Витамин Д дутагдлаас урьдчилан сэргийлэх нь

Мягмарсүрэн Namuun

Витамин Д бол ясны эрүүл байдал ба кальцийн солилцооны тэнцвэрт байдалд чухал үүрэг гүйцэтгэдэг амин чухал шим тэжээлийн бодис юм. Витамин Д – н хүнд дутагдал нь нярай болон өсвөр насны хүүхдүүдэд рахит /rickets/ буюу гипокальциэми үүсгэх, өсөлтийн бүс хаагдсан өсвөр насныхан ба насанд хүрэгчдэд яс зөөлрөх /osteomalacia/ өвчний шалтгаан болно.

Витамин Д – н хэрэглээ — Дараах зөвлөмжийг Америкийн Анагаахын Институт, Дотоод шүүрлийн Нийгэмлэг, Хүүхдийн Академиас /American Academy of Pediatrics (AAP)/ боловсруулан зөвлөгдөж байна:

  • Бүх нярай – Өдөрт 400 ОУН (10 микрограмм) витамин Д хэрэглэх шаардлагатай. Тиймээс, дан хөхөөр хооллож буй нярай ч дээрх тунгаар витамин Д хэрэглэх шаардлагатай. Үүнийг рахитаас сэргийлэх хангалттай тун гэж үздэг ба бараг бүх нярайд 25(OH)D – н түвшинг >20 нг/мЛ (50 nmol/L) байлгах тун юм.
  • 1 – 18 настай эрүүл хүүхдүүд – Өдөрт 600 ОУН (15 микрограмм) хэрэглэнэ.

Нярайн витамин Д – н хэрэгцээ — Төрснөөс хойшхи хэдхэн өдрийн дараа дан хөхөөр хооллож буй нярайд витамин Д – г өдөрт 400 ОУН байхаар тооцож өгвөл зохино. Энэхүү зөвлөмж нь хөхний сүүнд витамин Д бага хэмжээтэй агуулагддаг, нярайд нарны гэрлийн оролцоотой витамин Д нийлэгжилт тогтворгүй, дан хөхөөр хооллосон нярайд рахит үүсэх эрсдэл нэмэгддэг зэрэгт тулгуурласан. Энэхүү нэмэлт хэрэгцээг нярай хамгийн багадаа 1 литр витамин Д – ээр баяжуулсан сүү уух чадвартай болтол үргэлжлүүлэх хэрэгтэй.

Витамин Д – н бусад эх үүсгэврүүд нь нарны гэрэл болон хоол хүнс (тослог загаснууд, өндөг, баяжуулсан зарим хүнснүүд) билээ. Гэвч, эдгээр эх сурвалжаас авах витамин Д – н хэмжээ тогтворгүй, хангалтгүй байдаг тул витамин Д – г хэрэглэхээс өөр аргагүй. Америкийн хувьд 400 ОУН витамин Д хэрэглэхийг зөвлөдөг бол Европ, Канадийн орнуудад үүнээс өндөр тунгаар хэрэглэх удирдамжтай.

Америкийн хувьд маш цөөхөн нярай л Америкийн Хүүхдийн Академийн зөвлөмжийн дагуу витамин Д хэрэглэж байна. Учир нь тус улсын хүүхдийн эмч нар хөхөөр түлхүү хооллодог нярайд витамин Д – г тогтмол зөвлөхгүй байна. Нэгэн судалгаагаар, хүүхдийн эмч нарын ердөө 36% нь л хөхөөр хооллодог хүүхдүүдэд витамин Д зөвлөдөг болохыг тогтоожээ. Цаашилбал, эцэг эхчүүдийн маш өчүүхэн хувь нь л хүүхдүүддээ витамин Д өгдөг. Мөн уг судалгаагаар, эцэг эхчүүдийн 67% нь хөхний сүүнд хүүхдийн биед хэрэгцээтэй бүх эрдэс бодис байдаг гэж итгэдэг бол ердөө 3% нь л хүүхдүүддээ витамин Д – н бүтээгдэхүүн өгдөг болохыг илрүүлжээ.

