Парацетамол гэж юу вэ?

Мягмарсүрэн Namuun

Анх 1955 онд эмнэлзүйд  нэвтэрснийхээ дараагаар ацетаминофен буюу acetaminophen (N-acetyl-p-aminophenol; APAP; парацетамол – paracetamol) Америкийн хамгийн түгээмэл хэрэглэгддэг өвчин намдаах – халуун бууруулах /analgesic-antipyretic/ эмийн зүйл болж эхэлсэн юм.

Эмчилгээний тунгаар хэрэглэхэд аюулгүй боловч, анх 1966 онд ацетаминофений тун хэтрэх нь амь насанд заналхийлсэн элэгний некроз үүсгэдэг болохыг илрүүлжээ. Эмчилгээний тунг давтан хэрэглэх, тунг бага зэрэг ихдүүлэхэд л архичин гэх мэт өртөмтгий бүлгийн хүмүүст элэг хордуулах нөлөө үзүүлэх бүрэн боломжтой гэж үздэг. Америкийн Нэгдсэн улсад элэгний дутагдлын хамгийн түгээмэл шалтгаан нь АЦЕТАМИНОФЕН – ий хордлого болоод байна.

Ацетаминофен дэлхий дахинаа өргөн хэрэглэгддэг учир хүмүүс түүний хор уршигийг үл тоомсорлох маягтай байдаг. Түүнчлэн, өөр эмийн найрлагат орсон байсныг нь анзааралгүй нэмэлтээр хэрэглэж ацетаминофений тунг хэтрүүлдэг тал бий.

Америкийн Нэгдсэн улс төдийгүй бусад олон орнуудад ацетаминофений тунгийн илүүдэл элэгний дутагдал үүсгэх үндсэн шалтгаан болсоор байна.

Канад улсын Калгари /Calgary/ бүсэд 10 жилийн турш ацетаминофений тунгийн илүүдлийн бүх тохиолдлуудад хийсэн эмнэлзүйн ретроспектив судалгаагаар доорх тоо баримтыг гаргажээ. Үүнд:

  • Нийт 1543 өвчтний 70 (4.5%) – д элэгний хордлого үүссэн бөгөөд тэдгээрийн 15 нь эмнэлэгийн анхан шатны тусламж авч чадалгүй нас баржээ.
  • Элэгний хордлого үүсэх эрсдэлт хүчин зүйлд санамсаргүй байдлаар тунг хэтрүүлэх (OR 5.18; 95% CI 3.00-8.95), архины зохисгүй хэрэглээ (OR 2.21; 95% CI 1.30-3.76), элэгний суурь өвчлөл (OR 3.50; 95% CI 1.57-7.77).

Фармакокинетик

Ацетаминофен эмийн бодис нь хурдан ба удаан аль аль үйлчилгээг үзүүлэх хэлбэртэй байдаг.

Пара

Хүснэгт 1. Парацетамол эмийн хэлбэр ба тун

Эмчилгээний нэг удаагийн тун нь хүүхдэд 10 – 15 мг/кг, том хүнд 325 – 1000 мг байх ба 4 – өөс 6 цагийн зайтай ууж хэрэглэнэ. Өдрийн дээд тун хүүхдэд 80 мг/кг, том хүнд 4 гр байдаг. Хордуулах тун тухайн хүний глутатионы суурь түвшин болон бусад хүчин зүйлсээс хамаарч олон янз байж болно.

  • Нэг удаагийн тунг хүүхдэд 150 мг/кг – аас бага, том хүнд 7,5 – 10 гр – аас бага хэрэглэсэн тохиолдолд хордлого үүсэх нь бага,
  • Харин 24 цагийн турш хүүхдэд 250 мг/кг – аас, том хүнд 12 гр – аас илүү хэрэглэсэн тохиолдолд хордуулах үйлчилгээ илрэх магадлалтай байдаг бол
  • 350 мг/кг – аас дээш тунгаар хэрэглсэн өвчтөнд тохирсон эмчилгээг хийж чадахгүй бол заавал ч үгүй элэгний ноцтой хордлого үүсдэг. (аспартат аминотрансфераза буюу aspartate aminotransferase (AST) дээд түвшинд хүрэх эсвэл аланин аминотрансфераза (ALT) түвшин1000 IU/L – ээс дээш болдог)

Ацетаминофен нь ходоод – гэдэсний замаас түргэн хугацаанд бүрэн шимэгддэг. Эмчилгээний тунг амаар хэрэглэсэний дараа цаг гучин минутаас хоёр цагийн хооронд ийлдсийн концентраци дээд түвшинд хүрнэ. Ийлдсэнд дээд түвшиндээ байх хугацаа 4 цаг орчим боловч ходоодны хоосрох үйл хямарсан бол үүнээс ч удаан үргэлжлэх боломж бий. Ийлдэс дэх эмчилгээний концентраци 10 – 20 мкг/мл (65 – 130 микромоль/L) хооронд хэлбэлзэнэ.

