ҮҮРЭЛСЭН ҮС УНАЛТЫН МЕНЕМЖМЕНТ

Арьс судлал
Khongorzul

Үндсэн ойлголт – Үүрэлсэн үс уналт нь үсний фолликулын эсрэг үүсэж буй архаг явцтай, дархлаа хамааралт өвчин юм. Өвчний хүндийн зэрэг нь үс ургаж буй бүхий л хэсэгт үүсэх жижигхэн хэмжээний голомтоос эхлэн хуйх, хөмсөг, сормуус, болон биеийн бүх үсийг хамран унах хүртэл үргэлжилж болдог. Хэдийгээр үс уналттай өвчтөнүүдийн 50% дээш орчимд үс нэг жилийн хугацаанд эргэн урагдаг ч, ихэвчлэн дахилт өгдөг. Өвчний үе шатыг таамаглахын аргагүй байдаг.

Нэгдүгээр шатны эмчилгээ – Харьцангуй аюулгүй, хэрэглэхэд тохиромжтой бүтээгдэхүүнүүд болох хэсгийн түрхлэг болон тууралтанд тарих зориулалттай хэрэглэгддэг кортикостероидууд багтдаг. Хэсгийн дархлаа эмчилгээ нь тархмал хэлбэрийн үед (хуйхны 50%-с дээш талбайг хамарсан үс уналт) нэгдүгээр сонголтын эмчилгээнд багтдаг.

Тууралтанд кортикостероид тарих – Насанд хүрэгчдэд үс уналт нь хэсэг газрыг хамарсан, хязгаарлагдмал тохиолдолд уг эмчилгээг зөвлөдөг.

Үр дүн – Үүрэлсэн үс уналтын үед хэсгийн кортикостероид тууралтанд тарьж эмчилсэн талаар санамсаргүй түүврийн судалгаа байхгүй хэдий ч нэгэн судалгаанд triamcinolone hexacetonide тариулсан 11 өвчтөний 34 голомтын 33 эргэн ургасан, triamcinolone acetonide тариулсан 17 өвчтөний 25 голомтын 16 эргэн ургасан талаар дурдсан байна. Өөр нэгэн судалгаанд triamcinolone acetonide дөрвөн сарын турш сард нэг удаа тариагаар хэрэглэхэд 62 өвчтөний 40 нь (63%) үс бүрэн эргэн ургасан байна.

Заалт –Үс уналтын голомт одоо байгаа болон шинээр унасан аль ч хэлбэрийн үед уг тарилгыг хийх заалттай байдаг. Эмчилгээний зорилго нь үс эргэн ургах байдлыг дэмжих, үс уналтыг хязгаарлах гэсэн чиглэлтэй байдаг.

  • Эмчилгээний өмнө үс уналттай хэсэгт мэдээгүйжүүлэх тосыг (лидокаин 2,5%, прилокаин 2,5% крем) эмчилгээнээс 1,5-2 цагийн өмнө түрхэн, пластик материалтай зүйлээр бүрхүүл хийж өгнө. Түрхлэгээ тарианаас өмнөхөн цэвэрлэж авна.
  • Триамцинолоны 2.5-5.0 мг/мл тунг нүүр хэсэг болох  хөмсөг, сахланд, 5-10 мг/мл тунг хуйхны арьсан дор тарина. 1 см хэмжээтэй олон талбайд багахан хэмжээгээр (0.1 мл эсвэл түүнээс бага) тарина. Нэг удаагийн тарих хэмжээ нь тууралтын талбай болон өвчтөний тэвчээрээс хамааран ялгаатай байдаг ч хуйханд 20 мг эсвэл түүнээс бага хэмжээгээр таридаг. Нэг удаагийн эмчилээ 40мг тунгаас хэтэрч болохгүй.
  • Шинэ ургалт зургаагаас найман долоо хоногт ажиглагддаг. Эмчилгээг зайлшгүй 4-6 д.х тутамд давтан хийх ба үс бүтэн ургасан үед эмчилгээг зогсооно. Хэрвээ эмчилгээ хийгээд зургаан сар болоход ямар нэгэн нөлөө үзүүлэхгүй тохиолдолд эмчилгээг зогсоох ба орлуулах эмчилгээг хийж болно.
  • Гаж нөлөө – Ихэвчлэн хэсгийн хатингаршил үүсдэг ч хэдхэн сарын дараа арилна. Мөн телеангиоэктази болон гипопигментаци үүсэж болно. Нүүрэнд тарьж буй тохиололд анхааралтай тарих ба ялангуяа нөсөөжилт ихтэй хүнд тарихад байнгын гипопигментаци үүсэх эрсдэлтэй. Тууралтанд кортикостероид тарьж буй өвчтөнд бөөрний дээд булчирхайн дутагдал үүсэх эрсдэл буй эсэхийг албан ёсоор судлаагүй байна.

