Амны дахилтат шархлаa

Дотрын өвчин судлал
Namuuntuul Ринченханд Ayush

 

Өвчтөн 44 настай эрэгтэй, ходоод улаан хоолойн сөргөөт өвчний өгүүлэмжтэй, өнгөрсөн 2 жилийн турш аманд нь шархлаа байнга гарах болсноор сэтгэл түгшүүртэй болсон. Шархлаа нь өвдөлттэй ба 2 долоо хоногийн дотор арилдаг боловч дахин салстын өөр газарт гарч ирдэг. Түүний удамд нь ийм шархлаатай хүн байгаа эсэхийг тэрээр мэдэхгүй. Өмнө нь өвчин намдаах ам зайлагч, флуконазол хэрэглэсэн ч үр дүн өгөөгүй өөр бусад эм, хоол хүнс, ам ариутгах бүтээгдэхүүн хэрэглээгүй, арьс салстад юу ч хүргээгүй. Одоогоор омепразол, лоразепам хэрэглэж байгаа. Амны хөндийн үзлэгээр Хэлний зүүн хажуу талд гарсан хуурамч мембрант, улайсан халотой, 8мм х 8мм орчим хэмжээний, тэгш хэмтэй, дугуй шархлаа илэрсэн. Бодит үзлэгээр бусад зүйл хэвийн байсан.

Case Apthous stomatitis

Зураг. Хэлний зүүн хажуу талд гарсан хуурамч мембрант, улайсан халотой, 8мм х 8мм орчим хэмжээний, тэгш хэмтэй, дугуй шархлаа

Таны тавих онош юу вэ?

Таны дараагийн хийх алхам юу вэ?

A. Шархнаас биопси авна

B.Валацикловир 1000 мг-аар хоногт 3 удаа 7 хоног уухаар бичиж өгнө.

C. ЦДШ хийж цусны өвчнүүдээс ялган оношлоно.

D. Амоксициллин 500мг-аар хоногт 3 удаа 7 хоног уухаар бичиж өгнө.

Онош: Афтоз стоматит

Дараагийн хийх алхам: C.  ЦДШ хийж цусны өвчнүүдээс ялган оношлоно.

Энэ өвчнийг оношлох түлхүүр шинж нь хэлний зүүн хажуу талд гарсан хуурамч мембрант, улайсан халотой, 8мм х 8мм орчим хэмжээний, тэгш хэмтэй, дугуй шархлаа ба 2 долоо хоногийн дотор эдгэрч, дахилт өгдөг шинж чанар болно.

Хэлцэмж

Дахилтат афтоз стоматит (Recurrent Aphthous Stomatitis- RAS )нь ихэвчлэн өсвөр насанд илэрдэг амны түгээмэл өвчин ба АНУ-д нийт хүүхдүүд, өсвөр наснынхны дунд 1.5%, насанд хүрэгчдийн дунд 0.85% тохиолддог. Энэ өвчний үед удамшлын хүчин зүйл хамгийн их нөлөөлдөг ба бусад хүчин зүйлд хоол тэжээлийн дутагдал, стресс, системийн өвчнүүд орно.

Энэ тохиолдлын шархны байдал, эмнэлзүйн анамнезээс харахад биопси хийх заалтгүй.

Вирус, нянгийн халдварын аль нь ч энэ өвчний шалтгаан болохгүй тул эдгээрийн эсрэг эмчилгээ тохиромжгүй. Өвчтний нас, шархны дахилтыг авч үзэхэд цусны өвчин болоод хоол тэжээлийн эмгэг байгаа эсэхийг шинжлэх хэрэгтэй.

Шархны хэмжээ, байрлал, эдгэрэлтийн явцаас хамаарч  RAS –ыг ангилна. Жижиг RAS (нийт тохиолдлын >85%)  нь эвэршдэггүй салст дахь, <1 мм хэмжээтэй тэгш хэмтэй шарх ба 2 долоо хоногийн дотор эдгэрдэг. RAS-ын шарх ихэвчлэн хуурамч мембрант улаймал халотой (үхжсэн эпител, фибрин, нейтрофилээс бүтсэн, цагаан саарал өнгийн нимгэн, нягт анхдагч экссудатан давхарга) байдаг. Шархнууд ихэвчлэн >1см хэмжээтэй, эвэршдэггүй эсвэл эвэршдэг хучуур эдэд үүсэх ба 2 долоо хоногоос дээш хугацааны дотор сорвижилттой эдгэрч, шархнууд тэгш хэмтэй харагддаг. RAS-ын герпес төст хэлбэр салстын шархны бөөгнөрөл шиг харагддаг ховор хэлбэр тул амны хөндийн дахилтат герпестэй андуурагддаг.

