Шок : тодорхойлолт, ангилал, эмнэлзүй

Шок гэдэг нь амин эд, эрхтний бодисын солилцооны хэрэгцээнд нийцсэн хангалттай хэмжээний хүчилтөрөгчийг хүргэх чадамж алдагддаг онцлогтой цочмог үйл явц юм. Эдийн түвшин дэх хүчилтөрөгчийн дутагдал нь эсийн хэвийн аэроб метаболизмыг үр бүтээмж муутай анаэроб метаболизм руу шилжүүлдэг. Шокын үүслийн үед эдэд очих хүчилтөрөгчийн дутагдлын зэрэгцээ эдийн хүчилтөрөгчийн зарцуулалт нэмэгдснээр дасан зохицох боломжгүй болж, давшингуй явцтай эмнэлзүйн доройтол, сүүний хүчлийн хүчилшлийг үүсгэдэг. Эдийн перфузи хангалтгүй байдал удаан үргэлжилбэл судас, үрэвсэл, бодисын солилцоо, эсийн, дотоод шүүрлийн, мөн системийн хариу урвал физиологийн тогтворгүй байдал улам дорддог. Хүчилтөрөгч дутагдалд дасан зохицохын тулд амин эрхтнүүд (тархи, зүрх, бөөр, элэг гэх мэт) –ийн оксигенацийг хадгалж, бусад эрхтнүүдийн (арьс, хоол боловсруулах зам, булчин гэх мэт) хүчилтөрөгчийн хангамжийг бууруулдаг. Өөрөөр хэлбэл бүх л тогтолцоо оролцож дасан зохицлыг бий болгодог. Анаэроб метаболизмын чадваргүй учраас хүчилтөрөгчийн хангамж бууралтанд хамгийн мэдрэг нь тархи тул авах арга хэмжээнд чухалчилна. Эхэндээ шокод сайн дасан зохицдог бөгөөд илүү яаралтай эмчилгээ хийж эмнэлзүйн байдлыг сайжруулах эсвэл эргэн хэвийн болгох шаардлагатай, учир нь хурдан явцтайгаар дасан зохицол алдагдах боломжтой. Шокыг үүсгэгчийн нөлөөлөл, биеийн доройтол хамтдаа үргэлжилсээр байвал ноцтой хөнөөлт мэдрэл-шингэний, үрэвслийн, эсийн хариу урвал шокын давшингуй явцыг үүсгэдэг. Шокын шалтгаанаас үл хамааран хариу урвалын өвөрмөц хэлбэр, эмгэг үйл зүй, эмнэлзүйн онцлог илрэл, эмчилгээ өвөрмөц этиологи (тодорхойгүй байх боломжтой), эмнэлзүйн нөхцөл байдал, шокын байдалд хувь хүний биологийн онцлог хариу урвалаас хамаарч ач холбогдол бүхий янз бүр байх боломжтой. Шокыг эмчлээгүй тохиолдолд эд, эрхтэний эргэшгүй гэмтэл (ж нь: эргэшгүй шок), цаашлаад үхэл дагуулна.

Тархвар зүй

Хөгжсөн орнуудад эмнэлэгт хэвтсэн насанд хүрэгч, хүүхэд, нярайн ойролцоогооор 2%-ийг шокын тохиолдол эзэлдэг бөгөөд эмнэлзүйн нөхцөл, этиологиос хамаарч нас баралтын хэмжээ янз бүр. Насанд хүрсэн ихэнх өвчтнүүд цочмог гипотензийн шатанд нас бардаггүй, харин олон эрхтний дутагдал, хүндрэлтэй холбоотойгоор илүүтэй нас бардаг. Ноцтой эмгэгтэй өвчтнийг эрт таньж, яаралтай тусламжийн тасаг руу хурдан тээвэрлэхийг тусгаж стандартжуулсан авах арга хэмжээний зөвлөмжийг сургалтаар олгож, хэрэгжүүлснээр шокын улмаас нас барах хэмжээг бууруулсан (авах арга хэмжээг Хүүхдийн шок: эмчилгээ сэдвээс уншина уу).

