Вирусын шалтгаант түүдгэнцрийн гэмтэл

Мэс засал
Orgilbold bayartsogt

Элэгний В вирус, элэгний С вирус, Хүний Дархлал Хомсдолын Вирус гэх мэт вирусын халдвар түүдгэнцэр гэмтээх нь олонтой. Эзэн биеийн хариу урвал (тухайлбал APOL1 гэх мэт генетикийн эрсдэлт хүчин зүйл), вирусээс хамаарч эдгээр халдвар цочмог эсвэл архаг хэлбэрээр тохиолддог. Вирусын эсрэг хамгийн өргөн хэрэглэдэг эмүүдийн давуу тал нь түүдгэнцрийн эмгэгт (гломерулопати) тохируулсан байдаг нь вирусийн шалтгаант гломерулонефриттэй өвчтөний тавиланг сайжруулдаг.

Бөөрний түүдгэнцрийн гэмтлийн эмгэг жам (энд дарна уу), нефроз ба нефриз хам шинж (энд дарна уу), бөөрний цочмог дутагдал (энд дарна уу), бөөрний эсийн физилоги (энд дарна уу) бусад сэдвүүдийг тус бүр бүр дэлгэрүүлэн оруулсан.

Элэгний А вирусын шалтгаант гломерулонефрит

Элэгний А вирус бөөрийг хамрах нь ховор. Элэгний А вирусын шалтгаант эсрэгбие А нефропати түр зуур үүсдэг ч вирусын халдвар аяндаа арилмагц гломерулонефрит шалтгаан хамааралтайгаар эдгэрдэг гэж үздэг. Эсрэгбие А давамгай MesPGN (мезангиопролифератив гломерулонефрит), MPGN (мембранопролифератив гломерулонефрит) –ийн тохиолдлууд бүртгэгдсэн. Эдгээр нь элэгний А вирусын шалтгаант мезангийн эсийн үржил, дархан бүрдэлт гломерулонефритийн туршлага болоод зогсохгүй шалтгаан болдгийг харуулдаг ажээ. Ялангуяа MPGN (мембранопролифератив гломерулонефрит)-тэй холбоотой нефротик, эсвэл микроскопийн гематури, нефротик бус протейнури өвчтөнд илэрнэ. Вирусын халдвар арилмагц гломерулонефрит ихэнхдээ хамт эдгэрнэ.

Элэгний В вирусын (HBV) шалтгаант түүдгэнцрийн гэмтэл

Шалтгаан, эмгэгжам

HBV нь Гепаднавиридае бүлийн ДНХ агуулсан вирус ба HBsAg (В вирусын гадаргуун антиген), HBcAg (В вирусын төвийн антиген), HBeAg (В вирусын е антиген) антигенууд агуулдаг. В вирусын төвийн антиген нь вирус үржиж буйг илтгэнэ. HBV нь цусанд дархан бүрдэл хуримтлагдаж  дархан бүрдэл шалтгаант түүдгэнцрийн гэмтэл үүсгэдэг ба HBV халдвартай гломерулонефриттэй өвчтөний цусанд дархан бүрдлийг тодорхойлж болно. Эдгээр дархан бүрдлүүд В вирусын үндсэн гурван антигенийг агуулдаг. Аль антигенийг агуулснаас хамаарч дархан бүрдэл хуримтлагдах өөр өөр өвөрмөц байрлал байдаг нь дээрх антигенуудийн цэнэг, хэмжээний ялгаанаас хамаардаг. HBeAg нь жижиг, эерэг цэнэгтэй, мембранозный нефропатийн үед хучуур эсийн доор байрладаг дархан бүрдэл юм. Харин HBcAg, HBsAg нь том тул эндотелийн доор, мезангийн бүсэд хуримтлагддаг. Байран дархан бүрдэл үүсэлт нь хэсэг газар үүссэн HBcAg-тай холбоотой байх боломжтой ч түүдгэнцэрт HBcAg тодорхойлогдох нь  РНХ үүсч буйтай хамааралтай. Өөрөөр хэлбэл түүдгэнцрийн эсүүд вирусээр шууд гэмтэж буйг илтгэдэг. HBV мезангийн эсүүдийн үржлийг өдөөдөг учраас лабораторийн орчинд коллаген IV хэв шинж үүсэлтийг ихэсгэдэг. Мөн MHC –II эрсдэлийн аллель гэх мэт эзэн биеийн хүчин зүйл оролцож байдаг.

