Шээсний дэлгэрэнгүй шинжилгээ / I хэсэг/

Дотрын өвчин судлал
Namuuntuul Ринченханд Ayush

 Шээсний шинжилгээ бол мэдээлэл сайтай, инвазив бус, хүртээмжтэй шинжилгээний арга юм. Шээсний шинжилгээг гүйцэтгэх, үр дүнг тайлбарлахад эмнэлзүйчдээс тусгай ур чадвар шаардагддаг. Шээсний шинжилгээг асуумж, бодит үзлэг, цусны биохими шинжилгээ зэрэгтэй уялдуулан бөөрний цочмог болон архаг өвчнүүдийг оношлоход чухал ач холбогдолтой. Түүнчлэн шинж тэмдэггүй хүмүүст шээсний шинжилгээгээр өөрчлөлт илрэх нь далд хэлбэрийн бөөрний өвчнүүдийг илрүүлэх анхны нотолгоо болдог. Харин нэгэнт оношлогдсон бөөрний өвчний үед явцийг хянахад ашиглагдана.

Шээсний дэлгэрэнгүй шинжилгээг хэзээ хийх вэ?

Шээсний дэлгэрэнгүй шинжилгээ нь тойм үнэлгээ, дипстик тест, шээсний тунадасын микроскопи шинжилгээнээс бүрдэнэ. Дараах тохиолдлуудад шинжилгээг хийх хэрэгтэй.

  • Бөөрний өвчин нотлогдсон өвчтнүүдэд: жишээ нь альбуминури эсвэл түүдгэнцрийн шүүлтийн хурд цочмог болон архагаар буурсан үед.
  • Бөөрний өвчин сэжиглэгдсэн өвчтнүүдэд: эмнэлзүйгээр /хаван гэх мэт/ эсвэл бөөрний өвчнүүдтэй зонхилон хавсардаг бусад өвчнүүдэд / идэвхитэй хэлбэрийн системийн чонон яр, хоёрдогч артерийн даралт ихдэлт/ үндэслэн бөөрний өвчин сэжиглэгдсэн.
  • Бөөрний чулуутай нь нотлогдсон эсвэл сэжиглэгдсэн өвчтнүүдэд: Шээсний дэлгэрэнгүй шинжилгээгээр чулуу үүсгэсэн талстуудыг илрүүлнэ.
  • Мөн дипстик шинжилгээний хариуг батлах зорилгоор шээсний дэлгэрэнгүй шинжилгээ хийх шаардлагатай.

Шээсийг шинжилгээнд бэлтгэж авах

 

a medical test specimen jar full of urine

Найдвартай хариу гаргахын тулд шээсийг бүрэн зөв цуглуулах ёстой ба ингэснээр оношлогоог илүү сайжруулна. Дараах техникүүдийг ямагт мөрдөхийг хичээх хэрэгтэй.

  • Шээсийг хуурай, цэвэр саванд хийж авах;
  • Тухайн хүн гадна бэлэг эрхтнийг угаасан байх ба шээсний дунд хэсгээс шинжилгээнд өгөх;
  • Давсагны байнгын катетертай өвчтнүүдийн дөнгөж ялгарсан шээсийг авч /катетрийн гуурснаас шууд авч/ шинжлэх ба урометр болон шээсний уутнаас авахгүй байх. Ингэснээр шээсний замын халдвар болон уутанд үлдсэн шээснээс бусад хэсэгтэй холилдохоос зайлсхийнэ.
  • Тасалгааны температурт шээсийг 2 цагийн дотор шинжлэх хэрэгтэй. Хэрэв боломжгүй бол шээсийг 2-8°С температурт хөргөх ба шинжлэхээс өмнө эргээд тасалгааны температуртай болгоод шинжилнэ.

Тойм үнэлгээ — Хэвийн үед шээс тунгалаг, цайвар шар өнгөтэй байдаг. Олон шалтгааны улмаас булингартаж, өнгөний байдалд өөрчлөлт ордог.

Булингар — Шээс булингартай байх нь халдвар эсвэл талстууд тунадасжих, хилурийн үед илэрнэ.

Шээсний өнгө — Шээс шингэн байгаа үед цайвар, харин өтгөн байгаа үед жишээ нь шөнө усыг хязгаарлахад бараан өнгөтэй болдог. Шээсний өнгө олон янз байж болдог.