Тодорхойлолт

Шокыг Гиповолиемийн, Кардиоген, Дистрибутив, Обструктив, Септикийн гэж ерөнхий 5 үндсэн хэлбэр болгон авч үздэг. Дэлхий дахинд хүүхдэд хамгийн нийтлэг тохиолддог шокын хэлбэр нь гиповолемийн шок бөгөөд суулгалт, бөөлжилт, цус алдалтаас хамгийн их үүсдэг.

Төрөлхийн зүрхний эмгэгтэй (зүрх шилжүүлэн суулгах мэс заслын дараа эсвэл өмнө) эсвэл миокардит зэрэг олдмол, эсвэл төрөлхийн кардиомиопатитай өвчтөнд зүрхний гаралтай шок тохиолддог.

Обструктив шок нь цорго-хамааралт төрөлхийн зүрхний гажиг, уушгины эмболизм, даралтат пневмоторакс, зүрхний томпанод зэрэг зүрхний шахалт хангалтгүй байдлыг бий болгодог механик саад бүхий аль нэг эмгэгээс үүдэлтэй юм.

Нарийн гэдэс рүү шингэний эмгэг хуваарьлалт явагдаж, хялгасан судасны нэвчимхий байдал ихсэхэд хүргэдэг  вазомотор хангалтгүй тонусын улмаас Дистрибутив шок үүсдэг.

Септик шокийг ихэнхдээ дистрибутив шоктой ижил хэмээн бичсэн байдаг ч септик үйл явцад дистрибутив, гиповолиеми, мөн кардиогений шокын илүү бүрдэл харилцан үйлчлэл оролцдог.

Эмгэг үйл зүй судлал

Шокын хямралыг өдөөгч эхлээд эд, эрхтэнд хүрэх хүчилтөрөгчийн хэмжээг хангалтгүй болгодог. Харин дасан зохицлын механизм цусны даралтыг хадгалахын тулд зүрхний минутын шахалтын хэмжээг, системийн судасны эсэргүүцлийг нэмэгдүүлдэг. Мөн бие махбодь тархи, зүрх, бөөр рүү цусны хуваарьлалт, хүчилтөрөгчийн экстракцийг нэмэгдүүлж, бусад эрхтэнд очих цус, хүчилтөрөгчийг бууруулснаар хүчилтөрөгч хүргэлтийг оновчтой болгодог. Эдгээр хариу урвалууд нь цусны даралтыг хадгалснаар эхэндээ дасан зохицсон шокын байдлыг үүсгэдэг. Хэрвээ дасан зохицсон шок үүссэн энэхүү хугацаанд эмчилгээ эхлээгүй эсвэл хангалтгүй болбол гипотензи, эдийн гэмтэл бий болж олон эрхтний үйл ажиллагааны алдагдал, цаашлаад үхэлд хүргэх боломжтой (зураг 1, хүснэгт 1, 2).

Зураг №2

Зураг №1

Шокын эрт шатанд олон талын дасан зохицлын физиологийн механизм цусны даралтыг барих, эдийн перфузийг, хүчилтөрөгч хүргэлтийг хадгалахад чиглэдэг. Симпатик мэдрэлийн системийн идэвхжил, мэдрэл шингэний хариу урвалаар зүрхний хэм, нэг удаагийн шахалтын эзэлхүүн, судасны гөлгөр булчингийн тонус нэмэгдүүлж зүрх судасны тогтолцоонд нөлөөлдөг.

Хүснэгт 1

Хүснэгт 1

Перфузи муудсан эдээс СО2 үүсэлт нэмэгдэж, бодисын солилцооны ацидоз үүсдэг тул үүний хариуд Амьсгалын тогтолцоо СО2-н ялгаралтыг ихэсгэж дасан зохицолд оролцдог. Мөн бөөр устөрөгчийн ионыг ихээр ялгаруулж, бикарбонатын баригдахыг ихэсгэснээр биеийн рН хэвийн хадгалахын тулд явагдаж буй үйл явцад тусалдаг. Натрийн хэмжээг зохицуулагч РААС, тосгуурын натриуретик хүчин зүйлийн тогтолцоо, кортизол болон катехоламины нийлэгжил, ялгаралт, антидиуретик дааврын шүүрлээр дамжуулан судсан доторх эзэлхүүнийг хадгалдаг. Эдгээр дасан зохицлын механизмаас үл хамааран шок, эзэн биеийн хариу урвал судасны эпитель эсийн гэмтэлд, судсан доторх шингэн эсийн гаднах зай руу ач холбогдол бүхий алдагдахад хүргэдэг.


