Мухар олгойн үрэвсэл

Мэс засал
Orgilbold bayartsogt

Мухар олгойн анатоми болон үйл ажиллагаа

Мухар олгойн суурь нь мухар гэдэсний төгсгөлд байрладаг. Түүний байрлалыг илэрхийлэхдээ үзүүр нь мухар гэдэсний аль талдаа, хаашаа байрласнаар нь илэрхийлдэг. Мухар олгойн үзүүр хувь хүний онцлогоос хамаарч мухар гэдэсний ард (retrocecal), бага аарцагт, мухар гэдэсний дор, цутгалан гэдэсний өмнө эсвэл бүдүүн гэдэсний баруун өмнө талд байрласан байж болно. Эдгээр анатомийн байрлал нь мухар олгойн цочмог үрэвслийн үеийн эмнэлзүйн илрэлд чухал. Мухар гэдэсний холбоосонд, бүдүүн гэдэсний 3 туузны (taeniae coli) уулзварт байрладаг нь хагалгааны үед байрлалыг тогтооход дөхөм болдог. Мухар олгойн урт янз бүр бөгөөд 1см-ээс бага, эсвэл 30 см-ээс ч урт байх нь тохиолддог ч ихэвчлэн 6-9 см-ийн урттай байдаг.  Зарим хүнд мухар олгой байхгүй, хоёрчлогдсон эсвэл цүлхийсэн байх нь тохиолддог.

appendix3

Мухар олгойн үйл ажиллагааг тодорхойлоогүй байх үед үлдэц эрхтэн гэж андуурч байсан. Харин одоо үед сайн судлагдсан бөгөөд мухар олгой нь иммуноглобулин ялангуяа  иммуноглобулин А ялгаруулахад идэвхитэй оролцдог дархлааны эрхтэн гэдэг нь батлагдсан. Хүний өвчлөлд мухар олгойн  үүрэг тодорхойгүй хэдий ч сүүлийн үеийн судалгаануудаар гэдэсний үрэвсэлт эмгэг болон мухар олгой авахуулах (appendectomy) нь хоорондоо хүчтэй хамааралтайг тогтоосон.

Мөн харьцуулсан судалгаагаар юуны өмнө мухар олгой авахуулах нь бүдүүн гэдэсний шархлаат үрэвслийн илүү хоргүй хэлбэр болон өвчний аажуу эхлэлтэй холбоотой. Кроны өвчин мухар олгой авахуулах хоорондын хамаарал нь бага ойлгогдсон. Эртний судалгаагаар мухар олгой ававхуулах нь Кроны өвчин үүсэх эрсдлийг нэмэгдүүлдэг гэж тэмдэглэсэн байдаг ч сүүлийн үеийн судалгаагаар сөрөг уялдаа хамааралтай нь тогтоогдсон. Эдгээр баримт мэдээллээс мухар олгой авахуулах нь гэдэсний үрэвсэлт эмгэгийн үүсэлд  эсрэг хамгаалах боломжтой, гэвч механизм нь тодорхойгүй.

Лимфойд эд мухар олгойд төрсний дараах ойролцоогоор 14 хоногт илэрдэг. Мухар олгой дах лимфойд эдийн хэмжээ бэлгийн бойжилтын үе хүртэл нэмэгдэж, дараагийн 10 жилд тогтвортой байх ба түүнээс хойш нас ахих тусам буурдаг. 60-аас дээш насныхны мухар олгойд лифойд эд үгүй болж, мухар олгой  бүрэн хөндийгүй болох нь хэвийн юм.

Шалтгаан ба эмгэг жам

Мухар олгойн хөндий бөглөрөх нь цочмог үрэвслийн ихэнх шалтгаан хүчин зүйл юм. Мухар олгойн бөглөрлийн ихэнх шалтгаан нь баас байдаг. Цөөн тохиолддог шалтгаанд лимфойд эдийн томрол (hypertrophy), тодосгогчтой рентген шинжилгээний өтгөрүүлсэн барийн уусмал, хавдар, хүнсний ногоо болон жимсний үр, болон гэдэсний паразит ордог.

Бөглөрөл байн байн давтагдаж нэмэгдэх нь үрэвслийн явцыг даамжруулдаг. Мухар олгойн энгийн цочмог үрэсвэлтэй тохиолдлын 40%, мухар олгойн цооролтгүй, үхжилт үрэвслийн 65%, цооролттой  үхжилт үрэвслийн 90% нь баасаар бөглөрч үрэвсэл өдөөгдсөн байдаг.

