ҮҮРЭЛСЭН ҮС УНАЛТЫН ЭМНЭЛЗҮЙ БОЛОН ОНОШЛОГОО(CLINICAL MANIFESTATIONS AND DIAGNOSIS OF ALOPECIA AREATA)

Арьс судлал
Khongorzul

Үндсэн ойлголт – Үүрэлсэн үс уналт гэдэг нь анаген шатанд буй үсний фолликулын эсрэг үүсэж буй архаг явцтай, дархлаа хамааралт өвчин юм. Энэ үед сорви үүсдэггүй ба тус тудаа байрласан үс уналтын голомтоор илэрдэг. Биеийн бусад үстэй хэсгийг хамарч болох ба хүнд явцтай үед хуйх, биеийн бүх хэсгийн үс унаж болдог.

Тархалт – Үүрэлсэн үс уналтын дундаж тархалт 1000 хүнд 1 гэж ойролцоогоор үздэг, амьдралын явцад тохиолдож болох эрсдэл 2%. Ихэнх өвчтөнүүдэд 30 наснаас эрт үед тохиолдсон байдаг хэдий ч аль ч насанд илэрч болно. Эрэгтэй, эмэгтэй хүмүүст ижил байдлаар илэрдэг.

Эмгэг физиологи – Үсний булцуу тойрсон Т-эс хамааралт үрэвслийн улмаас үсний хэвийн цикл гэмтсэний улмаас үүсэлсэн үс уналт үүсдэг. Сорвижилт үс уналтаас (lichen planopilaris or discoid lupus г.м) үсний фолликулд бүтцийн буюу сорвижилт өөрчлөлт үүсдэггүй байдлаараа ялгагддаг.

Үсний циклийн үе шат – Үсний фолликулын хэвийн үе шат нь идэвхтэй үс ургалтын үе (анаген), фолликулын хөгжил саарах үе (катаген), фолликулын амралтын үеүдээс  (телоген) тогтддог (Зураг 1).  Үүрэлсэн үс уналтын үед булцуу тойрсон үрэвслийн улмаас анаген фолликулд дистрофик өөрчлөлт үүссэний улмаас анаген шатны эхэн үедээ үржлийн бус катаген болон телоген үерүү шилждэг.

Аутоиммун байдал – Үүрэлсэн үс уналт нь аутоиммуны өвчнүүд болох тироидит болон витилиго гэх мэт өвчнүүдтэй хавсарсан байж болдог.

Өргөн хүрээтэй хийгдсэн геномын судалгаагаар төрөлхийн болон өвөрмөц дархлаа тогтолцооны зохицуулгад нөлөөлдөг генийн оролцоо нь уг өвчний эмгэг жамд хамааралтай болохыг тогтоосон байна. Уг судалгаагаар CTLA4, IL-2/IL-21, IL-2RA, болон Eos генийн геномын хэсгүүд нь зохицуулагч Т эсийн идэвхжил, олшролыг зохицуулдаг бөгөөд үүрэлсэн үс уналтын үед уг локусуудыг хамарсан өөрчлөлтөнд өртөмтгий болох нь тогтоогдсон. Мөн эс хордуулагч CD8+NKG2D+ T лимфоцитийн хэмжээ нэмэгдэх нь эмгэг жамд оролцоотой байдаг. HLA-DQB1*03 аллель нь уг өвчинд өртөмхий байдлыг нэмэгдүүлдэг. Хэд хэдэн генийн өртөмхий локусын гэмтэл нь аутоиммуны өвчний суурь болж, уг байдал нь үүрэлсэн үс уналттай хавсран тохиолддог нь геномын онцлогийг хамааралтай болохыг илтгэж байна.