Илүү тархмал хэлбэрийн үс уналттай үед – Ийм тохиолдолд тууралтанд кортикостероид тарих нь үр дүн багатай мөн их хэмжээгээр тариулах шаардлага гардаг. Үс уналтын хэмжээ 50 см2 дээш хэмжээтэй байхад тууралтанд кортикостероид тариулахаас илүү хэсгийн дархлаа эмчилгээ нь үр дүн сайтай тухай нэгэн ретроспектив судалгаанд өгүүлсэн байна.

Хэсгийн хүчтэй кортикостероид түрхлэг – Хэдийгээр үр дүн нь хязгаарлагдмал хэдий ч үүрэлсэн үс уналтын үед хэсгийн хүчтэй кортикостероидыг хэрэглэдэг. Хүүхдэд хамгийн эхний сонголтоор сонгодог бол насанд хүрэгчдэд хэсгийн стероидтой тарилга хийлгэх боломжгүй үед мөн хэрэглэдэг.

Үр дүн – Үүрэлсэн үс уналтын үед хэсгийн хүчтэй кортикостероидыг хэрэглэсэн судалгаануудын үр дүнг доор дурдлаа:

  • Хэсгийн үс уналттай 105 өвчтөнд 12 долоо хоногийн санамсаргүй туршилтаар betamethasone valerate 0.1% саванг өдөрт хоёр удаа угаах, тууралтанд triamcinolone acetonide (10 mg/mL) гурван д.х тутамд тарих, хэсгийн tacrolimus 0.1% тосон түрхлэгийг өдөрт хоёр удаа хэрэглүүлэхэд  >75% үсний эргэн ургалт дээрх гурван эмчилгээнд 54,60,0 хувийн байдлаар үр нөлөө өгсөн байна.
  • Дундаас хүнд зэргийн үс уналттай 34 өвчтөнд clobetasol propionate 0.05% саванг хуйхны нэг талд хэрэглүүлэхэд 12 д.х-н дараагаар үсний эргэн ургалт 50% орчим байсан.
  • Clobetasol propionate-ийг түрхэн, гадуур нь боолт хийхэд зарим өвчтөнд үр дүнтэй болох нь ажиглагдсан. Долоон жилийн хугацаанд үргэлжилж буй Alopecia totalis болон alopecia universalis-тай 28 өвчтөнд clobetasol propionate 0.05% тосон түрхлэгийг зургаан сарын хугацаанд 6-7 шөнөд нь гялгар бүрхүүлээр боолт хийхэд таван өвчтөнд (17.8%) удаан хугацааны туршид үс эргэн ургах байдал ажиглагдсан.
  • Хуйхны гадаргуугийн 10% орчмыг хамарсан үүрэлсэн үс уналттай 41 хүүхдэд 24 д.х-н хугацаанд санамсаргүй туршилт явуулсан. Уг туршилтаар өдөрт 2 удаа clobetasol propionate 0.05% тосон түрхлэгийг 2-6 д.х-н хугацаанд түрхэн, дунд нь зургаан д.х-н завсарлагатайгаар хэрэглэхэд үс уналтын талбайн багасалт hydrocortisone 1% тосон түрхлэгээс илүү үр дүнтэй байсан. 24 д.х-н эмчилгээний дараагаар clobetasol propionate-аар эмчлүүлсэн хүүхдүүдийн 85% үс уналтын талбай ойролцоогоор 50% багассан нь гидрокортизоноор эмчлүүлсэн (33%) үр дүнгээс өндөр байна.

Заалт – Бид хэсгийн хүчтэй кортикостероид болох betamethasone dipropionate 0.05% (cream, lotion, ointment)-ийг үс уналтын гадаргууд өдөрт 2 удаа түрхдэг. Хэрвээ их талбайг хамарсан бол хуйханд бүтэн түрхэнэ. Гурван сарын дараагаар эмчилгээний үр дүнг дүгнэнэ.

Гаж нөлөө – Тууралтанд тарих кортикостероидтой адил хэсгийн хатингаршил, телеангиоэктази, гипопигметаци болон бөөрний дээд булчирхайн дутмагшил үүсэх зэрэг шинжүүд багтдаг. Хэдийгээр хэсгийн кортикостероидыг түрхээд боолт хийвэл үр дүн сайн хэдий ч гаж нөлөө үүсэх эрсдлийг нэмэгдүүлэх боломжтой байдаг.