Хүснэгт №2: Эрхтний үйл ажиллагааны алдагдлын шалгуур
Үйл ажиллагааны алдагдлын шалгуур
Зүрх судас
  • Изотоник уусмалыг венийн судсанд цохилтын тунгаар ≥60 мл/кг цагт сэлбэж байгаа ч цусны даралт бага (<90 мм.муб) (гипотензи), артерийн дундаж даралт <70 мм.муб, нас тохирсноос <5 хувь, эсвэл насанд тохирсон хэмжээнээс систолын даралт <2 SD бага

ЭСВЭЛ

  • Судас идэвхит эмүүдээр цусны даралтыг хэвийн хэлбэлзэлд хадгалах (допамин >5 мкг/кг/мин эсвэл добутамин, адреналин, эсвэл норадреналин тохирох тунгаар)

ЭСВЭЛ

  • Дараах үзүүлэлтийн 2 нь байвал:
  • Тодорхойгүй бодисын солилцооны хүчилшил: Суурийн дутагдал >5.0 mEq/L
  • Артерийн лактат нэмэгдсэн >1 ммоль/литер эсвэл хэвийн дээд хазгаараас >2×
  • Олигоури: Шээсний гарц <0.5 мл/кг/цаг
  • Капиллярын дүүрэлт удааширсан: >5 сек
  • Захын температурын зөрүү >3°C (5.4°F)

Амьсгалын

  • Зүрхний хөхрөлтөт эмгэг эсвэл уушгины өвчин байхгүй ч PaO2/FIO2 харьцаа <300

ЭСВЭЛ

  • PaCO2 >65 torr эсвэл PaCO220 мм.муб-аар суурь хэмжээнээс их

ЭСВЭЛ

  • Сатурацийг ≥92% хадгалахын тулд  >50% FIO2 шаардлагатай

ЭСВЭЛ

  • Сонгомол бус инвазив эсвэл инвазив бус механик вентиляци шаардлагатай

Мэдрэл

  • Глазго-ийн кома-н үнэлгээ ≤11

ЭСВЭЛ

  • ГК-н үнэлгээ ≥3 бүхий ухааны санааны байдлын хурц өөрчлөлт

Гематологи

  • Ялтас эсийн тоо <100,000/мм3 эсвэл сүүлийн 3 өдөрт хэвийн дээд хэмжээнээс 50%-аар багассан (архаг цусны эсвэл хавдартай өвчтөн)

ЭСВЭЛ

  • INR >1.5

ЭСВЭЛ

  • Идэвхжүүлсэн протромбины хугацаа >60 сек

Бөөр

  • Сийвэнгийн креатинин >0.5 мг/дл, Креатинины суурь үзүүлэлт 2 дахин нэмэгдсэн эсвэл насанд тохирсон хэжмээ ≥2× нэмэгдсэн,

Элэг

  • Нийт билирубин ≥4 мг/дл (шинэ нярайгаас бусад хүүхдэд)
  • АСАТ –н төвшин насны хэвийн үзүүлэлтээс 2× нэмэгдсэн

Шокын эмгэг үйл зүйн эхлэлийн өөр нэг чухал тал нь зүрхний минутын шахалтын эзэлхүүний нөлөө юм. Шокын бүх хэлбэрийн үед зүрхний хэм, өмнөх ачаалал, дараах ачаалал, зүрхний булчин агшилт тус тусдаа эсвэл бүгд хамт өөрчлөгдөх зэрэг хэд хэдэн механизмаар зүрхний минутын шахалтын эзэлхүүн нөлөөлдөг (хүснэгт 3).

