Зовхины нийтлэг бус тохиолдох эмгэгүүд

Нүд судлал
Battuya

Хоргүй хавдрууд

Epidermal inclusion cyst – Хатуу, удаан томордог, дотроо кератин агуулсан, хөдөлгөөнтэй салстын доорх байрлалтай зангилаа ихэвчлэн дээд зовхинд байрладаг. Мэс засал болон гэмтлийн дараа үүсч болох бөгөөд төрөлхийн байж болно. Тусдаа байрласан, төвдөө хонхорхойтой зангилаа эсвэл цистийг эмнэлзүйн шинж тэмдгүүдийг үндэслэн оношилно. Үрэвсэх эсвэл задарсан үедээ улайж хөндүүрлэнэ, бусад үед зовиургүй байна. Үрэвсээгүй эпидермойд цист нь өөрөө аяндаа эдгэрдэг боловч дахих хандлагатай байдаг. Мэс заслын аргаар авахдаа цистийн ханыг хамт авах нь дахилтаас сэргийлнэ.

Эпидермойд цист

Dermoid cyst – Ихэвчлэн нярайд тохиолддог бөгөөд өсвөр насанд томордог. Дээд зовхины гадна талд ихэвчлэн байрласан хатуу, хөдөлгөөнтэй, удаан ургалттай арьсан доор байрласан цист тэмтрэгдэнэ. Заримдаа гавал явсны дух хацрын заадастай холбогдож ухархайн арын хэсэгрүү байрласан байж болдог. Дермойд цист нь дотроо гистологийн хувьд хэвийн эсүүд буруу байрлалд байрласнаас болж үүсдэг буюу дотроо кератинлаг хучуур эсүүд болон өөхөн эдийн бүтцүүдийг агуулдаг. Зовуурьгүй, жижиг хэмжээтэй тохиолдолд эмчилгээ шаардлагагүй. Мэс заслын аргаар авахдаа цистийн ханын бүрэн бүтэн байдлыг алдагдуулахгүйгээр авах хэрэгтэй.

Дермойд цист

Port wine stain (nevus flammeus) — Төрөлхийн капиллярийн гаж хөгжилтэй холбоотой үүсдэг. Ягаанаас улаан өнгийн толбонууд дарахад арилна, голын шугамын дагуу ихэвчлэн нэг талд эсвэл хэсэгчлэн байрлана. Энэ нь ховор тохиолдох төрөлхийн Стюрж-Веберийн хам шинжийн үед илэрдэг. Мөн нүдний болон тархины зөөлөн бүрхүүлийн судасны хамартома, глауком болон торлогийн ховхрол зэрэг илэрч болно.

Nevus flammeus

Infantile hemangioma — Нярайн гемангиома нь нярайн эрт үед илэрнэ. Ихэвчлэн төрсний дараа хэд хоногоос хэдэн сарын дараа илүү тодордог. Хэдэн мм-с хэдэн см хүртэл диаметртэй цайвар улаан өнгийн толбо, зангилаа эсвэл хөрзөн харагдана. Арьсанд өнгөц, гүн эсвэл холимог байдлаар байрлана. Гемангиома нь эхний хэдэн сар хурдацтай томорч 1 жилийн дараа аяндаа багасдаг. 40% нь 4 насанд, 80% нь 8 настайд аяндаа өөрөө эдгэрдэг. Хэрвээ амблиопи, харааны мэдрэл дарагдах, үрэвсэл, үхжил болон гоо сайхны хувьд тааламжгүй бол эмчилгээ хийнэ.

Гемангиома

Хортой хавдрууд

Зовхины анхдагч хортой хавдрууд нь суурь эсийн хавдар, хавтгай хучуур эсийн хавдар, кератоакантома болон тосорхог эсийн хавдрууд юм. Эдгээр хавдруудыг нүдний эмч болон хавдрын эмч хамтарч эмчилнэ. Хавдрын TNM ангиллын дагуу оношийг тавина.

Cutaneous horn — Энэ нь бие даасан хорт хавдар биш бөгөөд хорт хавдрын суурь болдог. Арьсны гадаргуугаас товойсон бараан кератинжсэн эврүүд үүссэн харагдана. Эдийн шинжилгээ хийж оношийг баталгаажуулна.

