Аарцгийн үрэвсэлт өвчин : Эмнэлзүй, оношилгоо

Мэс засал
Orgilbold bayartsogt

Аарцгийн үрэвсэлт өвчнийг (АҮӨ) цочмог ба далд халдвар (subclinical infection) хэмээн ангилж авч үздэг бөгөөд энэ үед умай, үрийн хоолой, өндгөвч гэх мэт аарцгийн зэргэлдээ эрхтэнүүдийг ихэнхдээ цуг хамардаг. Үүний улмаас эндометрит, салфингит, оофорит, перитонит, перигепатит, болон үрийн хоолой-өндгөвчний буглаа үүснэ.

АҮӨ-ий ихэнх тохиолдол (85%) -ыг бэлгийн замаар дамждаг эмгэгтөрөгчид, эсвэл бактерийн вагинозтой хамааралтай эмгэгтөрөгчид үүсгэдэг. Цочмог АҮӨ-ий 15-аас бага хувийг бэлгийн замаар дамждаггүй эмгэгтөрөгчид эзлэх бөгөөд гэдэсний эмгэгтөрөгчид (Escherichia coli, Bacteroides fragilis, Group B streptococci, болон Campylobacter spp гэх мэт) эсвэл амьсгалын замын эмгэгтөрөгчид (Haemophilus influenzae,  Streptococcus pneumoniae,  Group A streptococci, and Staphylococcus aureus гэх мэт) бэлгийн замаас өсгөвөрлөгддөг (1). Ажилбарын дараах аарцгийн целлулит болон буглаа, жирэмслэлтэй холбоотой аарцгийн халдвар, жижиг эсвэл том гэмтэлтэй холбоотой аарцгийн халдвар, хоёрдогч халдвар (мухар олгойн үрэвсэл, дивертикулит, хавдар гэх мэт) нь эмнэлзүйн маш төстэй зураглалтай. Гэхдээ эдгээрийн шалтгаан нь өөр юм.

АҮӨ нь халдварын маш өргөн хүрээгээр илэрдэг тул оношилгооны ганц алтан стандарт гэж үгүй. Эмнэлзүйгээр оношлох нь хамгийн чухал практикын арга хэвээр байна.

Эмнэлзүйн илрэл

Эрсдэлтэй өвчтөнүүд – Бэлгийн идэвхитэй эмэгтэйчүүд АҮӨ-тэй холбоотой бэлгийн замын өвчний эрсдэлтэй байдаг ч бэлгийн олон хамтрагчтай бол хамгийн өндөр эрсдэлтэй болно. Мөн 25-аас бага нас, бэлгийн замын халдвартай хамтрагч, АҮӨ урьд туссан өгүүлэмж, эсвэл бэлгийн замын халдвар нь чухал эрсдэлт хүчин зүйл юм. Бэлгэвчийн хэрэглээ үүнээс хамгаална.

Жирэмсэн эмэгтэйчүүдэд жирэмсний эхний 12 долоо хоногийн хугацаанд АҮӨ тохиолдох боломжтой ч үүнээс цааш хугацаанд өгсөх замын бактерийн халдвараас хамгаалах салстын гуужилт, хамгаалалт үүсдэг тул АҮӨ ховор тохиолдоно.

Жирэмсний сүүлийн хугацаанд умайн хүзүүнд багаж тавиулсан эмэгтэйчүүд АҮӨ үүсгэгчийн өгсөх замын халдварт өртөх өндөр эрсдэлтэй байдаг. Настай эмэгтэйчүүдэд ховор илэрдэг ч хэрвээ тохиолдвол бэлгийн замын халдвартай холбоогүй байх нь давамгай.  Маш ховор ч сарын тэмдэг ирэхээс өмнөх насны охид болон бэлгийн идэвхигүй өсвөр насны охидод салфингит тохиолдох нь бий. Энэ тохиолдолд уушгины ба гэдэсний халдварыг бодолцох нь зүйтэй.

