Могойн хорны найрлага

Могойн хорны найрлага

Могойн хорны хуурай жингийн 90% гаруй нь уураг. Ямар төрөл зүйлийн хорт могой гэдгээс үл хамааран могойн хоронд 100 гаруй нэр төрлийн уураг агуулагддаг: энзимүүд, энзимийн биш полипептид хорууд, мэдрэл өсөлтийн хүчин зүйл /nerve growth factor/ гэх мэт хорт үйлчилгээгүй уургууд гэх мэт.

Могойн хорны энзимүүд

Эдгээрт хоол боловсруулах гидролазанууд, гиалуронидаза, кининогеназа гэх мэт физиологийн үйл явцуудыг идэвхжүүлдэг болон дарангуйлдаг энзимүүд багтана. Ихэнх хоронд 1 – амин хүчил оксидаза, фосфомонодиэстераза, 5’- нуклеотидаза, ДНХаза, НАД – нуклеотидаза, фосфолипаза А2, пептидаза агуулагдана.

  • Цайрын металлопротейназа геморрагинс /Zinc metalloproteinase haemorrhagins/: Судасны эндотелийг гэмтээж цус алдалт үүсгэнэ.
  • Бүлэгнэлтийн энзимүүд /Procoagulant enzymes/: Зарим төрлийн хорт могойн хоронд серин протеаза, бусад бүлэгнэлтийн урьдал энзимүүд болох тромбин төст буюу идэвхжүүлэгч хүчин зүйл Х, протромбин, бусад бүлэгнүүлэгч хүчин зүйлүүд агуулагддаг. Эдгээр энзимүүд цусны урсгалд фибрин үүсгэж цус бүлэгнэлтийг нөхцөлдүүлдэг. Хачирхалтай нь, энэхүү үйл явцын үр дүнд цус бүлэгнэхээ болино. Яагаад гэвэл, фибрин бүлэгнэлтийн ихэнх хэсэг нь хүний биеийн өөрийн плазмин фибрин задалдаг тогтолцооны нөлөөгөөр задардаг. Заримдаа энэ нь могойд хазагдсанаас хойш 30 минутын дотор ч илэрдэг ба цус бүлэгнэлтийн хүчин зүйлүүд үгүйрч (“хэрэглээний коагулопати /consumption coagulopathy/”) цус бүлэгнэхээ болино. Зарим хоронд олон төрлийн анти – гемостазын хүчин зүйлүүд агуулдаг. Тухайлбал, Руссел гэгч хорт могойн хоронд цус бүлэгнэлтийн хүчин зүйл V, X, IX, XIII, фибринолиз, уураг С, ялтас бөөгнөрөл, бүлэгнэлтийн эсрэг, цус алдалтыг нөхцөлдүүлдэг уураг агуулагдана.
  • Фосфолипаза А2 /Phospholipase A2 (lecithinase)/: Хамгийн өргөн судлагсан энзим юм. Уг энзим нь митохондри, цусны улаан эс, лейкоцитоз, ялтас, захын мэдрэлийн төгсгөл, араг ясны булчин, судасны эндотель, бусад мембрант бүтцүүдийг гэмтээгээд зогсохгүй, синапсын өмнөх мэдрэл хордуулах үйлдэл, опиат – төст идэвхжүүлэх нөлөө зэргийг үүсгэхийн зэрэгцээ гистамин, бүлэгнэлтийн эсрэг аутофармакологийн чөлөөлөгдөлтийг нөхцөлдүүлнэ.
  • Ацетилхолинэстераза /Acetylcholinesterase/: Бараг бүх төрлийн могойн хоронд агуулагддаг ч мэдрэл хордуулах нөлөөг нь тогтоож чадаагүй.
  • Гиалуронидаза /Hyaluronidase/: Эдэд могойн хор тархахыг нөхцөлдүүлнэ. Уураг задлах энзимүүд (металлопротейназа /metalloproteinases/, эндопептидаза, гидролаза) ба полипептид цитотоксинууд (“кардиотоксинууд /cardiotoxins/”): Судасны нэвчимхий чанарыг нэмэгдүүлдэг тул могойд хазагдсан газар хавагнах, цэврүүтэх, хөхрөх бүр үхжилт өөрчлөлтүүд гарна.

 Могойн хорны полипептид хорууд (“нейротоксин”)

Синапсийн дараах (α) нейротоксинуудад багтдаг α – бунгаротоксин /α-bungarotoxin/, кобротоксин гэх мэт нь 60 – 62 эсвэл 66 – 74 амин хүчлийн дарааллаас тогтсон байдаг. Эдгээр нейротоксинууд хөдөлгөөний мэдрэлийн төгсгөлийн ацетилхолины рецептортой холбогдоно. Синапсийн өмнөх (β) нейротоксинуудад багтдаг β – бунгартоксин, кротоксин, тайпоксин нь 120 – 140 амин хүчлийн дараалал ба фосфолипаза А дэд нэгжээс тогтоно. Эдгээр нь мэдрэл – булчингийн холбоосын мэдрэлийн төгсгөлд ацетилхолиныг чөлөөлж улмаар мэдрэлийн төгсгөлийг гэмтээн, физиологийн трансмиттеруудыг цаашид чөлөөлөгдөлтийг саатуулдаг.


Эх сурвалж: WHO, Regional Office for South-East Asia “Guidelines for the snake bite management”