Хүүхдийн ханиад шуухинаа : Эмнэлзүйн илрэл ба оношилгоо

Ханиад шуухинаа гэдэг нь амьсгалын дээд замын вирусын халдвараар үүсгэгдэж өөрөө аяндаа эдгэрдэг, янз бүрийн хүндийн зэргээр явагдаж, найтаах, хамар бөглөрөх, хамраас нус гарах, хоолой үрэвсэх, ханиалгах, бага зэрэг халуурах, толгой өвдөх, болон бие сулрах шинжээр илэрдэг, цочмог эмгэг юм. Ханиад шуухинааг хэд хэдэн бүлийн вирус үүсгэх боломжтой: хамгийн нийтлэг үүсгэгч нь риновирусын 100 гаруй серотип байдаг (Хүүхдийн ханиад шуухинааны эмчилгээ сэдвийн үндсэн хэсгээс дэлгэрэнгүй уншина уу : Хүүхдийн ханиад шуухинаа: эмчилгээ).

Энэхүү сэдэвт хүүхдийн ханиад шуухинааны эмнэлзүй, оношилгоог багтаасан бөгөөд эмчилгээг тусад нь сэдэв болгосон. Мөн ханиад шуухинааг инфлюнза вирусээр үүсгэгддэг томуутай андуурч болохгүй. Учир нь эмнэлзүй, оношилгоо, эмчилгээ өөрөөр хийгддэг.

Вирус судлал

Ханиад шуухинаа олон төрлийн вирусээр үүсгэгддэг бөгөөд насанд хүрэгч, хүүхдийн ханиад шуухинааны 50 хүртэл хувийг Риновирусын 100 гаруй серотип үүсгэдэг [2]. Сургуулийн өмнөх насны хүүхдүүдэд ханиад үүсгэдэг бусад үүсгэгчдэд амьсгалын синцитиал вирус (RSV), инфлюнза вирус (томуу), пара-инфлюнза вирус (томуу төст), болон аденовирус багтана. Мөн нонполио энтеровирус (эховирус болон коксакиевирус), коронавирус болон хүний метапневмовирусээр ханиад үүсгэгдэх нь бий.  Эдгээр үүсгэгчдийн давамгайлах эмнэлзүйн, улирлын чанар, болон бусад онцлогуудыг хүснэгтээс харна уу.

Дархлаа хариу урвал – Риновирус, аденовирус, инфлюнза вирус, болон энтеровирус нь урт хуагцааны дархлаа үүсгэдэг боловч эдгээр вирусууд маш олон серотиптэй тул дараагийн ханиаднаас сэргийлэх боломж маш бага юм. RSV, параинфлюнза вирус, коронавирус нь удаан хугацааны дархлаа бий болгодоггүй. Тиймээс дахин халдвар үүсгэх боломжтой боловч зарим тохиолдолд дараагийн халдвар маш хөнгөн, богино хугацаанд үүсгэгддэг.

Тархварзүй

Дээрх үүсгэгчдийн улирлын чанартай дэгдэлт болон ханиад шуухинаанаас гадна илэрч болох эмнэлзүйг хүснэгтэнд тусгасан.

Хүснэгт

Хүснэгт

Дамжилт – Ханиад үүсгэгч вирусууд 3 механизмаар дамждаг.

  • Гарын хавьтлаар: Ханиадны вирусээр бохирдсон объект эсвэл хүнд гараар хүрсний дараа тухайн хүн өөрийнхөө хамрын салст, нүдний салст руу халдаах
  • Ханиалгаснаас агаарт вирус агуулсан дусал чөлөөглөгдөж, тухайн өчүүхэн жижиг дусал (small particle droplets) хүний амьсгалаар орох (дуслын замаар дамжих)
  • Нүдний салст эсвэл хамар дээрх болон найтах үед гарсан том дусалд (large particle droplets) хүрэлцэх (халдварлагдсан хүнтэй маш ойр хүрэлцсэн тохиолдолд)

