Витамин Д ба түүний биологийн хангамж

Мягмарсүрэн Namuun

Витамин Д бол ясны эрүүл байдал ба кальцийн солилцооны тэнцвэрт байдалд чухал үүрэг гүйцэтгэдэг амин чухал шим тэжээлийн бодис юм. Витамин Д – н хүнд дутагдал нь нярай болон өсвөр насны хүүхдүүдэд рахит /rickets/ буюу гипокальциэми үүсгэх, өсөлтийн бүс хаагдсан өсвөр насныхан ба насанд хүрэгчдэд яс зөөлрөх /osteomalacia/ өвчний шалтгаан болно. Түүнчлэн, гипокальциэмийн улмаас таталт ч үүсч болно. Эдгээр өвчлөл нь эрдэс бодис дутагдалтай, ядуу буурай, хөгжиж буй бүс нутгийн оршин суугчид,  ба суурь өвчтэй хүүхдүүдэд өндөр давтамжтай байдаг. Зарим өндөр хөгжилтэй орнуудад ч витамин Д хангалттай хэрэглэж байгаа ч тохиромжтой хоол хүнс, баяжуулсан тэжээлийн бодис хэрэглээгүйгээс, ялангуяа наранд байх хугацаа хязгаарлагдмал байдгаас рахит үүсдэг.

Витамин Д – н архаг дутагдал нь рахит байхгүй байсан ч ясны эрдсийн нягтшил багасах, ясны эрүүл байдал алдагдах зэрэг эмнэлзүйн үр дагаварт хүргэдэг. Витамин Д – н дутагдлаас урьдчилан сэргийлэх, түүнийг эмчлэх талаар өгүүлэх нь.

Витамин Д – н бодисын солилцоо ба хэлбэрүүд — Витамин Д нь хэт авиан цацрагийн нөлөөгөөр арьсанд нийлэгждэг урьдал бодис юм. Уг урьдал бодис элэг, бөөрөнд бодисын солилцоонд орж идэвхитэй хэлбэрт хувирдаг. Витамин Д – н 10% хүрэхгүй хувийг ердийн хоол, хүнснээс авдаг.

%d0%b2%d0%b8%d1%82%d0%b0%d0%bc%d0%b8%d0%bd-%d0%b4

Зураг 1. Витамин Д – н бодисын солилцоо

  • Холекальциферол /Cholecalciferol/ буюу Витамин Д3 нь хэт ягаан туяаны /ultraviolet-B (UV-B)/ нөлөөгөөр (долгион 290 – 315 нм) эпидермийн кератиноцит болон дермийн фибробластуудад агуулагдах 7 – дигидрохолестерол Витамин Д – н урьдал бодисруу хувирч улмаар изомержсоны үр дүнд үүсдэг. Энэхүү хэлбэр нь амьтны гаралтай бүтээгдэхүү болон зарим витамины нэмэлт бүтээгдэхүүнд агуулагддаг.
  • Эргокальциферол /Ergocalciferol/ буюу Витамин Д2 нь ургамалд агуулагдах эргостерол хэт ягаан туяаны нөлөөнд орсны үр дүнд бий болно. Энэхүү хэлбэр нь ургамлын гаралтай хоол хүнсэнд агуулагдах бөгөөд Витамин Д – н хамгийн түгээмэл нэмэлт бүтээгдэхүүн билээ.
  • Витамин Д (арьсанд үүссэн болон хоол боловсруулах замаар орсон холекальциферол) нь витамин Д – холбогч уурагтай холбогдон элэгрүү зөөгдөнө. Элгэнд, 25 байрлалдаа гидроксилжин 25 – гидроксивитамин Д [25(OH)D] үүсгэх ба энэ нь витамин Д – н нөөц хэлбэр бөгөөд өөрөөр кальцидиолс /calcidiol/ ч гэж нэрлэдэг.
  • Бөөрөнд, 25(OH)D нь 1-α-гидроксилжин 1,25(OH)2витамин Д [1,25(OH)2D], үүсгэх ба энэ нь витамин Д – н идэвхитэй хэлбэр бөгөөд кальцитриол /calcitriol/ гэж нэрлэдэг. Энэхүү үйл явц нь бамбайн дэргэдэг булчирхайн даавар (PTH), гипофосфатэми болон өсөлтийн даавар гэх мэт бусад медиаторуудын тусламжтай өрнөдөг. 1-α-гидроксилжилт явагддаг хэд хэдэн эрхтнүүд байдаг бөгөөд, эдгээрт тунгалагийн зангилаа, ихэс, бүдүүн гэдэс, хөхний булчирхай, остеобласт, цулцангийн макрофаг, идэвхжсэн макрофагууд, кератиноцитууд зэрэг нь 1,25(OH)2D – д аутокрин – паракрин үүрэг гүйцэтгэдэг.