Улаан, хүрэн өнгөтэй шээс —  Шээсний өнгө улаан, хүрэн өнгөтэй гарах нь эмнэлзүйн олон тохиолдлын үед ажиглагддаг. Энэ эмгэг байдлыг үнэлэх эхний алхам нь шээсийг центрифугидэж улаан өнгө доош тунаж байна уу эсвэл хөвж байна уу гэдгийг үзнэ.

  • Хэрэв улаан өнгө тунаж, хөвөхгүй байвал  гематури гэж үзнэ.
  • Харин улаан өнгө хөвж байвал шээсний дипстик тестээр хөвж буй хэсэгт гем байгаа эсэхийг шинжилнэ.

– Хэрэв гем эерэг гарвал өвчтөн гемоглобинури эсвэл миоглобинуритэй байна гэсэн үг.

– Хэрэв гем сөрөг байвал өвчтөнд бусад олон эмгэг байдлын аль нэг нь байна гэж үзнэ.

Гемоглобинури ба миоглобинури– Энэ 2 илэрч буй үед шээс улаан эсвэл улаан хүрэн өнгөтэй болдог. Ховор тохиолдолд гемоглобинурийн үед шээс хар өнгөтэй болно. Гемоглобин, миоглобиныг ялгахдаа центрифугидсан цуснаас сорьц авч сийвэнгийн өнгө, сийвэнгийн гаптоглобины концентрацид нөлөөлсөн байдлаар ангилна:

  • Гемоглобин бол том хэмжээтэй /тетрамер нь 69,000, димер нь 34,000 молекул жинтэй/, гаптоглобинд холбогддог уураг учир бөөрөөр харьцангуй муу нэвтэрнэ. Тиймээс холбогдоогүй димерүүд л нэвтэрч гарна. Гаптоглобин бүрэн ханах болон нэвтэрч гарсан их хэмжээний чөлөөт гемоглобин ойрын эргэн шимэгдэх чадлаас давахад гемоглобинури үүснэ.

Хэдийгээр энэ үед сийвэн дэх чөлөөт димерийн концентраци өндөр байх шаардлагагүй хэдий ч гемоглобины нийт концентраци (уурагтай холбогдсон + тетрамер + димер)  100-150 мг/дл-ээс ихэсдэг ба ингэснээр сийвэн улаан, улаан хүрэн өнгөтэй болдог. Элэг гаптоглобин-гемоглобины бүрдлийг зайлуулсны дараагаар гаптоглобины түвшин буурдаг.

204995

Шээс улаан болох нь ихэвчлэн гемоглобинуритэй холбоотой.

Түүдгэнцрийн цус алдалттай, нефроноор өнгөрөх хугацаа уртассан үед шээсний рН хүчиллэг байвал метгемоглобин үүсэх ба энэ нь кока-коланы бор өнгөтэй байна.

  • Миоглобин бол мономер бүтэцтэй (17,000 молекул жинтэй) ба уурагтай холбогдоогүй байдаг. Тиймээс бөөрөөр хурдан нэвтэрч ялгардаг төдийгүй бөөрний дутагдлын улмаас миоглобины ялгаралт хязгаарлагдаагүй л бол сийвэнг хэвийн өнгөтэй байлгадаг. Хэдийгээр миоглобин нь гаптоглобинтой холбогдож чадах боловч холбогдох тохироо бага тул сийвэнгийн илүүдэл миоглобин сийвэнгийн гаптоглобины концентрацийг бууруулдаггүй. Араг ясны булчингийн задрал /рабдомиолиз/ илүүдэл миоглобины эх үүсвэр болдог ба энэ үед сийвэнгийн креатинкиназын концентраци илт өндөр болсон байдаг.

Шээс улаан өнгөтэй болох бусад шалтгаан— Шээсэнд улаан өнгө хөвж байгаа боловч гем сөрөг байх нь дараах тохиолдлуудад илэрнэ. Үүнд:

  • Зарим эмийн хэрэглээ жишээ нь рифампин, фенитоин гэх мэт
  • Хүнсний будагч бодисын хэрэглээ
  • Хүрэн манжин/beeturia/ , гишүүнэ /rhubarb/, сенна хэрэглэсний дараа
  • Цочмог дахилтат порфириа

Нийт хүмүүсийн 14% нь хүрэн манжин идсэнээс болж шээсээр беталайн /бетанин/ ихээр ялгарснаас  битуриа /beeturia/ үүсдэг. Нарийн гэдэсний шимэгдэлт нэмэгдэх нь битурийн анхдагч эмгэг болдог.

