Элэгний үйл ажиллагааг үнэлэх

Хүүхэд судлал
Мягмарсүрэн Namuun bolor-erdene

Элэгний өвчтэй хүмүүсийг үнэлэх, эмчилгээг хийхэд биохимийн хэд хэдэн үзүүлэлтүүд чухал хэрэгтэй байдаг.Эдгээр сорилууд нь:

  1. Элэгний өвчин байгаа эсэх
  2. Элэгний өвчнүүдийг өөр хооронд нь ялган оношилох
  3. Элэгний гэмтлийн зэргийг тогтоох
  4. Эмчилгээ, түүний үр дүнг хянахад тус тус ашиглагддаг юм.

Элэгний сорилын шинжилгээ бодит байдалтай нийцэхгүй байх тохиолдол ч бий. Учир нь элэгний хүнд өвчтэй хүмүүст онцлох өөрчлөлтгүй, харин элэгний гэмтэлгүй хүмүүст өөрчлөлттэй гарах тохиолдлууд бий. Тиймээс, элэгний сорилын шинжилгээнд үндэслэн  нарийн оношилгоо хийж болохгүй, харин элэгний эсийн, цөс зогсонгшил гэх мэт элэгний ерөнхий эмгэг байгаа эсэхийг ялган таньж цаашид нарийн шинжилгээ төлөвлөхөд хэрэглэх хэрэгтэй.

Элэг нь биохимийн маш олон үйл ажиллагаа гүйцэтгэдэг учир цусны шинжилгээгээр тэдгээрийг нэг бүрчлэн хэмжиж боломжгүй юм. Лабораторын шинжилгээгээр үйл ажиллагааных нь өчүүхэн хэсгийг л хэмждэг билээ. Аминотрансферазууд  эсвэл шүлтлэг фосфатаза  гэх мэт биомаркерууд нь элэгний үйл ажиллагааны байдлыг шинжилдэггүй, харин элэгний эсийн гэмтэл эсвэл цөсний урсгалд саад байгааг илрүүлдэг гэдгийг бид мэднэ. Тиймээс, зөвхөн нэг шинжилгээгээр элэгний үйл ажиллагааг нарийвчлан тогтоох боломж эмнэлзүйн эмч нарт хараахан бүрдээгүй байна.

Эмнэлзүйнд элэгний өвчин  байж  болзошгүйг сэжиглэхийн тулд билирубин, аминотрансферазууд (АлаТ, АсаТ), шүлтлэг фосфатаза, альбумин, протромбин хугацааг шинжилнэ. Эдгээр сорилын нэг ба түүнээс олон үзүүлэлтүүд  хэвийн биш эсвэл ээлж дараалсан шинжилгээнүүдэд  өөрчлөлтөө тогтвортой хадгалж байвал элэгний ямар нэгэн өвчин байх магадлал өндөр. Хэрвээ эдгээр шинжлэгдэхүүнүүд хэвийн байвал төдий чинээ элэгний эмгэгтэй байх магадлал бага байна.

Элэгний өвчтэй хүмүүсийг үнэлэх дээрх биомаркеруудыг ерөнхийлөн бүлэглэх нь дүгнэлт хийхэд тохиромжтой байдаг.

Хоргүйжүүлэх болон Ялгаруулах үйлд тулгуурласан сорилууд – /Tests Based on Detoxification and Excretory Functions/

Ийлдсийн билирубин – /Serum bilirubin/

Гем агуулсан уургийн порфирины цагирагын задралын дүнд үүсэх билирубин нь цусанд холбоот болон холбоот бус гэсэн хоёр хэлбэрээр оршино. Холбоот бус  – билирубин  /шууд бус/ нь усанд уусдаггүй бөгөөд цусанд альбуминтай холбоотой байна. Холбоот – билирубин /шууд/ усанд уусамтгай учир бөөрөөр ялгарах боломжтой байдаг. Ван ден Берг аргаар /van den Bergh method/ тодорхойлоход ийлдсийн билирубины хэвийн хэмжээ 1 – 1,5 мг/дл байх нь нийт хүн амын 95% – д тохиолддог бөгөөд 0,2 – 0,9 мг/дл хүртэл бууралттай байж болдог байна. Хэрвээ шууд билирубины хэмжээ нийт билирубины хэмжээнээс 15% – аар бага байвал, бүх билирубиныг шууд биш билирубин гэж тооцож болно. Ихэнх тохиолдолд, холбоот билирубины хэвийн дээд  хэмжээ 0,3 мг/дл байдаг.