Тархварзүй

Ийлдсэнд HBcAg –ий эсрэг IgM эсрэгбие тодорхойлогдохгүй ч HBsAg байнга эерэг тодорхойлогдохыг архаг HBV халдвар гэнэ. Энэхүү халдвар HBV халдвартай өвчтөнүүдийн 0,1-15%-д тохиолддог ба дэлхий даяар ойролцоогоор 350 сая хүн энэхүү хэлбэрийн халдвартай байна гэсэн үг. Ихэнх нь шинж тэмдэгтэй байдаг. HBV халдвар нярайд 90% гаруйд, 1-5 насандаа халдвар авсан хүүхдийн 25-50%-д, 9-өөс дээш насны хүүхэд, насанд хүрэгчид халдвар авахад 6-10%-д нь архаг хэлбэрт шилждэг. Эхээс урагт халдах нь эндеми байдлаар тохиодог тухайлбал Хятад, Өмнөд Ази. Цус, цусан бүтээгдэхүүн сэлбүүлснээс эсвэл шууд салстаар хавьтсанаас мөн халдвар дамжина. HBV халдварын тохиолдол Европи, Нэгдсэн Улсад хамгийн бага. Хар тамхины хэрэглээ, цус сэлбэлт, бэлгийн харьцаагаар дамждаг тул өсвөр насныхан, насанд хүрэгчид хамгийн халдвар тээгчид болдог.

Эмнэлзүйн илрэл ба эмгэг судлал

Цочмог HBV халдварын үед дотор муухайралт, бөөлжилт, халууралт, элэг томролт, чонон хөрвөс бүхий хагас задралын хугацаа богиноссон ийлдсийн эмгэг төст хам шинж, гүвдрүүт толбот тууралт, невропати (мэдрэл эмгэгшил), артралги (үеэр өвдөлт), микроскопийн гематури, нефротик бус протейнури илэрнэ. Цочмог халдварын үед хийгдсэн бөөрний биопсийн судалгаа нийтлэгдээгүй ба бөөрний зовиурууд нь вирус арилсны дараах 1-2 сард арилна.

Архаг HBV халдвартай өвчтөнүүдийн 3-5%-д бөөрний өвчин үүсдэг бол архаг HBV-тэй өвчтөнүүдийн 10-30% нь HCV-тэй, 5-10% нь HIV-тэй хавсарсан байдаг.

Элэгний В вирусын шалтгаант мембранозный нефропати

Мембранозный нефропати нь архаг элэгний В вирус тээгчдэд түүдгэнцрийн хамгийн түгээмэл тохиодог өвчин юм. 6-12 насны хүүхдүүдэд ихэвчлэн илэрдэг, эрэгтэйчүүдэд хүчтэй давамгай, ихэвчлэн шинж тэмдэггүй протейнури эсвэл нефротик хам шинж, микрогематури, бөөрний үйл ажиллагаа хэвийн, элэгний хөнгөн зэргийн өвчлөл илэрнэ. Тавилан сайн ба цусанд HBeAg эсрэг эсрэгбие илрэхтэй холбоотой өөрөө аяндаа тогтвортой байдалд орох нь нийтлэг. Насанд хүрэгчдэд бөөрний үйл ажиллагаа буурах, элэгний өвчний эмнэлзүй илрэхтэй холбоотой протейнури эсвэл нефротик хам шинж үүсдэг ба ойролцоогоор 30%-д нь бөөрний архаг өвчин, 10%-д нь бөөрний өвчний эцсийн шат үүснэ. Өвчтөнүүдийн хагасаас цөөнд нь хавсаргын дутагдал бий болдог.

Бөөрний гистологийн шинжилгээгээр мембраноз нефропати үүсдэг үүнд: өвчний архагшилтаас хамаарч аль нэг шатанд хучуурын доорх хуримтлал үүснэ (Ehrenreich, Churg нарын ангиллын I -ээс IV шатанд). Анхдагч мембраноз нефропатигаас ялгаатай нь мезангиал хэт эсжилт, мезангиал эсвэл эндотелийн доорх хуримтлал нь хоёрдогч мембраноз нефропатийг илтгэдэг.

