Эндометрийн биопси

Маралмаа

Эндометрийн биопси нь Америкийн эх баригч, эмэгтэйчүүдийн эмч нарын коллежоор хүлээн зөвшөөрөгдсөн умайн эдийн бүтцэд үнэлгээ өгөх аргууд, тэр дундаа эндометрт үнэлгээ өгөх аргуудын нэг юм.

 Заалт

Эндометрийн биопси хийх заалтуудад: хэвийн бус умайн цус алдалт, сарын тэмдгийн мөчлөгийн дараах цус алдалт, 1 жил үргэлжилж буй аменоррей зэрэг багтдаг бол нэмэлт заалтуудад сарын тэмдгийн мөчлөгийн үе шатыг тогтоохын тулд эндометрийн огноог тодорхойлох, үргүйдлийг илрүүлэх, даавар эмчилгээнд умайн хариу үйлдлийг тодорхойлох зэрэг багтана. Эдгээрээс гадна эндометрийн биопси нь Папаниколаоу (РАР) түрхэцээр хэвийн бус булчирхайлаг эс тодорхойлогдсон болон өмнө нь эндометрийн гиперплази оношлогдож байсан эмэгтэйчүүдэд заалтаар хийгддэг. Радиологичдийн нийгэмлэг эндометрийн биопси болон трансвагинал ультрасонографи аль аль нь цэвэршилтийн дараах цус алдалтыг үнэлэхэд хамгийн эхний  сонголтын, үр дүнтэй оношилгооны аргууд байх болно хэмээн тодорхойлсон байдаг. (1) Трансвагинал ультрасонографын мэдрэг чанар болоод өвөрмөц чанар нь радиологич эмчийн ашиглаж буй босго зузаан нь 4мм эсвэл 5мм эсэхээс хамаардаг төдийгүй сарын тэмдгийн мөчлөгийн өмнөх хэвийн бус цус алдалт бүхий эмэгтэйчүүдийн хувьд трансвагинал ультрасонографи нь ач холбогдол багатай. (2) Мөн эндометрийн карциномагийн тархалт 15 буюу түүнээс дээш хувьтай байхад эндометрийн биопси нь трансвагинал ультрасонографигаас өртгийн хувьд ашигтай сонголт юм.(3)

 Эсрэг заалт

Эндометрийн биопси хийхийг хориглох хэд хэдэн тусгай заалтууд байдаг бөгөөд үүнд: жирэмсэн, цочмог аарцгийн хөндийн үрэвсэлт эмгэгтэй, бүлэгнэлтийн алдагдалтай, умайн хүзүүний хурц халдвартай болон умайн хүзүүний хавдартай байх багтана.

 Хэрэглэгдэх багаж

Эндометрийн биопси хийх ажиллагаа нь тодорхой үе шатуудаас тогтох бгөөд эхний хэсэгт багажуудаа бэлтгэх бөгөөд үүнд бээлий, лубрикант гель, үтрээний толь, формалин бүхий сав, том хөвөн тампонууд болон үрэвслийн эсрэг дааврын бус бэлдмэл, 20% бензокайны цацлага эсвэл 20% бензокайны гель, 2% – ийн лидокайн 5сс зэрэг мэдээгүйжүүлэх, өвчин намдаах эмүүд багтана. Багажаа бэлтгэсний дараа ажилбарын ариун хэсгийг эхлүүлэхийн тулд ариун бээлий өмсөнө. Ажилбарт цагираг чимхүүр (ring forceps – абортцанг) (Зураг №1), хлоргексидин эсвэл повидин иодоор норгосон самбай , суман хавчуур (tenaculum forceps) (Зураг №2), умайн зонд, эндометроос сорьц авах катетр, соруулах хэрэгсэл болон умайн хүзүү тэлэгч багажууд ашиглагдана.  Уян гуурс (Pipelle)(Зураг №3), гар вакум соруул, гинекологийн зүү болон эндометрийн сойз гэх мэт эндометрээс шинжлэгдэхүүн авах олон төрлийн багаж бий. Дээрхи аргууд нь бүгд ижилхэн баталгаатай, үр дүнтэй аргууд юм. Уян гуурс ашигладаг арга нь өвчтөнд хамгийн зовиур багатай арга юм.

img_McLeanForceps_08a

Зураг №1 – Абортцанг 

Зураг №2

Зураг №2 – Суман хавчуур

Зураг №3 Pipelle - Уян гуурс

Зураг №3 Pipelle – Уян гуурс

Бэлтгэл ажил

Шинжилгээний төлөвлөгөө гаргах болон өвчтөнг шинжилгээнд илгээх үед өвчтөнд ажилбарын тухай тайлбарлана. Ажилбарын арга техник нь РАР түрхэц авахад хийгддэг ажилбартай ижил бөгөөд хэд хэдэн нэмэлт хэсэг агуулсан байдаг гэдгийг тайлбарлах хэрэгтэй. Тэдгээр нэмэлт хэсгүүдэд нь суман хавчуураар умайн хүзүүг  хавчих, умайн хүзүүг тэлэх , эндометрээс эд авах зэрэг багтана. Дурдагдсан ажилбаруудын үед сарын тэмдгийн үед мэдрэгддэгтэй ижил өвдөлт мэдрэгдэж болно. Өвчтөнд ажилбараас 30-60 минутын өмнө үрэвслийн эсрэг дааврын бус бэлдмэл уухыг зөвлөх хэрэгтэй.