Шээсний бусад өнгөнүүд— Ховор тохиолдолд шээс бусад олон төрлийн өнгөтэй болдог. Үүнд:

  • Цагаан – пиури, фосфатын талст, хилури, пропофолын улмаас
  • Ягаан– Магадгүй шээсний хүчлийн талстууд болон пропофолын улмаас.
  • Ногоон- Метилен хөх, пропофол, амитриптиллин зэрэг эмийн хэрэглээ
  • Хар– Гемоглобинури, миоглобинури, охронозын улмаас.

Охронозын үеийн хар өнгийн шээс нь алкаптонурийн (хар шээсний өвчин) улмаас бөгөөд энэ нь гомогентизийн хүчил шээсний замаар гадагшилсантай холбоотой. Шээс хэсэг хугацаанд зогсонгиших нь гомогентизийн хүчил исэлдүүлсэнтэй холбоотой ба энэ үед хар өнгө тод илэрнэ.

  • Чернилин ягаан– Давсгандаа катетртай өвчтнүүдэд бактерури үүссэн үед

Дээрхи болон бусад шээсний олон өнгөнүүд төрөлхийн бодисын солилцооны алдагдалтай хүүхдүүдэд илэрч болно.

Шээсний дипстик тест— Энэ арга нь шээсний шинж чанарыг реагент туузан дээрхи дараалсан тест падууд дээр үнэлдэг хагас-чанарын, түргэвчилсэн шинжилгээний арга юм. Ихэнхи дипстикүүд шээсний үндсэн параметрүүд болох: гем, лейкоцит эстераз, нитрит, альбумин, устөрөгчийн ионууд, өвөрмөц гравитаци, глюкоз зэргийг үнэлэх боломж олгодог.

Check-up. Medical report and urine test strips; Shutterstock ID 146356910; PO: 100 42389; Other: Creative Media

Ялгаатай үйлдвэрүүдийн дипстикүүд үнэлдэг шээсний параметрүүдээрээ хоорондоо ялгаатай. Хэрэглэгчид тухайн хэрэглэж буй реагент туузны өвөрмөц шинж чанарыг мэддэг байх хэрэгтэй ба шээсний хэмжээ, хариуг тайлбарлах хүртэлх шаардлагатай хугацаа зэрэг үйлдвэрлэгчийн заасан зааварчилгааг мөрдөх ёстой.

Гемийг илрүүлэх — Гем бол бүтэн эритроцитоос эсвэл чөлөөт гемоглобин, миоглобиноос үүсэлтэй ба хуурамч хэт исэлдүүлэгчийн нөлөө үзүүлдэг. Хэрэв шээсэнд гем агуулагдаж байвал хэт исэлдэх урвалд орж тест пад-д хромоген нөлөө үзүүлж өнгийг өөрчилдөг. Дипстикээр гем эерэг байх нь гематурийг илтгээд зогсохгүй чөлөөт гемоглобин эсвэл чөлөөт миоглобин байгааг илтгэнэ. Нэмж хэлэхэд хэрэв шээсэнд үрийн шингэн байвал дипстик хуурамчаар эерэг гарна. Иймээс дипстик эерэг байх нь улаан эсийн байгааг илтгэхгүй тул гематурийг оношлохдоо микроскопоор батлах шаардлагатай.

Шээсний дипстик тест нь шээсэнд гем байгааг илрүүлэхэд маш өндөр мэдрэг чанартай тест учир өчүүхэн төдийн гематуриг ч илрүүлнэ /жишээ нь 1,2 улаан эсийг өндөр хүчтэй талбайд/. Хуурамч сөрөг хариу гарах нь маш ховор тул гем сөрөг байвал гематурийг үгүйсгэнэ. Шээсэн дэх аскорбины хүчил хэт исэлдэх урвалд орж болох тул хуурамч сөрөг хариу гаргаж болно. Үүний жишээ болгон 1 судалгаанаас харахад микроскопоор гематуритэй нь батлагдсан өвчтнүүдийг 70%-д шээсэн дэх аскорбины хүчлийн оролцоотойгоор  гем сөрөг хариу гарсан байна. Витамин С-г давтамжтайгаар хэрэглэх нь шээсний дипстик тестийг гематурийн скрининг тест болгон ашиглахад хязгаарлах хүчин зүйл болдог. Тиймээс үйлдвэрлэгчид аскорбины хүчил дипстикүүдэд исэлдүүлэх нөлөө үзүүлдэгийг харгалзан үзэж хуурамч сөрөг гарах эрсдлийг бууруулах арга хэмжээ авсаар байгаа.

