Мигрень буюу толгой таллан өвдөх өвчин /боловсрол олгох/

Хүүхэд судлал
Мягмарсүрэн Namuun bolor-erdene

Толгойн өвдөлт нь эрүүл мэндийн төвөгтэй асуудал боловч амь насанд халтай өвчин биш юм. Толгойн өвдөлтийн нийт шалтгааны ойролцоогоор 90% нь дараах гурван хам шинжээс шалтгаалсан байна.  Үүнд:

  1. Мигрень буюу толгойн талалсан өвдөлт
  2. Толгойн хүчдлийн өвдөлт буюу Tension-type headaches
  3. Толгойн үечлэн цоргих өвдөлт буюу Cluster headaches

Мигрень өвчний шинж тэмдэг

Америкийн Нэгдсэн Улсын хүн амын 12 – 16% нь  ямар нэгэн байдлаар мигрень өвчинөөр өвдсөн байдаг нь энэ өвчнийг толгойн өвдөлтийн түгээмэл тохиолдох шалтгааны хоёрдугаарт оруулж байгаа юм.

Өвдөлт  — Мигрень толгойн өвдөлт ихэвчлэн аажуухан эхэлж, хэдэн минутаас хэдэн цагаар эрчимтэй өвдөн улмаар өвдөлтийн дайрлагын дараа аажим намддаг. Мигренийн хөдлөл хөнгөнөөс дунд зэрэг өвдөж байгаа үед толгойн өвдөлт нь битүү, чинэрсэн маягтай, тогтвортой байдаг бол хүнд үед лугшиж, чичрүүлж өвдөнө.

Гэрэл, дуу чимээ, найтаах, оюуны ажилд ядрах, нэгэн хэмийн хөдөлгөөн хийх, толгойг хүчтэй хөдөлгөх, биеийн хүчний ажил хийх гэх мэт нь мигрений өвдөлтийг улам ихэсгэнэ. Мигрений хүчтэй хөдлөлийн үед өвчтөн харанхуй, чимээгүй өрөөнд ганцаараа байхыг эрмэлзэнэ. Мигреньтэй нийт хүмүүсийн 60 – 70% – д толгой таллан өвдөнө. Насанд хүрэгчидэд, мигрень толгой өвдөлт ихэнхдээ хэдэн цагаар үргэлжлэх боловч дунджаар 4 – 72 цаг үргэлжилдэг.

Бусад шинжүүд  — Мигрений толгойн өвдөлт зарим тохиолдолд дотор муухайрах, бөөлжих, гэрэл болон дуу чимээнд хэт мэдрэг болох зэрэг шинжүүдтэй хавсрана. Мигреньтэй хүмүүсийн 10 – 20% – д хамар битүүрэх, нус – нулимас гоожих шинжүүд илэрдэг.

Мигрений толгойн өвдөлтийн дайрлага хүнд буюу хөнгөн явцтай байдаг ч дайрлагын дараа эрүүл мэндэд үлдэц өөрчлөлт үүсдэггүй.

Аура   —  Мигрень өвчтэй хүмүүсийн 20% – д өвдөлтийн дайрлага болохоос өмнө өвөрмөц шинж илэрдэг бөгөөд үүнийг аура буюу дохио гэнэ. Эдгээр дохио шинжүүдэд нүд гялбах, нүдэнд оч харагдах, нүд эрээлжлэх, хараа өөрчлөгдөх, гарын хуруу, хэл, уруул эсвэл нүүрний доод хэсгээр татваганана. Дурдсан дохио шинжүүдээс нэг эсвэл хэд хэдэн шинжүүд илэрч болно.

Дохиот шинж нь бусад мэдрэхүйг ч хамарч болох ба зарим үед түр зуур булчин сулрах, яриа өөрчлөгдөх зэрэг шинж илэрч илүү түгшүүртэй байдал үүсгэх нь бий.

Дохиот шинжүүд ихэвчлэн 5 – 20 минут үргэлжлэх ба ховор тохиолдолд 60 минутаас удаан үргэлжилнэ. Дохио шинж зогсмогц толгойн өвдөлт эхэлдэг. Булчинтай холбоотой илэрсэн дохио шинжүүд илүү удаан үргэлжилэх хандлагатай.

migrain

Зураг 1. Мигрений шинжүүд

Мигрений хөдлөлийг нөхцөлдүүлэгч

Мигрень нь стресс, санаа зовох, биений юм ирэх, жирэмслэлтээс хамгаалах эм хэрэглэх, биеийн тамирын дасгалууд, ядаргаа, нойр дутуу байх, өлсөх, толгойд гэмтэл авах төдийгүй нитрит, глутамат, аспартат, тирамин гэх мэт химийн нэгдлүүд агуулсан хүнсний зүйл идэх, уух зэрэгт сэдэрнэ.

