Витамин С буюу Аскорбины хүчил ба Чийг бам өвчин /Цинга, Scurvy/

Хүүхэд судлал
Мягмарсүрэн Namuun bolor-erdene

Хүний биед витамин С нийлэгжилтийн эцсийн шат явагддаггүй байна. Учир нь энэ шатанд Л-гулоно-Г-лактон (l-gulono-g-lactone) – оос аскорбины хүчилд хувирахад гулонолактон оксидаза энзим шаардагддаг болохыг алдарт биохимич Альберт Ленингер 1957 онд илрүүлжээ. Тэрээр, уг энзим нохой, муур гэх мэт бусад сүүн тэжээлтнүүдэд байдаг ч хүнд байдгүйг анзаарчээ. Үүнээс хойш нэлээд хэдэн жилийн дараа буюу 1991 онд Никишими болон Яги нар дээрх энзимийг кодолдог ген хүнд байдаг ч үйл ажиллагаагаа алдсан хуурамч ген хэлбэрээр оршдог болохыг тогтоожээ.

Витамин С – н дутагдлаас чийг баам өвчин (цинга, scurvy) үүснэ. Энэхүү өвчин нь арьсны өөрчлөлтүүд (петехи буюу цэгчилсэн тууралт, үсний хүүдий орчмын цус харвалт, хөхрөлт), буйлны үрэвсэл, үений өвдөлт, шархны эдгэрэлт удааширах зэрэг шинжүүдээр илэрдэг ба хоол хүнсээр авах витамин С дутагдалтай байснаас хойшхи хэдхэн сарын дотор тодорхойлогдож эхэлнэ.

Эрт дээр үеэс чийг баам өвчний талаар дурдаж байжээ. Эртний Египт, Грек, Ромын ном зохиолуудад чийг баам өвчний эмнэлзүйг тун нарийн тодорхойлж байжээ. Сэргэн мандалтын үед Англи, Европийн судалгааны багийнхан чийг баам өвчний улмаас хуйгаараа нас барж байсан тохиолдол ч тэмдэглэгджээ. Европийн их өлсгөлөнгийн үе, Америкийн Иргэний Дайн, Хойт туйлын судалгаа, Калифорнийн алтны урсгалын үеүүдэд хүн амын өвчлөл, нас баралтын гол шалтгаан нь чийг баам өвчин байлаа. Ахмад Жамес Күк анх удаа далайд хэдэн сараар аялах үед хоолондоо хүнсний ногоог түлхүү хэрэглэхэд чийг баам өвчнөөс сэргийлж болохыг илрүүлсэн байна.  Британийн тэнгисийн цэргийн мэс заслын эмч, Жамес Линд усан онгоцны аялалын явцад хийсэн судалгаа, туршилтандаа тулгуурлан Чийг баам өвчний судар оршвой /Treatise of the Scurvy/ нэртэй бүтээлээ хэвлүүлжээ. 1928 – 1931 оны хооронд, Шент-Жеорж / Szent-Gyorgyi/ гэгч эрхэм байцаа, жүрж, улаан чинжүү, бөөрний дээд булчирхайнаас гексуроны хүчил /hexuronic acid/ ялган авсан байна. Хожимоо гексуроны хүчлийг витамин С гэж нэрлэх болсон ба чийг баам өвчнөөс сэргийлдэг болохыг нь тогтоожээ.

Эх сурвалж — Витамин С – н хоол хүнсний чухал эх сурвалж нь цитрус буюу исгэлэн жимснүүд /лимон, жүрж, бэрсүүт жүрж гэх мэт/, улаан лооль, төмс, цэцэгт байцаа, брокколи байцаа, гүзээлзгэнэ, бөөрөнхий байцаа, бууцай зэрэг юм. Хоол, хүнсээр авах витамин С нь хүнсийг хэрхэн бэлтгэснээс ихээхэн хамааралтай байдаг. Ялангуяа, исэлдэлт бүхий орчинд хүнсэнд агуулагдах идэвхитэй витамин С устдаг байна.

