Нойр булчирхайн цочмог үрэвслийн шалтгаан, эмгэг жам

Хүүхэд судлал
Мягмарсүрэн Namuun bolor-erdene

Нойр булчирхайн цочмог үрэвсэл эмчийн практикт түгээмэл тохиолддог.Нойр булчирхайг гэмтээгч хүчин зүйлүүдийн нөлөөгөөр нойр булчирхайд цочмог үрэвсэл явагдаж өөх тос, уураг задлагч ферментүүд хэт идэвхжин нойр булчирхайн өөрийн эд эсүүдээ хайлуулж, бүтэц үйл ажиллагааг алдуулснаар цочмог нойр булчирхайн үрэвсэл үүснэ. Нойр булчирхайн цочмог үрэвсэл нь цөсний чулуу, архи, гэмтэл, халдвар, зарим тохиолдолд удамшил зэрэг олон хүчин зүйлүүдээр нөхцөлддөг. Нойр булчирхайн цочмог үрэвслийн улмаас сепсис, шок, амьсгал болон бөөрний дутагдал үүсч амь насанд аюултай хүндэрлүүд үүсдэг. Америкийн Нэгдсэн Улсад жил бүр ойролцоогоор 300,000 нойр булчирхайн цочмог үрэвсэл тохиололдож, 10 – 20% нь хүнд хэлбэрээр илэрч, 3000 гаруй хүн нас бардаг байна. Тохиолдын өндөр хувьтай байгаа ч нойр булчирхайн цочмог үрэвслийн эмгэг жамыг нэг мөр тогтоогоогүй л байна.

Шалтгаан

Цөсний сувгийн чулуу, архидалт нь нойр булчирхайн цочмог үрэвслийн нийт шалтгааны 80 – 90% – ийг эзэлдэг. Үлдсэн 10 – 20% – ийг  шалтгаан тодорхойгүй буюу идиопатик, гэмтэл, мэс засал, эмийн бодис, халдвар, хордлого, удамшил  зэрэг урьдал байдлууд эзэлж байна.

Шалтгаан олон байдаг учир гадаад хэвлэлүүдэд амархан цээжлэх үүднээс I GET SMASHED  /Би азгүйтлээ гэж ойлгож болох байх/ үгээр товчлон илэрхийлдэг байна.

Idiopathic: Сфинктерийн хэт агшилт эсвэл микролитиаз

Gallstones (45%) : Цөсний чулуу

Ethanol (35%) : Этанол буюу архидалт

Tumours: Хавдар, холедохоцеле

Scorpion stings:  Tityus trinitatis гэх зүйлийн хилэнцийн хор

Microbiological: Халдварын гаралтай

  • бактери: Микоплазма, Кампилобактер, Легионелл гэх мэт.
  • вирүс: Улаанууд, элэгний вирусууд, ЦМВ, ЭБВ, Коксаки вирус гэх мэт.
  • паразит: Хүж хорхой, туузан хорхой гэх мэт.

Autoimmune: Аутоиммун. Улаан чонон хөрвөс, Кроны өвчин гэх мэт.

Surgery/trauma :  Мэс засал/ гэмтэл

Hyperlipidemia : Гиперлидидеми (ТГ > 1 1.3 mmol/L; > 1000 mg/dL), Hypercalcemia, Hypothermia : Гиперкальциеми, Гипотерми

Emboli or ischemia: Эмболи, ишеми

Drugs/toxins: Эмийн зүйл/хор

  • азатиоприн, меркаптопурин, фурсомед, эстроген, метилдопа, Н2 – блокатор, антибиотикууд, ацетаминофен, салицилат, метанол, стеройд гэх мэт.