Мухар олгойн хөндийн ойрын хэсгийн бөглөрөл нь хаагдсан-гогцоон бөглөрөл үүсгэдэг, харин салстын шүүрэл нь хэвийн үргэлжилсээр хөндийг дүүргэж тэлэн чинэрүүлдэг. Хэвийн мухар олгойн хөндийн багтаамж 0,1 мл байдаг. Бөглөрлөөс цааш хэсэгт буюу дистал хэсэгт 0,5 мл шүүрэл ялгарахад хөндийн дотоод даралт 60 см H2O хүртэл нэмэгддэг.

Мухар олгой чинэрэхэд висцерал өгсөх сунасан ширхгийн төгсгөлийг цочроосноор бүдэг, битүү, тархмал өвдөлт хүйс орчим эсвэл аюулхайд үүсдэг.

Мухар олгой дахь оршмол бактериуд хурдан хугацаанд үржиснээс, салстын шүүрэл үргэлжилснээс чинэрэлт улам ихсэж тархмал висцерал өвдөлт улам хүнд болдог. Мухар олгойн даралт ихсэж венийнхээ даралтаас их болдог. Үүний улмаас капилляр болон венул хаагдах боловч артериолоор ирэх цус хэвийн байсаар цус дүүрэлт болдог. Үрэвслийн процесс удалгүй мухар олгойн серозыг хамарч тухайн хэсгийн париетал хальсыг цочроосноор (соматик өвдөлт) одоо өвдөлт хэвлийн баруун доод хэсэгт мэдрэгдэж эхэлдэг.

Хоол боловсруулах замын салст ялангуяа мухар олгойн салст цусан хангамж бууралтанд өртөмхий байдаг: үүний улмаас салстын бүрэн бүтэн байдал алдагдаж бактери нэвчих боломжийг олгодог. Бактери эхлээд вен руу, дараа нь артериол руу халдварлаж тухайн хэсгийн цусан хангамжийг улам хямруулснаар мухар олгойн чацархайтай холбогдоогүй талд эллипсойд шигдээс үүсдэг.

Эдгээр дараалал заавал байх зүйл биш бөгөөд мухар олгойн цочмог үрэвсэл өөрөө аяндаа намдаж болно.

Бактериологи

Хэвийн мухар олгойн бактерийн популяци нь хэвийн бүдүүн гэдэснийхтэй төстэй байдаг. Амьдралын турш байдаг байнгын тогтмол флора нь Porphyromonas gingivalis юм. Энэ бактери зөвхөн насанд хүрэгчдэд байдаг. Мухар олгойн цочмог үрэвслээс бактер өсгөвөрлөхөд бүдүүн гэдэсний бусад халдваруудтай төстэй байдаг тухайлбал: дивертикул. Хэвийн үед, цочмог үрэвсэл, цоорсон үрэвслийн үед илэрдэг организм бол Escherichia coli болон Bacteroides fragilis юм. Гэхдээ санамсаргүй болон анаэроб бактерийн төрлүүд хамт болон микобактери илэрч болдог.  Мухар олгойн цочмог үрэвслийн үед олон бактери халдарласан байдаг бөгөөд цооролттой үед 14 хүртэл өөр организм өсгөвөрлөгддөг.

Хүснэгт. Цочмог мухар олгойн үрэвслийн үед нийтлэг тохиолддог организмууд
Аэроб болон санамсаргүй Анаэроб
Грамм сөрөг бацилл Грамм сөрөг бацилл
  Escherichia coli   Bacteroides fragilis
  Pseudomonas aeruginosa   Other Bacteroides species
  Klebsiella species   Fusobacterium species
Грамм эерэг кокк Грамм эерэг кокк
  Streptococcus anginosus   Peptostreptococcus species
  Бусад: Streptococcus species Грамм эерэг бацилл
  Enterococcus species   Clostridium species

Антибиотик эмчилгээ нь мэс заслын дараа хэвлий дотор буглаа үүсэх болон халдвараас сэргийлэх ач холбогдолтой.