Бүдүүвч: Витамин С – ээр хамгийн баялаг жимснүүд

Биохими

  • Хими– Аскорбины хүчил нь альфа – кетолактонын энолийн хэлбэр бөгөөд глюкозын бүтэцтэй төстэй. Аскорбины хүчлийн биологийн үйлдлийг үзүүлдэг олон төрлийн нэгдлүүд байдаг бөгөөд тэдгээрийг ерөнхийд нь витамин С гэж нэрлэнэ. Хүн, зарим зүйлийн сармагчин, усан гахай, жимсний сарьсан багваахайнаас бусад ихэнх сүүн тэжээлтнүүд глюкозоос витамин С – г нийлэгжүүлдэг.
  • Бодисын солилцоо– Аскорбины хүчил нарийн гэдэсний төгсгөлд энерги – хамааралт идэвхитэй тээвэрлэлтийн үйл ажиллагаагаар шимэгдэнэ. Ердийн үед хоол хүнсээр авч буй (100 мг/өдөр) хэмжээгээрээ бараг бүрэн шимэгдэнэ. Хоол хүнсээр орж ирэх хэмжээ нэмэгдэхийн хирээр шимэгдэлт нь буурдаг, фармакологийн тун (>1000 мг/өдөр) байхад шимэгдэлтийн эрчим <50% хүртэл буурна. Цусан дахь концентрацийг бөөрөөр гадагшлуулж зохицуулна. Аскорбины хүчлийн бодисын солилцооны исэлдэлтийн дүнд үүсдэг дегидроаскорбины хүчил (ДГА) эсийн мембранаар идэвхгүй нэвтэрдэг ба эритроцит болон лейкоцитуудад хэрэглэгдэнэ. Өнчин тархи, бөөрний дээд булчирхай, тархи, лейкоцитууд, нүдэнд хамгийн их концентрацитай агуулагдана.
  • Үйлдэл– Аскорбины хүчил нь биологийн эргэх боломжтой саармагжуулагч (электрон донор) бөгөөд төмөр, зэс агуулсан зарим энзимүүдийн үйл ажиллагааг дахин сэргээхэд чухал ач холбогдолтой. Ийм онцлог чанартай учраас, зарим бодисын солилцоо, химийн урвалд хэрэгцээтэй амин чухал нэгдэл болдог. Хүчилтөрөгчийн молекул саармагжихад шаардлагатай электроныг аскорбины хүчил өгдөг. Энэхүү антиоксидант буюу исэлдэлтийн эсрэг үйлчилгээ нь витамин Е, фолийн хүчил гэх мэт бусад олон нэгдлүүдийн тогтвортой байдлыг хангаж өгдөг. Фолийн хүчлээс дигидро – тетрагидрофолийн хүчил үүсэхэд кофакторын үүрэг гүйцэтгэдэг.

Аскорбины хүчил дараах биологийн үйл ажиллагаанд оролцдог:

  • Тосны хүчлийн тээвэрлэлт – Митохондрийн мембранаар урт – гинжит тосны хүчил тээвэрлэгдэх нь карнитин – хамааралт үйл явц юм. Карнитин нийлэгжихэд аскорбины хүчил электрон донор болж ашиглагддаг.
  • Уян ширхэг буюу коллагений нийлэгжил – Коллаген хэлбэржихэд хоёр амин хүчлийн энзимийн оролцоотой гидроксилацийн урвал шаардагддаг: коллагений бүтцэд агуулагддаг пролин ба лизины үлдэгдэл. Гидроксипролин, гидроксилизин үүсгэдэг пропил гидроксилаза энзимийн задарлын урвалд аскорбины хүчил электрон донор болдог. Коллаген нийлэгжилтийн шатны энэ алхам алдагдвал шархны эдгэрэл удааширах, шүдний хэлбэржилт гажих, остеобласт болон фибробластын үйл ажиллагаа дутагддаг.
  • Нейротрансмиттерийн нийлэгжил – Норэпинефрин нийлэгжихэд допамин-бета-моно-оксигеназа энзимээр допамин гидроксилждог бөгөөд үүнд аскорбины хүчил кофакторын үүрэгтэй оролцоно.
  • Простагландины бодисын солилцоо – Простагландин болон простациклины бодисын солилцоонд аскорбины хүчил тодорхой үүрэгтэй. Үрэвслийн хариу урвал төдийгүй сепсис хам шинжийг багасгах чадвартай байж болно гэж үздэг. Сүүлийн үед аскорбины хүчил ба судас тэлэгч азотын оксид хоорондын хамаарлыг ихээхэн сонирхож байна.

Хэмжилзүй — Витамин С – г бодитой хэмжих арга байхгүй. Гэвч, сийвэн болон лейкоцитийн витамин С – н түвшин хоол хүнсээр авч буй витамин С – н хэмжээтэй сайн тохирдог. Өндөр – үйлдэлт шингэн хроматографийн шинжилгээгээр ангижирсан аскорбины хүчил болон исэлдсэн ДГА хэмжээ хоёуланг нь хэмжих боломжтой.

