Артерийн гипертензийн ретинопати

Нүд судлал
Battuya

Артерийн гипертензийн улмаас торлог, хоройд болон харааны мэдрэлийн эмгэг үүсдэг. 

Эмгэг бүтэц:

Артериол нарийсч урсгал нь буурч судасны хөндийн даралт ихэссэнээр цаашид эндотелд гэмтэл учруулна. Артериолын гөлгөр булчингийн сөнөрөлийн үед эндотел гэмтэж судасны ийлдэс судасны ханаруу шүүрдэг. Ийлдэс нь судасны хананд бүлэн үүсгэж цаашид булчингийн хана зузаарч, судасны хөндий нарийсна. Энэ үйл явцыг фибрин төст (ширхэглэг төст) үхжил гэж нэрлэнэ.

Эмгэг жам:

Үхэжсэн судас нь торлогийн мэдрэлийн ширхгийн давхарга (дөл хэлбэрийн цус харвалт) эсвэл торлогийн дотор давхарга (цэгэн цус харвалт) руу цус алдсанаас торлогийн цус харвалт үүснэ. Зөөлөн эксудат нь мэдрэлийн ширхгийн давхаргын цус хомсролоос мөн хоёрдогчоор судасны хөндийн нарийсал болон фибрин төст үхжилийн улмаас үүснэ.

Цус харвалт үүссэн хэсэгт липид хуримтлагдсанаар хатуу эксудат үүсдэг. Харааны мэдрэлийн хаван нь судасны шүүрэл болон харааны мэдрэлийг цусаар хангадаг артериолын фибрин төст үхжилийн улмаас цус хомсролд орсноор үүсдэг. Цус хомсролын улмаас харааны мэдрэлийн ирмэг тодорхойгүй болж харааны мэдрэлийн хаван үүснэ.

Цочмог артерийн гипертензийн үед төгсгөлийн артериолтой холбоотой торлогийн гүнд жижиг, цагаан, зуйван өөрчлөлт (Focal intraretinal periarteriolar transudates) илэрнэ. Энэ нь зөөлөн эксудатаас ялгаатай бөгөөд туяаралт ангиографид их тодролтой харагддаг (hyperfluorescent). Харин бол зөөлөн эксудат нь тодрол багатай (hyopflourescent) бөгөөд 3-6 долоо хоногийн дараа арилдаг.

Шинж тэмдэг

Хүүхэн хараа өргөсгөж нүдний угийг үнэлнэ.

Хоруу артерийн даралт ихдэлтийн ретинопатийн үед артериолууд нарийсч, тахиралдсан, торлогийн цус харвалт, хатуу зөөлөн эксудат болон харааны мэдрэлийн хаван үүснэ. Настай хүмүүст артериол нарийсах шинж бага илэрдэг, учир нь судасны уян хатан чанар буурсантай холбоотой. Архаг артерийн даралт ихдэлтийн үед артери венийн зөрлөгийн шинж, мөнгөн болон зэс утасны шинжүүд илэрнэ. Судасны хана зузаарсантай холбоотой судасны рефлекс илүү тархмал бараандуу өнгөтэй болно (зэс судасны шинж – silver wiring).

Дээд хэсгийн сумаар заасан хэсэгт артери венийн зөрлөгийн шинж болон зэс утасны шинж харагдаж байна. Доод хэсгийн сумаар заасан хэсэгт мөнгөн утасны шинж харагдаж байна.

Артериосклерозын улмаас жижиг судас хатуурч, уян чанар алдагдаж, артериол венийг дарснаар венийн судас дарагдаж элсэн цаг мэт харагдах бөгөөд цаашид тасарсан мэт харагдана (arteriovenous nicking/nipping). Учир нь судасны зөрлөг дээр артериол болон венулын суурин мембраны коллаген ширхгүүд нь холбоотой байдаг. Артериолын хана болон суурин мембран зузаарснаар даралт ихэсч венул дээр дардаг. Артерийн гипертензийн улмаас хоройдын нөсөөт эпителийн жижиг ховхрол үүсч улмаар торлогийн хуурал үүсч болно. Харааны мэдрэлийн ирмэг дээр дөл хэлбэрийн цус харвалт, харааны мэдрэлийн ирмэг бүдэг болох, торлогийн судаснууд өргөсөх, харааны мэдрэлийн хаван болон хоёрдогчоор шар толбон дээр эксудат үүснэ.