Зарим эмийн зүйл, химийн бүтээгдэхүүнүүд мигрений хөдлөлд нөлөөлнө. Үүнд: нитроглицерин (цээжний өвдөлт намдаахад хэрэглэдэг), эстроген, гидралазин (цусны даралт бууруулах бэлдмэл), үнэртэй ус, тамхины утаа, хурц үнэртэй органик уусмалууд багтана.

Толгой өвдөлтийн тэмдэглэл  — Толгой нь ойр ойрхон өвддөг, өвдөлт нь хүчтэй байдаг хүмүүс сар буюу удаан хугацааны толгой өвдөлтийн тэмдэглэл хөтөлнө. Энэ нь толгойн өвдөлтийг нөхцөлдүүлэгч хүчин зүйл болоод түүнийг эмчлэх аргыг тодорхой мэдэж авахад тустай. Тэмдэглэлдээ өвчин эхлэх дохио шинж, өвдөлт эхэлсэн ба дууссан цаг, байрлал, шинж чанар, хүч, өвдөлт намдаахаар уусан эм, эмийн үйлчилгээ, унтсан цаг, идсэн хоол, толгой өвдөх үед хийж байсан ажил зэргийг тусгана. Тэмдэглэлийг толгойн өвдөлт бүрт бичих ба дараа нь энэ бүхэнд дүгнэлт хийснээр толгойн өвдөлтөө намжмал байдалд барьж байх боломж бүрдэнэ.

Мигрений толгой өвдөлтийн эмчилгээний хэлбэрүүд

Мигрений толгой өвдөлтийн эмчилгээ нь түүний хөдлөлийн давтамж, хүндийн зэрэг, илэрч буй эмнэлзүйн шинжүүдээс хамаарна.

  • Толгой хүчтэй өвдөж байгаа үед өвдөлтийг богино хугацаанд намдаах эмийн зүйл хэрэглэнэ.
  • Урьдчилан сэргийлэх эмийг өдөр бүр хэрэглэх ба толгой өвдөлт илрэхээс урьдчилан сэргийлэх зорилготой.

Цочмог үеийн эмчилгээ  — Мигрений өвдөлтийг дарах нь ихээхэн төвөгтэй асуудал. Өвдөлтийн дайрлагын эхний шинж (жнь: дохио шинж эсвэл толгой өвдөлт дөнгөж эхлэх) илэрмэгц эмийг хэрэглэхэд үр дүнд хүрч болно.

Зарим хүмүүст, мигрений хөдлөл эхлэхээс өмнө дохио шинж илрэх нь толгойн өвдөлт дарах эмээ хэрэглэх дохио болдог.

Өвдөлт намдаах  — Мигрений хөнгөн зэргийн дайрлага өвдөлт намдаах эмэнд дарагдаж болох бөгөөд тэдгээр эмийн зарим нь жоргүй олгогддог юм. Үүнд:

  • Аспирин
  • Ацетаминофен (худалдааны нэр Tylenol®)
  • Стеройд бус үрэвслийн эсрэг  эмүүд. Ибупрофен (худалдааны нэр Motrin® эсвэл Advil®), индометацин, нафроксэн (худалдааны нэр Naprosyn® эсвэл Aleve®).
  • Индометацин нь жороор олгодог шулуун гэдсээр хэрэглэх лаа юм. Энэ эм толгой өвдөлтийн үед дотор нь муухайрдаг хүмүүст илүү хэрэгтэй.

Өвдөлт намдаах эмүүдийг кофейнтэй хавсран хэрэглэх боломжтой. Кофейн нь эдгээр эмүүдийн анти – мигрень нөлөөг нэмэгдүүлдэг юм. Жишээлбэл, зарим өвдөлт намдаах эмүүд ацетаминофен, аспирин, кофейны хавсарсан найрлагатай байна.