Лейкоцитын эстеразыг илрүүлэх — Задралд орсон нейтрофил, макрофагаас ялгардаг лейкоцит эстераз нь цагаан эс байгааг илтгэх орлох маркер юм.

Шээс нэлээн шингэн байх нь эсийн задралыг дэмждэг ба тестийн эерэг гарах босгыг бууруулдаг. Эсрэгээрээ өтгөн шээс эсийн задралд саад болж, хуурамч сөрөг хариуг гаргах хандлагатай.  Протейнури, глюкозурийн улмаас лейкоцит эстераз- хуурамч сөрөг гарахад хүргэж болно.

Пиури нь дийлэнхи тохиолдолд бактеруритэй холбоотой. Гэвч тухайн шээсний өсгөвөр сөрөг (жишээ нь ариун пиури), байвал завсрын эдийн нефрит, бөөрний сүрьеэ,  бөөрний чулууг сэжиглэнэ.

Нитрит — Шээсний замын халдварын зонхилох эмгэгтөрөгчид болох энтеробактерийн олонхи төрлүүд нитрат редуктаз ферментийг үйлдвэрлэдэг нь шээсний замын нитратыг нитрит болгож хувиргадаг. Тиймээс нитрит-эерэг шээс нь бактерурийг заадаг. Гэхдээ бактерури эсвэл илэрхий халдварын үед нитрит эерэг гарахгүй ч байж болно. Энэ нь халдвар үүсгэгч нь нитрат редуктаз бага үйлдвэрлэдэг (жишээ нь энтерококк) эсвэл шээс давсганд байх хугацаа богино байхтай холбоотой.

Уураг — Шээсний дипстик тестээр уургууд дотроос альбуминыг илрүүлэхэд хамгийн мэдрэг байдаг тул альбуминуриг үнэлж хагас-чанарыг мэдээлэл өгнө.

Шээсэн дэх альбумины концентрацийг дипстик тестээр үнэлэхэд дараах хэд хэдэн бэрхшээлүүд гарна. Үүнд:

  • Ихэнхи тохиолдолд дунд зэргийн альбуминури буюу 30-300 мг/хоногт /микроальбуминури/ байвал дипстик тестээр илрэхгүй байж болно. Чихрийн шижин гэх мэт бөөрний өвчний эрсдэл өндөртэй өвчнүүдийн үед энэ нь маш чухал асуудал бөгөөд эдгээр өвчтнүүдэд АХФ саатуулагч эсвэл ангиотензины рецептор хориглогч эмийн эмчилгээ шаардлагатай.
  • Хүнд зэргийн альбуминури буюу >300 мг/хоногт /макроальбуминури/ байвал энгийн дипстик тестээр илрэх боловч шээс шингэвтэр байвал сөрөг гарч болзошгүй.
  • Хэрэв дипстик тест эерэг байлаа ч альбуминурийн хагас-чанарын ангилал (өчүүхэн төдий, 1+, 2+, 3+) тийм ч найдвартай байдаггүй.
  • Шингэн шээс альбуминурийн зэргийг бууруулдаг бол эсрэгээрээ концентраци ихтэй шээс 3+ заах боловч үнэндээ тэр нь өндөр зэргийн альбуминури байдаггүй.
  • Дипстик тест альбуминаас бусад уургуудад мэдрэг бус байдаг ялангуяа түгмэл миелом өвчний үед бөөр хордуулагч иммуноглобулины хөнгөн гинжийг илрүүлдэггүй.
  • Иодтой радио-контраст бодис альбуминуриг түр зуур өдөөдөг. Гэхдээ ионгүй контраст бодисуудад энэ байдал ажиглагдахгүй байгаа.

Дипстик тестээр уураг байнга эерэг гарч байгаа өвчтнүүдийн шээсийг санамсаргүйгээр эсвэл 24 цагийн цуглуулж, альбумин-креатинины харьцааг үнэлж, альбуминуриг тоолох шаардлагатай.