Цөсний замын өвчин

Нойр булчирхайн цочмог үрэвсэл нь цөсний сувгийн өвчнүүд, цөсний чулуу /холедохолитиаз/ зэрэг цөсний эмгэгүүдтэй холбоотой үүссэн байдаг ч цөсний чулуу хэрхэн нойр булчирхайн цочмог үрэвсэл үүсгэдэг нь бүрэн тайлбарлагдаагүй л байна. 1901 онд Опи /Opie/ гэдэг мэс засалч нойр булчирхайн цочмог үрэвслээр нас барсан хоёр хүнийг судалж үзэхэд цөс – нойр булчирхайн ерөнхий суваг / ampulla of  Vater/ – т цөсний чулуугаар бөглөрсөн байхыг илрүүлжээ. Тэрээр, энэ ажиглалтандаа үндэслэн “ерөнхий сувгийн таамаглал” – аа дэвшүүлжээ. Энэ таамаглалаар, цөс болон нойр булчирхайн цорго нийлж ерөнхий суваг үүсгэсэн хэсгийн дор буюу дээрхи гэдэсрүү нээгдэх хэсэгт цөс нойр булчирхайн шүүрэл  чулуугаар хориглогдсоны улмаас  цөс нойр булчирхайруу сөргөн орохоос гадна  цөсөнд агуулагдаж байсан чулуу нойр булчирхайн эдийг гэмтээж нойр булчирхайн цочмог үрэвслийг эхлүүлдэг гэж үздэг.

Энэ онолд ерөнхий суваг богинохон байдаг онцлогтой хүмүүст ерөнхий суваг чулуугаар бөглөрвөл нойр булчирхайн болон цөсний цорго хоёулаа хаагдаж, энэ хоёр замыг өөр хооронд нь тусгаарладаг учир цөс болон нойр булчирхай холилдодгүй гэдгийг ч багтаасан байдаг. Цаашилбал, цөсний сувгийн гидростатик даралт нойр булчирхайн гидростатик даралтаас бага байдаг учраас цөс нойр булчирхайруу урсахгүй харин нойр булчирхайн шүүрэл цөсрүү орох эрмэлзэл байх ёстой.  Энэхүү байдлыг туршилтын амьтан дээр ажиглахад бөглөрөөгүй байгаа нойр булчирхайн сувгаар цөс урсах нь нойр булчирхайг үрэвсүүлэх шалтгаан болдоггүй болох нь тогтоогдсон. Харин, нойр булчирхайн цоргоруу цөсийг сөргүүлж тарихад нойр булчирхайн цочмог үрэвсэл үүсгэж байв.

Үрэвслийн өөр нэг механизм нь Оддийн хуниасаар  цөсний чулуу дамжих явцдаа ерөнхий сувгийг  бүрэн бөглөөгүйн  улмаас 12 хуруу гэдэснээс идэвхжсэн хоол боловсруулах энзимүүд, ходоодны шүүс, хоолны хольц бүхий уусмал нойр булчирхайруу сөргөж үрэвсүүлдэг байж болзошгүй гэж үздэг. Гэвч, цөсний чулуу Оддийн хуниасаар дамжин өнгөрөх хугацаа нь  12 хуруу  гэдэс нойр булчирхайн цоргоруу сөргөж ороход  хангалттай  байдаг эсэх нь асуулт хэвээр байна.

Тиймээс, Оддийн хуниасны бүрэн бус бөглөрөлт нь нойр булчирхайн цочмог үрэвслийн шалтгаан болж чадахгүй гэж үзэж болохоор байгаа бол цөсний чулуу нойр булчирхайн үрэвслийн  эмгэг жамд оролцдогийг үгүйсгэнэ гэвэл төвөгтэй. Учир нь, эмнэлзүйн судалгаагаар нойр булчирхайн цочмог үрэвсэлтэй хүмүүсийн 88% – д баасаар нь цөсний чулуу ялгарч  байсан бол  үүний эсрэгээр, цөсний чулуутай хүмүүсийн ердөө 11%  нь нойр булчирхайн цочмог үрэвсэлээр өвдөөгүй байна. Үүнээс харахад цөсний чулуу нойр булчирхайн цочмог үрэвсэлд яалтгүй оролцдог нь харагдаж байгаа юм.

