Хялгасан хорхой буюу Цагаан хорхойтох өвчин

Хялгасан хорхой өвчин нь Enterobius vermicularis (pinworm) гэдэг үүсгэгчээр үүсдэг дэлхий дахинд өргөн тархсан шимэгч хорхойн шалтгаант өвчин юм.

Олон нийтийн дунд цагаан хорхой өвчин, цагаан хорхойн шинжилгээ өгөх гэх мэт нэршлээр тархсан байдаг. Уг хялгасан хорхойн үүсгэгчийн өнгөнөөс шалтгаалж ийн нэрлэсэн бололтой юм.

Америкийн Нэгдсэн улсад 40 сая хүн халдварлагдсан байдаг.

Хялгасан хорхой өвчний байгалийн эзэн бие нь зөвхөн хүн юм. Хялгасан хорхой нь бүхийл нийгмийн орчинд халдварлах боломжтой. Ялангуяа, бүл үүсгэн нэгэн дор нягтран амьдардаг орчин болон гэр бүлийн гишүүдийн дунд өргөн тархсан байдаг. Цэцэрлэгийн нас, сургуулийн насны /5 – 10 нас/ хүүхдүүдийн дунд хамгийн өргөн тархсан байдаг ч 2 – оос бага настай хүүхдүүдийн дунд харьцангуй ховор тохиолдоно.

Амьдралын мөчлөг ба халдвар дамжил

Enterobius vermicularis – н амьдралын мөчлөг маш энгийн юм. Бие гүйцсэн эм хорхой хошногоны амсарын эргэн тойрны арьсны нугалаанд өндгөө гаргаснаар амьдралын мөчлөг нь эхэлнэ. Энэ үед хошного загатнах ба хошногоо маажиж халдвартай өндгөөр гар нь бохирлогдон аутоинфекци буюу өөр өөртөө халдвар дамжуулах үүд нээгдэнэ. Өндгөөр бохирлогдсон гараар хоол унд, хувцас, цагаан хэрэглэлд хүрснээр хүнээс хүнд халдвар дамжина. Мөн өндгөөр халдварлагдсан орчны гадаргууд хүрэлцсэнээр халдвар дамжина. Үүнээс гадна, өндөг агаар дусал, амьсгалын замаар дамжих ч эрсдэлтэй.

Хоол боловсруулах замд орсны дараа өндөг хагарч нарийн гэдсэнд авгалдай чөлөөлөгдөнө. Бие гүйцсэн хорхойнууд ходоод-гэдэсний замд, ялангуяа мухар гэдэс, мухар олгойд ихээр байрлана. Хоол боловсруулах замаар ороод халдвартай өндгөөс бие гүйцсэн хорхой болж хөгжихөд ойролцоогоор нэг сарын хугацаа зарцуулагддаг. Бие гүйцсэн эм хорхой бүр 10,000 ба түүнээс дээш өндөг гаргах чадвартай. Бие гүйцсэн хорхойн амьдрах хугацаа 2 – 3 сар юм. Халдвартай хүмүүсийн гэдсэнд бие гүйцсэн хэдэн зуун хорхой амьдарч байдаг юм. Эдгээр хорхой нь тухайн хүний эрүүл мэндийг хохироогоод зогсохгүй орчин тойрныхонд маш сөрөг нөлөө учруулдаг.

Үр тогтсон эм хорхой шулуун гэдэснээс хошногоны нүх орчмын арьсанд нүүдэллэн очиж өндгөө гаргана. Энэ үйл явц ихэнхдээ шөнийн цагаар тохиолдоно. Өндгөн доторх авгалдай ерөнхийдөө 4 – 6 цагийн дараа бие гүйцэж халдвартай өндөгт хувирна. Өндөгнүүд халуун, хуурай орчинд 1 – 2 өдрийн дотор идэвхиэ алддаг ч сэрүүн, чийглэг орчинд 2 долоо хоногоос ч илүү хугацаагаар амьдрах чадвартай.

Эмнэлзүйн шинжүүд 

Гэдэсний халдварт өвчний ихэнх тохиолдол шинж тэмдэггүй явагддаг. Хамгийн түгээмэл шинж тэмдэг бол хошногоны ам орчим загатнах бөгөөд өөрөөр хошногоны загатнаа гэж нэрлэдэг. Энэ нь хошногоны амсар орчим өндөг гарснаас тэр хэсгийн арьс орчим үрэвслийн хариу урвал өрнөж байгаагаас шалтгаалж байгаа юм. Хошногоо маажих нь хумсны завсар өндөг орж улмаар өөрөө өөртөө эсвэл бусад хүмүүст халдвар дамжуулах үүд болно. Түүнчлэн, хошногоны амсар орчмын арьсыг маажин шархлаа үүсвэл хоёрдогчоор бактерийн халдварт өртөх эрсдэлтэй. Шөнөөр загатнах нь нойр муудах шалтгаан болно.

Зарим тохиолдолд, гэдэсний шимэгчийн улмаас хэвлийгээр өвдөх, дотор муухайрах, бөөлжих гэх мэт ноцтой шинжүүд үүсэх нь бий. Мэс заслаар тайрч авсан эрүүл ба үрэвссэн мухар олгойд хялгасан хорхой тохиолддог ч мухар олгойн үрэвслийн шалтгаан болох нь эргэлзээтэй хэвээр байна.