Мигрений хөнгөнөөс дунд зэргийн дайрлагын үед өвдөлт намдаах эмүүд эхний сонголт юм. Гэвч, эдгээр эмүүдийг байнга хэрэглэх нь эмийг хэтрүүлэх хэрэглэхтэй холбоотой толгой өвдөлт буюу толгойн өдөр бүрийн архаг өвдөлтөнд хүргэх боломжтой. Хэрвээ толгойн өвдөлт өвдөлт намдаах эмэнд намжиж байвал толгойн өвдөлтийн дайрлага тутамд эмийг хэрэглэж болох ба долоо хоногт нэг ба хоёроос илүү хэрэглэж болохгүй.

Ходоодны үрэвсэлтэй, шархлаатай, бөөрний өвчтэй, цус гоождог бол аспирин агуулсан эсвэл үрэвслийн эсрэг стеройд бус эмүүдийг хэрэглэхгүй.

Дотор муухайралтын эсрэг эмүүд  — Мигрень илрэхийн зэрэгцээ дотор муухайрах, бөөлжих зовиур илэрч байгаа бол дотор муухайралтын эсрэг эмийг тарих эсвэл шулуун гэдэсний лаагаар хэрэглэж болно. Үүнд церукал, прохлорперазин зэрэг эмүүд байж болох юм. Дотор муухайралтын эсрэг эмүүдийг мигрений цочмог хөдлөлийг намдаах бусад эмүүдтэй хавсран ууж хэрэглэж болно. Гэвч, мигрений цочмог хөдлөлийг намдаахын тулд эмнэлэгийн нөхцөлд дотор муухайралтын эсрэг эмүүдийг судсаар эсвэл булчинд тарьж хэрэглэнэ.

Tриптанууд  — хэрвээ өвдөлт намдаах эмэнд мигрений өвдөлт намдахгүй бол мигрень – өвөрмөц эмүүдийг хэрэглэнэ. Үүнд триптаны бүлгийн эмүүд багтана. Триптаны бүлгийн эмүүдийн төлөөлөгчид суматриптан (худалдааны нэр Imitrex®), золмитриптан  (худалдааны нэр Zomig®), naratriptan (худалдааны нэр Amerge®), ризатриптан (худалдааны нэр Maxalt®), алмотриптан (худалдааны нэр Axert®), элэтриптан (худалдааны нэр Relpax®), фроватриптан (худалдааны нэр Frova®).

Триптаны бүлгийн эмүүдийг гэртээ, ажил/сургууль хаана ч гэсэн шахмал хэлбэрээр ууж хэрэглэж болно. Суматриптан ба золмитриптан нь хамрын спрэй хэлбэртэй байх ба суматриптанийг тарилга хэлбэрээр ч хэрэглэх боломжтой.

Удамшилын талласан мигрень, суурь мигрень, хяналтгүй даралт ихсэлт, судасны өвчнүүд (ишемийн цус харвалт, титэм судасны өвчин), Принзметал ангина, жирэмсэн, элэг эсвэл бөөрний хүнд өвчтэй хүмүүс триптан хэрэглэхгүй байвал зүгээр.

Суматриптан  — нь шахмал, хамрын спрей, тарилга гэх мэт олон хэлбэртэй. Суматриптаныг тарисанаас хойш 1 цагийн дотор өвчин намдах нь нийт өвчтнүүдийн 70%, 2 цагийн дараа өвчтнүүдийн 90% – д тус тус эмнэлзүйн сайжрал ажиглагддаг.

Тарилгаар хэрэглэх суматриптаны түгээмэл тохиолдох гаж нөлөө нь тарисан газар өвдөлттэй байх, толгой эргэх, халуу асгах, хөл гарт чичрэх мэдрэмж төрөх зэрэг юм. Эдгээр шинжүүдийн ихэнх нь тарисаны дараа эхлэх ба 30 минутын дотор бүрэн засрана. Эдгээр эмүүд ихэнх өвчтөнд зохимжтой.

Суматриптаны хамрын спрей нь шахмал хэлбэрээсээ богино хугацаанд үйлчилдэг ба тарилгын хэлбэрээсээ цөөн гаж нөлөө илэрнэ. Хамрын спрейн гол гаж нөлөө нь таагүй амт юм.

Суматриптан – напроксен хавсарсан шахмал (худалдааны нэр Treximet®) дангаар хэрэглэсэнээс илүү үр дүнтэй байдаг. Хавсарсан биш ч 2 өөр шахмалыг тус тусад нь хэрэглэхэд ямар үр дүнтэй байдаг нь тодорхойгүй байна.