Энэ мэдээлэл нь цөсний чулуу нь цөсний сувгийн гажиг, 12 хуруу  гэдэсний шүүс нойр булчирхайруу сөргөж орох зэрэг өөрчлөлтөөс илүүтэй нойр булчирхайг үрэвсүүлэх шалтгаан болдогийг нотолж  байгаа юм.  Цөсний чулуутай адилхан нөлөө үзүүлж нойр булчирхайн цочмог үрэвсэл үүсгэдэг бусад эмгэгүүдэд нойр булчирхайн цорго гелминтээр бөглөрөх, нойр булчирхайн цорго хавдарт дарагдах, нэгэнт бөглөрсөн нойр булчирхайн сувагруу гадаад шүүрлийн булчирхай шүүрч сувгийн даралтыг ихэсгэх зэргийг багтааж болно.

Нойр булчирхайн цорго механикаар бөглөрөх нь сувгийн дотоод даралтыг ихэсгэж, жижиг сувгууд уг даралтыг тэсэхгүй  задарсанаар нойр булчирхайн шүүрэл паренхимруугаа нэвчдэг. Нойр булчирхайн цоргоны pH бикарбонатын нөлөөгөөр 8 – 9 хэлбэлзэх боловч завсрын эдийн pH = 7 байдгаас цоргоноос ялгарсан шүүрэл протейза энзимүүдийг идэвхжүүлдэг байна.

Хэдийгээр, нойр булчирхайн цоргоны бөглөрөл, түүнээс улбаалсан даралт ихсэх нь механик шалтгаант нойр булчирхайн цочмог үрэвслийн гарааны механизм болж байгаа ч аль хэсгийн цорго гэмтэж байгааг судлаж байна. Үрэвслийг өдөөж буй механик хүчин зүйлийн нөлөө тодорхойгүй байгаа ч  Стир болон Салужа  /Steer and Saluja/ нарын эрдэмтдийн  хам – байрлалын онол /colocalization theory / – оор  нойр булчирхайн цочмог үрэвслийн эсийн механизмийг тайлбарлаж байна. Физиолгийн нөхцөлд нойр булчирхайд үүссэн зимоген шүүрлүүд ферментийн идэвхгүй байдаг бөгөөд дээрхи гэдсэнд чөлөөлөгдсөнийхөө  дараа л идэвхждэг. Гэвч, нойр булчирхайн цочмог үрэвслийн эхэн үед эдгээр идэвхгүй зимоген шүүрлүүд нойр булчирхайн ацинар эсүүд буюу паренхимд идэвхжиж байгаа билээ. Нойр булчирхайн шүүрлийг паренхимд идэвхжүүлж байгаа гол фермент нь лизосомын гидролаза юм. Хэвийн үед нойр булчирхайн идэвхгүй зимоген шүүрэл, лизосомын гидролаза фермент эсийн өөр өөр органеллуудад хадгалагдаж байдаг. Харин нойр булчирхайн цоргын бөглөрөл, шүүрлийн хэт их ялгарал, цоргоны даралт ихсэлтээс шалтгаалж эдгээр хоёр бодис нойр булчирхайн ацинар эсийн вакуольд хам – байрлаж идэвхгүй зимогенийг ферментийн идэвхитэй болгодог байна. Энэхүү урвалын эхлэл трипсиноген, катепсин В – тэй хам – байрлаж  идэвхитэй трипсинд хувирна. Улмаар, трипсин бусад хоол боловсруулах зимоген шүүрлүүдийг идэвхжүүлдэг юм. Нойр булчирхайн ацинар эсүүдэд идэвхжсэн эдгээр хоол боловсруулах энзимүүд өөрийн паренхимийг боловсруулж нойр булчирхайг үрэвсүүлдэг ажээ.

Архи

Зарим өвчтөнүүдэд  архийг багахан хэмжээгээр  хэрэглэхэд нойр булчирхайн цочмог үрэвслийн шинжүүд  илрэх  тохиолдол байдаг ч 2 ба түүнээс дээш жил архи уусан хүмүүст уг өвчин илрэх нь олонтаа.  Өвчтөн архийг  бага хэмжээгээр уусан  гэсэн өгүүлэмжтэй, үрэвслийн бусад шалтгаалж болох хүчин зүйлүүдийг үгүйсгэж байгаа нойр булчирхайн цочмог үрэвслийн анхны дайралтын тохиолыг архи – хамааралт  нойр булчирхайн цочмог үрэвсэл гэж үзэж болно. Гэвч,  удаан хугацаанд архи уусан  хүмүүсийн нойр булчирхайн архаг үрэвслийн эмнэлзүйн анхны шинж нь архи – хамааралт нойр булчирхайн үрэвсэл байж болно. Энэ өвчин нь архийг байнгын хэтрүүлж уухтай холбоотой дахилт өгдөг. Өдөр бүр 100 – 150 гр спиртийн төрлийн ундаа уудаг хүмүүсийн  10 – 15% -д нойр булчирхайн үрэвсэл болж мөн тооны хүмүүст элэгний цирроз үүсдэг байна.