RAS-ын оношийг тавихдаа анамнез, эмнэлзүйн илрэлд үндэслэнэ. RAS-ын оношлогоонд удамшлын анамнез чухал түлхүүр болно.

Эрхтэн тогтолцоонуудыг бүгдийг үнэлж, системийн өвчнүүд болох Бехчетийн өвчин, гэдэсний үрэвсэлт өвчин, целиакын өвчин зэргийг сэжиглэн, үндсэн шалтгааныг олсноор эерэг үр дүн авчирна. Ихэнхи тохиолдолд шалтгаан тодорхойгүй ба өсвөр нас өнгөрөхөд өвчний идэвхи буурч арилдаг. RAS-ын давтамж, хүндийн зэрэг нас ахих тусам нэмэгдэж байвал далд өвчнийг илүү сэжиглэнэ. Өмнө хийгдсэн судалгаануудаас харахад RAS нь төмөр, фолийн хүчил, витамин В12 дутагдлын цус багадалтай хавсарч байжээ. Зарим өвчтнүүдэд эдгээр өвчнүүдийг үнэлэх нь тохиромжтой байдаг.

Шинж тэмдэг, шархны дахилт, байрлал, үргэлжлэх хугацаанаас хамаарч RAS-ын менежментийг хийнэ. RAS-ын үед стресс ихтэй, хоол тэжээлийн дутагдалд орсон байх учир амьдралын хэв маягийн зөвлөгөө өгөх нь зохистой. АНУ-ын Хүнс, эмийн удирдах газраас Амлексанокс (5%) нэртэй үрэвслийн эсрэг пастыг RAS-ын эмчилгээнд хэрэглэхийг зөвшөөрсөн ба хоногт 4 удаа, 10 хоног хүртэл хэрэглэнэ. Хэсэг газрын кортикостеройдуудыг эмчилгээнд түгээмэл хэрэглэх боловч энэ нь зөвхөн практикийн л нотолгоотой. Триамцинолон ацетонидын пастыг (0.1%) хоногт 2-3 удаа RAS-ын эмчилгээнд хэрэглэхийг Хүнс, эмийн удирдах газраас зөвшөөрсөн боловч өндөр үр дүнтэй кортикостеройдууд болох флуоцинонидийн гель (0.05%), клобетазолын гель (0.05%), дексаметазоны уусмал (0.5мг/5мл) зэргийг хоногт 2-3 удаа хэрэглэхийг зөвшөөрөөгүй. Хэсэг газрын кортикостеройдуудыг нистатины ам зайлагч (100 000 нэгж/мл, 5 мл, хоногт 3 удаа) эсвэл клотримазолын хавтгай үрэл (10мг, хоногт 3 удаа) зэрэг мөөгөнцрийн эсрэг бэлдмэлүүдтэй хавсарч хэрэглэснээр хоёрдогч кандидазаас сэргийлнэ. Нянгийн эсрэг ам зайлагчууд шархны үргэлжлэх хугацаа, хүндийн зэргийг бууруулдаг гэж зарим судалгааны үр дүн зөвлөсөн. Хүнд зэргийн RAS-ын цочмог илрэлийн үед кортикостеройдыг таперинг тунгаар, пентоксифиллин, колхицин, талидомид зэрэг системийн эмчилгээ хийнэ. Системийн эм ууж байгаа өвчтнүүдийг зохих ёсоор хянах хэрэгтэй.

Өвчтний хяналт

Цусны дэлгэрэнгүй шинжилгээ хийж, төмөр, фолийн хүчил, витамин В12 дутагдлын цус багадалт байгаа эсэхийг ялган оношлоно. Дексаметазоны уусмал (0.5 мг/5мл, 10 мл, хоногт 3 удаа зайлах), флуоцинонидийн гель (0.05%, хоногт 2 удаа), клотримазолын хавтгай үрэл (10 мг, хоногт 3 удаа)-ыг RAS-ын шинж тэмдэг их байгаа үед хэрэглэхэд үр дүнтэй.