Удамшил – Үүрэлсэн үс уналтын үүсэлд удамшлын суурь байдал нөлөөлдөг. 206 үүрэлсэн үс уналттай хүнийг судалгаанд хамруулахад нийт хүмүүсийн 20%-д нь нэгдүгээр үеийн хамаатанд уг өвчин хавсарсан байсан. Удамшлын байдлыг илтгэх өндөр магадлалтай үзүүлэлтэд ихрийн өвчлөлийн байдал хамааралтай байдаг, нэгэн монозигот 19 ихрийг хамруулсан судалгаанд, ихрүүдийн 42% нь өвчинд ижил байдлаар өртсөн. Эсрэгээрээ хоёр өндгөн эсийн 31 ихрийн зөвхөн 10%-д өвчин ижил байдлаар тохиолдсон байна.

Бусад – Олон төрлийн хүчин зүйлүүд тухайлбал халдвар, эм, вакцин зэрэг нь үүрэлсэн үс уналтын сэдээгч хүчин зүйл болж болдог. Зарим өвчтөнүүдэд хүчтэй стресс, ялангуяа сэтгэлзүйн стресс нөлөөлдөг хэдий ч ихэнх өвчтөнд ямар нэгэн онц өгүүлэмжгүй ч байж болдог. 

Үүрэлсэн үс уналттай өвчтөнүүдийг эрүүл хяналтын бүлэгтэй харьцуулахад сийвэнгийн 25-гидроксивитамин Д-ийн түвшин багассан байсан ба харин өвчний хүндийн зэрэг болон сийвэнгийн витамин Д-ийн түвшин хоорондоо хамааралгүй байна.

Эмнэлзүйн илрэл

Үүрэлсэн үс уналт – Үүрэлсэн үс уналтын үед цагираг хэлбэрийн, гөлгөр гадаргуутай (үс бүтэн унасан), тус тусдаа салангид байрласан үс уналтын голомтуудтай байдаг. Ховор тохиолдолд, загатнаа болон халуу оргих шинж илэрч болдог (Зураг 2А-В).

Зураг 2 А,В. Үүрэлсэн үс уналтын эмнэлзүйн илрэл

Үүрэлсэн үс уналт нь ихэвчлэн хуйхыг хамардаг боловч бусад үсээр хучигдсан хэсгийг хамарч болдог (Зураг 3). Арьсны гадаргуугаас хэдхэн миллиметрээр үс хугарах тохиолдол бий (анхаарлын тэмдэг мэт хэлбэрээр-Зураг 4). Эрэгтэй хүнд, зөвхөн сахлын хэсэгт эсвэл сахлын хэсэгтэй хавсран илэрч болно. Сахлын хэсгийг хамарсан, шинээр оношлогдсон үүрэлсэн үс уналттай 55 эрэгтэй хүнийг 29 сар дагаж судлахад, 12 сарын хугацаанд  46%-д нь хуйхыг хамарсан байна.

Үс уналтын голомтууд хоорондоо нэгдэн нийлж, этгээд дүрсийг үүсгэдэг (Зураг 5 А, В). Зарим өвчтөнд дагз хэсгийн үс уналтын голомт нь тууз маягийн хэлбэр үүсгэж болдог.

Зураг 5 А,В. Үүрэлсэн үс уналтын голомтууд

Ховор тохиолдолд дух, чамархай, зулай хэсгийг хамарсан үс уналттай ч, хуйхны захыг хамраагүй байдлаар илэрдэг (Зураг 6).  Энэ тохиолдолд андроген гаралтай үс уналттай төстэй харагддаг.

Зураг 6. Дух, чамархай, зулай хэсгийг хамарсан үүрэлсэн үс уналт. Андроген гаралтай үс уналттай төстэй мэт харагдна.

Үс уналтын голомтонд зарим тохиолдолд үс аяндаа ургаж болдог бол ховор тохиолдолд үс үргэлжлэн унаж, хуйхны үсийг бүхэлд нь хамрах (alopecia totalis) эсвэл биеийн үсийг тархмал хамран унаж болдог (alopecia universalis).