Хагас задралын хугацаа нь бүх хэлбэрийн ацетаминофен бэлдмэлийн хувьд ижилхэн 2 – 4 цаг байдаг. Гэвч удаан үйлчилгээтэй эмийн хэлбэрийг хэрэглэсэн тохиолдолд хагас задралын хугацаа удааширч болно. Элэгний хордлоготой өвчтөнд хагас задралын хугацаа нь 4 – өөс илүү цаг үргэлжилсэн тохиолдол бүртгэгдэж байжээ.

Биохимийн үндэс

Эмчилгээний тунгаар хэрэглэсэн тохиолдолд, ацетоаминофенийн 90% нь элгэнд сульфатад хувирах ба глюкуронидтой холбогдон шээсээр ялгардаг. Ойролцоогоор 2% нь шээсээр хувирахгүй ялгардаг. Ацетаминофенийн үлдсэн хэсэг нь элэгний цитохром P450 (CYP2E1, CYP1A2, CYP3A4 дэд бүл) – ийн оролцоотой исэлдүүлэх гинжин урвалд орж хортой, урвалж чанар өндөртэй, электрофилийн завсрын бодис N – ацетил – п – бензокюнонеймин буюу N-acetyl-p-benzoquinoneimine (NAPQI) – д хувирдаг.

Metabolism-of-acetaminophen-(paracetamol)

Зураг 1. Парацетамолын бодисын солилцоо

Ацетаминофенийг тохиромжтой тунгаар хэрэглэхэд NAPQI бага хэмжээгээр үүсдэг ба хормын төдийд элэгний глютатионтой холбогдож, хоргүй цистейн ба мөнгөн усны нэгдэлд хувиран шээсээр ялгардаг.

Гэвч, ацетаминофенийн хортой тунгийн үед сульфатион, глюкуронидацийн замууд ханаж, илүүдэл ацетаминофен нь цитохром P450 бүлийн энзимүүдийн оролцоотой исэлдэж NAPQI хэлбэртээ хувирдаг ажээ. Элэгний глютатионы нөөц ойролцоогоор 70 – 80% ашиглагдсан үед, NAPQI гепатоцит эстэй харилцан үйлчлэлцэж түүнийг гэмтээж эхэлнэ.

NAPQI нь цагираг бүтцэнд орж элэгний макромолекулын цистейний бүлэгтэй ковалент холбоогоор холбогдон NAPQI – уургийн бүрдэл үүсгэнэ. Энэ явц нь үл эргэх урвал бөгөөд цаашид исэлдэлтийн гэмтэлд хүргэж элэгний эсийг центрилобуляр буюу төвийн хэсгийн некрозод хүргэдэг. Одоогоор бүрэн тайлбарлаагүй байгаа ч липидийн хэт исэлдэлт, митохондрийн гэмтэл элэгний эсийн гэмтэлд гол үүрэгтэй оролцдог гэж үзэж байна.

Үүнээс гадна, гэмтсэн гепатоцитоос чөлөөлөгдөж буй хэт ислийн бодисууд, азотын исэл, зарим цитокинууд элэгний гэмтэл даамжирхад багагүй нөлөөтэй. Гепатоцитоос ялгарсан цитокинууд Купфферийн эс /Kupffer cells/ болон бусад үрэвслийн эсүүдээр өдөөгдсөн үрэвслийн хоёрдогч хариу урвалыг эхлүүлж, элэгний гэмтлийг улам даамжруулдаг.

Зөвлөх нь

Парацетамол (ацетаминофен) эмийн бодис нь олон улсын эмийн худалдаанд олон нэр төрөл, янз бүрийн хэлбэртэй байдаг. Тийм ч учраас худалдааны өөр нэрээр нь тус тусдаа эмийн зүйл гэж ойлгон хавсран хэрэглэсэн байх нь олонтоо. Парацетамолын тун хэтрэх нь ноцтой өвчиний шалтгаан болох аюултай. Парацетамолын нэг удаа хэрэглээх дээд тун насанд хүрсэн хүмүүст 1000 мг, харин өдрийн дээд тун 4000 мг байна. Үүнээс их тунгаар хэрэглэх нь элэгний гэмтэл үүсгэх аюултай.

