COVID – 19 өвчний эмгэг жам

Хүүхэд судлал
Мягмарсүрэн Namuun bolor-erdene

Та бүхэнд коронавирусын халдварт КОВИД-19 өвчний эмгэг жамыг өөрийн ойлголтоор тайлбарлах гэж оролдлоо.

Зураг 1. КОВИД – 19 өвчний он цагийн хэлхээ

Эх уурхай: Сарьсан багваахай гол эх уурхай л гээд байгаа юм. КОВИД – 19 – ын вирус чухам хаанаас гаралтай нь бүрэн тогтоогдоогүй.

Вирус: SARS-COV2

Өвчин: COVID -19

Зураг 2. Таамаглаж буй халдварын эх уурхай

Коронавирус нь хүрэлцэх ба агаар дуслын замаар дамждаг. Агаар дуслын зам гэдэг нь вирусын халдвартай хүн ханиах, найтаах үед вирус агаар, шүлсээр дамжин бусдад халдвар тараах хэлбэр юм. Ханиаж найтаахад вирус 3 – 6 м хол үсэрч,  шүлс хүрсэн гадаргууд  24 цаг хүртэл орших боломжтой төдийгүй тухайн хэсгийн агаарт 3 цаг орчим эргэлдэж байдаг. Хэрэв энэ хугацаанд эрүүл хүн уг агаараар амьсгалвал халдвар дамжих эрсдэлтэй. Тиймээс маскаа сайн зүү гээд байгаа юм шүү дээ.

Коронавирус амьсгалын замд нэвтэрч цулцангийн пневмоцит – 2 эстэй холбогддог. Хүний уушгины пневмоцит – 1 эс хийн солилцоонд оролцдог бол пневмоцит – 2 нь сурфактант үүсгэдэг. Сурфактант цулцан атлектаз болохоос сэргийлдэг гэдгийг бид аль хэдийнээ мэддэг билээ.

Коронавирусын гадаргуугийн S – антигенийн тусламжтай пневмоцит – 2 эсийн ангиотензин хувиргагч энзим – хэвшинж 2 рецептортой холбогдож эсийн дотор нэвтэрдэг. The Lancet сэтгүүлд хүний эндотель эсийн гадаргууд ч гэсэн ангиотензин хувиргагч энзимийн рецептор агуулагддаг учир эндотель эс ч гэсэн үрэвсэлд өртөн үхждэг гэсэн судалгааг хэвлүүлсэн байна билээ. Эндотель эсийн үйл ажиллагаа ч улам л сонирхол татаад байх боллоо.  Сонирхвол дэлгэрүүлж харна биз ээ.  Коронавирус эсийн дотор нэвтэрмэгц РНХ – гээ чөлөөлнө. Ковид – 19 вирус эерэг туйлт, дан утаслаг РНХ агуулдаг. Эерэг туйлт РНХ агуулдаг нь эсийн рибосомтой шууд холбогдон трансляцийг эхлүүлэх боломж олгодог. Ингээд вирусын гадаргуугийн уургуудыг маш хурдан үйлдвэрлэж эхэлнэ гэсэн үг. Мөн эерэг туйлт РНХ нь РНХ – хамааралт РНХ полимераз энзимийн тусламжтай илүү их РНХ утаслаг үүсгэдэг. Ингээд хүний уушгины пневмоцит – 2 эсийн дотор КОВИД – 19 – ын бүтцийн уураг, РНХ утаслаг тоо томшгүй үүсч эцэст нь пневмоцит – 2 эсийг өөрсдийн үржүүлгийн төв болгодог гэсэн үг л дээ. Нэг талаас РНХ утаслаг үүсч нөгөө талаас бүтцийн уургууд нийлэгжүүлж өөрийгөө үйлдвэрлэж чаддаг КОВИД – 19 аймшигтай биш гэж үү. (энэ механизм бусад вирусын хувьд ч хэрэгждэг)