Элэгний В вирусны шалтгаант түүдгэнцрийн бусад гэмтлүүд

HBV халдвартай холбоотой IgA нефропати (IgAN) –ийн хэд хэдэн тохиолдол бүртгэгдсэн. Тэдгээрийн нэг нь интерфероноор (pegylated interferon) HBV-ийг амжилттай эмчилсний дараа эмнэлзүйн зовирууд тогтворжсон байсан. Гэхдээ HBV халдвартай ба халдваргүй өвчтөнүүдийн IgA нефропати (IgAN)-ийн бусад судалгаануудаар өөр өөр үр дүн гарсан. Азийн орнуудад HBV эндеми тархалт өндөр байдаг нь элэгний архаг өвчний үед цусан дахь IgA дархан бүрдэл биеэс цэвэрлэгдэлт буурснаас мезангиал IgA хуримтлал үүсдэгтэй хавсарсан байх боломжтой. Ийлдсэнд HBV –ийн гурван антиген илэрсэн, архаг  HBV халдвартай 10 өвчтөнд халдварын дараах гломерулонефрит (PIGN) сүүлийн хугацаанд тэмдэглэгдсэн. Түүдгэнцэр давамгай хэв шинжит халдварын дараах гломерулонефрит (PIGN) нь стрептококкийн халдварын дараах гломерулонефриттэй харьцуулахад хучуурын доорх гэмтэл үүсгэх нь цөөн. Гэхдээ  HBsAg, HBV ДНХ түүдгэнцэрт илэрдэг. АА амилойдоз нь архаг үрэвсэлт өвчнүүдтэй холбоотой тул ялангуяа хүүхдэд архаг HBV халдварын үед тодорхойлогддог. Ихэвчлэн сувганцар-завсрын эдэд бага, түүдгэнцэрт, судсанд амилойд нэвчсэн тохиолдолд протейнури эсвэл нефротик хам шинжээр илэрнэ. HBV халдвар болон  шээсэнд гарсан подоцитэд HBV ДНХ илрэхтэй холбоотой фокаль сегментар глормерулосклероз (FSGS)-ийн үүссэн тул HBV-ийн шууд халдвар гэж үзсэн нэгэн тохиолдол тэмдэглэгдсэн. Энтекавир эмчилгээний дараа HBV халдварын байдал сайжрахад фокаль сегментар глормерулосклероз намжсан.

Полиартрит нодоза

Судасны энэ үрэвсэл HBV халдвартай хамааралтай үүснэ.

Эмчилгээ

 HBV ДНХ-ийн түвшин 2000 IU/mL-ээс их, ийлдсийн аланин аминтрансфераз түвшин ихэссэн, элэгний биопси эсвэл бусад шинжилгээгээр дундаас хүнд зэргийн элэгний үрэвсэл, эсвэл дунд зэргийн хатуурал (фиброз) оношлогдвол эмчилгээ хийж эхлэхийг хэлэлцэх нь зүйтэй. Элэгний үйл ажиллагаа хэвийн HBeAg эерэг шинээр оношлогдсон өвчтөнүүдэд өөрөө аяндаа ийлдэс конверс (seroconversion) болтол 3-6 сар хянах нь зүйтэй. Эмчилгээнд интерферон (pegylated interferon), нуклеотид аналогиуд (ламивудин, энтекавир, тенофовир, адефовир, телбивүдин) эсвэл эдгээрийг хавсарч хэрэглэнэ. Бөөрний үйл ажиллагаа буурсан бол тунг тохируулах шаардлагатай. Интерферон хүнд зэргийн гаж нөлөөтэй тул ээнэгшил алдагдсан өвчинд хэрэглэхгүй. Интерфероны стандарт тун нь хоногт 5 MU эсвэл 10 MU-аар долоо хоногт 3 удаа ба пегилатсэн интерфероныг HBeAg эерэг өвчтөнүүдэд 16-32 долоо хоног, HBeAg сөрөг өвчтөнүүдэд 12-24 долоо хоног өгнө. HBV шалтгаант мембранозный нефропати интерферон эмчилгээнд сайжирсан үр дүн гарсан боловч пегилатсэн интерферон-α2а эмчилгээний хэдэн сарын дараа мембранозный нефропатийн өдөөх боломжтой.