Сульфосалицилийн хүчлийн/ССХ/ тест— Сульфосалицилийн хүчил нь шээсэнд байгаа бүх уургуудыг илрүүлдэг бөгөөд шалтгаан тодорхойгүй бөөрний цочмог гэмтэлтэй өвчтнүүдэд хэрэглэхэд ач холбогдолтой. Дипстик тест сөрөг, ССХ эерэг байх нь ихэвчлэн шээсэнд альбумины бус уураг тэр тусмаа иммуноглобулины хөнгөн гинж байгааг заадаг.

Шээсний  хөвөх дээд гадаргуугаас 1 нэгж буюу ойролцоогоор 2.5мл дээр, 3 нэгж 3%-ийн ССХ нэмж хийн шээс булингартах эсэхийг үзэж, протейнури байгаа эсэхийг шалгана.

Устөрөгчийн ионы концентраци— Устөрөгчийн ионы концентраци рН-аар хэмжигдэх ба шээсний хүчиллэгийн зэргийг заана.

Системийн хүчил-шүлтийн тэнцвэрээс хамаарч рН=4.5-8 хооронд байна. Бодисын солилцооны хүчилшилттэй өвчтнүүдэд шээсний рН-ийг үнэлэх нь эмнэлзүйн ач холбогдолтой. Ацидемийн үед бөөрний хариу урвал илэрч шээсээр ялгарах хүчлийн хэмжээ ихэсч рН<5-5.3 болж буурдаг. Хүчлийн хэмжээ их өндөр байвал бөөрний сувганцрын хүчилшил байгааг илэрхийлж болно.

Зарим тохиолдолд шээсний рН хүчилшилтийг илэрхийлдэггүй. Жишээ нь уреаз ялгаруулдаг эмгэгтөрөгчийн халдвар болох Протеус мирабилис-ийн үед шээсний рН=7-7,5-с дээш болдог тул шээс хүчилшилттэй байсан ч рН хэвийн гардаг.

Уреаз шээсэндэх шээгийг /мочевин/ аммони (NH3) болгон хувиргадаг. Хендерсон-Хасселбахын тэгшитгэл ёсоор илүүдэл аммони нь шээсний рН-ийг шууд нэмэгдүүлнэ.

                                 [NH3 ]
pH   =     9.3  +  log                           
[NH4+]

Өвөрмөц гравитаци /хүндийн хүч/- Specific gravity — Шээсний осмос чанарыг өвөрмөц гравитацаар тооцож олох ба ингэхдээ тухайн уусмалын жинг ижил хэмжээтэй нэрмэл усны жинтэй харьцуулж олно. Олонхи дипстикүүд өвөрмөц гравитацийг тогтоох чадвартай байдаг. Шээсний өвөрмөц гравитаци осмос чанараас хамаарч 35-40 мосм/кг-эр ихсэх тутам 0.001-ээр нэмэгддэг. Шээсний осмос чанар 280 мосм/кг (энэ нь хэвийн сийвэнтэй изосмос чанартай) байвал шээсний өвөрмөц гравитаци 1.008 эсвэл 1.009 байна.

Шээсний осмос чанар шээсэн дэх хэсгэнцрүүдийн тоо ширхэгээр, харин өвөрмөц гравитаци шээсэн дэх хэсгэнцрүүдийн тоо болон хэмжээгээр тодорхойлогддог нь хэмжилтийн чухал ач холбогдолтой.

Энэ нь хэрэв шээсэнд глюкоз эсвэл радио-контраст зэрэг том молекулууд байгаа үед эмнэлзүйн ач холбогдол өндөр байна. Ийм үед шээсний осмос чанар сийвэнтэй харьцуулахад шингэн байлаа ч өвөрмөц гравитаци 1.03-1.05 хүрнэ /өндөр концентрацитай шээс байгааг илтгэнэ/.

Өвөрмөц гравитаци ≤1.003 бол дээд зэргийн шингэрүүлсэн шээсийг заана (≤100мосм/кг).

Шээсний осмос чанар— Шээсний өвөрмөц гравитаци осмос чанарыг тогтооход ач холбогдолтой ба үүгээр шээсэн дэх ууссан бодисын концентрациийг хамгийн үнэн зөв хэмжинэ (нэгж эзэлхүүн дэх ууссан хэсгэнцрүүдийн тооны үйл ажиллагаа). Сийвэнгийн осмос чанар хэлбэлзэл багатай  (хэвийн: 275-290 мосм/кг) байдаг нь бөөр сийвэнгийн осмос чанараас ялгаатай осмос чанартай шээсийг ялгаруулдагтай холбоотой. Үүнийг антидиуретик даавар нөхцөлдүүлдэг ба энэ нь цуглуулах сувганцарт усны эргэн шимэгдэлтийг болоод шээсний осмос чанарыг нэмэгдүүлдэг.