Дээрх үйл явцын улмаас пневмоцит – 2 эс гэмтэж макрофаг идэвхжин интерлейкин – 1, интерлейкин – 6, хавдар үхжүүлэгч хүчин зүйл – альфа зэргийг нийлэгжүүлдэг. Ер нь энэхүү цитокины хэт их нийлэгжилтийг “ЦИТОКИНЫ ШУУРГА” гэж нэрлэдэг. Эдгээр цитокинууд эндотелийг агшааж хялгасан судасны нэвчилтийг нэмэгдүүлдэг. Үүний улмаас цулцангийн эргэн тойронд шингэн хуримтлагдаж цулцанг шахна. Түүгээр ч зогсохгүй цулцанд их хэмжээний шингэн хуримтлагдах ба үүнийг цулцангийн хаван гэж нэрлэдэг. Цулцан хавагнах нь сурфактантыг живүүлдэг гэж энгийнээр ойлгож болно. Үүний улмаас цулцангийн гадаргуугийн түлхэлцэх чанар хямарч цулцангийн авчилц буюу коллапс үүсдэг. Үүний үр дүнд хийн солилцоо хямарч хүчилтөрөгчийн дутал (гипоксеми) үүсч, амьсгалын ажил нэмэгддэг. Уушгины цулцан хийн солилцоо хийхийн тулд түүний эргэн тойронд үүссэн шингэний эсрэг хүчлэн ажиллах шаардлага үүсдэг гээд л ойлгочих.

Зураг 3. Үрэвслийн эс ба цитокин

Дээрхээс гадна цитокинууд нейтрофиль эсийг үрэвслийн голомтод дууддаг. Нейтрофиль эсүүд хүчилтөрөгчийн хэт исэлдэлтийн бүтээгдэхүүн (ROS-reactive oxygen species), уураг задлах энзим болох протеолаз үүсгэдэг. Эдгээр нь уг нь кронавирусыг устгах зориулалттай үүсдэг ч үрэвслийн идэвхжил зохицуулгагүй болсон байх тул эргээд пневмоцит – 1, пневмоцит – 2 эс, цулцангийн бүтцийн уургуудыг устгадаг. Эдгээрийн үр дүнд цулцанд шингэн, уураг задралын бүтээгдэхүүн, макрофаг, нейтрофиль, пневмоцит эсүүдийн нийлсэн бөөгнөрөл үүсдэг ба үүнийг консилидаци гэнэ. Энэ нь мөн л уушгины хийн солилцоог гүнзгий хямраана. Мөн үүний улмаас цэртэй ханиах, хуурай ханиах шинжүүд илрээд байн аа л гээд бодчих.

Интерлейкин -1, 6 өндөр концентрацитай цусаар эргэлдэн гипоталамуст нөлөөлж нөлөөлж өвөрмөц простагландин Е үүсгэх ба энэ нь дотоод пироген буюу халууруулах хүчин зүйл тул дулаан зохицуулгын төвд нөлөөлж халуурах шалтгаан болдог. Тэгээд л КОВИД – 19 илрүүлэхийн тулд хаа саагүй биеийн температур үзээд байгаа юм шүү  дээ.

Дээр дурдсан зүйлийг нэгтгэж харвал КОВИД – 19 өвчний үед:

  • Халуурах
  • Ханиах
  • Амьсгаадах, амьсгалд туслах булчин оролцох
  • Дээрх шинж тэмдгүүдийн үр дүнд ХҮЧИЛТӨРӨГЧ ДУТАЛ үүсдэг гээд ойлгочихъё.
Зураг 4. Эмнэлзүй

За цаашаа үргэлжлүүлцгээе.

Тухайн өвчтэй хүнд хүчилтөрөгч дутагдахад  юу болох вэ гэьэл цусны хүчилтөрөгчийн парциаль даралт буурч хеморецепторыг цочроож рефлексийн замаар симпатик мэдрэл цочирч зүрхний цохилт, амьсгалын тоо олширдог. Тэгэхээр дээр дурдсан шинжүүд дээр энэ хоёрыг нэмээд тооцчих.

Уушгинд үүссэн энэхүү хэт үрэвслийн үр дүнд амьсгалын цочмог дистресс хамшинж (ARDS-acute respiratory distress syndrome) үүсэхийн зэрэгцээ тогтолцооны үрэвслийн хариу урвал (SIRS-systemic inflammatory response syndrome) өдөөгддөг. Цаашлаад үжил ба үжлийн шок ч үүсч болно. Энэ процесс хэрхэн өрнөдгийг доор тайлбарлах гэж оролдъё.