хүснэгт №3

хүснэгт №3

Гиповолемийн шок нь эн тэргүүнд шингэний алдагдал, өмнөх ачаалал буурдгаар онцлогтой. Тиймээс зүрхний минутын шахалт болон системийн цусны даралтыг хадгалахын тулд дасан зохицлын эхний хариу урвал нь тахикарди, системийн цусны эсэргүүцэлт нэмэгдэлт байдаг. Эзэлхүүнийг хангалттай нөхөөгүй байхад гипотензи үүсвэл цаашид эдийн ишемигээр гүнзгийрч эмнэлзүй улам дордох болно.  Сийвэнгийн онкос даралт бага үед (нефротик хам шинж, тэжээлийн алдагдал, элэгний үйл ажиллагааны алдагдал, цочмог хүнд зэргийн түлэгдэлт гэх мэт) цаашид эзэлхүүн багасаж, шокийг гүнзгийрүүлснээр эндотелийн гэмтэл үүсэх боломжтой, үүний дүнд капиллярын нэмвчимхий чанар улам ихсэн өвчтний бие дордсоор байдаг. Дистрибутив шок үүсэж буй эмгэг үйл зүйн механизм дээрхээс ялгаатай нь судас эмгэгээр тэлэгдэж, системийн судасны эсэргүүцэл буурдаг байдал юм. Сепсис, гипокси, хордлого, анафилакс, нугасны гэмтэл, митохондрийн үйл ажиллагааны алдагдал судас тэлэгдлийн шок үүсгэх боломжтой (зураг 3).

Зураг №  2

Зураг № 3

Системийн судасны эсэргүүцэл буурахын зэрэгцээ эн тэргүүнд амин эрхтнүүдээс буцах цусны урсгалын хуваарьлалт алдагдаж, дасан зохицлоор зүрхний минутын шахалт нэмэгддэг. Энэхүү үйл явцын дүнд зүрхний өмнөх, дараах ачаалал хамтдаа ач холбогдол бүхий буурахад хүргэдэг. Тиймээс эдгээр нэгэн зэрэг үүсч буй асуудлуудыг аль алиныг нь анхаарч дистрибутив шокыг эмчлэх ёстой.  Зүрхний гаралтай шок миокардиттай, кардиомиопатитай, төрөлхийн зүрхний эмгэгтэй, хэм алдалттай, мэс засал хийлгэсэн өвчтөнд тохиолдох боломжтой. Эдгээр эмгэгүүд нь зүрхний булчинд нөлөөлж систолийн болон/эсвэл диастолийн үйл ажиллагааны алдагдалд хүргэдэг. Шокын бүх хэлбэр хожуу шатандаа миокардит сөргөөр нөлөөлдөг нь зүрхний шокын хэлбэр үүсэхэд хүргэдэг. Септик шокын үед ихэнхдээ дистрибутив, гиповолемийн, зүрхний гаралтай шок хавсарч явагддаг. Судсан доторх шингэний алдагдлаас гиповолемийн шок үүсэх нь капиллярын нэвчимхий чанараар үүсгэгддэг. Харин зүрхний булчин дээрх сепсисийн депрессант нөлөө зүрхний гаралтай шокийг бий болгож байхад, дистрибутив шок системийн судасны эсэргүүцэл бууралтыг бий болгодог.

Өвчтөнд хүндийн зэргээс хамаарч дээрх хариу урвал бүр янз бүр илэрдэг ч зүрхний өмнөх ачаалал, дараах ачаалал, миокардийн агшилтанд ихэнхдээ өөрчлөлт гардаг. Энэ нь септик шокыг сөдөөгч халдвар ба эзэн биеийн үрэвслийн хариуг хооронд ялгахад чухал юм. ердийн үед торлог эндотел системийн хамт эсийн, шингэний дархлаа тогтолцооны идэвхжилээр сепсис үүсэхээс эзэн бие сэргийлж байдаг. Энэхүү эзэн биеийн дархлаа хариу урвал даавар, цитокин, энзим зэрэг үрэвслийн хорт медиаторуудын каскад үүсгэдэг. Хэрвээ каскадын хяналт алдагдвал бичил эргэлтийн тогтолцооны гажуудал бий болж улмаар эрхтэн, эсийн үйл ажиллагааг алдагдуулдаг. Системийн үрэвслийн хариу урвал (SIRS) халдварын эсвэл халдварын бус өдөөгч руу эзэн бие хариу урвал үзүүлснээр эхэлдэг үрэвслийн каскад юм.