Ихэвчлэн амьсгалын дээд замаар дамждаг вируст риновирус багтах бөгөөд бохирдсон гар болон хурууг нүд эсвэл/болон хамрын салстанд хүргэснээр халдварладаг. Мөн хүнээс хүнд дамжих эрсдэл нь халдвартай хүнтэй хамт өнгөрүүлсэн хугацаа, ойртсон зай, мөн халдвартай өвчтөнөөс тархаж буй вирусын хэмжээнээс хамаарна. Туршилтын судалгаагаар риновирус нь халдвартай хүнтэй маш богино хугацаанд гар барихад буюу 10 секунд гар-гараараа хүрэлцэхэд гараас гарт халдвар тархан, гар нь бохирдсон хүн хамар эсвэл нүдний салстандаа хүрснээр халдвар орж ханиад үүсгэх нөхцөл бүрэлддэгийг илрүүлсэн. Харин бичил аэорозол риновирус дамжихад хангалтгүй байсан. Гэхдээ инфлюнза вирус болон коронавирус аль аль нь аэрозолоор дамжсан байх боломжтой.

Халдварлагдсан хүмүүсийн ойролцоогоор хагас хүмүүсийн шүлсэнд нь риновирус бага титрээр илэрдэг бол бүх халдварлагдсан хүмүүсийн хамрын шүүрэлд риновирус хангалттай хэмжээгээр оршдог. Мөн халдварлагдсан хүмүүсийн гар вирусээр бохирдсон байдаг.  Самбай алчуур болон амьгүй эд зүйлсийн гадаргуу тухайлбал эд зүйлсийн болон нусны алчуур нь вирусын амьдрахыг тэтгэдэггүй боловч риновирус нэг хүртэл өдөр амьд орших боломжтой.

Халдвартай үе – Халдвартай хүнээс вирус орчинд ялгарах нь нууц хугацаанаас хойш 3дах өдөрт оргил үедээ хүрдэг нь мөн эмнэлзүйн оргил үетэй давхцдаг бол 5дах өдрөөс суурь буурч 2 долоо хоног хүртэл хугацаанд вирус бага хэмжээгээр ялгарна.

Нууц хугацаа – Нууц хугацаа гэдэг нь халдварлагдсан материалтай хүрэлцснээс хойш зовиур илэрч эхлэх хугацааг хэлдэг бөгөөд ихэнх ханиад шуухинааны вирусын нууц хугацаа 24-72 цаг байдаг.

Эмгэг жам

Ханиад шуухинааны эмнэлзүй нь амьсгалын замыг вирус шууд гэмтээхээс илүүтэй халдварын эсрэг төрөлхийн дархлааны хариу урвалтай холбоотой үүсдэг. Хамрын эсвэл нүдний салст руу вирус халдварласны дараа хамар-залгиурын  эпитель эср рүү рецепторын тусламжтай холбогдож эс дотор ордог. Халдварлагдсан эсүүд цитокинууд тухайлбал полиморф бөөмт эсүүдийн дайчилдаг интерлейкин-8 ялгаруулдаг. Үүний дүнд хамрын шүүрэлд полиморф бөөмт эсүүд маш их (100 дахин ихэсдэг) хуримтлагдаж, мукоциларийн клеаринс удааширсан байдаг.

Вирусээс урьдчилан сэргийлэх тарилга хийлгэсний дараах 1-2 өдөрт эмнэлзүй илэрдэг нь хамрын салстын доор болон эдительд полиморф бөөмт эсүүдийн нэвчилттэй хамт явагддаг бол эмнэлзүйн илрэлийн хүндийн зэрэг нь салст дах Ил-8-н хэмжээтэй шууд хамааралтай байдаг.