Тогтолцооны үрэвслийн хариу урвалын үр дүнд тогтолцооны цус эргэлтийн хялгасан судас ба артериолын нэвчимхий чанар нэмэгдэн захын судасны эсэргүүцэл багасдаг. Үүний улмаас цусны даралт унана. Үр дүнд нь олон эрхтэний цусан хангамж буурна. Эцсийн үр дүнд олон эрхтэний дутагдал үүсдэг. Жишээлбэл бөөрний цусан хангамж дутагдвал бөөрний үйл ажиллагаа хямрах ба лабораторийн шинжилгээнд креатинин, мочевины хэмжээ нэмэгдэж байгаагаар илрүүлнэ. Харин элэг гэмтлээ гэж үзвэл элэгний трансаминаз, билирубины хэмжээ нэмэгдэж байгаагаар тогтооно.

Дээр тайлбарлах гэж оролдсон зүйлсээ нэгтгэх гэж үзье.

КОВИД – 19 вирусын халдварт амьсгалын эрхтэн эхлэн өртөж уушги үрэвсэн улмаар амьсгалын цочмог дистресс хамшинжээр даамжирч, улмаар тогтолцооны үрэвслийн хариу урвал өрнөн үжлийн шок үүсч эцэстээ олон эрхтэний дутагдалд хүргэдэг ажээ.

Эдгээр өөрчлөлтийг илрүүлэхийн тулд лаборатори ба багажийн дараах шинжилгээг хийнэ.

  1. КОВИД – 19 вирусыг халдварыг илрүүлэхийн тул өндөр нарийвчлалтай PCR оношлуур хэрэглэнэ. Бусад вирусын халдварыг ч үгүйсгэнэ.
  2. Цусны ерөнхий шинжилгээнд лимфпени (өвчтөний 80% – д тохиолдоно) илэрнэ.
  3. Цусны биохимийн шинжилгээнд АлаТ, АсаТ, Билирубин, мочевин, креатинин нэмэгдэнэ. Эдгээрийн өөрчлөлтөөр элэг, бөөрний үйл ажиллагааг үнэлнэ.
  4. Хэрэв КОВИД – 19 – ын л халдвар байгаа бол прокальцитонин нэмэгдэхгүй. Харин вирусын халдварын сууринд нянгийн халдвар авсан бол прокальцитонины хэмжээ нэмэгдэнэ.
  5. Үрэвсэл их өрнөж байгаа шинжийг С – урвалж уураг, улаан эсийн тунах хурд, интерлейкин – 6, лактатдегидрогеназ, Д-димер, ферритин зэрэг маркеруудын хэмжээ нэмэгдэж байгаагаар тогтооно. Эдгээр нь өвөрмөц шинжилгээ биш ч өвчний тавиланг тодорхойлоход тусална.
  6. Нас баралт өндөр байж болох эрсдэл тропонин, креатинкиназа буюу СК – MB нэмэгдэхтэй холбоотой. Цусанд эдгээр маркерийн хэмжээ нэмэгдвэл зүрхний цусан хангамж буурч ишеми, шигдээс болж байгаа гэж ойлгох хэрэгтэй.

Дээрх 6 – аар лабораторийн шинжилгээг төсгөе.

Одоо бүгдээрээ багажийн шинжилгээ рүү орцгооё.

  1. Цээжний рентген зураг – “Сүүн шилний шинж – Ground Glass opacities”
  2. КТ – Одоогоор хамгийн мэдрэг (95%) шинжилгээний арга болоод байна. “Сүүн шилний шинж”, Консолидаци, “Чулуун замын шинж – Crazy Paving pattern”
  3. Хэт авиан шинжилгээ – Плеврийн зах ирмэг зузаарах, уушгины завсрын эдийн хавангийн улмаас В – шугам тодорч харагдах, агаар боогдсон гуурсанцар бүхий консолидаци харагдаж болно.
Зураг 5. Цээжний рентгенограмм

Зураг 6. КТ – ийн шинжилгээ
Зураг 7. Уушгины хэт авиан шинжилгээ

Эх сурвалж: Олон найдвартай эх сурвалжаас уншиж нэгтгэх гэж оролдов.