Өвчний хүрээ – АҮӨ гэдэг нэр томъёо нь эмнэлзүйн илрэлийн өргөн хүрээг багтаадаг. Цочмог үед эмнэлзүйн илрэлийн хугацаа нь хэдэн хоног байдаг бол зарим тохиолдолд хэдэн долоо хоногоос хэдэн сарын турш илүү удаан бүдэг байх боломжтой. АҮӨ-ий зовиуртай ч эмнэлгийн тусламж аваагүй эмэгтэйчүүдийн умайн гуурс өвчилснөөс үргүйдэл үүсч болзошгүй. Цочмог эмнэлзүйтэй АҮӨ-ий хүндийн зэрэг нь хөнгөнөөс маш хүндээр, үрийн хоолой-умайн буглаа аарцгийн байрлалтай зовиураар илрэх, тархмал перитонит, ховор тохиолдолд аминд аюултай хэвлийн хөндийн сепсис байдлаар илрэх нь ч бий. Цөөн тохиолдолд элэгний капсулыг хамарч перигепатит үүсэх ч боломжтой.

Эдгээр олон янзын эмнэлзүйн хам шинжийг дор илүү дэлгэрэнгүй тусгав.

Шинж тэмдэг бүхий цочмог АҮӨ –  Хэвлийн доод хэсгээр эсвэл аарцагт байрлалтай цочмог өвдөлт, аарцгийн эрхтэнүүдийн зовиураар эхлэж, бэлгийн замын үрэвсэл оношлогддог онцлогтой. Гэвч өвөрмөц зовиур, шинж тэмдэг гэж үгүй.

Илрэх зовиур – Аарцгийн үрэвсэлт өвчинтэй эмэгтэйчүүдэд илэрдэг үндсэн зовиур бол хэвлийн доод хэсгийн өвдөлт юм. Өвдалт нь ихэнхдээ 2 талдаа илрэх ба 2 долоо хоног буюу түүнээс удаан хугацаагаар илрэх нь ховор байдаг (2-4). Өвдөлтийн хэлбэр нь зарим тохиолдолд маш бүдэг гэх мэт янз бүрээр илэрдэг бөгөөд бэлгийн хавьталд ороход өвдөлт ихсэх, мөн  доргисон хөдөлгөөн хийхэд өвдөлт нэмэгддэг онцлогтой. Сарын тэмдэг ирсний дараахан эсвэл ирж байхад өвдөлт сэдрэх нь АҮӨ-ий онцгой сэжүүр юм.

Ихэнх эмэгтэйчүүдэд хөнгөнөөс дунд зэргээр тохиолддог ч цөөнхөд нь перитонит эсвэл аарцгийн буглаагаар  хүндэрснээр бодит үзлэгт их хэмжээний хөндүүрлэлт илэрч, халууралт гэх мэт системийн шинж гардаг.

АҮӨ-тэй эмэгтэйчүүдийн гуравны нэгт нь умайн эмгэг цус алдалт  (бэлгийн харьцааны дараа, сарын тэмдгийн мөчлөг хооронд, сарын тэмдэг их хэмжээтэй ирэх) илэрдэг (6,7). Мөн үтрээнээс эмгэг ялгадас гарах, шээсний давтамж өөрчлөгдөх гэх мэт бусад өвөрмөц бус зовиурууд ч илэрч болно.

Бодит үзлэг – АҮӨ-тэй ихэнх эмэгтэйчүүд хэвлийн тэмтрэлтээр эмзэглэлтэй, ялангуяа хэвлийн доод хэсгээр 2 талдаа эсвэл нэг талдаа эмзэглэл их байна. АҮӨ илүү хүнд тохиолдолд гялтан цочролын шинж, халууралт, гэдэсний авиа буурах шинж илэрнэ. Хоёр гарын хавсарсан үзлэгээр умай, умайн дайвар эмзэглэлтэй, умайн хүзүүг хөдөлгөхөд АҮӨ-ий зовиур сэдэрдэг онцлогтой (7,8). Мөн умайн хүзүүний амсраас болон үтрээнээс идээт ялгадас гардаг.