Ламивүдиныг 52 долоо хоногийн турш 100 мг-аар хоногт 1 удаа ууж хэрэглэдэг ба ихэвчлэн эхний эмчилгээ болгож хэрэглэхэд ийлдсийн HBV ДНХ багасч 75-80% эдгэрдэг. Гэхдээ тэсвэржилт жил бүр 20% байгаа нь бөөрний өвчнийг даамжруулах боломжтой. Бөөрний үйл ажиллагаа буурсан бол тунг тохируулах шаардлагатай креатинин клиренс 30-49 мл/мин:  эхний тун 100 мг, цаашид 50 мг/хоног, креатинин клиренс 15-29 мл/мин: эхний тун 100 мг, цаашид 25 мг/хоногт, креатинин клиренс 5-14 мл/мин: эхний тун 35 мг, цаашид 15 мг/хоногт, креатинин клиренс 5 мл/мин эсвэл гемодиализ: эхний тун 35 мг, цаашид 10 мг/хоног (диализын дараа).

Энтекавир моно-эмчилгээг тенофовир зохимжгүй, ламивүдинд тэсвэртэй, өмнө эмчилгээ хийлгээгүй өвчтөнүүдэд хэрэглэдэг. Энтекавир тэсвэржилт бага, ламивүдин, адефовиртой харьцуулахад ийлдэс конверс үүсгэлт сайн, элэгний үйл ажиллагаа ба гистологи хэвийн болгохдоо сайн. Энтекавирын тун 0,5 мг/хоног ба бөөрний үйл ажиллагаа буурсан бол тунг тохируулах шаарлдагатай: креатинин клиренс 30-50 мл/мин: ердийн тунг 48 цаг тутамд; креатинин клиренс 10-29 мл/мин: ердийн тунг 72 цаг тутамд; креатинин клиренс 10 мл/мин-аас бага: ердийн тунг 7 хоног тутамд эсвэл архаг диализтай өвчтөнд гемодиализын дараа өгнө. эргэшгүй элэгний үрэвслийн эрсдэлтэй циррозтой өвчтөнүүдээс бусад тохиолдолд  эмчилгээг ийлдэс конверс болсны дараа 12 сарын турш, HBV ДНХ илрэхгүй болтол хийх хэрэгтэй. Тенофовирыг эхний эмчилгээ байдлаар эсвэл бусад эмэнд тэсвэртэй тохиолдолд хэрэглэнэ. Тенофовирын үндсэн гаж нөлөө нь ясны нягтыг бууруулах, бөөр хордуулах юм. Тенофовир 300 мг хоногт 1 удаа эсвэл креатинин клиренс 50 мл/мин: 48 цаг тутамд, креатинин клиренс 30 мл/мин: 72-96 цаг тутамд өгнө. Архаг диализын өвчтөнүүдэд 7 хоногт 1 удаа диализын дараа 300 мг-аар өгнө. Ламивүдинд тэсвэртэй HBV-д Адефовир хэрэглэдэг боловч оронд нь үр дүн ба хүч илүү тенофовир хэрэглэж болно.

Эмүүдийг хослуулж хэрэглэх нь амжилт янз бүр. Ламивүдин, интерфероны хослол нь ийлдэс конверс, элэгний гистологи шинжүүд сайжирдаг. Интерферон, телбивүдин хослол захын мэдрэлийн эмгэг үүсгэх эрсдэлтэй тул хэрэглэдэггүй. KDIGO зөвлөмжөөр түүдгэнцрийн сайжралаас үл хамааран HBV халдвартай өвчтөнүүдэд дээр дурдсан эмүүдийг зөвлөдөг. Кортикостеройд, дархлаа дарангуйлах эмүүд элэгний өвчний явцыг сэдрээх, ийлдэс конверсийг удаашруулах, саатуулах, үр дүнгүй учраас хэрэглэдэггүй. Гэхдээ 317 өвчтөнтэй 12 эмнэлзүйн туршилтын мета-анализаар вирусын эсрэг эм, дархлаа дарангуйлах эмчилгээний хослол  элэг эсвэл бөөрний үйл ажиллагааны гэмтэл эсвэл HBV репликацигүй HBV шалтгаант гломерулонефритийн протейнурийг сайжруулах боломжтой нь харагдсан.