Холбоот бус – билирубины хэмжээ ихсэх нь элэгний өвчнүүдийн үед тун ховор тохиолддог. Холбоот бус – билирубины хэмжээ дангаараа ихсэх нь цус задралын өвчин болон  Криглэр – Наяар /Crigler-Najjar/, Гилбертийн хам шинж /Gilbert’s syndromes/ гэх мэт генетикийн өвчнүүдийн үед тохиолдох нь түгээмэл. Холбоот бус – билирубин дангаараа ихсэн гипербилирубинеми  (нийт билирубин ихэссэн ч шууд билирубин  <15%) болсон бол цус задралыг илрүүлэх бусад шинжилгээг төлөвлөх хэрэгтэй. Хэрвээ цус задралын эмгэг үгүйсгэгдвэл дээр өгүүлсэн генетикийн өвчнүүдийн талаар бодох хэрэгтэй. Үүний эсрэгээр, холбоот – билирубинеми болвол элэг, цөсний замын өвчинийг дандаа илэрхийлж байдаг. Билирубины бодисын солилцооны хэмнэл нь билирубин холбоот хэлбэрт шилжихээр хязгаарлагдахгүй, харин холбоот – билирубин цөсний хүүдийрүү тээвэрлэгдэх үйл ажиллагаа билээ. Тийм учираас, холбоот – билирубины хэмжээ цусанд  ихсэх нь элэгний ямар нэгэн өвчний үед тохиолддог юм. Элэгний ихэнх өвчний үед 2 фракцийн билирубин хамтдаа ихсэх хандлагатай байдаг. Цусанд билирубин өндөр байх нь өвчний тавиланг илтгэхгүй харин эмгэг нөхцлийг илэрхийлнэ. Вируст гепатитийн үед, ийлдсийн билирубин өндөр байх нь гепатоцитын гэмтэл илүү их байгааг илэрхийлнэ. Архины шалтгаант гепатитын үед нийт билирубины хэмжээ маш бага болсон байна. Энэ нь мөн элэгний өвчний төгсгөлийн шатанд өвчтний амьд үлдэх магадлалыг илэрхийлэх хэмжүүр болдог. Нийт билирубины хэмжээ эмийн шалтгаант элэгний өвчний үед өндөр байх нь гепатоцитын гэмтэл илүү их байгааг харуулна.

Шээсний билирубин – /Urine bilirubin/

Холбоот бус билирубин нь ийлдсийн албумин уурагтай холбогддог боловч бөөрөөр шүүгдэдгүй байна. Тиймээс, шээсэнд билирубин илэрсэн л  бол холбоот – билирубин л байдаг. Билирубинури илэрсэн л бол элэгний өвчин байгааг илтгэнэ. Шээсний шинжилгээ нь /urine dipstick test/  онолын үүднээс ийлдсийн билирубины хэлбэрүүдийн талаарх мэдээллийг өгөх чадамжтай. Энэ сорил бараг л 100% нарийвчлалтай байж чаддаг байна. Шарлалтаас эдгэрэх шатандаа явж буй өвчтний шээсний билирубин нь ийлдсийн билирубинтай зэрэгцэн илрэх нь багасдаг.