Дутагдал — Аскорбины хүчил амин чухал шим тэжээлийн бодис юм. Эмнэлзүйн дутагдлын хам шинжийг чийг баам гэж нэрлэдэг бөгөөд коллаген нийлэгжилтийн хямрал, холбогч эдийн өөрчлөлтөөр илэрнэ. Эмнэлзүйн шинж тэмдэг, витамин С хангалтгүй хэрэглэж байсан өвчний түүхэнд тулгуурлан чийг баам өвчнийг оношилно.

Хамгийн өвөрмөц шинж тэмдгүүд (хоол хүнсээр хангалтгүй хэрэглэснээс хойш хамгийн эртдээ 3 сарын дараа) нь үсний хүүдийн орчмын арьс хэт эвэрших /follicular hyperkeratosis/, үсний хүүдийн эргэн тойронд цус харвах, цэгчилсэн тууралт гарах, үс ширэлдэх зэрэг юм. Бусад түгээмэл илэрдэг шинжүүдэд арьс хөхрөх /ecchymoses/, буйл үрэвсэх, Шоугрин синдром /Sjogren’s syndrome/ (нүд болон амны салстын мембран гэмтэж нулимс, шүлсны ялгаралт хямарч ам хатах, нүд хуурайших шинж илрэх), үеээр өвдөх, хавагнах, цус багадах, шархны эдгэрэлт удааширах зэрэг багтана.

Зураг 1. Чийг баам өвчний хамгийн түгээмэл илрэх эмнэлзүйн шинжүүд

Зураг 2. Чийг баам өвчний хамгийн түгээмэл илрэх эмнэлзүйн шинжүүд

Арьсны цус харвалт бүхий тууралт эхлээд арьнаас өргөгдөөгүй байснаа сүүлдээ тэмтрэгддэг болно. Ялангуяа, доод мөчдөд энэ шинж тод илэрнэ. Энэхүү өөрчлөлт нь системийн васкулитыг санагдуулна. Булчин-араг ясны өвдөлт ноцтой илэрч болох ба булчин эсвэл ясны хальсанд цус харвалт болсноос шалтгаалж байж магадгүй юм. Тогтолцооны талаас ерөнхий илэрдэг шинжүүдээс ядрах, сульдах, үе мөч хавагнах, турах, бухимдах, мэдрэл өвдөх, ургал мэдрэлийн хямарлын шинжүүд илэрнэ. Амьсгал – зүрх судасны талаас, амьсгаадах, даралт багасах, гэнэт нас барах шинжүүд илэрдэг гэж тэмдэглэгдсэн байдаг бөгөөд ургал мэдэрлийн тогтолцооны хямралтай холбоотой байж магадгүй юм.

АНУ – н хувьд, аскорбины хүчлийн дутагдал ихэнхдээ шим тэжээлийн хүнд дутагдалтай, архи ба эмийн зохисгүй хэрэглээтэй, жимс – хүнсний ногоогоор дутмаг орчинд амьдардаг хүмүүст илүү тохиолддог. Хүүхдүүдэд, эхийн сүүгээр хангалттай хэмжээний аскорбины хүчил дамжин очдог. Хөгшин эсвэл архаг өвчтэй хүмүүс витамин С – г хоол хүнсээр хангалттай аваагүйн улмаас чийг баам өвчинөөр өвддөг. Аутизмтай хүүхдүүд хоолыг шилэн иддэгээс мөн төмрийн ачаалал үүсгэдэг хадуур эст өвчин эсвэл бай эст өвчин эсвэл ясны чөмөг шилжүүлэн суулгаж байсан өгүүлэмжтэй бол чийг баам өвчнөөр өвдөх эрсдэлтэй. Төмрийн илүүдэл нь чийг баам өвчинд хөтөлж болно. Учир нь төмрийн хуримтлал нь аскорбины хүчлийн задарлыг хурдасгадаг юм.

Чийг баам өвчний шинжүүд ерөнхийдөө сийвэнгийн аскорбины хүчлийн концентраци 0.2 mg/dL (11 micromol/L) – оос багасахад илэрнэ. Витамин С – г уусан даруйд эдэд агуулагдах хэмжээ дутагдалтай байсан ч, түүний сийвэнгийн концентраци хэвийн түвшинд хүрдэг. Биеийн агууламжийг үнэлэхийн тулд лейкоцитуудад витамин С – н түвшинг хэмжих нь ач холбогдолтой боловч өргөн хэрэглэх боломжгүй.