HBV шалтгаант мезангийн нефропатитай хүүхдэд ихэвчлэн хоргүй ба өвчин эхлэсний дараах 4 жилд өвчтөний гуравны хоёр нь өөрөө аяндаа тогтворждог. Харин насанд хүрэгчдийн ойролцоогоор 30%-д бөөрний архаг өвчин үүсдэг. Тиймээс ерөнхийдөө HBV шалтгаант мезангийн нефропатитай хүүхдэд эмчилгээ шаардлагагүй. Гэвч хяналтат судалгаагаар элэгний В вирусын ДНХ, HBeAg –ий биеэс цэвэрлэгдэлт эмчилгээ хийсэн бүлэгт протейнури эдгэрэлт илүү байсан. Элэгний В вирус шалтгаант мезангийн нефропати хүүхдэд бөөрний өвчний төгсгөлийн шат үүсгэх н ховор ч хүнд эсвэл бөөрний өвчин даамжирвал эмчилгээ шаардлагатай. Эмчилгээ нь богино хугацааны кортикостеройд (преднизон 1 мг/кг/хоног), сийвэн солилт (3 долоо хоног 9-12 удаа солино), интерферон-α эмчилгээ эсвэл вирусын эсрэг эм ууна.

Элэгний С вирусын шалтгаант түүдгэнцрийн гэмтэл

Шалтгаан, эмгэгжам, тархварзүй

Элэгний С вирус нь Флавиридае бүлийн РНХ агуулсан вирус ба архаг гепатит, цирроз, гепатомын нийтлэг шалтгаан. Халвар авсан өвчтөнүүдийн 90% хүртэлд архагшдаг ба элэгний С вирусын уургууд поликлон эсрэгбиеийн хариуг өдөөж дархан бүрдэл үүсгэдэг. Элэгний С вирусын РНХ түүдгэнцрийн мезангийн ба эндотель эсүүдэд илэрдэг ба дархан бүрдэл болон Toll-Like receptor 3 нь гломерулонефритийн хөгжилд эмгэгтөрүүлэгч үүрэгтэй оролцдог байх боломжтой. Дархан бүрдэл үүсэхэд оролцдог элэгний С вирусын Е2 уураг нь IgM ревматойд фактор хариу урвалыг өдөөсний дүнд криоглобулинууд үүсгэдэг. Элэгний С вирус түүдгэнцрийн олон төрлийн гэмтэл үүсгэдэг. Ихэвчлэн криоглобулинтэй эсвэл криоглобулингүй MPGN (мембранопролифератив гломерулонефрит) тохиолддог. Дэлхий дахинд 170 сая хүн элэгний С вирусын халдвартай. Жинхэнэ тархварзүй тодорхойгүй ч эдгээр хүмүүст бөөрний өвчин ховор.

Эмнэлзүйн илрэл ба эмгэг судлал

Элэгний С вирусын шалтгаант бөөрний өвчтэй ихэнх өвчтөнүүд шинж тэмдэггүй байдаг. Шинж тэмдэгтэй тохиолдолд нефритик хам шинж 25%-д, микрогематури, мөн ихэнх өвчтөнд тэсвэртэй артерийн даралт ихдэлт илэрдэг. Хавсаргын түвшин бага байх нь нийтлэг. Элэгний С вирусын халдвар нь MPGN (мембранопролифератив гломерулонефрит), мембранозный нефропати, холимог криоглобилунемийн хам шинж, бусад гэмтцүүдтэй хамааралтай байж болно.

Элэгний С вирусын шалтгаант мембранопролифератив гломерулонефрит

Мембранопролифератив гломерулонефрит нь элэгний С вирустай холбоотой хамгийн их тохиолддог бөөрний эмгэг бөгөөд бөөрний биопсигоор тодорхойлогдохгүй байх боломжтой ч ихэнх өвчтөнүүдэд криоглобулинууд байдаг. Гломерулонефрит илрэх нь эзэн биеийн хүчин зүйлс тухайлбал нас, HLA полиморфизмтой хамааралтай. Хэрвээ мембранозный нефрит бүрдэл байвал бөөрний биопсигоор Мембранопролифератив гломерулонефрит хэв шинж 1 эсвэл хэв шинж 3-ийг батлана. Криоглобулин байгаа тохиолдолд том уургийн тромбо түүдгэнцрийн бичил судсуудыг бөглөж, моноцитууд нэвчсэний улмаас бичил судасны дотор хэт эсжилт илэрнэ (зураг 55,4). Криоглобулины хуримтлал нь эндотелийн доор байх, эсвэл 20-30 нм муруй бичил гуурсанцар, цагираг, ширхэглэг, эсвэл цилиндэр хэлбэрийн тогтоцтой уурган тромбо, бас моноцит эсийн хоёрдогч лизосомууд олдоно.