A. Артериолын ерөнхий нарийсал B. Хэсэг газрын артериолын нарийсал (сумаар заасан) C. Артери венийн зөрлөгийн шинж (AV nicking) D. Зэс утасны шинж

Артерийн гипертензийн хоройдын эмгэг нь ховор боловч цочмог гипертензийн кризийн үед залуу хүмүүст тохиолдож болно. Siegrist streaks буюу хоройдын судасны дагуу шулуун байрласан толбонууд нь хоруу гипертензийн улмаас үүссэн фибрин төст үхжлийн шинж юм. Хоройдын хэсэг газрын шигдээсийн улмаас шар хүрээтэй жижиг хар Элшнигийн толбууд (Elschnig spots) харагдана.

Артерийн гипертензийн ретинопатийн ангилал

Scheie-н шинэчилсэн ангилал:

0 зэрэг: Өөрчлөлтгүй

1 зэрэг: Артерийн үл ялиг нарийсал

2 зэрэг: Илэрхий артерийн нарийсал болон артери венийн зөрлөгийн шинж, зэс утасны шинж

3 зэрэг: 2 зэрэг + торлогийн цус харвалт, эксудатууд, шар толбонд од хэлбэрийн хатуу эксудатууд хуримтлагдах (macular star)

4 зэрэг: 3 зэрэг + харааны мэдрэлийн хаван

E. 3 зэргийн ретинопати: зөөлөн эксудатууд болон шар толбоны эксудат (macular star) F. 4 зэргийн ретинопати: зөөлөн эксудатууд болон харааны мэдрэлийн хаван

Ялган оношлогоо

  • Чихрийн шижингийн ретинопати
  • Радиацийн ретинопати
  • Анеми болон бусад цусны эмгэгүүд
  • Нүдний цус хомсрох хам шинж
  • Торлогийн венийн бөглөрөл

Эмчилгээ

Артерийн гипертензийн ретинопатийн эмчилгээг Артерийн гипертензийн удирдамжийн дагуу хийнэ. Эмийн эмчилгээ нь цочмог даралт ихдэлтээс үүссэн судасны нарийсалт болон судасны шүүрлийг л эмчлэх боломжтой. Харин архаг артерийн даралт ихдэлтийн артериосклерозын нэгэнт үүссэн өөрчлөлтийг эмчилж чадахгүй.

Хүндрэл

Артерийн гипертенз нь торлогийн судасны өвчнүүд болох торлогийн төвийн болон салаа артерийн болон венийн бөглөрөл, торлогийн артерийн макроаневризм зэрэг өвчнүүд үүсэх суурь болдог. Судасны бөглөрлөөс үүссэн цус хомсрол нь шинэ судасжилт, шилэнцрийн цус харвалт, эпиретинал мембран үүсэх, татлагын торлогийн хуурлын шалтгаан болно. Артерийн гиперитенз нь мөн чихрийн шижингийн ретинопатийн явцыг түргэсгэдэг. Харааны мэдрэлийн архаг хаван нь цаашид харааны мэдрэлийн хатингаршил болон хүнд хараа алдагдал үүсгэнэ. 

Тавилан

Хүнд хэлбэрийн артерийн гипертензийн ретинопати болон артериосклерозын өөрчлөлтүүдтэй өвчтөнд титмийн өвчин, захын судасны өвчин болон шигдээс үүсэх эрсдэл нэмэгддэг. Торлогийн артериосклерозын өөрчлөлтүүд нь арилахгүй учраас торлогийн артерийн бөглөрөл, венийн бөглөрөл болон торлогийн макроаневризм үүсэх эрсдэл их байдаг. Хоруу АДИӨ-ийн улмаас үүсэх ихэнх торлогийн өөрчлөлт нь артерийн даралтыг бууруулсны дараа сайжирдаг. Харин харааны мэдрэл болон шар толбоны өөрчлөлт нь насан туршийн хараа алдагдалд хүргэдэг.


Ном зүй

  1. Kanski’s Clinical ophthalmology, 8th ed, 2015
  2. https://eyewiki.aao.org/Hypertensive_retinopathy
  3. https://emedicine.medscape.com/article/1201779-overview