Хамар-залгиурын арчдасын сорьц авах (бичлэгтэй)

Дотрын өвчин судлал
Namuuntuul Ринченханд Ayush

1.Тойм ойлголт

Насанд хүрэгчид, хүүхдэд Ковид-19 халдварын оношилгоонд хамар залгиурын арчдасаар амьсгалын замын салстын гадаргуугаас сорьц цуглуулах аргыг хэрэглэдэг. Мөн   бусад вирус,бактериар үүсгэгдсэн амьсгалын замын халдварын шижигтэй тохиолдлуудад ч мөн ашигладаг байна. Энэхүү видео нь Ковид-19-г илрүүлэх зорилгоор хамар залгиурын сорьц цуглуулах аргыг тайлбарлах болно.

Хамар залгиурын арчдасаар сорьц цуглуулахад онцгой эсрэг заалт байхгүй. Гэсэн хэдий ч эмч мэргэжилтнүүд ойрын хугацаанд хамрын гэмтэл эсвэл мэс засалд орсон, хамрын таславч муруйлттай, хамрын хөндийн архаг бөглөрөлт эсвэл хүнд зэргийн коагулопатийн өгүүлэмжтэй өвчтөнд болгоомжтой хандаарай.

2. Бэлтгэл ажил , багаж хэрэгсэл

Хамар залгиурын арчдасын бамбарыг зориулалтын буюу хуванцар эсвэл метал, урт, уян хатан иш, полиэстер, район эсвэл нейлонон материаланүзүүртэй үйлдвэрлэдэг. Танд хамар залгиурын арчдасын бамбараас гадна хувийн хамгаалалтын хэрэгсэл болох нэг удаагийн өмсгөл, бээлий, маск, нүүрний хаалт хэрэг болно.

Билчэг №1 Хамар-залгиурын арчдас авах аргачлал Эх сурвалж: Nejm.org

Хувийн хамгаалалтын хэрэгслийг өмсөх үедээ CDC буюу ӨВЧНИЙ ХЯНАЛТ СЭРГИЙЛЭЛТИЙН ТӨВ болон таны ажиллаж буй эрүүл мэндийн байгууллагаас гаргасан халдвар хамгааллын удирдамжийг дагах нь маш чухал юм. Хэрэв боломжтой бол халдвар хамгааллын дэглэмийг зөрчиж буй эсэхийг хянуулах зорилгоор ажиглагч  байлгаж хувийн хамгаалалтын хэрэгслүүдийг өмсөж, тайлаарай .

Эхлээд хамгаалах өмсгөлийг өмсөөд гараа сайтар савандаж угаана эсвэл спиртэн суурьтай халдваргүйжүүлэгч уусмал ашиглаж болно. Нэг удаагийн бээлий өмссөний дараа N95 болон түүнээс дээш шүүх чадвартай хамгаалах маск зүүнэ. Хамгийн сүүлд нүүр болон нүдээ хамгаалах зорилгоор нүүрний хаалт зүүнэ. Сорьц авахаас өмнө бүх сорьцийн савуудыг хаягласан, мөн шаардлагатай маягтуудыг бөглөсөн эсэхийг нягтлаарай.

