Ханиад томуу гэж юу вэ?

Мягмарсүрэн Namuun

Ханиад томуу гэж юу вэ — Томуу нь халуурах, ханиалгах, булчин өвдөх болон бусад шинж тэмдгээр илэрдэг амьсгалын замын халдвар юм. Томуугийн олон төрлийн хэлбэр байх ба улирлын, цар тахал хэлбэр /2009 – 2010 онд H1N1 хэв шинжит томуугийн цар тахал болсон/, шувууны ханиад гэх мэтээр нэрлэнэ. Томуугийн аль ч хэлбэр нь вирусын шалтгаантай. Эмнэлзүйд “инфлуенза буюу томуу” гэж нэрлэдэг байна.

Томуугийн цар тахал гэж юу вэ?  — Томуугийн вирусын шинэ омог бий болж дэлхийн өөр өөр бүс нутагт олон хүмүүст халдвар тархахыг томуугийн цар тахал гэж нэрлэнэ. Томуугийн цар тахал нь улирлын томуугаас илүү хорон явцтай. Хамгийн сүүлд 2009 – 2010 онд томуугийн цар тахал болж өнгөрсөн.

Томуугийн хамгийн түгээмэл тохиолдох шинж тэмдэг?  — Бүх төрлийн томуугийн үед:

  • Халуурах (Биеийн хэм 37.8ºC ба түүнээс дээш)
  • Ханиах
  • Толгой ба булчин өвдөх
  • Хоолой сөөх
  • Нус гоожих

Томуу аюултай юу — Аюултай байж болно. Ихэнх хүмүүст томуу хүрсэн ч ямар нэгэн хүндрэлгүй эдгэдэг. Гэвч зарим хүмүүс ханиад томуугийн улмаас эмнэлэгт очих шаардлага гарна. Зарим хүмүүс томуугийн улмаас нас барах ч тохиолдол бий. Учир нь томуу нь уушгины хатгалгаа үүсгэх аюултай билээ. Тийм ч учраас томуу гарсан л бол эхний газар нь халдварыг таслан зогсоох нь чухал.

Томуугаас хэрхэн сэргийлэх вэ — Та халдвар авах эсвэл халдвар дамжуулахаас сэргийлж дараах зүйлсийг хэрэгжүүлээрэй:

  • Гараа тогтмол угаах эсвэл спиртэн суурьтай гар ариутгах бодис хэрэглэх
  • Ханиад томуутай хүнээс хол байх
  • Амны хаалт зүүх
  • Томуугийн эсрэг вакцинд хамрагдах
  • Ханиах найтаах үедээ амны хаалт хэрэглэх

44128287-flu-symptoms-and-influenza-health-concept-infographic-element-vector-flat-icons-cartoon-design-illus-stock-vector

Хэрвээ надад ханиад томуу хүрсэн бол яах вэ — Хэрвээ та ханиад хүрсэн бол гэртээ байж, сайн амарч, хангалттай хэмжээгээр шингэн зүйл уух хэрэгтэй. Өвдөлт ба халууралтыг намдаахын тулд парацетамол ууж болно.

Аспирин эсвэл аспирин агуулсан эмийн бэлдмэлийг 18 – аас доош настай хүүхдэд өгч болохгүй. Хүүхдүүдийн хувьд, аспирин нь Рей хам шинж /Reye syndrome/ гэх ноцтой өвчний шалтгаан болох магадлалтай.

Ихэнх хүмүүс ханиад томуу хүрсэн ч 1 – 2 долоо хоногийн дараа ямар нэгэн эм хэрэглэхгүйгээр гэртээ амарч, хоол ундаа сайн идэж, халуун бүлээн зүйл уух замаар эдгэх боломжтой. Гэвч танд дараах зовиурууд илэрвэл эмнэлэгт хандаарай. Үүнд:

  • Амьсгаадах эсвэл амьсгалахад төвөгтэй байх
  • Цээжээр хүнд оргих эсвэл өвдөх
  • Гэнэт толгой эргэх
  • Ухаан балартах
  • Маш ихээр бөөлжих
  • Суулгах
  • Ядрах

Хэрвээ хүүхдэд тань дараах шинжүүд илэрвэл эмчид очиж үзүүлээрэй:

  • Амьсгал нь олшрох эсвэл амьсгалахад төвөгтэй байвал
  • Арьс нь хөхрөх эсвэл сааралтах
  • Хангалттай хэмжээгээр шингэн уухгүй байх
  • Орчиндоо харьцаагүй болох буюу дуудахад тань сэрэхгүй таньтай харилцаа үүсгэхгүй бол
  • Идэвхгүй болж нурмайх, унжийн нозоорох
  • Ханиалга, халууралт намдахгүй бол
  • Халуурахын зэрэгцээ тууралт гарвал

Хэрвээ та эмнэлэг явахаар шийдсэн бол амны хаалт заавал зүүгээрэй. Энэ нь та өөрийгөө болон бусдад халдвар тараахаас сэргийлж буй чухал алхам болно.

Томуу эмчлэгдэх үү — Тийм ээ, томуу туссан хүмүүст вирусийн эсрэг эмийн бодис хэрэглэнэ. Эдгээр эмийн зүйл нь томуугийн шалтгаанаар үүссэн эмнэлзүйн шинжүүдийг дарах үйлдэлтэй. Ханиад томуу хүрсэн хүн бүр вирусын эсрэг эм хэрэглэх шаардлагагүй юм. Танд вирусын эсрэг эм уулгах эсэхийг таны эмчлэгч эмч шийднэ.

АНТИБИОТИК ТОМУУГИЙН ЭСРЭГ ЯМАР Ч ҮЙЛДЭЛ ҮЗҮҮЛЭХГҮЙ.

Хэрвээ би жирэмсэн бол яах вэ — Жирэмсэн хүмүүст томуу тусах нь аюултай байж болно. Хэрвээ та жирэмсэн бол томуугийн эсрэг вакцинд заавал хамрагдаарай. Түүнчлэн, томуутай хүмүүсээс зайлсхийх хэрэгтэй. Жирэмсэн хүмүүст томуугийн шинж тэмдэг илүү хорон явцтай байдаг. Эртхэн арга хэмжээ авахгүй бол эх ба урагт ноцтой хүндрэл үүсгэх боломжтой. Хэрвээ танд дээр дурдсан шинжүүд илэрвэл эмнэлэгт яаралтай очоорой. Хэрвээ та жирэмсэн ба томуу туссан бол танд вирусын эсрэг эм хэрэглэх зайлшгүй шаардлага гарна гэдгийг санаарай.


Эх сурвалж: Uptodate.com. Patient information: Flu (The Basics)