Элэгний С вирусын халдвартай цөөн өвчтөнүүдэд холимог криоглобулинеми үүсдэг бөгөөд пурпура артралги, халууралт, невропати, бөөрний өвчинтэй холбоотой тогтолцооны судасны үрэвсэл байдаг. Элэгний С вирусын РНХ, HCV антиген эсрэгбиеийн бүрдэл крио-тунадас үүсгэх ба криоглобулин нь үргэлж хэв шинж II, ховор тохиолдолд хэв шинж III илэрдэг. С3, С1q, ялангуяа С4 буурдаг.

Элэгний С вирус шалтгаант мембранозный нефропати

Элэгний С вирусын халдвар ба Мембранозный нефропати хоорондоо хамааралтай байдаг ч эмгэжамын хувьд маргаантай байна. Мембранозный нефропатитай өвчтөнүүдэд MPGN (мембранопролифератив гломерулонефрит)-ээс бусад гломерулонефритүүдтэй харьцуулахад элэгний С вирусын РНХ эерэг байх нь илүү нийтлэг ба элэгний С вирус эерэг эрхтэн шилжүүлэн суулгуулсан өвчтөнүүдэд мембранозный нефропати илүүтэй тохиолддог нь эдгээр өвчнүүд хамааралтайг илтгэдэг. Мембранозный нефропати нь элэгний С вирусын халдвартай, чихрийн шижинтэй өвчтөнүүдэд ижил тархалттай тохиолддог боловч чихрийн шижинтэй үед ихсэх хандлагатай байна. Эмнэлзүй, бөөрний морфологи шинжүүд нь шалтгаан тодорхойгүй мембранозный нефропатитай ижил. Криоглобулин, ревматойд фактор, хавсаргын дутагдал илэрдэггүй.

Полиартрит нодоза

Криоглобулинеми илэрсэн ба илрээгүй элэгний С вирусын халдартай өвчтөнүүдэд полиартрит нодоза тохиолдох боломжтой.

Элэгний С вирусын шалтгаант түүдгэнцрийн бусад гэмтлүүд

Элэгний С вирустай холбоотой фибриллар гломерулонефрит, иммунотактойд гломерулонефрит, коллапсинг хэлбэрийн фокаль сегментар глормерулосклероз (FSGS) (ялангуяа Африк гаралтай Америкчууд), MesPGN (мезангиопролифератив гломерулонефрит) тохиолдлууд мэдээлэгдсэн.

Өгүүлэмж ба эмчилгээ

Италийн томоохон судалгаагаар өвчтөнүүдийн 80%-д хөнгөн зэргийн шээсний эсвэл бөөрний үйл ажиллагааны өөрчлөлт, 15%-д бөөрний өвчний төгсгөлийн шат үүсдэг. Элэгний С вирусын халдварын эмчилгээний зөвлөмжийг Дэлхийн Эрүүл Мэндийн Байгууллага, Элэгний Өвчин Судлалын Америкын Холбоо, Халдвар Өвчний Америкын Нийгэмлэг гаргасан. 95% буюу түүнээс дээш үр дүнтэй, гаж нөлөө маш бага тул Интерферонгүй дэглэмийг санал болгосон (эмчилгээний дараа HBV РНХ 3 сар илрээгүй). Хоногт ледипасвир 90 мг ба софосбувир 400 мг эсвэл софосбувир ба велпатасвир 100 мг хослолыг рибавиринтай (75 кг-аас бага бол 1000 мг/хоногт, 75 кг-аас их бол 1200 мг/хоногт) эсвэл рибавирингүй хэрэглэнэ. Өвчтөн өмнө циррозын эмчилгээ хийлгэсэн бол 24 долоо хоногийн турш, эмчилгээ хийлгэж байгаагүй бол 12 долоо хоногийн турш дээрх эмчилгээг хийнэ. Рибавирин нь урагт сөрөг нөлөөтэй  (тератоген) тул хэрэглэж байхдаа болон хэрэглэж дууснаас хойш 6 сарын турш жирэмснээс сэргийлэх арга хэрэглэхийн зөвлөсөн. Эмчилгээ хийлгэсэн өвчтөнүүдийн 50 хүртэл хувьд нь элэгний С вирус бүрэн устсан, протейнури арилсан, бөөрний өвчний төгсгөлийн шатны даамжрал зогссон, криоглобулин арилсан үр дүн гардаг.