Хумсны өөрчлөлт – Үүрэлсэн үс уналттай өвчтөний 7-66 хувьд нь хумсыг хамарсан өөрчлөлт үүсдэг. Хумсны өвчнөөр эхэлж цаашдаа үс унах эсвэл хавсран үс уналтаар илэрч болно. Хумсанд питтинг буюу цэгэн хэлбэрийн элэгдсэн өөрчлөлт үүсдэг хэдий ч трахионихи (хумсны ялтас барзгар болох), онихорексис (хумсны ялтсанд тууш зураас үүсэх), хумсны сар хэсэгт улаан толбо үүсэх, онихолиз (хумсны хэвтшээс хумсны ялтас салах), онихомадесис (хумсны хэвтэшнээс ялтасны проксимал хэсгийн наалдалтаас үүсдэг) зэрэг шинжүүд илэрч болдог (Зураг 7 А, В).

Зураг 7 А,В. Үүрэлсэн үс уналтын үеийн хумсны өөрчлөлт.

Хавсран илрэх өөрчлөлтүүд – Үүрэлсэн үс уналт нь аутоиммуны төрөл бүрийн өвчин болон бусад өвчнүүдтэй хавсран илэрдэг. Тайваньд хийгдсэн нэгэн томоохон судалгаагаар 4334 үүрэлсэн үс уналттай өвчтөнүүдийг хамруулан судлахад арьс цайх өвчин (odds ratio [OR] 5.23, 95% CI 3.06-9.00), улаан чонон яр (OR 3.95, 95% CI 3.05-5.11), хайрст үлд (OR 2.80, 95% CI 2.24-3.50), атопийн дерматит (OR 2.24, 95% CI 1.95-2.58), бамбайн эмгэг  (OR 1.89, 95% CI 1.68-2.13), харшлын ринит (OR 1.29, 95% CI 1.18-1.41) зэрэг өвчинтэй хавсран илэрсэн байсан. Нэгэн тохиолдол хяналтын судалгаагаар үүрэлсэн үс уналттай 2055 өвчтөн, хяналтын 588 хүнийг хамруулахад атопийн дерамтитын хавсран илрэх байдал үс уналттай өвчтөнд (31%) хяналтын бүлгээс (21%) өндөр бөгөөд үүрэлсэн үс уналтанд өртөх эрсдэл өндөр болохыг тодорхойлсон байна (OR 2.00, 95% CI 1.50-2.54).

Үүрэлсэн үс уналттай хувь хүнд чихрийн шижин I хэлбэр үүсэх эрсдэл өндөр байх боломжтой гэж судлаачид үзэж байгаа хэдий ч яг үүссэн тохиолдол бүртгэгдээгүй байна. Генетикийн эмгэгүүдтэй үүрэлсэн үс уналт хавсран илрэх боломж өндөр байдаг, үүнд Дауны хам шинж болон полигландулар аутоиммуны хам шинж I гэх мэт багтаж байна.

Үүрэлсэн үс уналттай маш олон өвчтөнд үс уналт нь сэтгэл зүйн хямралыг үүсгэсэн байдаг ба сэтгэл гутрал болон хямрал үүсэх нь улам нэмэгдэж байна.

Өвчний явц – ихэнх өвчтөнд үс аяндаа эргэн ургадаг. Өвчтөнүүдийн 50 хувьд нэг жилийн хугацаанд үс эргэн ургадаг. Гэсэн хэдий ч үүрэлсэн үс уналт хэдэн жилээр тогтмол үргэлжлэх эсвэл үс хэзээ ч ургахгүй байдал зарим тохиолдолд илэрдэг. Ойролцоогоор өвчтөнүүдийн 10% нь alopecia totalis  эсвэл alopecia universalis хэлбэрт шилждэг.