Хэсгийн дархлаа эмчилгээ – Тархмал хэлбэрийн болон дахисан үс уналтын үед хэсгийн дархлаа эмчилгээ нь үр дүн сайтай байдаг.

Дархлаа эмчилгээний бүтээгдэхүүн харшил төрүүлэх шинжтэй байдаг ба долоо хоног орчим хэрэглэхэд хуримтлалын улмаас харшил хавьтлын дерматит өгч болдог. Энэ үед багахан үрэвсэлтэй зэрэгцэн үс ургаж эхэлдэг. Уг эмчилгээний үйлдэл нь үсний фолликул тойрсон үрэвслийн нэвчдэс дэх лимфоцит эсийн апоптозыг нэмэгдүүлж, идэвхийг дарангуйлсантай холбоотой байдаг.

Үр дүнгийн байдал – Хяналтын бүлэггүй хийгдсэн судалгаануудад үр дүнгийн байдал харьцангуй ялгаатай илэрсэн хэдий ч нийт өвчтөнүүдийн 40-60%-д нь үс эргэн урган, гоо сайхны алдагдалгүй болсон байна. Хүнд болон удаан хугацаанд үргэлжилсэн өвчний үед хэсгийн дархлаа эмчилгээ үр дүн багатай байдаг. Уг эмчилгээний үед сэдрэл нь ойролцоогор 60%-тай, сэдрэлийн дундаж хугацаа 2,5 жил байна.

Заалт, хэрэглэх арга – Хэсгийн дархлаа дарангуйлах эмчилгээнд Diphenylcyclopropenone (DPCP), Squaric acid dibutyl ester (SADBE), or Dinitrochlorobenzene (DNCB) зэргийг ашигладаг. DNCB-г хамгийн анх хэсгийн эмчилгээгээр хэрэглэдэг байсан ч одоо үед мутаци үүсгэх эрсдэлтэй тул ховор хэрэглэж байгаа. Эдгээр уусмалыг эмийн сан, эмнэлгийн орчинд нарийвчлан бэлтгэдэг ба бэлтгэх явцдаа арьсанд хүргэвэл арьсыг цочроох эрсдэлтэй байдаг.

DPCP нь SADBE-гээсээ үнэ багатай тул давамгай хэрэглэгддэг ба уусмал нь илүү тогтвортой байдаг. SADBE-г заавал хөлдөөх шаардлагатай байдаг. DPCP нь гэрлийн нөлөөгөөр задардаг тул хув бор өнгийн шилэнд эсвэл гадуур нь өөр хамгаалах саванд хийж хадгална.

  • DPCP-тэй хэсгийн эмчилгээ эхлэхийн өмнө 2% уусмалыг хуйхны жижиг талбайд түрхэн (тухайлбал 4*4 см), өвчтөний мэдрэгших байдлыг үнэлнэ. 1-2 д.х-н дараагаар өмнө түрхсэн талбайдаа 0,001% концентрацитай уусмалыг түрхэнэ.
  • DPCP түрхсэнээс 24-48 цагийн дараагаар угаах бөгөөд бүтээгдэхүүн түрхсэн хэсгийг нарнаас хамгаалж, тунгалаг бус өнгийн малгай эсвэл ороолт хэрэглэнэ.
  • Хэрвээ өвчтөнд хурц хэлбэрийн экзем үүссэн бол эмчилгээ эхлэхээс өмнө ахин нэг долоо хоног сунган, DPCP-г маш бага тунгаар хэрэглэж эхэлнэ.
  • Эмчилгээ нь нэг долоо хоногийн зайтайгаар DPCP-г маш бага тунгаар аажим нэмэгдүүлэн максимум концентраци болох 2% хүргэнэ.

Ойролцоогоор гурван сарын дараагаар үс ургах шинж тэмдэг ажиглагдах ба үс ургалт максимал түвшинд хүрэхэд эмчилгээний давтамжийг бууруулдаг. Ихэнх эмч нар 6 сарын дараагаар үс ургалт ажиглагдахгүй бол эмчилгээг зогсоодог хэдий ч DPCP эмчилгээ удаан хугацаа шаарддаг талаар хэвлэлүүдэд өгүүлсэн байдаг. DPCP болон антралин эмчилгээний хослол нь DPCP монотерапигаас илүү үр дүнтэй байна гэсэн мэдээллүүд байгаа ба үүнд үндэслэн судалгаануудыг лавшруулан хийх шаардлагатай байна.