Хамарнаас гарч ялгадасны өнгө шар/цагаан эсвэл ногоон аль нь байх нь полиморф бөөмт эс хэр их агуулагдаж байгаатай хамааралтай боловч бактерийн өсгөвөр эерэг байхтай хамааралгүй юм. Энэхүү ялгадасны өнгө үүнд шар эсвэл цагаан нус гарах нь полиморф бөөмт эсүүдийг илтгэдэг бол ногоон өнгөтэй болох нь полиморф бөөмт эсүүдийн энзимийн идэвхийг илтгэдэг байна.

Риновирусын халдвар нь ханиад шуухинааны үеийн зовиурыг үүсэхэд оролцдог байх боломжтой альбумин болон кинин (брадикинин)-ийг ялгарлыг тодорхойгүй механизмаар өдөөж хамрын салстын доорх давхарга дах судасны нэвчимтгий чанарыг нэмэгдүүлдэг. Гистамины концетраци риновирусын халдварын үед нэмэгдэггүй.

Эмнэлзүй илрэл

Давтамж ба үргэлжлэх хугацаа – 6-аас бага насны хүүхэд жилд дунджаар 6-8 удаа (сард 1 хүртэл удаа буюу 9 сараас 4 сар хүртэл) ханиад томуу тусдаг ба тусах тутамд ихэнхдээ 14 хоног эмнэлзүй үргэлжилдэг. Гэртээ асруулдаг хүүхдүүдээс илүүтэй өдөр өнжүүлэхэд явдаг хүүхдүүд ханиад шуухинаа илүү их тусах хандлагатай. Гэхдээ анх сургуульд ороход өдөр өнжүүлэхэд явдаг байсан хүүхдүүд яваггүй байсан хүүхдүүдээс илүү ханиад шуухинаанд өртөмтгий бус байдаг ажээ.

Том насны хүүхэд болон насанд хүрэгчид жилд дунджаар 2-4 удаа ханиад хүрдэг бол эмнэлзүй нь 5-7 хоног үргэлжилдэг байна. Гэвч тамхичдад эмнэлзүйн үргэлжлэх хугацаа уртасдаг.

Эмнэлзүйн зовиур ба шинж тэмдэг

Ханиад шуухинааны эмнэлзүй нь өвчтнөөс өвчтөнд янз бүр байна.

Нярайд халууралт болон нусхайралт нийтлэг илэрдэг. Мөн уйлагнах, хөхөө хөхөхөд бэрхшээлтэй болох, хөхөө хөхөхдөө дургүй болох, мөн унатахад бэрхшээлтэй болох зэрэг зовиур илрэх нь бий.

Сургуулийн насны хүүхдүүдэд хамар бөглөрөлт, хамраас нус гарах, болон ханиалгалт давамгалайн илэрдэг бөгөөд эдгээр нь ханиад шуухинааны эмнэлзүй илэрч эхэлснээс эхний 10 өдөр илэрдэг. Эмнлзүйн зовиур болон шинжид ханиалгалт, найтаалгалт, халууралт, хамар бөглөрөлт, нусхайралт, болон толгой өвдөлт багтдаг бол хоолойн үрэвсэл, хоолой сөөлт ихэнхдээ илрээд байдаггүй. Зовиуруудын үргэлжлэх хугацаа болон давтамжийг зургаас харна уу (зураг 1):

Зураг №1

Зураг №1

Халууралт – Бага насны хүүхдийн ханиад шуухинааны халдварын эрт үед давамгайлан илэрдэг. Харин том насны хүүхэд болон насанд хүрэгчдэд ховор. Хэрвээ халууралт шинээр үүсэх эсвэл дахин халуун нэмэгдвэл бактерийн хоёрдогч халдвар үүсэн эсэхийг шалга (цочмог отит, синусит, хатгалгаа) (хүндрэл хэсгээс дэлгэрэнгүй уншина уу).