Этанол хэд хэдэн замаар нойр булчирхайн үрэвсэл үүсгэдэг. “Бөглөрөлттэй шүүрэл” буюу “secretion with blockage” механизмаар этанол Оддийн хуниасыг агшааж, хамгийн чухал нь этанол нойр булчирхайн ацинар эсийн метаболик хор учир нойр булчирхайн энзимүүдийн нийлэгжил,  шүүрэлд  саад учруулдаг.  Архины хамгийн анхны нөлөө нь нойр булчирхайн шүүрлийг идэвхжүүлэх юм. Үүний дүнд энзимийн уургуудын хэмжээ  ихсэж  нойр булчирхайн цоргонд тунана. Улмаар энэ хэсэгт кальц хуримтлагдан олон тооны цоргонуудыг бөглөх бөгөөд нойр булчирхайн шүүрэл ялгарсаар байдаг учир цоргоны даралтыг нэмэгдүүлдэг.

Түүнчлэн этанол нойр булчирхайн цоргоны нэвчимхий чанарыг нэмэгдүүлж, энзимүүдийг эмгэг байдлаар нойр булчирхайн эдрүү шүүрэх нөхцлийг бий болгоно. Туршилтаар, этанол трипсинийг идэвхжүүлж байсан байна. Мөн, этанол нойр булчирхайн цусны урсгалыг түр зуур бууруулдаг бөгөөд үүний дүнд нойр булчирхайн эдүүдэд ишемийн гэмтэл үүсдэг байж болзогшүй.

Нойр булчирхайн үрэвсэлтэй архаг архичин хүмүүс  хоолондоо  архи уудаггүй хүмүүстэй харицуулахад уураг болон өөх тос илүүтэй хэрэглэдэг болох нь нотлогдсон. Этанол липидийн метаболизмыг өөрчилж, түр зуурын гиперлипидемийн байдалд оруулдаг болох нь архи – хамааралт нойр булчирхайн үрэвслийн дайралтын үед ажиглагддаг юм. Гэвч, энэ ажиглалтын үндсэн учиг нь бүрэн судлагдаагүй байна.

Хавдар

Архи уудаггүй, цөсний талаас өөрчлөлтгүй хүмүүст нойр булчирхайн цочмог үрэвсэл үүсэх нь хавдрын шалтгаантай байх нь цөөнгүй. Ойролцоогоор, нийт цочмог панкреатитийн 1 – 2% -д нойр булчирхайн хорт хавдар оношлогддог. Хавдар хамгийн түгээмэл тохиолдох анатомийн хэсэг бол цөс – нойр булчирхайн ерөнхий цорго юм. Хавдрын улмаас нойр булчирхайн цорго дарагдах буюу бөглөрч энзимийн шүүрлийн үйл ажиллагаа эмгэг  өөрчлөлтөнд орсноор нойр булчирхайн үрэвсэл үүсдэг байх боломжтой.