SADBE эмчилгээний зарчим ижил байдаг. 2% уусмалаар эхэлж түрхүүлэн мэдрэгшлийг үнэлэн, эмчилгээг бага концентриациас (0.0001%) эхлэн, бага зэргийн мэдрэших хүртэл тунг нэмэгдүүлдэг.

Гаж нөлөө – Хэсгийн дархлаа эмчилгээний гол гаж нөлөөнд хүнд хэлбэрийн дерматит багтдаг. Хэрвээ цэврүүнцэрт болон цэврүүт тууралт илэрвэл угаах эсвэл хэсгийн кортикостероид түрхнэ. Бусад гаж нөлөөнд лимфаденопати, чонон хөрвөс, арьс цайх өвчин, дисхромиа гэх мэт өөрчлөлтүүд багтдаг. Жирэмсэн хүнд хэрэглэхийг хориглоно.

Хоёрдугаар шатны эмчилгээ – Үүрэлсэн үс уналтын хоёрдугаар шатны эмчилгээг дангаар эсвэл нэгдүгээр шатны эмчилгээтэй хавсруулан хийлгэж болдог. Үүнд миноксидил, антралин болон Псоралентой хавсарсан гэрэл эмчилгээ (PUVA) зэрэг эмчилгээнүүд багтдаг. Миноксидил болон антралин нь тууралтанд тарих кортикостероид, хэсгийн хими эмчилгээнээс үр дүн багатай байдаг, харин PUVA эмчилгээ нь удаан хугацаанд хийхэд гаж нөлөө үүсгэх эрсдэлтэй байдаг.

Миноксидил – Өдөрт нэгээс хоёр удаа миноксидилыг дангаар эсвэл тууралтанд тарих, түрхэх хэлбэрийн кортикостероидтой хавсруулан хэрэглэж болно. Үүрэлсэн үс уналтын үед миноксидилыг хэрэглэсэн талаар цөөн тооны, нотолгоо өндөр бус судалгаанууд л байна.

Тун хамааралтайгаар үр дүн ялгаатай байдаг ба 5% уусмал нь 2%-н уусмалаасаа илүү үр дүнтэй байдаг ба цөөн тооны өвчтөнд эргэн ургаж, гоо сайхны алдагдлаа зассан байдаг. Миноксидилыг хэрэглэсэн бол хамгийн багадаа гурван сарын турш хэрэглэх хэрэгтэй.

Миноксидил нь хуйхны үс бүрэн унасан тохиолдолд үр дүн багатай байдаг ч  эмэгтэйчүүдийн ойролцоогоор 3%-д нүүрний үс ургалт үүсгэх эрсдэлтэй байдаг. Ховор тохиолдолд загатнах, дерматит илэрдэг ба саван хэлбэрээр хэрэглэхэд эдгээр гаж нөлөө багатай байдаг. Учир нь саван хэлбэрт propylene glycol (цочруул болон харшил төрүүлэгч нэгдэл) агуулагддагүй.

Антралин – Антралиныг зарим тохиолдолд хоёрдугаар сонголтын үед хэрэглэдэг ч үр дүнгийн талаар хийгдсэн нарийвчилсан судалгаа байхгүй байна. Хайрст үлд өвчний үед антралиныг илүүтэйгээр хэрэглэдэг.

Антралины 0.5% эсвэл 1% кремийг үс уналттай хэсэгт өдөрт 20-30 минутын турш байлган, хүйтэн бүлээн ус болон  шампунь ашиглан угааж арилгана. Хоёр долоо хоног тутамд 10 минутаар тунг нэмэгдүүлсээр нэг цаг хүртэл байлгаж болох ба хэрэв хөнгөн дерматит өгвөл хугацааг бууруулна. Эмчилгээг үс ургатал үргэлжлүүлэн хийж болно.

Эсвэл антралиныг 0.1% концентрацитайгаар 10-20 минут хэрэглэж эхлэн, тэвчил үүстэл өдөр бүр тунг нэмэгдүүлсээр, сүүлдээ арилгахгүй бүтэн өдөр байлган 2% хүртэл тунг нэмэгдүүлж болдог. Антралин хэрэглэх үед улайлт, хайрс зэрэг ажиглагддаг хэдий ч цэврүүнцэр үүсдэггүй. Эмчилгээний үр дүнг харахын тулд хамгийн багадаа 3сар хэрэглэнэ.

