Эмбол

Эмбол гэдэг нь үүссэн газраасаа алсад зөөвөрлөгдсөн, судасны дотор ханатай холбогдсон хатуу, шингэн эсвэл хийн масс бөгөөд энэ нь эдийн үйл ажиллагааг алдагдуулж, цус харвалт үүсгэнэ. Эмболийн ихэнхи нь тромб байдаг учраас “тромбэмбол” гэсэн нэршил их хэрэглэгддэг. Ховор тохиолдох эмболийн төрөлд: өөхөн дуслууд, азотын хийн бөмбөлөг, атеросклерозын хэсгэнцэр (холестролын эмбол), хавдрын хэсэг, ясны чөмөг, гадны биет зэрэг багтана. Эмбол нь цусаар эргэлдэж байгаад жижиг голчтой судсанд тээглэн цааш явах боломжгүй болсноор судсыг хагас болон бүтэн бөглөдөг. Эмбол хаана үүссэнээс шалтгаалан судасны салбарлалтын хаана ч суух боломжтой. Мөн эмболийн хэмжээ, байршил, судасны хана зэргээс хамаарч эмнэлзүйн үр дагавар олон янзаар илрэнэ.

Уушигны эмбол (Цусны бага эргэлтийн)

Уушигны эмбол нь гүний венийн тромбийн гаралтай ба тромбэмболийн  эмгэгийн хамгийн түгээмэл тохиолдох хэлбэр юм.

АНУ-д уушигны эмболийн тохиолдол 1970 оноос хойш 1000 эмнэлэгт хэвтэгсдийн дунд 2-4 тохиолдолд тогтмол илэрч байгаа ч нийт өвчтний нас, онош харилцан адилгүй байна. (жишээ нь: мэс засал, жирэмслэлт, хорт хавдар зэрэг нь эрсдлийг нэмэгдүүлдэг). Мөн уушигны эмболийн улмаас 1 жилд 100.000 хүн нас барж байна.

Тэдгээрийн 95% дээш хувь нь хөлийн гүний венийн тромбын гаралтай байна.

1

Зураг 4-15 Доод мөчний гүний венийн тромб уушигны артерийн салаалах цэгт бөглөрсөн байдал.

Гүний венийн хэсэглэгдсэн тромб том венүүдээр зөөвөрлөгдсөөр зүрхний баруун тосгуурт хүрч, цаашлаад уушигны артерийн судсуудад хүрнэ. Эмболийн хэмжээнээс хамаарч уушигны ерөнхий артери, артерийн бифуркаци (эмээл эмбол) дээр эсвэл илүү жижиг артерийн салаануудад очиж тээглэнэ. (Зураг. 4-15). 1 том эмболоос олон ширхэг жижиг эмбол тодорхой хугацаанд нэгэн зэрэг эсвэл ар араас дараалж үүсэх нь элбэг байх ба уушигны эмбол 1 үүссэн өвчтөнд дахиад олон үүсэх эрсдэл өндөр байдаг. Ховор тохиолдолд венийн эмбол тосгуур хоорондын эсвэл ховдол хоорондын цоорхойгоор нэвт гарч, их эргэлтийн артерийн судсуудад хүрч болдог (парадоксал эмбол).

image004

Уушигны эмболийн аюултай үр дагаваруудыг доор дурдав.

  • Ихэнхи (60-80%) уушигны эмбол жижиг хэмжээтэй байх тул эмнэлзүй илэрдэггүй. Цаг хугацаа өнгөрөхөд тэдгээр нь илүү нарийн төвөгтэй болж судасны дотор ханын хэлбэрийг давтана. Зарим тохиолдолд тромбэмбол зөөлөн, гүүрэн фибрин сүлжээний ард үлддэг.
  • Уушигны цусны эргэлтийн 60% болон түүнээс дээш хувь эмболоор бөглөрөхөд гэнэтийн үхэл, баруун ховдлын дутагдал (уушгин зүрх), зүрх судасны коллапс илэрнэ.
  • Эмболийн бөглөрөлтэй дунд зэргийн голчтой артерийн судас хожим урагдахад уушигны цус харвалт үүсэх ба харин уушигны шигдээс үүсэхгүй. Учир нь уушиг нь уушигны артер болон гуурсан хоолойн артерийн цусан хангамжтай бөгөөд гуурсан хоолойн цусны эргэлт бүрэн байгаа үед гэмтэл гарсан хэсгийг цусаар бүрэн хангаж чадна. Харин гуурсан хоолойн артерийн урсгал сааталтай (жишээ нь зүрхний зүүн ховдлын дутагдал) бол шигдээс үүснэ.
  • Нарийн төгсгөлтэй уушигны артерийн салаан дахь эмболийн бөглөрөл зонхилон цус харвалт, шигдээс үүсгэнэ.
  • Олон эмболийн улмаас яваандаа уушигны даралт ихдэлт, баруун ховдлын дутагдал үүсдэг.

