Витамин Д дутлын эмчилгээ

Мягмарсүрэн Namuun

Витамин Д – н дутагдал — Витамин Д – н түвшин бага (25(OH)D <20 нг/мЛ (50 nmol/L)) эсвэл рахиттай хүүхдүүдэд витамин Д нөхөх эмчилгээ хийнэ. Эмнэлзүйн туршилгаар витамин Д нөхөх эмчилгээний олон төрлийн хувилбар бий. Бидний туршлагаас витамин Д – н дараах тунг зөвлөж байна:

  • Нярай <1 сар: 1000 ОУН/өдөр тунгаар зургаан долоо хоног өгөөд барих тунг хамгийн багадаа 400 ОУН/өдөр тунгаар үргэлжлүүлэн өгнө.
  • 1 сараас 12 сартай хүүхэд: 1000 – 2000 ОУН/өдөр тунгаар зургаан долоо хоног өгөөд барих тунг 400 ОУН/өдөр тунгаар үргэлжлүүлнэ.
  • 12 сараас дээш настай хүүхэд: 2000 ОУН/өдөр тунгаар зургаан долоо хоног эсвэл 50,000 ОУН тунгаар долоо хоног бүр, нийт зургаан долоо хоног өгөөд барих тунг 600 – 1000 ОУН/өдөр тунгаар үргэлжлүүлэн өгнө.
  • Таргалалтай, шимэгдэлтийн өвчтэй, витамин Д – н бодисын солилцоонд нөлөөлөхүйц эмийн хэрэглээтэй хүүхдүүдэд илүү өндөр тунгаар өгөх шаардлага гарч болно. Барих тун ч мөн арай өндөр байна.

Эмчилгээний тунгаар хэрэглээд 25(OH)D – н концентраци хэвийн хэмжээнд хүрэхгүй бол витамин Д – г илүү өндөр тунгаар хэрэглэх шаардлагатай. Энэхүү тунг нарийвчлан тооцоогүй бөгөөд одоо судалгааны шатандаа байна. Нэгэн судалгаагаар, витамин Д – н суурь түвшин 25(OH)D <20 нг/мЛ  байсан насанд хүрэгчдэд витамин Д3 – г 5000 ОУН тунгаар өгөхөд, 2000 ОУН нэгж өгөхөөс илүү үр дүнтэй байж 3 сарын дотор 25(OH)D түвшин >30 нг/мЛ болжээ. 2000 ОУН тунгаар эмчлэгдэж байсан хүмүүсийн 45%, 5000 ОУН тунгаар эмчлүүлэгсэдийн 93% – д витамин Д – н түвшин хангалттай хэмжээнд хүрчээ.

Бамбайн дэргэдэх булчирхайн дааврын түвшин нэмэгдсэн, рахит батлагдсан бол кальцийн бэлдмэлийг витамин Д – тэй хавсарч өгнө. Витамин Д – н түвшин нэмэгдэж, бамбайн дэргэдэх булчирхайн даавар хэвийн түвшинд хүрвэл ясны шимэгдэлтийг дарангуйлж, түүний эрдэсжилтийг нэмэгдүүлснээр гипокальциэми үүсгэх боломжтой ба үүнийг өөрөөр “өлсгөлөн ясны /hungry bone syndrome/ хам шинж” гэж нэрлэх нь ч бий. Тиймээс, кальцийг витамин Д – тэй хавсарч өгөх шаардлагатай ба 30 – 70 мг/кг/өдөр тунгаар өдөрт 2 эсвэл 3 хувааж 2 – 4 долоо хоногийн турш буюу витамин Д – н тунг барих тунд шилжтэл өгөх хэрэгтэй.

Гипокальциэмийн шинжүүд (уналт, таталт гэх мэт) илэрсэн хүүхдүүдэд кальцийн глюконатийг 10 – 20 мг/кг тунгаар уулгах буюу 10% – н кальцийн глюконатийг 1 – 2 мл/кг тунгаар судсаар 5 – 10 минутын турш аажим тариж болно.

Витамин Д – г витамин Д2 (эргокальциферол) эсвэл витамин Д3 (холекальциферол) аль аль хэлбэрээр өгч болно. Витамин Д3 ба Д2 хоорондын хүчний талаар зөрөөтэй ойлголтууд байдаг. Ер нь бол уг хоёр хэлбэрийг өөр хооронд нь орлуулан хэрэглэж болох ч зарим судалгаагаар витамин Д3 нь витамин Д2 – оос илүү хүчтэй буюу 2 – 3 дахин илүү хуримтлал үүсгэдэг гэж үзэж байна.