Лабораторын шинжилгээ – Аарцгийн үрэвсэлт өвчний үед лабораторын шинжилгээгээр ихэнхдээ өвөрмөц бус хариу гардаг. Энэхүү эмгэг нь үргэлж цочмог явцтай илэрдэг ч цөөн тохиолдолд хэрвээ өвчин хүнд бол захын цусанд лейкоцитоз илэрнэ (9). Эритроцитын тунах хурд, С-урвалжит уураг ихсэх нь мэдрэг чанар болоод өвөрмөц чанар муутай.

Перихепатит

Элэгний баруун дээд хэсэг дэх гялтан, элэгний бүрхүүл үрэвсэхийг Перихепатит (Fitz-Hugh Curtis Syndrome) гэх бөгөөд АҮӨ-тэй өвчтөнүүдийн  ойролцоогоор 10%-д тохиолддог. Эмнэлзүйд хэвлийн баруун дээд хэсэгт өвдөж, өвдөлт баруун мөр рүү дамждаг онцлогтой. Тиймээс энэхүү өвдөлт хүчтэй үед холециститыг санагдуулснаар АҮӨ-ий оношийг төөрөгдүүлдэг. Гэхдээ биохимийн шинжилгээнд аминотрансферазын хэмжээ хэвийн эсвэл үл ялиг ихсэнэ (11,12).

Лапароскопид ихэнхдээ элэгний урд гадаргууг хамарсан (элэгний паренхимийг хамардаггүй), идээт өнгөртэй, фибрин экссудаттай (наалдац) харагддаг онцлогтой.

Энэхүү хам шинж анх 1920 онд гонококкийн салфингиттай (13), дараагаар нь C. trachomatis-тай холбоотой үүсдэг нь оношлогдсон (14,15).

Умайн гуурс-өндгөвчийн буглаа – гэдэг нь умайн гуурс, өндгөвч төдийгүй зарим тохиолдолд зэргэлдээх эрхтэнүүдийг хамарсан үрэвсэлт масс юм. Тэмтрэлтээр умайн дайврын масс тэмтрэгдэх боломжтой.

Шинж тэмдэггүй (субклиникал) АҮӨ – Нөхөн үржихүйн дээд замын шинж тэмдэггүй халдвар нь эмэгтэйчүүд эмнэлгийн тусламж яаралтай авах шалтгаан болдоггүй ч ноцтой уршиг дагуулах нь харьцангуй нийтлэг (7). АҮӨ-ий улмаас үүдэлтэй умайн гуурсны шалтгаант үргүйдэлтэй эмэгтэйчүүдийн ихэнх нь АҮӨ-ий өгүүлэмжгүй байдаг (16-18).

Оношлогдоогүй АҮӨ-ийг өмнө илэрч байсан хөнгөн зэргийн зовиурын өгүүлэмжээр нь оношлодог ч нейтрофил болон сийвэнгийн эсүүдийн өсөлт, эндометрийн биопси нь үрэвсэл ба АҮӨ-г оношлоход тусалдаг. Заг хүйтэн, хламид, эсхүл нянгийн шалтгаант вагиноз бүхий нөхөн үржихүйн доод замын халдвар нь үүний эрсдэлт хүчин зүйл юм (19).

Жирэмсэлтээс сэргийлэх уудаг эм хэрэглэдэг эмэгтэйчүүд шинж тэмдэггүй АҮӨ тусах нь их байдаг (20-21).

