Өнгөц түүхий(impetigo) ба гүн түүхий(ecthyma) өвчин

Хүүхэд судлал
Мягмарсүрэн Namuun bolor-erdene

Өнгөц түүхий(impetigo) ба гүн түүхий(ecthyma) ICD-10: BO8.O өвчин нь арьсны ариун цэвэр муу байх, арьс гэмтэх, дархлаа сулрах суурин дээр үүсдэг.

Идээлүүлэгч коккоор үүсгэгддэг, үсний хүүдийтэй холбоогүй, фликтен хэмээх хавтгай, улбагар идээт цэврүүнцэр туурдаг, халдвартай, арьсны идээт өвчнийг түүхий гэдэг. Хүний биеийн бүхий л гадаргууд түүхий өвчин үүсдэг.

Тархварзүй:

Нас: Анхдагч халдвар нь голчлон хүүхдүүдэд тохиолддог. Хоёрдогч халдвар нь аль ч насныханд тохиолдоно. Харин цэврүүт түүхий өвчин шинэ төрсөн нярай, ялангуяа 5 – аас доош насанд элбэг тохиолддог.

Шалтгаан судлал: 

  • Алтлаг стафилококкийн шалтгаантай байх нь түгээмэл
  • А бүлгийн стрептококк
  • Цэврүүт түүхий: Алтлаг стафилококкийн эпидерми задлагч хорт А(epidermolytic toxin A-etA) генийн бүтээгдэхүүн бөгөөд стафилококкийн шалтгаант арьс зулгарах  хам шинжийг үүсгэдэг.

Урьдал хүчин зүйл

Хэсгийн глюкокортикоид нь арьсны хэвийн микрофлорт  нөлөөлж түүний концентрацийг бууруулдаг. Тиймээс атопийн дерматиттай үед глюкокортикоид удаан хэрэглэхээр арьсны хамгаалах чадвар суларч, өнгөц түүхий өвчнөөр өвдөх эрсдэл нь нэмэгддэг. Гүн түүхий нь арьсанд зулгархай үүссэн, шавжинд хазуулсан, чихрийн шижингээс үүссэн жижиг шарх, настай хүмүүс, цэрэг, архичид зэрэг хүмүүст үүсэх нь элбэг тохиолддог.

Халдвар нэвтрэх зам:

  1. Анхдагч түүхий- арьсны жижиг гэмтэл
  2. Хоёрдогч түүхий(түүхийрэл –impetigination) дерматоз, гэмтэл, арьсны шарх зэргээс дамжиж үүсдэг. Үүнд:
  • Үрэвсэлт дерматоз: Атопийн дерматит, зогсонгишилт дерматит, псориаз, архаг чонон хөрвөс, пиодерм, арьсны үхжил
  • Цэврүүт өвчин: Цэврүүшил(bullous pemphigoid), порфири
  • Шавжинд хазуулах
  • Лимфийн архаг хавганшил
  • Арьсны халдвар( түүхий нь суперинфекци)- энгийн херпес, варицелла болон херпес зостер, дерматофитоз (тавхайн, хуйхны мөөгөнцөр)
  • Бэртэл\шархдах: Мэс заслын шарх, зулгаралт, зүссэн шарх, цооролт, хазуулах \хүн, амьтан, шавж\, түлэгдэлт, шарх

Эмнэл зүйн илрэл:

Тууралтын хугацаа өнгөц түүхий өвчний үед  нэг өдрөөс долоо хоног хүртэл үргэлжилдэг бол гүн түүхий өвчин удаан явцтай буюуу долоо хоногоос сар хүртэл үргэлжилнэ. Өнгөц түүхий өвчний үед загатнаа ихтэй, ихэвчлэн атопийн дерматиттай цуг илэрдэг байхад гүн түүхий өвчний үед өвдөх, эмзэглэх нь илүү их илэрдэг.

Арьсны тууралт

Өнгөц түүхий: өвчний үед нимгэн бүрхүүлтэй, амархан хагардаг, 2-10 мл  хүртэл хэмжээтэй, булингартай шингэн агуулсан, улбагар идээт цэврүүнцэр гарсан байх ба үүнийгфликтен гэж нэрлэнэ. Идээт цэврүүнцэр нь хагарч, улаан ягаан өнгийн шалбархай үүсдэг ба түүний гадаргууд зөгийн бал шиг шаргал өнгийн нимгэн тав тогтдог, гэвч энэ алтан шаргал өнгийн тав нь өнгөц түүхийн үед илэрдэг ч, түүхий өвчний  өвөрмөц шинж биш юм. Тууралтын хэмжээ 1-3 см хүрээд, хэдэн долоо хоног үргэлжилэн төв хэсгээсээ эдгэрдэг. Тууралтуудыг нь тархсан, тусгаар, нийлсэн гэж ангилан үзэж болно.

Түүхий

Зураг 1. Хамрын угалз хэсэгт байршсан түүхий өвчин. Энэ өвчтөнд эмзэглэлтэй, улайсан, хамрын нүхний хэсэгт тавшсан өнгөц түүхий байна.

түүхий 2

Зураг 2. 8 настай охины уруулын дээд хэсэгт гарсан тавшсан түүхий

түүхий 3

Зураг 3. Бага насны хүүхдийн нусны урсгал, нусаа арчсан мөрийн дагуу халдварлан тархсан түүхий өвчин. Хамар, уруул, эрүү зэрэгт идээт тууралт гарчээ.

