлал бага. Отагийн мэнгэ нь хар арьстан болон Азиудад нүд орчмыг хамарсан том мэнгэ тохиолддог. Отагийн мэнгэтэй хүмүүсийн 2/3-т склерийг хамарсан байдаг бөгөөд эдгээр хүмүүст глауком үүсэх эрсдэл өндөр байдаг.

Benign nevi
Nevus of Ota

Milia нь олон тооны жижиг цэгчилсэн, хатуу, цагаан өөрчлөлт бөгөөд дээд болон доод зовхинд хоёуланд нь тохиолдоно. Энэ нь үсний уутанцар кератинаар бөглөрснөөс үүснэ. Бүх насныханд болон нярай хүүхдүүдэд ч тохиолддог. Хоргүй учраас эмчилгээ шаардлагагүй.

Milia

Ном зүй

www.uptodate.com