Цусны шүвтэр – /Blood Ammonia/

Шүвтэр нь гэдэсний, ялангуяа бүдүүн гэдэсний  хэвийн бичил биетнүүдийн үйл ажиллагаагаар уургийн бодисын солилцооны дүнд үүсдэг. Шүвтрийг хоргүйжүүлэх явцад элэг үндсэн үүрэг гүйцэтгэж, шүвтрийг шээгт хувиргах ба энэ нь бөөрөөр ялгардаг билээ. Араг ясны булчингууд ч гэсэн шүвтрийг хоргүйжүүлдэг бөгөөд энэ үйл нь шүвтрийг глутамины хүчилтэй холбож глутамин үүсгэх хэлбэрээр хэрэгждэг ажээ. Элэгний өвчний эцсийн шатанд хүрсэн өвчтнүүдийн булчингийн хэмжээ эрс багассан байдаг бөгөөд эдгээр өвчтнүүдэд гипераммонеми үүссэн байх нь олонтаа тохиолддог. Зарим эмч нар цусны шүвтрийг элэгний энцефалопатийг илрүүлэх эсвэл элэгний нийлэгжүүлэх үйл ажиллагааг хянахын тулд шинжилдэг ч, эдгээр асуудлуудын аль алийг нь шүвтрийн шинжилгээгээр мэдэж болно.  Гэхдээ, цусны шүвтрийн хэмжээ нь элэгний энцефалопатийн хүнд хөнгөний зэрэг, архаг буюу цочмог байдалтай  хамааралгүй байдаг. Харин оюун ухааны өөрчлөлт өгсөн хүмүүст далд явцтай элэгний өвчнийг илрүүлэхэд хааяа хэрэглэгддэг. Түүнчлэн, ийлдсийн шүвтэр болон элэгний үйл ажиллагаа хоёрын хооронд өчүүхэн төдий хамаарал байдаг. Шүвтэр нь элэгний үйл ажиллагаа хэвийн байхад ч үүдэн венийн даралт ихсэх, үүдэн венийн шунт үүсэх үед цусанд ихэсдэг. Артерийн цусанд шүвтрийн хэмжээ ихсэх нь элэгний дутагдлын хүнд байдлыг илэрхийлнэ.

Ийлдсийн энзимүүд – /Serum Enzymes/

Элэг нь хэдэн мянган энзимүүд агуулдаг бөгөөд тэдний зарим нь ийлсэнд бага хэмжээтэйгээр илэрч байдаг. Ийлдсэнд илрэх эдгээр энзимүүдийн үүрэг тодорхойгүй байгаа боловч ийлдсийн уургийн адил үүрэг гүйцэтгэдэг. Тэдгээр энзимүүд плазм, нарийн гэдэсний шингэнд тархаж, цөөн өдөр үргэлжлэх хагас задралын хугацаатай байдаг. Ийлдсийн энзимүүдийн катаболизмын талаарх мэдээлэл маш бага байдаг бөгөөд энзимүүдийг ретикулоэндотелийн системээр цэвэрлэгдэж үгүй болно. Энзимүүдийн ийлдэс дэх идэвхжил нь элэгний эсүүдийн гэмтлийн улмаас энзимүүдийн ийлдэсрүү нэвтрэх байдал нь ихэсч байгаагийн тусгал гэж дүгнэдэг.

Ийлдсийн энзимүүдийн сорилыг  үндсэн 3 бүлэгт хувааж болно.

  1. Гепатоцитийн гэмтлийг илэрхийлдэг энзимүүд
  2. Холестазыг илэрхийлдэг энзимүүд
  3. Аль алинд нь хамааралгүй энзимүүд

Гепатоцитийн гэмтлийш илэрхийлдэг энзимүүд – /Enzymes that Reflect Damage to Hepatocytes/

Аминотрансферазууд /трансаминаза/ нь элэгний эсийн гэмтлийн мэдрэг илтгэгчүүд бөгөөд гепатит гэх мэт цочмог явцтай элэгний эсийн өвчнүүдийг танихад тусалдаг. Эдгээр энзимүүдэд  аспартат аминотрансфераза  /АсАТ/ ба аланин аминотрансфераза /АлАТ/ багтана. АсаТ нь агуулагдах хэмжээ ихээс багаруу буурах эрэмбээр дараалуулан жагсаавал элэг, зүрхний булчин, араг ясны булчин, бөөр, тархи, нойр булчирхай, уушиг, лейкоцит, эритроцит гэх мэт эсүүдэд агуулагдана. АлАТ нь анхдагчаар элгэнд л байдаг учир элэгний гэмтлийг заах нарийвчилсан үзүүлэлт мөн. Аминотрансферазууд нь ийлдсэнд зохих бага хэмжээгээр агуулагддаг. Элэгний эс гэмтэж, мембраны нэвчимхий чанар ихэссэнээс цусан дахь агууламж нь нэмэгддэг. Гэхдээ, элэгний эсийн гэмтлийн хэмжээ ба аминотрансферазагийн түвшингийн хэмжээ хоёрын хооронд бага хамааралтай. Тиймээс, аминотрансфераза туйлын их байх нь элэгний эсийн цочмог эмгэгийн тавиланг илтгэх үзүүлэлт биш ажээ.