Тархварзүй — 1980 – аад оны дунд үеэс Америк төдийгүй бусад хөгжингүй орнуудын хүүхдүүдэд Витамин Д – н дутагдлын давтамж нэмэгдсээр байна. Америкийн нэгдсэн улсын хувьд, бага насны хүүхдүүдэд Витамин Д – н дутагдал 15% байгааг (судалгаагаар 25(OH)D <20 нг/мЛ [50 nmol/L]) хүн амд суурилсан судалгаагаар тогтоожээ. Хүүхдүүдийн Витамин Д – н түвшин <10нг/мЛ (<25 nmol/L) хэмжээтэй тодорхойлогдсон нь 1 – 2% эзэлж байлаа. Гэвч, өөр өөр нутгийн оршин суугчидын онцлог байдлаас хамаарч эрсдэлт хүчин зүйл ч ялгаатай байх тул тархалт нь ч янз бүр байна. Өндөр эрсдэлтэй хүн амд дан хөхөөр хооллоогүй, ялангуяа эх өөрөө жирэмсэн үедээ Витамин Д – н дутагдалтай байх, хар арьстай хүүхдүүд, амьдарч буй дэлхийн бүсийн өргөрөгийн онцлог, олон шалтгааны улмаас наранд байх хугацаа хязгаарлагдмал бүс нутгийн оршин суугчид багтана.

1,25(OH)2D нь гэдэснээс кальцийн идэвхитэй шимэгдэлтийг нөхцөлдүүлдэг чухал медиатор бөгөөд Витамин Д – н дутагдал нь бага насны хүүхдүүдэд рахит, насанд хүрэгчид болон өсвөр насны хүүхдүүдэд яс зөөлрөх өвчин /osteomalacia/ үүсгэнэ. Тархварзүйн судалгаагаар, Витамин Д – н дутагдал нь түгмэл склероз, 1 – р хэлбэрийн чихрийн шижин, ревматойд аритрит, бүдүүн гэдэсний үрэвсэлт өвчин, зан төрхийн өвчнүүд, зүрх – судасны өвчнүүд, хөх – түрүү булчирхай – бүдүүн гэдэсний хорт хавдрууд зэрэг өвчний үед ч дархлал тогтолцооны талаас ихээхэн үүрэгтэй оролцдог гэж үзэж байна. Гэвч, Витамин Д – н түвшин ба яснаас бусад эрхтэн тогтолцооны өөрчлөлтүүдийн хоорондын шалтгаан хамаарлыг нарийвчлан тогтоогоогүй байна.