Эмнэлзүйн илрэл

Зовиур

Хэвлийн өвдөлт нь мухар олгойн цочмог үрэвслийн гол зовиур юм. Сонгомол өвдөлт нь эхлээд аюулхай эсвэл хүйс орчим тархмал, бүдэг өвдөлт үүсч цаашид өвдөлт хүндэрдэг. Цаашид өвдөлт эхэлснээс 1-12 цагийн дараа дунджаар 4-6 цагийн дараа хэвлийн баруун доод хэсэгт өвдөлт байрлана. Зарим өвчтөнд өвдөлт эхнээсээ хэвлийн баруун доод хэсэгт байрлалтай байдаг.   Мухар олгойн анатомийн байрлалаас хамаарч өвдөлтийн соматик фазын байрлал янз бүр байдаг. Тухайлбал үзүүр нь үрэвссэн урт мухар олгой бол хэвлийн зүүн доод хэсэгт өвдөж болно. Мухар гэдэсний арын байрлалтай бол нуруугаар, аарцагт байрлалтай бол умдаг ясны дээд талд, цутгалан гэдэсний ард байрлалтай бол сперматик артери болон шээлэйг цочроосноос төмсөг өвдөж байгаа мэт байж болно.

Мухар олгойн үрэвсэлтэй хамт анорекси (хоолонд дургүй болох) ихэвчлэн байдаг. Бөөлжилт нийт өвчтнүүдийн 75%-д тохиолддог бөгөөд зөвхөн нэгээс хоёр удаа л бөөлждөг. Бөөжилт нь цутгалан гэдэсний цочрол болон мэдрэлийн идэвхжил хоёрын дүнд үүсдэг.

Нийт өвчтөнүүдийн эхний зовиур нь анорекси, дараагаар нь өвдөлт илэрч, нэг 2 удаа бөөлжих болон нэг 2 удаа суулгадаг.

Шинж тэмдэг

Үрэвссэн мухар олгойн байрлалын анатомаас хамаарч илрэх шинжүүд өөр байдаг ч цооролтоор хүндрээгүй бол үндсэн шинжүүд хадгалагддаг.

Мухар олгой нь үрэвссэн хүний биеийн халуун 10С-аас ихсэх нь ховор бөгөөд судасны цохилтын тоо хэвийн эсвэл багахан нэмэгддэг. Сонгомол хэвлийн баруун доод хэсэгт Мак-Бурнейн цэгт хамгийн их эмзэглэлтэй байдаг.

Нурууны баруун талд Т10, Т11, Т12-р нугасны мэдрэлээр мухар олгой болон энэ төвшний арьс хамт мэдрэлждэг тул үзлэгээр энэ хэсэгт арьс нь хэт мэдрэмтгий байна.

Оношилгоо, эмчилгээний алгоритм

Appendicitis_algoritm

Лабораторын шинжилгээ

Хөнгөн лейкоцитоз хэлбэлзэл нь 10000-18000 эс/мм3 хооронд байдаг. Цочмог үед полиморфонуклеар эсүүд давамгайлж илэрдэг. Цагаан эсийн тоо янз бүр байх ч цөөн тохиолдолд хүндрээгүй үрэвслийн үед 18000 эс/мм3-аас ихэсч болно. Цагаан эс ихсэх нь буглаатай болон буглаагүй цоорсон үрэвслийг илтгэдэг.

Шээсний шинжилгээд цагаан эс болон улаан эс давсаг болон шээлэйг үрэвссэн мухар олгой цочроосноос илэрч болох ч бактериуриа (шээсэнд бактер илрэх) илрэх нь мухар олгойн үрэвслийн үр дагавар биш юм.

Дүрс оношлогоо

Гэрэлд харах шинжилгээ нь мухар олгойн үрэвслийн оншлоход дутмаг ч бусад эмгэгээс ялгахад чухал шинжилгээ юм. Мухар олгойн цочмог үрэвсэлтэй өвчтний гэдсэнд эмгэг хйи илэрдэг ч өвөрмөц бус шинж юм. Гэрэлд тодосгогчтой харахад мухар олгой бөглөрсөн үед тодосгогч дүүрдэггүй буюу ордоггүй ч энэ нь онош батлахад хангалттай бус байдаг.