Дараах шинжүүд илэрсэн тохиолдолд тавилан муу болохыг илтгэдэг:

  • Хүүхэд насанд эхэлсэн
  • Хүнд явцтай, alopecia totalis  эсвэл alopecia universalis илэрсэн
  • Нэг жилээс удаан хугацаанд үргэлжилсэн
  • Шугаман хэлбэрээр чамархай болон дагз хэсгийг хамарсан
  • Хумсны өөрчлөлттэй хавсарсан
  • Атопитай
  • Гэр бүлд үүрэлсэн үс уналтын голомттой

Оношлогоо – Ихэнх тохиолдолд эмнэлзүйгээр өвчин оношлогддог. Үүрэлсэн үс уналтыг сэжиглэж болохуйц шинжид:

  • Гөлгөр гадаргуутай, тус тусдаа байрласан үс уналттай, үс унасан хэсгийн арьс нь бага зэрэг ягаандуу туяатай байж болох хэдий ч өөр ямар нэгэн өөрчлөлтгүй байна
  • Халзралын зах хэсгэээр анхаарлын тэмдэг мэт тасарсан үснүүд харагдна. Анхаарлын тэмдэг хэлбэртэй үс нь проксимал хэсэг нь үзүүр хэсгээсээ нарийссан байхыг хэлдэг (Зураг 4). Ийм үсийг олж харахад хэцүү байдаг, анхаарлын тэмдэг хэлбэрийн үс байхгүй байгаа нь үүрэлсэн үс уналтыг үгүйсгэнэ гэсэн үг биш.

Дермоскопи – Үүрэлсэн үс уналтын үед дермоскопийн хэрэглээний талаар хийгдсэн цөөн тооны судалгаанууд байдаг. Дермоскопийн талаар хийгдсэн хэвлэлийн тоймуудад шар толбо, богинохон шар үс, хар толбо, тасарсан үс, гэмтсэн үс зэрэг өөрчлөлтүүд ажиглагдсан талаар өгүүлдэг. Гэсэн хэдий ч оношлогооны өвөрмөц шижнүүд ажиглагдаагүй ба онош тодорхойгүй бол биопси шинжилгээ авахыг зөвлөдөг.

ПатологиҮүрэлсэн үс уналтын үед эмгэг эд судлалын шинжилгээнд гарах өөрчлөлт нь өвчний явцтай хамааралтайгаар янз бүр байдаг. Цочмог үед, булцуу тойроод лимфоцит эсийн нэвчдэс илрэх ба анаген шатанд буй фолликул харагддаг. Эдгээр нэвчдэс нь зөгийн бөөгнөрөл мэт харагддаг. Мөн фолликулын гэмтэл ажиглагдаж болно, үүнд фолликулын хаван, эсийн үхжил, микро судасжилт зэрэг багтна.

 Цочмогдуу үрэвслийн үед үсний фолликулыг дийлэнх хэсэг нь циклийн эцсийн үе шатандаа шилжсэн байдаг. Архаг үед фолликулын хатингаршил үүссэн, үрэвслийн нэвчдэс янз бүрийн хэмжээнд байдаг.

Лабораторийн шинжилгээ – Үүрэлсэн үс уналт болон аутоиммун гаралтай бамбайн эмгэгийн хамаарал болон нийт хүн амын дундах бамбайн эмгэг харьцангуй өндөр байдагтай холбогдуулан үс уналттай насанд хүрэгчид болон хүүхдэд уг өвчний оношлогоог хийх шаардлагатай. Бамбайн эмгэгийн шинж тэмдгүүд нь энэ өвчний явцад эсвэл өвчний дараагаар үүсэж болдог.

Нэгэн ретроспектив судалгаанд үүрэлсэн үс уналттай 298 хүүхдэд (10сар -19нас) бамбайн үйл ажиллагааны шинжилгээг хийхэд 59 хүүхдэд (20%) бамбайн үйл ажиллагаа хэвийн бус илэрсэн байсан. Дауны хам шинж, атопийн өгүүлэмж, бамбайн гэр бүлийн өгүүлэмж зэрэг нь хэвийн бус илрэх эрсдлийг нэмэгдүүлдэг.

Ялган оношлогоо – Үс тархмалаар эсвэл голомтлон унасан өвчтөнүүдэд хэд хэдэн өвчнийг ялган ажиглах шаардлагатай.