Цусны их эргэлтийн тромбэмбол

Их эргэлтийн ихэнхи эмбол зүрхний доторх мурал тромбоос гаралтай ба үүний 2/3 нь зүүн ховдлын ханын шигдээс, ¼ нь зүүн тосгуурын тэлэгдэл, фибриляцтай холбоотойгоор үүсдэг. Мөн зарим хэсэг нь гол судасны цүлхэн, атерсклерозын товруу, хавхлагын ургацаг, венийн тромбоос үүсдэг бол үлдсэн 10-15% нь шалтгаан тодорхойгүй. Венийн эмболоос ялгаатай нь артерийн эмбол маш олон төрлийн хэсгүүдээр зөөвөрлөгддөг ба эх үүсвэр, тухайн эдийг тэжээж буй цусны урсгалын хэмжээ болон хаанаас үүсэлтэйгээс шалтгаалж эмнэлзүй илрэнэ.  Ихэнхи нь доод мөч (75%) эсвэл тархинд (10%) харин бусад нь гэдэс, бөөр, дэлүү, дээд мөч зэрэгт тохиолдлын байдлаар очиж бөглөнө. Их эргэлтийн эмболийн үр дагавар цус хомсролд орсон эдийн мэдрэмтгий байдал, судасны голч, коллатерал салаа байгаа эсэхээс хамаарах ба эцсийн үр дагавар эдийн шигдээс болно.

Өөх болон ясны чөмөгний эмбол

Урт ясны хугарал, ховор тохиолдолд зөөлөн эдийн гэмтэл, түлэгдлийн дараа цусны эс үүсгэх ясны чөмөгний гаралтай бичил өөхөн дуслууд уушигны судасжилтанд илэрдэг. Эдгээр гэмтлүүд чөмгөн дэх судасны синусойдууд, жижиг венулуудыг задалснаар чөмөг болон өөхөн эд судасны хөндий рүү нэвтрэн орж, уушгинд зөөвөрлөгдөхөд хүргэдэг. Амьсгал зүрхний хүчтэй сэхээн амьдруулалтын дараа өөхөн ба ясны чөмөгний эмбол маш түгээмэл тохиолдох бөгөөд эмнэлзүйн үр дагавар байхгүй. Харин хүнд зэргийн ясны гэмтэлтэй (зураг 4-16) нийт хүмүүсийн 90%-д өөхөн эмбол, 10%-д бусад эмнэлзүй илэрдэг.

Өөхөн эмболийн хамшинж гэдэг нь шинж тэмдэг илэрч буй цөөн хүнийг хамарна. Энэхүү хамшинжид уушигны дутагдал, мэдрэлийн шинж тэмдэг, цус багадалт, тромбоцитопени зэрэг багтаж, нийт тохиолдлын 10-15% нь үхлийн аюултай. Гэмтлийн дараах 1-3 өдөр тахипноэ, диспноэ, тахикарди зэрэг гэнэт илрэх ба уцаарлангуй, тайван бус болохоос эхлээд дэмийрэл, комад хүртэл орж болдог. Ялтас эсүүд өөхөн дуслуудад адгези, агрегаци болох эсвэл дэлүүний секветраци болсноос тромбоцитопени, улаан эсийн агрегаци мөн/эсвэл гемолизийн улмаас цус багадалт үүснэ.