ЭХО шинжилгээ нь мухар олгойн үрэвслийг үнэн зөв оношлоход тустай. ЭХО-д мухар олгой нь мухар гэдэснээс эхлэлтэй, мухар төгсгөлтэй, хөндий гогцооны диаметр 5мм-ээс бага харагддаг. Үрэвслийн үед диаметр нь нэмэгдэж, хана нь зузаардаг. Төрсөн эсвэл эсрэг заалтгүй тохиолдолд эмэгтэйчүүдэд хэвлийгээр болон үтрээгээр ЭХО шинжилгээ хийх нь эмэгтэйчүүдийн хэвлийн цочмог өвдөлтөт эмгэгүүдээс ялган оношлоход өндөр ач холбогдолтой.

ЭХО нь мухар олгойн цочмог үрэвслийг оношлоход  мэдрэг чанар 55-96%, өвөрмөц чанар 85-98% байдаг.

Компютерт томографийн шинжилгээ нь мухар олгойн үрэвслийг оношлох болон хянахад өндөр ач холбогдолтой бөгөөд СТ-ийг хэрэглэснээр оношийн андуурал буюу үр дүнгүй лапаротомийг бууруулсан. Амаар эсвэл шулуун гэдсээр урографин  тодосгогч хэрэглэж оношлох нь эмнэлзүйн гаж хэлбэрийн илрэлтэй мухар олгойн үрэвслийг оношлоход чухал.  Харин венийн судсаар тодосгогч хэрэглэх нь ач холбогдолгүй.

Дүрс оношлогоонд суурилсан протокол буюу алгоритм ашиглан гүйцэтгэсэн хэд хэдэн судалгаа хийгдсэнээр оновчтой сонгомол шинжилгээ нь СТ гэж тодорхойлсон.

Мухар олгойн үрэвслийн магадлалыг эмнэлзүйн өвөрмөц шинжүүд болон лабораторын шинжилгээг хэрэглэн Alvarado-ийн үнэлгээгээр тодорхойлдог. Энэ үнэлгээ нийт 10 оноо өгдөг. Гэвч энэ үнэлгээг Монгол Улс баримталдаггүй тул клиникт баримтлах нь зохимжгүй ч мухар олгойн үрэвслийн бусад өвөрмөц шинжүүдтэй хослуулан хэрэглэж аппендицит онош тавихад туслах болов уу!!

Untitled-1
Мухар олгойн цочмог үрэвслийн үед мухар олгой урагдсан гэж сэжиглэвэл яаралтай аппендэктоми хийнэ. Цоорсон аппендицитын нийт тохиолдлын 28,5%-ийг эзэлдэг. 5-аас бага насны хүүхэд (45%) болон 65-аас дээш насны хүмүүст (51%) хамгийн элбэг тохиолддог. Эмнэлзүй илэрснээс хойш удааснаас цоорсон мухар олгойн хүндрэл нь урагдал болдог.

Урагдсан аппендицит

Урагдсан үед биеийн халуун 39С-аас ихэсч, цагаан эсийн тоо 18000 эс/мм3-с их болдог. Урагдлыг агуулсан хязгаарлалт үр дүнгүй байгаа тохиолдолд ерөнхий перитонитын шинж илэрнэ. Тохиолдлын 2-6%-д бодит үзлэгээр хэвлийд өвчтэй масс тодорхойлогддог. Энэ нь флегмон үүсч, үрэвссэн мухар олгой ойр орчмын эдтэйгээ наалдац үүсгэснийг болон мухар олгойн ойролцоох буглаа үүсч буйг илтгэдэг. Хэвлийд масс бүхий мухар олгойн үрэвсэлтэй өвчтөнүүд ихэвчлэн эмнэлзүй илрээд багадаа 5-7 хоносон байдаг. Мухар олгойн наалдцат үрэвслийн эмчилгээ цочмог мухар олгойн үрэвслийн хүндэрсэн хэлбэрүүдийн эмчилгээнээс өөр тул ялгах шаардлагатай.

Өндөр настангуудын мухар олгойн үрэвсэл

Өндөр настай хүмүүст мухар олгойн үрэвслийн гаж хэлбэрээр илрэх, өргөн хүрээний  ялган оношилгоо шаардах, хам эмгэгүүд их тул залуу өвчтөнүүдтэй харьцуулахад оношлогооны асуудал нилээн өргөн байдаг. Эдгээр хүчин зүйлийн улмаас цооролт өндөр хувьтай байдаг. Нийт хүн амд мухар олгойн цооролтот үрэвслийн хэлбэр 20-30% байдаг бол настай хүмүүст 50-70% тохиолддог. Мөн 80-аас дээш насны хүмүүст цооролтын энэ хувь нэмэгддэг.