Аминотрансферазагийн хэвийн хэмжээ лабораторуудын онцлогоос хамаарч янз бүр байдаг боловч ерөнхийдөө 10 – 40 U/L.

Элэгний эсийн ямар ч төрлийн гэмтлийн үед ийлдсийн аминотрансфераза ихсэж болно. 300 U/L болтол нэмэгдэх нь өвөрмөц өөрчлөлт биш бөгөөд элэгний ямар ч эмгэгийн үед тохиолдож болно. АлАТ – ийн хэмжээ бага хэмжээгээр нэмэгдэх нь элэгний хүнд эмгэгийг илэрхийлэх нь ховор бөгөөд судалгаагаар элэг өөхжилт байх нь илүү тохиолддог байна. Ийлдсэнд хэт их өндөр гарах нь аминотрансфераза  >1000 U/L элэгний эсүүд ихээр гэмтэж байгаагийн илрэл болдог. Үүнд:

  1. Вирусын шалтгаант гепатитууд
  2. Ишемийн шалтгаант элэгний гэмтэл (удаан үргэлжилсэн гипотензи эсвэл элэгний цочмог дутагдал)
  3. Хор – эсвэл – эмийн шалтгаант элэгний гэмтэл зэрэг өвчнүүдийг хамгийн түрүүнд сэжиглэх нь зөв.

Аминотрансфераза энзимүүдийн ихсэлтийн байдлаас хамаарч онош таамаглах боломжтой. Элэгний цочмог гэмтлүүдийн ихэнх тохиолдолд АлАТ – ийн хэмжээ АсАТ – тай харьцуулахад илүү өндөр байдаг. АсАТ : АлАТ харьцаа 1 – ээс бага бол элэгний вирусын архаг халдвар эсвэл архины бус шалтгаант элэг өөхжилтийг заах ба энэ харьцаа 1 – ээс их бол цирроз үүсэх магадлал өндөр болдогийг хэд хэдэн судалгаа харуулсан байна. АсАТ : АлАТ харьцаа  >2:1 бол боломжтой, >3:1 бол архины шалтгаант элэгний өвчин байх магадлал өндөр байгааг заадаг. Архины шалтгаант элэгний өвчний үед АсАТ ихэсдэг ч >300 U/L байх нь ховор бөгөөд АлАТ ихэнхдээ хэвийн хэмжээнд байдаг. АлАТ – ийн хэмжээ бага байх нь пиридоксал фосфатын  архины шалтгаант дутагдлын /alcohol-induced deficiency of pyridoxal phosphate/ үед тодорхойлогддог.

Механик шарлалтын /obstructive jaundice/ үед аминотрансферазууд илэрхий нэмэгдэдгүй. Зөвхөн нэг тохиолдолд буюу цөсний ерөнхий цорго цөсний чулуугаар бөглөрч цөс саатах эмгэгийн цочмог үед аминотрансферазанууд  1000–2000 U/L хооронд ихэсдэг. Гэвч, энэ хэмжээ богино хугацаанд буурч, элэгний үйл ажиллагааны шинжилгээний үзүүлэлт холестазыг заах байдлаар өөрчлөгддөг.