2

Зураг 4-16 Уушигны цусны эргэлтэнд буй ясны чөмөгний эмбол. Эмболийн зүүн хэсгээр эсийн элементүүд байгаа нь цус үүсгэх эсүүд, харин тунгалаг вакуол нь чөмөгний өөхийг харуулж байна. Баруун хэсгийн харьцангуй жигд улаан өнгөтэй хэсэг нь эрт үүссэн тромб юм.

Тробмоцитопени гэнэт үүсэхэд тархмал цэгчилсэн тууралт илэрдэг (20-50%-д нь тохиолддог) нь оношлогооны ач холбогдолтой. Өөхөн эмбол хамшинжийн эмгэгжам нь  механик бөглөрөл, биохимийн гэмтэлтэй холбоотой. Өөхөн бичил эмбол, улаан эс, ялтас эсийн агрегаци уушигны болон тархины бичил судсыг бөглөдөг. Өөхөн дуслааас чөлөөт өөхний хүчил ялгарснаас эндотельд хэсэг газрын хордуулах гэмтлийг гүнзгийрүүлэхээс гадна ялтас эс идэвхижин, мөхлөгт эсүүд (чөлөөт радикал, протеаз агуулсан эйкосанойд ялгарал) дайчлагдсанаар судсыг дайрлагад бүрэн оруулдаг. Липидүүд эдийн бэлдэцэд парафин нэвтрүүлэхэд ашиглагддаг уусгагчаар задардаг учир өөхний бичил дуслуудыг микроскопид харахад хөлдөөсөн зүслэг, өөхний будаг зэрэг тусгай техникүүд шаардлагатай.

Хийн эмбол

Цусны эргэлтэнд буй хийн бөмбөлгүүд хоорондоо нийлж хөөсөн массуудыг үүсгэж цусны эргэлтэнд бөглөрөл үүсгэн, алсын эдэд цус хомсролын гэмтэл учруулдаг.

Жишээ нь: Вypass хагалгааны явцад титмийн артерт маш бага хэмжээний агаар үлдвэл эсвэл “суугаа байрлалд” мэдрэлийн мэс засал хийн тархины цусны эргэлтэнд хүрэхэд урсгалыг ноцтой үр дагавартайгаар бөглөнө.  Уушигны цусны эргэлтэнд 100сс-с том хэмжээний агаар үүсэхэд эмнэлзүйн нөлөө үзүүлэх боломжтой ба арга хэмжээ авахгүй бол энэ хий эмэгтэйчүүдийн болон хэвлийн дурангийн ажилбарын үед эсвэл цээжний ханын гэмтлээр илэрнэ. Хийн эмболийн нэгэн төрөл болох “Декомпрессийн өвчин” нь атмосферийн даралт огцом буурахад үүсдэг. Шумбагчид, далайн гүнд аялагчид, усан доорхи байгууламжид ажиллагсад, даралтгүйжүүлсэн агаартай, огцом хөөрдөг агаарын хөлөгт ажиллаж буй бүх хүмүүс өндөр эрсдэлтэй. Өндөр даралтанд агаараар амьсгалахад (жнь: далайн гүнд шумбах үед) их хэмжээний агаар (ялангуяа азот) цус болон эдэд нэвчдэг. Хэрэв шумбагч хэт огцом дээш (даралтгүйжиж) гарч ирвэл азот эд болон цусны шингэнээс гарч ирдэг. Ингэснээр араг ясны булчин, үений эдүүдэд хийн бөмбөлгүүд гэнэт үүсч “the bends” гэж нэрлэдэг их өвдөлттэй байдалд ордог. Хийн бөмбөлгүүд уушгинд хаван, цус харвалт, хэсэг газрын ателектаз, эмфизем зэргийг үүсгэж “the chokes” гэх амьсгалтын дистресс байдлалд хүргэнэ. Декомпресс байдлын хамгийн түгээмэл архаг хэлбэр бол “Кессоны өвчин”- caisson disease (гүүр барьж буй ажилчид судасны даралтын улмаас декомпрессийн өвчнөөр цочмог болон архаг байдлаар өвдөж шаналдаг учир ийнхүү нэрлэсэн). Кессоны өвчний хийн эмболийн улмаас араг ясны тогтолцооны олон газар цус хомсролын үхжил үүсдэг ба хамгийн түгээмэл газар нь дунд чөмөгний толгой, тахилзуур, байдаг. Декомпрессийн өвчин огцом үүссэн хүний хийн бөмбөлгүүдийг шингэн рүү эргэж оруулахын тулд өндөр даралттай өрөөнд байлгаж эмчилдэг. Дараа нь аажим декомпресс хийн бөглөрөлтөт хий дахин үүсэхээс сэргийлэхийн тулд агаарыг огцом шингээж, амьсгалыг гаргадаг.