Ус уусны дараа сийвэнгийн натрийн концентраци болон осмос чанар буурахад антидиуретик дааврын ялгарал, шээсний осмос чанар буурч, усны ялгарал нэмэгдэнэ. Эсрэгээрээ жишээлбэл халуун өдөр дасгал хийж хөлөрөхөд орлуулагдашгүй усны алдагдалд орж сийвэн дэх натри болон осмос чанар ихэсдэг. Ингэснээр антидиуретик дааврын ялгарал, шээсний осмос чанар нэмэгдэж, усны ялгарал багасна.

Эмнэлзүйн ихэнхи тохиолдолд шээсний осмос чанарыг шууд хэмжиж болох бөгөөд өвөрмөц гравитаци ашиглан тооцоолох  шаардлагагүй. Гипонатриеми, гипернатриеми, полиури, бөөрний цочмог гэмтэл илэрч буй өвчтнүүдэд шээсний осмос чанарыг шууд хэмжих нь хамгийн хэрэгтэй.

Глюкоз — Глюкоз нь хэт ислийн үүслийг өдөөдөг ба ингэснээр пероксидазын нөлөөгөөр хромоген задрах урвал орж исэлддэг тул шээсэн дэх глюкоз дипстик тестээр илэрдэг. Гемийг илрүүлдэг дипстик тестийн адил аскорбины хүчил мөн хуурамч сөрөг глюкозурийг зааж болдог. Сийвэнгийн глюкозын хэмжээ хэвийн байхад ойрын тахир сувганцарт глюкозын эргэн шимэгдэлт алдагдах (бөөрний глюкозури) эсвэл сийвэн дэх глюкозын концентраци эмгэгээр ихэсч илүүдэл глюкоз шээсээр гарснаар глюкозури үүсч болно. Бөөрний үйл ажиллагаа хэвийн байгаа өвчтнүүдэд сийвэнгийн глюкозын хэмжээ 180 мг/дл (10 ммольl/Л)-с ихсэхэд глюкозури мэдэгдэхүйц илэрдэг.

Сийвэнгийн глюкозын хэмжээ хэвийн үед глюкозури илэрвэл ойрын тахир сувганцрын эргэн шимэгдэлтийн анхдагч эмгэгийг сэжиглэх хэрэгтэй. Энэ үед глюкозуригээс гадна ойрын тахир сувганцрын нэмэлт эмгэг шинжүүд болох фосфатури (гипофосфатемид хүргэнэ), бөөрний сувганцрын хүчилшил, аминоацидури илэрдэг. Үүнийг Фанконы хамшинж гэж нэрлэх ба түгмэл миелом, хүнд металлын хордлого зэрэг олон янзын өвчний үед мөн зарим эмийн эмчилгээний үед / үүнд: тенофир, ламивудин, цисплатин, валпройны хүчил, амингликозид/ үүсдэг.Түүнчлэн бөөрний глюкоз зөөвөрлөлтийг хариуцдаг гений мутацийн бие даасан гажиг байдлаар глюкозури илэрч болно.

Шээсний тунадас— Шээсний тунадасын микроскопи шинжилгээгээр дипстик тестийн хариуг баталгаажуулж, тодруулдагаас гадна дипстик тестээр илрээгүй бусад бүтцүүдийг тодорхойлох боломжтой тул шээсний шинжилгээний хамгийн чухал хэсэг болдог.

670px-Use-a-Centrifuge-Step-2

Шээсний тунадасыг шинжлэхэд хамгийн багадаа 10 мл хэмжээтэй шээсийг 3000 rpm-т 5 минут центрифугидна. Дараа нь дээд хэсгийн ихэнхийг асгаад, бөмбөлгүүдийг хуруу шилэнд ресуспензлэн /resuspend pellets/ зөөлөн сэгсэрнэ. Дахин суспензлэгдсэн тунадасаас 50 микроЛ орчмыг дусаагуураар авч, тавиур шилэн дээр түрхээд дээрээс нь бүрхүүл шил тавина.