Чийг баам өвчний эмчилгээ нь витамин С – н нэмэлт бүтээгдэхүүн хэрэглэх, дутагдал хүргэсэн нөхцлийг засахад чиглэнэ. Витамин С – г нөхөх өргөн хүрээний тунгийн эмчилгээ амжилттай хэрэгжсээр байна. Хүүхдүүдэд, 100 мг тунгаар өдөрт 3 удаа 7 хоног уулгаад, дараа нь өдөрт 1 удаа өвчин эдгэртэл уулгана. Насанд хүрэгсэдэд 300 – 1000 мг/өдөр тунгаар нэг сарын турш уулгаж эмчилнэ.

Ихэнх шинжүүд эмчилгээ эхэлснээс хойш 24 цагийн дотор засарч эхлэх ба хөхрөлт, буйлны цус алдалт хэдэн 7 хоногийн дараа эдгэрнэ.

Эмчилгээний ба урьдчилан сэргийлэх үүрэг — Витамин С – г зүрх судасны өвчлөл ба хавдраас сэргийлдэг гэх мэт түүний эмчилгээ ба урьдчилан сэргийлэх үүргүүдийн талаар бичсэн нь бий. Гэвч, витамин С – н нэмэлт бүтээгдэхүүн хэрэглэх нь өвчнөөс урьдчилан сэргийлдэг гэсэн нотолгоо байхгүй. Ханиад шуухинаагаас урьдчилан сэргийлэхэд витамин С бараг нөлөөгүй буюу туйлын бага нөлөө үзүүлнэ.

Хордлого — Ном зохиолд аскорбины хүчлийн олон олон гаж нөлөөг тэмдэглэсэн байдаг. Витамин С – г өндөр тунгаар (хэдэн граммаар) хэрэглэсний дараа өтгөнд далд цус илрүүлэх шинжилгээ хуурамч сөрөг гарч болохоос гадна суулгалт, хэвлий цанхайхтай хавсарч болно. Витамин С – г өндөр тунгаар хэрэглэх нь оксалатын үүсэлтийг нэмэгдүүлж, кальци оксалатын бөөрний чулуу үүсэх эрсдэлтэй. Тиймээс, оксалатын чулуу үүсэх урьдал нөхцөлтэй эсвэл гемодиализ эмчилгээнд ордог өвчтнүүдэд витамин С – н хэрэглээг тодорхой хэмжээгээр хязгаарлах хэрэгтэй. Гэвч, эдгээр өвчтнүүдэд аскорбины хүчлийн нэмэлт бүтээгдэхүүнээс зайлсхийж, оронд нь витамин С агуулагдсан шинэ жимс, хүнсний ногоо хэрэглэхийг зөвлөөрэй. Төмрийн ачаалалтай өвчтнүүдэд аскорбины хүчлийг өндөр тунгаар судсаар тарихад маш ховор тохиолдолд үхэлд хүргэх зүрхний хэм алдалттай холбоотой байдаг гэж бичсэн байдаг ч энэ нь эмнэлзүйд хэзээ ч хэрэгжихгүй билээ.

Зураг 3. Хоол хүнсээр Витамин С – г авах нь чухал.

Хэрэгцээ — Хувь хүний онцлог, амьдарлын хэв маягаас хамаарч витамин С – н хэрэглээ янз бүр. Хүүхдүүдэд 15 – 45 мг/өдөр, эмэгтэйчүүдэд 75 мг/өдөр, эрчүүдэд 90 мг/өдөр, жирэмсэн эсвэл хөхүүл эхчүүд болон хөгшин хүмүүст 120 мг/өдөр тун шаардагдана. Эдгээр тоо бол чийг баамаас сэргийлэх хамгийн бага тун юм. Архаг тамхичидад тунг 40% хүртэл нэмэгдүүлж болно. Гэхдээ өдрийн хэрэгцээт тунгаа нэмэлт бүтээгдэхүүнээр биш, хоол хүнсээр авах нь маш чухал юм шүү.


Эх сурвалж: 

  • Uptodate.com “Overview of water-soluble vitamins” Literature review current through: Jul 2017. | This topic last updated: Mar 24, 2017.
  • “The Mystery of Vitamin C” By: Mario C. De Tullio, Ph.D. (Department of Plant Biology and Pathology, University of Bari) © 2010 Nature Education Citation: De Tullio, M. C. (2010) The Mystery of Vitamin C. Nature Education 3(9):48