Нүд болон хараатай холбоотой 10 худал зүйл

Нүд судлал
Battuya

1. Эцэг эх нь бор нүдтэй бол хүүхэд нь цэнхэр нүдтэй төрөх боломжгүй.

Үнэндээ эцэг эхийнх нь нүдний өнгөөр хүүхдийн нүдний өнгийг таамаглах боломжгүй. Учир нь нүдний өнгийг 16 ген кодолдог учраас эцэг эх нь адилхан өнгөтэй нүдтэй байсан ч хүүхэд нь өөр өнгийн нүдтэй төрж болно.

2. Лууван идсэнээр хараагаа сайжруулах боломжтой.

Витамин А нь эрүүл хараатай байхад шаардлагатай витамин бөгөөд лууванд их хэмжээтэй агуулагддаг. Гэвч хүний биед витамин А-н хэрэгцээ маш бага байдаг. Мөн ногоон навчит ургамлууд, цайвар өнгийн хүнсний ногоо, цагаан идээ, загас зэргээс витамин А-г авах боломжтой. Витамин А-гаар баялаг хоол хүнс хэрэглэх нь хэвийн хараагаа хадгалахад нөлөөлж болох боловч харааг сайжруулж, шил зүүх шаардлагагүй болгохгүй гэдгийг ойлгох хэрэгтэй.

3. Нүдний дасгал хийснээр хараагаа сайжруулах боломжтой.

Нүдний дасгалууд хийснээр хараа сайжирч, шил зүүхээ болихгүй. Хүний харааны чадал нь маш олон зүйлээс шалтгаалдаг бөгөөд алинд ч нь дасгал нөлөөлж чадахгүй. Харин хүн ойрыг харах үед нүд бага зэрэг дотогшлох хөдөлгөөн хийдэг. Ийм дотогшлох хөдөлгөөний эмгэгтэй өвчтөнүүд дасгал хийснээр сайжрах магадлалтай байдаг.

4. Хэрвээ зориудаар хялар хараад байвал тэр чигээрээ тогтдог.

Нүдний булчингууд таны нүдийг бүх чиглэлд хөдөлгөх боломж олгодог. Тиймээс  зориудаар хялар харсан ч тэр чигээрээ үлдэхгүй. Мөн цочоосноос болоод хялар үүсэхгүй. Хялар өвчин нь харааны шилний гажиг, булчин эсвэл мэдрэлийн гэмтэл болон нүдний өвчний улмаас үүсдэг.

5. Өнгө ялгадаггүй хүмүүс зөвхөн хар цагаанаар хардаг.

Өнгөний харалганы хүнд хэлбэрийн үед бүх зүйл саарал өнгөтэй харагддаг ч маш ховор тохиолддог. Ихэнх өнгөний харалган хүмүүс улаан болон ногоон өнгийг ялгаж чаддаггүй.

6. Зурагтны өмнө ойрхон суух нь нүдийг гэмтээдэг.

Зурагтны өмнө ойрхон суух нь нүд ядрах шалтгаан болж улмаар толгойн өвдөлт үүсгэдэг боловч хүүхэд болон насанд хүрэгчдийн нүдийг гэмтээхгүй. Харин байнга зурагтны өмнө ойрхон суух нь хараа мууг байгааг илтгэх учраас нүдний эмчид үзүүлэх хэрэгтэй.

7. Харанхуйд ном унших нь нүдэнд муу.

Харанхуйд ном уншсанаар нүдэнд муу биш. Гэвч гэрэлтүүлэг сайн байх нь уншихад илүү хялбар бөгөөд нүд хурдан ядрахаас сэргийлнэ.

8. Харааны шил нь хараа муутгаж, харааны шилний хамааралтай болгоно.

Харааны шил зүүснээр хараа муудах эсвэл бусад нүдний өвчин үүсгэхгүй. Хэрвээ харааны шил зүүх шаардлагатай бол шилээ зүүснээр нүд ядрахаас сэргийлэхээс гадна тод харах боломж олгодог. Хүүхдүүдийн хувьд харааны шилээ зүүх нь харааны хөгжилд чухал нөлөөтэй.

9. Компьютерын ард удаан суух нь нүдэнд хортой.

Худлаа, харин тасралтгүй удаан хэрэглэснээр нүд ядрах болон нүдний хуурайшилт үүсэх шалтгаан болдог. Тиймээс 20 минут тутамд амралт авч 20 секунд холыг харах хэрэгтэй. Мөн нүдээ аль болох цавчилж шаардлагатай үед хиймэл нулимс дусаах хэрэгтэй.

10. Нүд шилжүүлэн суулгаж болно.

Нүдийг бүтнээр нь шилжүүлэн суулгах боломжгүй. Учир нь нүд харааны мэдрэлээр тархитай холбогддог. Харааны мэдрэл нь 1 сая бичил мэдрэлийн ширхгүүдээс тогтох учир буцааж залгах боломжгүй. Харин эвэрлэг бүрхүүлийг шилжүүлэн суулгаж болдог.

Ном зүй

www.aao.org