Хүснэгт №4: Системийн Үрэвслийн Хариу Урвалын Хам шинжийн ялган оношилгоо

Халдвар

  • Бактереми, менингит (Streptococcus pneumoniae, Haemophilus influenzae type b, Neisseria meningitidis, group A streptococcus, Staphylococcus aureus)
  • Вирусын эмгэг (томуу, энтеровирус, цусархаг халууралт бүлэг, энгийн херпес вирус, амьсгалын синцитиал вирус, цитомегаловирус, Эпштейн-Барр вирус)
  • Энцефалит (arboviruses, enteroviruses, herpes simplex virus)
  • Рекетция (Rocky Mountain spotted fever, Ehrlichia, Q fever)
  • Тэмбүү
  • Вакцины урвал (хөхүүл ханиад, томуу, улаан бурхан)
  • Токсин зуучлалт урвал (токсик шок, стафилококкоор үүсгэгдсэн арьс гуужих хам шинж )

Зүрх – Уушги

  • Хатгаа (бактери, вирус, микобактери, мөөгөнцөр, харшлын урвал)
  • Уушгины эмболи
  • Зүрхний дутагдал
  • Хэм алдалт
  • Перикардит
  • Миокардит

Бодисын солилцоо – Эндокрин тогтолцоо

  • БөДБ-н дутагдал (адреногенитал хам шинж, Аддисон өвчин, кортикостеройд хэрэглээ зогсоох)
  • Электролитын алдагдал (гипонатреми, гипернатреми, гипокалцеми, гиперкалцеми)
  • Чихрийн шижин
  • Төрөлхийн бодисын солилцооны алдагдал (органик ацидоз, шээсний хүчлийн цикл, карнитин дутагдал, митохондрийн эмгэг)
  • Гипогликеми
  • Рэе хам шинж

Хоол боловсруулах эрхтэн тогтолцоо

  • Шингэн алдалттай гастроэнтерит
  • Цүлхэн
  • Түгжрэл
  • Аппендицит
  • Перитонит (өөрөө аяндаа, перфораци, перитонийн диализ)
  • Үхжилт энтероколит
  • Гепатит
  • Цус алдалт
  • Панкреатит

Гематологи

  • Анеми (хадуур эст, цус алдалт, тэжээлийн алдагдал)
  • Метгемоглобинеми
  • Дэлүүний секвестрацийн хямрал
  • Гемофагоцит хам шинж

Мэдрэл

  • Эмийн хордлого (эмүүд, карбон моноксид, интенциал эсвэл акцидентал тун хэтрүүлэлт)
  • Гавлын доторх цус алдалт
  • Нэг хүртэлх насны хүүхдийн ботулизм
  • Гэмтэл
  • Guillain-Barré хам шинж
  • Миастени гравис

Бусад

  • Анафилакс (хоол, эм, амьтанд хазуулах)
  • Гемолитик-уремийн хам шинж
  • Хордлого
  • Хорт могойн хор
  • Макрофаг идэвхжлийн хам шинж

