Нулимсны сувганцрын үрэвсэл

Нүд судлал
Battuya

Нулимсны сувганцрын үрэвсэл нь 40-с дээш насанд ихэвчлэн тохиолддог.

Эрсдэлт хүчин зүйл

Сувганцрын бөглөрөл, сувганцарт гадны биет байх (нулимсны цэгийн бөглөөс, чулуу, цүлхэн) байх нь бактери үржих шалтгаан болдог ч ихэвчлэн шалтгаан тодорхойгүй байдаг. Тиймээс өвчтөнөөс нулимсны цэгийн болон сувганцрын бөглөөс өмнө нь тавиулж байсан эсэхийг асуух хэрэгтэй. Эдгээр нь сувганцрын механик бөглөрөл эсвэл үрэвсэл үүсгэж хэсэг газарт соривжил үүсгэдэг.

Эмгэг жам

Ихэвчлэн бактерийн шалтгаантай байдаг ч мөөгөнцөр, вирусын халдварын улмаас үүсч болно. Нийтлэг үүсгэгч нь Actinomyces israelii (анаэроб, грам эерэг бактери). Нийтлэг бус үүсгэгчид нь Candida albicans, Nocardia asteroids, Aspergillus , HSV болон VZV. Үрэвслийн улмаас үүссэн жижиг чулуулаг нь хүхэр агуулсан байдаг.

Оношилгоо

Асуумж

Ихэвчлэн нэг нүдний архаг улайлттай, нулимс гоождог, усархагаас эхлэн бор өнгөтэй идээтэй нуух гардаг ба нийтлэг эмчилгээнд үр дүн муутай байдаг. Өвчтөнд эдгээр шинж тэмдгүүд хэдэн сар илэрч байгаа бөгөөд хэд хэдэн антибиотик эмчилгээ хийлгэж байсан гэж хэлнэ.

Үзлэг

Нулимсны цэгийн амсар хавдаж улайсан, гадагш эргэсэн, тэмтрэхэд эмзэглэлтэй байна. Зовхины ирмэг мөн адил улайж хавагнасан байна. Харин нулимсны хүүдий хэсэгт хэвийн байна.

Зарим тохиолдолд нүдний дотор булангийн салстад фолликул гарна. Нулимсны цэг эсвэл сувганцар дээр дарахад идээт ялгадас гарах нь оношийг батална. Заримдаа хатуу чулуулагууд хамт гарна. Нулимсны замыг сэтгүүрдэх үед сувганцарт барзгар (элсэрхэг) зүйл мэдрэгдэх нь чулуулагууд үүссэнийг илтгэнэ.

Лабораторийн шинжилгээ

Нуух болон чулуулагт гистопатологийн шинжилгээ хийж үүсгэгчийг илрүүлэх нь чухал.

Ялган оношилгоо

  • Архаг салстын үрэвсэл
  • Дакриоцистит
  • Нулимсны цэгийн бөглөөсийн буруу байрлал
  • Нулимсны сувганцрийн хавдар (ховор)

Эмчилгээ

Эмийн эмчилгээ

Бүлээн жин, массаж хийх, антибиотик дусаалгаар болон заримдаа уухаар хэрэглэнэ. Actinomyces israelii-н халдварын үед чулуулаг үүсэх илүү магадлалтай байдаг бөгөөд үүссэн чулуулаг дотор үүсгэгч байрлах учраас антибиотикын эсрэг хамгаалалт болдог.

Мэс заслын эмчилгээ

Өргөн хүрээний антибиотикаар сувганцрыг угааснаар мэс заслаас зайлсхийж болох ч canaliculotomy нь гол эмчилгээ бөгөөд илүү үр дүнтэй арга юм. Canaliculotomy нь сувганцрын салст талаас эсвэл зовхины ирмэгээр шугаман зүслэг хийж үүссэн чулуулагуудыг авах арга юм. Зарим мэс засалчид нулимсны цэгийг оролцуулан зүслэг хийдэг бол зарим нь нулимсны цэгт хүрдэггүй. Мэс заслын дараа соривжилоос сэргийлж силикон стент тавьж болно. Мэс заслын аргыг антибиотик эмчилгээтэй хослуулах нь илүү үр дүнтэй.


Ном зүй

  1. https://eyewiki.aao.org/Canaliculitis
  2. BCSC section 7, Orbit eyelids and Lacrimal system, 2017