Ятрогенийн  шалтгаант нойр булчирхайн үрэвсэл

Нойр булчирхайгаас биопси авах, ходоод тайрах, цөсний чулуу авах, дэлүү тайрах гэх мэт нойр булчирхайн ойролцоох эрхтнүүдэд хийсэн мэс ажилбарууд нь нойр булчирхайн цочмог үрэвслийн шалтгаан болох магадлалтай. Биллрот II гастроэктоми, нарийн гэдсэнд гуурс тавих мэс заслын дараа 12 хуруу  гэдэсний хөндийн даралт ихсэж идэвхжсэн нойр булчирхайн шүүрэл сөргөө урсаж нойр булчирхайн цочмог үрэвсэл үүсгэнэ. Нойр булчирхайгаас хол эрхтэн болох уушиг, зүрхэнд хийсэн мэсзаслын улмаас ч нойр булчирхайн үрэвсэл үүсч болдог. Гипотерми ч панкреатиттай холбоотой байдаг бөгөөд уушги, зүрхэнд хийсэн мэс засал гипотерми хоёр ижил шалтгаанаар панкреатит үүсгэдэг байж болзошгүй. Эсрэг чиглэлийн холангиопанкрейтографийн дурангийн / endoscopic retrograde cholangiopancreatography (ERCP)/ шинжилгээ хийлгэсний дараа нойр булчирхайн шууд гэмтэл үүсгэх, цоргоны даралтыг нэмэгдүүлсэнтэй холбоотой 2 – 10% -д нойр булчирхайн цочмог үрэвсэл үүсч байжээ.

Халдвар

Гахай хавдар, коксакивирус, микоплазма пневмония зэрэг бичил биетнүүд ацинар эсүүдэд халдварлаж нойр булчирхайг цочмогоор үрэвсүүлэх боломжтой гэж үздэг ч дээрх агентуудын алийг нь ч өвчилсөн нойр булчирхайгаас илрүүлээгүй. Халдварын шалтгаант үрэвсэл бий болдог гэсэн санаа нойр булчирхайн цочмог үрэвсэлтэй өвчтөнүүдийн 30% -д гахайн хавдар, коксакивирусын эсрэг үүссэн эсрэг биеийн титр цусанд ихэсдэгтэй холбоотой байж болох юм. Гэвч энэ нь панкреатиттай өвөрмөц хамааралгүй.

Гиперлипидеми

Липаза фермент их хэмжээний хортой тосны хүчлийг нойр булчирхайн бичил эргэлтрүү чөлөөлдөг гэж үздэг. Үүний улмаас эндотель гэмтэж, цусны эсүүд хямарч, эцэст нь ишемийн өөрчлөлт үүснэ. Гиперлипипидемийн өөрчлөлтийг сийвэнд гипертриглицирид, лактесцентийг тодорхойлж оношлох ба хоол, биеийн тамирын дэглэм баримталж таргалалтаас сэргийлэх нь чухал.

Бусад  шалтгаан

Нойр булчирхайг цочмогоор үрэвсүүлдэг олон хүчин зүйлүү бий. Гиперпаратироидизмоос шалтгаалсан цусан дахь кальцийн ихсэлт нь нойр булчирхайг цочмог ба архаг байдлаар үрэвсүүлэх боломжтой. Механизм нь цоргонд кальцийн чулуу үүссэнээр тайлбарлагдана.

Нойр булчирхайн үрэвсэл нь доминант генээр удамшдаг бөгөөд үүнийг удмын шалтгаант нойр булчирхайн үрэвсэл гэж үздэг. Зарим цусан төрлийн хүмүүст катионик трипсиноген ген PRSS1 мутацид орсноос нойр булчирхайн үрэвсэл үүсгэдэг. Нойр булчирхайн цоргоны гажигтай хүмүүсийн 20 – 45% -д нойр булчирхайн үрэвсэл үүсдэг. Гэвч үүнийг эцсийн байдлаар тайлбарлаагүй байна. Азотеми, васкулит, Тринидадиан хилэнц Tityus trinitatis хорхойн хор зэрэг нь байж болох шалтгаан болдог. Tityus trinitatis хилэнцийн хор нь холинэрги мэдрэлийн төгсгөлөөс ялгарах нейротрансмитерийг дарангуйлж нойр булчирхайн шүүрлийг хэт их үүсэх нөцлийг бүрдүүлдэг болох нь судлагджээ. Ямар ч тохиолдолд шалтгаан нь бүрэн илрэхгүй буюу шалтгааныг тогтоож чадаагүй нойр булчирхайн үрэвслийг “идиопатик” нэрийн дор ангилж байна.

