Хүүхдийг амьсгалын аппаратад авах үндсэн зарчим, ерөнхий хүндрэл

Хүүхэд судлал
Мягмарсүрэн Namuun bolor-erdene

Өөрийн амьсгалыг хэсэгчлэн эсвэл бүрэн орлуулахыг зохиомол амьсгал буюу эерэг даралтат амьсгал гэдэг.

Уг зорилгын улмаас мөгөөрсөн хоолойд гуурс байрлуулж зохиомол амьсгал хийх цочмог эмгэг, гэмтцийг дараах байдлаар ангилж болно:

  • Хүчилтөрөгчжилтийн хямрал (Inadequate oxygenation)
  • Сэлгэцлийн хямрал (Inadequate ventilation)
  • Амьсгалын замын тогтвортой байдал хямрах эсвэл амьсгалын замыг хамгаалах

Интубаци байрлуулах дээр дурдсан заалтууд, суурь өвчнөөс хамаарч амьсгалын аппаратын эхний тохиргоо янз бүр байдаг. Жишээ нь хүчилтөрөгчжилт хангалтгүй (жишээ нь хүүхдийн амьсгалын цочмог дистресс хамшинж) байгаа хүүхдэд хийх амьсгал дэмжлэг нь сэлгэцэл хангалтгүй (жишээ нь: гуурсан хоолойн багтраа) байгаа нөхцөлд амьсгал дэмжихээс эсвэл эрүүл уушгитай ч амьсгалын зам хамгаалах зорилгоор мөгөөрсөн хоолойд гуурс байрлуулах (жишээ нь: ухамсарт ухаан дарангуйлагдсан байдал, эпилепсийн статус)  эсвэл мэс засалд орж буй өвчтөнд амьсгал удирдах зэргээс ялгаатай.

  • Хүүхдэд, ялангуяа нярай ба бага насныханд  даралт – хяналтат сэлгэцлийг түлхүү хэрэглэдэг. Амьсгалын аппаратанд хүүхдийн амьсгалах эзлэхүүний үзүүлэлтийг нарийн тооцохгүй байж болдог бол эзлэхүүн – хяналтат сэлгэцлийн үед ач холбогдол өндөртэй. Гэхдээ хүүхдэд хийсэн судалгаагаар өвчтөний тавиланд амьсгалын аппаратын горимын аль нь ч нөгөөхөөсөө илүү үр дүн үзүүлж байгаа нь ажиглагдаагүй байна.
  • Амьсгалын аппаратаар удирдаж эхлэхээс өмнө гараар чөлөөт урсгалаар хүчилтөрөгч өгч байх үеийн даралтын байдалд тулгуурлан амьсгал өгөх даралтыг шийднэ.
  • Амьсгалын аппаратыг хоёрдогчоор уушгины гэмтэц үүсэх эрсдэлийг бууруулах боломжит доод даралтаар бодисын солилцооны хэрэгцээг хангах хэмжээний хүчилтөрөгч хүргэлт, хангалттай минутын амьсгалыг өгч байхаар тохируулах хэрэгтэй (өөрөөр хэлбэл зөвшөөрөх гиперкапни (permissive hypercapnia), хөнгөн зэргийн гипоксиеми байж болно).
  • Зохиомол амьсгал нь өвчтөний амьсгалын ажлыг тохируулж, тав тухтай байдлыг хангахад чиглэсэн байх ёстой.
  • Амьсгалах хүчилтөрөгчийн хэмжээг хүчилтөрөгчийн хордлого үүсэх эрсдэлийг бодолцон боломжийн хэрээр богино хугацаанд бууруулах хэрэгтэй.
  • Амьсгал гаргалтын төгсгөлийн эерэг даралт нь цулцан шалчийхаас сэргийлэхүйц, цус хөдлөлзүйн өөрчлөлтөд (жишээ нь: өмнөх ачаалал буурах) тохирсон хүчилтөрөгчжилтийг нэмэгдүүлэхэд тохирсон байдаг ч хоорондын зохицол хангалтгүй.

Хүндрэл

Зохиомол амьсгал нь уушгины гэмтэц үүсгэхүйц хэд хэдэн эмгэг физиологийн гажуудалд хүргэдэг. Үүнд:

  • Зүрхний хаялага буурч, даралт унана
  • Уушгины барогэмтэц/barotrauma (жишээ нь: пневмоторакс)
  • Амьсгалын аппарат – хамааралт уушгины гэмтэц (Ventilator-associated lung injury (VALI))
  • Авто – эерэг амьсгал гаргалтын төгсгөлийн даралт (өөрөөр дотоод PEEP)
  • Гавлын дотоод даралт нэмэгдэх
  • Зохиомол амьсгалын дараа гардаг хамгийн ноцтой хүндрэлд даралт уналт ба амьсгалын аппарат – хамааралт уушгины гэмтэц  ордог:
  • Тайвшруулах, цээжний хэнхэрцэгийн даралт нэмэгдсэний улмаас венийн эргэн ирэлт ба судасны эзлэхүүн буурах зэрэг шалтгаанууд хавсарч даралт багасдаг. Эдгээр хүндрэл мөгөөрсөн хоолойд гуурс байрлуулсны дараа богино хугацаанд гардаг тул мөгөөрсөн хоолойд гуурс байрлуулсаны дараа нарийн хяналт хэрэгтэй. 
  • Уушгины даралт нэмэгдсэний улмаас баро-гэмтэц үүсдэг. Эмч нар амьсгалын замын түвшрүүлэг даралтыг бууруулах замаар баро-гэмтцээс сэргийлдэг ба энэ нь амьсгалын жижиг зам, цулцанд өгөгддөг даралт юм. Түвшрүүлэг даралтыг агаарын урсгалгүй үед тогтоодог (амьсгал авалтын шатанд) ба уушгины статик тэлэлтийг үнэлэхэд хэрэглэдэг. Амьсгалын замын даралт, амьсгалах эзлэхүүнийг бууруулах нь амьсгалын аппарат – хамааралт гэмтцийн эрсдэлийг багасгахад тустай. Эмч нар PaCO2 ихэссэн зэрэг эмнэлзүйн өөрчлөлтийг даруйхан засч физиологийн хэвийн хэмжээнд буюу өвчтөний эмнэлзүйн суурь хэмжээнд байлгах хэрэгтэй. Хэрэв чадахгүй бол амьсгалын аппарат – хамааралт уушгины гэмтцийн эрсдэлийг ихэсгэж болно.

Эх сурвалж: Uptodate.com “Initiating mechanical ventilation in children”
Literature review current through: Dec 2019. | This topic last updated: Jul 24, 2019.