Ургийн шингэний эмбол

Ургийн шингэний эмбол нь дэлхийд эхийн нас баралтын хамгийн түгээмэл шалтгааны 5-р байрт ордог. АНУ-д эхийн нас баралтын ойролцоогоор 10%-г эзлэх ба амьд үлдсэн эхчүүдийн 85% нь үл эргэх мэдрэлийн алдагдалтай үлддэг. Энэ нь төрөлтийн болон төрөлтийн дараах үеийн аюултай хүндрэл юм. 40000 төрөлт тутам 1 тохиолддог ч нас баралт 80% хүртэл байна. Энэ үед хүнд зэргийн амьсгаадалт, хөхрөлт, шок, мөн толгой өвдөх гэх мэт шинжээс эхлэн татах, комад орох хүртэл аюултай мэдрэлийн доройтол илэрдэг. Өвчтөн эхний хямарлыг давсны дараа уушигны хаван үүсч, ДВС түгээмэлд тохиолддог. Энэ онцлог нь уушигны эмболийг  гүний венийн тромбозоос ялгана. Ургийн шингэний эмбол нь уушигны судсуудыг механик бөглөрөлд оруулснаас бус бүлэгнэлтийн хүчин зүйлүүд болон төрөлхийн дархлааны бүрэлдэхүүнүүдийн биохимийн идэвхжлийн үндэс болсноос өвчлөл, нас баралтад хүргэдэг.

Ихсийн мембран эсвэл умайн венийн судас урагдаж эхийн цусны эргэлтэнд ургийн шингэн эсвэл эд орох нь суурь шалтгаан болдог. Аутопсид илрэх сонгодог шинжүүдэд: ургийн арьснаас гуужсан хавтгай эсүүд, шар үс, vernix caseosa-ийн өөх, ургийн амьсгалын болон хоол боловсруулах замаас ялгарсан муцин зэрэг нь эхийн уушигны бичил судасжилтанд илрэх орно. (Зураг. 4-17). Бусад илрэлүүдэд: уушигны хаван, цулцангийн тархмал гэмтэл мөн ДВС-ийн фибриний тромб судсанд олон газар илрэх зэрэг багтана.

3

Зураг 4-17 Ургийн шингэний эмбол. Уушигны 2 жижиг артериолууд ургийн хавтгай эсийн хуйларлаар дүүрсэн байдал. Энэ үед уушигны хаван, зогсонгишил илэрхий байна. Уушигнаас алсад судсан доторх тархмал цус бүлэгнэлтийн хамт жижиг тромб үүссэн.

Түлхүүр ойлголтууд

■ Эмбол гэдэг нь үүссэн газраасаа алсад зөөвөрлөгдсөн, судасны дотор ханатай холбогдсон хатуу, шингэн эсвэл хийт масс бөгөөд ихэнхи нь тромб байдаг.

■ Уушигны эмбол нь анхдагчаар гүний венийн тромбийн гаралтай ба эмболийн хэмжээ, байрлалаас шалтгаалан нөлөөлнө. Баруун ховдлын дутагдал, уушигны цус харвалт, уушигны шигдээс, гэнэт үхлийн аюул, үр дагавартай.

■ Их эргэлтийн ихэнхи эмбол нь зүрхний мурал, хавхлагын тромб, гол судасны цүлхэн, атерсклерозын товруунаас гаралтай. Эмбол үүссэн байршил, коллатерал салаа байгаа эсэхээс хамаарч эдийн шигдээс үүснэ.

 Source: Robbins and Cotran Pathologic Basis of Disease, 2015