Антралин нь арьс, үс болон хувцсанд бор толбо үлдээдэг тул хэрэв хүргэсэн бол тэр дороо хүйтэн, бүлээн усаар угаах хэрэгтэй.

Фотохими эмчилгээ – Үүрэлсэн үс уналтын үед псораленийг арьсны гадаргуу дээр түрхэх болон уулгах байдлаар хэрэглэн, UVA туяагаар шарах эмчилгээг хийдэг. Хэд хэдэн судалгааны үр дүнгээс харахад ПУВА эмчилгээний үр дүн 60-65% орчим хувийн үр дүнтэй хэдий ч, сэдрэлийн эрчим өндөр байна.

Фотохими эмчилгээг тархмал хэлбэрийн үүрэлсэн үс уналт ( хуйхны 75%-с дээш талбайг хамарсан), alopecia totalis, эсвэл alopecia universalis-ийн үед хэсгийн хими эмчилгээ хийх эсрэг заалттай эсвэл хийх боломжгүй тохиолдолд сонгодог. Эмчилгээ нь ихэвчлэн 4-6 сарын турш үргэлжилдэг.

Удаан хугацааны ПУВА эмчилгээ нь арьсны хавдар үүсэх эсрдэлтэй байдаг тул эмчилгээний явцад хяналт хийж байх хэрэгтэй.

Системийн эмчилгээ – Хүнд хэлбэрийн үүрэлсэн үс уналтын үед системийн эмчилгээ хийдэг. Үүнд дараах эмчилгээнүүд багтдаг.

Глюкокортикоид уухаар хэрэглэх – Системийн глюкокортикоид эмчилгээ нь үүрэлсэн үс уналтын үед үс ургалатанд нөлөөлдөг. Преднизолоны тунг аажим бууруулах (хамгийн багадаа 40 кг жинтэй хүнд 40 мг-аас 0 мг хүртэл тунг бууруулан, зургаан д.х-оос дээш хугацаанд хэрэглэх) зарчмаар 32 насанд хүрэгчид болон хүүхдэд хэрэглүүлсэн, үүний 16 нь alopecia totalis, universalis-тай байсан. Зургаан долоо хоногийн дараагаар 13 өвчтөний ойролцоогоор 50%-д нь үс эргэн ургасан ба үүнээс 4 өвчтөнд үсний эргэн ургалт 75-99%-тай байсан. Харин 2 өвчтөнд эмчилгээний явцад үр дүн гараагүй байна.

Системийн глюкокортикоид эмчилгээ нь үсний ургалыг дэмждэг хэдий ч гаж нөлөөнөөс хамаараан эмчилгээний хугацаа хязгаарлагдмал үргэлжлэх, эмчилгээний дараагаар үс дахин унах зэрэг сул талуудтай. Преднизон эмчилгээний дараах үр дүнг удаан хугацаанд хадгалахад миноксидил хэрэглэх нь үр дүнтэй болохыг илтгэсэн  нэгэн тохиолдол-хяналтын судалгаа байна. Уг судалгаагаар преднизон эмчилгээний дараа ойролцоогоор 25% сайжрал өгсөн долоон өвчтөний зургаад нь миноксидил 2% өдөрт гурван удаа хэрэглүүлэхэд 12 д.х-н дараа эмчилгээний үр дүнгээ хадгалсан хэвээрээ байсан, харин миноксидил хэрэглээгүй бүлгийн долоон өвчтөний нэгд нь л үр дүнгээ хадгалсан байсан байна. Судалгааг үргэлжлүүлэн 20 д.х-н дараа давтан үнэлэхэд миноксидил хэрэглэсэн бүлгийн долоон өвчтөний гурав, хяналтын бүлгийн дөрвөн хүнээс тэгд (0) нь эмчилгээний үр дүн ажиглагдсан байна, энэ нь урт хугацааны дараа эмчилгээний үр дүн хоёр бүлгийн хооронд статистик ач холбогдолгүй байгааг илтгэж байна.

Зарим өвчтөнд глюкокортикоидын пульс эмчилгээний үед үс эргэн ургадаг. Энэ талаар хийгдсэн хяналтын судалгаагаар 43 өвчтөнд 200мг преднизолон эсвэл плацебо эмийг гурван сарын туршид долоо хоногт нэг удаа уулган, 6 сарын дараагаар үсний ургалт нилээн сайжирсан байна. Уг хэвлэлд ямар нэгэн гаж нөлөө илэрсэн талаар дурдаагүй байна.