Америк Улсын насанд хүрэгчидийн дунд ийлдсийн Витамин Д – н түвшин бага байх нь даралт ихсэлт, цусны сахар ихсэх, бодисын солилцооны хам шинж зэргийн эрсдэлт хүчин зүйл болдог ба амьдралын хэв маяг, БЖИ, хөдөлгөөнийг зохистой байдлаар хянасны дараа ч Витамин Д – н дутагдлыг нөхөхгүй л бол дээрх өвчний эрсдэл оршсоор л байдаг. Түүнчлэн, амьсгалын дээд замын халдварт өвчнүүд ч ийлдсийн Витамин Д – н түвшин бага байхтай холбоотой. Хоол хүнсний харшил, бачуурал /астма/, шүд цоорох эмгэг ч Витамин Д – н дутагдалтай холбоотой ба шалтгаан хамаарлыг судлаж тогтоогоогүй байна.

Витамин Д – н түвшинг тодорхойлох — Витамин Д – н хангалттай түвшин, дутагдал зэргийг тогтоох стандарт ихээхэн маргаантай. Витамин Д – н хэлбэрүүд өөр өөр байхын зэрэгцээ тэдгээрийн хэмжээ тодорхой босго түвшнээс доогуур байх нь биохимийн өөрчлөлт (PTH эсвэл кальцийн түвшин гэх мэт) эсвэл эмнэлзүйн ямар үр дагаварт (рахит эсвэл ясны эрдсийн нягт багасах) хүргэдэгийг илэрхийлэх баримт хангалтгүй байдагт оршино.

Витамин Д сорилууд — Дээр дурдсанчлан, Витамин Д нь олон янзын хэлбэртэй оршдог ч 25(OH)D – н түвшинг тодорхойлох нь Витамин Д – н нөөц, одоогийн түвшинг тодорхойлох хамгийн сайн үзүүлэлт болно. 25(OH)D нь Витамин Д1 – н цусаар эргэлдэх үндсэн хэсэг бөгөөд хагас задралын хугацаа нь 2 – 3 долоо хоног юм. Эсрэгээрээ, 1,25(OH)2D – н хагас задралын хугацаа хамаагүй бага буюу ойролцоогоор 4 цаг, цусан дахь агууламж нь 25(OH)D – аас илэрхий багаас гадна бамбайн дэргэдэх булчирхайн даавар /PTH/ – н нөлөөнд мэдрэмтгий өөрчлөгддөг.

Витамин Д – н сорил нь 25(OH)D – н уламжлал Д2, Д3 түвшинг хоёуланг нь хэмжих чадамжтай байх шаардлагатай. Учир нь, уг хоёр уламжлалууд 1-α-гидроксилжсоны дараа биологийн идэвхитэй болдог билээ. Д3 – уламжлал нь (холекальциферолын) арьсанд нийлэгждэг ба амьтны гаралтай хүнсний бүтээгдэхүүнд ихээр агуулагдахын (ялангуяа салмон /salmon/, макерел /mackerel/, хэрринг /herring/ гэх мэт тослог ихтэй загаснууд) зэрэгцээ худалдааны нэмэлт бүтээгдэхүүнүүдэд (олон витаминт бүтээгдэхүүнүүд) ч тодорхой хэмжээгээр агуулагдана. Д2 – уламжлал нь (эргокальциферолын) эмийн сангуудаар байх нэмэлт бүтээгдэхүүнүүдэд хамгийн их агуулагддаг ба ургамлын гаралтай хоол хүнс эх сурвалж нь болно. Д2, Д3 хоёулаа хоол хүнсний баяжуулалтанд хэрэглэгдэнэ. Ихэнх лабораториудад Д2, Д3 түвшинг тодорхойлж нэгтгэн 25(OH)D түвшингээр илэрхийлдэг ч тус тусад нь тодорхойлох нь чухал асуудал хэвээрээ үлджээ.

Өндөр давтамжит шингэн хроматографи /High performance liquid chromatography (HPLC)/ болон шингэн хроматографи – эзлэхүүнт спектроскопи /liquid chromatography-mass spectroscopy (LC-MS)/ зэрэг нь Витамин Д – г үнэлэх алтан стандарт гэж тооцогддог.