 Ажилбар

Эндометрийн биопси нь үзлэгийн өрөөнд хийж болох харьцангуй энгийн ажилбар юм. Эмч 8 минутын дотор гүйцэтгэх боломжтой. Дээр дурдсанчилан ажилбарын эхний хэсэгт багажаа бэлтгэсний дараа ажилбарт шилжинэ. Гараа угаасны дараа , үзлэгийн бээлийг өмсөж хоёр гарын үзлэгээр ажилбарыг эхлэх ба ингэхдээ умайн байрлал болон хэмжээнд үнэлгээ өгнө. Дараа нь толио тавьж умайн хүзүүний байдлыг үнэлнэ. (4) Хэрвээ Рар түрхэц эсвэл өсгөвөр авах шаардлагатай бол ажилбарыг үргэлжлүүлэлгүйгээр сорьцийг энэ үед авах нь зүйтэй.  Дараа нь бензокайны гель эсвэл цацлагаа цацна. Үүний дараа эмч гараа дахин угааж бээлийгээ солин шинэ ариун бээлий өмсөх хэрэгтэй. Хлоргексидин глюканот эсвэл повидин иодоор умайн хүзүүг цэвэрлэж арчина. Өвчтөн повидин иодод харшилтай бол бактерийн эсрэг саван, ус, спирт ашиглаж болно. 18G  хэмжээтэй катетрийн зүү ашиглан, 2% лидокайн 5сс –г умайн хүзүүгээр  дамжуулан умайн хөндийд тарина. Лидокайн буцаж урсахаас сэргийлэх улмаар  мэдээгүйжүүлгийг үр дүнтэй болгохын тулд катетрийг умайд 3 минутын турш байлгана. (5) Умайн хөндийд зондыг ойролцоогоор 6-10 см орчим гүн оруулна. Умайн ёроолын эсэргүүцэл мэдрэгдэх үед умайн зонд тэмдэглэгдсэн хэсэг хүртэл бүтнээрээ орсон байдаг. Үүнээс гадна умайн зондыг суман хавчуурын  оролцоогүйгээр умайн хүзүүний амсараар оруулж болно. Хэрвээ зондыг умайн хүзүүний амсараар дамжуулж чадахгүй бол суман хавчуураар умайн хүзүүний урд захаас хөндлөн байдлаар (умайн хүзүүний талаас 10, 2 цагийн байрлалд )  хавчаад умайн хүзүүний сувгийг тэгшлэхийн тулд суман хавчуураар зөөлөн татаж өгнө. (Зураг №4)

Зураг №4

Зураг №4

 Суман хавчуураар татаж байхдаа аажмаар зондыг оруулна. Хэрвээ умайн хүзүүний амсараар дамжуулан зонд оруулах боломжтой бол жижиг хэмжээтэй умайн хүзүү тэлэгчдийг (1-4мм) сувгийг тэлэхэд ашиглаж болно. Умайн хүзүүний амсар одоо хангалттай хэмжээгээр тэлсэн байх ба уян гуурсыг  амсараар оруулж  (Зураг №5) эсэргүүцэл мэдрэгдэх хүртэл урагшлуулна. Тэрхүү мэдрэгдэх эсэргүүцэл нь умайн зондтой ижил хэмжээний гүнд байрлана. Дараа нь соруулахын тулд уян гуурсны голд байрлах голыг (piston)  татна. Улмаар эндометрийн дөрөв хуваасан тойрог тус бүрээр уян гуурсыг дотогш, гадагш ,360 градус эргүүлэх хөдөлгөөнөөр сорьц цуглуулах боломжтой. Дөрвөөс илүү эргэлт хийхгүй байх нь тохиромжтой. Мөн ажилбараа бүрэн дуусгах хүртэл гадна амсараас гадагш гаргаж болохгүй. Уян гуурсыг формалиний уусмалд цэвэрхэн хадгалж бохирдуулахгүй байж чадвал сорьц цуглуулах ажилбарыг дахин давтан гүйцэтгэж болно. Суман хавчуурыг авч, хавчуур тавьсан тухайн хэсэгт  цус гарахаас сэргийлэн хөвөн тампон тавьж болох ба дараа нь толийг авна.