Настай хүмүүст өвдөлт нь ихэвчлэн хэвлийн доод хэсгээр байдаг, бөгөөд  хэвлийн баруун доод хэсгийн байршмал эмзэглэл 80-90%-д нь илэрдэг. Харин асуумжинд хүйс орчмоос хэвлийн баруун доод хэсэг рүү өвдөлт шилжих нь тогтмол бус шинж байдаг.

Цочмог аппендициттэй настай хүмүүст Алварадо-н үнэлгээгээр 7 буюу түүнээс дээш оноогоор үнэлэгдэх нь 50%-аас бага байдаг. Тиймээс настай хүмүүст Алварадо-н үнэлгээ тохиромжгүй байдаг.

Настай хүмүүст хагалгааны дараах хүндрэл, нас барах эрсдэл болон эмнэлэгт хэвтэх хугацаа залуу өвчтөнүүдээс ихэсдэг. Сүүлийн жилүүдэд настай хүмүүст лапарскопигоор аппендэктоми хийхийг илүү санал болгож байгаа бөгөөд учир нь хагалгааны дараах хүндрэлийг бууруулж, эмнэлэгт хэвтэх хугацааг богиносгон гэртээ асруулах боломжийг эрт олгодог.

Мухар олгойн цочмог үрэвсэлтэй жирэмсэн өвчтөн

Мухар олгойн үрэвслийг тааварлаж хагалгаа хийх нь жирэмсэн үед илүүтэй тохиолддог (зураг). Тохиолдлын тархалт 766 төрөлтөд ойролцоогоор 1 тохиолддог. Үр дүнгүй аппенэктоми жирэмсэн нийт өвтчнүүдэд ойролцоогоор 25% тохиолддог нь жирэмсэн биш эмэгтэйчүүдээс их юм.

pregnancy_appendicitis

Ялган оношилгоо

Мухар олгойн цочмог үрэвслийн ялган оношилгоо нь хэвлийн цочмог эмгэгүүдийн оношилгоонд чухал. Эмнэлзүйн илрэлүүд нь өвчинд өвөрмөц биш боловч үйл ажиллагаа буюу физиологийн үйл ажиллагааны алдагдалд өвөрмөц байдаг. Чухамдаа мухар олгойн цочмог үрэвсэл нь перитониал хөндийн зарим үйл ажиллагааны алдагдлыг үүсгэдэг тул цочмог үед янз бүрийн эмнэлзүйн зураглал тодорхойлогддог.

Мухар олгойн цочмог үрэвслийн мэс заслын өмнөх оношлогоонд андуурагддаг нийтлэг эмгэгт (ихээс багаруу дарааллаар): чацархайн цочмог лимфаденит, эрхтэн тодорхойгүй эмгэг байдал, аарцгийн цочмог үрэвсэлт өвчнүүд, өндгөвчний хоёрлосон уйланхай буюу Граафын фолликулын задрал, болон цочмог гастроэнтерит ордог.

Мухар олгойн ялган оношилгоонд 4 гол хүчин зүйл хамаарагддаг. Үүнд: үрэвссэн мухар олгойн анатомийн байрлал, процессын үе шат (энгийн эсвэл урагдсан…), өвчтөний нас, өвчтөний хүйс ордог.

Чацархайн цочмог үрэвсэл

Чацархайн цочмог үрэвсэл нь хүүхдэд мухар олгойн цочмог үрэвсэлтэй нийтлэг андуурагддаг. Энэ үед амьсгалын дээд замын халдварын шинж байгаа буюу сүүлийн хугацаанд байсан өгүүлэмж бараг бүх тохиолдолд байдаг. Тархмал өвдөлт болон хөндүүрлэл байнга бөгөөд мухар олгойн байрлалтай тохирдоггүй. Ерөнхий лимфадинопатийн өгүүлэмж байж болно. Лабораторын шинжилгээнд багахан тусална. Үүнд: чацархайн лимфаденитын өгүүлэмжтэй эсвэл илрэсэнтэй холбоотой лимфоцитоз илэрнэ. Чацархайн аденит өөрөө хязгаарлагдмал эмгэг учраас хэрвээ сэжиглэвэл хэдэн цаг ажиглаж болдог.