Витамин Д – н хангамжийг тодорхойлох нь

Насанд хүрэгсэд — Насанд хүрэгчидийн хувьд, Витамин Д – н түвшинг тодорхойлох босго нь бамбайн дэргэдэх булчирхайн дааврын /ParaThyroid Hormone (PTH)/ түвшин, кальцийн шимэгдэлт ба ясны нягтыг тодорхойлсон нийлмэл хамааралд тулгуурлан тогтооно. Хамгийн тохиромжтой түвшинтэй үл эвлэрэх тохиолдлууд цөөнгүй. Ихэнх мэргэжилтнүүд 25(OH)D түвшинг 20 – 40 нг/мЛ (50 – 72 nmol/L) байхад тохиромжтой гэж үздэг бол бусад нь 25(OH)D түвшинг 30 – 50 нг/мЛ (75 – 125 nmol/L) гэж зөрдөг.

Хүүхдүүд — Эрүүл хүүхдүүдэд Витамин Д – н хангамжийг тодорхойлох стандартыг бүрэн болловсруулаагүй. Хүүхдүүдийн хувьд, 25(OH)D – н түвшин <16 – 18 нг/мЛ (40 – 45 nmol/L) байхад рахитын өөрчлөлтүүд дүрслэл оношилгооны шинжилгээнд харагдаж, ясны нягт бага байжээ. 25(OH)D түвшин <20 нг/мЛ (50 nmol/L) байхад шүлтлэг фосфатаза /alkaline phosphatase (ALP)/ түвшин илэрхий нэмэгддэг байна.

1970 оны үед Шотландын дүрвэгч 500 хүүхдүүдийн дунд дүрслэл оношилгоонд рахитын өөрчлөлт бүхий 32 хүүхэд (6%) байв. Рахитын шинж эмнэлзүйд сул илэрсэн хүүхдүүдийн дунд 25(OH)D – н түвшин 8.5 нг/мЛ (21 nmol/L) байхад рахитын дүрслэл оношилгооны өөрчлөлтгүй рахиттай хүүхдүүдэд 16.5 нг/мЛ (41.5 nmol/L) байжээ. 25(OH)D – н түвшин ≤15 нг/мЛ байх нь рахитыг урьдчилан таамаглах чадамж 41% байжээ. Өөр нэгэн судалгаагаар, өсвөр насны Финландын охид, Тасманы хөвгүүдийг оролцуулахад, 25(OH)D түвшин 16 нг/мЛ (40 nmol/L) – ээс бага байх нь ясны өөрчлөлт, ясны эрдсийн нягтшил буурсан байхтай илэрхий хамааралтай байжээ. Одоогийн байдлаар, хүүхдийн витамин Д – н түвшний босго хэмжээ 20 нг/мЛ (50 nmol/L) – ээс дээш байх нь кальцийн шимэгдэлт, ясны нягтыг хамгийн тохиромжтой түвшинд барина гэж үзэж байна.

Энэ бүгдэд үндэслэн, бага болон өсвөр насны хүүхдүүдийн Витамин Д – н стандарт хэмжээг ийнхүү тодорхойлж байна:

  • Витамин Д хангалттай /sufficiency/: 25(OH)D ≥20 нг/мЛ (50 nmol/L
  • Витамин Д хангалтгүй байдал /insufficiency/: 25(OH)D түвшин 15 – 20 нг/мЛ (37.5 and 50 nmol/L)
  • Витамин Д дутагдал /deficiency/: 25(OH)D ≤15 нг/мЛ (37.5 nmol/L)

Хэрэвээ, 25(OH)D – н түвшний хамгийн үр дүнтэй хэмжээг цаашдын судалгаагаар тогтоовол, дээрх хэмжээнүүд өөрчлөгдөж болох юм.


Эх сурвалж: Uptodate.com “Vitamin D insufficiency and deficiency in children and adolescents”

Literature review current through: Sep 2016. | This topic last updated: May 27, 2016.