Анхаарах нь:

  1. Харшилтай бол энэ эмийг бүү хэрэглээрэй.
  2. Хэрвээ танд доорх эмгэгүүд байгаа бол парацетамол уухаас өмнө эмчдээ заавал хэлээрэй.
  • Элэгний ямар нэг өвчтэй бол
  • Архи уудаг бол

Парацетамолыг хэрхэн хэрэглэх вэ?

Эмчийн зөвлөсөн тунгаас илүү хэмжээгээр бүү хэрэглээрэй. Хэрвээ өдөрт гурван стандартаас дээш архины төрлийн ундаа хэрэглэдэг бол хэрэглэхийн өмнө эмчдээ хэлэх ба өдөрт 2000 мг – аас дээш тунгаар хэрэглэж болохгүй. Хэрвээ хүүхдэд өгөх гэж байгаа бол хүүхдэд зориулсан эмийн хэлбэрийг нь сонгоорой. Хоёроос доош настай хүүхдэд эмчийн зөвлөгөөгүйгээр парацетамол өгч болохгүй. Түүнчлэн, эмийг үйлдвэрлэхдээ хэрхэн хэрэглэхэд зориулж бүрээстэй, шахмал гэх мэт янз бүрээр гаргадаг тул эмийн хэлбэрээ дагаад хэрэглэх арга нь өөр өөр байдаг. Тиймээс, эм хэрэглэх зааварчилгааг сайн мөрдөөрэй. Жишээлбэл:

  1. Хэрвээ та парацетамолын шингэн хэлбэрийг хэрэглэх гэж байгаа бол зориулалтын тун хэмжигч халбагыг ашиглах ба ердийн цайны халбагаар хэзээ ч тугнаж болохгүй. Хэрвээ танд тунг найдвартай хэмжих халбага байхгүй бол эмчийн зөвлөгөөг авах шаардлагатай. Шингэн хэлбэрийн эмийг хэрэглэхийн өмнө сайтар сэгсрэх шаардлагатай байж болох юм. Гэвч, эмийн хайрцганд заасан байдаг эм хэрэглэх аргыг сайтар дагаж мөрдөх нь чухал.
  2. Зажилдаг хэлбэртэй парацетамолыг залгихаасаа өмнө заавал зажилж хэрэглэх нь зүйтэй.
  3. Парацетамолын уусдаг шахмалыг нойтон гараар барьж болохгүй. Шахмалыг хэлэн дээрээ тавихад уг шахмал тэр дороо уусах болно. Шахмалыг бүтнээр нь залгиж болохгүй. Аман дотроо зажлахгүйгээр уусгаж хэрэглээрэй.
  4. Хөөсөрдөг үрлэн хэлбэрийн парацетамолыг хэрэглэхдээ, нэг уут үрлийг хамгийн багадаа 4 унц буюу (1 унц ~ 30 мл) 120 мл усанд найруулж хутгаад нэг дор бүгдийг ууна. Дараа нь уг савандаа бага хэмжээний цэвэр ус хийж зайлаад уух хэрэгтэй.
  5. Шулуун гэдсээр хэрэглэдэг парацетамолыг хэзээ ч ууж болохгүй. Энэ хэлбэрийн эм нь зөвхөн шулуун гэдсээр л хэрэглэгдэхэд зориулагдсан гэдгийг сана. Лааг хэрэглэхийн өмнө ба дараа гарыг заавал угаагаарай. Хэрэглэхдээ хэвтэж байгаад шулуун гэдэсрүү үзүүрийг нь чиглүүлж хийнэ. Хийсний дараа хэдэн минут дарж барих нь зөв. Шулуун гэдсээр оронгуутаа уусч эхлэх ба та лааг дарж барисанаар танд ямар нэг таагүй мэдрэмж төрөхгүй. Шулуун гэдсээр эм хэрэглэсэний дараа шууд усанд орохоос зайлсхий.

Хэрвээ доорх шинжүүд илэрвэл эмчдээ хандаарай:

  • 3 өдөр хэрэглээд халуурсаар байвал
  • 7 өдөр хэрэглээд өвдөлт сайжрахгүй бол (эсвэл хүүхдэд 5 өдөр хэрэглэсэн)
  • Арьсаар тууралт гарах, толгой өвдөх, их хөлрөх шинжүүд илрэх
  • Хэрвээ эмнэлзүйн шинжүүд хүндрэх эсвэл шинэ шинж тэмдэг илэрвэл

Парацетамол хэрэглэж байгаа үед шээсэнд глюкоз тодорхойлвол хуурамч хариу гарч болзошгүй. Хэрвээ та диабет буюу чихрийн шижин өвчтэй ба таны цусан дахь глюкозын хэмжээ эмчилгээний явцад өөрчлөгдөх нь ажиглагдсан бол эмчдээ заавал хэлээрэй.

