Хэлний өнгө өөрчлөгдөх, тууралт гарах

Хэлний өнгө өөрчлөгдөх нь өөрт тааламжгүй боловч тэр бүр ноцтой өвчнийг илэрхийлдэггүй ч зарим нь ноцтой өвчний шинж болж илрэх нь бий. Ноцтой өвчний шинж биш бол ихэнх нь аяндаа эдгэрдэг өөрчлөлтүүд байдаг.

Хэлний зарим гэмтэл, ором, тууралтын шалтгаануудад:

Байдал Илрэл
Хар хэл Хар, саарал эсвэл бор тууралт хэлэн дээр үүсдэг ба энэ нь үс ургасан мэт харагддаг
Газрын зураг мэт хэл Гөлгөр, жигд бус дүрс бүхий улаан тууралт хэлний дээд тал, хажуугаар гардаг.
Лейкоплаки Жигд бус хэлбэртэй цагаан эсвэл саарал тууралт хэлэн дээр гарах
Хуурамч хөхлөг Жижиг цагаан эсвэл улаан тууралт эсвэл хөхлөг
Амны мөөгөнцөр Цагаан тууралт заримдаа улаан гэмтэлтэй хамт гарна
Афтоус шархлаа Өнгөц, цайвар шархлаа
Хэлний хавдар Сорви эсвэл эдгэрдэггүй шархлаа

 

Хар хэл (Black hairy tongue)

Ижил нэршлүүд: Black Hairy Tongue, Black Tongue, Lingua Nigra, Lingua Villosa Nigra

Хэл хар өнгөтэй болох нь ихэнхдээ түр зуурын, аюулгүй амны өөрчлөлт юм. Энэ үед хэл хар, саарал, эсвэл бор өнгөтэй болж, ердийнөөс том хөхлөгүүдтэй гарснаар хэлэнд үс ургасан шиг харагдах тул хар үсэрхэг хэл (Black hairy tongue) гэж нэрлэдэг.

Хар хэлний үед жижиг хар тууралтаар эхлэж гарснаар томрон хэлний дээд талын ихэнх хэсэг хар өнгөтэй болдог. Энэ нь бүрэн гуужаагүй үхэжсэн хучуур эсийн бөөгнөрөл юм. Тиймээс амны ариун цэвэр сахиагүй, эмийн хэрэглээ, тамхины хэрэглээтэй холбоотой үүсдэг. Гэхдээ хар хэл ямар нэг өвчний сэрүүлэг шинж болж болох ч өөрөө ямар нэг эрүүл мэндийн асуудлын шалтгаан биш юм.

Эмэгтэйчүүдээс илүүтэй эрэгтэйчүүдэд хар хэл үүсэх эрсдэл их. Ерөнхийдөө хэлний өнгө

  • Хоол хүнс
  • пероксид гэх мэт исэлдүүлэлж цочроогч агуулсан ам зайлагч шингэн
  • ам хуурайшилт (ксеростои)
  • тамхины хэрэглээ
  • коффе эсвэл хар цай ихээр хэрэглэх
  • архи хэтрүүлэн хэрэглэх
  • хэлний хучуур эсийг гуужуулдаггүй зөөлөн бүтэцтэй хүнс байнга хэрэглэх гэх мэт шалтгаанаар үүсэх боломжтой.
  • Мөн нян, вирус, мөөгөнцрөөр үүсгэгдэж болно.
  • Бисмут агуулсан бүтээгдэхүүний хэрэглээ тухайлбал Пепто-бисмут

Энэхүү шинжээр илрэх өвчин, хүчин зүйлс үгүйсгэгдсэн бол амны ариун цэвэр сайн сахиснаар бүрэн арилна.