Tinea capitis – Хуйхны үлд. Хуйханд үс унасан хайрстай голомтоор илэрдэг. Үрэвсэл болон хүзүүний тунгалгын булчирхайн томрол илэрч болно. Ихэвчлэн хүүхдэд хуйхны үлд алаг цоог, эрээнтсэн байдлаар илэрэдэг. Эсрэгээрээ үүрэлсэн үс уналтын үед хайрсгүй, гөлгөр гадаргуутай байдаг.

TrichotillomaniaМэдрэлийн гаралтай үсээ гэмтээх эмгэг.Үүрэлсэн үс уналттай харьцуулахад янз бүрийн урттай  гэмтсэн үснүүд үүссэний улмаас “төмөр шүүртэй сам” мэт хэлбэр үүсгэдэг (Зураг 8). Гэсэн хэдий ч үүрэлсэн үс уналт болон трихотиломаниа хавсарсан байж болдог. Шаардлагатай тохиолдолд биопси шинжилгээ авах хэрэгтэй.

Зураг 8. Трихотиломаниа

Cicatricial alopecia – Маш олон шалтгааны улмаас үүсдэг, тухайлбал lichen planopilaris, discoid lupus erythematosus (Зураг 9) болон folliculitis decalvans гэх мэт. Эдгээр нь бүгд үсний фолликулын эргэшгүй гэмтлийн улмаас үүсдэг тул сорвижилт өөрчлөлт бий болдог. Үс уналт нь ихэвчлэн алаг цоог байх ба фолликулын амсар харагдах нь багассан байдаг. Нэмэлт өөрчлөлтүүд янз бүрээр илэрч болдог ба  анхдагч эмгэгээсээ хамааран янз бүр байдаг, тухайлбал улайлт, хайрс, фолликулын бөглөө, идээт цэврүүнцэр гэх мэт багтна. Cicatricial alopecia –н эхэн үед ялангуяа lupus erythematosus –ийн үед үүрэлсэн үс уналттай төстэй байдаг ба эмчилгээний явцад үс эргэн ургах байдал нь ялгахад чухал нөлөөтэй байдаг.

Зураг 9. Cicatricial alopecia 

Androgenetic alopecia — Андроген дааврын нөлөөгөөр өвөрмөц байрлал, хэв маягтайгаар үс ундаг (Зураг 10). Анхааруулгын тэмдэг мэт өөрчлөлт илэрдэггүй. Үүрэлсэн үс уналт нь андроений үс уналттай төстэй тархсан байдаг хэдий ч илүү хурдан явцтай, өргөн хэмжээг хамардаг. Түвэгтэй тохиолдолд биопси шинжилгээ шаардлагатай байдаг.

Зураг 10. Андроген үс уналт

Тэмбүүгийн хоёрдугаар үе – Хоёрдугаар үеийн тэмбүүгийн үед үүрэлсэн үс уналтын гөлгөр гадаргуутай, тус тусдаа байрласан хэлбэрээс ялгаатай нь “эрвээхэй-идсэн” мэт төрхтэйгээр үс унадаг. Ялган оношлохын тул серологийн шинжилгээ зайлшгүй шаардлагатай хийнэ.

Telogen effluvium — Үүрэлсэн үс уналтын ховор тохиолддог хэлбэр бөгөөд үс тархмалаар нарийсдаг, эмнэлзүйгээр ялгахад түвэгтэй байна. Энэ хоёр өвчнийг ялгахын тулд биопси шинжилгээ хийнэ.

Triangular alopecia — Үсний фолликулын хэвийн бус хөгжлийн улмаас нярай эсвэл бага насны үеийн шар үс дух-чамархайн хэсэгт дугуй эсвэл гурвалжин хэлбэр үүсгэн байрлахыг хэлдэг. Энэ нь нэг талдаа эсвэл хоёр талдаа насан туршдаа тогтвортой байршдаг. Нягт сайн үзлэг болон биопси шинжилгээнд шар үсийг олж харах нь оношлогоонд чухал байдаг.

Эх сурвалж:

UpToDate: Clinical manifestations and diagnosis of alopecia areata