Архаг АҮӨ – Актиномикоз, сүрьеэгээр үүсгэгдсэн АҮӨ бага зэргийн халууралт, туралт, хэвлийн өвдөлтөөр илэрч болно. Актиномикоз ба умайн дотор байрлуулдаг жирэмслэлтээс сэргийлэх арга хоорондоо холбоотой гэж үздэг ч хамаарал нь тодорхойгүй байна.

Үнэлгээ

Эхний үнэлгээ – Хэвлийн доод хэсгийн өвдөлттэй, аарцгийн зовиуртай залуу буюу бэлгийн идэвхитэй эмэгтэйчүүдэд эн тэргүүнд АҮӨ-г сэжиглэх нь зүйтэй. Гэхдээ АҮӨ сэжиглэсэн бол эхний үнэлгээний зорилго нь сэжиглэсэн оношоо батлах, аарцгийн өвдөлт үүсгэдэг бусад өвчнүүдийг үгүйсгэж бүрэн дүүрэн ялган оношилгоо хийхэд оршино.

Асуумж – Аарцгийн үрэвсэлт өвчний эрсдэлт хүчин зүйлсэд чиглэж асуумжийг бүрэн цуглуулна. Ялангуяа бэлгийн шинэ хамтрагчтай болсон эсэх, бэлгэвч тогтмол хэрэглэдэг эсэх гэх мэт бэлгийн амьдралын асуумжийг дэлгэрэнгүй авна.

Мөн аарцгийн өвдөлтийн онцлог (ихэнхдээ байнгын өвдөлт), өвдөлтийн эхлэл (ихэнхдээ саяхан) зэргийг асууж тодруулна. Шээс дамжуулах замын, эсвэл хоол боловсруулах замын зовиур гэх мэт бусад зовиуруудыг асууна.

Бодит үзлэг, эмэгтэйчүүдийн үзлэг – АҮӨ сэжиглэсэн бүх эмэгтэйчүүдэд хоёр гарын хавсарсан үзлэгээр умайн хүзүүний хөдөлгөөн, умай, дайврыг тэмтэрч эмзэглэлийг үнэлнэ. Мөн толь тавьж умайн хүзүүнээс гарах салст, ялгадасыг харж шинжилнэ. Аарцгийн эрхтэнүүд эмзэглэлтэй байх нь шинж тэмдэг бүхий цочмог АҮӨ-ий онцлог болдог. Жишээлбэл үзлэгт умайн дайвар эмзэглэлтэй байх, эндометрийн биопси дээр эндометрит илрэх хооронд сайн хамааралтай байдаг (8).

Хэрвээ умай, дайврын эмзэглэл илрэхгүй бол бусад оношийг сэжиглэх нь зүйтэй.

Тэмтрэлтээр дайврын масс илэрвэл өндгөвч-үрийн хоолойн буглаагаар хүндэрсэн АҮӨ-ийг сэжиглэх боломжтой ч бусад өвчнөөс ялган оношлох шаардлагатай.

Тусламжийн цэгт, Лабораторын шинжилгээ – АҮӨ-ийг сэжиглэсэн эмэгтэйчүүдэд дараах шинжилгээнүүдийг хийх хэрэгтэй:

  • Жирэмсний тест
  • Үтрээний ялгадасны микроскопи (боломжтой бол)
  • trachomatisба N. gonorrhoeae –н Нуклейн хүчлийн амфликаци тест (NAATs)
  • ДОХ илрүүлэг
  • Тэмбүүгийн серологийн шинжилгээ

Жирэмсний тестээр умайн жирэмслэлтийн хүндрэл, умайн гадуурах жирэмслэлттэй холбоотой асуудлыг АҮӨ-өөс ялган оношилно. Харин үтрээний ялгадсанд цагаан эс ихэх нь АҮӨ-г оношлоход мэдрэг үзүүлэлт болдог. Тиймээс цагаан эс байхгүй бол өөр өвчнийг сэжиглэх боломжтой. C. trachomatis эсвэл N. gonorrhoeae-г оношлоход NAATs тус болох ч сөрөг гарсан тохиолдолд АҮӨ-ийг үгүйсгэх баталгаа болохгүй. АҮӨ нь бэлгийн замын халдварт өвчинтэй эрсдэлт хүчин зүйлээрээ ижил тул бэлгийн замын халдварт өвчнүүдийг шинжилэх хэрэгтэй.

