Хүүхдийн тахикардийн алгоритм (Pediatric Tachycardia Algorithm)

Хүүхэд судлал
Мягмарсүрэн Namuun bolor-erdene

Хүүхэд насанд тахикарди түгээмэл тохиолдох ба ихэнхдээ урхаг аюул багатай.

Хүүхдийн эцэг эх, асран хамгаалагчид нь хүзүүний венийн лугшилтыг харж, пульс тэмтэрч эсвэл хүүхдийг тэвэрч байх үедээ зүрхний цохилтыг мэдрэх зэргээр өөрчлөлтийг ажигласан байдаг.

Тахикардийн зовуурь шаналгаа нь хүүхдийн биеийн байдал, зүрхний хэмийг түргэн үнэлэхийг шаарддаг. Ихэнх тохиолдолд амь тэнссэн төлөвт оруулсан тахикардийг илрүүлж, амжилттай эмчлэх боломжтой.

Хүүхдэд тохиолдох тахикардийн шалтгаан

Амь тэнссэн төлөвт хүргэсэн зүрхний эмгэг
Ховдлын дээрх тахикарди (Supraventricular tachycardia (SVT))
Ховдлын тахикарди (Ventricular tachycardia (VT))
Бусад хэм алдалтууд (Жишээ нь: тосгуурын жирвэлзэл,  torsades de pointes)
Гипертропийн кардиомиопати
Миокардит, кардиомиопати
Перикардийн шингэн
Амь тэнссэн төлөвт хүргэсэн зүрхний бус эмгэгүүд
Бодис дутал (гипоксеми, гипогликеми)
Гиповолемийн шок
Анафилакси/Гаждал цохиулалт
Хордолт
Үжил
Электролитийн хямрал (гиперкалеми, гипокальцеми, гипомагнеземи)
Феохромоцитома
Түгээмэл нөхцөлүүд
Халуурах
Уйлах
Дасгал
Өвдөлт
Санаа зовинол, хэт – сэлгэцлийн хамшинж
Цус багадалт
Эм – нөлөөт (каффейн, хар тамхины эмүүд, хүнсний нэмэлтүүд)
Бусад эмгэгүүд
Кавасакийн өвчин
Цочмог хэрэх өвчин
Гипертироидизм
Алгоритм. Хүүхдийн тахикардийн алгоритм

Энэхүү алгоритмийг эмнэлзүй тод илэрсэн өвчтөнүүдэд хэрэглэнэ. Эмчилгээг заавал үндсэн тусламжаас эхэлнэ.

  • Амьсгаадсан эсвэл SpO≥ 95% болсон бол хүчилтөрөгч өгөх заалттай
  • Амьсгалын замыг чөлөөл
  • Хүүхдийг кардиомониторт хяна
  • Амин үзүүлэлтүүдийг хяна
  • Cудас эсвэл ясанд уян зүү байрлуул
  • Хэрэв эмнэлзүй шинж тогтвортортой илэрсээр байвал 12 холболт бүхий ЗЦБ хий. Гэхдээ яаралтай тусламжийг бүү хойшлуул.

Тахикардийн эмчилгээг сонгохдоо түүний хэлбэрт тулгуурлана. Тахикардийн 3 янзын хэлбэр бий.

  1. Нарийн бүрдэлт тахикарди буюу синусын тахикарди
  2. Ховдлын дээрх тахикарди
  3. Өргөн бүрдэлт тахикарди (ховдлын тахикарди байх боломжтой)

Синусын тахикарди

Нарийн бүрдэлт тахикарди (Narrow complex tachycardia) үед   QRS бүрдлийн үргэлжлэх хугацаа 0.1 секундээс бага байна.  

  • Өвчний түүхэнд тулгуурлан оношлох нь олонтаа. Ийм өвчтөнд тодорхой шалтгаан болохуйц өвчний түүх заавал байдаг. Жишээ нь шингэн алдалт, өвдөлт, цус алдалт гэх мэт
  • Р шүд хэвийн, хэм жигд, зүрхний цохилтын тоо ихэнхдээ хөхүүл хүүхдэд минутад 220 – оос, том хүүхдэд 180 – аас тус тус бага байдаг.  