Витамин Д нэмэлтээр хэрэглэснээр ховор тохиолдолд нярайн идиопатик гиперкальциэми үүсдэг ба энэ нь цусанд кальци ихсэх, өсөлт саатах, бөөлжих, шингэн алдах, бөөр чулуужих зэрэг эмнэлзүйгээр илэрнэ. Уг эмгэг нь витамин Д – н бодисын солилцоонд оролцдог энзимийг кодолдог CYP24A1 – генийн мутацитай холбоотой үүсдэг гэж үздэг. Эмнэлзүйн энэ нөхцөл тун хамааралтай үүсдэг бөгөөд витамин Д – г стандарт тунгаар өгч байгаа бол илрэхгүй. Ихэвчлэн, витамин Д – г хэт өндөр тунгаар хэрэглэж буй хүүхдүүдэд шинж тэмдэг бүхий нярайн идиопатик гиперкальциэми үүснэ.

Одоогоор CYP24A1 мутацийн давтамжийг бүрэн тогтоогоогүй байгаа тул нярайн идиопатик гиперкальцэми бүхий хүүхдүүдэд витамин Д – н стандарт тун хэрэглэх асуудал нэгэн тийш шийдэгдээгүй байна. Үүнийг эс дурдан, сэжигтэй хүүхдүүдийн удамшил, илэрч буй эмнэлзүйг нямбайлан үзэх нь чухал. Үнэлгээний хамгийн эхний алхам бол ийлдсийн 25(OH)D, кальцийн түвшинг үнэлэх явдал. Хэрвээ эдгээр үзүүлэлтүүд ихэссэн байвал (жишээ нь: 25(OH)D>50 нг/мЛ [72 nmol/L], кальци >тухайн насанд байх хэвийн хэмжээ) витамин Д – н хэрэглээг зогсоож, бамбайн дэргэдэх булчирхайн үйл ажиллагаа, гиперкальциури, нефрокальциноз /бөөр чулуужих/ зэргийг лавшруулан шинжилж нярайн идиопатик гиперкальциэмийг үнлэнэ.

Хөхүүл ээжид витамин Д – г дунд зэргийн өндөр тунгаар (4000 – 6400 ОУН/өдөр) өгөх нь витамин Д – н нэмэлт тун хэрэглэдэггүй дан хөхөөр хооллодог хүүхдүүдийн витамин Д – н түвшинг нэмэгдүүлэх өөр нэгэн арга юм. Энэхүү арга нь эхийн сүүний витамин Д – н агууламжийг нэмэгдүүлснээр нярайн витамин Д – н хэрэгцээг хангадаг юм. Нэгэн түүвэр судалгаагаар, хөхүүл эхэд витамин Д – г 6400 ОУН/өдөр өгөх нь нярайд өдөрт 400 ОУН тунгаар өгөхтэй адилхан үр дүнтэй байгааг тогтоожээ. Өдөрт 6400 ОУН тун бүхий витамин Д хэрэглэсэн эхчүүдэд витамин Д – н хордлого (жнь: гиперкальциури г.м) үүсээгүй.

Витамин Д – г бага тунгаар хэрэглэхэд (жнь: эхийн жирэмсэн болон төрсний дараа 1500 – 2400 ОУН/өдөр тунгаар витамин Д өгсөн) эхийн цусан дахь витамин Д – н хэмжээ хангалттай түвшинд >30 нг/мЛ байж төрөх үед нярайн витамин Д – н хэмжээнд сайнаар нөлөөлж байв. Гэвч, уг тун хөхний сүүгээр хооллож эхэлсэн нярайд хангалтгүй болж нярайд нэмэлтээр витамин Д өгөх шаардлага хэвээр үлддэг. Дээр дурдсан түүвэр судалгаагаар, хөхүүл эхэд витамин Д – г өдөрт 2400 ОУН тунгаар өгөхөд нярайн витамин Д – н хэрэгцээг хангадаггүй болохыг ч тогтоожээ.

Витамин Д – ээр баяжуулсан сүү ба бусад хүнсний бүтээгдэхүүн — Америк улсын хувьд сүү ба жүржийн жүүсийг литр тутамд 400 ОУН витамин Д агууламжтай баяжуулан нийлүүлдэг. Өдөрт хамгийн багадаа 1 литр баяжуулсан бүтээгдэхүүн хэрэглэвэл удирдамжинд зөвлөсөн витамин Д – н тунгийн (нэг ба түүнээс дээш настай хүүхдүүдэд 600 ОУН/өдөр) 2/3 – г биелүүллээ гэж үздэг. Гэвч, ихэнх хүүхдүүд энэ хэмжээний нэгэн төрлийн шингэнийг ууж чаддаггүй тул удирдамжийн дагуу витамин Д – г хэрэглэх шаардлаг гардаг. Энэ нь ч зөв биз. Учир нь жүүсэнд сахар, калор өндөр агууламжтай байдаг учир хүүхдийн таргалалт үүсгэх сөрөг тал байдаг юм.