Түүнчлэн эмнэлзүйн практикт системийн глюкокортикоидыг богино хугацаагаар (насанд хүрэгчдэд 40-60 мг, хүүхдэд 1 мг/кг тунгаар 4-6 д.х-н хугацаанд аажим бууруулах) цочмог явцтай тархалт ихтэй үед хэрэглэн, хурц сэдрэлийг намдааж болдог.

Сулфасалазин – Сулфасалазин нь дархлаа дарангуйлах, дархлаа зүгшрүүлэх нөлөөтэй эм. Хяналтын бүлэггүйгээр хийсэн судалгаа болон хэвлэлийн тоймд өгүүлсэнээр үүрэлсэн үс уналттай өвчтөнүүдийн ¼ эмчилгээний үр дүн сайн тухай өгүүлсэн байдаг хэдий ч сэдрэлийн эрчим 45% хүртэл байдаг.

Сулфасалазины гаж нөлөөнд хоол боловсруулах замын хямрал, толгой өвдөх, халуурах, биеэр тууралт гарах, ховор тохиолдолд элэг хордуулах, цусны эмгэгүүд үүсэх зэрэг гаж нөлөөнүүд илэрч болно. Эмийг нэг сардаа 0.5 гр өдөрт хоёр удаа уух ба цаашдаа нэг сард 1гр өдөрт хоёр удаа уун, 1.5 гр өдөрт хоёр удаа хамгийн багадаа гурван сарын хугацаанд хэрэглэнэ. Цусны ерөнхий шинжилгээ, элэгний үйл ажиллагааг эмчилгээний эхний гурван сарын хугацаанд сар тутамд түүнээс хойш гурав эсвэл зургаан сар тутамд үнэлээд явж болно.

Метотрексат – Alopecia totalis болон universalis-тай 22 өвчтөнд метотрексат эмчилгээ хийхэд үр дүн сайтай болохыг илтгэсэн байна. Гэхдээ метотрексат эмчилгээний гаж нөлөөг сайн хянах шаардлагатай байдаг.

Циклоспорин – Циклоспориныг үүрэлсэн үс уналттай зургаан өвчтөнд хэрэглэхэд үр дүн сайн байсан тухай судалгаа байгаа хэдий ч уг эм нь гаж нөлөө ихтэй, сэдрэлийн эрчим их болохыг илтгэж байна. Түүнчлэн циклоспорин эмчилгээний үед үс уналт үүссэн тухай тоймуудад өгүүлсэн байна.

Азатиоприн – Дундаас хүнд зэргийн явцтай үүрэлсэн үс уналттай өвчтөнд азатиоприн хэрэглэсэн цөөн тооны, alopecia universalis-тай 14 өвчтөнд хийгдсэн проспектив судалгаагаар 6 өвчтөнд үс бүрэн эргэн ургасан (2.5 мг/кг өдөр бүр thiopurine methyltransferase [TMPT]) ба үс ургалт нь 75% буюу түүнээс дээш ургасан байна. Эмчилгээ эхэлснээс дөрвөөс зургаан сарын дараагаар үр дүн ажиглагдсан ба 14 өвчтөний 5 нь гаж нөлөө илэрсэн (суулгах, элэгний энзимийн хэмжээ нэмэгдэх, панкреатит, ясны чөмөгний дарангуйлал).

Биологийн агент – Үүрэлсэн үс уналт нь аутоиммун шалтгаантай өвчин тул биологийн агентууд нь Т эсийн үйл ажиллагаанд шууд болон шууд бус замаар нөлөөлдөг. Цөөн тооны хэрэглэсэн тохиолдлуудаас бусдаар үр дүнтэй болох нь тогтоогдсон судалгаа байхгүй байна.

Tumor necrosis factor (TNF)-alpha inhibitors нь үүрэлсэн үс уналтанд үр дүнгүй ба etanercept -г дундаас хүнд зэргийн явцтай үүрэлсэн үс уналтын үед хэрэглэхэд үр нөлөө үзүүлээгүй байна. Харин аутоиммуны өвчний суурин дээр үүссэн үс уналтын үед adalimumabinfliximab-г хэрэглэхэд эмчлэгдсэн байна.

Alefacept нь шингэн зуурамтгай уураг бөгөөд CD2 эстэй холбогдон, Т эсийн идэвхжлийг дарангуйлдаг. Удаан хугацаанд судлагдаагүй ба нэгэн  жижиг судалгаанд хүнд зэргийн (хуйхны 50-90% унасан) үүрэлсэн үс уналттай өвчтөнүүдэд хэрэглэхэд үр дүнгүй байсныг мэдээллэсэн ч баталгаатай эх сурвалжийн мэдээлэл биш юм.