Шокоор эхэлсэн үрэвслийн каскад гиповолеми, зүрхний, судасны дутагдал, амьсгалын цочмог дистресс хам шинж (ARDS), инсулин тэвчил, цитохром Р450 –н идэвхи буурахад (стеройд нийлэгжил буурах болно), бүлэгнэлтийн гажуудал, эргэшгүй эсвэл хоёрдогч халдварт хүргэх боломжтой. Хавдар үхжлийн хүчин зүйл (TNF), бусад үрэвслийн медиаторууд судасны нэвчимхий чанарыг нэмэгдүүлснаар тархамлаар капиллярын нэвчимхий чанарыг ихэсгэн, судасны тонусыг бууруулснаар эдийн перфузи болон бодисын солилцооны хэрэгцээ хоорондох тэнцвэрийг алдагдуулдаг.  TNF, интерлейкин-1нь үрэвслийн өмнөх, үрэвслийн эсрэг медиаторуудын ялгарахыг идэвхжүүлж, халууруулж, судас тэлдэг. Үрэвслийн өмнөх медиаторуудад Ил-6, Ил-12, интерферон-гамма, макрофагийн миграцийг дарангуйлагч хүчин зүйл зэрэг, үрэвслийн эсрэг цитокинуудад Ил-10, трансформинг өсөлтийн хүчин зүйл-бетта, Ил-4 багтдаг. Арахидоны хүчлийн солилцооны бүтээгдэхүүнүүд халууралт, тахипноэ, вентиляци-перфузийн эмгэгшил, сүүний хүчлийн хүчилшил үүсгэдэг. Үрэвслийн эсүүд болон эндотель эсүүдээс нитрик оксид ялгарч гипотензид гол үүрэгтэй оролцдог. Миокарди депрессант хүчин зүйл, TNF, болон зарим интерлейкинүүд миокардийн депрессийг шууд үүсгэдэг, мөн цаашид катехоламин буурч, бетта-эндорфин, зүрхний булчинд нитрик оксидын үүсэлт нэмэгдснээр улам гүнзгийрүүлдэг.

Үрэвслийн каскад (зураг №4) макрофаг холбоот эсвэл лимфоцит идэвхжүүлэгч суперантиген эсвэл токсинуудаар үүсгэгдэх боломжтой. Гэмтэл үүсгэдэг медиаторуудын эх үүсвэр, эдийн гэмтлийн бай аль аль нь судасны эндотель эс болдог. Арахидоны хүчлийн солилцооны бүтээгдэхүүний үүсэлт, миокардийн депрессант хүчин зүйлийн ялгаралт, эндоген опойтуудын ялгаралт, бүрэлдэхүүн тогтолцооны идэвхжил, төдийгүй үрэвслийн өмнөх эсвэл эсрэг бусад олон медиаторуудын ялгаралт, үүсэлт биохимийн хариу урвал юм. Эдгээр тухайн өвчтөн дэх медиаторуудын бүлэг хоорондох тэнцвэр өвчний явцад оролцож, амьдрах боломжид нөлөөлдөг.

Зураг №5

Зураг №4

Эмнэлзүйн онцлог

Шокын ангилалын системийг хүснэгт 1-д үзүүлэв. Ангилал бүр чухал ч эдгээрээс ялангуяа септик шок илүү чухал байх боломжтой. Шокын эмнэлзүйн илрэл нь этоиологиос хамаардаг ч хэрвээ тахиагүй, эмчлээгүй бол шокын бүх хэлбэрийн үед эмгэг үйл зүйн өөрчлөлтүүд болон эмнэлзүй давшингуй дордож, эцэст нь эрхтний гэмтэл, нас баралт ч үүсэж болзошгүй. Шокын эхний эмнэлзүй нь тахикарди байдаг ч тахикарди илрэхгүй байх нь бий. Мөн шээсний гарц багасах, захын перфузийн бууралт, амьсгалын дистресс эсвэл дутагдал, ухаан санаа самуурах, цусны даралт унах шинжүүд давшингуй илэрдэг.

Шок нь зөвхөн цусны даралт бууралтаар үүсдэг гэж ихэнхдээ буруу ойлгодог: цусны даралтаа хадгалахын тулд дасан зохицох механизмд бүх тогтолцоо оролцдог учраас гипотензи нь ихэнхдээ хожуу илэрдэг тул шокийн шалгуурт багтдаггүй. Гипотензи илэрнэ гэдэг бол дасан зохицсон шокийн байдал гүнзгийрснийг илтгэх бөгөөд насбаралт, өвчлөл ихсэхтэй холбоотой байдаг. Гиповолемийн шок амны салст хуурайших, суга хуурайших, арьсны уян хатан чанар буурах, шээсний гарц буурах нь ихэнхдээ эхлээд ортостатик гипотензи шиг илэрдэг.