Холестазыг илэрхийлдэг энзимүүд – /Enzymes that Reflect Cholestasis/

Холестазын үед шүлтлэг фосфатаза, 5 – нуклеотидаза, глутамил транспептидаза (ГГТ) зэрэг 3 энзимүүд идэвхждэг байна. Шүлтлэг фосфатаза, 5 – нуклеотидаза нь гепатоцитийн цөсний сувгийн мембранд эсвэл түүний ойролцоо агуулагддаг бол ГГТ нь гепатоцитийн эндоплазмын тор, цөсний сувгийн эпитель эсийн дотор агуулагддаг байна. Элэгний эсийн нэвчимхий хэсэгт агуулагддагийн хувьд ийлдсийн ГГТ ихсэлт нь нөгөө хоёр энзимтэй харьцуулахад өвөрмөц чанар багатай байдаг. Зарим эмч нар ГГТ – ийн ихсэлтийг архины хэрэглээтэй холбож үзэхийг зөвлөсөн байдаг. Гэвч уг энзимийн өвөрмөц бус байдал нь оношилгооны зорилгоор ашиглахад дутагдалтай байх үндэс болдог ажээ.

Ийлдсийн шүлтлэг фосфатаза нь элэг, яс, ихэс, бага хэмжээгээр нарийн гэдэс зэрэг хэд хэдэн газар изоэнзим хэлбэрээр оршдог. 60 – аас дээш насанд шүлтлэг фосфатаза ялихгүй ихсэх хандлага ажиглагддаг. Мөн цусны О болон В бүлгийн цустай хүмүүст өөх тостой хоол идсэний дараа ийлдсийн шүлтлэг фосфатаза ихсэх байдал ажиглагддаг. Хүүхдүүдэд болон өсвөр үеийнхэнд ясны өсөлт эрчимтэй явагддаг учир ясны шүлтлэг фосфатаза идэвхитэй ажиллаж байдаг учир  ийлдсийн хэмжээ нь физиологийн байдлаар ихэсдэг. Түүнчлэн, жирэмсний тээлтийн төгсгөлд ихсийн шүлтлэг фосфатаза идэвхжиж ийлдсийн шүлтлэг фосфатаза ихсэх нь физиологийн үзэгдэл юм.

Шүлтлэг фосфатаза ихсэх нь холестазын өвөрмөц өөрчлөлт биш бөгөөд элэгний ямар ч өвчний үед 3 – аас бага дахин ихсэж болдог. Шүлтлэг фосфатаза хэвийн хэмжээнээсээ 4 дахин ихсэх нь цөс зогсонгошилын шалтгаант элэгний өвчтэй хүмүүс, хорт хавдар, амилоидоз гэх мэт элэгний нэвчилтэд өвчнүүд болон ясны эмгэг (жнь: Пагетын өвчин /Paget’s disease/) – ийн өвчнүүдийн үед анхдагчаар тохиолдоно. Ясны эмгэгийн үед ихсэдэг нь ясанд агуулагдах изоэнзимтэй холбоотой билээ. Харин элэгний өвчний үед элгэнд агуулагдах изоэнзимтэй холбоотой гэдэг нь тодорхой асуудал билээ.

Хэрэвзээ, шүлтлэг фосфатаза илэрхий эрүүл хүнд эсвэл эмнэлзүйн хувьд хүлээж байгаа хариунаас илт өндөр хэмжээтэй гарвал, ихэссэн изоэнзимийн фракцийг хэмжих нь оношилгоонд дөхөм болгодог.

Энэ асуудлыг шийдэх хэд хэдэн арга байдаг юм. Нэгдүгээр арга бол, шүлтлэг фосфатазагийн фракцуудыг электрофорезээр ялгах. Хоёрдугаар арга нь тухайн хүний эдийн  изоэнзимийг ялган авч  халуунаар үйлчилж  идэвхгүйжилтийн байдал дээр нь ажиглагдахад үндэслэгдсэн арга байдаг. Халуунд тэсвэртэй бол ийлдсийн шүлтлэг фосфатазагийн эх сурвалж нь ихсийн шалтгаант буюу хавдраас үүссэн байх магадлал маш өндөр байдаг ажээ. Халуунд мэдрэг бол гэдэс, элэг, ясны шүлтлэг  фосфатаза байх бөгөөд эдгээрээс яс хамгийн мэдрэг эрхтэн байдаг юм. Гуравдугаар арга нь, хамгийн сайн, шинжилэх боломжтой арга бөгөөд ийлдсийн 5 – нуклеотидаза эсвэл ГГТ – г шинжлэх явдал юм. Эдгээр энзимүүд элэгний өвчнөөс бусад нөхцлүүдэд ихэссэн байх нь туйлын ховор байдаг ажээ.