Богино хугацаанд витамин Д – г өндөр тунгаар хэрэглэх эмчилгээ /”stoss therapy”/ нь үр дүнтэй нэгэн хувилбар мөн. Нэг удаагийн тун 600,000 ОУН витамин Д – г булчинд тарих нь удаан хугацаанд үргэлжилсэн хүндрэлгүй рахитыг эмчлэхэд хамгийн сайн үр дүнтэй ч АНУ – д тарилга хэлбэртэй үйлдвэрлэхээ больжээ. Зарим судалгаагаар, нэг сараас дээш настай хүүхдэд 100,000 – 600,000 ОУН витамин Д – г нэгээс таван өдриийн турш өгөөд дараа нь барих тунгаар үргэлжлүүлэн өгөх нь тохиромжтой гэж үздэг. Хэрэв ийм эмчилгээний аргыг сонгосон бол пропилэн гликол /propylene glycol/ агуулаагүй витамин Д – н бэлдмэл сонгох хэрэгтэй. Учир нь энэхүү бодис нь өндөр тунгаараа хордуулах нөлөө үзүүлдэг юм.

25,000 – 50,000 ОУН витамин Д агуулсан шахмалыг нунтаглаж эсвэл 50,000 ОУН бүрхүүлтэй витамин Д – г усанд дэвтээж шингэн хоолтой хольж өгч болно. Шингэн витамин Д нь пропилэн гликол агуулсан байх нь олон тул “нэг удаагийн өндөр тун” эмчилгээнд хэрэглэхээс зайлсхийх нь зөв.

Витамин Д – н дутагдал ноцтой биш, гипокальциэми шинжүүд тод илрээгүй бол кальцитриол (1,25(OH)2D) хэрэглэх шаардлагагүй. Хэрвээ дээрх шинжүүд илэрсэн бол кальцитриолыг 20 – 100 нг/кг/өдөр тунгаар уулгахын зэрэгцээ кальцийн глюконатийг судсаар хавсран тарина. Энэхүү эмчилгээ нь ийлдсийн кальцийг витамин Д – н стандарт эмчилгээнээс илүү хурдан хугацаанд хэвийн түвшинд хүргэдэг. Гэвч, кальцитриол нь витамин Д – н нөөц бүрдэхэд онцгой үүрэг гүйцэтгэхгүй.

Хяналт — Рахиттай өвчтнийг нарийн хянах шаардлагатай бөгөөд гэрлийн шинжилгээний эдгэрэл, бамбайн дэргэдэх булчирхайн ба 25(OH)D – н ийлсдийн хэмжээ, кальци – фосфорийн түвшин, витамин Д – н удаан хугацааны тогтвортой түвшин зэргийг хянана. Эдгэрлийн эхэн үед ийлдсийн фосфор, шүлтлэг фосфотаза, 1,25(OH)2D түвшин нэмэгдэж улмаар ШФ, РТН, 1,25(OH)2D, 25(OH)D түвшин тус тус аажим хэвийн түвшинд хүрнэ.

Рахитгүй боловч витамин Д түвшин бага өвчтнүүдэд ШФ, РТН түвшин гэх мэт биохимийн өөрчлөлтүүдийг хянаж эмчилгээний үр дүнг үнэлнэ. Бид ихэвчлэн ийлдсийн 25(OH)D түвшинг шалгаж бусад үзүүлэлтийг витамин Д – н өндөр тунгийн эмчилгээнээс хойш 6 – 8 долоо хоногийн дараа, барих тунгаас хойш хэдэн сарын дараа, дараа нь жилд нэг удаа үзнэ. Эмчилгээний дараа витамин Д – н хэрэгцээг үнэлэхийн тулд 25(OH)D – н түвшинг хянах нь чухал.

Зөвхөн витамин Д – н түвшин бага, биохимийн бусад өөрчлөлтгүй өвчтнүүдэд нарийн хяналт шаардлагагүй. Харин 25(OH)D түвшинг витамин Д ууж эхэлснээс хойш 2 – 3 сарын дараа шинжилж шаардлагатай бол давтан үзнэ.


Эх сурвалж: Uptodate.com “Vitamin D insufficiency and deficiency in children and adolescents” Literature review current through: Sep 2016. | This topic last updated: May 27, 2016.