ЭМЧИЛГЭЭ Шалтгааныг илрүүлж эмчил. Жишээ нь шингэн алдалт бол шингэн нөхөх, өвдөлттэй бол өвчин намдаах гэх мэт…

Ховдлын дээрх тахикарди (Supraventricular Tachycardia)

  • Шалтгаан тодорхойгүй
  • Р шүд илрэхгүй эсвэл хэвийн биш, зүрхний цохилтын тоо хөхүүл хүүхдэд минутад 220 – оос, том хүүхдэд 180 – аас олон байна.

ЭМЧИЛГЭЭ: Хэрвээ хүүхдэд уян зүү байрлуулсан бол аденозин 0.1 мг/кг/тун – аар хурдан тарина (дээд тун 6 мг). Хэрэв намдахгүй бол дараагийн тунг 0.2 мг/кг/тун – аар хурдан тарина (дээд тун 12 мг).

  • Хэрэв аденозин үр дүнгүй, эсвэл уян зүү байрлуулаагүй бол цахилгаанаар зүрхний хэм засах ажилбар (synchronized cardioversion) заалттай:
  • 0.5 – 1 Жоуль/кг – аар эхэл – Хэрэв үр дүнгүй бол 2 Жоуль/кг болгож нэм. 
  • Хэрэв шаардлагатай бол тайвшруул, гэвч эмчилгээг бүү хойшлуул

Өргөн бүрдэлт тахикарди (Wide complex tachycardia (QRS >0.09 сек)) — Ховдлын тахикарди байх боломжтой.

Суурь тусламж үзүүлж эхэл.

Хэрэв хүүхдийн даралт бага, ухамсарт ухааны түвшин цочмог өөрчлөгдсөн эсвэл шокийн шинжтэй бол ТҮРГЭВЧИЛСЭН СИНХОРОНТ КАРДИОВЕРСИ заалттай.

  • 0.5 Жоуль/кг
  • 2 Жоуль/кг

Хэрэв даралт, ухаан санаа өөрчлөлтгүй, шокгүй, зүрхний хэм нэгэн хэвийн буюу мономорф (бүх QRS ижил харагдах) бол аденозин хэрэглэх талаар бодолц.

  • Аденозин 0.1 мг/кг/тун – аар судсанд хурдан тарина (дээд тун 6 мг)
  • Аденозин 0.2 мг/кг/тун – аар судсанд хурдан тарина (дээд тун 12 мг).

Хэрэв даралт, ухаан санаа өөрчлөлтгүй, шокгүй бол нарийн мэргэжлийн эмч нартай зөвлөлд (зүрхний эмч эсвэл цахилгаан физиолгич гэх мэт). Тэд дараахаас аль нэгийг санал болгож болно.

  • Амиодарон 5 мг/кг – аар 20 – 60 минутын турш судас/ясанд тарих ЭСВЭЛ
  • Прокайнамид 15 мг – аар судас/ясанд 30 – 60 минутын турш тарина
  • Дээрх эмийн бэлдмэлүүдийг хамт хэрэглэж болохгүй.

Ургал мэдрэл цочроох арга (Vagal maneuvers): Бага насны хүүхдийн нүүрийг мөс эсвэл хүйтэн устай хүүдийгээр 15 – 30 секунд арчих эсвэл шулуун гэдсийг термометрээр цочрооно. Том хүүхдэд амьсгалаа түгжээд дүлэх буюу вальсалва маневрийг 15 – 20 секунд турш үргэлжлүүлэхийг зөвлөдөг. Гүрээний массаж, нүдний аяганд дарах аргыг хүүхдэд хэрэглэх нь зохимжгүй.

Эх сурвалж:


  • Uptodate.com “Approach to the child with tachycardia”| This topic last updated: Mar 02, 2019.
  • АCLS: Pediatric tachycardia algorithm from American Heart Association 2015