Эргот  — Эрготамин бол дээр үед хэрэглэгдэж байсан мигрень – өвөрмөц эмийн зүйл. Заримдаа кофейнтой хавсарсан байдаг. Триптантай адил үр дүнтэй байж чадахгүйгээс гадна гаж нөлөө үүсгэх хандлагатай. Эрготаминыг удаан хугацаанд үргэлжилсэн мигрень (48 цагаас удаан), эсвэл олон давтагддаг хүмүүст хэрэглэх тохиолдол байдаг. Цусны даралт өндөр, титэм судасны өвчин, элэг буюу бөөрний өвчтэй хүмүүст эрготамин эсрэг заалттай.

Дигидроэрготамин нь эрготамины изомер бөгөөд мигрений хөнгөн ба дунд зэргийн дайрлагын үед хамрын спрэй хэлбэрээр хүнд дайрлагын үед тарилгаар хэрэглэж болно.

Бусад эмийн зүйл  — Мигреньд өөр эмийн зүйл хэрэглэхийг сайн судлаагүй ба үр дүн нь ч бага байдаг. Мигрень өвчтэй хүмүүс цочмог өвдөлтийг намдаах эмэнд өвдөлт нь дарагдахгүй бол өвдөлт намдаах нэмэлт эмийг хэрэглэнэ.

Дексаметазон нь глюкокортикойд (стеройд) бөгөөд мигрений цочмог хөдлөлийг дахихаас сэргийлж хэрэглэнэ. Дексаметазоныг яаралтай тусламжийн тасаг эсвэл эмнэлэгийн нөхцөлд хэрэглэнэ.

Урьдчилан сэргийлэх эмчилгээ  — Урьдчилан сэргийлэх эмчилгээ нь ихэнх өвчтнүүдэд мигренийг хянах боломж олгодог. Гэвч энэ эмчилгээний үр дүн 3 – 4 долоо хоногийн дотор илрэхгүй байж болно. Зарим тохиолдолд, мигренийг хянахад урьдчилан сэргийлэх болон цочмог үеийн эмчилгээг хавсрах шаардлага гардаг.

Бета хориглогч  — нь цусны даралт ихсэх эмгэгийн үед хэрэглэдэг үндсэн эм. Гэвч, нийт хүмүүсийн 60 – 80% – д мигрений дайрлага илрэх давтамжийг бууруулдаг. Түгээмэл хэрэглэгддэг төлөөлөгчид нь пропранолол, надолол, атенолол, метапролол зэрэг эмүүд юм. Бета – хориглогчид зарим хүмүүст сэтгэл гутрал үүсгэдэг ба зарим эрэгтэйчүүдэд бэлгийн сулрал үүсгэдэг.

Сэтгэл гутарлын эсрэг эмүүд — Сэтгэл гутарлын эсрэг 3 – н цагирагт эмүүд нь мигрень өвчнөөс урьдчилан сэргийлэхэд хэрэглэгддэг. Эдгээрт амитриптилин, нотриптилин болон доксепин зэрэг хамаарагдана. Үүнээс, амитриптилин нь мигрениэс урьдчилан сэргийлэхэд ач тустай гэдэг нь батлагдсан бол бусад эмүүдийн талаар судалгаа сайн хийгээгүй байна.

Сэтгэл гутарлын эсрэг 3 – н цагирагт эмүүдэд гаж нөлөө ихтэй. Эдгээр эмүүдийн ихэнх нь нойр их хүргэдэг бөгөөд ялангуяа амитриптилин, доксепин эмүүдэд онцгой ажиглагдана. Тийм учраас энэ бүлгийн эмүүдийг бага тунгаар эхлэн унтахдаа ууж хэрэглэнэ. Үүнээс гадна, ам хатах, гэдэс түгжрэх, зүрх дэлсэх, таргалах, хараа бүрэлзэх, шээс багасах зэрэг гаж нөлөө илэрнэ. Настай хүмүүст ухаан самуурах байдал ажиглагддаг.

Таталтын эсрэг эмүүд  — болох вольпроат (дивалпроэкс буюу Depakote®), габапентин, топирамат (худалдааны нэр Topamax®) зэргийг мигрень хөдлөхөөс сэргийлж хэрэглэх нь бий.

