Хүйн судас

Хүүхэд судлал
Мягмарсүрэн Namuun bolor-erdene

Хүй нь 2 артер, 1 вен, аллонтойн бүрхүүл ба хүй – чацархайн сувгийн үлдэгдэл, цэлцгэнэсэн бодис Вартоны шүүрэл (Wharton jelly) зэргээс бүтнэ. Хүйн гадна бүрхүүл нь амнион бүрхүүлээс үүсдэг. Булчинлаг хүйн артер агшилт сайтай байдаг бол хүйн вен ийм үйлээр дутмаг. Төрсний дараа хүйн вен том цорго болж үлддэг.

Зураг №1

Төрсний дараах хүйн дундаж урт 55 см. Хүйн судас хэт богино байх нь ургийн гипотони, ургийн ус багасалт, умайн агшилт зэрэг гажигуудтай холбоотой ба төрөх үед эх – ургийн эрүүл мэндэд учрах  эрсдлийг нэмэгдүүлдэг. Хүй урт бол (>70 cm) хүйн зангилаа үүсэх, ургийн биеийг ороох (хүзүү, гар), хүй унжих эрсдэл нэмэгддэг. Шулуун, мушгираагүй хүй нь ургийн дистресс, гажиг, умайд ураг амьгүй болох зэрэгтэй холбоотой. Хүй тасалсны дараа үйл ажиллагаа нь зогсдог боловч анатомийн бүтцээ 10 – 20 өдрийн турш хадгалсаар байдаг. Артерууд хүйн хажуугийн холбоос (lateral umbilical ligaments), вен нь тересийн холбоос (the ligamentum teres), Аринциевийн цорго нь венийн холбоос (ligamentum venosum) болно. Энэ үетэй зэрэгцэн хүй нь халдварын үүд хаалга болдог. Хүй 2 долоо хоногийн дотор цөглөдөг. Хүй оройтож цөглөх  нь, ялангуяа 1 сараас хойш цөглөх нь нейтрофилийн хемотаксисийн гажиг, нянгийн халдварын хэт ачаалалтай холбоотой. Ер нь хүй цөглөлтөнд үхжил, гранулоцитын бөөгнөрөл, шигдээс, хаталт, коллагеназ идэвхжил оролцдог. Амьдралын эхний 2 дахь хоногт хүй орчимд полиморф бөөмт эсүүд, нян үзэгдэж эхэлдэг.

Хүйн нэг артертай байх нь 5 – 10/1000 төрөлт байдаг бол ихрүүдэд энэ тоо 35 – 70/1000 төрөлт болж нэмэгддэг. Хүйн нэг артертай төрсөн хүүхдүүдийн ойролцоогоор 30% нь төрөлхийн гажигтай төрөхөөс гадна ийм ураг амьгүй төрдөг эсвэл төрснөөс хойш удалгүй нас бардаг. Трисоми 18  хамгийн их тохиолддог гажигуудын нэг. Тийм учраас хүйг таслах үед хүйн судас ба ихсийн гадаргууг заавал шалгаж байх нь чухал. Хүйн нэг артертай боловч гажиггүй нярайд бөөрний хэт авиан шинжилгээг заавал хийх хэрэгтэй.

Хүй – чацархайн цорго хаагдаагүй байх нь нарийн гэдэсний түгжрэл, гэдэсний фистул, бүдүүн гэдэс унжих, ур, Меккелийн дивертикул зэрэг эмгэгүүдтэй хамааралтай.

Зураг №2 Меккелийн дивертикул

Аллонтойны цорго хаагдаагүй эсвэл давсагны гарах хэсгийн бөглөрөлтэй холбоотой урахус (urachus – давсаг, хүйсийг холбосон суваг ) үүсдэг. Ийм эмгэгийн үед тунгалаг, шаргал өнгөтэй, шээс шиг шингэн хүйнээс гардаг. Урахусыг хэт авиан ба цистограмын шинжилгээгээр үнэлнэ. Менежмент нь уг гажиг өөрчлөлтийг мэс заслын аргаар авах, хэрэв давсагны гарах хэсэгт бөглөрөл үүссэн байвал үүнийг мөн засна.

Зураг №3

Төрөх үеийн асептик зарчмын мөрдөлт нь нян ургах, хүйн халдварыг бууруулдаг боловч хүй үхжиж байж цөглөдөг жам нь нян ургалтанд зайлшгүй нөлөө үзүүлдэг. Хүйн халдварыг омфалит (omphalitis) гэж нэрлэнэ. Үрэвсэл хэсэг газарт байхаас гадна хэвлийн хана, гялтан, үүдэн вен, элгэнд тархаж болно. Хэвлийн хана эсвэл үхжилт фасцит бүхий хүүхдэд бактерэмийн тархалт өндөр байдаг.

Хүйн үүдэл эс гэж юу вэ?

Хүйн үүдэл эс гэдэг нь хүйн эд өөрөө юм. Өөрөөр хэлбэл хүйн эд болон хүйн цус нь үүдэл эсээс тогтдог. Хүйн эд нь мезенхимийн үүдэл эс, хүйн цус нь цус төлжүүлэх үүдэл эсээс тогтдог. Үүдэл эс гэдэг нь ямар нэгэн эд, эрхтэний эс рүү ялгаран хөгжөөгүй анхдагч эс бөгөөд шаардлагатай тохиолдолд зүрхний, мэдрэлийн, мөгөөрсний, ясны, элэгний, булчингийн, өөхний эд болж хөгжин, тухайн эд, эрхтэний үйл ажиллагааг хадгалахад тусалдаг.

Зураг №4

Өнөөгийн байдлаар үүдэл эсийн эмчилгээ албан ёсоор хийгдэж эхлээгүй ч олон олон эмнэлзүйн судалгаа хийгдэн, зарим төвөгтэй эмгэгүүдийг амжилттай эмчилж байна.

Хүйн эдийн үүдэл эс ба хүйн цусны үүдэл эсийн ялгаа?

Зураг №5

Хүйн эд нь:

Мезенхимийн (маш олон төрөл рүү ялгаран хөгжих чадвартай)

  • Бүтцийн эд ба холбогч эдийг төлжүүлэх
  • Ясны, мөгөөрсний, өөхний, зүрхний, элэгний, булчингийн, мэдрэлийн эдийг төлжүүлэх төдийгүй дархлаа зохицуулж зүгшрүүлэх үйлдэлтэй
  • Тиймээс дархлааны эмгэгийн шалтгаант өвчнүүдийг эмчлэхэд үр дүнтэй нь судлагдаад байна.

Цусны үүдэл эс (цус ба дархлааны эд рүү ялгаран хөгжих чадвартай)

  • Цусны банк болох
  • Цус ба дархлааны эд болж ялгаран хөгжих
  • Улаан эс, цагаан эс, ялтас эсийг төлжүүлэн

Шинэ төрсөн нярайн хүйн эд, хүйн цусны банк үүсгэх нь тухайн хүүхдийн ирээдүйн баталгаа болж болох юм.


Эх сурвалж:


  • Nelson Textbook of Pediatrics 20th edition
  • www.stemcord.com