Халууралт гэх мэт илүү хүнд эмнэлзүйтэй эмнэлэгт хэвтэн эмчлүүэх шаардлагатай өвчтөнүүдэд цусны дэлгэрэнгүй шинжилгээ, улаан эсийн тунах хурд, С урвалж уургийг үнэлнэ (4). Эдгээр үзүүлэлтүүд АҮӨ-ий оношилгоонд мэдрэг ба өвөрмөц чанар бага ч хүндийн зэргийг үнэлэх (өндгөвч-үрийн хоолойн буглаа сэжиглэсэн тохиолдол), эмчилгээний үр дүнг хянахад тус болдог.

Шээс дамжуулах замын зовиуртай эмэгтэйчүүдэд шээсний шинжилгээ хийнэ.

Онош тодорхойгүй тохиолдолд хийх нэмэлт шинжилгээнүүд – Хэв шинжит бус зовиуртай (зовиурын гаж байрлал, үргэлжилсэн хугацаа гэх мэт), халууралт, перитонит, аарцагт байрлалтай масс гэх мэт цочмог эмгэгтэй, эсвэл таамагл антибиотик эмчилгээ эхлэснээс хойш 72 цагийн дотор биеийн байдал сайжрахгүй байгаа, эсвэл бүрэн эмчилсэн ч өвдөлт арилахгүй байгаа эмэгтэйчүүдэд нэмэлт шинжилгээнүүдийг бүрдүүлнэ. Учир нь АҮӨ-ий хүндрэл (буглаа гэх мэт), эсвэл өөр эмгэг байх боломжтой. Нэмэлт шинжилгээнд хэт авиан шинжилгээ, компьютерт томографи, лапароскопи, трансцервикаль эндометрийн биопси багтана.

Оношилгоо

Аарцгийн үрэвсэлт өвчнийг ялангуяа бэлгийн замын халдварт өвчний өндөр эрсдэлтэй, аарцгийн эсвэл хэвлийн доод хэсгийн өвдөлттэй бэлгийн идэвхитэй залуу эмэгтэйчүүдэд сэжиглэж, эмэгтэйчүүдийн үзлэгээр умайн хүзүүг хөдөлгөхөд, умай, эсвэл дайврыг тэмтрэхэд эмзэглэл илэрснээр АҮӨ онош батлагддаг. Энэхүү эмнэлзүйгээр онош тавихад мэдрэг чанар 65-90% байдаг (6,27,28) боловч хэрвээ АҮӨ-ий эмчилгээ хугацаа алдаж эхлэх, эсвэл эмчилгээ хийгдээгүй бол нөхөн үржихүйн талаас ноцтой хор уршигтайг санах хэрэгтэй. Тиймээс АҮӨ гэсэн урьдчилсан оношийг тавьсан бол таамаг антибиотик эмчилгээг цаг алдалгүй эхлэнэ.

АҮӨ-ий эмнэлзүйн оношилгоонд дараах шинж тэмдгүүдийг ашиглах боломжтой (4):

  • Халуун (аманд) > 380C
  • Умайн хүзүү эсвэл үтрээнээс идээрхэг-салст ялгарч байгаа эсвэл умайн хүзүүг хөдлөгөхөд эмзэглэлтэй
  • Үтрээний шүүрлийг микроскопигоор харахад цусны цагаан эс ихэссэн (>15-20 ЦЦЭ/харах талайд, эсвэл эпителиэс их цусны цагаан эс байх)
  • gonorrhoeaeэсвэл C. trachomatis бүхий умайн хүзүүний халдвар батлагдах