Эмгэг жам

Нойр булчирхайн цочмог үрэвсэл нь хүндийн зэргээр янз бүр байхаас гадна, олон шалтгаанаар үүсдэг. Өнөөгийн байдлаар нойр булчирхайн үрэвслийг  ацинар эсүүдэд хоол боловсруулах зимоген шүүрэл идэвхжиж, ацинар эсийг гэмтээснээс үүсч байна гэж тайлбарлаж байна. Судалгаануудаас харахад, нойр булчирхайн үрэвслийн хүндийн зэрэг нь ацинар эсийн гэмтлийн байдлаас хамаардаг болохыг илрүүлээд байна. Үрэвслийн эсүүдийн идэвхжил, цитокинуудын нийлэгжил, бусад химийн медиаторуудаас шалтгаалж үрэвсэл өрнөдөг.

 нойр булчирхайн үрэвсэл

Зураг 1. Нойр булчирхайн үрэвслийн ерөнхий бүдүүвч

Нойр булчирхайг үрэвсүүлэх гарааны механизм

Физиологийн нөхцөлд, нойр булчирхай маш их хэмжээний уургийг нийлэгжүүлдэг. Эдгээр уургуудийн ихэнхийг хоол боловсруулах энзимүүд бүрдүүлдэг. Тийм учраас паренхимдаа шүүрэл алдвал өөрийгөө боловсруулах аюултай. Эдгээр энзимууд урьдал бодис буюу проэнзим /proenzymes/ эсвэл зимоген /zymogens/ байдлаар зимоген мөхлөг / zymogen granules/-т агуулагдан  ацинар эсээс шүүрч булчирхайнаас гадагшилдаг.  Дээрхи гэдсэнд энзимүүдийн идэвхжил аюулгүй өрнөдөг. Энтеропептидаза буюу энтерокиназа трипсиногенийг идэвхжүүлж трипсинд хувиргаснаас каскад урвалаар бусад хоол боловсруулах зимогенуудыг идэвхжүүлдэг юм.

Өөр нэг хамгаалах тогтолцоо нь трипсиний ингибитор зимоген мөхлөгүүдийн хамт зөөвөрлөгдөж, хуримтлагддаг. Энэ нь ацинар эсүүдэд бага хэмжээгээр идэвхждэг трипсиногенуудыг идэвхгүйжүүлдэг. Онол ёсоор энэ хамгаалах тогтолцоо хямарч, хоол боловсруулах энзимүүдийн гаж идэвхжил болж нойр булчирхайг үрэвсүүлдэг гэж үздэг. Энэ онол үндсэн гурван зүйлээр тайлбарлагдна.

(a) нойр булчирхай нь 12 хуруу  гэдсэнд идэвхжсэн энзимүүдэд боловсрогдох боломжтой

(b) нойр булчирхайн үрэвслийн үед  хоол боловсруулах идэвхжсэн энзимүүд  нойр булчирхайн паренхимд илэрнэ

(c) нойр булчирхайн үрэвслийн гистологийн шинжилгээнд бүлэгнэлт некроз илэрнэ.  Гэвч гаж идэвхжилийн механизм бүрэн ойлгомжтой биш хэвээрээ байна.