Хадгалалт

Парацетамолыг өрөөний температурт хадгалах ба халуун, чийгтэй орчиноос хол байлгаж, хүүхэд оролдож уухаас сэргийлж ил задгай орхихгүй байхад онцгой анхаараарай. Шулуун гэдэсний лааг өрөөний температурт хадгалаас гадна хөргөгчинд хадгалж болно.

Эмийн тунг тохируулах нь

Парацетамолыг шаардлага гарсан үед л хэрэглэдэг учир хатуу заагтай цагийн хувиар хэрэглэдэггүй. Ихэнх тохиолдолд эм уух хоорондын зайг 6 цаг гэж заасан байдаг. 6 цагийн дотор нэмэлт тун хэрэглэхийг цээрлэх хэрэгтэй.

Хэрвээ парацетамолын тун хэтэрсэн бол хамгийн түрүүнд хоолны дуршилгүй болох, дотор муухайрах, бөөлжих, ходоод өвдөх, хөлрөх, толгой эргэх, бие сульдах зэрэг шинжүүд илэрнэ. Хожуу үед аюулхайд өвдөх, шээс хар гарах, арьс, нүдний салст шарлах гэх мэт шинжүүд илэрнэ.

Анхаарах нь:

Эмийг эмчийн зөвшөөрөлгүйгээр хэзээ ч хэрэглэхгүй байх. Эмнэлзүйд хэрэглэдэг олон төрлийн эмийн найрлаганд парацетамол агуулагдаж байдаг тул та парацетамолыг дур мэдэн хэрэглэсэнээр хэт их тун авах аюултай. Хэрэглэж буй бусад эмийн зүйлийнхээ найрлагыг анхааралтай уншиж, хэрвээ энэ эмэнд парацетамол, ацетаминофен, АРАР гэсэн найрлага байвал парацетамолтой гэсэн үг. Парацетамол хэрэглэж байгаа үед архи ууж болохгүй. Энэ нь таны элэг гэмтээх эрсдлийг нэмэгдүүлэх боломжтой.

Гаж нөлөө

Доор дурдсан харшлын урвалын гаж нөлөө илэрсэн бол эмнэлэгийн тусламж яаралтай аваарай. Үүнд:

  1. Биеэр гүвдрүүт тууралт гарах
  2. Амьсгалахад төвөгтэй байх
  3. Нүүр, уруул, хэл, залгиур хавагнах мэдрэмж төрөх.

Танд доорх шинжүүд илэрвэл эм уухаа зогсоож эмчдээ хандаарай:

  1. Халуун буурсан ч гэсэн дотор муухайрах, ходоод өвдөх, хоолны дуршилгүй болох
  2. Хараар шээх, баас улбар шар өнгөтэй байх
  3. Шарлалт (арьс, салст шарлах)

Эдгээр шинжүүд нь эмийн гаж нөлөөний бүрэн жагсаалт биш бөгөөд эмнэлзүйд түгээмэл илэрдэг шинжүүд юм. Хэрвээ таны биеийн байдалд ямар нэг өөрчлөлт гарвал даруйхан эмчдээ мэдэгдээрэй.

Парацетамолын тун

Халуурах болон өвдөлт намдаахад хэрэглэх насанд хүрэгчидийн тун:

Ерөнхий тунгийн удирдамж: 325 – 650 мг 4 – 6 цаг эсвэл 1000 мг 6 – 8 цаг амаар болон шулуун гэдсээр хэрэглэх тун.

Парацетамол 500 мг – тай шахмал: 4 – 6 цагийн зайтай 2 удаа ууна.

Халуурах ба өвдөлт намдаахад хэрэглэх хүүхдийн тун:

Амаар болон шулуун гэдсээр:

<=1 сар: 10 – 15 мг/кг/тун хэрэгцээний шаардлагаар 6 – 8 цаг тутам

>1 сараас 12 нас: 10 – 15 мг/кг/тун 4 – 6 цагийн зайтай хэрэгцээний шаардлагаар ууна.(дээд тун: 24 цагт 5 тун ууна)

Халууралт: 4 сараас 9 нас: Гарааны тун: 30 мг/кг (эмнэлзүйн нэгэн судалгаагаар батлагдсан ба 15 мг/кг тунгаар хэрэглэхээс илүү үр дүнтэй байжээ)

>=12 нас: 325 – 650 мг 4 – 6 цаг эсвэл 1000 мг 6 – 8 цаг амаар болон шулуун гэдсээр хэрэглэх тун.


Эх сурвалж:

1. Uptodate: “Acetaminophen (paracetamol) poisoning Pathophysiology”| This topic last updated: Jun 23, 2015.

2. Drug.com