Хүнд Yersinia enterocolitica эсвэл Yersinia pseudotuberculosis өтгөн эсвэл шээсээр бохирлогдсон хоолоор дамжин халдварлаж чацархайн аденит төдийгүй нарийн, бүдүүн гэдэсний үрэвсэл болон мухар олгойн цочмог үрэвсэл үүсгэдэг. Халдварын олон тохиолдол нь хөнгөн болон өөрөө хязгаарлагдмал байх боловч эмчлэгдээгүй бол нас барах эрсдэл өндөртэй системийн өвчинд хүргэж болдог. Эдгээр үүсгэгчид нь үргэлж тетрациклин, стрептомицин, ампициллин, болон канамицинд  мэдрэг байдаг. Чацархайн аденитын тохиолдлын ойролцоогоор 6% нь Yersinia-ийн халдвараар үүсгэгддэг. Мөн Yersiniaаар үүсгэгдсэн мухар олгойн үрэвсэл бусад шалтгаанаас ялгагддагүй.

Salmonella typhimurium-ийн халдвар нь мухар олгойн үрэвсэл, энгийн эмнэлзүйтэй нарийн гэдэсний саа болон чацархайн аденитын шалтгаан болдог. Оношилгоонд серологийн шинжилгээгээр тогтворжсон байдаг. Campylobacter jejuni нь мухар олгойн үрэвсэлтэй ижил өвдөлт болон суулгалтыг үүсгэдэг. Үүсгэгч нь өтгөнөөс өсгөвөрлөгддөг.

Эмэгтэйчүүдийн эмгэг

Эмэгтэйчүүдийн дотоод нөхөн үржихүйн эрхтнүүдийн эмгэг мухар олгойн цочмог үрэвслийн оношилгоонд эндүүрэл үүсгэж болдог. Үүнд (тохиолдлын давтамжийг буурах дарааллаар): аарцгийн үрэвсэлт өвчнүүд, Граафын фолликулын задрал, өндгөвчний хоёрлосон уйланхай буюу хавдар, эндометриоз, болон умайн гаднах жирэмслэлтийн задрал ордог.

Аарцгийн эрхтний үрэвсэлт өвчнүүд

Халдварын гаралтай аарцгийн эрхтний үрэвсэлт өвчнүүд үргэлж билатерал боловч баруун гуурсаар хязгаарлагдмал бол мухар олгойн цочмог үрэвсэлтэй ижил байдаг. Дотор муухайралт болон бөөлжилт мухар олгойн үрэвсэлтэй өвчтөнд илэрдэг бол аарцгийн эрхтэнүүдийн үрэвсэлтэй өвчтөнүүдийн ойролцоогоор 50%-д илэрдэг. Өвдөлт болон хөндүүрлэлт нь үргэлж доогуур, умайн хүзүүг хөдөлгөхөд өвдөлт улам ихэсдэг. Мөн зарим эмгэгүүдийн үед үтрээгээр идээ, шүүдэс гарах тул мухар олгойн үрэвслээс амархан ялгаж болно. Аарцгийн эрхтний үрэвсэлт өвчин болон мухар олгойн үрэвслийн харьцаа эмэгтэйчүүдийн сарын тэмдгийн мөчлөгийн эрт үед бага байдаг бол шар биеийн үед өндөр байдаг.

Граафын фолликулын задрал

Богино хугацаанд хэвлийн доод хэсгийн, хөнгөн хэлбэрийн өвдөлт фолликулаас шингэн болон цус хангалттай хэмжээгээр алдахад үүсдэг. Хэрвээ баруун өндгөвчнөөс цус алдаж байгаа бол мухар олгойн үрэвсэлтэй ижил шинж илэрнэ. Өвдөлт болон хөндүүрлэл нь нилээн тархмал. Лейкоцитоз болон халууралт маш бага эсвэл байхгүй. Энэ өвдөлт сарын тэмдгийн дунд үед тохиолддог, энийг ихэнх нь  mittelschmerz гэж нэрлэдэг.

Өндгөвчний хоёрлосон уйланхай

Өндгөвчний уйланхай нийтлэг бөгөөд ерөнхийдөө эмнэлзүй байдаггүй. Баруун талд уйланхай задрах эсвэл мушгирах нь мухар олгойн үрэвслийн илрэлтэй ижил байдаг. Өвчтөнд хэвлийн баруун доод хэсэгт өвдөлт, хөндүүрлэл, тусгал, халууралт болон лейкоцитоз илэрдэг. Бодит үзлэгийн үед биет тэмтрэгдэнэ. Хэрвээ биет тэмтрэгдэхгүй бол трансвагиналь ЭХО болон СТ-р оношилно.