Сүүлийн үеийн судалгаагаар хэд хэдэн өөр загваруудаар идэвхжилийн механизмын шалтгааныг илрүүлэхийг зорьж байгаа билээ. Нийлэгжсэн болон зөөвөрлөгдөж байгаа энзимүүд  нойр булчирхайн үрэвслийн үед чухал нөлөөгүй харин тэдгээрийн дээрхи гэдсэнд чөлөөлөгдөх үйл буурч байгаа нь ажиглагджээ.  Өвчний эхэн үед (өвчин эхлээд удаагүй, биохими болон морфологийн өөрчлөлт илрээгүй) хоол боловсруулах энзимүүд лизосомын гидролаза буюу катепсин В агуулсан цитоплазмын мөхлөгт шилжин байришдаг байна. Катепсин В нь трипсиногенийг идэвхжүүлдэг юм. Ингээд, эсийн дотор трипсиноген идэвхжихийг  хам – байрлалын онолоор / co – localization  phenomenon/ тайлбарлаж байна. Энэ онолыг туршилтын хоёр өөр загвар дээр туршилт хийх явцдаа  улам баталгаажуулсан билээ. Уг туршилтаар катепсин В – ийн сонгомол хориглогч CA-074me уургийг нойр булчирхайн үрэвслийн загвар дээр туршихад ацинар эсийн доторх трипсиногений идэвхжил үүсээгүй ажээ. Энэ туршилт нь трипсиноген ба катепсин В хоёрын цитоплазмын вакуольд  хам – байрладаг онолыг бүрэн баталгаажуулж байгаа юм. Гэвч, бүрэн бус идэвхжсэн трипсин хэрхэн нойр булчирхайн эсүүдийг гэмтээж, сөнөрөлд оруулж байгаа нь ойлгомжгүй байгаа юм. Сүүлийн нэг судалгаагаар,  хам – байрласан вакуольд трипсин идэвхжингүүт эдгээр вакуолийн нэвчимхий чанарыг нэмэгдүүлж хоол боловсруулах энзимүүдийг эсийн цитозолд чөлөөлдөг. Цитозолд чөлөөлөгдсөн трипсин болон катепсин В митохондрийн мембраны нэвчимхий чанарыг нэмэгдүүлэн цитохром С –г идэвхжүүлж апоптозын каскад урвалыг эхлүүлж ацинар эсийг апоптозод оруулдаг.

хам  байрлал

Зураг 2. Нойр булчирхайн үрэвслийн загвар. Ацинар эсүүд эмгэгээр идэвхжин, вакуольд нь лизосомын болон зимоген шүүрлүүд хам байрлаж, трипсиногенийг катепсин В идэвхжүүлж трипсинд хувиргана. Хам – байрлал үүсэхэд цитозолийн кальцийн ион шаардагддаг. Идэвхжсэн трипсин хам байршил болсон органеллуудын нэвчимхий байдлыг ихэсгэдэг. Үүний дүнд катепсин В болон бусад агуулагдахуунууд эсийн цитозолд чөлөөлөгдөнө. Цитозолд чөлөөлөгдсөн катепсин В митохондрийн цитохром С – г чөлөөлж апоптозын каскад урвалыг өдөөнө. Катепсин В – өдөөлтөт Bcl – 2 бүлийн уургууд митохондрийн цитохром С – н чөлөөлөгдөлтөнд оролцдог. Халууны шокын уураг – 70/ HSP70/  цитозолийн кальцийн (Cai2+), эсрэг нөлөөлж хам – байрлал үүсэхээс сэргийлж, цаашдын ацинар эсийн гэмтэл ба үхлийн урвалыг зогсоодог.

Нойр булчирхайн цочмог үрэвсэл нь эмнэлзүйд хөнгөн зэргээс амь насанд аюултай хүндрэл үүсгэж илэрдэг. Нойр булчирхайн үрэвслийн эмнэлзүй нь олон хүчин зүйлээс хамаардаг ч оновчтой эмчилгээ туйлын чухал билээ. Нойр булчирхайн үрэвсэл ацинар эсийн дотор хоол боловсруулах зимоген идэвхжиж, ацинар эсүүдийг үхүүлснээр эхэлдэг ба бөөмийн хүчин зүйл – В буюу (NF-B) идэвхжүүлэгч уураг – 1 зэрэг транскрипцийн хүчин зүйлүүдийг ч идэвхжүүлдэг. Үүний улмаас үрэвслийн өмнөх хүчин зүйлүүд нийлэгжиж, ацинар эсүүдийн некроз болж, үрэвслийн эсрэг системийн хариу урвал илэрч алсын эрхтний үйлийн хямрал болдог. Энэхүү хүндрэлийн нэг нь уушгины талаас илрэх Амьсгалын цочмог дистресс хам шинж билээ.  Нойр булчирхайн цочмог үрэвслийн эмнэлзүйн хүндрэл нь системийн хариу урвалын илрэлийн байдлаас хамаардаг төдийгүй үрэвслийн голомтонд цитокин, хемокин үйл ажиллагаа гол үүрэгтэй оролцдог. Нейтрофиль гэх мэт дархлааны эсүүдээс гадна нойр булчирхайн ацинар эсүүд нойр булчирхайн үрэвслийн үед үрэвслийн медиаторуудын эх сурвалж болдог. Сүүлийн жилүүдийн судалгаагаар нойр булчирхайн үрэвсэл, уушгины гэмтэлтэй  холбоотой хүчин зүйлүүдийн эгнээ хурдтай өссөн юм. Үүнд: TNF- α, моноцит хемотактик уураг – 1, Mob1, IL-1, ялтас идэвхжүүлэгч хүчин зүйл /platelet activating factor PAF/, субстант Р, эсийн доторх адгезийн молекул – 1/ intercellular adhesion molecule-1 (ICAM-1)/, IL-6, IL-8, IL-10, C5a, GM –CSF, ПГ – Е1, ЦОГ – 2, азотын оксид NO, хүчил төрөгчийн хэьщт ислийн бүрдэл ROS  зэргийг хамруулж ойлгоно.