Америкаас бусад орнуудад сүүг витамин Д – ээр баяжуулсан байх нь ховор. Европийн орнуудад ч хоол хүнсийг баяжуулан хэрэглэх байдал янз бүр бөгөөд хүүхдийн ойролцоогоор 45% нь витамин Д – н дутагдалтай (ийлдсийн 25(OH)D <20 эг/мЛ [50 nmol/L]). Энэхүү асуудлын талаар маргаантай зүйлүүд олон. Нэг хэсэг нь, өргөн уудам газар тархсан тул биологийн нэмэлт бүтээгдэхүүний төлөвлөгөө бүх хүн амд хүрдэггүй гэж үздэг бол нөгөө талаар, бүс нутаг бүрт сүүний хэрэглээний соёл өөр өөр тул баяжуулсан сүүгээр бүх нийтийн хэрэгцээг хангах боломжгүй гэж үздэг. Зарим судалгаагаар, баяжуулсан сүү нв витамин Д – н дутагдалд төдийлөн нөлөөлж чадахгүй гэж үзсэн байдаг.

Витамин Д – г өдөрт 600 ОУН тунгаар хэрэглээд ч эрсдэлт бүлгийн хүн амд хангалтгүй байж болно. Жишээлбэл, Газар дундын тэнгис болон зүүн бүсүүдэд 25(OH)D – н түвшинг >30 нг/мЛ (75 nmol/L) – т хүргэхийн тулд өдөрт 2000 ОУН витамин Д хэрэглэх шаардлагатай ба хэмжээг хэвийн түвшинд барихын тулд удаан хугацааны турш хэрэглэх шаардлагатай байдаг. Канадын Хүүхдийн Нийгэмлэгээс хойд бүсд амьдарч буй хүн ам өвлийн улиралд 800 ОУН/өдөр тунгаар витамин Д хэрэглэх шаардлагатай гэж зөвлөдөг. Хар арьстай эсвэл дэлхийн бүсийн өндөр өргөрөгт амьдардаг бол витамин Д – н өдрийн тун улам л нэмэгдэнэ.

Тулгар эхчүүдийн витамин Д – н хэрэглээ — Нярайн витамин Д – н хэмжээ, ясны эрүүл байдлыг хамгийн тохиромжтой түвшинд байлгахын тулд жирэмсэн үед эхчүүдийг витамин Д – ээр хангах нь чухал. Яагаад гэвэл эхийн витамин Д ихсийн хоригоор дамжин ургийн витамин Д – н нөөц болдог ба ялангуяа, энэхүү үйл явц жирэмсний сүүлийн гурван сард илүү их өрнөдөг. Хар арьстай эхчүүд, өндөр өргөрөгт амьдараг хүн ам, шашин ба соёлын улмаас арьсаа бүрэн нөмөрч явдаг бүс нутагт бүр ч их хамаатай.

Жирэмсэн болон хөхүүл эхчүүдэд, витамин Д – г өдөрт 600 ОУН тунгаар хэрэглэхийг зөвлөдөг ба энэ нь жирэмсэн биш эмэгтэйчүүдэд ч хамаатай. Гэвч, зарим судалгаа, энэ тун хангалтгүй байж болох талаар өгүүлж байна: Финландад хийсэн судалгаагаар, өдөрт 600 ОУН витамин Д хэрэглэсэн нийт жирэмсэн эхийн 71% нь витамин Д – н дутагдалтай (25(OH)D түвшин <20 нг/мЛ) байсан ба эхийн (25(OH)D түвшин бага байх нь ургийн ясны эрүүл мэнд буурахад тодорхой нөлөөтэй байжээ. Өөр судалгаагаар, жирэмсэн эхчүүд ялангуяа хар арьстай эхчүүдэд 25(OH)D – н концентрацийг >20 нг/мЛ (50 nmol/L) байлгахын тулд өдөрт 1000 ОУН витамин Д хэрэглэх шаардлагатайг зөвлөжээ.

Нарны гэрэлд гаргах — Нарны гэрэл нь арьсанд витамин Д нийлэгжихийг нөхцөлдүүлнэ. Цайвар арьстнуудын хувьд, ихэнх улиралд үд дундын үед нарны гэрэлд 10 – 15 минут байх нь арьсанд витамин Д нийлэгжихэд хангалттай байдаг. Гэвч, хар арьстай, өвлийн улиралд эсвэл хойд өргөрөгт амьдардаг бол витамин Д – н арьсны нийлэгжилт илэрхий буурдаг.