Эмнэлзүйн хувьд оношлоход төвөгтэй нөхцөлд дараах нэмэлт шинжилгээнүүдийг хийх боломжтой. Хэрвээ АҮӨ бол:

  • Аарцгийн дүрс оношилгоо (трансвагиналь эхо, КТГ, MRI)-д аарцагт чөлөөт шингэнтэй эсвэл шингэнгүй байж болно, өндгөвч үрийн хоолойн бүрдэл эсвэл үрийн хоолой шингэнээр дүүрсэн, зузаарсан байна. Допплер шинжилгээгээр үрийн хоолойн цусны урсгал ихэссэн байвал аарцгийн үрэвсэл сэжиглэх боломжтой.
  • Лапароскопид: үрийн хоолойн улайлт, хаван, наалдац, идээт эксудаци, эсвэл умайн арын зайд шингэнтэй, фимбри эмгэгшсэн байна.
  • Биопси авч гистологит харахад эндометрит илэрнэ.

Ялган оношилгоо

Умайн гаднах жирэмслэлт: Асуумжаар сарын тэмдэг алдагдсан, жирэмсний тест эерэг (дэлгэрэнгүй унших: Умайн гаднах жирэмслэлт )

Өндгөвчний уйланхайн задрал/мушгиралт: Өвчин гэнэт эхлэсэн, маш их өвдөлттэй

Эндометриоз: Үечилсэн эсвэл архаг өвдөлт

Цистит: Шээх давтамж өөрчлөгдсөн, дизури (дэлгэрэнгүй унших: Шээс дамжуулах замын халдварын оношилгоо, эмчилгээ)

Аппендицит: Хэвлийн баруун дор өвдөлттэй (дэлгэрэнгүй унших: Мухар олгойн үрэвсэл)

Дивертикулит: Өндөр настай эмэгтэйчүүдэд гэдэсний зовиурууд

Гэдэс цочролын хам шинж: Хэвлийн тархмал өвдөлт, өтгөн хаталт, суулгалт (дэлгэрэнгүй унших: Гэдэс цочролын хам шинж)

Үйл ажиллагааны өвдөлт: Бусад шалтгаанууд үгүйсгэгдсэн


Эх сурвалж:


Literature review current through: Jun 2017. | This topic last updated: Jun 13, 2016.