Нэмж хэлэхэд, гэдэсний шимэгч хорхой ходоод-гэдэснээс гадна замд шилжих боломжтой. Вульвовагинит үүсч болдог ба энэ нь шээсний замын халдвараас үүдэх нь түгээмэл. Сальфингит, оофорит, умайн хүзүүний хөхөнцөр, гялтан хальсны үрэвсэл тохиолдсон талаар мэдээлэл байдаг. Гэдэсний шимэгчийн шалтгаант хамрын салстын халдвар тохиолдож ажиглагдаж байжээ.

Оношилгоо

Гэдэсний шимэгчийг “наалдуулдаг савх – “scotch tape”” ашиглан оношилно. Уг савхыг модоор хийсэн байх ба орой хэсэгт хөвөн бамбар бэхэлсэн байна. Шинжилгээ авахдаа хөвөн бамбараар хошногоны амсар орчмын арсыг нэг чигт арчин өндгийг бамбартаа наалдуулж авна. Эдгээр өндгийг тавиур шилэнд түрхэж микроскопиор харна. Шинжилгээг шөнө эсвэл өглөө эрт авахад илүү үр дүнтэй.

Хялгасан хорхойн өндөг нь 50 – 25 микрон хэмжээтэй, тэгш бус хавтгай хэлбэртэй байдаг нь “вандуй төст” хэлбэр үүсгэдэг. Мэдрэг чанарыг нэмэгдүүлэхийн тулд шинжилгээг давтан хийх нь үр дүнтэй.

Эмэгчин хорхой ч мөн хошногоны амсар орчим тохиолдож болно. Эдгээр нь цагаан өнгөтэй, шөвгөрдүү, 8 – 13 мм орчим урттай байна. Баасыг шинжлэх нь учир дутагдалтай. Учир нь хялгасан хорхой ба түүний өндөг ихэнхдээ баастай гадагшилдаггүй ажээ.

Эмчилгээ

Гэдэсний шимэгчийн эсрэг эмчилгээг альбендазол /albendazole/ (400 мг – аар нэг удаа уугаад, 2 долоо хоногийн дараа давтан ууна) эсвэл мебендазол /mebendazole/ (100 мг – аар нэг удаа уугаад, 2 долоо хоногийн дараа тунг давтана). Шимэгчийн эсрэг эмийн нэг удаагийн тунг хэрэглэхэд эмчилгээний өндөр идэвхитэй боловч 2 долоо хоногийн дараа тунг давтах нь эмчилгээ 100% үр дүнд хүрэхээс гадна халдварын дахилтаас урьдчилан сэргийлэхэд тустай.

Эмчилгээ үр дүнтэй болсон ч дахин халдварлах нь түгээмэл. Тиймээс, тухайн гэр бүлийн бүх гишүүдийг эмчлэх хэрэгтэй. Үүнээс гадна, бүх цагаан хэрэглэл, хувцас зэргийг угааж индүүдэх нь чухал. Хумсыг тогтмол авах, гар угаах, усанд орох зэрэг ариун цэврийн дэглэмүүд халдвар дахих эсвэл тархалтыг багасгахад дөхөмтэй.

Пирантил памоат /Pyrantel pamoate/ (11 мг/кг; дээд тун 1 гр) –  г бензимидазолуудын оронд хэрэглэхэд 90% хүртэл үр дүнтэй. Уг бэлдмэлийг хэрэглэхэд анорекси, дотор муухайрах, бөөлжих, хэвлий базлах, суулгах гэх мэт гаж нөлөө илэрч болно. Түүнчлэн, мэдрэл хордуулах нөлөө үзүүлэхээс гадна элэгний энзимүүдийг тур хугацаагаар нэмэгдүүлдэг талтай.

Ивермецтин /Ivermectin/ E. vermicularis  – н эсрэг нөлөөтэй ч ихэнх тохиолдолд энэ зорилгоор хэрэглэдэггүй. Нэг судалгаагаар, ивермецтинийг 200 мкг/кг тунгаар 10 өдрийн зайтай 2 удаа уулгахад гэдэсний шимэгчийг 100% устгаж байжээ.

Пиперазин /Piperazine/- г хэрэглэхээ больсон. Учир нь үр дүн багатайгаас гадна бензимидазолуудтай харьцуулахад хоруу чанар ихтэй юм.

Жирэмслэлт

Жирэмсэн эмэгтэйчүүдийн гэдэсний шимэгч хорхойг эмчлэхдээ өвчтөнд илэрч буй эмнэлзүйн шинжүүдийг их анхаарах хэрэгтэй. Жирэмсэн эмэгтэйчүүдийн шинж тэмдэг бүхий гэдэсний шимэгчийн халдварын эмчилгээнд мебендазол эсвэл альбендазолоос илүүтэй пирантил памоат бэлдмэл тохиромжтой.


Эх сурвалж:  Uptodate.com Enterobiasis (pinworm) Literature review current through: Mar 2013. | This topic last updated: Nov 19, 2012.