Шингэн алдалтын зэргээс хамаарч гиповолемийн шоктой өвчтөн мөчдийн үзүүр хэвийн эсвэл үл ялиг хөрсөн байх боломжтой, мөн өвчний хүндийн зэргээс хамаарч пульс хэвийн, буурсан эсвэл байхгүй байж болзошгүй.

Зүрхний гаралтай шок тахипноэ, мөчид хөрөх, капиллярын дүүрэлтийн хугацаа уртсах, захын эсвэл/мөн төвийн пульс сулрах, ухаан санаа самуурах, шээсний гарц буурах шинжүүдээр илэрдэг нь дасан зохицлын захын судасны агшилт, зүрхний минутын эзэлхүүн бууралтаар үүсгэгддэг. Обструктив шокын үед  зах руу чиглэлтэй цусны урсгалд механик саад бий болдог учраас зүрхний минутын шахалтын эзэлхүүн хангалтгүй байдлын шинжүүдээр илэрдэг ч хурдан явцтайгаар зүрх зогсож илрэх боломжтой.  Дистрибутив шокын үед захын судас тэлснээс зүрхний минутын эзэлхүүн нэмэгдсэн ч хангалтгүй байдаг. Этиологиос үл хамааран гипотензитэй, захын судасны эсэргүүцэл өндөртэй, зүрхний минутын шахалтын эзэлхүүн бууралттай, амьсгалын дутагдалтай, унтаарсан, олигури өвчний явцын хожуу шатанд илэрдэг.

Шокын байдал бүрийн гемодинамикын шинжүүдийг Хүснэгт 70-6 жагсаан бичив. Мөн эмнэлзүйд петехи, түгмэл улайралт, экхимоз, эктима генгреноз, захын гангрен зэрэг арьсны өөрчлөлтүүд шокын үед тодорхойлогддог нь бий. Халдварын шинжээр эсвэл олон эрхтний дутагдлын дүнд шарлалт илэрсэн байх боломжтой. Сепсис нь халдварын этолиоги батлагдсан эсвэл сэжиглэснээс системийн үрэвслийн хариу урвалын хам шинж үүсэлтээр тодорхойлогддог. Сепсисийн эмнэлзүй хөнгөнөөс хүнд зэргийн сиепсисийн явц системийн (ж нь бактереми, ракетциал өвчин, фунгеми, виреми) эсвэл хэсэг газрын (менингит, хатгаа, пиелонефрит гэх мэт) халдвараар эхэлдэг. Цаашид байдал дордвол септик шокод (хүнд сепсис + байнгын гипоперфузи, эсвэл хангалттай шингэн сэлбэсэн ч гипотензи байсаар байх, эсвэл шаардлагатай судас идэвхит агентийг хэрэглэсэн ч гипотензи хадгалагдах), олон эрхтний дутагдалд, мөн цаашлаад нас баралтанд хүргэнэ (хүснэгт №5).

Хүснэгт №5 Хүүхдийн сепсисийн Олон Улсын нэгдсэн тодорхойлолт
Халдвар сэжиглэсэн эсвэл халдвар батлагдсан эсвэл халдвар байх маш өндөр эмнэлзүйн хам шинж
SIRS (Системийн үрэвслийн хариу урвалын хам шинж)

4 шалгуурын 2 нь байх, үүний нэг нь биеийн хэмийн эмгэг өөрчлөгдөлт эсвэл лейкоцитын тоон эмгэг өөрчлөлт:

1. Үндсэн температур >38.5°C (101.3°F) эсвэл <36°C (96.8°F) (шулуун гэдэс, давсаг, ам, төвийн катетр)

2. Тахикарди:

  • Зүрхний хэм гадны сэдээгч, эмийн хэрэглээ, өвдөлт үгүй байхад насанд тохирсон хэмжээнээс >2 SD олшрох

ЭСВЭЛ

  • Тодорхйгүй шалтгаанаар 0,5-4 цагийн турш өндөр байх

ЭСВЭЛ

  • Нэгээс бага насны хүүхдэд 0,5 цагийн турш брадикарди илрэх (зүрхний төрөлхийн эмгэггүй, бетта-хориглогч эм хэрэглээгүй, тэнэгч мэдрэлийн идэдхжил үгүй байхад зүрхний цохилт <10-хувиар буурах)