  1. Вольпроат нь таталтын эсрэг төдийгүй бета – хориглогч үйлдэл үзүүлж мигрень хөдлөхөөс сэргийлдэг. Гэвч, жин нэмэх, үс унах гаж нөлөөтэй. Жирэмсэн эсвэл жирэмсэнээс сэргийлэх эм хэрэглэхгүй байгаа ч гэсэн бэлгийн идэвхитэй амьдралд байгаа эмэгтэйчүүд (шахмал эм, бэлгэвч гэх мэт) вольпроат хэрэглэхгүй.
  2. Габапентин мигрений толгой өвдөлтийн давтамжийг бууруулж байгаа нь эмнэлзүйн жижиг судалгаагаанаас ажиглагджээ. Толгой эргэх, нойрмоглох, тэнцвэр алдах, ухаан самуурах зэрэг гаж нөлөө үүсгэх боломжтой.
  3. Топирамат нь таталтын эсрэг эм бөгөөд мигрень өвчнөөс урьдчилан сэргийлэх нөлөөтэй. Мэдрэхүй өөрчлөгдөх, сульдах, дотор муухайрах, амтлах мэдэрхүй өөрчлөгдөх, хоолны дуршил буурах, суулгах, турах гэх мэт хөнгөнөөс, дунд зэргийн гаж нөлөө үзүүлнэ. Мөн төвлөрч чадахгүй байх, анхаарал сарних гэх мэт ноцтой гаж нөлөө ч илэрч болно.

Кальцийн сувгийн хориглогч — Мөн л цусны даралт бууруулах эмийн зүйл. Гэвч мигрень өвчнөөс сэргийлэхэд өргөн хэрэглэгддэг. Хамгийн түгээмэл төлөөлөгчид нь верапамил, нифедипин хоёр. Хэрэглэхэд хялбар, гаж нөлөө бага тул мигрень өвчнөөс сэргийлэх нэгдүгээр сонголтын эмээр верапамилийг сонгодог. Удаан хугацаанд хэрэглэхэд үйлчилгээ нь суларч болно. Хэрэв тийм бол хэрэглэж буй эмийн тунг өсгөх эсвэл ижил бүлгийн өөр эмээр сольж хэрэглэх бүрэн боломжтой.

Эмийг хэтрүүлэн хэрэглэхээс зайлсхийх нь — Анти – мигрень эмүүдийг жорын дагуу, эмчийн заавраар хэрэглэнэ. Ацетаминофен, стеройд бус үрэвслийн эсрэг эмүүд гэх мэт ижил үйлчилгээтэй эм хавсарч хэрэглэх, триптан гэх мэт жороор олгодог эмүүдийг ихээр хэрэглэх нь эм – хэтрүүлж хэрэглэсэний шалтгаант толгойн өвдөлтөнд хүргэнэ.

Толгойн өвдөлтийн улмаас та эм уусаар байна. Эм уух тутам эм хэтрүүлж хэрэглэсэний шалтгаант толгойн өвдөлт үүснэ. Толгой өвдөж байгаа тул дахин эм ууна гэх мэтээр үргэлжилсээр сүүлдээ намдахгүй өвдөнө.


Эх сурвалж:

Uptodate.com “Patient information: Migraine headaches in adults (Beyond the Basics)”

1 Comment

  • Цээлэгүүн

    Сайн байна уу? Толгой ингэж таллаж өвдөөд их удаж байгаанма. Одоо 18 настай миний толгой 11,12 настай байхаас л өвдсөн тэгээд тухайн үед эмчид үзүүлэхэд ядаргаа бас витамин дутагдсан байна гд дандаа л эм тангаар шахдаг байсан. Тэгээд хэдэн жилийн өмнө эмнэлэгт хэвтээд витамин б12 билүү тиймэрхүү тариа нтр тариулаад арай дээрдсэн ч удалгүй хэдэн сарын дараа буцаад л өвдсөн. Гэрийхэндээ хэлэхэд манай эмээ эгч 2 маань бамбайтай юм лдаа тэгээд намайг бас бамбайтай байх гд шинжилгээ өгөхөөр харин зүгээр гарна. Тэгээд эгчийн бамбай нь бас яг ингэж сүүлд илэрсэн гд. Одоо энэ толгой өвдөх нь бүр байнга боллоо. Тэгээд шөнөдөө хөлөрч бас хааяа2 хар дарж орой бүр янз бүрийн зүүд зүүдлэн өдөр нь толгой гэнэт2 хүчтэй өвдөөд байх боллоо. Бас одоо тотема болон Д3 гэсэн витамин хэрэглэж байгаа. Би одоо хаана үзүүлж ямар эмчилгэн авбал дээр бол надад туслаач???

    06/01/2017 14:45