Шарлалт илрээгүй эсвэл аминотрансфераза энзимүүд ихсээгүй үед, шүлтлэг фосфатаза ихсэх нь холестазын эрт үе, цөөн тохиолдолд элэг  хавдар болон грануломатагаар нэвчсэн үед ажиглагддаг юм. Шүлтлэг фосфатаза дангаараа ихэсдэг эмнэлзүйн бусад нөхцлүүдэд Ходжкины өвчин, чихрийн шижин, гипертиройдизм, зүрхний архаг дутагдал, амилойдоз, бүдүүн гэдэсний үрэвсэлт өвчнүүд багтдаг.

Шүлтлэг фосфатаза ихсэн нь цөс зогсонгшилыг зааж байгаа боловч элэгний доторх уу эсвэл элэгний гаднах холестаз уу? гэдгийг зааж өгч чаддаггүй. Хавдрын улмаас үүссэн дарагдал, цөсний ерөнхий сувгийн чулуу, склерозын холангит эсвэл цөсний хүүдийн агчилын улмаас үүссэн шарлалтуудын хоорондын ялгааг шинжилгээнээс яг таг дүгнэх боломжгүй.

Элэгний нийлэгжүүлэх үйл ажиллагааг шинжлэх сорилууд – /Tests that Measure Biosynthetic Function of the Liver/

Ийлдсийн альбумин

Ийлдсийн альбуминыг нийлэгжүүлэгч үндсэн эс нь гепатоцит билээ. Ийлдсийн альбумины хагас задралын хугацаа их урт буюу 18 – 20 өдөр байдаг бөгөөд өдөрт 4% – иар буурч байдаг. Ийнхүү, альбумины багасал удаан явагддаг учир ийлдсийн альбумин нь цочмог эсвэл зөөлөн явцтай элэгний үйл ажиллагааны өөрчлөлтийг илэрхийлж чаддагүй. Вирусын гепатит, эмийн шалтгаант элэгний хордлого, механик шарлалт зэрэг элэгний цочмог өвчнүүдийн үед ийлдсийн альбумин маш бага хэмжээгээр өөрчлөгддөг. Гепатитын үед альбумины хэмжээ <3 g/dL багасах нь элэгний архаг өвчин байх магадлалыг нэмэгдүүлдэг. Гипоальбуминеми нь цирроз гэх мэт элэгний архаг явцтай эмгэг өөрчлөлтүүдийн үед түгээмэл тохиолдох бөгөөд элэг хүндээр гэмтэж альбуминыг нийлэгжүүлж чадахгүй байгаагийн илэрхийлэл болдог. Нэг тохиолдолд буюу асциттай өвчтөнд альбумины хэмжээ хэвийн эсвэл илүү их байдаг ч түүний тархалтын эзлэхүүн ихэссэн байдаг учир ийлдсийн хэмжээ нь багассан байдаг юм. Гэвч, гипоальбуминеми нь элэгний өвчний үед гардаг өвөрмөц өөрчлөлт биш бөгөөд  уураг шимэх алдралд хүрсэн энтеропати, нефроз хам шинж, ийлдсийн интерлейкин – 1 эсвэл хавдар үхжүүлэгч хүчин зүйл /TNF/  зэрэг  альбумин нийлэгжилтийг хориглодог цитокинуудыг байнга ялгаруулж байдаг архаг халдвар гэх мэт уургийн алдагдалд хүргэж болох эмгэг нөхцлүүдийн үед ч үүсдэг.

Ийлдсийн глобулин – /Serum Globulins/

Ийлдсийн глобулин нь В – лимфоцитоос үүсдэг глобулин (иммуноглобулин) болон гепатоцитээс анхдагчаар нийлэгждэг глобулин уургаас тогтсон уургийн бүрдэл. Цирроз, архаг гепатит гэх мэт элэгний архаг өвчний үед глобулин ихэсдэг. Циррозын үед антибодийн нийлэгжил ихэссэнтэй холбоотой ийлдсийн гамма – глобулин ихэсдэг бөгөөд эдгээрийн зарим нь гэдэсний бактерийн эсрэг үүссэн байдаг. Энэ нь циррозтой элэг бактерийн антигенийг цэвэрлэж чадахгүй болсонтой холбоотойгоор уг антиген элэгний цусны эргэлтэнд очдогтой холбоотой юм.