Нэгэн сонгомол арга бол бүрхүүл шилийн 1 буланг хуруу шилийг тонгойлгож байгаад ресуспензлэгдсэн тунадас руу дүрээд 1 дуслыг орчмыг наалдуулж аваад тавиур шилэн дээр тавьж, 2 шилийг нягт давхарлан тавина. Ингэж тунадасын нимгэн давхарга үүсгэнэ.

Цайвар талбайд  (боломжтой бол, фаз- контраст) бинокуляр толгойтой гэрлийн микроскопоор туйлшруулагч филтерийг ашиглана. Хэрэв гэрэл хэт тод бол зарим бүтцүүд харагдахгүй тул гэрлийн эрчмийг тохируулж багасгах хэрэгтэй. Шээсний сорьцыг үнэлэхийн тулд ялгаатай түвшин бүр дэх бүтцүүдийг гараар микроскопоо нарийн тохируулан үнэлнэ. Эхлээд сорьцийг бүхлээр нь нам хүчээр (100x) скан хийхдээ бүрхүүл шилийн ирмэгээр анхааралтай харах хэрэгтэй яагаад гэвэл цилиндрүүд шилний ирмэгээр нүүх хандлагатай байдаг. Бага хүчээр илэрдэггүй бүтцүүдийг өндөр хүчээр (400x) илүү сайн харах боломжтой. Липид ачаалласан элементүүдийг эсвэл талстуудыг хайхдаа туйлшруулсан гэрэл ашиглаж болно.

Шээсний тунадасын шинжилгээг микроскопи дээр мэргэшсэн эмнэлзүйч гүйцэтгэх хэрэгтэй. Мөн чухал бүтцүүдийг тодруулахад гэрэл зургийн шинжилгээ дунд зэргийн ач холбогдолтой гэж бөөрний эмч нар үздэг.

Кристаллури — Шээсэн дэх молекулуудын концентрацийн зэрэг, шээсний рН, талсжилтыг саатуулагчид зэрэг олон янзын хүчин зүйлээс шалтгаалж шээсэнд талстууд үүсдэг. Эрүүл болон тодорхой өвчин эмгэгтэй хүмүүст олон төрлийн талстууд ажиглагддаг.

Crystals

  • Шээсний хүчлийн талстууд – Шээсний хүчлийн талстууд, аморф уратуудын хамт хүчиллэг шээсэнд ажиглагдах ба энэ нь харьцангуй уусамтгай уратын давс уусамтгай бус шээсний хүчил болж хувирснаас үүснэ.
  • Кальцийн фосфат, кальцийн оксалатын талстууд– Кальцийн оксалатын талстууд шээсний рН-н хамааралгүйгээр үүсдэг бол кальцийн фосфатын талстууд харьцангуй шүлтлэг шээсэнд л үүснэ.
  • Цистиний талстууд– Цистиний талстууд зургаан талт хэлбэртэй байдаг нь цистинурийн оношлогоонд ач холбогдолтой.
  • Магни аммоний фосфатын талстууд– Магни аммоний фосфатын талстууд болон кальцийн карбонат-апатит нь струвит чулууны бүрэлдэхүүн хэсгүүд болдог. Хэвийн шээс аммоний фосфатаар бүрэн ханаагүй байдаг. Аммоний үүсэл болон шээсний рН ихэссэнээр фосфатын уусах чадвар буурснаас струвит чулуу үүсдэг. Уреаз ялгаруулдаг шээсний замын эмгэгтөрөгчийн халдварын үед /протеус, клебсиелла/ аммоний үүсэл болон шээсний рН хоёул нэмэгддэг.

Шээсэн дэх талстуудыг ажиглах нь бөөрний чулуу оношлогдсон эсвэл сэжиглэгдэж буй мөн кальцийн оксалат, цистиний чулуу давтан үүсэх эрсдэл өндөр өвчтнүүдэд зайлшгүй шаардлагатай. Түүнчлэн кристаллури дараах эмнэлзүйн практикт ач холбогдолтой.

  • Халдвар хавсарсан магни аммоний фосфатын талстууд илэрсэн үед
  • Этилен гликолын хэрэглээтэй холбоотой кальцийн оксалатын талстууд илэрч, бөөрний цочмог гэмтэл хавсарсан үед
  • Бөөрний цочмог гэмтлийн үед шээсний хүчлийн талстууд их хэмжээгээр үүсч, хавдрын задралын хамшинжтэй хавсарсан бол.

Үргэлжлэл бий.

Эх үүсвэр: www.uptodate.com