Зураг №1

Зураг №2

Авах арга хэмжээ:

  • Хэлээ сойздож угаах: Хэлийг сойздож угааснаар хэлний гуужсан хучуур эс, нян, хоолны үлдэгдлийг арилгадаг.
  • Хоол идсэний дараа сойздож угаах: Өдөрт багадаа 2 удаа шүд, хэлээ сойздож угаах буюу энэ нь хоол идсэн болгоны дараа флюрид агуулсан оо хэрэглэж угаах гэсэн санаа юм.
  • Өдөрт багадаа нэг удаа шүдний завсраа шүдний утсаар цэвэрлэх: Шүдний завсарт үлдсэн хоолны үлдэгдлийг арилгана.
  • Тогтмол шүдний эмчид хянуулах
  • Тэжээллэг хоол хүнс хэрэглэх: ус сайтар хэрэглэж, шинэ жимс ба хүнсний ногоог тэнцвэртэй хэрэглэх.

Газрын зураг мэт хэл

Жигд бус хэлбэртэй гөлгөр, зах ирмэг нь бага зэрэг өргөгдсөн улаан тууралт хэлний дээд тал, хажуугаар гарснаар хэлэн дээрх арал мэт харагддаг тул газрын зураг мэт хэл гэж нэрлэдэг. Тууралтын хэмжээ, хэлбэр, байрлал хувирамтгай.

Хэрвээ ялангуяа дараах хүнсийг хэрэглэвэл өвдөлт, халуун оргих мэдрэмж илэрдэг:

  • Халуун ногоотой хоол
  • Шорвог
  • Хүчиллэг
  • Халуун

Шалтгаан: Үүний шалтгаан тодорхойгүй тул урьдчилан сэргийлэх арга үгүй. Энэ нь хэдэн долоо хоногоос хэдэн сар, зарим тохиолдолд сүүлийн хэдэн жил арилалгүй байх нь бий ч 10 хоногийн дотор арилахгүй бол эмчид үзүүлэхийг санал болгож байна. Гэхдээ энэхүү өөрчлөлт аюулгүй байж болох ч хайрст үлд, хавтгай улаан үлдтэй хамааралтай байх боломжтой.

зураг №3

Зураг №4: Газрын зураг мэт хэл, цууралттай хавсарсан байдал

Эрсдэлт хүчин зүйлс: Газрын зураг мэт хэл үүсэх эрсдэлтэй холбоотой хүчин зүйлсийн судалгаануудаар олон талт үр дүн гардаг. Дараах хүчин зүйлс эрсдлийг ихэсгэх боломжтой:

  • Удамшлын асуумж: Газрын зураг мэт хэл үүссэн зарим хүмүүсийн асуумжаар гэр бүлд нь илэрсэн асуумжтай байдаг тул удамшлын генийн хүчин зүйл эрсдлийг ихэсгэдэг байх боломжтой.
  • Хэл хагарах. Газрын зураг мэт хэлтэй хүмүүст хэлний гадаргуу гүн цуурсан хэл хагарах гэх өөр эмгэг байх нь бий.

Хүндрэл: Газрын зураг мэт хэл нь хоргүй өөрчлөлт юм. Тиймээс үндсэн шалтгаан нь ноцтой өвчин биш бол эмчилгээ шаардлагагүй. Гэвч энэхүү өөрчлөлт 10 хоногийн дотор арилахгүй бол эмчид үзүүлбэл зохино.

Лейкоплаки

Лейкоплаки нь арчихад арилахгүй, зузаан цагаан тууралт завьж, буйл, хэлний доод тал, зарим тохиолдолд хэлэн дээр илэрнэ. Ихэнх тохиолдол нь хоргүй байдаг ч зарим тохиолдолд хавдрын эрт үеийн шинж байдлаар илэрнэ. Цагаан тууралт улаантай алагласан байвал хавдрын илрэл байх магадлал өндөр.

Дархлаа дарангуйлагдсан ялангуяа ХДХВ/ДОХ-той өвчтөнд илэрдэг лейклакийн нэг төрөл бол үсэрхэг лейкоплаки юм. Энэ нь ихэнхдээ хэлийн хажуу талаар, бүдэгдүү цагаан тууралт гардаг.