Глобулин уургийн өвөрмөц изотипүүдийн концентраци ихсэх нь элэгний яг ямар өвчин байгааг танихад дөхөм болгодог. IgG түвшин тахмал, поликлон байдлаар нэмэгдэх нь аутоиммуны шалтгаант элэгний өвчнийг заах нь түгээмэл байдаг бөгөөд >100% ихсэх нь эмнэлзүйг бататгах дохио үзүүлэлт билээ. IgM – ийн түвшин ихсэх нь цөсний циррозын /biliary cirrhosis/ үед түгээмэл ажиглагддаг байхад, IgA ихсэх нь архины шалтгаант элэгний өвчний үед түлхүү тохиолддог.

Бүлэгнэлтийн хүчин зүйл – /Coagulation Factors/

Судасны эндотелийн эсээс үүсдэг хүчин зүйл VIII – аас бусад цус бүлэгнүүлэх хүчин зүйлүүд гепатоцит эсээс нийлэгждэг. Тэдний хагас задралын хугацаа маш богино бөгөөд хүчин зүйл VII 6 цаг, фибриноген 5 өдөр байдаг. Тийм ч учраас элэгний нийлэгжүүлэх үйл ажиллагааг бүлэгнүүлэгч хүчин зүйлүүдийг үнэлэх замаар хэмжих нь хамгийн нарийвчилсан үнэлэлт болдог бөгөөд элэгний паренхимийн өвчнүүдийг оношилох, үнэлэх асуудалд ач холбогдолтой билээ.

Энэ зорилгыг биелүүлэхийн тулд ийлдсийн протромбины хугацааг үздэг бөгөөд бүлэгнэлтийн II, V, VII, X хүчин зүйлүүдийг багцаар нь хэмждэг юм. Эдгээр хүчин зүйлүүдийн нийлэгжилт нь витамин К – аас хамааралтай явагддаг.

Олон улсын нормжуулсан  харьцаа /The international normalized ratio (INR)/ нь шууд бус антикоагулянт эмийн эмчилгээг хянахад хэрэглэгддэг. INR нь нарийвчилсан хэмжилтийн лабораторт ашиглагддаг тромбопластин урвалжийн хэв шинжийн дагуу протромбины хугацааг стандартжуулдаг бөгөөд үүнийг Олон улсын Мэдрэг байдлын Индекс /International Sensitivity Index (ISI)/ гэж илэрхийлдэг. ISI нь INR- ийг тооцоолоход ашиглагддаг байна. Яагаад гэвэл, ISI зөвхөн витамин К – ийн антагонист хэрэглэж буй өвчтнүүдэд зориулагдсан байдаг бөгөөд энэ нь элэгний архаг өвчтэй хүмүүст хэрэгжих боломжгүй байдаг ажээ.

Гепатит болон цирроз төдийгүй витамин К – ийн дутагдал хүргэдэг бөглөрлөтийн шарлалт эсвэл ямар нэгэн шалтгаантай өөхний шимэгдэлтийн гажиг гэх мэт өвчний үед протромбины хугацаа уртасдаг.

Протромбины хугацаа  >5 секундээс их болж илэрхий уртасхад хяналтаас гарч витамин К – г парэнтераль замаар нөхөөд ч засагдахгүй байх нь вирусын шалтгаант элэгний үрэвсэл болон элэгний бусад цочмог болон архаг өвчний тавилан муугийн дохио болдог.

INR – ийг ийлдсийн нийт билирубин, креатининтай хамт Элэгний Өвчний Төгсгөлийн Шатны Загвар үнэлгээ /MELD Score буюу Model For End – Stage Liver Disease/ – г хийхэд ашигладаг бөгөөд энэ үнэлгээ нь элэг шилжүүлэн суулгахад ашиглагддаг.

Эх сурвалж: Harrison’s principles of Internal medicine 18th edition