Зураг №5

Зураг №5

 Ажилбарын дараах хяналт

Ажилбарын дараа өвчтөнд вазовагал хам шинж илрэхээс сэргийлэн үзлэгийн орон дээр хэдэн минутын турш хагас хэвтээ байдалтай  хэвтүүлнэ.  Өвчтөн боссоныхоо дараа толгой эргэх шинж илэрч байгаа эсэх болон цус алдаж буй эсэхийг сайтар нягтлах хэрэгтэй. Эмгэг анатомийн хариуг мэдэгдэх зорилгоор өвчтөнтэй дараагийн уулзалтыг товлоно. Ажилбар дуусах үед ажилбарын үед хавчихад мэдрэгдэх өвдөлт ихэнхидээ арилсан байдаг ба хэрвээ өвчтөн ажилбарын өмнө үрэвслийн эсрэг дааврын бус бэлдмэл уусан хэдий ч ажилбарын дараа дахин өвдөлт мэдрэгдвэл зохих хугацааны дараа дахин нэг тунг ууж болно. Өвчтөнд өдөр тутмын хэвийн үйл ажиллагаагаа үргэлжлүүлж болох хэдий ч биеэ анхаарч хянамгай байхыг зөвлөх хэрэгтэй. Мөн 14 хоногийн турш тампон хэрэглэх болон бэлгийн харьцаанд орохоос зайлсхийх хэрэгтэйг сануулна. Хэрвээ өвчтөнд халуурах, 48 цагаас илүү хугацаагаар өвдөлт мэдрэгдэх, өвдөлт нэмэгдэх, хэвийн сарын мөчлөгийн үед үзэгддэг хэмжээнээс ихээр цус алдах болон эвгүй үнэр гарах зэрэг өөрчлөлтүүд ажиглагдвал яаралтай эргэж холбоо барих хэрэгтэйг анхааруулна. Их хэмжээтэй цус алдах (оношлогдоогүй бүлэгнэлтийн алдагдлын шалтгаантай ), умай цоорох, аарцгийн хөндийн халдвар , бактереми зэрэг нь цөөн  хувьд нь тохиолддог.

 Тулгамдсан асуудал

Эндометрийн биопси хийхийн тулд хэд хэдэн асуудлыг бодолцох хэрэгтэй байдаг. Юуны өмнө сарын тэмдгийн мөчлөгийн өмнөх эсвэл дараах үед катетр нарийссан амсараар дамжих хүндрэлтэй байх нь бий. Дээрхи тохиолдолд далайн замагнаас гаралтай 3мм осмотик ламинарийг байршуулах ба ингэснээр хэдэн цагийн дотор умайн хүзүүний амсар тэлэгддэг. Энэ аргыг хэрэглэхдээ тэлэгчийг өглөө хэрэглээд өдөр нь ажилбараа гүйцэтгэвэл тохиромжтой. Үүнээс гадна ажилбар хийлгэхээс өмнөх 4-5 хоногийн туршид өдөр бүр эстрогений тосон түрхлэг түрхэх болон парацервикал хориг хийх аргуудыг ашиглаж болно. Хоёрдахь асуудал бол авсан сорьц хангалттай хэмжээнд хүрэхгүй байх явдал юм. Ийм үед дахин ажилбарыг гүйцэтгэнэ. Авсан сорьцийг формалинруу хоослох үедээ уян гуурсыг бохирдуулахгүй байх нь маш чухал. Хэрвээ уян гуурсыг дахин хэрэглэхээр төлөвлөж байгаа бол формалинд хүргэхээс болгоомжилно. Гуравдугаарт суман хавчуур тавих үед өвчтөн өвдөлт мэдэрч болох ба энэ үед бензокайны цацлага эсвэл гелийг хэрэглэж болно.

Дүгнэлт

Эндометрийн биопси нь энгийн үзлэгийн өрөөнд гүйцэтгэж болохуйц умайн эдэд үнэлгээ өгөх өндөр үр дүнтэй арга юм. Америкийн эх баригч, эмэгтэйчүүдийн эмч нарын коллеж энэхүү аргыг сарын тэмдгийн мөчлөгийн дараах цус алдалт, умайн даавар эмчилгээний хяналт, хэв шинжит бус булчирхайлаг эсүүд илэрсэн тохиолдол зэрэг эмгэгүүдийн үед ашиглахыг зөвлөдөг. Хүндрэл маш ховор тохиолддог, энгийн арга техникээр хийгддэг оношилгооны арга юм.


Эх сурвалж :  Endometrial Biopsy . n engl j med 361;26 nejm.org december 24, 2009

  1. Evaluation of the woman with postmenopausal bleeding: Society of Radiologists in Ultrasound-Sponsored Consensus Conference statement. J Ultrasound Med 2001;20:1025-36.
  1. Breitkopf DM, Frederickson RA, Snyder Detection of benign endometrial masses by endometrial stripe measurement in premenopausal women. Obstet Gynecol 2004;104:120-5.
  1. Dijkhuizen FP, Mol BW, Brolmann HA, Heintz AP. Cost-effectiveness of the use of transvaginal sonography in the evaluation of postmenopausal bleeding. Maturitas 2003;45:275-82.
  1. Edelman A, Anderson J, Lai S, Braner DA, Tegtmeyer K. Pelvic examination. N Engl J Med 2007;356(26):e26. (Available at NEJM.org.)
  1. Dogan E, Celiloglu M, Sarihan E, Demir A. Anesthetic effect of intrauterine lidocaine plus naproxen sodium in endometrial biopsy. Obstet Gynecol 2004; 103:347-51.