Шалтгаан: Лейкоплакийн шалтгаан тодорхойгүй ч утаат ба утаагүй тамхины (зажилдаг тамхи гэх мэт) хэрэглээтэй өндөр хамааралтай байдаг. Мөн архины архаг хэрэглээтэй холбоотой илэрнэ. Шүд хэлэнд үрэгдэх, цоорсон, хагарсан шүд бас цочроогч болно.

Харин үсэрхэг лейкоплакийг шалтгаан Эпштейн-Барр вирусын халдвар үүсгэдэг. Энэхүү вирус хүний биед хэзээ нэгэн цагт халдварлаж насан туршид нь далд хадгалагддаг ба дархлаа дарангуйлагдсан үед ялангуяа ХДХВ/ДОХ -ын үед эргэн идэвхижиж үсэрхэг лейкоплаки зэрэг өвчнийг үүсгэдэг.

Хүндрэл: Лейкоплаки амны эдийн байнгын гэмтэл үүсгэдэгүй ч амны хавдрын эрсдлийг ихэсгэдэг. Тиймээс энэхүү өөрчлөлт илэрвэл эмчид үзүүлж, шаардлагатай бол биопсийн шинжилгээ өгч болно. Лейкоплакийн толбыг шаардлагатай бол авч болно. Гэвч хавдрын эрсдэл арилахгүй.

Үсэрхэг лейкоплаки хавдар үүсгэх хандлагагүй боловч ХДХВ/ДОХ-ыг илэрхийлж болно.

Зураг №5

Сэргийлэлт: Эн тэргүүнд тамхи, архины хэрэглээнээс зайлсхийснээр лейкоплакигаас сэргийлж чадна.

Авах араг хэмжээ: Лейкоплакийн үед хавдрын шинжилгээг сойзоор эсвэл биопси зүслэгээр авч болно.

Лейкоплакийг жижиг үед нь эрт эмчилбэл ихэнхдээ бүрэн эдгэрдэг. Гэхдээ хорт зуршлуудаа хаях хэрэгтэй.

Эмчилгээ:

  • Лейкоплакийн толбыг авах: Мэс заслын хутгаар зүслэг хийж авах, лазераар эсвэл хөлдөөгч пробоор хавдрын эсийг устгаж болно.
  • Дараа нь тогтмол хянах: Лейкоплаки нэг гарсан бол дахих хандлагатай.

Амны мөөгөнцөр буюу Thrush

Амны мөөгөнцөр кандида албикансаар үүсгэгддэг тул амны кандидиаз гэдэг. Кандида нь амны хэвийн организм боловч зарим тохиолдолд хэт үржсэнээр энэхүү шинжээр илэрнэ. Үүнд хэн ч өртөж болох ч эм байнга хэрэглэдэг, эсвэл архаг өвчтэй хүмүүс, мөн балчир хүүхэд, настангууд дархлаа суларсан байдаг тул илүү өртөмтгий. Ердийн хүнд амны мөөгөнцөр багахан асуудал ч дархлаа дарангуйлагдсан өвчтөнд илүү хүнд, эмчлэхэд төвөгтэй болдог.

Зовиур: Завьжны дотор тал, хэл, буйл, залгиур, гүйлсэнд тос түрхсэн мэт цагаан тууралт гарна. Энэ нь зарим хэсгээрээ улайж, шархлан, хөндүүрлэж хоол унд идэхэд эсвэл залгихад зовиуртай болдог.  Хэрвээ гарсан цагаан хэсгийг хусах эсвэл арчвал цагаан нь арилж бага зэрэг цус гарна. Амтлах мэдрэхгүй алдагдаж болно.

Дээрх тууралт ХДХВ/ДОХ, хавдар гэх мэт дархлаа дарангуйлагдсан өвчний үед улаан хоолой руу тархана.