Хүний дархлал хомсдолын вирусын шалтгаант бөөрний өвчин

Хүний дархлал хомсдолын вирусын халдвар нь хэд хэдэн түүдгэнцрийн гэмтэлтэй хамааралтай ба ХДХВ шалтгаант нефропатид коллапсинг гломерулопати нийтлэг тохиолддог.

Бусад вирусын шалтгаант бөөрний өвчин

Цитомегаловирусын халдвар ховор ч бөөрөнд цитомегаловирусын антиген агуулсан дархлалын хуримтлал үүсгэснээр тархмал пролифератив гломерулонефритын шалтгаан болдог нь тэмдэглэгдсэн. ХДХВ-ийн халдваргүй өвчтөнүүдэд коллапсинг гломерулопати, бөөрний өвчний төгсгөлийн шат үүсэхтэй хамааралтай байдаг. Цитомегаловирусын халдвартай бөөрний аллографттай өвчтөнд антиметаболит дархлаа дарангуйлагч хэрэглэхгүй. Халдварын хүндийн зэргээс хамаарч валганцикловир 900 мг-аар хоногт 2 удаа, эсвэл ганцикловир 5 мг/кг-аар венийн суданд 12 цагаар тарих ба эмчилгээг эмнэлзүй арилж, хоёр удаагийн полимеразийн гинжин урвалаар цусанд цитомегаловирус сөрөг болтол үргэлжлүүлнэ. Цаашид валганцикловир хооногт 900 мг-аар 3 сар уулгана.

Парвовирус В19 нь дан утаслаг ДНХ вирус ба эритройд үүдэл эсүүдийн тропизмоор илэрнэ. Хадуур эст цус багадалттай өвчтөнүүдэд парвовирусээр үүсгэгдсэн цусны улаан эсийн төлжилгүйдлийн хямралыг нефритик эсвэл нефротик хам шинж дагадлах нь ховор ч тохиолддогийг дархан бүрлийн хуримтлалаас үүдэлтэй гэж таамагладаг. Тархмал пролифератив гломерулонефрит, MPGN (мембранопролифератив гломерулонефрит)-ийн үед бичил судасны хананд, эндотелийн доод бүсэд С3, IgG хуримтлагдсэн байдаг нь мэдээлэгдсэн. ХДХВ-ийн гломерулонефрит шиг коллапсинг фокаль сегментар глормерулосклероз (FSGS) үүсгэдгээрээ парвовирус В19 өвөрмөц ба бүх тохиолдол адилгүй ч судалгаанууд бөөрний биопсийн дээжинд вирусын ДНХ-г илрүүлсэн байдаг. Парвовирусын халдварын эмчилгээ өвөрмөц бус.

Дэлхий дахинд шумуулаар халдварладаг хамгийн нийтлэг вирусын халдвар халуун хумхааны халууралт нь Флавивиридае вирусын бүлин серотипээр үүсгэгддэг. Бөөрний хүндрэл нийтлэг тохиолдож бөөрний цочмог гэмтэц үүсгэдэг. IgG, IgM, С3 хуримтлал бүхий цочмог эндокапилляр гломерулонефрит нь гематури, протейнуригаар илрэх ба бөөрний дутагдал тохиолддог.

Ebstein-Barr вирусын цочмог халдварын тохиолдлын 10-15%-д микрогематури, протейнури бүхий бөөрний хөнгөн зэргийн өөрчлөлт үүсдэг. Тархмал пролифератив гломерулонефрит, мембранопролифератив гломерулонефрит үүсч болно. Мөн коллапсинг фокаль сегментар глормерулосклерозтой хамааралтай байдаг. Ихэнх вирусын халдварууд  болох варицелла, гахайн хавдар, аденовирус, коксакиевирус, инфлюнза нь түр зуурын микрогематури, нефротик бус протейнури, мезангийн эсвэл тархмал пролифератив гломерулонефрит үүсгэж болно. Энэ үед вирусын антиген  мезангид тодорхойлогдох боломжтой. Улаан бурхан нь тархмал пролифератив гломерулонефрит үүсэгх боломжтой ч Тreg эсүүдийг ихэсгэх хандлагатай тул маш бага өөрчлөлт өвчин, нефротик хамшинжтэй өвчтөнүүдэд намжмал байдал үүсгэх боломжтой нь тодорхойлогдсон.