Efalizumab – нь CD11a-н эсрэг нөлөөлөх моноклонт эсрэг бие бөгөөд уг эмийг хэрэглэсэн тохиолдлуудад үр дүнтэй болохыг илтгэсэн хэдий ч санамсаргүй түүврээр хийгдсэн судалгаанд үр дүнгүй болох нь батлагдсан ба 2009 онд Efalizumab-ийг хэрэглэсэн өвчтөнд лейкоэнцефалопати үүсэж буй тул эмийн зах зээлээс эргүүлэн татсан байна.

Бусад эмчилгээ – excimer laser, хэсгийн bexarotenecapsaicin, PRP, recombinant interleukin 2, hydroxychloroquine болон botulinum toxin зэргийг эмчилгээнд хэргэлэхэд үр дүн ажиглагдсан талаар дурдсан хэдий ч илүү их судалгааны бааз  хэрэгтэй байна.

Excimer laser — Эксаймер лазер нь 308 нм долгионы урттай монохромат хэт ягаан туяаг ялгаруулдаг. Үйлдлийн механизм нь Т эсийн апоптозыг нэмэгдүүлдэг. Цөөн жижиг судалгаа, тохиолдлуудад эксаймер лазерыг хэсэгхэн газарт голомтолж унасан үүрэлсэн үс уналтанд үр дүнтэй байсныг тодотгосон байна. Хуйхны зах хэсгийг хамарсан, alopecia totalis, эсвэл  alopecia universalis –н үед эмчилгээнд үр дүнгүй байна.

Topical bexarotene — Хэсгийн бексаротен (ретиноид)- ийг хуйхны нэг талд түрхэн, дан нууцлалтай, санамсаргүй судалгааг хийхэд 24 д.х-н дараагаар 42 өвчтөний 5-д нь (12%) эмчилгээ хийлгэсэн талдаа 50% орчим хувьд үс ургалт ажиглагдсан бол ахин 6 өвчтөнд (14%) хуйхны хоёр талд үс ургасан байна, энэхүү билатерал үс ургалтын шалтгаан нь тодорхойгүй байна.

Platelet-rich plasma — Ялтас эсээр баяжуулсан сийвэн нв өсөлтийн хүчин зүйлийг агуулдаг тул эсийн өсөлт хөгжил, ялгаран хөгжлийг нэмэгдүүлж, үрэвслийн эсрэг нөлөөлдөг тул эдгээр үйлдлүүд нь үүрэлсэн үс уналтанд нөлөө үзүүлдэг. 45 архаг дахилтат үүрэлсэн үс уналттай өвчтөнд хамгийн багадаа хоёр жилийн хугацаанд үс уналтанд өөрийн ялтас эсээр баяжуулсан сийвэн тарин, плацебо бүлэгт нэг эвсэл гурвсан сар тутамд triamcinolone acetonide тарихад PRP тарисан бүлэгт үсний эргэн ургалт илүү үр дүнтэй байсан. Түүнчлэн PRP нь үс унасан хэсгийн халуу оргих, загатнах зэрэг шинжийг бууруулж өгдөг.

Fractional photothermolysis — Миноксидил болон хэсгийн, тарилга хэлбэрээр хэрэглэж буй кортикостероид эмчилгээнд дахилт өгсөн өвчтөнүүдэд олон удаагийн fractional photothermolysis laser эмчилгээний дараагаар үс бүрэн ургасан тохиолдлууд байна.

Botulinum toxin — Үүрэлсэн үс уналтын эмгэг жамд нейропептидын оролцоо байдаг гэсэн баталгаа байдаг ба мэдрэлийн өвдөлт бүхий үс уналттай тохиолдолд botulinum toxin A хэрэглэхэд үр дүнтэй байна. Гэсэн хэдий ч хангалттай хэмжээний мэдээлэл багатай байна.

Сормуус хамарсан  үс уналт – Сормуус хамарсан үс уналтын үед эргэн ургалтыг дэмжих батлагдсан хэсгийн эмчилгээ байхгүй ч уг зорилгоор хэсгийн простагландин дарангуйлагчийг судалж байна. Ихэнх тохиолдолд гоо сайхны аргаар далдлах аргыг хэрэглэдэг.