Хамрын талаас илрэх зовиур – Хамар бөглөрч, нусхайрч, мөн найтаах нь хүүхдэд нийтлэг илэрдэг. Үзлэгээр хамрын салст улайж, хавагнасан, мөн нусхайрсан байдаг. Хамрын нус эхэндээ тунгалаг байх боломжтой, боловч ихэнхдээ цөөн өдрийн дотор өнгөтэй (шар эсвэл ногоон) болдог (эмгэг жам хэсэгт дэлгэрэнгүй тусгасан билээ). Нусны өнгө нь полиморф бөөмт эсүүдийн тоо (шар эсвэл цагаан) болон энзимийн идэвхийг (ногоон) илэрхийлдэг. Харин бактерийн супер-халдварыг эсвэл цочмог бактерийн синуситыг заадаггүйг санах нь зүйтэй.

Хүнд зэргийн зовиуртай, эсвэл эмнэлзүй улам хүндэрч буй, биеийн байдал сайжралгүйгээр 10-аас олон хоног тасралтгүй нусхайрсан тохиолдолд Цочмог бактерийн синуситийг заадаг.

Ханиалгалт – Хамгийн нийтлэг илэрдэг, төвөгтэй зовиур юм. Бусад зовиур эдгэрсний дараах нэг долоо хоног эсвэл түүнээс удаан салахгүй илэрч болзошгүй боловч аажимдаа байдал сайжирдаг. Мөн ханиалгалт олон ханиад шуухинаанаас бусад олон эмгэгийн үед илэрч болно.

Бусад зовиур ба шинж тэмдгүүд – Үүнд хоолойн үрэвсэл (ихэнхдээ эрт үед), хоолой сөөх, толгой өвдөх, цочромтгой болох, унатахад төвөгтэй болох, хоолны зуршил буурах, хүзүүний урд талын тунгалгийн булчирхайнууд томрох, нүдний салст үрэвсэх багтана. Ховор тохиолдолд бөөлжилт болон суулгалт илэрдэг.

Дунд чихний эмгэгшил – Дунд чихний эмгэгшил хүндрэлгүй ханиад шуухинааны үед нийтлэг илэрдэг. Ханиадтай 2-12 насны 86 хүүхдийг хамарсан нэгэн судалгаагаар ханиадтай хүүхдүүдэд темпанометрийн шинжилгээгээр дунд чихний даралтыг үнэлэхэд 3 хүүхдийн 2-т нь ханиадны эмнэлзүй эхэлсний дараах 2 долоо хоногийн хугацаанд зарим үеүүдэд эмгэгшиж байсан бол энэ нь эхний долоо хоногт хамгийн их байжээ. Энэхүү дунд чихний даралтын эмгэгшилт нь дунд чихний цочмог үрэвсэл үүсэхэд өртөмтгий болгодог.

Хүндрэл

Дунд чихний цочмог үрэвсэл (ДЧЦҮ) – Ханиадтай хүүхдэд дунд чихний даралтын эмгэгшил хамгийн их тохиолддог бөгөөд энэ нь дунд чихний цочмог үрэвсэлд өртөмтгий болгодог. Дунд чихний хоёрдогч цочмог үрэвсэлд 6-11 сартай хүүхэд хамгийн өндөр  эрсдэлтэй байдаг. Ойролцоогоор ханиадтай бага насны хүүхдүүдийн ½-1/3 нь ДЧЦҮ-ээр хүндэрдэг.

Хэрвээ ханиадны зовиур эхэлсний эхний цөөн өдөрт чихээр өвдөж, халууралт үүсвэл ДЧЦҮ-ийн илрэл байж болзошгүй тул анхаарах хэрэгтэй.

Багтрааны сэдрэл (астма) – Амьсгалын дээд замын вирусын халдвар нь хүүхдэд хэржигнүүр үүсгэдэг боловч мөн хүүхдийн багтрааны сэдрэлийн шалтгааны 50 гаруй хувийг эзэлдэг.

Синусит – АДЗ-ын вирусын халдвар нь бактерийн синусит үүсэх хамгийн чухал эрсдэлт хүчин зүйл болдог бөгөөд 6-13%-д нь цочмог бактерин синуситээр хүндэрдэг.