Cutaneous horn

Basal cell carcinoma — Суурь эсийн хавдар нь зовхины хортой хавдруудын 85-90%-г эзэлсэн нийтлэг тохиолддог хавдар юм. Цайвар арьстай хүмүүст нарны хэт ягаан туяанд удаан хугацаагаар өртөснөөс үүсдэг. Энэ нь залуу хүмүүст Gorlin-Goltz синдром эсвэл ксеродерм пигментозтой холбоотой байж болно. Суурь эсийн хавдар нь удаан ургалттай, хатуу, өвдөлтгүй байдаг. Хэсэг газарт судас өргөссөн (телангиэктази) байж болно. Заримдаа тухайн хэсэгт сормуусгүй болсон байдаг. Хатуу зангилаатай, өргөгдсөн, хөрзөн төст Морфеа хэлбэрийн хавдрууд нь элбэг биш байдаг ч давшингуй явцтай байдаг. Суурь эсийн хавдрын 3/2 нь доод зовхины ирмэг дээр байрладаг. Зовхины дотор, гадар булан, дээд зовхинд байрлаж болно. Ховор тохиолдолд үсэрхийлдэг. Гэвч эмчлэхгүй орхивол хэмжээгээр томорч ясруу нэвчиж болно. Эмнэлзүйн шинж тэмдгээр оношлох бөгөөд эдийн шинжилгээгээр оношийг баталгаажуулна.

Суурь эсийн хавдар

Squamous cell carcinoma — Хавтгай хучуур эсийн хавдар нь ховор тохиолдох боловч хурдан томорч үсэрхийлэл өгдөг. Актиник кератозын суурин дээр эсвэл шинээр үүсдэг. Суурь эсийн хавдартай адилхан нарны хэт ягаан туяа нь хортой хавдар үүсэхэд эрсдэлт хүчин зүйл болдог. Ихэвчлэн доод зовхинд тохиолдох бөгөөд зовхины ирмэг дээр байрлах хандлагатай байдаг. Зовхины ирмэг эргэж, удаан томордог хайрстай зангилаа эсвэл хөрзөн эмнэлзүйд харагдана. Суурь эсийн хавдартай харьцуулахад судасны өргөсөлт илэрдэггүй. Эмнэлзүйн шинж тэмдэг, эдийн шинжилгээг үндэслэн оношийг тавина.

Хавтгай хучуур эсийн хавдар

Keratoacanthoma — Арьсны хурдан ургадаг хавдар бөгөөд дунд болон ахимаг насны цагаан арьстай эрэгтэй хүмүүст элбэг тохиолдоно. Сонгодог шинж нь 1-2 см дугуй хэлбэртэй төвдөө кератинлаг тавтай гүвдрүү байх боловч үе шатаас хамааран харагдах байдал өөрчлөгдөнө. 3-6 долоо хоногийн дараа хэмжээгээр томорно. Харин хавтгай хучуур эсийн хавдар нь хэдэн сараас жилийн хугацаанд томордог. Эдийн шинжилгээгээр оношийг баталгаажуулна. Ихэвчлэн нөсөө багатай сорив үлдээж өөрөө аяндаа эдгэрдэг. Хавтгай хучуур эсийн хавдартай заавал ялган оношлох шаардлагатай.

Кератоакантома

Sebaceous carcinoma — Тосорхог эсийн хавдар нь 50-с дээш насныханд ховор тохиолдох хавдар юм. Ихэвчлэн халазион (товчирсон өвдөг) эсвэл блефароконьюктивиттэй (зовхи салстын үрэвсэл) андуурагддаг. Нэг нүдний дахисан халазион эсвэл блефароконьюктивиттэй өвчтөнүүдэд тосорхог эсийн хавдрыг бодолцож үзэх хэрэгтэй. Учир нь хожуу оношлогдвол үсэрхийлж амь насанд аюул учруулах боломжтой. Энэ хавдар нь мейбом, Зейс, тосны булчирхайнаас үүсдэг. Зовиургүй, дугуй зангилаа ихэвчлэн дээд зовхинд байрлана. Заримдаа үрэвсэж хөндүүрлэж болно. Эхэн үедээ халазионтай адилхан шинж тэмдэгтэй байх боловч цаашид сормуус унаж мейбомын булчирхайн амсрын бүтэц алдагдана. Эмнэлзүйн шинж тэмдгээр хавдрыг сэжиглэж бүх зузааныг хамарсан эдийн шинжилгээ хийж оношийг баталгаажуулна.