Нойр булчирхайн цочмог үрэвслийн үед халууны шокийн уургууд / heat shock proteins/ хамгаалах үүрэгтэй оролцдог болохыг зарим судалгаа илрүүлсэн. Нойр булчирхайн эмнэлзүйн хүндийн зэрэг нь үрэвсэл өдөөх болон үрэвслийн эсрэг уургуудын тэнцвэрийн  зохицуулагаас хамаарна. Тийм учраас нойр булчирхайн  үрэвслийн эмчилгээний практикт дээр дурлсан үрэвслийн медиаторуудын эсрэг эсрэг биеийг ашиглах оролдого сорилгын шатандаа явж байна. Сүүлийн үеийн судалгаагаар Toll-like receptor 4 (TLR4) нойр булчирхайн цочмог үрэвслийг өдөөж байгаа чухал хүчин зүйл болж байгаа учир TLR4 –ийн антагонист нойр булчирхайн үрэвслийн сайн эмчилгээ болох байх.

Нойр булчирхайн хүдрэлийг бууруулах өөр аргуудад эрт үеийн медиаторууд болох трипсиноген, NF-B зэргийг хориглох эмчилгээ зүй ёсоор орно. Туршилтын загвараас харахад трипсиний идэвхжил, трипсиногений идэвхжил, хам – байрлалыг хориглох сонгомол үйлдэлтэй агентууд (жнь: вортманнины бага тун  /wortmannin/, усан эмчилгээ – /water immersion/, халууны стресс) эсвэл катепсин В – г хориглох (E64d  ба CA074me) агентууд нь нойр булчирхайн эмнэлзүйн хүндрэлийг амжилттай бууруулж байжээ. Халууны /арсены/ стресс, усан стресс нь халууны шокийн уураг hsp70, hsp60 зэргийг идэвхжүүлснээр зөвхөн трипсиногений идэвхийг дарангуйлаад зогсохгүй бөөмийн хүчин зүйл NF-В идэвхийг хориглож нойр булчирхайн үрэвслийн эсрэг үйлчилгээ үзүүлдэг. Эдгээр судалгаа нь эмчилгээнд хараахан хэрэглэгдээгүй байгаа ч хэрэглэж болох батламжаа хүлээгээд байж байна.

Гадаадын улс орнуудад дээрх эмчилгээ эмнэлзүйн практикт аль хэдийнэ хэрэглэгдэж байгаа ч байж болзошгүй. Хэдхэн жилийн дараа манай улсын эмчилгээнд ч дээрх аргуудыг нэвтрүүлж нойр булчирхайн цочмог үрэвслийн улмаас нас баралтын тоо ч буурах биз ээ.

2 Comments

  • Эрдэнэчимэг

    Их нуршуу байна. хэлэх гэсэн санаануудаа товч тодорхой өгвөл сайн байна.

    21/11/2015 13:43

  • Болдсайхан

    Нуршуу бишээ нойр булчирхай бол хүнд өвчин ийм өвчнийг маш сайн дэлгэрэнгүй ойлгож байж удаан хугацааны туршид эмчилдэг юм.

    26/08/2016 10:15