Нарны гэрэлд байх нь сайн талтай ч хэт ягаан туяаны цацрагын улмаас арьсны хорт хавдар, ялангуяа меланома үүсэх эрсдэлтэй байдаг тул аливаа зүйлд тохиромжит хэмжээг баримтлах нь чухал. Меланома нь бага залуу насанд түгээмэл тохиолддог арьсны хавдар билээ. Энэ нь удамдаа арьсны хавдрын өгүүлэмжтэй, цайвар арьст хүн амын дунд илүү их бодолцох асуудал юм. Тийм ч учраас, 6 сараас бага настай хүүхдүүдийг нарны гэрдийн шууд тусгалд гаргахаас зайлсхийх шаардлагатай. Балчир хүүхдүүдийг ч наранд гаргахдаа нарны шууд тусгалаас хамгаалах хувцас, бүрхүүлийг хэрэглэж байгаарай.

Витамин Д – н дутагдлыг илрүүлэх — Витамин Д дутгадлын илрүүлэг нь эрсдэлт хүн амд чиглэсэн байхаас биш нийт хүн амыг хамрахгүй. Витамин Д – н хэмжээг илэрхийлэх хамгийн шилдэг арга нь түүний ийлдсийн агууламжийг тогтоох явдал бөгөөд үүний талаар эндээс уншина уу.

Дараах өвчтний бүлэгт витамин дутагдлын илрүүлэг хийхийг зөвлөж байна. Бүлэг бүрт рахит эсвэл остеопени үүсэх эрсдэлтэй:

  • Витамин Д – н нэмэлт тун (400 ОУН/өдөр) хэрэглэдэггүй дан хөхөөр хооллодог нярай хүүхдүүд
  • Өсөлт удаашрах, хөдөлгөөн хоцрогдох, ер бусын цочромтгой гэх мэт өвөрмөц бус шинжүүд илэрч буй нярай ба бага насны хүүхдүүд
  • Өвөл эсвэл хаврын уур амьсгал давамгайлдаг бүс нутагт оршдог хар арьст хүүхдүүд, ялангуяа дутуу төрсөн хүүхдүүд
  • Таталтын эсрэг эм болон удаан хугацаанд глюкокортикойд хэрэглэсэн хүүхдүүд
  • Цистик фиброз, бүдүүн гэдэсний үрэвсэлт өвчин гэх мэт шимэгдэлтийн хямрал үүсгэдэг суурь, архаг өвчтэй хүүхдүүд
  • Витамин Д – н бүтээгдэхүүн хэрэглэхгүй байгаа, хоол хүнсээр бага авдаг хүүхдүүд
  • Ийлдсийн шүлтлэг фосфатаза түвшин нэмэгдсэн хүүхдүүд (тухайлбал, нярайд >500 ОУН/Л, 9 хүртлэх насны хүүхдүүдэд >1000 ОУН/Л, бэлгийн бойжилт явагдсны дараа ШФ хэмжээ буурдаг.

Зарим төвүүдэд тарган хүүхдүүдэд витамин Д дутагдал буй эсэхийг илрүүлдэг. Зарим удирдамжаар, биений юм саатдаг, хөдөлгөөнгүй удсан, бөөр ба элэгний архаг өвчтэй, жирэмсэн эсвэл хөхүүл эхчүүд гэх мэт ясны нягт буурах эрсдэлтэй хүн амд витамин Д дутагдлын илрүүлгийг хийхийг зөвлөдөг.

Эрсдэлт хүчин зүйлээс хамаарч илрүүлэг хийх хугацаа янз бүр. Тухайлбал, витамин Д – н нэмэлт тун авахгүй байгаа дутуу төрсөн эсвэл дан хөхөөр хооллодог хүүхдүүд, шимэгдэлтийн өвчин оношилогдмогц, өвөл ба хаврын цагт эсвэл цагаан хоол хэрэглэдэг буюу өндөр өргөрөгт амьдардаг хүн амд гэх мэт янз бүр байж болно.

Энэхүү өгүүллийг бичигчидийн практикаар,  эрсдэлт хүчин зүйлийг тогтоосны дараа витамин Д дутагдлын илрүүлгийг хийдэг, ялангуяа тухайн цаг мөчид нярай витамин Д – н хангалттай тун нэмэлтээр авахгүй байгаа бол илрүүлгийг хийнэ.


Эх сурвалж: Uptodate.com “Vitamin D insufficiency and deficiency in children and adolescents”

Literature review current through: Sep 2016. | This topic last updated: May 27, 2016.