3. Амьсгалын хэм насанд тохирсон хэмжээнээс >2 SD дээш нэмэгдэх эсвэл ерөнхий мэдээгүйжүүлэг, мэдрэл-булчингийн эмгэг үгүй үед яаралтай механик вентиляци шаардагдах

4. Лейкцоцитын тоо буурах эсвэл нэмэгдэх (хими эмчилгээ хийлгээгүй), эсвэл бүрэн хөгжөөгүй нейтрофил >10% нэмэгдэх

Сепсис

  • SIRS + Халдварын сэжигтэй эсвэл батлагдсан

Хүнд зэргийн сепсис

  • Сепсис + Дараагийн үзүүлэлтүүдээс 1 нь:

1.

Дараах арга хэмжээг авсан ч Зүрх судасны үйл ажиллагааны алдагдал байх:

  • 1 цаг >40 мл/кг -аар изотоник уусмал венийн судсаар сэлбэсэн ч
  • Гипотензи насанд <5 хувь, эсвэл систолын цусны даралт насанд тохирсон хэвийн хэмжээнээс <2 SD

Эсвэл

  • Цусны даралтыг хадгалахын тулд судас идэвхит эм шаардагдах

Эсвэл

Дараагийн үзүүлэлтүүдээс 2 нь:

  • Шалтгаан тодорхойгүй бодисын солилцооны ацидоз: суурийн дутагдал >5 mEq/L
  •  Артерийн лактат нэмэгдсэн: хэвийн дээд хязгаараас 2 дахин ихэссэн
  • Олигури: шээсний гаралт <0.5 мл/кг/цаг
  • Капиллярын эргэн дүүрэлт удааширсан: >5 сек
  • Захын температурын зөрүү  >3°C (5.4°F)

2.

  • PaO2/FIO2 харьцаа ≤300 мм.муб, цээжний рентгенд 2 талын нэвчдэс илэрч, зүүн зүрхний дутагдал батлагдаагүй бол Амьсгалын цочмог дистресс хам шинж.

ЭСВЭЛ

  • Сепсис + 2 эсвэл түүнээс олон эрхтний үйл ажиллагааны алдагдал (амьсгалын, бөөрний, мэдрэлийн, гематологийн, эсвэл элэгний)

Септик шок

  • Сепсис + Дээрх тодорхойлолтын дагуу Зүрх судасны үйл ажиллагааны алдагдал

Олон эрхтний үйл ажиллагааны алдагдал

  • Эм хэрэглэхгүйгээр гемостаз хадгалагдах боломжгүй эрхтний үйл ажиллагааны алдагдал илрэх

Энэхүү эмнэлзүйн асуудлуудын өргөн хүрээ нь дэлхий дахинд хүүхдийн нас баралтын шалтгаан болсоор байна. Харин эрт таниж, эрт эмчилснээр үр дүнг сайжруулж нас баралтыг бууруулна. Сепсисийн үед биеийн хэмийн зохицуулга алдагдах (халууралт, гипотерми), тахикарди, тахипноэ зэрэг эмнэлзүй, шинж тэмдэг эн тэргүүнд илэрдэг. Харин эрхтэн, эдийн ихээхэн бодисын солилцооны хэрэгцээ, очих хүчилтөрөгчийн хэмжээг хоорндох тохироог хадгалахын тулд эрт шатанд (гипердинамик фаз, системийн судасны эсэргүүцэл бага, эсвэл “халуун” шок), зүрхний минутын шахалтын эзэлхүүн нэмэгддэг. Септик шокын явцад үрэвслийн олон медиаторуудын нөлөөгөөр зүрхний минутын шахалтын эзэлхүүн унаж, дасан зохицлоор системийн судасны эсэргүүцэл нэмэгдснээр “хүйтэн” шок үүсдэг.


Эх сурвалж:


David A. Turner and Ira M. Cheifetz “Shock” Nels. Textb. Ped. 20th ed