Хэрвээ эхийн хөхнөөс эсвэл хүүхдийн амнаас эхийн хөх рүү халдвар дамжиж  хөхүүл хүүхдийн ам мөөгөнцөрвөл хөхөхдөө дургүй, цочромтгой болдог. Энэ үед эхийн хөхний толгой улайх нь ховор ба харин хагарч, мэдрэгшиж, загатнаж болно. Хөхний нөсөөт хэсэгт хогжруутан, гялалзсан өнгөтэй болно. Ховор тохиолдолд хөхүүлэх хооронд хөхний толгой өвдөх, хөхний гүн рүү часхийж хатгах  шинж илэрнэ.

Эрсдэлт хүчин зүйлс: Дархлаа сулрах, чихрийн шижин, үтрээний мөөгөнцрийн халдвар (үүсгэгч ижил), эмийн хэрэглээ (преднизолон, кортикостеройдын цацлага, антибиотик), мөн авдаг хиймэл шүдний хэрэглээ (ялангуяа дээд шүд)

Зураг №6

Хүндрэл: Эрүүл хүүхэд, насанд хүрэгчдэд хүндрэх нь ховор. Харин ХДХВ/ДОХ, хавдар гэх мэт өвчтэй дархлаа дарангуйлагдсан өвчтөнүүдэд хүндэрч илүү ноцтой тогтолцооны кандидагийн халдвар үүсч мэднэ.

Сэргийлэлт:

  • Амаа зайлах: Хэрвээ цацлагын кортикостеройд хэрэглэдэг бол цацсаны дараа амаа зайлах эсвэл сойздож угааж байх.
  • Өдөрт багадаа 2 удаа ам, шүдээ сойздож угаах
  • Шүдээ шалгах: Хэрвээ авдаг хиймэл шүд хэрэглэдэг бол шөндөө авч байх. Шүдний эмчид тогтмол хянуулах
  • Идэх зүйлдээ анхаарах: Сахар агуулсан хүнсний хэрэглээгээ хязгаарлах. Энэ нь мөөгөнцрийн ургалтыг дэмждэг.
  • Хэрвээ чихрийн шижинтэй бол цусны сахараа сайн хянах. Цусны сахраа сайн хянаснаар шүлсэнд агуулагдах сахарын хэмжээг бага байлгаж чадах ба энэ нь мөөгөнцрөөс сэргийлнэ.
  • Үтрээний мөөгөнцрийн халдвараа эмчлүүлэх. Хэрвээ байвал эмчлүүлэх.
  • Ам хуурайшилтаас сэргийлэх.

Амны дахилтат шархлаа буюу амны Aphthous ulcers

Тусад нь тохиолдол болгон оруулсан тул ЭНД дарж уншина уу.

Зураг №7

Хэлний хавдар

Хавтгай эсийн карцинома хэлэн дээр хамгийн өргөн тохиолддог. Хэрвээ хэлэн дээр шарх гарах хандлага их, гарсан шарх эдгэрдэггүй бол хавдар сэжиглэнэ.

Зовиур: Хэл өвдөх, чих рүү өвдөх, залгихад төвөгтэй болох гэх мэт шинжүүд илэрч болно.

Энэ тохиолдолд хавдрын эмчид үзүүлнэ.

 


Эх сурвалж:


  1. https://www.healthline.com/health/dental-and-oral-health/spots-on-tongue#causes
  2. http://www.aaom.com/hairy-tongue
  3. https://www.mayoclinic.org/diseases-conditions/black-hairy-tongue/diagnosis-treatment/drc-20356080
  4. https://rarediseases.org/
  5. https://www.mayoclinic.org/diseases-conditions/oral-thrush/symptoms-causes/syc-20353533
  6. https://www.healthline.com/health/dental-and-oral-health/spots-on-tongue#risk-factors
  7. https://www.mayoclinic.org/diseases-conditions/geographic-tongue/symptoms-causes/syc-20354396
  8. https://www.webmd.com/oral-health/guide/geographic-tongue
  9. http://www.aaom.com/geographic-tongue