Хамар орчмын хөндийнүүдийн хоёрдогч бактерийн халдварыг дараах илрэлүүд зааж байх магадлалтай:

  • 10-аас дээш хоног хамрын зовиур сайжрахгүй байнга илрэх эсвэл
  • Эмнэлзүй хүнд байх (халуун ≥39°C [102.2°F], 3-4 өдөр хамраас идээрхэг нус гарах) эсвэл
  • Зовиур хүндрэх (ханиалгалт эсвэл нусхайралт дахин сэдрэх, шинээр халууралт үүсэх, эсвэл халууралт дахин нэмэгдэх)

Амьсгалын доод замын өвчин – Ханиад шуухинааны үед бактерийн хатгалгаа ховор хүндрэл юм. Ханиадны зовиур илэрсний эхний цөөн өдрийн дараа шинээр халууралт илрэх нь энэхүү хүндрэлийн сэжүүр болно. Мөн шинээр халууралт илрэлгүй удаан хугацаанд ханиалгалт илрэх нь амьсгалын доод замын вирусын халдварыг илтгэж байж болзошгүй.

Бусад хүндрэл – Хүүхдийн ханиад шуухинааны бусад хүндрэлд хамраас цус гарах, нүдний салстын үрэвсэл, залгиурын үрэвсэл багтана.

Оношилгоо

Ханиад шуухинааны оношийг асуумж, бодит үзлэг үүнд: ойр орчимд нь ханиадтай, хамрын бөглөрөлттэй, нусхайрсан, хоолой нь өвдсөн, халууралттай, хүзүүний урд талын тунгалгийн булчирхай нь томорсон, амны салст болон ам-залгиурын улайлттай хүн байсан эсэх зэрэг эмнэлзүйгээр тавина. Лабораторын оношийг бүрэн батлахгүй.

Цээжний рентген шинжилгээг: уушгины үзлэгээр голомтот өөрчлөлттэй, хүнд зэргийн давшингуй ханиалгалттай, цустай цэр гарч буй, эсвэл оношлогдоогүй архаг амьсгалын эмгэгийн илрэлтэй хүүхдэд хийнэ.

Лабораторын шинжилгээгээр хэрвээ шаардлагатай бол эмгэг төрөгч вирусыг тодорхойлох боломжтой.

Ялган оношилгоо

Ханиад шуухинааны ялган оношилгоонд: ринитийн бусад шалтгаан (улирлын, харшлын, вазомотор, ринит медикаментоза), цочмог бактерийн синусит, хамрын гадны биет, амьсгалаар гадны биет орох, хөхүүл ханиад, хамрын эсвэл синусын бүтцийн эмгэг (халдварын шинж илрэхгүй), инфлюнза, бактерийн фарингит эсвэл тонзилит багтана. Эдгээр эмгэгүүдийг асуумж болон бодит үзлэгээр ханиад шуухинаанаас ялган оношилсон байх боломжтой.

  • Хөхүүл ханиад – Эхлэлийн сонгомол шинж нь хөнгөн зэргийн ханиалгалт болон кориза (улайралтын үе), гэхдээ ханиалгалт нь аажмаар нэмэгддэг.
  • Инфлюнза буюу томуу – Инфлюнза нь ханиад томууны шалтгаан болох боломжтой бөгөөд эмнэлзүй илүү хүнд эхэлдэг (ихэнхдээ >39°C [102.2°F]), толгой өвдөнө, булчингаар өвдөнө, бие сульдана, мөн ханиалгана, хоолой өвдөнө, ринит үүснэ.
  • Бактерийн фарингит эсвэл тонзилит – Бүлэг А стрептококкоор үүсгэгдсэн тонзиллофарингитийн үед хамрын талаас зовиур илэрдэггүй.

Эх сурвалж


Uptodate :  “The common cold in children: Clinical features and diagnosis” |  Энэхүү сэдэв хамгийн сүүлд 2014 оны 1 сарын 15-д шинэчлэгдсэн