Цэврүүт түүхий: цэврүү болон цэврүүнцэрт тунгалаг шар эсвэл бага зэргийн булингартай шингэн агуулсан эрүүл арьсны суурин дээр  тойрсон улайлт үүссэн зураглалтай байна. Цэврүүний хальс урагдаж, цэврүүний шингэн гадагшилсан байж болно. Хэрвээ цэврүүний дээвэр нь урагдаж, авхагдсан бол, өнгөцхөн чийгтэй шархлаа үүсдэг. Тархалт: ихэвчлэн нуралт өгдөг газруудад байрладаг.

Цэврүүт түүхий

Зураг 4. Цэврүүт түүхий. Атопийн дерматит өвчний суурин дээр хоёрдогчоор тохойн хонхорт үүссэн түүхий. Цэврүү хагарч, тавшсан шархлаа үүсчээ.

Гүн түүхий: шархтай цуг зузаан, нягт, наалдсан тавтай. Тууралт нь гэмтэмхий, хатуу байж болно.  Байрлал: ихэвчлэн мөчдийн төгсгөл хэсгээр гарна.

Гүн түүхий

Зураг 5. Гүн түүхий. Хамрын хянган дээр зузаан тавтай, шархлаат түүхий гарсан бөгөөл арьсны жижиг шархнаас үүссэн байна. Тавын захаар арьс үхэжсэн арьсны эдүүд харагдаж байна.

Бие мах бодын бусад өөрчлөлтүүд:

Тууралтын үед тунгалгын судасны үрэвсэл(lymphangitis), хэсгийн тунгалгын булчирхайн томрол (lymphadenopathy) үүсдэг.

Ялган оношилгоо:

Шалбархай тав\хайрс-тав: зулгархай, харшил хавьтлын дерматит, энгийн херпес, арьсны дерматофит, хамуу.

Цэврүүт өвчин: харшил хавьтлын дерматит, шавжинд хазуулах, энгийн херпес, херпес зостер, цэврүүшил, порфири

Шархтав\хайрс-тав зангилаат маажуур, архаг херпесийн шарх, шавжинд хазуулсан зулгархай, вен зогсонгишлийн болон ишемийн улмаас үүссэн шарх.

Лабораторийн шинжилгээ:

Грамын аргаар будах: грам эерэг кокк, гинжилсэн эсвэл багцалж, бөөгнөрсөн коккууд, мөн нейтрофиль илэрнэ.

  • Өсгөвөрлөх: голчлон aureus, А бүлгийн стрептококк (GAS- group A streptococc)
  • Арьсны эмгэг судлалын шинжилгээ: өнгөц түүхий- цэврүүний шингэн дотор грам эерэг кокк , акантолизис, шалбархай, эсвэл шарх үүснэ.

Оношийг эмнэлзүйн шинж, лабораторийн шинжилгээнд тулгуурлан оношилно.

Өвчний явц болон тавилан:

  • Эмчлээгүй тохиолдолд өнгөц түүхий нь хэдэн долоо хоног үргэлжилэхээс гадна гүн түүхий болж хүндэрдэг. Тохирсон эмчилгээг түргэн шуурай хийх хэрэгтэй. Тууралт нь цаашлаад идээлж, лимфаденит, лимфангит, целлулит, бактереми, үжил үүсгэж хүндэрдэг. А бүлгийн стрептококк (GAS- group A streptococc)-ийн идээлээгүй хүндрэл болох псориаз, гломерулонефрит үүсдэг.
  • aureus, А бүлгийн стрептококк (GAS- group A streptococc)-ийн үрэвсэл нь дахилт өгдөг учир нь микробыг устгах чадвар дутагдалтай эмээр дутуу эмчлэх эсвэл гэр бүлийн гишүүд, гэрийн тэжээвэр амьтан, эмнэлгийн ажилтан зэргээс   дахин халдварлаж, дахидаг. Метицеллинд тэсвэртэй S.aureus(MRSA-methicillin-resistance S.aureus ) оношлогдоогүй үед метициллинд мэдрэг антибиотик (MSSA-methicillin-sensitive S.aureus ) хэрэглэж болдоггүй. Метицеллинд тэсвэртэй S.aureus-н халдвар нь үхэл өндөртэй байдаг.

Менежмент:

Урьдчилан сэргийлэлт:

Өдөр бүрийн угаалга. Гэр бүлийн гишүүдэд түүхий байгаа эсэхийг шалгах. Этанол эсвэл изопропилийн гелийг хамрагдсан газар түрхэх.

Хэсгийн эмчилгээ: Мупироцин /Mupirocin/ болон  Ретапамулин /Retapamulin/ тосон түрхлэг нь алтлаг стафилакокк, метицеллинд тэсвэртэй алтлаг стафилакокк хоёрын эсрэг өндөр үр нөлөөтэй. Арьсан дээрх тууралтын үед өдөрт 2 удаа, хамарт 7-10 хоног өдөрт 2 удаа түрхэнэ.

Системийн антимикроб эмчилгээ: Метицеллинд тэсвэртэй алтлаг стафилакоккийн үед бие мах бодын антибиотикт мэдрэг болон антибиотикт харшилтай эсэхийг тодорхойлж байгаад тохирсон антибиотик сонгоно.

Эх сурвалж: Fitzfatrick’s Color Atlas and Synopsis of Clinical Dermatology