Тосорхог эсийн хавдар

Melanoma — Хортой меланома нь зовхины хортой хавдрын 1%-г эзлэх боловч зовхины хортой хавдрын шалтгаант нас баралтын 2/3-ыг эзэлнэ. Нарны хэт ягаан туяанд удаан хугацаагаар өртөх, генийн урьдал байдал, цагаан арьстай, арьсны мэнгэ өөрчлөгдөх зэрэг нь чухал эрсдэлт хүчин зүйл болдог. Меланома-г харагдах байдлаар нь 4 төрөлд хуваадаг. Зовхины меланомтой хүмүүст зангилаат меланома (nodular melanoma) нь хамгийн элбэг тохиолддог. Lentigomaligna нь зах ирмэг нь тодорхойгүй, хавтгай нөсөөт үүсгэвэр харагдана. Өнгөц тархмал меланома (superficial spreading melanoma) нь жижиг хэмжээтэй, өргөгдсөн байдаг. Энэ хоёр төрөл нь өнгөц хэсгийн удаан хугацааны ургалтын дараа доор байрлах эдрүү нэвчдэг. Зангилаат меланома нь илүү давшингуй хэлбэр нь бөгөөд нөсөөжсөн эсвэл нөсөөгүй зангилаа нь хурдан томорч цус алдах эрсдэлтэй. Меланомын эрт үеийн шинж тэмдгүүд нь асимметрик, зах ирмаг нь тодорхойгүй, олон янзын өнгөтэй, ≥6 мм-с том хэмжээтэй, хэмжээгээрээ томрох зэрэг орно. Эдийн шинжилгээгээр оношийг баталгаажуулна.

Lentigomaligna

Merkel cell carcinoma — Меркел эсийн хавдар нь 50-70 насны цагаан арьстануудад ховор тохиолддог давшингуй явцтай хавдар юм. Зовхи эсвэл нүдний эргэн тойронд (мөн толгой, хүзүүнд байрлаж болно) ягаан, улаан, хөх ягаан өнгөтэй зангилаат өөрчлөлтийн доор шарх үүссэн эсвэл судасны өргөсөлттэй илэрнэ. Дээд зовхины ирмэгт зангилаа байрлавал сормуус унах нь элбэг тохиолдоно. Зангилаанууд нь нарны хэт ягаан туяаны нөлөө, полиомавирусын халдвар болон дархлаа бууралттай холбоотой байдаг. Меркел эсийн хавдар хожуу оношлогдох, 2см-с том хэмжээтэй хавдар тунгалгийн булчирхайд үсэрхийлэл өгсөн бол тавилан муутай. Мэс заслын аргаар ойролцоох тунгалгийн булчирхайтай хавдрыг авч хими эмчилгээ хийнэ.

Меркел эсийн хавдар

Kaposi sarcoma — Хүний герпес вирус 8р төрлөөр үүсгэгдэнэ. Улаан эсвэл ягаавтар өнгөтэй судаслаг эмгэг нь ХДХВ-тэй өвчтөнд элбэг тохиолддог. Газар дундын тэнгисийн ойролцоох настай эрэгтэй хүмүүст ховор тохиолддог. Эмнэлзүйн шинж тэмдгээр оношийг таамаглаж эдийн шинжилгээгээр оношийг батална. Ихэнх ХДХВ-тэй өвчтөнүүдэд ретровирусын эсрэг эмчилгээний нөлөөгөөр хавдар хангалттай хэмжээгээр багасч болно. Бусад өвчтөнүүдэд ретровирусын эсрэг эмчилгээтэй хамт хэсгийн болон системийн хими эмчилгээ хийдэг.

Капоши саркома

Ном зүй

  1. www.uptodate.com
  2. Kanski’s Clinical ophthalmology, 8th ed, 2015