Prostaglandin analogues — Глаукоматай өвчтөнд хэсгийн простагландин дарангуйлагч болох latanoprost болон bimatoprost эмчилгээнд хэрэглэхэд сормуус хэт ургах шинж илэрч байсан. Энэхүү эмнэлзүйн үр дүнд үндэслэн хөмсөг, сормуус хамарсан үс уналтын үед дээрх эмийн үр нөлөөг үнэлэх судалгааг хийсээр байна.

16 долоо хоногийн турш 11 өвчтөн хамруулан хийсэн, санамсаргүй түүвэртэй нэгэн томоохон судалгаанд уг эм ямар ч нөлөө үзүүлээгүй болох нь ажиглагдсан. Гэсэн хэдий ч өөр нэгэн судалгаанд 44 сормуусны үс уналттай өвчтөнд  latanoprost нүдний дусаалгыг 2 жилийн турш хэрэглэхэд 17.5-27.5 хувьд нь үс бүрэн эсвэл дундаж байдлаар эргэн ургаж, 10 өвчтөнд эмийг ижил тунгаар хэрэглэж байсан ч үс ургалт ажиглагдаагүй байна. Энэхүү эмчилгээний талаар цаашдын судалгаа хэрэгтэй байна.

Үр дүнгүй эмчилгээнүүд – хэсгийн pimecrolimus, tacrolimus, cyclosporine болон фотодинамик эмчилгээнүүд нь үр дүнгүй байна.

Хүүхдийн эмчилгээний талаар – хүүхдэд гаж нөлөө багатай, эмчилгээний тэсвэржилт сайтай эмийн бүтээгдэхүүн харьцангуй бага байна. Насанд хүрэгчдэд эмчилгээний эхний сонголтонд тууралтанд тарих кортикостероид багтдаг бол бага насны хүүхдэд уг эмчилгээг хийхэд хүүхдэд хэсгийн мэдээгүйжүүлэг хийсэн ч тэсвэрлэх чанар багатай байдаг.

Тиймээс бага насны хүүхдүүдэд хүчтэй хэсгийн глюкокортикоидыг эхний сонголт болгон эмчилгээнд хэрэглэнэ. Хэсгийн миноксидил болон дархлаа эмчилгээг нэмэлт сонголтоор хийж болно. Антралиныг мөн хэрэглэж болох хэдий ч хүүхдэд цочрол өгөх эрсдэлтэй байдаг.

Насанд хүрэгчдэд үүрэлсэн үс уналт тархмал, хурдацтай хэлбэрээр явагдаж байгаа тохиолдолд глюкокортикоидыг уухаар хэрэглэдэг хэдий ч уг эмчилгээний дараа үс уналт ахин бий болдог. Удаан хугацаагаар глюкокортикоидыг хэрэглэснээр өсөлтийн хоцрогдол, ясны сийрэгжилт, бөөрний дээд булчирхайн дутагдал үүсэх эрсдэлтэй тул хүүхдэд хэрэглэхийг зөвлөдөггүй.

Psoralen plus ultraviolet A (PUVA) эмчилгээг хүүхдэд хэрэглэсэн судалгаа байхгүй хэдий ч хүүхдэд арьсны хавдар үүсгэх эрсдэлтэй тул зөвлөдөггүй.

Хүүхдэд ялангуяа өсвөр насны хүүхдэд үс уналтын улмаас сэтгэлзүйн хямрал үүсэх нь элбэг байдаг тул зөвлөгөө өгч, дэмжих эмчилгээ шаардлагатай байдаг.

Зөвлөгөө өгөх – Өвчтөнд үүрэлсэн ус уналт өвчний талаар мэдлэг олгох, эмчилгээний бодит үр дүнгийн талаар ярилцах, сэтгэлзүйн дэмжлэг, зөвлөгөө өгөх нь эмчилгээний чухал бүрэлдэхүүн хэсэг болохыг ойлгуулах хэрэгтэй. Өвчтөнүүдийн ихэнхид нь үс уналт нь гоо зүйн алдагдалд хүргэн, улмаар сэтгэлзүйн хямралд оруулдаг. Ялангуяа залуу эмэгтэйчүүд, хүүхдүүд хямардаг.

Эмчилгээний үр дүнгүүдийг харьцуулан үзэхэд өвчтөнд үс уналтыг нь өөрт нь дасгах, мэргэжлийн сэтгэл зүйчээс зөвлөгөө авах байдал нь эмчилгээний үр дүнд чухал нөлөөтэй байна. Ихэнх өвчтөнд дэмжих бүлэгт хамрагдах нь мөн сайнаар нөлөөлсөн байна.

Эх сурвалж:

UpToDate: Management of alopecia areata, last updated: Jul 24, 2017