1. Brunham RC, Gottlieb SL, Paavonen J. Pelvic inflammatory disease. N Engl J Med 2015; 372:2039.
2. Ross J, Judlin P, Jensen J, International Union against sexually transmitted infections. 2012 European guideline for the management of pelvic inflammatory disease. Int J STD AIDS 2014; 25:1.
3. Ross JDC, McCarthy J. UK National Guideline for the Management of PID. 2011. http://www.bashh.org/guidelines (Accessed on June 18, 2015).
4. Workowski KA, Bolan GA, Centers for Disease Control and Prevention. Sexually transmitted diseases treatment guidelines, 2015. MMWR Recomm Rep 2015; 64:1.
5. Korn AP, Hessol NA, Padian NS, et al. Risk factors for plasma cell endometritis among women with cervical Neisseria gonorrhoeae, cervical Chlamydia trachomatis, or bacterial vaginosis. Am J Obstet Gynecol 1998; 178:987.
6. Jacobson L, Weström L. Objectivized diagnosis of acute pelvic inflammatory disease. Diagnostic and prognostic value of routine laparoscopy. Am J Obstet Gynecol 1969; 105:1088.
7. Wiesenfeld HC, Sweet RL, Ness RB, et al. Comparison of acute and subclinical pelvic inflammatory disease. Sex Transm Dis 2005; 32:400.
8. Peipert JF, Ness RB, Blume J, et al. Clinical predictors of endometritis in women with symptoms and signs of pelvic inflammatory disease. Am J Obstet Gynecol 2001; 184:856.
9. Eschenbach DA, Buchanan TM, Pollock HM, et al. Polymicrobial etiology of acute pelvic inflammatory disease. N Engl J Med 1975; 293:166.
10. Piton S, Marie E, Parmentier JL. [Chlamydia trachomatis perihepatitis (Fitz Hugh-Curtis syndrome). Apropos of 20 cases]. J Gynecol Obstet Biol Reprod (Paris) 1990; 19:447.
11. Litt IF, Cohen MI. Perihepatitis associated with salpingitis in adolescents. JAMA 1978; 240:1253.
12. Bolton JP, Darougar S. Perihepatitis. Br Med Bull 1983; 39:159.
13. Stajano C. La reaccio’n frenich en ginecologia. Semana Méd 1920; 27:243.
14. Wang SP, Eschenbach DA, Holmes KK, et al. Chlamydia trachomatis infection in Fitz-Hugh-Curtis syndrome. Am J Obstet Gynecol 1980; 138:1034.
15. Paavonen J, Saikku P, von Knorring J, et al. Association of infection with Chlamydia trachomatis with Fitz-Hugh-Curtis syndrome. J Infect Dis 1981; 144:176.
16. Moore DE, Spadoni LR, Foy HM, et al. Increased frequency of serum antibodies to Chlamydia trachomatis in infertility due to distal tubal disease. Lancet 1982; 2:574.
17. Punnonen R, Terho P, Nikkanen V, Meurman O. Chlamydial serology in infertile women by immunofluorescence. Fertil Steril 1979; 31:656.
18. Wølner-Hanssen P. Silent pelvic inflammatory disease: is it overstated? Obstet Gynecol 1995; 86:321.
19. Wiesenfeld HC, Hillier SL, Krohn MA, et al. Lower genital tract infection and endometritis: insight into subclinical pelvic inflammatory disease. Obstet Gynecol 2002; 100:456.
20. Washington AE, Gove S, Schachter J, Sweet RL. Oral contraceptives, Chlamydia trachomatis infection, and pelvic inflammatory disease. A word of caution about protection. JAMA 1985; 253:2246.
21. Ness RB, Keder LM, Soper DE, et al. Oral contraception and the recognition of endometritis. Am J Obstet Gynecol 1997; 176:580.
22. Nishino M, Hayakawa K, Iwasaku K, Takasu K. Magnetic resonance imaging findings in gynecologic emergencies. J Comput Assist Tomogr 2003; 27:564.
23. Bennett GL, Slywotzky CM, Giovanniello G. Gynecologic causes of acute pelvic pain: spectrum of CT findings. Radiographics 2002; 22:785.
24. Tukeva TA, Aronen HJ, Karjalainen PT, et al. MR imaging in pelvic inflammatory disease: comparison with laparoscopy and US. Radiology 1999; 210:209.
25. Romosan G, Valentin L. The sensitivity and specificity of transvaginal ultrasound with regard to acute pelvic inflammatory disease: a review of the literature. Arch Gynecol Obstet 2014; 289:705.
26. Sellors J, Mahony J, Goldsmith C, et al. The accuracy of clinical findings and laparoscopy in pelvic inflammatory disease. Am J Obstet Gynecol 1991; 164:113.
27. Livengood CH 3rd, Hill GB, Addison WA. Pelvic inflammatory disease: findings during inpatient treatment of clinically severe, laparoscopy-documented disease. Am J Obstet Gynecol 1992; 166:519.
28. Peipert JF, Boardman LA, Sung CJ. Performance of clinical and laparoscopic criteria for the diagnosis of upper genital tract infection. Infect Dis Obstet Gynecol 1997; 5:291.
29. Miettinen AK, Heinonen PK, Laippala P, Paavonen J. Test performance of erythrocyte sedimentation rate and C-reactive protein in assessing the severity of acute pelvic inflammatory disease. Am J Obstet Gynecol 1993; 169:1143.