3. Сорьц авах үйл явц

Ковид-19-н халдвар авсан бүх сэжигтэй өвчтөнд маск зүүлгэх шаардлагатай. Өвчтөний маскийг авахуулж, сальфетканд хамрыг нийлгүүлж хамрын хөндийг цэвэрлүүлнэ. Бамбарыг уутнаас гаргана. Өвчтөний толгойг хойш бага зэрэг гэдийлгэнэ. Ингэснээр хамрын хөндийд илүү хялбар хүрэх боломжтой. Тухгүй байдлыг хөнгөвчлөх зорилгоор өвчтөний нүдийг аниулна. Бамбарыг хамрын таславч дагуу зөөлнөөр залгиур хүртэл буюу эсэргүүцэл мэдрэгдтэл оруулна. Бамбар оруулах замд эсэргүүцэлтэй тулгарвал буцаж гарган өөр өнцгөөс, хамрын хөндийн доод ханатай ойролцоо байхаар дахин хийж үзээрэй. Бамбарыг хамрын нүхээр тагнайтай паралел байдлаар оруулна.  Бамбар хамрын нүхээс гадна чих хүртэлх зайтай ижил гүнд хүрэх хэрэгтэй. ӨВЧНИЙ ХЯНАЛТ СЭРГИЙЛЭЛТИЙН ТӨВ хамрын салстын шүүрлийг шингээхийн тулд бамбарыг тухайн хүрсэн газартаа хэдэн секунд байлгаж дараа нь удаанаар эргүүлэн авахыг зөвлөдөг . Таны ажиллаж буй эрүүл мэндийн байгууллага ч мөн бамбарыг тухайн хүрсэн хэсэгтээ хэд хэдэн удаа эргүүлсний дараа авахыг зөвлөх байх. Сорьц авч дууссны дараа өвчтөнд дахин маскийг нь зүүлгэнэ үү.

4. Сорьцтой харьцах нь

Сорьц цуглуулах саваа онгойлгоод хөвөн бамбараа хийнэ. Хөвөн бамбарыг ховилтой хэсгээр нь хугалж, хаягласан сорьц цуглуулах саваа таглана, хөвөн бамбарынхаа хугалж авсан хэсгийг хаяна. Сорьцын савны гадаргуугаа халдваргүйжүүлэгчээр арчина. Туслагчийн барьж буй био-аюултай уутанд сорьцны саваа хийнэ. Тухайн байгууллагын туршлагаас хамааран сорьцоо анхны сав баглааруу нь эргүүлэн хийж тээвэрлэж болно. Сорьцыг шууд боловсруулах эсвэл хөргөлттэй буюу хөргөлтгүй зөөвөрлөгчид байршуулахдаа ӨВЧНИЙ ХЯНАЛТ СЭРГИЙЛЭЛТИЙН ТӨВ – ийн зөвлөмжийг дагана уу.

5. Хувийн хамгаалах хэрэгслээ тайлах

Хувийн хамгаалах хэрэгслээ дээр үзүүлсний дагуу эсвэл өөрийн байгууллагынхаа стандартын дагуу тайлна уу. Эхлээд өмсгөл болон бээлийгээ тайлна. Гараа спиртэнд суурилсан уусмалаар ариутгах эсвэл савандаж угаана. Шинэ бээлий өмсөөд нүүрний хамгаалалтаа тайлна. Үүнийгээ устгалд оруулна эсвэл байгууллагын удирдамжийн дагуу ариутгаад хадгална. Бээлийгээ тайлаад дахин гараа угаана. Дахин шинэ бээлийн өмсөөд амны хаалтаа тайлна. Мөн шууд устгана эсвэл байгууллагын удирдамжийн дагуу дахин ашиглана. Төгсгөлд нь бээлийгээ тайлаад гараа угаана.

6. Хураангуй

Энэхүү бичлэг нь насанд хүрэгчид,хүүхдийн хамар залгиураас арчдас авч КОВИД-19 оношлох зорилгоор амьсгалын замын салст бүрхүүлийн гадаргуу дээрээс сорьц авч цуглуулах талаар үзүүлсэн. Тохирсон хувийн хамгаалах хэрэгслийг ашиглах, зохих арга техник ашиглан вирус тархах боломжийг багасгах нь чухал юм.


Эх сурвалж:


Francisco M. Marty, M.D., Kaiwen Chen, B.S., and Kelly A. Verrill, R.N. “How to Obtain a Nasopharyngeal Swab Specimen” May 28, 2020 N Engl J Med 2020; 382:e76 DOI: 10.1056/NEJMvcm2010260