Мушгирсан бол яаралтай мэс засал эмчилгээ шаардлагатай.

Умайн гаднах жирэмсний задрал

Бластоцист өндгөвчинд болон фаллопийн гуурсанд (үргэлж ампуллар хэсэгт) байрлаж болдог. Баруун гуурс эсвэл өндгөвч задарвал мухар олгойн үрэсвэлтэй ижил эмнэлзүй илэрдэг. Өвчтөн сарын тэмдгийн алдагдал, нэг эсвэл 2 удаа эсвэл үл ялиг үтрээнээс цус алдсан өгүүлэмжтэй байдаг. Мөн маш цөөн өвчтөн жирэмсэн гэдгээ мэддэг. Эхний зовиур нь хэвлийн баруун доод хэсэгт эсвэл аарцагт өвдөлт бий болох байдаг. Оношилгоо: аарцагт масс илрэх болон хорионы гонадотропиний төвшин нэмэгдэх онцлогтой. Цагаан эсийн тоо үл ялиг нэмэгдэх (14,000 эс/мм3), хэвлийн доторх цус алдалтын улмаас гематокритын төвшин унадаг. Үтрээний үзлэгээр умайн хүзүүг хөдөлгөхөд болон дайвар эрхтний эмзэглэл илрэх бөгөөд кулдоцентезээр оношийг бүрэн батлана. Яаралтай мэс заслаар эмчилнэ.

Цочмог гастроэнтерит

Цочмог гастроэнтерит нийтлэг боловч цочмог аппендицитээс ялгахад харьцангуй амархан. Их хэмжээний суулгалт, дотор муухайралт болон бөөлжилтөөр илэрдэг. Усархаг өтгөн гарахын өмнө хэвлий хүчтэй базалдаг. Базлалт хооронд хэвлий сулардаг бөгөөд тодорхой байрлалгүй байдаг. Лабораторын шинжилгээнд шалтгаан өвөрмөц өөрчлөлтүүд илэрнэ.

Гэдэсний бусад эмгэгүүд

Меккелийн дивертикулит

Энэ нь цочмог аппендициттэй ижил эмнэлзүйн зураглал өгдөг. Меккелийн дивертикул нь цутгалан гэдэсний 2 ft дистал хэсэгт байрладаг. Меккелийн дивертикулит нь тухайлбал аппендицитээр хүндэрдэг тул яаралтай мэс засал эмчилгээ шаарддаг. Мэс заслыг лапароскопигоор хйиж болох ч шаардлагатай бол Макк-Бурнейн зүслэгээр нээж цутгалан гэдэсний дивертикул хэсгийг тайрч гэдсийг төгсгөл-төгсгөлөөр залгана.

Кроны өвчин

Хэсэг газрын цочмог энтеритийн илрэл: халууралт, хэвлийн баруун доод хэсэгт өвдөлт болон зовиурлалт, лейкоцитоз нь ихэвчлэн цочмог аппендицитыг санагдуулдаг. Суулгалт илрэх ч анорекси, дотор муухайралт, болон бөөлжилт байдаггүй нь энтеритын оношилгоонд чухал хэдий ч энэ нь цочмог аппендицитийг үгүйсгэхэд хангалтгүй.

Бүдүүн гэдэсний эмгэг

Мухар гэдэсний дивертикулит эсвэл цоорсон карцинома эсвэл тахир гэдэсний байрлал баруун талд байх үед анппендицитээс  ялгахад бэрх. КТ шинжилгээ хэв шинжит бус илрэл болон хэвлийн баруун доод хэсгийн өвдөлттэй өвчтөний оношлогоонд бүрэн тусална.

Бусад өвчин

Гэдсэнд гадны биет нэвчих, түгжрэл, чацархайн шигдээс, хэвлийн баруун доод хэсгийн плеврит, цочмог холецистит, цочмог панкреатит, хэвлийн ханын гематома, эпидидимит, төмсөг мушгирах, шээсний замын халдвар, шээлэйн чулуу, анхдагч перитонит, болон Шенлейн-Генох пурпура зэрэг өвчнийг цочмог аппендицитээс ялган оношлох  хэрэгтэй.


Эх сурвалж:

Schwartzs “Principles of Surgery” 9th Ed, 2010